Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 13-нд болох үйл явдал

НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 19, 21 дүгээр хорооны 3 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. Утас:89864002, 90094774

09.00 цагт БОАЖЯ-ны “Хаан” танхимд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

09.00 цагт БСШУСЯ-нд “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах” төслийн нээлтийн нээлт болно.

09.00 цагт ШУТИС-ийн Номын санд “Усны салбар дахь ТББ-уудын үүрэг оролцоог хөгжүүлэх нь” уулзалт, ярилцлага болно.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ. Утас:99901621, 88041040, 99901532

10.00 цагт ХААИС-ийн төв байранд Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас:99287297

10.00 цагт Нийслэлийн Боловсролын Газар 605 тоот Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын хүүхэлдэйн киноны нээлт болно. Утас:88029087

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Фэйсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ зохион байгуулна. УТас:88001037

12.30 цагт “Оюу Толгой” компанийн төв байранд. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтэд Ерөнхий сайд болон УУХҮ-ын сайдаас өгсөн хариуг танилцуулна. Утас:99191388, 88117157

13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээсэн “Гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч” гарын авлага, “Хөрөг найруулал” /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулна. Утас:91119838

Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэллээ.

“Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар тэд бэлтгэжээ. Улсын драмын эрдмийн театрын “Театрын өдрүүд” энэ сарын 12-14-нд Баянхонгор, 15-17-нд Өвөрхангай аймагт үргэлжлэх юм.

“Манай театрын хамт олон хөдөө, орон нутагт соёл урлагаар үйлчлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүргийнхээ дагуу 2002 оноос бүх аймгаар явж, уран бүтээлээ сонирхуулсан. Зарим аймагт хоёр тоглосон. Баянхонгор аймагт гурав дахь удаагаа аялан тоглолтоо хийх гэж байна гэж аялан тоглолтын багийн ахлагч, төрийн шагналт, ардын жүжигчин Н.Сувд хэллээ.

Баянхонгор аймагт ажиллаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар жүжгийн нээлтийн арга хэмжээнд оролцож, аялан тоглолтод амжилт хүслээ. Ард түмнээ соён гэгээрүүлэх томоохон хөтөлбөр хэрэгжүүлж, урлаг соёлын ододтой хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ хүрээнд монгол контент буюу монгол өв соёл, эх оронч үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой УДЭТ-ын нэг бүтээлийг үзэгчдэд хүргэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж тэрбээр хэллээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Баянхонгор, дараа нь Өмнөговь аймагт ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Би сонин л уншдаг, хамгийн найдвартай эх сурвалж болохоор

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Улстөрчид болон улс төрийн намуудын анхаарлыг татсан гол сэдэв Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль байлаа. УИХ аравдугаар сарын эхний долоо хоногт нөхөн сонгууль явуулах тогтоолыг баталсан. Гэсэн ч үндсэн хуулийн Цэц УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн. Таны байр суурийг сонирхмоор байна?

-Танай сонины төрийн шагналт Б.Цэнддоо 2010 онд билүү “Вээрсүүд” гээд бичсэн дээ. “Вээрс” гэдэг нь таамаглалт хувилбар юм. Хүмүүс янз бүрийн вээрс ярьж байна. миний хувьд нэгдүгээрт, хууль биелүүлэх ёстой. Хуулиараа зургадугаар сарын эхний долоо хоног, аравдугаар сарын эхний долоо хоногт нөхөн сонгууль явуулна гээд заасан. Сонгууль чинь ээлжит, дахин, нөхөн гэсэн олон төрөлтэй. Өнгөрөгч зургадугаар сард нөхөн сонгууль зарлах боломжгүй, маш бага хугацаа үлдсэн байхад Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Тиймээс УИХ хуулиа биелүүлж аравдугаар сард нөхөн сонгууль явуулахаар хуулиа гаргасан. яах ч аргагүй тэгэх ёстой. Сонгууль товлох, зарлах гэсэн хоёр үгнээс бүрдэж байгаа. Тэдний өдөр сонгууль явуулна гээд өдрөө товлочихож байгаа юм. Сонгууль ингээд товлогдчихсон учраас сонгуультай холбоотой үйл ажиллагаа тэдний өдрөөс эхэлнэ шүү гээд сонгуулиа зарлаад явж байгаа нарийн графикчилсан үйл ажиллагаа. Тэр утгаараа үүргээ заавал биелүүлэх ёстой. Хэнтийн тойргоос сонгогдсон гишүүн эхлээд түдгэлзэх гэсэн. дараа нь УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд явсан. Энэ хугацаануудыг харьцуулахад сонин вээрсүүд ажиглагдана. Угаасаа түдгэлзэж болохгүй зүйл дээр түдгэлзэх гэж удсан. Тэгж байтал зургадугаар сард сонгууль явах боломжгүй хугацаанд яагаад чөлөөлөгдье гэсэн юм. Сүүлд Үндсэн Хуулийн Цэц яагаад түдгэлзүүлсэн юм. Ингээд түдгэлзүүлчихээр нөхөн сонгуулийн ажил бүгд зогсчихно.

Гэтэл УИХ яагаад Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг авч хэлэлцээгүй юм бэ. Нэн даруйгаа байг гэхэд ээлжит бус чуулган хуралдуулах санаачилга олон удаа гарлаа шүү дээ. Ядаж энэ асуудлыг яагаад ээлжит бус чуулганаар хэлэлцэж нэг мөр болгон эцэслээгүй юм. Ээлжит бус чуулган эрт хуралдаад явсан бол аравдугаар сард нөхөн сонгууль явах бүрэн боломжтой байсан. Энэ мэтчилэн бодоод байвал олон вээрсүүд гарч ирнэ. Би энэ талаас нь хармааргүй байгаа юм. Цэц дээр үүссэн маргаан дээр хоёр зүйл бодож байна.

Нэгдүгээрт, иргэд маргаан үүсгэхдээ буруу хаягласан юм болов уу гэж бодож байгаа. Тэр хүмүүс сонгуульд өрсөлдье гэсэн чинь сонгуульд өрсөлдөх боломжгүй болчихсон гэж үзээд Үндсэн хуулийн Цэц рүү тогтоолоор хандсан. Хэрэв би өрсөлдөх гэж байсан бол Сонгуулийн ерөнхий хороонд буюу нэр дэвшигчийг бүртгэдэг газар хандана. Тэнд бүдэрвэл Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Сууриараа Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхийн зөрчил байна гэж үзвэл Үндсэн хуулийн Цэц рүү Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг өгнө. Ээлжит сонгуулийн харилцааны үед нэг жилийн өмнө төлөвлөж болдог хугацаат сонгуулийн харилцааг зохицуулсан. Түүнээс биш нөхөн сонгуулийг зохицуулсан харилцаа алга. Хэрэв хуулиар зохицуулагдаагүй харилцаа байвал Монгол Улсын Үндсэн хуулийнхаа дагуу хүний эрхийг хангах үүрэг чиглэлийн хүрээнд тэр хүмүүсийг бүртгэх ёстой болно.

-Яагаад?

