Categories
мэдээ улс-төр

АН-ын “Нийслэлийн чуулган-2018” Төв аймгийн Баянчандмань суманд болно

Ардчилсан нам (АН)-ын “Нийслэлийн чуулган-2018” энэ сарын 14-16-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болно.

Энэ удаагийн чуулганд нийслэлийн есөн дүүргээс гадна Хэнтий, Өмнөговь, Баян-өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл бүхий 1000 гаруй хүн оролцох аж. Чуулганы үеэр АН-ын удирдлагууд “Монгол Улсын гадаад өр”, “Сөрөг хүчний ажиллах стратеги”, “Улстөрийн намуудын индекс” зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгөх аж. Түүнчлэн чуулганд оролцогчдын дунд олс таталт, байт харваа, хөлбөмбөг зэрэг спортын тэмцээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний ялагчдад шагнал гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хамтаар Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр болсон Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхон, медальт байранд шалгарсан тамирчдын шагналыг гардуулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын ивээл дор зохион байгуулагдсан уг тэмцээнд ОХУ, Япон, Монгол, БНХАУ, БНСУ-ын өсвөрийн тамирчид өрсөлдсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Газрын зөрчил арилгах арга хэмжээ үргэлжилж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд хийгдэж буй газрын зөрчил арилгах ажлын явцтай танилцаж, үүрэг өгч ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодод одоогийн байдлаар нийт гурван байршилд газар чөлөөлөлтийн ажил хийгдсэн байна. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавигдахаар төлөвлөгдөж буй авто замын трасст өртсөн хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийгдэх боломжийг бүрдүүлжээ.

Дүүргийн гурав дугаар хороонд шинээр төлөвлөгдсөн хэсэгт авто болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээжээ.

Чингэлтэй дүүргийн хувьд нийт есөн байршилд газар чөлөөлөлтийн ажил хийсэн байна. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 138 дугаар сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто зогсоол хийхээр төлөвлөгдсөн хэсгийн газрыг бүрэн чөлөөлж, тохижилтын ажлыг хийх боломжтой болгожээ.

Дүүргийн 1 дүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, шат өргөтгөл хийсэн Топика ХХК-нд дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсэн бөгөөд тус байгууллага шаардлагыг хүлээн авч шатаа нарийсган явган хүний зам гаргасан байна. Мөн тус хороонд үйл ажиллагаа явуулдаг МИГ даатгал ХХК хашааг татаж, явган хүний зам гаргах ажил бүрэн хийгдсэнийг холбогдох албаныхан хэллээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжин газар чөлөөлөлтийн ажлыг цаг агаар хүйтрэхээс өмнө төлөвлөгөөний дагуу яаравчлан хийж, зөрчлийг арилгахгүй байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд шат дараатай шаардлага хүргүүлж ажиллахыг дүүргийн Газрын албаны холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Берн хотноо монгол судлалын хурал болж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Швейцарийн Берн хотын их сургуулийн монгол судлалын тэнхимээс эрхлэн “Монголын нийгмийн хөдөлгөөнт болон сууршилын үйл явц” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд энэ 9 дүгээр сарын 11-13-ний өдрүүдэд Берн хотноо зохиогдож байна. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн хурлын нээлтэд оролцож, Монголын төр, засгаас монгол судлалыг дэмжих чиглэлд баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.

Хуралд Монгол Улсын судлаачдаас гадна Швейцарь, Герман, ОХУ, Их Британи, Франц, Унгар, Польш, Чех Улсын монгол судлаачид оролцож байна. Герман хэлтэй улсуудад ажиллаж буй монгол судлалын төвүүд болох Берн, Бонн, Вена, Берлин хотын их сургуулиудын судалгааны хамтарсан төслийн хүрээнд зохиогдож буй энэхүү бага хуралд германы Макс Планкийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд мөн оролцож, Монголын түүхэн дэх шилжилт, сууршилтын түүх, орчин цагийн Монгол Улсын хөгжлийн чиг хандлагын талаарх илтгэлүүдийг хэлэлцэж байна.
Categories
мэдээ нийгэм

МУГЖ Н.Төмөрхуяг таалал төгслөө

“Ухаарч амьдрах хорвоо”, “Насны намар” зэрэг уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Намдагийн Төмөрхуяг таалал төгсчээ.

