Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийд “Бүргэдийн баяр” болно

Монголын аялал жуулчлалын томоохон эвэнт арга хэмжээнүүдийн нэг болох “Бүргэдийн баяр”-ыг энэ жил аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баян-Өлгий Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо хамтран явуулах бөгөөд холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээр дэлхийн 100 гаруй орноос 1500 орчим жуулчин ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

“Бүргэдийн баяр” нь тэмцээний хэлбэрээр явагддаг бөгөөд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан баярын талбайд орж ирдэг. Оролцогчдыг казах түмний уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө, дизайн болон сургаж гаршуулсан байдал зэрэг олон нарийн шалгуураар шалгаж, хамгийн уран оёсон үндэсний хувцас, морь болон бүргэдийн тоноглолтой оролцогчдоос шилдгүүдийг тодруулдаг.

Categories
мэдээ эдийн-засаг

Иргэд олборлосон алтаа Дархан-Уул, Баянхонгорт шууд тушааж болно

Хөдөө орон нутагт алт олборлосон иргэд нийслэлд ирж Монголбанкинд алтаа тушааж чадахгүйн улмаас хууль бусаар хилээр гаргадаг этгээдүүдэд хямд үнээр зарах тохиолдол гардаг. Харин аравдугаар сараас эхлэн алт олборлосон иргэд аж ахуйн нэгжүүдэд тухайн нутагтаа сорьцлуулах, Монголбанкны хэлтэс салбараар дамжуулах боломж бүрдэж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархан-Уул, Баруун бүсэд Баянхонгор аймаг дахь хэлтэст нээж, үйл ажиллагааг нь ирэх сард эхлүүлэхээр боллоо.

Уг лабораторийг байгуулахад 793,8 сая төгрөг төсөвлөгдсөнөөс 694 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах ажлыг Монголбанк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран шийдвэрлэж, орон нутгийн Засаг даргын тамгын газрууд лаборатори тус бүрийн барилгын засварт холбогдох хөрөнгийг зарцуулаад байна.

Мөн үйл ажиллагааг эрхлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Үнэт металл сорьцын хяналтын газар, Монголбанкнаас Дархан-Уул, Баянхонгор аймгийн Монголбанкны хэлтэс, салбарын нягтлан бодогч, нярвуудад тус бүрийн чиглэлийн дагуу сургалт зохион байгуулж, чиглэл, удирдамж өгөх, дадлагажуулах ажлуудыг гүйцэтгэж байна.

Бүс нутгийг хамарсан үнэт металлын сорьцын лаборатори байгуулагдсанаар иргэн, аж ахуйн нэгж олборлосон алтаа тухайн бүс нутагтаа сорьцлуулах боломжтой болж байгаа төдийгүй Монголбанкны хэлтэс, салбар, банкаар дамжуулан алтаа худалдах нөхцөл бүрдсэнээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, аюулгүй байдлын бусад эрсдэлээс хамгаалагдана. Үүнээс гадна, алт нийлүүлэлтийн эргэлт нэмэгдэж, шат дамжлага багасаж, бодит сорьцын дүнгээр арилжаа хийгдэх нөхцөл тухайн орон нутагт бүрдэх төдийгүй алтны гарал үүслийг тодорхойлох зэрэг олон давуу боломж бий болно.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” мишээл экспод болно

ХХААХҮЯ-наас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно. Мөн есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулна. Эдгээр өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээ болох юм. Үүнд,

  • “Мах, сүүний анхдугаар аян”-ы үр шим, үзэсгэлэн худалдаа
  • “Махны салбарын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг
  • “Та сүүгээ уусан уу” сэдэвт хэлэлцүүлэг
  • Хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, хэрэглээний талаарх танилцуулга
  • Талх, гурилан бүтээгдэхүүний дэвшилтэт технологийн талаарх танилцуулга
  • “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийн сурталчилгаа, хэлэлцүүлэг
  • “Жимс, жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний ногоо, жимс бидний амьдралд” сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ
  • “Хүнсний ногоо” хөтөлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хийх хоолны үзүүлбэр, амталгаат худалдаа
  • Орон нутгийн онцлогийг харуулсан үндэсний уламжлалт хоол, идээ ундааг танилцуулах арга хэмжээ
  • “Алсыг хар-Органикийг сонго” хэлэлцүүлэг, арга хэмжээ
  • “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг
  • Хүүхдэд зориулсан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, амталгаат худалдаа
  • Үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн
  • Үйлдвэртэй танилцах аялал
Categories
мэдээ улс-төр

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогчид 175 гэрээ хэлэлцээр байгуулжээ

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр үдээс хойш Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын бүрэлдэхүүнтэй Өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“ОХУ-ын Ерөнхийлөгч, Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

БНХАУ-ын Дарга Эрхэмсэг ноён Си Жиньпин,

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,

БНСУ-ын Ерөнхий сайд ноён Ли Наг Ён,

Хатагтай, ноёд оо,

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад дахин урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье.