-“Ээлжит бус сонгуулийг яах вэ гэдгийг зохицуулаагүй байна” гэж өргөдөл гаргагч нар хэлсэн байна лээ. Иргэн хуулиар зохицуулаагүй харилцаанд иргэн өөрийн эрхийг хамгаалуулаад явдаг журамтай. Тэдэнд давуу тал байж л байгаа байхгүй юу. Тиймээс өргөдөл гаргасан хүмүүс хаягаа олж өргөдлөө гаргасангүй гэх гээд байгаа юм. Тэр хүмүүс өөр ухаанаар бодоод би мунхаглаж байж магадгүй. Гэхдээ УИХын тогтоолыг биш, өөрийн нэр дэвших гэсэн улс төрийн эрх, эрх чөлөөг эдлэхийн тулд бүртгүүлэх өргөдлөө өгөөд явсан бол болох байсан.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн Цэц энэ тогтоолыг барьж аваад “УИХ сонгуулиа товлон зарласан байна. Таныг бүртгэх үү, үгүй юу гэдэг асуудлыг зохих газар нь тавь. Үндсэн хуулийн зөрчлийн маргаан үүсгэх боломжгүй байна. Учир нь УИХ хуулийн дагуу хуулиа биелүүлж сонгуулийг товлон зарласан байна” гэдэг байдлаар явах ёстой байсан л даа. Аливаа зүйлд логикоор хандах хандлага манайд дутуу байна. Мэдэхгүйгээсээ юм уу, сэтгэхгүйгээсээ юм уу, мэдсэн ч сэтгэсэн ч санаатайгаасаа юм уу гэдгийг мэдэхгүй. Миний хувьд аравдугаар сард нөхөн сонгууль явуулах боломж байгаа гэж бодож байна.

-Ирэх оны зургадугаар сарын тухай л хүмүүс одоо ярьж байгаагаас биш ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох боломж байгаа талаар ярих хүн алга?

-Хэнтий аймгийн сонгогчид буюу иргэд төрийн эрхийг шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцох Үндсэн хуулийн эрхээ хангуулах эрхтэй л байхгүй юу. Хэнтий аймгийн хэдэн хүний эрхийн асуудал ярьж байна вэ. Энд Цэц дээр хэдэн хүний асуудал яригдаж байгаа юм. Аль нь суурь эрхийн асуудал ярьж, аль нь эрх мэдлийн тухай ярьж байна вэ. Төрийн эрх мэдэл хэнд хадгалагддаг юм. Түүнийг нь яаж хэрэгжүүлдэг вэ гэдэг Үндсэн хуулийн үндсэн том агуулга дээр бидний хамгийн том эрхийн асуудал яригдаж байна. Жинлүүр дээр энэ яригдах ёстой байхгүй юу. Сонгуулийн идэвхтэй үйл ажиллагаа үндсэндээ 25 хоног. Ээлжит бус чуулганыг нэн даруй зарла. Цаг хугацааны хайчинд орчихлоо. Үндсэн болон ээлжит сонгууль зарим нөхцөл байдалд тодорхой шалтгаануудаар хойшилдог биз дээ. Тиймээс сонгууль явуулах хоногийг 23 долоо хоногоор хойшлуулаад явуулж болно. Тэгж агуулгаар нь ойлгох ёстой. Хуулийн суурь агуулгыг биелүүлэх асуудал яригдах ёстой юм. Аравдугаар сард болох нөхөн сонгуулийг аль болох тэр хугацаанд нь ойртуулаад явуулах нь зөв. Хэн ч хууль зөрчлөө гэдэг зүйл ярихгүй. Бий болсон нөхцөл байдалд Их хурал хуулиа ингэж биелүүлэхээс өөр аргагүй.

-Үндсэн хуулийн суурь зарчмаа барьж ажиллаагүй Цэцийг яах ёстой юм бэ?

-Цэцтэй маргаан хийх сонирхол алга, надад. Мэддэг, томилдог, нэр дэвшүүлдэг газрууд нь байна шүү дээ. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр УИХын эс үйлдлээс болоод Үндсэн хуулийн хамгийн том агуулгын зөрчил үүсчихлээ. Нөхөн сонгууль ганц Хэнтий аймагт биш, хэд хэдэн тойрогт болох байсан бол яах вэ. Ямар нэгэн нөхцөл байдлаас болж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй хэмжээнд хүрсэн үед нөхөн сонгууль болсон бол яах юм. Нөхөн сонгуулийн энэ гажуудал жишиг болчих вий гээд хүмүүс айж байна шүү дээ. Монгол төрийн дархлаа алдагдах байдалд орсон үед ийм нөхцөл байдал үүсвэл яах юм. Юмыг тэгж давуулж бодож байх учиртай. Түүнээс том зөрчил, жижиг зөрчил гэж ярьдаггүй л байхгүй юу. Жижиг зөрчил гарахад тоохгүй өнгөрвөл том зөрчил гарах нэгэн шалтгаан нь болно. Тиймээс Үндсэн хуулийг сахин хамгаалах чиг үүргээ биелүүлэх л ёстой.

-Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалгаар шийдвэр гаргасан бол өөрсдөө энэ шийдвэрээ хүчингүй болгох ёстой юм биш үү?

-Үндсэн хуулийн Цэцийнхэн маань өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэдэг. Би шууд утгаар нь шүүхтэй адилтгасангүй. Анх Үндсэн хуулийн маргаан гэж үзээд маргаан үүсгэсэн асуудлаасаа эхлээд эргэж харж болох л байхгүй юу. Өргөдөл, мэдээлэл гаргасан иргэд ч гэсэн анхнаасаа буруу мэдээлэл гаргасан. Тэр буруу мэдээллийг нь Үндсэн хуулийн Цэц уухайлан шүүрч аваад буруу замаар шийдчихсэн.

-Ирэх оны зургадугаар сард ч гэсэн нөхөн сонгууль явуулах хүсэл эрх баригчдад байхгүй юм биш үү?

-Нэг л хүний асуудал яригдаж байгаа. 65, 64 байх нь дийлэнх олонхын статусыг ерөөсөө өөрчлөхгүй. МАН-ын хүчний тэнцвэр болон түүнтэй холбогдох бэрхшээл үүсэхгүй шүү дээ.

-Гэхдээ нам дотроо хоёр хуваагдсан болохоор ганц суудал ч гэсэн фракцуудад чухал байгаа юм биш үү?

-Нам доторх фракц ганц суудал дээр ингэж байгаа бол үүнээс ноцтой асуудал бий. Цаашид бий болно, байх болно. Жижигхэн зүйл дээрээ бүдэрч унаад байх юм. Тэдний дийлэнх олонх байх суудлын харьцаа, засгийн эрхийг барьж байгаа хүчин зүйл нь нэг хүний суудлаар баланслагдаж байгаа юм бол нэг хүний баланс гэдэг чинь жижиг зүйл гэдгийг л хэлье. Нэг хүний балансаа нөхөөд өөрөө гарч ирнэ гэж байгаа бол хэтэрхий бардамнал. Өөр намаас гарч ирэхийг хэн үгүйсгээд байгаа юм.

Асуудлын гол нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган иргэн. Үндсэн хуулиараа бид төрийн эрх барьж байгаа. Улс төрийн эрх бидэнд хадгалагдаж байгаа шүү. Энэ эрх мэдлээ УИХд төлөөлөгчөө сонгож хэрэгжүүлдэг юм аа. Бидний тэр эрх хаана байна вэ гэдэг нь хамгийн том асуудал. Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гээд Үндсэн хуулиа зөрчөөд хүчээр очдог юм аа гэхэд 2020 он болтол нөхөн сонгууль явуулахгүй байх гэдэг эргэлзээ бий болж болно. Өмнөх Сонгуулийн тухай хуулинд ээлжит сонгууль явуулахаас зургаан сарын өмнө нөхөн сонгууль явуулахгүй гэдэг заалттай байсан. Харин одоогийн Сонгуулийн тухай хуулинд энэ заалт нь алга. Хуучин энэ заалтыг УИХ намрын чуулганаараа өөрчлөлт оруулаад оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Ардын нам үнэхээр нөхөн сонгууль явуулахгүй гэж шударгыг огоорон тэмүүлж байгаа бол энэ заалтыг нэмэхэд тэдэнд тийм ч хэцүү биш.

-17 мянган иргэн хохирчих гээд Үндсэн хуулийн Цэц нь гэдийчихээд, эрх баригч намын бүлэг нь хоёр хуваагдчихаад энэ улсынхаа эрх ашгийг бодож байна уу?

