Categories
мэдээ нийгэм

Тэшүүрийн спортын мастер Д.Энхбаярын элэг шилжүүлэх эмчилгээнд хандив өргөцгөөе

Categories
мэдээ нийгэм

Мэргэшсэн жолоочийн үнэмлэх авахдаа мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна

Сүүлийн үед сошиал сүлжээгээр “Мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэсэн мэдээлэл бүхий зар иргэдийн дунд тархаж байгаа нь мэргэшсэн жолоочийн шалгалт авах, үнэмлэх олгох журмаас гадуур хууль бус үйлдэл гэдгийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас албан ёсоор мэдэгдэж байна.

Автотээврийн тухай хуулинд тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх талаар заасан байдаг бөгөөд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Мэргэшсэн жолоочийн тасаг энэхүү хэрэгжилтийг ханган тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг журмын дагуу олгодог. Мэргэшсэн жолоочийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй сургалтын байгууллагууд эрхлэн зохион байгууулдаг тул иргэд, аж ахуйн нэгж байгуулагууд энэ төрлийн залилангийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.

Хууль бусаар үнэмлэх гаргах талаар мэдээлэл гаргагч, зар тараасан этгээдүүд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын нэр хүндэд халдаж байгаа учир холбогдох хууль, хяналтын байгууллагаар зохих арга хэмжээг авахуулахаар хандаад байна.

Иймд мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах хүсэлтэй жолооч нар сургалт явуулах эрхтэй байгууллагуудад хандан суралцаж, зохих журмын дагуумэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Шаардлагатай мэдээллийг Автотэээврийн үндэсний төвийн лавлах 70070016 утас болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг явуулж эхэллээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь 2017 оны 08 дугаар сараас хойш Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Байгаль орчин, байгаль хамгаалал, барилга байгууламж, цөмийн зэвсгийн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Олон улсын хүрээлэн буй орчны технологийн төвийн (UNEP – IETC) санхүүжилт, дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуучлалын яам, Азийн сантай хамтран Хог хаягдал ба уур амьсгалын өөрчлөлт төслийг хэрэгжүүлж байгаа билээ.Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй бүх төрлийн хог хаягдлын бүтцийг нарийвчлан, бодитоор тодорхойлох зорилгоор энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгааг өвөл, зуны гэж хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд зуны судалгааг 9-р сард, өвлийн судалгааг 11-р сард зохион байгуулах явуулах юм. Хог хаягдлын бүтцийн эх үүсвэрийн судалгаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн 132 айл өрх болон 39 аж ахуйн нэгж хамрагдаж байгаа бөгөөд асуулгын болон газар дээр нь хэмжилт хийх судалгаанд 50 гаруй томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамрагдах юм.