Жил бүр зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой яриа хэлэлцээний талбар болж байна. Чуулга уулзалтын хүрээ, оролцогчдын түвшин жил ирэх тутам өргөжиж байна. Хөрш орнууд болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид хамрагдах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд юм. Энэ оны 6 дугаар сард Хятадын Чиндао хотноо ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нартай хоёр болон гурван талын уулзалт хийж, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх эрмэлзлээ нотолсон.

Хатагтай, ноёд оо,

Энэ удаагийн чуулга уулзалт “Алс Дорнод: Боломжийн хязгаарыг тэлэх нь” сэдвийн дор зохиогдож байна. Чуулга уулзалтад оролцогч орнууд хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжийг эрэлхийлэх зорилготой гэж миний бие харж байна. ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг нь Монгол Улсын хувьд бүс нутгийн орнуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, эдийн засгийн интеграцид хамрагдах нэг чухал гарц, боломж юм.

Монгол Улс хоёр хөрш орны нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин тээвэрлэлт хийж, мөн хөрш орнуудынхаа далайн боомтыг ашиглан дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөсөн. Энэ зорилгоор Монгол Улсын Их Хурал 2010 онд Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлого амжилттай хэрэгжиж байна. Энэ оны зургадугаар сард ОХУ-тай “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан нь том алхам боллоо. Үүнээс гадна манай улс “Монгол Улс, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин далайд гарах, буцах болон дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”, “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр” зэрэг чухал баримт бичгийг БНХАУ-тай байгуулаад байна.

Эдгээр хэлэлцээрийг байгуулснаар хөрш орнуудын нутгаар дамжин өнгөрч, далайн боомтуудаар дамжуулан Зүүн Хойд Азийн болон бусад улсуудтай худалдаа хийх боломж нээгдлээ. Монгол Улсыг далайд гарах гарцыг нээсэн, олон улсын худалдаа эдийн засгийн интеграцид нэгдэх боломжийг олгосон чухал гэрээ хэлэлцээрийг байгуулж дэмжлэг үзүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён В. В. Путин, БНХАУ-ын Дарга Си Жиньпин нарт талархал илэрхийлье.

Монгол Улс нь хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай улс төрийн харилцааны өндөр түвшинд хүрсэн, аливаа хурцадмал, маргаантай асуудалгүй орон билээ. Энэ ч үүднээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ” зэрэг бүс нутгийн орнуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, яриа хэлэлцээг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Улс төрийн харилцааны өндөр түвшинг бататгахын зэрэгцээ бүс нутгийн орнуудтай хөгжлийн бодлогоо уялдуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор” байгуулахаар ажиллаж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүдийн хэрэгжилтийг эхлүүлэх талаар Чиндао хотод болсон уулзалтаар Путин Ерөнхийлөгч, Си Жиньпин дарга нартай ярилцсан.

ОХУ-аас БНХАУ руу барихаар төлөвлөж байгаа байгалийн хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх асуудлаар бид хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улсын энэ хүсэлтийг дэмжсэн ОХУ-ын Ерөнхийлөгч ноён Владимир Владимирович Путин танд талархаж байна. БНХАУ-ын Дарга Си Жиньпин дэмжинэ гэдэгт найдаж байна. Бид энэ асуудлаар баталгаатай эрх зүйн орчин бий болгоход бэлэн байна. Манай улс түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудтайгаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс Япон улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг 2015 онд байгуулсан бол Бүгд Найрамдах Солонгос Улстай мөн ийм хэлэлцээр байгуулах хамтарсан судалгааны ажлыг дуусгаад байна.

Мөн Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндэслэлийг хамтран судлахаар ярилцаж байна.