-Намрын чуулганы гол асуудал төсөв батлах. Төсөв батлахад 42 дугаар тойрогт багтдаг бүх сумдын асуудал яригдах учиртай. Төсөвт асуудлыг нь суулгаж, төрийн эрх барих эрх мэдлийг нь дамжуулж өгдөг. Тиймээс Хэнтий аймгийн нөхөн сонгууль аравдугаар сардаа багтаж заавал явах ёстой. Цэцийн дээр хөх тэнгэр л байдаг гэдэг шиг Үндсэн хууль бүх хуулийн дээр байдаг. Үндсэн хуулин дээрээ суудаг хүн байдаггүй байлгүй дээ. Үндсэн хуулиа сандайлж суусан бол өөр л дөө. Үндсэн хуулиа сахья гэж байгаа бол Үндсэн хууль чинь бүгдийн магнайд байдаг зүйл.

-Сүүлийн үед МАН-ынхан 60 тэрбумын асуудлыг дотроосоо сөхөөд ярьж шуугих юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ. Өмнө нь албан тушаалын наймаа ил, далд байсан л гэх юм. Та мэдэж байгаа байлгүй?

-Улс төрийн маргаан нь тэндээ л байдаг юм байгаа биз. Эрх зүй талаас нь бодож үзье. Би сошиалд ордоггүй хүн. Сонин уншдаг. Сонин бариад уншиж байхад цаанаа л нэг таатай байдаг. Бичсэн зүйлийг нь арилгаж болох биш хамгийн найдвартай эх сурвалж. Тиймээс танай сонин дээрээс өмнөх прокурорын дүгнэлтүүдийг харсан. 60 тэрбумыг хэрэгжүүлж чадаагүй гэсэн дүгнэлтэд хүрчээ гэж байгаа юм. Өөр нэг прокурор мөн иймэрхүү утгатай зүйл ярьсан байсан. Албан тушаалд мөнгө авч томилсон байдал илэрсэнгүй гээд өмнө нь нэг хаасан байх аа. Одоо дахин сэргээж байна. 60 тэрбумаар албан тушаалыг үнэлэх яриа болсон гэдгийг хуулийнхан нотолсон. Энэ хэрэг биш юм уу. Үндсэн хуулинд “Төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж байдаг. Ингэж наймаалцъя гэдэг зүйл ярьсан нь тогтоогджээ дээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа биз. Завдах гэдэг ойлголт бий. Бүгд үүнийг мэднэ. Завдсан уу завдсан. Түүнээс хэрэгжүүлсэн үү, үгүй юу гэдэг асуудал биш. Тиймээс энэ хамгийн ноцтой хэрэг. Төрийн эрх мэдлийг өөрсдийн дураар мөнгөөр хэрэгжүүлэхийг завдсан.

-Өмнө нь албан тушаалын ийм зүйл байсан юм биш үү. Баримтаар ил болсон нь л энэ байх?

-Миний одоогийн хамгийн том эмзэглэл барьцах эмзэглэл. Барьцах гэдгээр муу юмыг далдлах гэсэн оролдлого түгээмэл болсон. “Тэр хүн муу юм хийдэг ш дээ” гэдэг. Түүнтэй барьцаад байвал улам л муу юм хийнэ. Хүнээ болино биз дээ. “Хүүхдэд битгий муу юм заагаад бай. Сайн зүйлийг нь сур” гэдэг байх аа. Энэ чинь гэр бүлээс эхлээд улс төрийн том соёл, ухамсар, зөв хандлага юм шүү. Гэтэл энэ том 60 тэрбумын асуудал дээр ч гэсэн яригдаж л байгаа байхгүй юу. Ийм барьцах сэтгэлээр өөрийгөө зөвтгөөд байвал жирийн иргэд хүртэл “Тэр тэгээд болдог юм билээ” гээд барьцаад яах вэ. Монголын нийгмийн төлөв байдлын асуудлыг судлах ёстой болчихоод байна шүү. Нийгмийн төлөв байдал, буруу зүйл юунаас өдөөгдөөд байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Хууль ч гэсэн нийгмийн төлөв байдлын судалгаан дээр хийгдэх ёстой байхгүй юу. Тэгэхгүйгээр хууль хийвэл хууль хэрэгжихгүй. Хууль зорьсон зорилгодоо хүрэхгүй болоод ирэхээр үнэ цэнэ нь алдагдаад эхэлдэг.

-Та намынхаа үйл ажиллагаанд хэр оролцож байна вэ. АН фракцгүй боллоо. Бүх гишүүдээсээ намын даргаа сонголоо л гээд байгаа шүү дээ?

-Би намын жирийн гишүүн, ажиглагчийн түвшинд л байна. Фракцгүй нам боллоо гээд ярьж байгаа нь надад гутранги байдлаар ажиглагддаг.

-Ямар учраас тэр вэ?

-Шооч байдлаар нэг нөхөртөө би “Фракцгүй нам байх амархан шүү дээ. Бусад фракцаа алга болгочиход фракцгүй нам болчихож байгаа биз дээ” гэсэн чинь үгүй мөн их инээж байгаа юм. Үүгээр би намаа шүүмжилж байгаа юм биш. Фракц буюу олон санаа, олон байр суурь зэрэгцэн оршиж, харилцан төлөөллүүддээ байлгаж гэмээнэ нам оршино. Олон тулгууртай байшин, ганц тулгууртай байшин хоёрын ялгаа их дээ. Ганц тулгууртай байшинг ган тулгууртай лут юмаар хийхгүй бол нэг л тийм байна. Мөн үү. Ганцхан тулгуурандаа захирагдсан байснаас олон тулгуур дээрээ сүндэрлээд явах нь илүү даацтай, ганхаж, нурахгүй. Яахав ганц тулгууртай байшин ганхаж, нурахгүй байж магадгүй. Гэхдээ ганц тулгууртай барилга, олон тулгууртай барилгын хооронд ялгаа бий. Ядаж л харахад архитектор нь өөр. Өргөсгөж тэлье, орон зайн багтаамжаа нэмэхээс эхлээд боломжийнхоо хувьд ч гэсэн ялгаатай. Улс төрийн нам орон зайгаа тэлж байх нь хамгийн чухал.

Эрх мэдлийн өндөрлөг рүү очъё гээд дээш нь шовойлгохын оронд сууриа тэлээд өргөн хүрээг хамрах ёстой. Ардчилсан нам 1990 онд эхлүүлсэн үйлсийнхээ “хариуцагч” учраас өөрийн суурь, үүссэн зарчим, үнэт зүйлээсээ салахгүй байх. Түр зуур янз бүрийн үйл ажиллагаа ажиглагдаж болно. Гэхдээ л…

-Ардчилсан нам нэгэн цаг үед намынхаа нүүр царай болсон хүмүүсийг намаасаа хөөж байна. Тухайлбал, С.Баярцогт байх жишээтэй. Түүнийг намаа муухай харагдуулсан, 2016 оны сонгуульд ялагдалд хүргэсэн гээд баалдаг. Ингэж намаасаа хэн нэгнийг хөөснөөрөө нам цэвэршиж, эрүүлжиж байна гэдэг…

-С.Баярцогтыг хөөлөө гээд нам цэвэршихгүй. АН хэдэн мянган гишүүнтэй билээ дээ. С.Баярцогтоос болоод нам муухай харагдлаа гэвэл бас л худлаа. Ганцхан хүнээс болоод муухай харагддаг нам гэж байвал мөн ч өчүүхэн ээ дээ. Мөн биз. Нөгөө талаас нь үйл явцыг хараад байхад гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэдэг бидний ардчиллын том зарчим бий. Улс төрийн намд эргэлзэх эрх бий. Улс төрийн өнгө аяс орчихсон юм биш биз дээ. Манай намаас өндөр албан тушаал хашиж байсных нь хувьд янз бүрийн гүтгэлэг явуулж байгаа юм биш биз. Хэрэв тийм бол улс төрийн нам гишүүнийхээ эрхийг хамгаална шүү гэх мэт олон сувгаар бодож байж явдаг байхгүй юу.

