Categories
мэдээ нийгэм

Ирэх хагас сайн өдөр зам хаана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ-УЛААНБААТАР’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ болох гэж байна. Тус тэмцээнтэй холбогдуулан есдүгээр сарын 15-ны өдөр Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэл 08:00-17:00 цагийн хооронд зам хаах тул та бүхэн өөр зам сонгон зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт явуулав

Онцгой байдлын газрын даргын өгсөн үүргийн дагуу гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх өдөрлөгийн арга хэмжээг 4 дүүрэгт зохион байгуулав. Тодруулбал, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй эд зүйлсийн аюулгүй байдлыг хангах, тэдний ая тухтай, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангах зорилготой үзлэг шалгалтыг 2 дүүрэгт, олон нийтэд гамшгийн үед өөрийн болон бусдын амь насыг аврах, туслах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, дадал, хандлага, чадвар олгох сургалтыг 3 дүүрэгт тус тус зохион байгуулжээ. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Онцгой байдлын албаны 68 алба хаагч, дүүргийн төр захиргааны болон сайн дурын байгууллагын 59 ажилтан, нийт 127 ажилтан, албан хаагчид оролцсон байна. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан өдөрлөг, сургалт, арга хэмжээнд нийт 1763 иргэн хамрагдаж, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх 8 төрлийн гарын авлага материал 2020 ширхгийг тарааж, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчилж, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшиг, аюулын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, “Интермед” эмнэлэгтэй хамтран “Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ-аюулгүй байдал” сэдэвт сургалтыг энэ сарын 11-ний өдөр “Интермед” эмнэлэг дээр зохион явууллаа.

Нийслэлд эх, хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай тусламж, хүүхдийн тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хоолны эмч, халдвар судлаачид тус сургалтад хамрагдав.

Сургалтаар ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд “Хүүхдийн золгүй тохиолдлын үед үзүүлэх яаралтай тусламж”, “Хүүхдийн эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж”, “Хүүхдийн амьсгалын зам, улаан хоолойд гадны биет орсон үед үзүүлэх анхны тусламж”, “Эм, химийн бодисын хордолтын үед үзүүлэх анхны тусламж”, Интермед эмнэлгийн мэргэжилтнүүд “Хүүхдийн ээлтэй, аюулгүй эмнэлгийн орчин”, “Хүүхдийн эмчилгээний хоол үйлдвэрлэл” сэдвээр үзүүлэх сургалт, видео танилцуулга хийж, хичээл заасан байна.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ ХНН-ийн дарга нар осолд ороогүй гэв

“УБТЗ” ХНН-ийн газрын дарга нар Замын Үүдэд ажлаар явж байгаад осолд орж нас барсан” гэсэн мэдээлэл сошиал орчинд түгсэн нь худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү амны билэггүй худал ташаа мэдээллийг УБТЗ-ын удирдлагын нэр хүндийг унагах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн тараасан ээлжит явууллага болохыг анхааруулж байна. “УБТЗ” ХНН болон тус нийгэмлэгийн ажилтнуудын нэр хүндийг унагах зорилготой аливаа худал ташаа мэдээллийг хуулийн байгууллагаар шалгуулж зохих хариуцлага тооцох болно.