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын эдийн засгийн уналт зогсож, өсөлт тогтворжиж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт 2017 онд 5.3, 2018 оны эхний хагаст 6.3 хувьд хүрсэн. Бид манай эдийн засгийн уул уурхайн салбараас хамааралтай эмзэг байдлыг бууруулахаар зорьж байна. Гол түнш орнуудтай худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, түүний дотор Монголоос гаргах уул уурхайн бус, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримталж байна.

Монгол Улс бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх бодлого баримтлахыг энэ индрээс нотлохыг хүсч байна. Эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн тулд тодорхой санал дэвшүүлье. Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалж байна.

Бид энэхүү супер сүлжээний бодит эхлэл болгож, Монгол Улс- Хятад улс хамтарсан эрчим хүчний цогцолбор болон үлэмж өндөр хүчдэлийн шугамын төсөл эхлүүлж байгааг мэдэгдэхэд таатай байна. Энэхүү цогцолбор нь нар, салхи, нүүрсний эх үүсвэрээс нийт таван мянга гурван зуун тавин (5350) МВт-ын суурилагдсан хүчин чадалтай станцуудаас бүрдэх юм. Мөн Монгол Улсаас Хятад улс руу 1500 км үлэмж өндөр хүчдэл бүхий цахилгаан дамжуулах тогтмол гүйдлийн шугам татна. Цогцолборын судалгааны ажил, ТЭЗҮ бэлтгэгдэж дууссан бөгөөд удахгүй бүтээн байгуулалтын ажил эхлэх болно.

Ер нь Монгол Улс уудам нутагтай учир нар, салхины эх үүсвэрийн цахилгаан үйлдвэрлэл нь улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Япон, Солонгос улсуудын оргил цагийн ачааллыг хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх боломжтой. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь аль ч улсын хэрэглэгчдэд таалагдах биз ээ. Энэхүү сүлжээ нь Зүүн хойд Азийн бүс нутгийг хамарсан эрчим хүчний интеграц болох бөгөөд Азийн супер сүлжээний эхний шат гэж харж байна.

Зүүн хойд Азийн супер сүлжээ нь бүс нутгийн улс орнуудын хамтын ажиллагаа, хөгжлийн шинэ боломжийг нээхийн зэрэгцээ бүс нутгийн бүх орнуудын итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болно гэж үзэж байна.

Чуулга уулзалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрөөр “Номын баяр”-тай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг 09 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд улс орон даяар нэгдсэн төлөвлөгөөгөөр 100 гаруй арга хэмжээг “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө…” уриан дор зохион байгуулна.

Үндэсний номын баярыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байна. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах номын баярт зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг байгууллага, уншигчид оролцоно.

Энэ удаагийн номын баярыг онцлог нь Соёл урлагийн ууган байгууллага Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жилийн ойг угтан Ардын уран зохиолчдод хүндэтгэл үзүүлж, тэдний уран бүтээлийг сурталчлахын зэрэгцээ Төрийн 3 удаагийн шагналт, Ардын уран зохиолч, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн /110 жил/, Төрийн шагналт, зохиолч, найруулагч, орчуулагч Э.Оюун /100 жил/, Төрийн хошой шагналт эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж /100 жил/, хүүхдийн нэрт зохиолч, яруу найрагч Д.Содномдорж /90 жил/, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Б.Нямаа /90 жил/ зэрэг тэгш ой нь тохиож байгаа зохиолчдын намтар, ном бүтээлийн үзэсгэлэнг номын сангуудтай хамтран жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Номын баярын хоёр дахь өдөр “Уншигч таны оюуныг дайлья” сэдвийн хүрээнд “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагчид болон зохиолчид өөрсдийн шүлэг, яруу найргаа толилуулахаас гадна дууны уран бүтээлийг сурталчлах, МЗЭ-ээс хуучин нэн ховордсон номыг хямдралтай худалдах зэрэг олон сонирхолтой ёслол, үйл ажиллагаа явагдах юм.

Түүнчлэн аймаг, нийслэл, орон нутгийн 200 гаруй номын санчид хуран чуулж, “Mongolian librarу update:Номын сагуудын туршлагаас” зөвлөгөөн, “Номын сангийн алсын хараа” сургалтууд, хэвлэлийн газар, хэвлэн нийтлэгчдийн үйл ажиллагаа, нийтээрээ номтой нөхөрлөх нийтийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, яруу найргийн чөлөөт уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын хямдралтай болон зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом, номын бэлэг, урамшуулалтай уралдаан, тэмцээнийг өргөн хүрээнд улс орон даяар зохион байгуулах болно.