Сүүлийн үед хөгшин, залуу гээд ялгах юм. Энэ хамгийн утгагүй зүйл. Ямар ч ургамал үндэснээс ургаж цэцэглэдэг. Тэр үндсэн дээр цэцэг ургаж жимслээд унасан ч дараа жил нь дахиад ургадаг. Юм болгон залгамж халаатай. Залгамж халааг нь тасдуулах гэсэн хамгийн муухай сэтгэл бол залуу, хөгшнөөр нь хооронд нь нүдэлцүүлэх явдал. Аливаа зүйл үгүйсгэл дээр биш, үргэлжлэл дээр явдаг. Залуучууд ахмад үеэ үгүйсгэж биш үргэлжлэл нь болж гарч ирдэг. Тэгэнгүүт ахмадууд нь “Энэ миний үргэлжлэл” гэж ханддаг юм. Эцэг, эх, үр хүүхэд шиг. Эрийн цээнд хүрлээ гээд аав, ээжээ хаяад явдаг юм уу.

Төр ч гэсэн адилхан. Өмнөх нь буруу хийж байсан. Би ч гэсэн буруу хийнэ гээд барьцаж болдог юм уу. Бурууг нь засч, зөвийг нь үргэлжлүүлнэ. Энэ чинь хүмүүжил болж бууж ирээд байна.


Categories
мэдээ цаг-үе

Монголчууд нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс гэв

Зүүн гар талаас химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, техникийн ухааны магистр, инженер Н.Нацагням, байгалийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай, математикийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Төмөрбат

Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтдийн 100 саяас хязгааргүй хэлэлцүүлэг өчигдөр Монгол Улсын их сургуулийн Номын санд болсон билээ. Уг хэлэлцүүлэгт математикийн шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Төмөрбат, байгалийн шинжлэх ухааны доктор, профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай, Техникийн ухааны магистр, инженер Н.Нацагням, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, химийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Төрийн шагналт, академич Д.Батсүрэн нар зочин эрдэмтдээр уригдсан байлаа. Академич Д.Батсүрэнгийн бие тааруу байгаа учир гэргий нь төлөөлөн ирсэн байв.


Академич Х.НАмсрАй: -Шинжлэх ухааны талаар ярихаар зарим талаараа уйтгартай байдаг байхгүй юу. Нэг удаа Альберт Эйнштейнээс их гоё цэнхэр нүдтэй сэтгүүлч бүсгүй асуусан байгаа юм. “Та гайхамшигтай гоё нээлт хийсэн. Таны нээлтийн талаар бүх дэлхийн эрдэмтэд ярих юм. Та хийсэн юмаа тайлбарлаадахаач” гэж асууж л дээ. “Ээ, хүү минь. Тэр чинь их хэцүү юм. Олигтой юм байдаггүй юм. Аягүй хэцүү. Чи өмхий хүрэн гэж мэдэх үү. Газар доогуур явдаг” гэсэн чинь сэтгүүлч “Мэднэ ээ” гэж. “Тэр газар доогуур явдаг олон тэрбум өмхий хүрний нэг нь “Миний ухаж байгаа нүх жаахан мурийлттай юм байна” гэдгийг харсан. Тэгж харсан нь би байхгүй юу” гэж хэлтэл бөөн инээдэм болсон байгаа юм. Шинжлэх ухаан бол гайхамшигтай, бүтээлч, сонин зүйл. Аливаа шинжлэх ухаан маш жижигхэн юмнаас эхэлдэг. Мэрийлт чармайлт, хичээл зүтгэл байхад таны бүтээл олон тэрбумыг авчирна. Монголын шинжлэх ухаан дэлхийн түвшнээс давж байна гэж би хэлнэ (Бүгд алга ташив.сурв).

Инженер Н.Нацагням: -Сая Х.Намсрай багшийг бидний технологийн дэвшлийг дэлхийгээс давчихсан байна гэхэд та нар инээж байна шүү дээ. 1990 онд Х.Намсрай багшийг дэлхийг бишрүүлэх юмаа хийчихсэн гэж ярьдаг байсан юм. 28 жилийн дараа тэр бүтээлээрээ шагнал авахад хүмүүс гайхаж байна. Бидний түвшин бол тийм муу биш. Би сая Англид контрактаар дөрвөн сар ажиллаж байгаад ирлээ. Цагийн цалин нь 40 фаунд. Өдрийн цалин 320 фаунд. Монгол төгрөгөөр бол өдрийн сая төгрөгийн цалинтай. Тэр компанийн хийж чадахгүй юмыг контрактууд хийдэг. Тэд нь хөгжүүлдэг. Контрактууд нь Шри-Ланк, Иран, Пакистан хүмүүс байгаа юм. Бидний тогтолцоо нь социалист тогтолцооноос гараагүй болохоор бид ядуу, тэд баян байдаг юм байна. Тэд үндэсний стандарт, зах зээлээ хамгаалчихдаг. Тэнд төрийн бодлогыг Д.Дэмбэрэлнямба багш шиг, Х.Намсрай багш шиг хүмүүс гаргадаг юм байна. Манайх шиг төрийн томилгооны, цэцэрлэгийн хүүхэд төрийн бодлогыг гаргадаггүй. Намайг Үндэсний хөгжлийн газрын дэд дарга байхад монгол хэлний багш ирээд “Би эрчим хүч информатикийн төлөвлөгөө гаргах гэсэн юм. Та надад заагаад өгчих” гэж байсан. Тэгэхээр манай тогтолцоо болохгүй байгаа юм. Манай залуучууд англи залуучуудаас хамаагүй илүү юм билээ. Манай оюутнууд тултал нь сурдаг. Тэндхийн оюутнууд хэцүү. Ерөөсөө ойлгодоггүй. Нэг юм хэлэхээр дахин дахин асуудаг. Мах иддэг хүмүүс ухаантай байдгийг би тэнд харсан. Арай өөр юм билээ. Миний тэнд өдөрт авч байсан сая төгрөгийг монгол инженерүүд энд авах боломжтой. Залуучууд энд 2-3 мянган долларын цалин авах боломж байна. Энэ их цалин, энэ их мөнгийг бид хятадуудад өгч байна. Энэ бол төрийн гажуудлаас болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гажуудлыг засч байж залуучууд минь ажилтай болно.

Доктор Д.Дэмбэрэлнямба: -Одоо бол шинээр юм хийх нь хязгаарлагдмал. Хамгийн чухал юм бол шинэ санаа. Шинэ санаагаа олоод явчихвал бүх юм болно. Санаа анхдагч. Дээр нь уйгагүй ажиллагаа. Угаасаа монголчууд нүүдлийн соёлтой байсан болохоор бүтэн сайн гэж амралтын өдөр байгаагүй. Яагаад бүтэн сайн гэж өдөр бий болов гэхээр Есүсийн сүмдээ мөргөхийн тулд ийм өдөр гарч ирсэн. Хүн хоол ундаа зөв хэрэглээд сайн унтаж амраад явж байвал эрүүл байдаг. Аливаа шинээр хийж байгаа юм судалгаа, шинжилгээн дээр үндэслэгдсэн байх ёстой. Нэвтрэхэд бэрхшээлтэй байж л амьдрах чадвар удаан байдаг. Монголчуудад хамтын ажиллагаа дутагдаад байдаг. Нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс. Аливаа нэг шинэ санаа гаргасан, сод амжилтад хүрсэн хүмүүстэйгээ хамтарч ажиллаад мөнгө олоод дараа нь өөрийнхөө бодсоноо хэрэгжүүлэх боломж бий. Гэтэл өөрөө ганцаараа хийх гээд зүтгээд байдаг. Үүндээ маш их хэмжээний цаг алддаг.

