Categories
мэдээ нийгэм

“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа

Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 271 дүгээр тогтоолоор “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журам батлагдлаа.

Тус журмаар гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүнээс үзүүлэх хандив, тусламжаар ирүүлсэн бараа материал, мөнгөн хөрөнгийг хүлээн авч байршуулах, хадгалах, хуваарилах, тээвэрлэн хүргэх, зарцуулах, тайлагнах харилцааг зохицуулах юм.

Мөн аливаа байгалийн гамшиг болон бусад осол, эндлийн улмаас үүссэн олныг хамарсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураараа эвлэлдэн нэгдэж, мэдээллийн сувгууд, олон нийтийн сүлжээгээр цуглуулсан хандив, тусламж шууд хүрсэн эсэх, үр дүн үзүүлж байгаа зэрэгт төрөөс хяналт тавьж, зохицуулна.

Журам батлагдснаар гамшгаас учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд үзүүлж байгаа тусламжийн зохицуулалт, түүний эрхзүйн орчныг сайжрах боломжтой бүрдэж байна

Түүнчлэн гамшиг ослын улмаас учирсан хохирол үндэсний эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана хэмээн заасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Олон улсын Гал сөнөөгч, аврагчдын спортын холбооноос зохион байгуулдаг Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 14 дүгээр тэмцээн Словак улсын Банска Бистрица хотноо өнөөдөр эхэллээ.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 15 орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна.

Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Онцгой байдлын байгууллагын шигшээ баг тамирчид оролцож байна. Шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, ерөнхий дасгалжуулагчаар НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баттөгс нар ажиллаж байгаа юм.

Харин Улсын шигшээ багт ГТУА 22-р ангийн захирагч, ОУХМ О.Батсайхан, ГТУА 24-р ангийн захирагч, ОУХМ Э.Энхбат, ГТУА 56-р ангийн аврагч ОУХМ Я.Энхбаяр, ГТУА 20-р ангийн аврагч, ОУХМ О.Мөнхтунгалаг, ГТУА 10-р ангийн аврагч, спортын дэд мастер Э.Алтаншагай, ГТУА 58-р ангийн аврагч, спортын мастер Э.Баттулга, ГТУА 58-р ангийн аврагч А.Эрдэнэбаяр, ГТУА 28-р ангийн аврагч Б.Наранбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн дөрөвдүгээр дамжааны сонсогч Г.Дэлгэрдалай, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны гал сөнөөгч, спортын мастер Н.Пүрэвдаш нар багтаж байна.

Дашрамд дурдахад Гал унтраах техникийн олон төрөлт спортын Дэлхийн аварга шалгаруулах 13 дугаар тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын баг тамирчид байлдааны тархалтын төрөлд 27:08 секундын амжилтаар хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Өмнөговьчууд Бүтээн байгуулалтын жилд боловсролын салбарт хэд хэдэн сургууль цэцэрлэгийг шинээр барьж байгаа юм. Түүний нэг С.Удвалын нэрэмжит 11 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл 100 хүүхдийн шинэ цэцэрлэг өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус цэцэрлэг нь 260 гаруй хүүхэдтэй ба 2 тусдаа байранд хичээллэж байсан бол энэхүү 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нэг дор хичээллэх боломж бүрдэж байна.

Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр манай аймгийн Суварган говь ХХК барьсан бөгөөд урлагийн заал, үзэсгэлэнгийн танхим, ангиудыг чанар стандартын дагуу байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Сэргээгдэх эрчим хүч ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулав

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд болж буй “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангахын төлөөх түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх олон улсын парламентын II чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй УИХ-ын гишүүн, НББСШУ-ы Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга А.Ундраа, УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын төлөөлөгчид оролцож байна. Тус чуулганд 4 парламентын дарга, 16 дэд дарга, 155 гишүүн, ажилтан, зөвлөх гээд 50 орны 244 төлөөлөгч хүрэлцэн иржээ. 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 17 зорилт, 169 заалт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан билээ. НҮБ-ын гишүүн орны хувьд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд УИХ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийг 2016 онд баталсан юм.