Тэрбээр 1959 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотноо төрж, 1967-1974 онд Өндөрхаан хотын найман жилийн дунд сургууль, 1974-1977 онд ХАА-н Техник мэргэжлийн сургуульд трактор комбайнчны мэргэжлээр тус тус төгссөн.

Улмаар 1977-1979 онд аймгийн ТУГазарт жолооч, 1979-1982 онд ардын армид цэргийн албанд, 1983-1990 онд АДБ-ийн Хан Хэнтий чуулгад дуучин, 1971-1993 онд УБ хотын Хотын захиргааны дэргэдэх эстрад дуу бүжгийн “Варьете” чуулгад дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.

Н.Төмөрхуяг 1989 онд МХЗЭ-ийн Төв хорооны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, 2006 онд Монголын Авьяастны төлөө холбооноос “Монголын Ард Түмний Гавьяат дуучин” 2011 онд “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан”, 2014 онд “Монгол Улсын гавьяат жүжигчин” цол тэмдгээр тус тус шагнуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115-р тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ний өдрөөс 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 21-ны өдрийг хүртэл Монголын уран зургийн галерейн байранд бүртгэн авна.

УЛСЫН САНД ХУДАЛДАН АВАХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

– Дүрслэх урлагийн бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.

– Бүтээл нь нийтийн хүртээл болсон, орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлсэн, ур чадварын өндөр түвшинд болон материал, технологийн хувьд чанартай хийгдсэн, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байвал зохино.

-Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.

-Дүрслэх урлагийн бүтээл /хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэц, монументалын чимэглэлийн ажлаас бусад/

-Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.

– Өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх

– Бүтээл нь нойтон бус байх, эскиз загварын болон хэврэг материал /гипс, шавар, хөөс, шил/-аар хийгдээгүй байх.

– Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын шаардлага хангасан байх /ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй/

-Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн 2 бүтээл оролцож болно.

БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Соёлын төв өргөө “Б” корпус, Монголын Уран Зургийн Галерей

Бүртгэл хүлээн авах цагийн хуваарь: ажлын өдрүүдэд 09:00-17:30

Цахим хуудас www.art-gallery.mn

Утас: 11-327177, 976-99022467, 976-88007133

Жич:

  1. http://www.art-gallery.mn/mn/news/show/79 линкээр анкет татан авч уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлнэ үү!
  2. Бүртгэлийн хугацаанаас хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу!
Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Цэцэн, Мэргэн хоёрын сонирхолтой түүх” хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ

“Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн хүрээнд бага насныханд зориулсан “Цэцэн, Мэргэн хоёрын сонирхолтой түүх” нэртэй хүүхэлдэйн кино нээлтээ хийлээ.

Уг хүүхэлдэйн кино нь гурван ангитай юм байна.

1-р анги Миний бие Миний эрдэнэ

2-р анги Учиртай тоглоом Ухаантай шийдвэр

3-р анги Аюулын дохио Авралын дүрэм

Энэхүү “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийг Монголын эмэгтэйчүүдийн сангаас санаачлан, олон улсын Ананда сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа аж.

Төслийн хүрээнд бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөр боловсруулж, түгээх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн сургуулийн өмнөх боловсролын системд сургалтын хөтөлбөрийг оруулахаар зорин ажиллаж байгаа бөгөөд сургалтын материал хэрэглэгдэхүүн зэрэг нь бага насныхан мөн эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд ойлголжтой, ашиглахад хялбар байдлаар боловсруулан хийгдсэн. Сургалтын материалын нэг хэсэг болох бага насныханд зориулсан Цэцэн, Мэргэн хоёрын сонирхолтой түүхээр хийсэн хүүхэлдэйн кино бүтээгдэн нээлтээ хийж байгаа нь энэ юм.

Төсөлд

  • Архангай аймаг 8-р цэцэрлэг, Чулуут сумын цэцэрлэг
  • Баянхонгор аймаг 10-р цэцэрлэг, Богд сумын цэцэрлэг
  • Дорнод аймаг 12-р цэцэрлэг, Хөлөн буйр сумын цэцэрлэг
  • Баянзүрх дүүргийн 6-р цэцэрлэг
  • Баянгол дүүргийн 114-р цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 117-р цэцэрлэг
    Хан-Уул дүүргийн 28-р цэцэрлэг
  • Багануур дүүргийн 139-р цэцэрлэг хамрагдаж байна.