Энгийн хатуу хог хаягдлын бүтцийн судалгаа нь 2017-2020 онд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-т тусгагдсан ажлуудын нэг бөгөөд энэ чиглэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс ач холбогдол өгч, төслийн багтай хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахын тулд юуны өмнө хог хаягдлын хэмжээ, бүтцийг үнэн зөв тодорхойлох нь нэн чухал юм. Улаанбаатар хотын хэмжээнд үүсч буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг тодорхойлсноор хог хаягдал үүсэх хэмжээг бууруулах, хог хаягдлаас гарах хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх богино наст бохирдуулах бодисуудыг бууруулах, байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх зэрэг цаашдын арга хэмжээний үндэс суурь нь болно гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ хотын захиргааны барилгын ажил 40 хувьтай явж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төв Яармаг руу нүүлгэнэ, хотын төвлөрлийг сааруулна гэж амалж байсан нь саяхан. Тэрбээр уг амлалтаа ажил хэрэг болгохоор ажлын хэсэг байгуулж судалгаа хийлгэн санал боловсруулж шат шатны байгууллагад танилцуулан дэмжлэг, шийдвэрүүдийг гаргуулан ажлаа эхлээд байна. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж нэг төвтэй хотоос олон төвтэй байхаар бодлогын бичиг баримт тусгагдсаны дагуу Яармаг шинэ төвд нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн долоодугаар сард эхлүүлсэн аж. Яармаг шинэ төвийн болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цогцолборын барилгын ажлын явцтай НИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр танилцлаа. НИТХ-ын төлөөлөгчдөд бүтээн байгуулалтын ажил болон Яармаг шинэ төвийн цаашдын төлөвлөлтийн талаар хотын дарга С.Батболд танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “УИХ-аас 2013 онд баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хот хоёр төвтэй байхаар туссан. Одоогийн байгаа Бага тойруу, нөгөө нь Яармаг гэсэн төвтэй, мөн найман дэд төвтэй байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэ дэд төвүүдийн дэд бүтцийн ажлыг Баянхошуу, Сэлбэ, Сонсголон гэх мэт газруудад хийж байгаа. Яармаг төвд нийслэлийн төр захиргааны байгууллагууд байршихаар төлөвлөлт хийгдсэн. Хуульчлагдсан төлөвлөгөөний дагуу явж буй ажил. 2018 онд нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хотын шинэ төвүүд рүү нүүлгэх ёстой гэсэн Засгийн газрын тэмдэглэл гарсан. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар, НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, утаа, түгжрэл гэх мэт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд хийж буй ажил юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх сарын 15-н гэхэд цутгалтын ажлыг дуусгаад дотоод засалдаа орно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хотын төвд байгаа хуучин захиргааны байруудаа борлуулаад, шинэ байрнуудаа барих төсвийн тодорхой хэсгийг шийдэх юм” хэмээн тодотгож байлаа.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар “НИТХ-аас гарсан шийдвэрийг үндэслэж нийслэлийн Засаг дарга хотын захиргааг нүүлгэх газрын байршлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс БОАЖЯ-наас газрын санал авч, тухайн компаниудад урилга өгсөн. Урилгын дагуу ирсэн компаниудын төлөөлөлтэй хэлэлцээр хийж, хотоос санхүүжилт гаргах боломжгүй гэдгээ хэлсэн. Зарим компани бидний нөхцөлийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр барилгын ажлыг гүйцэтгэж буй “Темпланд” компани өөрсдийн эзэмшлийн газраасаа 5 га газраа үнэгүй өгч, цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэх сонирхолтой байна гэсэн санал тавьсан. Үүнийг ажлын хэсгийнхэн НИТХ болон хотын даргад танилцуулсан. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар уг асуудлыг хэлэлцээд энэ компанитай гэрээ хийж, барилгын ажлыг хий гэсэн тогтоол гаргаж чиглэл өгсөн. Барилгын ажил өнгөрсөн долоодугаар сард наадмын дараа эхэлсэн. Нийтдээ гурван блок барилга баригдана. Эхний ээлжинд А блокоо энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна” гэлээ.

Шинэ яармаг бүтээн байгуулалт нэгдлийн захирал Ч.Батзориг “Үндэсний таван компани нийлж “Яармаг шинэ нэгдэл”-ийг байгуулсан. Нэгдэл туслан гүйцэтгэгч 30 гаруй компанитай. Бид түүхэн барилга гэдэг утгаараа компанийн эзэмшлийн газраас зам дагуу 5 га-г чөлөөлж, нийгмийн хариуцлагаа биелүүлэх үүднээс нийслэлийн шинэ төвийн бүтээн байгуулалтад оролцож байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн хандлага” батлагдсан. Уг баримт бичигт Улаанбаатар хотын хот байгуулалтын үйл ажиллагааг 35206 га талбайд төлөвлөж, хот байгуулалтын үйл ажиллагааг дэмжих нутаг дэвсгэрийг хот төлөвлөлтийн 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэхээр тусгасан. Төлөвлөлтийн бүсүүдэд засаг захиргаа, худалдаа үйлчилгээ, соёл боловсрол, орон сууц, олон нийт, нийгмийн дэд бүтцийн үйлчилгээ бүхий “Их тойруу”/одоогийн байгаа/, Яармаг /шинэ/ гэсэн 2 төв, Баянхошуу, Сэлбэ, Шинэ хот, Сонсголон, Гурвалжин, Амгалан гэсэн 6 дэд төвтэй хот байхаар төлөвлөгдсөн юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хажуугийн толийг камераар сольсон автомашин удахгүй худалдаанд гарна

2019 оны Lexus ES седан уламжлалт хажуугийн толийг камераар сольсон анхны автомашин болох гэж байна. Гэхдээ ийм камерны системийг зөвшөөрсөн хуулийг Япон улс 2016 онд баталсан тул зөвхөн Японы зах зээлд ирэх сард худалдаалагдаж эхлэх ажээ.