“УБТЗ”ХНН

Categories
мэдээ нийгэм

Н.Цэрэнбат: 199.7 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өнгөрсөн жил орчмын хугацаанд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлаа УИХ-ын гишүүдэд тайлагналаа.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд даргын хувиар УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат даргалсан энэ удаагийн хуралдаанд УИХ-ын Байгаль орчин, ХХАА-н байнгын хорооны дарга Б.Элдэв-Очир, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Л.Болд нараас гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Төмөрчулуун, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, “Тавантолгой түлш” ХХК, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн хүрээнд өвлийн улиралд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд ажилласны үр дүнд тулгуурлан хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан агентлаг байгуулж, ирэх оны төсөвт 199.7 тэрбум төгрөг төсөвлүүлж чадвал агаарын бохирдол нийслэлийн хэмжээнд мэдэгдэхүйц буурах боломжтойг тэрээр танилцуулсан. Мөн Засгийн газраас ирэх оны 5 дугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор сайжруулсан түлшээр айл өрхийг хангах ажил ахицтай байгааг мэдэгдсэн юм. Үүний дараа ЭМЯ, “Тавантолгой түлш” ХХК, “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас агаарын бохирдлын эсрэг хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав. ЭМЯ-ны хувьд агаараар халдварлах өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө гаргах, амны хаалт хэрэглэж заншихыг уриалах зэрэг урьдчилан сэргийлэх ажлуудад шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг хүссэн юм. Харин “Тавантолгой түлш” ХХК сайжруулсан түлшээр Улаанбаатарын иргэдийг хангах ажлыг хэрхэн хийж байгаа талаараа мэдээлэл өгсөн бол “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ынхан иргэдэд гэрийн дулаанаа хэрхэн удаан хадгалах талаар сургалт, сурталчилгаа хийхээр Засгийн газартай хамтарч ажиллаж байгаагаа танилцуулав гэж БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21 хүртэл хаана

Баянзүрхийн товчооны орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхэлсэн. Тодруулбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажил эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түр хаах тул жолооч та бүхэн зураглалд заасны дагуу Богд уулын замаар зорчино уу.

Categories
мэдээ нийгэм

Зуслан чиглэлийн зарим автобуснуудыг зогсоохоор боллоо

Зуны улирал дуусч зуслан чиглэлд зорчих иргэдийн урсгал багассантай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газраас энэ чиглэлд зарим өөрчлөлтийг оруулахаар болсон байна. Тухайлбал:

1. ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”

2. ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр”

3. ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлүүдийн үйлчилгээг энэ сарын 17-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлээд байна.

Харин хотын хойд чиглэл буюу ХО:1 “Бага баян – Санзай-Тэнгис кино театр”,

ХО:2 “Шаргаморьт-Дүнжингарав худалдааны төв”,

Ч:22 “Шадивлан – Бөмбөгөр-ХМК”,

Ч:27 “Өвөр согоот-Вокзал” чиглэлүүд хэвийн үйлчлэх юм.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэгэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны cургалт явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 2018 оны есдүгээр сарын 10-ны өдрөөс Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр анги гэсэн гурван хэсэгт хуваарилан зохион байгуулж байна.

Тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлж, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх бэлтгэлийг олгох зорилгоор явуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ, БНХАУ байгалийн хий нийлүүлэх ажлыг яаравчлахаар тохиролцлоо

“Сибирийн эрчим хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдэв. Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрчим хүч” хийн хоолойг барьж байгаа билээ. Энэхүү хоолой нь Чаяндины орд газар, Якутын хийн конденсацийн орд, Зүүн Сибирийн Эрхүү муж дахь Ковикта хийн конденсацийн ордоос байгалийн хий татаж, Хабаровск-Владивостокоор дамжуулан дотоодын зах зээлдээ нийлүүлэх бөгөөд цаашлаад БНХАУ руу нийлүүлэх юм. “Дорнод” маршрут нэртэй энэхүү хэлэлцээрийн хүрээнд 2019 оноос эхлэн 30 жилийн турш жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг БНХАУ-ын зүүн бүс нутаг руу нийлүүлэхээр тогтсон байна. ОХУ-ын “Газпром” болон БНХАУ-ын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ 2014 оны тавдугаар сард байгалийн хий худалдах, худалдан авах энэхүү хэлэлцээрийг байгуулжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Ямало-Ненец автономит тойргоос Алтай бүс нутгаар дамжуулан БНХАУ-ын баруун хойд бүс нутаг руу 30 жилийн турш жилд 30 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх төлөвлөгөөтэй “Өрнөд” маршрутад талууд ихээхэн ач холбогдол өгч байна.