Монголчуудын тэр дундаа улаанбаатарчуудын шийдэх ёстой хамгийн чухал асуудал бол утаа. Бид Солонгосын эрдэмтэдтэй хамтраад нүүрсийг шигшээд зууханд түлэхээр болгоод хоёр төрлийн ургамлын хандаар шүршээд ямар ч утаа гаргадаггүй болгосон. Гэтэл үүнийгээ амьдралд яаж нэвтрүүлэх вэ гэхээр урагш явахгүй зогсчихсон байна. Засгийн газар айлуудын янданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр шиг юм тавьж өгнө гээд байгаа. Өнөө жил утаанаас сална гээд байгаа. Салахгүй. Цаашдаа ч энэ байдлаараа байвал салахгүй. Бидний сэдсэнийг хурдан нэвтрүүлдэг төр засаг хэрэгтэй байна.

Энэ үеэр академич С.Төмөрбаттай ярилцсан юм. Тэрээр Цагиргийн радикал онолын зарим асуудал болон шийдэгдээгүй асуудлууд цуврал бүтээл-ээрээ Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал-ыг анх 2008 онд хүртэж байсан билээ.

-Эрдэмтдийн бүтээлийг нийгэмд нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн болгох ажил хэр байгаа вэ?

-Шинжлэх ухааны чиглэлийг үнэлэх анхны чиглэл нь шилдэг бүтээлийг 100 сая төгрөгөөр үнэлж буй явдал. Үүнийг би анхны цэг гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ сэдэв чинь 100 саяас хязгааргүй гэхээр эхний цэг нь 100 сая ч цаашаа хязгааргүй цацраг шиг л явах нь байна, тийм ээ. Эрдэмтдийг ингэж дэмжээд энэ шагналыг цааш үргэлжлүүлээд байвал эрдэмтэн судлаачид улам л хүчтэй, эрчтэйгээр ажиллах байх. Бүр илүү үр дүн гарахаар, дэлхий танигдах хэмжээний юм хийх байх гэж ойлгож байна.

-Сая академич Х.Намсрай гуай монголын шинжлэх ухааны түвшин дэлхийн түвшнээс давсан гэлээ?

-Үнэн шүү дээ. Монголын математик гэж байдаггүй. Монголын математикчид дэлхийн түвшний л юм хийж байгаа. Манай эрдэмтдээс хүчтэй, сайн ажил хийсэн хүмүүс зөндөө байна. Миний багш нар, дараа үеийн залуучууд байна. Математикийн хамгийн гол онцлог нь худлаа юм гэж байдаггүй. Тэрийг нэг л баталсан бол мөнхөд тэр хүний нэрээр л дурсагдана. Ямар үр дүн баталсан. Тэр нь тэр чигээрээ байна. Тэгэхээр математикаар баталсан юм болгон төгс гэж хэлж болно. Тэгэхээр бид дэлхийн түвшний ажил хийж байгаа юм даа. Математик гэлтгүй бүх юм дэлхийн түвшинд хүрчихсэн байгаа. Өнөөдөр ганцхан юу өөр гэхээр орчин, амьдрах амьжиргаа нь өөр. Тийм л дутагдалтай. Гадны эрдэмтэд ажлаасаа өөр юм бодохгүйгээр тэрийгээ л хийдэг. Орчныг нь бүрдүүлээд өгвөл манай эрдэмтэд дэлхийд цойлно гэж би ойлгодог.

-Аливаа улс орон шинжлэх ухаандаа түшиглэж л хөгждөг. Тиймээс энэ салбартаа их хэмжээгээр хөрөнгө хаядаг. гэтэл манайд үгүй шив?

-Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн том том академич, эрдэмтэн олон байна. Эдний залгамж холбоог цааш нь тасдахгүй бэлдэх хэрэгтэй. Өнөөдөр сурч, ажиллаж байгаа залуу хүмүүст дутагдалтай тал байна. Жаахан юм хийчихээд тэрийгээ нийтэд дэлгээд л карьер хөөгөөд явдаг. Энэ нь надад таалагддаггүй. Миний шавь ч бай, хэн ч бай тийм үйлдэл гаргавал надад таалагдахгүй. Номын хүнийг өөр юм бодолгүйгээр номыг нь хийлгэх юм бол манайх унахгүй л дээ. Тэтгэвэртээ гарсан, гараагүй том том эрдэмтдээс авах юм их байгаа. Тэднээсээ л юм олж авахгүй бол хүн шинжлэх ухааны араас нь мацаж гүйцээд уншина гэж байдаггүй юм. Тэгэхээр тэр том эрдэмтдийн тусламжтайгаар шинжлэх ухааны оргилд угтаж уулздаг. Тиймээс том эрдэмтдээ ашиглаад угтаж уулзах тэр зам руу залуусыг оруулбал маш хурдан, хүчтэй өгсөнө.

-Том эрдэмтэн, академичдын ширээний нүдэнд санхүүжилтийг нь шийдэж өгвөл асар их бэлэн болсон бүтээл, нөөц байгаа юу?

-Байлгүй яах юм. Их байгаа. Дуусашгүй их байгаа. Тэрнийг л төр засаг минь хийчихвэл үү. Одоо эхэлж л байна даа. Арван жил болж байна, 100 сая төгрөг өгөөд. Тэр чинь нэмэртэй. Зөвхөн шагнал биш ерөөсөө амьжиргаа нь хангалттай байх хэрэгтэй. Ялангуяа академийн эрдэм шинжилгээний ажилтнууд ёстой үнэн сэтгэлээсээ хэдхэн төгрөгийн цалинтай ч ажилдаа, амьдралаа зориулчихсан хүмүүс байдаг юм. Тэдний амьжиргааны түвшин хангалттай байвал маш гоё гоё юмнууд хийнэ, хийчихсэн ч байгаа, гаргаж чадахгүй ч байгаа хүмүүс зөндөө байгаа.

-Манай голлох салбар уул уурхай юм биш үү, улс төрчдийн яриагаар. Тэдний ярьдаг ганц юм уул уурхай, эрдэс баялаг?

-Уул уурхайг тэргүүлэх салбар гээд байгаа юм. Миний бодлоор уул уурхай тэргүүлэх салбар биш. Байгалийн баялаг төгсгөлөг хэмжээтэй. Аваад л дуусна. Дуусдаггүй юм бол оюун ухаан. Шинжлэх ухаанаа өөд нь татаад явсан газарт байгаль экологи нь цэвэр, байгаль экологидоо хоргүй технологи нэвтрүүлээд явдаг. Уул уурхайгаас хэдэн тэрбумыг авна гэж яриад байгаа ч алсдаа шинжлэх ухаан л хамгийн найдвартай нь.

-Шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүст нэг том нийтлэг дутагдал байгаад байх шиг. Амбицгүй, хийсэн юмаа хүмүүст хүргэх, танилцуулах талаа орхигдуулаад байдаг. Хийсэн бүтээлийг нь цаасан дээрээс амьдрал руу бодит бүтээгдэхүүн болгох тийм санхүүгийн холбоос хэрэгтэй байна уу даа?

-Ер нь дуугүй байгаа эрдэмтэд их юм хийж байгаа. Зарим нэг нь “Би ийм юм хийчихсэн” гэж рекламдаад байдаг. Юмаа хийхээсээ өмнө тэгж зарлах нь зүгээр л шоу. Үнэхээр юм хийж байгаа хүн бусдад хэлдэггүй шүү дээ. Чимээгүй, дуугүй л шүүмжлүүлээд л яваад байдаг юм.

Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн шагналт эрдэмтэд өмнө нь нэг дор ингэж цуглаж, ийм хэлэлцүүлэгт орж байгаагүй байх шүү?