Номын баярын өдрүүдэд “Монголчуудын эрдэм ухааны уламжлал”, “Улаан судар”, “Аяны богц”, “Залуу нас”, “Мөрөөдлийн хүч”, “Сүүтэй уулын савдаг”, “Учрал дүүрэн хорвоо”, “Тэргүүнгүй Монгол”, “Оршихуйн гэрэлт хүрээн дотор”, “Зүүд манагч”, “Бид”, “Дугаар тэг”, “Цагаан идээ”, “Үй Хуа амьдархуй”, зэрэг олон шинэ ном зохиолч, орчуулагчдынхаа гараас уншигчдын гарт хүрнэ. “Монголын хүүхдийн зохиолчдын шилдэг бүтээлийн түүвэр”, шилдэг өгүүллэгийн “Утгын чимэг” зэрэг шинэ номын нээлт болно.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан тасарна

Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 13-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, Батрэрэйд, Элэг, Нотра Дом, МЦ ХХК-ууд, Хасбанк, Яаралтай тусламж, Палентологийн төв, Санар брокерын пүүс, Иргэн Долгорсүрэн, Цэвэлмаа, Мөнхбат, Болор, Ч.Түмэнбаяр, С.Алтанхуяг, Мөнхболд, Ганболд, Самбуудорж, Магнайбаяр, Цэрэнням, Анхтүвшин, Ганбаатар, Адуучин, Батмөнх /үйлчилгээний цэг, дэд станц/эдгээрийн ойр орчмоор, 21-р хороо Жамсран уулын өвөр 7-12-р гудамж

11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 1-4, 8, Эмнэлэгийн 14-18-р гудамж, 65А, Б байр, 3-р цэцэрлэг, 79-р сургууль Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал, Монополь, Дөрвөн өлзий, Бэст сервис, Альбатросс, Эс пи сервис, Мануул трейвел ХХК-ууд, Дусал ХЭАА, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дэлхийн зөн ОУБ, Уурын зуух, ЦТС амралт, эдгээрийн ойр орчмоор, 1-р хороо 12-р хорооллын 22-25, 30-р байр, Нарлаг сансар СӨХ, Хайрхан СӨХ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төв, Билэгтвай, Дөрвөн улирал, ЭЭМА, Их соёмбо, Чигстэй ахан дүүс, Мон амар, Топуна, Аагфарм, Тэлмүүнлхам констракшн ХХК-ууд, Иргэн Ханд, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Байган, Жамсрандорж, Батгэрэл, Батдалай, Загарзүсэм, Батчулуун, Энхжаргал, Оюун, Пүрэвсүрэн, Гансүх, /үйлчилгээний цэг/, Очирбат ХОС болон эдгээрийн ойр орчмоор

СҮХБААТАР ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 13-р хороо Рашааны 9-565 тоот, Иргэн Батсайхан, 6-р хороо 3, 24-р байр

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 1,11,15-р хороо 50/3-р байр, Эвттрак, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Эм Энд Жи констракшн, Их модун ХХК болон эдгээрийн ойр орчмоор

10:30-18:00 цагт: 12, 13-р хороо Хайрга, Блокны үйлдвэрүүд болон ойр орчмоор

11:00-17:00 цагт: 5-р хороо 41-р сургууль, 71-р цэцэрлэг, Уурын зуух, зүүн 3 байр болон ойр орчмоор

НАЛАЙХ ДҮҮРЭГ

11:00-17:00 цагт: 1-р хороо Энгэр шанд, Их ам, Туулын гүүрний зусланд тус тус цахилгаан хязгаарлана.

Categories
мэдээ нийгэм

Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийн автомашиныг худалдаж байна

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчлөлд нийт 851 мянга 179 автомашин бүртгэлтэй байдаг аж. Гэвч тээврийн хэрэгслийг өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношилгоонд оруулахгүй байх зөрчил гаргадаг байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн энэхүү тоомжиргүй байдлыг ашиглан гэмт этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах тохиолдол бүртгэгдэх болжээ.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриалсан аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний хөрөнгөтнүүд үндэстнээ аврах уу

НЭГ. ТЭГШ ГАРАА, ТЭГШИТГЭЛ ХОЁРЫН ЯЛГАА

Ганцхан Мартин Лютер Кингд мөрөөдөл байсан юм биш. ХХ зууны Монголын социализм өөрөө агуу том үл биелэх, бас үл салах мөрөөдөл байлаа.

