Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын замуудыг хаана

Энэ бямба гараг буюу есдүгээр сарын 15-ны бямба гарагт Маршалын гүүрний хойд уулзвар-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг 08:00-17:00 цагийн хооронд түр хаана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн энэ өдөр болох бөгөөд тэмцээнтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хаана гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Засгийн газар контор нэгжиж архины шил хураах эрхтэй юм уу?

Монгол Улсын төрийн бүх албан хаагчид үүнийг уншина уу…

Ардын намын Засгийн газар төрийн албан хаагчдыг нэгжиж архи, архины шил хурааж авдаг ажилтай болов. Анх Улаанбаатараас эхэлсэн энэ шалгалт орон даяар болж шилжлээ. Яам, тамгын газар, агентлагуудын албан конторыг нэг бүрчлэн шалгаж, нэгжиж байгаа юм байх. Төрийн албан хаагчдыг ажлын байран дээрээ эрүүл байна уу, ширээнийхээ нүдэнд архины шил хадгалж байна уу, үгүй юу гэдгийг нягталж байгаа гэнэ. Цагдаа нар зам дээр машин барьж яваа жолоочийг шалгаж байгаа мэт төрийн албан хаагчдыг ажлын өрөөндөө сууж байхад нь гүйж очоод согтуурал хэмждэг багаж руу үлээлгээд ч байх шиг. Үүнийгээ нийгмийн сүлжээнд баруун, солгойгүй зарлаж, үлээж байгаа төрийн албан хаагчийн зураг хөргийг нь хүртэл тавьсан харагдана. Засгийн газар өөрсдийгөө пиардаж буй энэ үйлдлээрээ төрийн албаны 400 мянган хүнийг гутаан доромжилж байгаагаа мэдэж байна уу.

Энэ шалгалтын цаад санаа нь “Улстөрийн томилгоогоор томилогдсон манай намын сайд, дарга нарыг авлига нэхэж архи уухаас өөр шидгүй төрийн албан хаагчид гутаан доромжилж байна” гэсэн үзэл бодлын үүднээс явагдаад байна. Уг нь засаг төрийн ажил амжилттай явах, намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсыг улс шиг удирдан авч явах гол хүч нь төрийн албан хаагчид шүү дээ. Гэтэл намуудаас томилогдож, төрийн өндөр албанд очсон дарга нар салааныхаа цэргүүдийг загнаж буй мэт албан хаагчдыг зандарч, доромжилж, үгийн муугаар хэлдэг. Үүнийгээ болих хэрэгтэй. Төрийн албан хаагч гэдэг бол 13-р зуунд Чингис хааны цэргүүд шүү дээ. Их хаан дайн тулаанд орохоосоо өмнө цэргүүдээ элдвээр хэлж, аймхай, хулчгар, арчаагүй гэж зүхэж, зандарч байна гээд бод доо. Цэргүүд ингэж зэмлүүлж, гоочлуулж, доромжлуулж байсан бол дайнд ялалт байгуулж, дэлхийн талыг эзэлж чадах байсан гэж үү.

Зам, тээврийн хөгжлийн яамны хоёр ажилтан архидаж, нэгнийхээ аминд хүрсэн гэмт хэргээс үүдэлтэйгээр төрийн албанд архидалт байгааг шалгах ажил энэ засгийн үед сэдэрлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол ажил нь энэ болж, өдөр шөнөгүй пиардах болов. Ингэхэд ийм эрх хуулиар зөвшөөрөгдсөн байдаг юм уу.

Орон нутаг дахь төрийн албаны конторуудыг шалгана гээд л мэдээлэх юм. Очихоосоо өмнө ингэж зарлачихаар ямар зөрчил илрэх юм бэ. Уг нь аливаа хяналт, шалгалтын ажлыг гэнэт, нууцаар хийдэг биш бил үү. Эсвэл шалгалтын багийнхныг ирэхийг нь мэдэхгүй сууж байдаг мэдээлэлгүй улс уу, хөдөөнийхөн. Та нарыг нэгжлэг хийх тэр ганц өдөр архидахгүй тэсчихэд л онц үнэлгээ авчихна биз дээ. Засгийн газар ийм дэмий ажил хийгээд юүхэв дээ. Ард түмний аяганд ямар ганц боорцогны нэмэртэй биш.

Засгийн газар өөрийнхөө дайчдыг доромжилж байна. Төрийн албан хаагчийг элдэвлэх нь төрийг дорой болгож харагдуулдаг гэж “Өдрийн сонин” хэдэнтээ бичиж байсан. Төр эрхэмсэг байх ёстой. Гэтэл төрийн албан хаагч бол ард түмний өмнө бөхөлздөг “Ширээний үйлчлэгч” гэсэн үзлийг нийгэм рүү хэтэрхий турхирснаас болж иргэн хүн албан конторт орохдоо өргөдөл биш, хутга барьж ордог болжээ. Захын нэг иргэн “Үүдэнд удаан зогсоолоо” гэж бухимдахдаа төрийн албан хаагчийг хутгалж, уураа гаргаж байх жишээтэй. Төрийн албан хаагч бол ширээний үйлчлэгч биш.