Энэ удаагийн чуулга уулзалтын үндсэн зорилго нь Тогтвортой хөгжлийн 7-р зорилт болох “Бүх нийтийг тогтвортой эрчим хүчээр хангах”-д парламентчдын гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр санал бодлоо солилцож, эрдэмтэн, судлаачдын судалгаанд үндэслэн цаашдын зорилт, чиглэл болон хэрэгжүүлэх арга замыг улам тодорхой болгоход чиглэж байна. Чуулган “Хот суурины эрчим хүчний хариуцлагатай хэрэглээ ба үйлдвэрлэл”, “Ногоон аж үйлдвэрт чиглэсэн чанартай боловсрол ба технологи”, “Эмэгтэйчүүдийн оролцоо ба тогтвортой эрчим хүч”, “Арга зам /шийдэл/: Хямд, найдвартай, тогтвортой эрчим хүчийг бүх нийтэд хүртээмжтэй болгох талаар Парламентын хэрэгжүүлэх үйл ажиллагаа” гэсэн үндсэн 4 дэд сэдвийн хүрээнд болж байна.
УИХ-ын дарга Л.Энх-Амгалан чуулга уулзалтын нээлтэд үг хэллээ. Тэрбээр, энэхүү чуулга уулзалт нь дэлхийн улс орнуудын парламентчид харилцан санал солилцож, туршлагаа хуваалцан, дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар зөвшилцөх, хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга замыг тодорхойлох сайхан боломж олгож байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсаас тогтвортой эрчим хүчээр бүх нийтийг хангах, түүн дотроо сэргээгдэх эрчим хүчийг ашиглах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна.

Дорнын эдийн засгийн чуулганы Өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож байгаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын хамтаар тус тэмцээний ялагчдын шагналыг гардуулах ёслолд оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Туул гол дагуух 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлын их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг билээ. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд дүүргийн Засаг даргын А/337 дугаар Захирамжийн дагуу Туул гол дагуух их цэвэрлэгээг зохион байгуулан ажиллалаа. Цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс албадын нийт 328 албан хаагч, Ерөнхий Боловсролын сургууль, цэцэрлэгийн 610 багш, ажилчин оролцсон байна. Тус цэвэрлэгээгээр Туул голын 50.000 м.кв талбайн 8.32 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ард даатгал өнгөрсөн онд 4.06 тэрбум төгрөгийн хохирол барагдуулжээ

Монголын даатгалын салбарын анхны нээлттэй компани болох гэж буй “Ард Даатгал” компани Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахаар ажиллаж байна.

“Ард даатгал” компани нь ээлжит хувьцаа эзэмшигчдийн хурлаараа нэмэлт хувьцаа гаргаж, Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгоно гэсэн нь ийнхүү биелэлээ олж байна.

Тус компани 2017 онд нийт 3409 даатгуулагчдад 4.06 тэрбум төгрөгийн хохирлыг төлж барагдуулан, даатгалын гэрээний үүргээ амжилттай биелүүлжээ.

“Ард Даатгал” ХХК-ийн нэг бүр нь 200 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 25.0 сая үнэт цаасны бүртгэлд СЗХ бүртгэсэн. Бүртгэлд авсан хувьцаанаас “Ард Даатгал” ХХК 30 хувь буюу 7.5 сая ширхгийг 700 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдах юм.

“Ард Даатгал” ХХК-д “БиДиСек ҮЦК” ХХК андеррайтерийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дээрх IPO буюу анх удаа нийтэд санал болгож буй хувьцааг тус бүр 100 хувь анхдагч зах зээлд арилжаалж, шаардлагатай хөрөнгийг бүрэн төвлөрүүлсэн тохиолдолд “амжилттай” болсонд тооцохоор тогтсон байна.

  • 2017 онд Hannover re, MSH International компаниудтай хамтран Ard Medicare олон улсын эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлэв. Ингэснээр 2 орны 33 эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрджээ.
  • 2017 онд Хөдөө Аж Ахуйн Давхар Даатгал ХК-тай хамтран газар тариалангийн даатгалыг Монгол улсындаатгалын зах зээл дээр анх удаа хэрэгжүүлэх ажилд амжилттай оролцож дөрвөн аж ахуйн нэгжид 211 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.
  • 2016 оноос Малын индексжүүлсэн даатгалын борлуулалтанд оролцож эхэлсэн бөгөөд давхардсан тоогоор 889 малчин өрхийн 239 мянган толгой малыг даатгалд хамруулж, зуд болон байгалийн бусад төрлийн давагдашгүй хүчин зүйлээс хамгаалан ажиллаж байна.
  • “Ард даатгал” компани гэнэтийн ослын, жуулчдын гэнэтийн осол, эрүүл мэнд, хөрөнгө, барилга угсралт, тээврийн хэрэгсэл, ачаа, зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлага, зочид буудлын эзний хариуцлага, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага, давхар даатгалын гэсэн даатгалын цогц үйлчилгээг үзүүлж байна.

“Ард Даатгал” ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. “Ард Даатгал” нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна “Монгол Шуудан” компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж буй аж.

“Ард Холдингс” нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж буйг удирдлагууд онцолж байна.