Социализм бидэнд жигд гарааны тухай биш харин ижил барианы тухай, эцсийн дүнгээрээ бүгд адилхан байх тухай сайхан үлгэр ярьж үнэмшүүлсэн. Бид тэгш эрх, шударга ёс гэдгийг эцсийн дүндээ бүгдээрээ адилхан болох, өөрөөр хэлбэл барианы газар эгнээгээрээ нэгдүгээр байр эзэлнэ гэсэн үг хэмээн ойлгож явлаа.

Социализм байгуулахад гараа янз бүр байж болох ба түрүүлж яваагийн жолоог татаж, хоцорсныгоо хүлээж зэрэгцэн явах дүрэмтэй. Чадал муутай нь замаас орж болно. Чадал ихтэй гээд ганцаараа түрүүлэн одохыг хориглоно.

Тосон айсуй коммунист нийгмийн туган дээр “Хүн бүр чадлын хэрээр, хүн бүрт хэрэгцээний хэрээр” гэсэн сэтгэл татам уриа байлаа. Барианд орж коммунизмд хүрсэн хойно хүн бүр чадлынхаа хэрээр янз бүрийн хэмжээнд бүтээл хийж болох боловч нийгмийн баялгаас хэрэгцээний хэрээр хүртэнэ. Үйлдвэрийн захирал, менежер, ажилчид чадах чадах юмаа л хийнэ.

Харин ашиг орлогоос хүссэнээрээ авна гэсэн үг л дээ. Гэхдээ энэ бол социализмын мөрөөдлийн сценари. Мөрөөдөхийн өмнө ирээдүйн их тэгшитгэлийн бэлтгэл болгон баян ядуугийн ялгааг арилгаж өглөө. Бүгдийг баян болгох арга үгүйгээс хойш баячуудыг нь устган жигд ядууруулав. Хүмүүс сэтгэл ханамж болон гутралаа их төлөв бусадтай харьцуулж байж олж авдаг. Атаархал төрүүлэх баячуул байхгүй учраас жигд ядуу нийгмийн гишүүдийн сэтгэл ханамж дээгүүр байлаа.

Ядуу зүдүү байдлын шалтгаан эгнэгт устгагдсан гэж номлоно. Тэр шалтгаан гэдэг нь баячуудаа устгаж ядуу болгосноо хэлж байгаа юм. Уул нь ядуурлыг устгасан юм биш ядуугаа мэдэх, харьцуулах юмгүй л болгосон хэрэг л дээ. Хэрвээ зарим нэгэн маань баяжиж эхлээгүй бол ядуугаа мэдэхгүй хичнээн удах байсыг бүү мэд.

Гэтэл тэгш эрх гэдэг нь тэгш гараа болохоос тэгш бариа биш байж. Бүгд нэг зурхайгаас гарна, замаас нь орж болохгүй, мөн түрүүлж яваа нь хоцорсноо хүлээх албагүй, харин хэн түрүүлснийг нь барианд оруулна. Хүн бүхэн шударгаар баяжих эрхтэй боловч эцсийн дүндээ жигд баяжсан байх албагүй. Гэхдээ ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэж доройгоо өөд татна.

Дашрамд дурдахад, социализмд ажилгүйдэл байгаагүй нь үнэн. Бүх иргэн нь “төрийн албан хаагч” болох тавилантай энэ нийгэмд ажилгүйдэхийг хориглодог бөгөөд ямар нэгэн ажил эрхлэхгүй байхыг “нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийсэн” зүйл ангиар шийтгэдэг байв. Иргэдээ “хөдөлмөрчин” гэж нэрлээд заавал хөдөлмөрлөх, гэхдээ томилсон газарт ажиллах үүрэг хүлээлгэдэг хуарангийн дэглэмийн зовлонг огоот амсаагүй шинэ үеийнхэн “Социализмд ард түмэн жаргаж байжээ” хэмээн санаа алдахыг сонсоод хэлэх үг олддоггүй юм.

ХОЁР. ГУРВАН САЯ ЗАХИРАЛТАЙ БОЛОХ УУ?