-Урьд нь ийм хэлэлцүүлэг болж байгаагүй. Зөвхөн тэр шагналыг авсан хүмүүс гэлтгүй том том эрдэмтэд, академичид сууж байна. Мэргэжил мэргэжлээрээ тэр хүмүүсээсээ зөвлөгөө аваад угтаж уулзах замыг нь эд нараараа заалгах хэрэгтэй. Түүнээс биш хойноос нь хөөгөөд тэдний гаргасан теорем юм уу, тэнд хийчихсэн туршлагыг хойноос нь хийгээд гүйцнэ гэж үгүй. Шинжлэх ухааныг угтаж уулзаж байж л урагшлуулна. Тийм бололцоо нь залууст байгаа. Төр засагт ч тэрийг нь дэмжих бололцоо байх ёстой. Тэгэхгүйгээр угтаж уулзуулаад залгаж өгөх хүмүүсийг нь тайраад хаячихаар чинь яаж уулзах юм. Араас нь хөөгөөд мөд гүйцэхгүй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

А.Хекманн: Эко хороололд байр худалдан авсан иргэд маш бага хүүтэй зээлд, бүтээн байгуулалтад оролцсон компаниуд буцалтгүй тусламжид хамрагдана

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Сүүлийн үед гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах хүрээнд нийслэлийн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил олны анхаарлыг татаж байна. Энэ төслийн удирдагч А.Хекманны ярьж буйгаар бол тус төслийн эхний шат үндсэндээ хэрэгжиж дуусч байгаа юм байна. Тэрээр Франц улсын иргэн. Монголд ирээд таван жил болж байна. Өмнө нь Дэлхийн банк, Францын хөгжлийн агентлаг, Хятад, Вьетнам, Филиппин улсуудад хот байгуулалт, төлөвлөлт, бүсийн хөгжлийн төлөвлөлтийн чиглэлээр 20-иод жил ажилласан туршлагатай, газар зүй, хотын газар зүйч мэргэжилтэй аж.


-Яагаад Монголд ирэх болов?

-Азийн хөгжлийн банк надад БНХАУ, Монголд ажиллах санал тавьсан. Би тэр саналыг хүлээж авахаасаа өмнө 2008 онд Монголд ирж үзсэн. Надад үнэхээр таалагдсан. Тийм учраас би ажилдаа орохдоо удирдлагадаа “Би Монголд түлхүү ажиллана шүү” гэж хэлсэн. Удирдлага маань ч зөвшөөрсөн.

-Одоо ажиллаж байгаа төслөө танилцуулахгүй юу?

-Одоогоор бид гурван төсөл дээр ажиллаж байна. Эхнийх нь нийслэлийн дэд төвүүдийг хөгжүүлэх, удаах нь гэр хорооллыг хөгжүүлэх эко хороолол төсөл, гурав дахь нь БХБЯ-тай хамтран аймаг, сумын төвүүдийг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байна.

-Төслийн нийт өртөг, хугацаа хэд вэ?

-320 сая долларын өртөгтэй, арван жилийн хугацаанд хэрэгжинэ.

-Төслийг хэрэгжүүлэхэд ямар хүндрэл байна?

-Аливаа төсөл хэрэгжих шаардлагатай эсэх, хэрэгжээд үр дүн өгөх эсэх, тухайн орны Засгийн газартай тохирох, судалгаа хийх, санхүүжилт батлах зэрэгт маш урт хугацаа ордог. Энэ төсөл 2010-аад оноос яригдаж эхлээд одоо хэрэгжиж байна. Асуудал юунд байсан гэхээр энэ гэр хорооллыг дахин төлөвлөх асуудал нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Энэ тохиолдолд гэр хорооллыг дахин төлөвлөх, төсөл хийх боломжгүй. Бас нэг асуудал бол гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол зөвхөн инженерийн байгууламжийн хангамжаар зогсохгүй, нийгмийн асуудал, байгаль орчинд хоргүй, үер усны аюулаас иж бүрэн хамгаалагдсан орчин бүрдүүлэхийг хэлж байгаа юм.

-Та бүхний төсөл юунаас эхэлсэн бэ?

-Анх төслийн тухай ярьж байхдаа эхний ээлжинд цаашдаа хөгжих боломжтой газруудыг сонгох зарчим барьсан. Мөн үнэхээрийн зайлшгүй шийдэх хүндрэлтэй асуудалтай аль хэсэг байна гэдгийг судалсан. Дэд төвүүдээ сонгохдоо ирээдүйд холбож, цогц байдлаар хөгжүүлэх бодлого баримталсан.

-Төсөл хэрэгжих эхний алхам юу байсан бэ?

-Дэд төвүүдээ шийдсэний дараа тэнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдыг татахын тулд мэдээж дэд бүтцийг байгуулах, шинэчлэх, сайжруулах шаардлагатай.

-Төслөө анх хэнд танилцуулсан бэ?

-Э.Бат-Үүл дарга сонгуульд ялчихаад ажлаа авахаас хоёр долоо хоногийн өмнө танилцуулсан шиг санаж байна. Тэрээр баясгалантайгаар “Би яг ийм төслийг хүсч байна” гэж хэлж байсан.

-Та бусад олон оронд хотын захын төлөвлөлт хийж байсан туршлагатай. Манай гэр хорооллыг хэрхэн харж байна?

-Улаанбаатарын гэр хороолол бол нийслэлийг хөгжүүлэх маш том боломж гэж харж байгаа.

-Төсөл ямар шатандаа явж байна?

-Төсөл гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбийн дэд төвийн төсөл хэрэгжинэ. Нэгдүгээр үе шат болох цэцэрлэг, сургууль энэ жилдээ ашиглалтад орох байх. Инженерийн дэд бүтэц шийдэгдсэн. Эхний үе шат ирэх жилдээ багтаж хэрэгжиж дуусна. Дээрх байгууламжуудын газрын асуудал шийдэгдсэн.

-Иргэд, бизнесмэнүүд энэ төсөлд хэрхэн хамрагдах вэ?

-Дэд бүтэц бэлэн болж байгаа нь эхний алхам. Дараагийн алхам нь дэд бүтэцдээ тулгуурласан бизнес төлөвлөгөө хийх ёстой. Төлөвлөгөө хийхийн тулд эхний ээлжинд тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийнхээ саналыг авна. Дээр нь одоогийн тухайн бүсэд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хамтрах боломжийг судална. Дараагийн ээлжинд баригдсан дэд бүтэц дээрээ хувийн хэвшлийг татан оролцуулах талаар бизнесийн орчин бүрдүүлэхээр ажиллана.

-Энэ бүсэд хэдэн өрх, ямар хэмжээний газар хамрагдаж байна?

-Хоёр бүсэд нийтдээ 30-40 мянган өрх, харин нийт зургаан төвд 500-600 орчим га газар хамрагдана.

-Энэ бүх өрхтэй газар чөлөөлөх гэрээ хийсэн үү?

-Үгүй. Дэд бүтэц байгуулахад шаардлагатай 1200 айлын газрыг чөлөөлсөн.

-Хувийн хэвшлийг татах ямар баталгаа байна?

-Төлөвлөсөн газруудад эко хорооллууд баригдана. Бизнесмэнүүд сонирхолтой санал тавих болохоор хувийн хэвшлийнхэн сонирхоно гэж бодож байна.

-Эко хороолол гэж юу вэ?

-Энэ бол бүх дэд бүтэц, нийгэм, ногоон байгууламжийн асуудал нь шийдэгдсэн хотхоныг хэлж байгаа юм.

-Эко гэдэг нь?

-Тухайн хотын талбайн 30-аас доошгүй хувь нь ногоон байгууламжтай. Дээвэр нь нарны илчээр цахилгаан хураадаг. Барилгууд цэвэр эко материалаар баригдсан байх.