“Ард Холдингс”-ын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ГөүПей, Номын Хишиг, Крипто Үндэстэн зэрэг компани багтдаг байна.
Хөрөнгө Оруулагч Үндэстэн нь Жинст Увс ХК-тай нэгдсэнээр Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болсон юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах хамтарсан ажлын хэсэг, байгууллага байгуулах санал гаргаж байна

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“ОХУ-ын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

БНХАУ-ын Дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин,

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,

БНСУ-ын Ерөнхий сайд ноён Ли Наг Ён,

Хатагтай, ноёд оо,

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад дахин урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье.

Жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой яриа хэлэлцээний талбар болж байна. Чуулга уулзалтын хүрээ, оролцогчдын түвшин жил ирэх тутам өргөжиж байна. Хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид хамрагдах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд юм. Энэ оны 6 дугаар сард Хятадын Чиндао хотноо ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нартай хоёр болон гурван талын уулзалт хийж, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзлээ нотолсон.

Хатагтай, ноёд оо,

Энэ удаагийн чуулга уулзалт “Алс Дорнод: Боломжийн хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор зохиогдож байна. Чуулга уулзалтад оролцогч орнууд хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг эрэлхийлэх зорилготой гэж миний бие харж байна. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг нь Монгол Улсын хувьд бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, эдийн засгийн интеграцид хамрагдах нэг чухал гарц, боломж юм.

Монгол Улс хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж, мөн хөрш орнуудынхаа далайн боомтыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөсөн. Энэ зорилгоор Монгол Улсын Их Хурал 2010 онд Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлого амжилттай хэрэгжиж байна. Энэ оны зургадугаар сард ОХУ-тай “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь том алхам боллоо. Үүнээс гадна манай улс “Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг чухал баримт бичгийг БНХАУ-тай байгуулаад байна.

Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улсуудтай худалдаа хийх боломж нээгдлээ. Монгол Улсыг далайд гарах гарцыг нээсэн, олон улсын худалдаа эдийн засгийн интеграцид нэгдэх боломжийг олгосон чухал гэрээ хэлэлцээрийг байгуулж дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён В. В. Путин, БНХАУ-ын Дарга Си Жиньпин нарт талархал илэрхийлье.

Монгол Улс нь хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр түвшинд хүрсэн, аливаа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Энэ ч үүднээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Улс төрийн харилцааны өндөр түвшинг бататгахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийн хэрэгжилтийг эхлүүлэх талаар Чиндао хотод болсон уулзалтаар Путин Ерөнхийлөгч, Си Жиньпин дарга нартай ярилцсан.

ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын энэ хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин танд талархаж байна. БНХАУ-ын Дарга Си Жиньпин дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид энэ асуудлаар баталгаатай эрх зүйн орчин бий болгоход бэлэн байна. Манай улс түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудтайгаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг 2015 онд байгуулсан бол Бүгд Найрамдах Солонгос Улстай мөн ийм хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг дуусгаад байна.

Мөн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндэслэлийг хамтран судлахаар ярилцаж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын эдийн засгийн уналт зогсож, өсөлт тогтворжиж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.3, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрсэн. Бид манай эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай эмзэг байдлыг бууруулахаар зорьж байна. Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Монгол Улс бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримтлахыг энэ индрээс нотлохыг хүсч байна. Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд тодорхой санал дэвшүүлье. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.

Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.

Ер нь Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.

Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт үнэт металлын сорьцын лаборатори нээнэ

Засгийн газрын тогтоолоор Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархан-Уул, Баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээж, үйл ажиллагааг нь 2018 оны 10 дугаар сард эхлүүлэхээр болжээ.

Уг лабораторийг байгуулахад 793,8 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 694 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран шийдвэрлэж, орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт холбогдох хөрөнгийг зарцуулаад байна.

Мөн үйл ажиллагааг эрхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад тус бүрийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж, чиглэл, удирдамж өгөх, дадлагажуулах ажлуудыг гүйцэтгэж байна.

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалагдана. Үүнээс гадна, алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасаж, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх нөхцөл тухайн орон нутагт бүрдэх төдийгүй алтны гарал үүслийг тодорхойлох зэрэг олон давуу боломж бий болно.

Categories
мэдээ спорт

Э.Содномпэлжээ Азийн аварга болжээ

Япон Улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн АШТ-д манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Уг тэмцээнээс МУГТ “Рио 2016” олимпийн наадмын хүрэл медальт Э.Соднонпэлжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртжээ.

Э.Содномпэлжээ 239 кг-ийг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Павлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулав. Тэрбээр дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн бөгөөд өмнөх амжилтаа дөрвөн кг-аар ахиулсан байна.