Төсөлд хамрагдаж буй цэцэрлэгүүд төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнгүүд гарна гэж хүлээгдэж байна.

  • Хүүхдийн эрх хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагаа нэмэгдэнэ.
  • Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрт хүүхэд болон багш нарт зориулсан “Good/Bad touch” сургалтын агуулгад ороход бэлэн болно.
  • Хүүхдүүд өөрийн болон бусдын бие махбодийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвартай болно.
  • Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд сургалтын орчинд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах орчинг бүрдүүлэх мэдлэг чадвартай болж, бэлтгэгдэнэ.
  • Бага насны хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх, хүчирхийлэлтэй холбоотой болно, болохгүйн ялгааг сайн мэддэг болно.
  • Эцэг эх/асран хамгаалагчид хүүхдээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, яаралтай үед авах арга хэмжээний талаар мэдлэг, чадвартай болно.
  • СӨББ-ын багш ажилтнууд, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллээс хамгаалах,
    урьдчилан сэргийлэх арга техник эзэмшсэн мэргэжилтэн болж бэлтгэгдэнэ
  • Шийдвэр гаргагчид болон олон нийтийн, бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг нэмэгдэнэ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Чинзориг: Улс орны эдийн засгийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өглөө.

Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллахыг хүсээд улс орны эдийн засгийн байдал багш нарын шаардсан хэмжээгээр цалинг нэмэгдүүлэх боломжгүй. Эхний ээлжид 2014 онд үүссэн боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалингийн зөрүүг арилгах арга хэмжээ авч ирэх онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалинг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2020 он гэхэд үндсэндээ 50 орчим хувиар цалин өснө гэсэн байр суурьтай байгааг С.Чинзориг сайд танилцуулж тодорхой санал бүхий хариуг өглөө.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд илгээсэн шаардлагын хариуг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНД

Шаардлагын хариу

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, 2018 оны есдүгээр сарын 12-нд зохион байгуулсан жагсаал цуглаанд оролцогчдоос ирүүлсэн шаардлагатай танилцаад дараах хариуг хүргүүлж байна.

  1. Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулж ажилласны үр дүнд төсвийн орлого нэмэгдсэн ч тулгамдсан гадаад өрийг барагдуулах шаардлагын улмаас орлогын өсөлтийг хүн амын бодит орлого, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулах боломж хомс байна. Засгийн газар байгуулагдсанаас хойш зээл, зээлийн хүүгийн 5.7 их наяд төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 875.0 тэрбум төгрөгийн зээлийн төлбөр хүлээгдэж байна. Гэхдээ Засгийн газар эдийн засгийн өсөлт, төсвийн боломжийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа болно.

2017-2018 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүрсэн түвшинд хадгалах, царцаах, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлалыг ахиулахыг зогсоох, тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй байх талаар Улсын Их Хурлын “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2017 оны 29 дүгээр тогтоолын 1.4, 1.5, 1.6 заалтуудыг хүчингүй болгох тогтоолын төслийг 2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамтатган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлээд байна.

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тус сангийн ажлын хэсэгтэй төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар хийсэн хэлэлцээрээр тохиролцсоны үндсэн дээр цалинг инфляцын түвшинтэй уялдуулан 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүллээ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн салбарын зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажлын байрны үнэлгээг үндэслэн шинэчлэн тогтоож цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлыг цаашид дэс дараатай үргэлжлүүлнэ.

Та бүхний шаардлагад тусгасан багш нарын цалинг 2018 оны 9 дүгээр сараас 15 хувиар нэмэгдүүлэх төсвийн боломжгүй байгаа тул боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн 4.3 хувийн зөрүүг арилгах арга хэмжээг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2018 оны төсвийн багцад зохицуулан шийдвэрлэж энэ оны 9 дүгээр сараас хэрэгжүүлэх саналтай байна.

  1. Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2017 онд 300.0 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгох үед төрийн албан хаагчид болон Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудаас энэхүү урамшууллыг цалин нэмэгдүүлэх эх үүсвэр болгох саналыг ирүүлж байсан. Засгийн газраас 2018 онд төрийн албан хаагчдад олгох урамшууллын 56.4 тэрбум төгрөгийг үндсэн цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгохоор шийдвэрлэсэн нь төрийн албан хаагчдын үндсэн цалинг тогтмол нэмэгдүүлэх боломж бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ онд төрийн албан хаагчдын цалинг 56.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн нь 2019 оны төсөвт 165.0 тэрбум төгрөгийн зардал болж тусч байгаа бөгөөд энэ хэмжээгээр төрийн албан хаагчдын орлого нэмэгдэх болно.