Categories
мэдээ нийгэм

​Багш нарын цалин нэмэгдэхэд инфляци өснө гэв

Үндэсний статистикийн хорооноос оны эхний найман сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг өнөөдөр танилцууллаа.

Сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.5 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 612.6 мянган төгрөг байна.

Энэ үеэр Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаас зарим зүйлийг тодрууллаа.

Багш нар цалингаа голоод ажил хаяж байна? Багш нартай адилхан цалин авч байгаа хүмүүс хэр байна вэ? Тэдгээрээс бага цалин авч байгаа иргэд бий юу?

Үндэсний статискийн хороо 2014 оноос нийгмийн даатгал төлсөн хүмүүсийн нэрлэж олгогдсон цалингаас дундаж цалинг тооцож цалингийн хэмжээг судалгаагаар гаргадаг. Энэ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал. Бид улирал бүрт дундаж цалингийн талаар танилцуулдаг. Иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж байж эрүүл мэнд, боловсрол гэх мэт төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг авна. Гэнэтийн осол, тэтгэвэрт гарах гэдэг ч юм уу энэ бүх даатгал хамаардаг. Харин хувь хүмүүс хоорондоо ямар нэгэн гэрээгүйгээр нийгмийн даатгал төлөхгүй бага хэмжээний цалин бие биетэйгээ тохиролцож ажилчихаад нийгмээс халамж авах бодолтой байдаг. Японд 21 нас хүрсэн л бол ажилтай ажилгүй бүх иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлж эхэлдэг. Тэгж байж улс орон хөгжинө. Иргэддээ НДШ төлж байж ажил хөдөлмөрөө эрхлээч ээ гэж хэлмээр байна. Одоогоор бид боловсролын салбар дахь цалинг судалж байгаа. Багш нар цалингийн тооцоог нарийвчилж гаргана. Аливаа улс оронд нэрлэсэн цалин нэмэгдэхэд дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Энэ бол эдийн засгийн тогтолцоо. Цалингийн нэмэгдлийн хувьд нэрлэсэн цалинг нэмэхгүй бусад хөнгөлөлт, нэмэлтийг нэмэгдүүлж өгөх арга зам байдаг. Манай нийт хүн амын 35.4 буюу гурван хүн тутмын нэг нь багш нарын цалинтай ижил цалин авч байна. Түүнээс ч бага цалин авч байгаа хүмүүс байгаа. Хүн амын 21,4 хувь нь багш нарын цалингаас бага авч байгаа бол мөн 7,4 хувь нь 240 мянган төгрөгөөс бага цалин авч байна. Тухайн улсын онцлог хөгжлийн түвшин эдийн засгаас шалтгаалж цалин хөлсний байдал яригддаг. Нэг цагийн хөлс л гэхэд улс орныхоо хөгжилтэй уялдаж явагдах ёстой.

Таван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг үндэсний судалгаа эхлэх гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Үндэсний хэмжээнд Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн салбарт нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа энэ сарын 23-ны өдрөөс нийслэлд эхэлнэ. Ирэх сарын 3-ны өдрөөс орон нутгуудын айл өрхүүдэд явагдана. Энэхүү үндэсний хэмжээн дэх нийгмийн үзүүлэлтийн судалгаа 1500 өрхийг хамруулна. Судалгааны үр дүнгээр эх хүүхдийн эрүүл мэнд хамгаалагддаг. Монгол хүүхэд ямар хөгжилтэй байгаа нь мөн харагддаг. Өмнөх 2013 судалгаагаар монгол хүүхдүүдийн 10 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгаа бий. Судалгааны гол онцлох зүйл нь хүүхдийн жин, өндрийг хэмжинэ. Эрүүл мэнд хөгжлийн асуултууд асууна. Мөн бид тухайн айлын ундны усных нь чанарыг судалж, эх үүсвэр хэрэглэж байгаа сав бетон бүр дээр тест хийнэ. Айл өрхүүдийг статистикийн энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож авч байгаа юм. Энэ судалгаагаар Монгол Улсын нийт өрхөөс 14500 өрхийг сонгож авч хамруулах юм.