Бусад орнуудын зах зээлд гарахдаа энэ загвар нь уламжлалт тольтойгоо байх юм. Ийм технологи нь шинэ зүйл биш, сүүлийн хоёр жилийн турш хэд хэдэн үйлдвэрлэгч туршилтын болон концепт загварууддаа үзүүлээд байгаа.

Lexus ES-ийн хувьд машины хоёр талд орших нарийн суурин дээр камернууд байрлах ба дотор талд нь 5 инчийн хэмжээтэй дэлгэцүүд байрлуулжээ.

Зарчмын хувьд уламжлалт тольноос ялгаагүй. Гэхдээ хэд хэдэн давуу тал бий. Жишээ нь илүү өргөн өнцгөөр гадна орчныг харах, шөнө болон цаг агаарын нөхцөл муу үед илүү тод харах гэх мэт. Мөн камерны дүрсэнд бороо, цас саад болохгүй байхаар бүтээгдсэн юм байна.

Камерны суурь нь нарийхан, аэродинамик нөхцлийг бодож хийсэн тул салхи зүсэлтийг нэмэгдүүлж, салонд сонсогдох дуу чимээг ч багасгах нөлөөтэй ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье” уриалгыг дэвшүүлж байна

Жил бүрийн есдүгээр сарын 16-нд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан БОАЖЯ-наас хэвлэлийн бага хурал хийлээ.

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ жил Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас озоны давхаргаа үргэлжлүүлэн хамгаалахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг багасгах үйл хэргээ түргэсгэж, Дэлхийгээ сэрүүн байлгах үйл хэргээ үргэлжлүүлье (Keep cool and carry on) хэмээх уриалга дэвшүүлсэн байна.

Озоны давхарга, уур амьсгалыг хамгаалах нь зөвхөн дан ганц Засгийн газруудын үүрэг хариуцлага биш. Хүн бүр өөрсдийн хөргөгч, агааржуулагч зэрэг бусад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн хэрэглээндээ хариуцлагатай хандсанаар хувь нэмрээ оруулж болно. Эдгээр төхөөрөмжийг зохистой ашиглаж, зөв засвар үйлчилгээ хийлгэж, зохистой хаяж устгавал хэрэглэх эрчим хүч болон гарах ялгарлыг нь багасгаж чадах ба мөн та хэтэвчин дэх мөнгөө хэмнэх боломжтойг хэвлэлийн бага хурлын үеэр мөн уриалсан юм.

Монгол улс 1996 онд Озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Үүнд:

  • 2010 оны нэгдүгээр сарын 1-ээс хлорфторт нүүрстөрөгчийн төрлийн озон задалдаг бодисын импорт, худалдааг бүр мөсөн тэглэсэн.
  • 2011 оноос дараагийн шатны зорилт болох гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг үе шаттай бууруулах менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
  • Цаашид Кигалийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орж гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг бууруулахаар төлөвлөж байна.

Монгол улс Монреалийн протоколыг хэрэгжүүлснээр Тогтвортой хөгжлийн 3, 9, 12, 13, 17 дугаар зорилгуудыг хэрэгжүүлэх үйлсэд мөн үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2017-­2018 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй гол ажлууд:

  • Монгол улсад хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн суурилуулалт, засвар үйлчилгээний техникийн ажилтнуудад аюулгүй ажиллагаа, мэргэжлийн ур чадвар, тусгай мэдлэг олгож, озон задалдаг болон түүнийг орлуулах бодисыг агаарт алдалгүйгээр зөв зохистой засвар үйлчилгээ хийх чадавхийг эзэмшүүлэх гэрчилгээжүүлэлтийн системийг нэвтрүүлэхээр ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвтэй хамтран ажиллаж байна.
  • Хөргөлт, агааржуулалтын салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэхийн тулд 2017 онд хөргөлт, халаалт, агааржуулалтын угсралт, засвар үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, ажилтны ур чадварыг үнэлэх, тэдгээрийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх ач холбогдолтой “MNS EN 13313:2017 Хөргөлтийн систем болон дулааны насос – Ажилтны ур чадвар” стандартыг боловсруулж батлуулаад байна. Энэ ажлын үргэлжлэл болгож бусад шаардлагатай нэмэлт стандартуудыг нутагшуулахаар стандартчиллын ажлын төлөвлөгөөнд “ISO 5149:2014 Хөргөх систем ба дулааны насос-Аюулгүй байдал ба байгаль орчны шаардлага, 1-4 дүгээр хэсэг”, “ISO 817:2014 Хөргөх бодис-Тодорхойлолт ба аюулгүй байдлын ангилал” стандартуудыг тус тус орчуулан боловсруулж, батлуулахаар оруулав.
  • 2017 онд озон задалдаг бодисын импорт, экспортод хяналт тавих гаалийн болон байгаль орчны хяналтын ажилтнуудад ээлжит сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран зохион байгуулав.
  • 2018 онд R­32, R­290 хөргөх бодистой агааржуулагч төхөөрөмж болон дулааны насос (split a/c and heat pump)-ын суурилуулалт, засвар үйлчилгээний зөв дадал сургах сургагч багшийг чадавхжуулах сургалтыг НҮБ­ын Байгаль орчны хөтөлбөр, Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо, Технологийн дээд сургууль зэрэг бусад хамтрагч байгууллагуудтай хамтран зохион байгуулав.
  • 2018 онд “Эрчим хүчний хэрэглээний ангилал зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журам”-д хөргөгч, хөлдөөгч зэргийг Эрчим хүчний шошго заавал авах бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулав.

Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжтэй холбоотой бусад тогтоол, шийдвэрүүд:

  • Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид сүүлийн үеийн озон-уур амьсгалд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник технологи нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт арга, технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журам” Монгол улсын Засгийн газрын 2017 оны 290 дүгээр тогтоолоор батлагдав.
  • Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудын хүрээнд Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолоор батлагдсан жагсаалтад хөргөх бодис агуулсан агааржуулах төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гараад байна.
  • Хог хаягдлын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.14 дэх “Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт”-д хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжид агуулагдах хөргөх бодисын жагсаалтыг оруулахаар саналаа өгөв.
Categories
мэдээ нийгэм

Хүнсний олон улсын эрх зүйн хорооны нарийн бичгийн дарга нар чуулав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Хүнсний олон улсын эрх зүйн хорооны нарийн бичгийн дарга нарын газраас Ази-Номхон далайн бүсийн орнуудад зориулан зохион байгуулсан “Азийн бүс нутагт Кодексийн оролцооны бэлтгэлийг хангах” сэдэвт семинар БНЭУ-ын Дели хотноо 2018 оны есдүгээр сарын 5-6-нд боллоо.

Семинарт Ази-Номхон далайн бүс нутгийн 19 улсын төлөөлөгч оролцож хүнсний олон улсын эрх зүйн хорооны /САС/ стандартын төслийн цахим хэлэлцүүлэг зохион байгуулах EWG /electronic working group/ болон стандартын төсөлд цахимаар санал өгөх OCS /online commenting system/ платформ, мөн хүнсний аюулгүй байдлын чиглэлээр тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замуудын талаар харилцан санал, мэдээлэл солилцлоо. Түүнчлэн тус арга хэмжээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүсийн төлөөлөгчид оролцож, олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар харилцан ярилцлаа. Семинарт манай улсаас ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, мэргэжилтэн Б.Батбаатар нар оролцож, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, бодлого, эрх зүйн орчин, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүнчлэн хөгжиж байгаа орнуудад хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд тулгамдаж байгаа нийтлэг асуудлын талаар мэдээлэл өгч санал солилцов.

Семинарын хүрээнд төлөөлөгчид БНЭУ-ын Хүнсний аюулгүй байдал, стандартын байгууллагын бодлого, үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд суурилсан хүнсний аюулгүй байдлын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдох яам, газруудын ажлын уялдааг хангаж ажилладаг байна. Хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой байдгийг онцолж байв.