М.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Бадархундага нуураас хулгай хийсэн этгээд нутгийн иргэн рүү гал нээжээ

Завхан аймгийн Отгон сум Отгонтэнгэр хайрханы бэлд гурван иргэн хулгай хийж, гал нээн нутгийн иргэнийг буудан шархдуулсан мэдээлэл энэ сарын 10-ны өдөр тус аймгийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. Хэргийг тодруулбал, тус нутгийн уугуул гурван иргэн Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нууранд өргөл барьц өргөж, мөргөл үйлдэхээр очиход нуураас усанд шумбахад хэрэглэдэг зориулалтын хувцас хэрэглэлтэй гурван этгээд шуудайтай зүйл барин гарч ирсэн байна. Нутгийн иргэд тэднийг нууранд өргөсөн мөнгөн аяга, бусад эд зүйлсийг хулгайлан шуудайлж гарч ирснийг мэдсэн бөгөөд тэднийг барихаар хөөжээ. Гэтэл гурван этгээд нутгийн иргэдийн машиныг унан зугтжээ. Улмаар нэг этгээд нь тэдэн рүү гал нээсэн байна. Бууны суманд иргэн О өртөж хүзүүн тус газраа шархдаж сумын эмнэлэгт хүргүүлэн, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж, хоёр этгээдийг нь баривчилсан бол гал нээсэн гэх этгээд нь зугтаж амжжээ. Зугтсан этгээдийг дараа өдөр нь буюу энэ сарын 11-ний 15 цагийн орчимд Отгонтэнгэр хайрханы ойролцоогоос илрүүлэн саатуулсан байна. Энэ хэргийг одоогоор Завхан аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Шалгалтын явцад хэрэг үйлдсэн гурван этгээдийн хоёр нь казах иргэд байсан гэнэ. Шархадсан иргэний хувьд аймгийн нэгдсэн эмнэлэгт анхан шатны эмчилгээ үйлчилгээ аван өчигдөр орой онгоцоор Улаанбаатар хот руу хүргэгдэн ирсэн байна. Отгонтэнгэр хайрханыг сүсэглэн зорьж ирсэн хүмүүс Бадархундага нууранд алт, мөнгөн эдлэлээр өргөл барьц өргөдөг. Үүнд шунасан этгээдүүд ийнхүү Бадар хундага нуурнаас хулгай хийжээ.

З.СУВД

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Үндэсний номын баярын өдрийг улсын хэмжээнд тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг энэ сарын 14-15-нд улсын хэмжээнд “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор 100 гаруй арга хэмжээг зохион байгуулна.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцох юм.

Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ нарын тэгш ой нь тохиож буй зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Түүнчлэн аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санчид хуран чуулж, “Mongolian librarу update:Номын сангуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалт, хэвлэлийн газар, хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжих сурталчилгаа, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, эцэг эх, хүүхдүүдийн хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг улс зохион байгуулах юм.

Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй” зэрэг шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт хүрнэ. “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номын нээлт болох аж.

Categories
мэдээ нийгэм

Ч.Саранзаяа, Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн биед халджээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өнөө өглөө 10.30 цагт эхэлсэн бөгөөд яг одоо БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай үргэлжилж байна.
Хурлын өмнө хохирогчоор оролцож байгаа Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа шүүх хурлын хуваарь харах гэж явсан Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгч Ц.Одгэрэлийн бие болон эд зүйлсэд нь халдаж хэл амаар доромжилжээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар Ч.Саранзаяа дүүгийнх нь зургийг авлаа гэж хардан Ц.Одгэрэлийн гар утсыг булаахыг оролдож, биед нь халдсан аж. Энэ үеэр тус шүүхийн байрыг хамгаалж байсан цагдаа нар гарч ирж энэ үйлдлийг нь таслан зогсоож, Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн утсанд тэр даруй үзлэг хийсэн бөгөөд хохирогч Ч.Наранзаяагийн зураг байгаагүй нь тогтоогдсон байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ

Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг. Улаанбаатар хотын хүн амыг унд, ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас 310 км нь ган, шилээр хүчитгэсэн хуванцар, 251 км нь хуванцар, 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.

Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.

Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган нийлүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа. Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, шугам сүлжээг цэвэрлэх ажилд шинэ техник технологийг нэвтрүүлж байгаагаараа энэ төслийн онцлог оршиж байна. Зун бүр гудамж, замыг ухаж, сэтэлж иргэдийн бухимдлыг төрүүлдэг байсан. Шинэ технологийг нэвтрүүлснээрээ зун бүрт суваг, шуудуу ухаж дэд бүтцээ эвдэхгүй байх боломжтой болж байна.

Мөн зарим орон сууцны хорооллын ундны ус зэвтэй гарч байгаа нь иргэдийг бухимдуулж байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр ундны усыг эх үүсвэрээсээ хэрэглэгчид хүртэл ямар нэгэн завсрын бохирдолгүйгээр хүргэх бололцоотой. Цаашдаа бид орон сууцны хороолол дундах шугамыг стандартад нийцсэн цайртсан, ган шугам ашиглуулах шаардлагатай байгаа” хэмээлээ.

Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болохClose Fitболон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй, газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх хоёр худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно.

Үүнд:

ØШугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ

ØУсны алдагдлыг бууруулна

ØТүгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана

ØШугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна

ØЗам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчин ээлтэй зэрэг ач холбогдолтой.

Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад энэхүү шинэ техник технологийг эзэмших сургалтанд хамрагдаж шинэ дэвшилтэт технологи эзэмшсэн. Үүний зэрэгцээ Австри улсын “RTI”компанийн мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтын үед талбайн сургалтыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж, зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Сөүлийн гудамжны 1.7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож засварлана.

Цаашид Ус сувгийн удирдах газар нь шугам доторлох дэвшилтэт техник технологийг нутагшуулан өөрсдийн хүчээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжөө ашиглан Улаанбаатар хотын цэвэр усны гол шугам сүлжээг доторлох ажлаа үе шаттайгаар хийнэ.

“Өнөөдөр нээж буй энэ төслийг цаашид манай шилдэг сайн нженерүүд аваад явах болно. Бид бүхэн 619 км үргэлжлэх шугаман дээр энэ ажлыг хийнэ гэж төлөвлөсөн. Цаашид бохирын шугаман дээр бас хийнэ. Урд нь шуудуу ухахаас эхлүүлээд газар шорооны ажилд өндөр зардал гардаг байсан. Энэ зардал нэг дахин багасна” хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

“XINHUA”, “ASSOCIATED PRESS” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр хийжээ

БНХАУ-ын “Xinhua” агентлаг Австралийн “Associated Press” /ААР/ агентлагтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор мэдээ мэдээлэл солилцох шинэчилсэн хэлэлцээр байгууллаа. “ААР” агентлагийн гүйцэтгэх захирал Брюс Дэвидсонтой Бээжин хотноо хийсэн уулзалтын үеэр “Xinhua” агентлагийн ерөнхийлөгч Цай Минжао, энэхүү хэлэлцээр нь талууд хоорондын хамтын ажиллагааны эхлэлийн шинэ цэг байх болно гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид энэ хэлэлцээр бидний хамтын ажиллагааг илүү өргөжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр, бид 1990-ээд оноос хойш мэдээ мэдээлэл солилцож эхэлсэн бөгөөд энэ урт хугацаанд хоёр агентлаг нөхөрсөг, үр өгөөжтэй хамтын ажиллагаа явуулж ирсэн билээ гэж мэдэгдэв. Харин Брюс Дэвидсон өнгөрсөн хугацаанд хоёр талын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, өргөжин тэлсэн болохыг дурдаад, шинээр байгуулсан хэлэлцээр талуудад шинэ боломжийг бий болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Хоёр хотын цадиг” үзэсгэлэн гарлаа

Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв”-өөс зохион байгуулж буй “Хоёр хотын цадиг 2018” үзэсгэлэн өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дэлгэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг сэдвээр хоёр дахь жилдээ дэлгэгдэж байна. Иргэдийн оролцоотой хөгжүүлсэн газрын зургуудыг фото болон бусад хэлбэрээр харуулсан энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр оролцлоо.

“Хоёр хотын цадиг- 2018” үзэсгэлэн нь үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд иргэдийн оролцоотойгоор хөгжүүлсэн газрын зураглал болон Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн чанарын судалгааны үр дүнг тусган уур амьсгалын өөрчлөлт, хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, агаарын бохирдол, хотын засаглал зэрэг иргэдийн оролцоотой хөгжүүлсэн фото зургуудыг дэлгэн үзүүлж буй юм.Тус төслийн хүрээнд ард иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргэх зорилготойгоороо онцлог юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Татвар төлөгч ААН, байгууллагын тоо 4 хувиар өсчээ

Шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1,500 буюу 4.0 хувиар өмнөх улирлаас 900 буюу 2.4 хувиар өссөн бол ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41,700 буюу 7.0 хувь өмнөх улирлаас 34,400 буюу 5.7 хувиар тус тус нэмэгджээ. Харин нийгмийн даатгал төлж буй эдгээр ажиллагчдын 7.4 хувь буюу 46,900 нь 240,000 төгрөг хүртэлх цалинтай байна. Ийм хэмжээний цалинтай иргэдийн тоо өмнөх улирлаас 3,500-аар нэмэгдсэн бол 500,00-700,000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2,000-аар буурсан үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ нийгэм

Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэхүү хууль батлагдсанаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуйн нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол. Мөн хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх гэх мэт эрхзүйн зохицуулалтын боломжтой болох юм.

Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хувиарлалтыг бий болгохоор тусгасан байдаг. Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлэлт хийгдээгүй нь улс орон, дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааг зохицуулахад эрхзүйн зохицуулалтын хувьд учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна.

Иймд тус хуульд радио долгионы ашиглалтын зөвхөн техник, технологитой холбоотой асуудлыг тусгаж авч үзэхээс гадна түүний хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийнэ. Төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх, дэмжих эрхзүйн шинэ зохицуулалтыг гаргахаар Засгийн газраар дээрх хуулийг шинэчлэн боловсруулаад байна.