-Эко хотхонд хэн амьдрах вэ?

-Бага, дунд, өндөр орлоготой хэн ч амьдарч болно.

-Өндөр орлоготой, бага орлоготой иргэд ижил түвшний орон сууцанд амьдрах уу?

-Энэ нь хотхоны тухай ойлголт байгаагаас хамаарч байгаа юм. Эко хотхоны талбайд төлөвлөлт хийхдээ өндөр, дунд, бага, орлоготой иргэдэд зориулсан талбай, давхар зэрэг ялгаатай барилгууд баригдана. Дээр нь түрээсийн барилга ч баригдана. Гэхдээ чанар, стандартын хувьд адилхан.

-Өндөр, бага орлоготой иргэд ижил чанартай орон сууц авч чадах уу?

-Учир нь энд байгаа юм. Хувийн хэвшлийг татах санал ч энд хамтдаа байгаа. Олон улсын ногоон сангаас эко хороололд зориулж 85 сая доллар өгч байгаа. Тийм учраас энэ нь хувийн хэвшлийн анхаарлыг татна.

-Яаж?

-Жишээлбэл, тухайн бүсэд барих нийт барилгын 55 хүртэлх хувийг бага орлоготой буюу орлогод нийцсэн иргэдэд зориулж барина, үлдсэн барилгыг тухайн барилга барьсан компани өөрөө зах зээлийн үнээр зарах эрх эдэлнэ. Зээл олгоно. Дээр нь тухайн компанийн эко байгууламжид оруулсан хөрөнгийг дээрх 85 сая доллараас буцааж олгоно.

-Бүх барилгад оруулсан эко хөрөнгө оруулалтыг буцааж олгоно гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ дээвэр дээрх панель, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт байгууламжийг ногоон байгууламжид тооцож үзэж байгаа юм.

-Энэ мөнгө буцааж төлөгдөхгүй юу?

-50 сая доллар буцалтгүй тусламж, 90 сая доллар хүүгүй 40 жилийн хугацаатай.

-Хаанаас гарч байгаа мөнгө вэ?

-Парисын озоны давхаргыг бууруулахаар олон улсын COP 21 гэрээний хүрээнд байгуулсан сангаас гарч байгаа хөрөнгө.

-Дахин төлөвлөлтийн хамгийн том бэрхшээл нь газар чөлөөлөлт гэдэг нь өнгөрсөн жилүүдэд харагдсан. Та нарын төлөвлөгөө өмнөхөөс ямар давуу талтай вэ?

-Зарим орнуудад газрыг албан чөлөөлдөг. Засгийн газар тодорхой хэмжээний нөхөн төлбөр санал болгодог. Эс зөвшөөрвөл албаддаг. Харин Монголд тийм юм байхгүй. Өндөр үнэ хэлээд суугаад байвал ажил гацах юм бололтой юм билээ. Гэхдээ бид өмнөхөөс арай давуу санал тавьж байгаа гэж. Тухайн дахин төлөвлөлтөд орох бүсийн бүх өрхүүд 100 хувь гарын үсэг зурж зөвшөөрсөн байх ёстой. Дээр нь түрээсээр амьдарч байгаа иргэдийн саналыг авна.

-Өмнө газрын эздийн 75 хувь нь гарын үсэг зураад ч дахин төлөвлөлтийг гацаах гол шалтгаан болсон шүү дээ.

-Амаргүй л дээ. Ер нь Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нь дэлхий дээр хамгийн бэрхшээлтэй асуудал гэж үзэж байна. Эко хотхонд байр худалдаж авсан иргэдэд бас маш бага хүүтэй зээл олгоно. Энэ бүхэн иргэд болон компаниудын сонирхлыг татах байх гэж бодож байна.


Categories
мэдээ нийгэм

Бархасбадь гариг. Билгийн тооллын 4, Салхины эх одтой

Аргын тооллын есдүгээр сарын 13, Бархасбадь гариг. Билгийн тооллын 4, Салхины эх одтой, шар бич өдөр. Өдрийн наран 6:27 цагт мандан, 19:07 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Үндэсний хөрөнгөтнүүд үндэстнээ аврах уу” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Үндэсний хөрөнгөтнүүд
үндэстнээ аврах уу” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн
Засгийн газрыг дүгнэ гэвэл
муу л гэж хэлнэ хэмээв.

Отгонтэнгэр уулын бэлд хүн буудсан хэрэгт Ү.Телелберген,
Е.Тасхын, Ц.Даваабат нарыг шалгаж байна хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Б.Ганхуяг: Хариуцлагатайгаар хэлье, оны
эцэст иргэддээ ногдол ашиг тараана хэмээн “Эдийн засаг” нүүрт ярьжээ.

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат: Хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын
эргэн тойронд хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Б.Бямбасайхан: Үгээ ололцож
чадвал дэлхийгээс мөнгө
босгох асуудалгүй гэж хөрөнгө
оруулагчид үзэж байна хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

Монгол хэл соёлын зуслан хэмээн “Америкийн Монголчууд” нүүрт өгүүлжээ.

Д.Гантулгад холбогдох хэргийг
прокурор руу буцаалаа хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы “Үйл явдал” нүүрт Волейболын дэлхийн аварга
шалгаруулах тэмцээн эхэллээ хэмээн өгүүлсэн байна.

“Энэ тухай” нүүрээс “Ажил хаялтын эргэн тойронд…” хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658,88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

ХСҮТ-ийг өргөтгөх талаар судална

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь нэг жилийн дотор нас барж байна

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсын хүн ам ходоод, улаанхоолойн хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. 2017 онд нийт нас баралтын 25,6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлжээ. Үүнээс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт азийн орнууд болон дэлхийн дундажтай харьцуулахад 61,1 хувь, нас баралт 54,1 хувь байна. Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их төдийгүй оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Өнгөрөгч онд 6073 хүн хавдраар өвдөж оношлогдсоноос 4004 нь тухайн жилдээ нас баржээ. Цаашид ойрын 20-30 жилд хорт хавдрын өвчлөл, нас баралт нэмэгдэх тооцооллыг гаргаад байна. Нэн тэргүүнд хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь зүйтэй гэв. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд 11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм.

Сүүлийн 10 жилд амбулаториор үзлэг хийлгэх иргэдийн тоо 1,6 дахин өсч, түүнийг даган бусад үзүүлэлтүүд тогтмол нэмэгдэж, мэс засал хийлгэж буй өвчтөний тоо 67 хувиар өссөн байна. Нийт өвчлөгсдөд мэргэжлийн нэгдсэн үйлчилгээ үзүүлдэг Хавдар судлалын Үндэсний төвийн ачаалал эрс нэмэгдсэн учир эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөжүүлэх шинээр шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох зайлшгүй нөхцөл үүсээд байна. Иймд “Энэр мед” ХХК-ийн барьж буй эмнэлгийн барилгыг концессын гэрээгээр ХСҮТ-ийн үйл ажиллагаанд өргөтгөн ашиглах урьдчилсан нөхцөл байдлыг судлан санал боловсруулж, танилцуулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга хот байгуулалт, Эрүүл мэндийн сайд нарт үүрэг болгов.

Радио долгионы сөрөг нөлөөллийг хуулиар хязгаарлана

Радио долгионы тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Монгол Улсын Засгийн газрын “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” –ын хүрээнд Радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг бий болгохоор тусгасан байдаг. Гэтэл 1999 онд Радио долгионы тухай хуулийг баталснаас хойш шинэчлэлт хийгдээгүй нь улс орон, дэлхийн хөгжлийг даган шинэ тутам үүсч буй нийгмийн харилцааг зохицуулахад эрхзүйн зохицуулалтын хувьд учир дутагдалтай нь бэрхшээл үүсгэж байна.

