Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Дарга нарын тансаг хэрэглээг танаж, багш нарын цалинг нэмэх боломжтой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Засгийн газраас бага ангийн багш нарын цалинг 12.3 хувь, дунд ангийн багш нарын цалинг найман хувиар нэмж, жилийн 300 мянган төгрөгийн урамшууллыг зогсоох санал гаргасан. Харин багш нар 8-12 хувь бус нийтэд нь 15 хувиар нэмж, 300 мянган төгрөгийн урамшууллыг авах шаардлагыг тавьж байгаа юм. Багш нар 2019 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн дахин цалингийн асуудлаа 50 хувь нэмэгдүүлэх саналтай байгаагаа хэлж байгаа юм. Хүүхдүүд маань 14 хоног хохирлоо. Хувийн сургуульд хүүхдээ өгдөг хүмүүст багш нарын ажил хаялт хатуу сонсогдохгүй байгаа байх. Харин ч түгжрэл гайгүй боллоо гээд үл тоож байж магадгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэх гэж байгаа сурагчид, анхны хичээл үсэглэлийн баяр болох гэж байгаа үр хүүхдүүдийн эцэг эхчүүдэд хүнд байгааг ойлгож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш нарын ажил хаялтыг буруутгасан, үл тоосон, байдлаар ямар нэг хариу өгөхгүй байна. Энэ бол тийм хүнд асуудал биш. Хоёр тал ярилцаад, цалинг нь 15 хувиар нэмээд явахад болохгүй зүйл байхгүй. Дэд сайд, яамны удирдлагууд, газрын дарга нарын тансаг хэрэглээг танаж, багш нарын цалинг нэмэх боломжтой” гэв.

Б.НОМИНЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангуулжээ

Мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд зохиогдож буй “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд Баян-Өлгийн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Төрийн хяналт-Иргэн таны төлөө” аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчин, хүнсний бүтээгдэхүүн, цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

1. Импортоор ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлогч ААН-ийн эздийг байлцуулан Тирлик зах дээрх худалдаа, үйлчилгээний салбар дээр сургалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Үүнд: ОХУ болон Казахстан улсаас импортоор ургамлын гаралтай бүтээгдэхүүн болох алим, бэрсүүт жүрж, амтат жүрж, усан үзэм, анар, чавга, гадил жимс, шар лууван, сонгино, сармис зэрэг хүнсний ногоог оруулахдаа Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулинд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлэн Мэргэжлийн хяналтын газраас импортын мэдэгдэл авч хилийн боомтод хүргүүлэх, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тээвэрлэх, бүтээгдэхүүний хяналтын дээжийг химийн лабораторийн шинжилгээнд хамруулах, гадаад, дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хортон шавьж, хог ургамлын үр дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтанд ашиглаж буй 9.2.3 кодтой хяналтын хуудсыг танилцуулж Жимс, ногооны химийн хортой бодисыг цэвэрлэх арга, Шинэ жимс, ногоог хэрхэн таних вэ, Алимны улаан хачиг, Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг хэрхэн сонгох вэ, Жимс, жимсгэний ач тус, Импортын мэдэгдлийн тухай зэрэг гарын авлага зөвлөмжүүдийг тараан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ААН-үүдийн саналыг сонсож санал солилцон ажиллалаа.

2.Аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдэд аюулгүй байдлыг хангах, үүсч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан ажлын хэсэг хүүхдийн аюулгүй байдлыг хангах, шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй, зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул осол, эрсдэлийг арилгах, бууруулах зорилгоор ахуйн хэрэглээний (жижиг газ) шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж байгаа аж ахуйн нэгжүүд, худалдааны төвүүдэд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтарсан мэдэгдэл хүргүүлэв. Мөн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдийн ойр орчмын цэвэрлэгээний байдалд хяналт тавьж, зөрчлийг газар дээр нь арилгуулах зорилгоор сургуулиудын ойр орчмын задгай хог хаягдлыг цэвэрлүүлж ажиллалаа. Түүнчлэн Өлгий сумын ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгүүдэд, аймгийн Музей, Биеийн тамирын спортын газар, номын сан зэрэг объектуудад хяналт шалгалт хийж, ил задгай цахилгаан монтаж, доторх щитийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, 6, 12 дугаар цэцэрлэгүүдийн ойр орчимд онгорхой байсан дэд станц, трансформаторын хаалганд цоож хийлгэж, аюулгүй байдлыг хангуулж ажиллалаа.

3. Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсээс Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод үйл ажиллагаа явуулж буй хил, хяналтын байгууллагуудын улсын байцаагч, албан хаагчдад “Улсын хилээр нэвтрэх цөмийн материал, цацраг идэвхт бодисын хууль бус хөдөлгөөнд хяналт тавих” сэдэвт сургалтыг зохион байгуулж сургалтандЦагааннуурын боомтод суурилуулсан улсын хилээр гарах, орох тээврийг хэрэгсэл, зорчигчдыг шалгах цацрагийн тоног төхөөрөмжийн талаар болон хувийн цацраг илрүүлэгч, цацрагийн байршлыг тогтоогч, илрүүлэгч, цацраг идэвхт изотопыг тогтоох багажны үүргийн талаар танилцуулав. Мөн “Цагааннуур боомтод суурилуулсан цацрагийн хяналтын төхөөрөмжүүдэд цацрагийн сэжигтэй дохиолол илэрсэн үед хамтран ажиллах журам”-д тусгасны дагуу байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаар танилцуулан зөвлөгөө өгч, харилцан санал солилцов. Түүнчлэн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч буй ОХУ, Казахстан улсын тээврийн хэрэгсэлд цацрагийн хэмжилтийг хийж тээврийн хэрэгслийн эздүүдэд нь цацрагийн талаар ерөнхий ойлголтыг өгч, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллав.

Categories
мэдээ нийгэм

Фэйсбүүк компаниас 583 сая хуурамч хаягийг устгажээ

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк компанитай хамтран ажиллах болсон талаар холбогдох албаныхан өнөөдөр /2018.09.13/ мэдээлэл хийлээ.

Монгол Улс нийт 1,7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн таницуулсан юм. Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрджээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороон дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүкз хаягыг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно” гэв.

Фэйсбүүк компаниас гаргасан мэдээгээр статистик мэдээгээр зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая хуурмаг хаягыг устгажээ. Үүний дараах судалгаагаар 80 гаруй сая хуурмаг хаяг буйг тооцоолсон байна. Мөн Каннын медиа фестивалийн үеэр фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурмаг байгааг тогтоожээ.

Фэйсбүүк компанийн төлөөллүүд ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Фото: Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар жүдогийн тэмцээн үзэв

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр өргөтгөсөн хуралдааны дараа жүдогийн тэмцээн боллоо. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар үзэж, сонирхжээ. Тэмцээний төгсгөлд гурван улсын төр, засгийн тэргүүн тамирчдад шагнал гардуулсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

11 сараас эхлэн томуугийн вакцин хийнэ

Хүйтний улирал эхэлж, сэрүүч байгаатай холбоотойгоор томуугийн вакцин хийгдэж эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-наас дараах мэдээллийг өгсөн юм.


Томуугийн вакциныг “Сонгдо”, “Интермед” тэргүүтэй хувийн эмнэлгүүдэд хийж байгаа аж. Сонгдо эмнэлэгт томуугийн вакцин 35000 төгрөгөөр хийгдэж байгаа бол Интермед эмнэлэгт 45000 төгрөгөөр хийгдэж байгаа аж. Сонгдо эмнэлэг дээр бага насны хүүхдэд вакцин хийлгэх бол харъяа өрхийн эмнэлэгээс бичиг авчрах хэрэгтэй юм байна. Хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа вакцин нь улсын бүртгэлд бүртгэлтэй вакцин бөгөөд Германд үйлдвэрлэсэн баталгаатай вакцин юм байна.

Вакциныг ирэх 11-р сараас эхлэн дүүргийн эмнэлэгүүдэд хийгдэнэ. Дэлхий нийтээрээ хэрэглэдэг томуугийн вакциныг бид оруулж ирэх юм. Одоогоор НҮБ-д вакциныхаа захиалгыг өгчихсөн байгаа гэв.

Вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн ханиад томуу тусах магадлалтай өндөр настан, хүүхэд зэрэг зорилтод бүлгийн хүмүүст эхэлж хийхээр болжээ.

Сонирхуулахад, томуугийн вакциныг бугалгын булчинд тарина. Уг вакцин нь дотроо идэвхгүйжүүлсэн (үхүүлсэн) вирусийн 3-4 омгийг агуулах бөгөөд тухайн жилийн томуугийн вакцины найрлагад орох вирусийн омгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталдаг. Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг аж.

Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүс

  • Ясли, цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд
  • Хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс
  • Эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад
  • Чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн
  • Уушгины багтраа зэрэг амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс

Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс

  • Урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс
  • Өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс
  • Зургаагаас доош сартай хүүхэд

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ загварын iPhone камерын сайжруулсан тохиргоотой

АНУ-ын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Apple” компани лхагва гарагт Калифорни муж улсын Купертино хот дахь “Стив Жобс” театрт “iPhone” загварын шинэ гар утаснуудаа танилцууллаа.

Энэ удаа “iPhone” загварын утасны 10 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн онд худалдаанд гарсан “Х” цувралын залгамж халаа болох 5.8 инчийн дэлгэцтэй “iPhone Xs”, 6.5 инчийн дэлгэцтэй “iPhone Xs Max” болон 6.1 инчийн дэлгэцтэй “iPhone Xr” загварын ухаалаг гар утаснуудыг тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук олон нийтэд танилцуулсан байна.

Шинэ загварын гар утаснууд нь өнгөний дүрслэлийг сайжруулсан “OLED” дэлгэцтэй, камерын сайжруулсан тохиргоотой юм байна. “iPhone Xs Max” загварын ухаалаг гар утасны үнэ 1100 ам.доллар орчим байх бөгөөд баасан гарагаас эхлэн урьдчилан захиалга авч эхлэх бол энэ сарын 21-нээс эхлэн худалдаанд гарах ажээ.

Харин “iPhone Xr” загварын ухаалаг гар утасны хувьд зургаан өнгөний сонголттой ба түүний үнэ 749 ам.доллараас эхлэх юм. Энэ загварын утсыг ирэх аравдугаар сарын 19-ны өдрөөс эхлэн захиалж болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Зам засварын ажил хийгдэж байна

Нийслэлийн авто замын газрын санхүүжилтээр хийгдэж буй Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх зам засварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил өнөөдөр эхэлсэн билээ. Эхний ээлжинд Туулын гүүрний урд уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 800 метр замыг 72 цагт багтаан засахаар төлөвлөсөн бөгөөд тус зам ашиглалтад орвол иргэд түр тавьсан шороон замаар биш уулын замаар зорчих боломжтой болно.

Categories
мэдээ нийгэм

79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайг талийгаач хүүгийн нэрэмжит болгох санал хүргүүллээ

Баянзүрх дүүргийн харьяа, Шархадны эцсийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы хөндлөвч төмөр унаж тавдугаар ангийн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед хөндлөвч төмөр байнга унадаг байсан талаар талбай дээр тоглодог хүүхдүүд, оршин суугчид ярьж байсан юм.

Хэрэг гарсны дараа тус сургуулийн захирлыг салбарын сайд тухайн үед ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авч, 79 дүгээр сургуулийн тоглоомын талбайнаас гадна сургууль болон нийтийн амралт, зугаалгын газарт байрлах тоглоомын талбайд Хотын даргын захирамжаар шалгалт хийсэн. Азийн хөлбөмбөгийн холбооноос хүүгийн амиа алдсан сургуулийн талбайг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж өгөх хүсэлтээ Хотын дарга С.Батболдтой уулзах үедээ хэлж байсан юм. Тэгвэл өчигдөр Монголын үндэсний хөлбөмбөгийн холбоо тус тоглоомын талбайг стандартын дагуу тохижуулж, талийгаач хүүгийн нэрэмжит болгох саналыг холбогдох газарт нь хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Аврагч нохдыг бэлтгэлээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Эрэлч нохойн албанаас “Нохойн хөтөч, эрэлч нохой бэлтгэх “АНС-18” сургалтыг зохион байгууллаа.

Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтөчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилсэн юм.

Энэ хугацаанд Аврах тусгай анги, НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105, бүсийн төвүүд, Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгаас нийт 10 алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж, 10 албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургаж, дадлагажуулжээ.

Ингэснээр аливаа гамшиг ослын үед улсын болон орон нутгийн хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэртээ цоожлогдсон хүү өндрөөс унах гэж байсныг аварчээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нийтийн орон сууцанд 5 давхар барилгын 4 дүгээр давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг 09.12-ны өдрийн 13:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1,2 км замыг туулан 13:03 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Ж /5 настай, эрэгтэй, гэртээ ганцаараа цоожлогдсон/ цонхны гадна талын тавцан дээр зогсож байсныг аварч ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн байна.