Баячуул гараад ирэхийн хэрээр олон хүн ядуугаа мэдлээ. Уур бухимдал төрж байна. Тэр уур өөрийн ядуу байгаагаас бус өөрийг нь ядуу байсаар байхад хэн нэгэн баяжсанаас үүсчээ. Тэгшитгэлээ үгүйлж байна. Бүгдээрээ ядуу байж болоод байсан шигээ цөмөөрөө ажил олгогч байхыг хүсч байна.

Хүн болгон дуулах эрхтэй ба дуучин болох боломжийг нь хааж боодоггүй. Гэхдээ бүгд дуучин болдоггүй. Хэдхэн нь дуулж бусад нь чагнах ба үүнийг шударга бус явдал гэж хэзээ ч үздэггүй. Яг үүн шиг нэг нь ажил олгогч болж бусад нь түүнд хөлслөгддөг ч нийтдээ боломжийн сайхан амьдарч бас болдог. Яг үүн шиг бизнесийн авьяастай нэг нь нэгийг хоёр, хоёрыг гурав болгох арга сэдэж, бусад нь тэр санааг хэрэгжүүлэлцэж, нөгөө хэсэг нь үйлчлүүлэгч болно.

Манай баячуудын нэг хэсэг нь өмч хувьчлалаар өндийсөн. Мэдээж маапаан, гомдол зөндөөн байсан ч эцсийн зорилго нь өмчийг хувьд өгөх л байсан болохоор хэн нэгэн авсан. Тэр нь та бид хоёр биш байсан нь гомдолтой боловч өөр хүн авсан учраас хувьчлал буруу гэсэн үг биш. Хэрвээ та бид хоёр авсан бол тэр хүн мөн л гомдох байсан. Ингэлээ гэхэд бас л өмч хувьчлал буруу болно гэсэн үг биш.

Нөгөө зарим нь бизнесийн ур ухаан, бусдаасаа түрүүлж хөлжих, илүү алсыг харах чадвараараа биднээс хол тасарсан. Тэдний хөлжиж бэлжсэн замыг эргэн харахад ихэнхдээ “Би ч гэсэн ингэж болох байж дээ”, “надад ч гэсэн ийм боломж байсан шүү дээ” гэсэн шүү юм бодогддог. Энэ нь бид гарааны тэгш нөхцөлтэй байсны баталгаа.

Харин төгсгөлийг нь хараад “ингэсэн бол балрах байж ээ” гэж олон түмэн бодох цаг ирдэг нигууртай “буруугаар хөлжигсөд”ийг энд ярих юм биш. Тэд тэртэй тэргүй сургамжаа үлдээгээд арилцгаана.

Мөнгө хүн болгонд хэрэгтэй. Гэхдээ ихэнх нь мөнгийг үрэх авьяастай төрдөг бол цөөхөн хэдэд нь мөнгө үржүүлэх ухаан заяаж нөгөө хэсгийнхээ цоорхойг нөхдөг. Нийгмийн тодорхой хэсэг нь баялаг бүтээх авьяасгүй ч баяжсан хүний хэтэвчийг саах авьяастай төрнө. Баячуулд зориулсан тансаг үйлчилгээ, хэрэглээний том бизнес тэднийг даган өндийнө.

Бас л дашрамд дурдахад, баячуудад зориулсан өндөр үнэтэй үйлчлгээ, тансаг дэлгүүрийг хараад зарим хүн бухимддаг. Учир нь өөрөө тэнд орох бэл бэнчингүйдээ гутардаг хэрэг. Гэтэл нөгөө зарим нь бах нь ханадаг. Тэд жирийн дэлгүүрийн жирийн барааг 100 хувь өсгөсөн үнээр зарахыг хараад “болж, муусайн баячуудыг ингэж саавал таарна” хэмээн тавладаг. Та аль нь болохыг би хэрхэн мэдэх?

Баячууд өөрийнхөө хөрөнгө баялгаар дэнчин тавин баялаг бүтээхдээ ажлын байр шинээр нээж, хүмүүсийг ажлаар хангаж, олсныхоо хэрээр өндөр татвар төлдөг. Эндээс мөнгө үржүүлэх, баялаг бүтээх авьяас чадвар нь үндэстний гол амин зуулга болдог нь харагдана. Монголчууд сайн амьдарна. Гэхдээ бүгдээрээ компанийн захирал болж байж энэ сайн сайханд хүрэхгүй. Нэг хэсэг нь нэртэй, чадалтай, сайн компанийн өндөр цалинтай сайн ажилтан, ажилчин болно. Бас зарим нь баячуудын толгой эргэм их мөнгөнөөс толгойгоо ажиллуулан саадаг гарууд ч болно.