3.Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд 1.0 их наяд төгрөг нэмж шаардагдана. Төсөвт ийм хөрөнгийн боломж хомс бөгөөд цалинг огцом өндөр хувиар нэмэх нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөх сөрөг талтай болно. Харин төрийн албан хаагчдын цалинг 2014 онд нэмэгдүүлснээс хойш хүн амын худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хугацаанд үе шаттайгаар төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэх болон боловсрол, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх арга хэмжээний хүрээнд цалинг 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд 220.0 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Харин 2019 оны төсвийн төслийг Засгийн газар хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор ирэх онд төрийн албан хаагчдын цалин нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийн хэмжээг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай яаралтай зөвшилцөн саналаа нэгтгэх шаардлагатай байна. Мөн Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг шинэчлэх асуудлаар салбарын яамтайгаа саналаа нэгтгэн яаралтай ирүүлэх нь чухал байна.

4.Багш нарын ажил хаялт хуульд нийцсэн эсэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шүүх эцэслэн тогтоох ёстой ч Засгийн газрын хувьд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, багш нарын байр суурийг хүндэтгэж шүүхэд хандах сонирхол одоогоор байхгүй болно. Иймд хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах үүднээс ажил хаялтад оролцож байгаа багш нарын цалин хөлсийг нөхөн олгох асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг хангахад хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд түлш тээвэрлэж явсан автомашин онхолджээ

Энэ сарын 12-ны өдрийн 22:43 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт (сумын төвөөс урд зүгт 18 км-т) дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу руу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу зорчиж явсан дизель түлш тээвэрлэгч Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Д-гийн эзэмшлийн “Хьюндай” загварын (22 тн дизель түлш тээвэрлэж явсан) автомашин онхолдож, дизелийн түлш асгарч байсан аж.

Ослын газрыг хамгаалалтад авч, аюулгүй болгон, Төв аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын хэсэг болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Индонезийн Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Фадли Зонтой уулзав

Бүгд Найрамдах Индонез Улсын Бали хотноо зохиогдож буй: “Бүх Нийтийг Тогтвортой Эрчим Хүчээр Хангахын Төлөөх Түншлэл” сэдэвт Тогтвортой хөгжлийн асуудлаарх парламентын дэлхийн 2 дугаар чуулга уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонез Улсын төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зонтой уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Тогтвортой хөгжлийн асуудлаарх дэлхийн хоёрдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргээд, Монгол, Индонез улсууд хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлал амжилттай хэрэгжиж, хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулагдан, анхдугаар хуралдаанаа хийснийг сайшаан тэмдэглэв. Мөн тэрбээр уг комиссын 2 дугаар хуралдааныг Монгол Улсад ирэх онд зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийллээ.

Цаашид эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд үүнд хууль тогтоох байгууллагуудын хүчин чармайлт чухал үүрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Фадли Зон “Индонезийн ард түмэн Монголын, тухайлбал Чингис, Хубилай хааны дэлхийг байлдан дагуулсан түүхээр бахархдаг”- аа дурдан, цаашид хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд хоёр талаасаа идэвхийлэн ажиллахын чухлыг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дэд дарга ирэх оны эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн орнуудын тогтвортой хөгжлийн асуудлаарх бага хуралд оролцохыг урьсныг ноён Фадли Зон талархан хүлээн авлаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Ногоон аж үйлдвэрт чиглэсэн чанартай боловсрол ба технологи” сэдэвт хоёрдугаар хуралдаанд илтгэл тавилаа.

Тэрбээр, ногоон аж үйлдвэрийн хөгжилд өндөр боловсролтой боловсон хүчин онцгой шаардлагатай тул сургуулийн өмнөхөөс эхлээд дээд боловсрол хүртэлх бүх шатны боловсролын чанарыг сайжруулах чиглэлээр улс орнууд бодлогоо чиглүүлж, холбогдох арга хэмжээг эрчимжүүлэхийн чухлыг онцлоод, энэ чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцууллаа. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаарх Үндэсний сайн дурын тайланг Монгол Улс 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буйг дурдсан.