Ази-Номхон далайн бүсийн Кодексийн зохицуулагч орноор Энэтхэг улс, Кодексийн гүйцэтгэх хорооны бүс нутгийн зөвлөх орноор Малайз улс тус тус ажиллаж байна. Хөгжиж байгаа орнуудад Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх “Codex Trust Fund” Хүнсний олон улсын эрх зүйн хорооны дэргэд ажилладаг. Тус сангаас дэмжлэг авах хүсэлтийг гишүүн орнуудаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээж авахаар зарласан. Монгол Улс тус санд Кодексийн үндэсний чадавхийг бэхжүүлэх, хүнсний олон улсын стандартуудыг нутагшуулах, мэдээллийн сүлжээг байгуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах салбар дундын зохицуулалтыг сайжруулах чиглэлд техник туслалцаа авах, төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ гаргахаар бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын тулгамдаж буй асуудлыг сонсов

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ сарын 12-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, 2018 онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ мөн тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улс болон нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын явц, гүйцэтгэл, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, статистик мэдээллийн чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар газрын дарга болон холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл өгсөн.

Уг уулзалт нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг хэлэлцэхийн өмнө болсноороо чухал ач холбогдолтой боллоо.

Уулзалтын төгсгөлд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажил, НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилгын засвар, тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашины хэрэгцээг гарган холбогдох тооцоо судалгааг сайтар хийж 2019 оны нийслэлийн төсвийн төсөлд санал оруулах, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр, “Эрүүл иргэн”, “Эрүүл залуус” аян болон мөн төсөв шаардахгүйгээр хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг даалгаварыг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Зөрчлийн оноогоо нөхөж авах боломжтой

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуульд зааснаар 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдсон. Улмаар жолооч нар замын хөдөлгөөний хуулийг зөрчих бүрт тус онооноос хасагдах юм.

Жолоочийн зөрчлийн онооны талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат “Гэрлэн дохио зөрчих, хамгаалах бүсгүй байх, төмөр замын гарах нэвтрэх журам зөрчих, улаан гэрэл дохио зөрчих гэх мэт зөрчлүүдэд бид жолоочийн зөрчлийн онооноос 1-5 оноо хасаж тооцож байгаа. Тухайлбал, жолооч зам тээврийн осолд холбогдсон нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр батлагдсан тохиолдолд 5 оноо хасагдан 100 нэгжээр торгоно. Иргэд service.police.gov.mn/ сайт руу ороод оноогоо шалгах бүрэн боломжтой. Жолоочид торгуулж явсаар зөрчлийн оноо нь дууссан тохиолдол их гарч байна. Хэрвээ жолоочийн зөрчлийн оноо дуусан бол Зөрчлийн тухай хуулиар 200 нэгжээр арга хэмжээ тооцуулна. Жолооч хамгийн сүүлд зам тээврийн осол гарган 5 оноо хасууллаа гэхэд түүнээс хойш нэг жил дүрэм зөрчөөгүй бол сүүлд хасуулсан оноо /хамгийн сүүлд хасуулсан1-5 хүртэлх оноо/ нөхөгдөх боломжтой. Түүнчлэн жолооч хоёр жил замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тохиолдолд зөрчлийн 10 оноо бүтнээрээ сэргэнэ. Хоёр жил тухайн жолоочийг замын хөдөлгөөний ямар нэгэн дүрэм зөрчихгүй хариуцлагатай байлгах гэж урамшуулж байгаа. Дандаа 10 оноотой явах хүсэлтэй жолооч нар байна. 2 оноогоо хасуулчхаад 8 оноотой яана аа гэж байгаа бол ЦЕГ-ын Бүртгэл мэдээллийн төвд хандан, сургалтад сууж шалгалтаа өгөн оноогоо нөхөж авах бүрэн боломжтой” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Гантулга: Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

“Өдрийн сонин”-ы Эдийн засаг, нийгэм соёлын мэдээллийн албаны дарга Н.Гантулгын Монголын өдөр тутмын сонины холбооны форумд тавьсан “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” илтгэлийг хүргэж байна.

Цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, энэхүү сэдэв бол Монголын нийгмийн өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болсон. Өнөөдөр Монгол Улсын хүн амын тоо өчигдрийн байдлаар гурван сая 224 мянга 266 байгаа бол нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2 сая 900 мянга. Үүнээс хоёр сая нэг зуун мянга нь фэйсбүүк хэрэглэгч. Хүн амын тоотой харьцуулахад Азидаа тэргүүлж байна.

Сошиал сүлжээ хөгжихийн хэрээр цахим гэмт хэргийн тоо маш хурдтай өсч байна.