ГУРАВ. ҮНДЭСНИЙ БАЯЧУУД ҮНДЭСТНИЙ БАЯЛАГ

Манай орны баялаг юу вэ? Олон хүн ашигт малтмал энээ тэрээг нэрлээд “алт сандайлсан гуйлгачин” хэмээх хочафоризмоо хэлэх байх. Хүн нь гуйлгачин л байх юм алт сандайлсан, аргал сандайлсан хоёр ив ижил. Латин Америкийн нефть ихтэй, тэр хэрээрээ “халтар царай”лсан гуйлгачин олонтой орнуудын жишээ үүнийг хэлж байна.

Манайхан, “Алтан өргөө” хэмээх үлгэрийн киноны хэдэн дуракийн явдлыг буруу ойлгосноо ихэд дөвийлгөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтах ажилдаа ашигладаг. Жалга дүүрэн алттай атлаа усгүй болчихсон хэдэн маанаг ядаж л худаг малтахын оронд “алтыг уухгүй” гээд цэцэрхээд хэвтэж байдаг даа.

Ядаж отор нүүдэл хийдэг байгаа даа. Воо..гуйлгачин сэтгэлээ гэж уг нь энийг л хэлээд байгаа юм ш дээ. Маш их капитал барьчихаад “Даанч энийг ууж болохгүй юм даа” гээд цангаж хэвтэхийг л анхиагүй, арчаагүй гэх юм бол өөр хэнийг анхиагүй арчаагүй гэх билээ. Уг нь тэр их алтаа зараад, эсвэл барьцаалан зээл аваад худаг гаргаж, усны хайгуул хийлгэж, бэлчээрээ усжуулж, эсвэл алтны уурхай байгуулж болно оо доо.

Сонирхуулахад Сингапурт уух усаа бүгдийг нь гаднаас авдаг ш дээ. Тэд худаггүй, голгүй, гэхдээ маш их алт цуглуулсан учраас бүхнийг худалдан авч чадна, манай киноны хэдээс ялгаатай нь. Сандайлж суугаа хүн нь гуйлгачин байх юм бол дор нь алт ч байсан, алмааз ч байсан гуйлгачин хэвээрээ л үлдэнэ. Дахин дурдахад манай “Алтан өргөөн”ий хэд ус яагаад ирэхээ байсныг сонирхоод жаахан явсан бол шалтгааныг нь олчихоор байсан, булгийн ундаргыг том чулуу дарчихсан байдаг бил үү? Өндийгөөд харчихын оронд “Алтыг ууж болохгүй” гэхчлэнгийн цэцэн цэцэн юм яриад хэвтэж байдаг алтан өргөөтэй гуйлгачин гэж…Ер нь бол “Алтгүй бол юу ч уухгүй”(алтан бөгж гэж ойлгоод дэмийрээд алга болчихов оо).

Харин хүн нь бизнесмэн байх юм бол аргалаа алт болгож, алтаа үржүүлж ургуулна. Ухсан газраас нь юу ч гарахгүй атлаа баян чинээлэг амьдардаг Сингапур, Япон энийг хэлээд байна. Тийм болохоор Монгол үндэстний баялаг нь манай бизнесмэнүүд, тэдний баялаг бүтээх чадвар юм. Монгол үндэстний баялаг нь хөрсөн доорх баялаг алт эрдэнэс бус харин тэрхүү дуусдаг малтмалыг дуусашгүй баялаг болгон өсгөж ард түмэндээ нялзаах чадвар юм.

Манай орныг мал нь тэжээхгүй байгаа. Манай монголчуудыг улс нь тэжээхгүй байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 80 гаруй хувийг нь хувийн хэвшил бүрдүүлж байна. Тэр наян хувийн баялаг бүтээх чадвар улсаа тэжээж байна гэсэн үг. Манайхан үүнийг мөн л социалист маягаар тусгаж авдаг. Үндэсний хөрөнгөтөн, тэдний хөрөнгөө баялаг олгох чадвар нь улсын баялаг гэдгийг их явцуу ойлгодог.(Тэгээд үндэсний үйлдвэрлэл дэмжих нэрийн дор дотоодод найруулсан улаан ус уухыг шаардаад эхэлдэг…Хэрвээ тэгдэг бол “эсгий таавчиг” манай үндэсний хамгийн том баялаг болох нь байна шүү)…

2009-2017

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​​Д.Гантулгад холбогдох хэргийг прокурор руу буцаалаа

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон юм. Шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдож хойшлогдсон. Тухайлбал, шүүх хуралд хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгааны улмаас өнгөрсөн сард ирээгүй. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын өмгөөлөгч А.Отгонбаяр хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй гэснээр шүүх хурал хойшлоод байсан билээ. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар буруутгаж байгаа юм. Тус зүйл ангид хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсвэл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсвэл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга уг асуудлаас болж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ.