Иймд тус хуульд радио долгионы ашиглалтын зөвхөн техник, технологитой холбоотой асуудлыг тусгаж авч үзэхээс гадна түүний хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, давтамжийн хязгаарлагдмал нөөц баялгийг үр ашигтай ашиглах, радио давтамжийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийх, төрийн шинэлэг, бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх , дэмжих эрхзүйн шинэ зохицуулалтыг гаргахаар Засгийн газраар дээрх хуулийг шинэчлэн боловсруулаад байна. Энэхүү хууль батлагдсанаар гар утасны хэрэглээ, бааз станцуудын байршил нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар иргэд, байгууллага аж ахуй нэгжүүдээс ирүүлдэг олон тооны гомдол, хэмжилт хийлгэх хүсэлтэд хариу өгөх, сөрөг нөлөөлөл тогтоогдсон тохиолдолд тэднийг урьдчилан сэргийлэх, хязгаарлах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх гэх мэт эрхзүйн зохицуулалтын боломжтой болох юм.

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталснаас хойш найман удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Харилцаа холбооны зах зээл дэх төрийн оролцоог багасгах цаашдын хөгжил, зах зээлийн үр өгөөжтэй шударга өрсөлдөөнийг дэмжсэн иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хүртээмжтэй хангахад одоо мөрдөгдөж буй Харилцаа холбооны тухай хууль учир дутагдалтай байна.

Иймд хуулийн төсөлд харилцаа холбооны зохицуулах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгож, зааглах, зах зээлийн өрсөлдөөн үйлчилгээний үнэ тарифыг зохицуулахад оролцоог нэмэгдүүлэх тус салбар дахь монополь шинжтэй үйлчилгээг тодорхойлох, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хориглох, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэхийн тулд салбар хоорондын уялдааг хангах зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.

Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлттэй танилцав

Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн эхний хагас жилийн тайланг хэлэлцлээ. Дээрх байгууллагуудад нийт 416 мянга гаруй иргэн хандаж өргөдөл, гомдол, санал, хүсэлт, шүүмжлэл гаргаснаас 402795 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгч 998 өргөдөлд хариу өгөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нийт өргөдлийн 180287 нь Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад хаяглагдсанаас ХНХЯ хамгийн их буюу 78800 гаруй өргөдөл гомдол хүлээж авсан бол ХХААХҮЯ хамгийн бага буюу 148 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн байна. Аймаг орон нутагт Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 36308 өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авсан нь хамгийн өндөр үзүүлэлт бол Увс аймгийн иргэд хамгийн бага буюу 1700 гаруй өргөдөл гомдол, хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байна.

Иргэдээс гаргасан өргөдлийн дийлэнх нь нийгмийн халамж хүссэн, цалин нэмэгдүүлэх шаардлага, өрхийн орлогоо шинээр тодорхойлуулах, газрын харилцаа, орон сууц, санхүүгийн дэмжлэг хүссэн байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн зарим сумдад зөөврийн мал угаах төхөөрөмж гардуулав

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр, Төвшрүүлэх сумдад ажиллаж, зөөврийн мал угаах төхөөрөмж гардуулан өглөө.

Сүүлийн жилүүдэд мал угаалга тасалдаж, малчдад малаа угаалгах боломж хомсодсны улмаас малын өвчлөл нэмэгдэх болсон. Өнгөрсөн өвөл, хавар Архангай аймгийн хэд хэдэн суманд халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэмд байсан. Малын өвчлөлийг бууруулах, халдварт өвчинтэй тэмцэхэд мал угаалга нэн чухал үүрэгтэй бөгөөд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг санаачлан Засгийн газарт санал тавьж ажилласны дүнд эхний ээлжинд дээрх гурван суманд зөөврийн мал угаах төхөөрөмжийг гардуулан өгөв.
Зөөврийн мал угаах төхөөрөмж нь тухайн сумын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэдэлд ирж байгаа бөгөөд мал эмнэлгийн нэгжүүд малчидтайгаа зөвшилцөн малыг хол тууварлахгүйгээр гэрийн хаяанд нь малыг нь угаах боломж бүрдүүлж байгаагаараа давуу талтай юм.
Мал эрүүлжүүлэх аяны хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг нь энэ бөгөөд малыг тодорхой хугацаанд тогтмол угаалганд оруулснаар малын паразиттах өвчнөөс эхлүүлэн халдварт өвчнүүдийн нян бактерийг устгаж, ариутгахаас гадна малын арьс үс, ноос, ноолуурын чанарт хүртэл эерэг өөрчлөлтийг үзүүлдэг байна.
Архангай аймаг нь мал аж ахуйд түшиглэсэн аймаг бөгөөд малын тоогоор ч улсдаа тэргүүлдгийн хувьд малаа эрүүлжүүлэх тал дээр тодорхой ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Үүний эхлэл болгож УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг зөөврийн мал угаах төхөөрөмжийг гардуулж өгсөн байна. Сум тус бүрт угаалгын төхөөрөмжийг гардуулж өгөхдөө малчин айлд мал угааж туршилт хийсэн юм. Малчид хэрэгцээ шаардлагад нийцсэн чухал ажил болсныг онцолж, талархал илэрхийлж байв.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тус аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумын зарим малчин айл, өрхөөр зочлон санал солилцов. Малчдын ярьж буйгаар, хэдийгээр зуншлага сайхан болсон ч хавар ихээхэн хуурайшиж, отрын бүс нутагтаа малчид нь хаваржсан тул хадлангийн гарц муу байгааг дуулгаж байна.
Дашрамд дурдахад, Архангай аймаг энэ жил 5,3 сая мал тоолуулсан бөгөөд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж эхлээд байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Categories
мэдээ нийгэм

Зуун жилийн түүхт анхны бага сургуулийг музей болгожээ

Орчин цагийн тэнхимийн сургалтын суурийг тавьсан Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн анхны бага сургуулийн 100 жилийн ойг үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчид, нутгийн зон олон хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Улсын ууган бага сургуулийн энэхүү түүхт ойг угтаж сургуулийн хичээлийн болон дотуур байрыг 100 жилийн тэртээх загвар, төрхийг нь хадгалан сэргээн завсарласан юм.

Хуучны түүх өгүүлэх ном сурах бичиг, хөгжмийн зэмсэг, дүрэмт хувцас, гэрэл зураг, бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан тус сургуулийг энэ өдрөөс эхлэн аймгийн ИТХын шийдвэрээр улсын хамгаалалтад авч, боловсрол, өв соёлын түүхэн музей болгож байна.

Баярын арга хэмжээнд оролцсон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 100 жилийн түүхтэй энэ сургуулиас архангайчууд төдийгүй улс орондоо алдартай олон эрдэмтэн мэргэд, багш сэхээтнүүд төрж гарсныг тэмдэглэн баяр хүргэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрбээр музейн сан хөмрөгийг баяжуулах сайн үйлсэд нэгдэхийг 100 жилийн ойн өдөр ихтамирчууддаа уриалсан юм. Үүний зэрэгцээ 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөрөө үнэлүүлж Монгол Улсын гавьяат багш хэмээх эрхэм цолоор шагнагдсан нутгийн уугуул багш М.Нацаг-Юмд хүндэтгэл үзүүллээ.

Ойн хүрээнд түүх өгүүлсэн баримтат кино бүтээж, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулжээ. Хан-Өндөрчүүдийн хувьд энэ жил баярт үйл явдлаар дүүрэн байна. Бага сургуулийн 100 жилийн ойгоо тэмдэглэхийн сацуу анх удаа гэрэл цахилгаантай холбогдох гэж байна. Дашрамд дурдахад, Богд хаант Монгол Улсын анхны бага сургууль 1917 онд Сайн ноён хан аймгийн Сэцэн чин вангийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөрийн хийд орчим байгуулагдсан түүхтэй.