Ч.Саранзаяа шүүх хурал эхлэхээс өмнө Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн биед халджээ

Ч.Саранзаяа Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн биед өчигдөр халджээ. Хурал эхлэхийн өмнө хохирогчоор оролцож байсан Ч.Наранзаяагийн эгч Ч.Саранзаяа шүүх хурлын хуваарь харах гэж явсан Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгч Ц.Одгэрэлийн бие болон эд зүйлсэд нь халдаж хэл амаар доромжилсон байна. Уг үйлдлийг шүүхийн цагдаа нар таслан зогсоосон гэнэ. Эх сурвалжаас авсан мэдээллээр Ч.Саранзаяа дүүгийнх нь зургийг авлаа гэж хардан Ц.Одгэрэлийн гар утсыг булааж, биед нь халдсан ажээ. Энэ үеэр тус шүүхийн байрыг хамгаалж байсан цагдаа нар гарч ирж, үйлдлийг нь таслан зогсоож, Д.Гантулгын хэвлэлийн төлөөлөгчийн утсанд тэр даруй үзлэг хийсэн гэнэ. Түүний гар утсанд хохирогч Ч.Наранзаяагийн зураг байгаагүй нь тогтоогдсон гэв.

Хуралд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга, хохирогч Ч.Наранзаяа нар оролцож байв. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм бурууг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснийг үндэслэжээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-т “Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна.

Б.ЧИМЭГ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Онон мөрний эхэнд Эзэн богд Чингис хааныг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Их Монгол Улс байгуулагдсаныг даяар олноо зарлан тунхагласан 1206 оны түүхэн үйл явдал буюу Их хуралдай нь Монгол газар нутагт үүссэн анхны парламентын хэлбэр байсан хэмээн судлаач эрдэмтэд үздэг билээ.
Түүнчлэн Богд хааны зарлигаар 1914 онд байгуулсан Улсын Дээд, Доод хурал, 1924, 1940, 1960 онд баталсан Үндсэн хуулиараа төвхнүүлсэн Их Хурал, Улсын Их Хурал, Ардын Их Хурал нь парламентат ёсны хөгжлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм.
Улмаар 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 28 дахь жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын нийт ажилтанд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.
1992 онд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хуулиар Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, засгийн эрх мэдлийг итгэж сонгосон төлөөллийн байгууллагаараа дамжуулан хэрэгжүүлэх бүрэн эрхтэй болсон билээ. Энэхүү дээд эрх мэдлийг 1990-1992 онд Улсын Бага Хурал, 1992 оноос эдүгээ хүртэл Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Монгол Улсын үе үеийн парламент эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн эрхэм зорилгыг хэрэгжүүлж, эрх зүйт төрийг цогцлоон төлөвшүүлэх, улс орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг тодорхойлох, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, эх орныхоо хөгжил дэвшлийг түргэтгэхэд гол анхаарлаа хандуулсаар ирлээ.
2016 оны сонгуулиар байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал нийгэм-эдийн засгийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засаг-санхүүгийн хямралт байдлыг даван туулах, цаашдын хөгжлийн зорилтыг хангахад онцгой анхаарч байна. Түүнчлэн бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн дагуу 270 гаруй хууль тогтоомжийг шинээр батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулах зорилтыг дэвшүүлэн, амжилттай ажиллаж байна.
Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, иргэнээ захирахын төлөөх хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм. Энэ хүндэт үүргээ Монголын парламент нэр төртэй хэрэгжүүлсээр байх болно. Учир нь парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан билээ.
Тиймээс Монгол Улсынхаа гэрэлт ирээдүй, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе. Монголын төр мөнх оршиж, монгол хүн бүр дүүрэн жаргалтай байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

2018 оны есдүгээр сарын 13 Улаанбаатар хот