Манай улсад цахим гэмт хэргийн хамгийн анхны тохиолдол нь 2008 онд бүртгэгдэж байж. 2010 оны үед нэг жилд 20 орчим цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.Дэлхийд кибер аюулгүй байдлын индексээрээ манай улс 174 орноос 104-т жагсчээ. Тэр тусмаа цахим орчны гэмт хэрэг насанд хүрээгүй хүүхдүүд болон залуус их өртдөг аж. Улаанбаатар хотын 15-20 насныхны 96 хувь нь өдөр бүр фэйсбүүк ордог байна. Ирээдүй хойч үе цахим ертөнцөд ингэж донтох байдлаар нэвтэрснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрээд байна. Учир нь фэйсбүүкт донтсон хүүхэд адгийн наад зах нь хичээлээ давтахаа больсон. Багш хичээлээ зааж байхад зүгээр л утсаараа оролдоод, нэг нэгэн рүүгээ шалдан зургаа явуулаад, түүнийгээ хараад кайф аваад сууж байдаг.

Хоёр жилийн өмнө багш нь хичээлээ зааж байхад дунд сургуулийн сурагчид багшийнхаа араас бүгд босоод салаавч гаргаж буй зураг цахимаар явж байсан. Үнэн байдал ийм байна. Монголын залуу үе ингэж бүдүүлэг зэрлэг болохын зэрэгцээ цахим гадуурхал гэх цааз бий болсон. Хүүхдийн сэтгэл зүйд айхтар нөлөөлж эцэст нь амиа хорлоход хүргэж буйг доорхи жишээ баримтаар хэлье.

“Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгааг фэйсбүүкээр өрнүүлжээ. Сургуулийн ихэнх хүүхэд тэр давалгааг дэмжиж, наймдугаар ангид сурдаг өнөөх хүүг найзаасаа хасч эхэлсэн байна. Сургууль даяараа түүнийг шоолж, найз нөхөдгүй болсон хүү амиа хорложээ. Мөн ангийн хоёр охин муудалцсаны дараа нэг нь нөгөөгөө чадах гэж ганцаардуулах хөдөлгөөн өрнүүлжээ. “Бусдын хайрыг булаагч охин. Бэлгийн замын халдварт өвчинтэй. Аборт хийлгэсэн” гэх зэргээр гүтгэн фэйсбүүк хуудастаа тавьжээ. Түүнийг нь хүүхэд бүр шэйрлэн бие биендээ дамжуулж, зарим нь найзаасаа хасч эхэлсэн байна. Үр дүнд нь охин гурван ч удаа амиа хорлох оролдлого хийсэн байна. Энэ бол Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.“Биеэ үнэлдэг сурагч охин ангийнхаа хөвгүүдэд ДОХ тараалаа”, “Халтруудаас салъя” гэх фэйсбүүк давалгаануудыг баримтаар хэлж болно.

Фэйсбүүк хуудсанд “ЭМО” нэртэй нууц групп хүүхэд залуусыг гишүүнээр элсүүлэн, даалгавар гүйцэтгүүлэх замаар амиа хорлох сэдэл бүхий тоглоом тоглуулж, садар самуунд уруу татаж, шашны зан үйлд уриалан дууддаг байсныг илрүүлж, хэргийг таслан зогсоосон. Мөн иргэн Б гэгч нь хуурамч хуудас үүсгэн бага болон өсвөр насны 200 гаруй охидтой нэг жилийн хугацаанд харилцаж, итгэл олон замаар хагас, бүрэн нүцгэн зургийг нь авч, түүгээрээ дамжуулан дарамтлан, бэлгийн харилцаанд ордог байсан нь тогтоогдсон. Яг энэ орчинд ажиглагдаад байгаа бас нэг зүйл нь “Санхүү өгнө”, “Санхүү авна”, “Сайн ахтай болъё” “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” гэхчлэн хүмүүсийг садар самуунд уруу татах тохиолдол юм.Зарим тохиолдолд иргэд өөрийн мэдэлгүй гэмт хэргийг золиос, гол бай нь болчихсон байдаг.

Харин үүнийгээ мэдчихээд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Эцэг эхээсээ айж, бодит байдлыг нуудаг. Мөн нэр хүндээ алдахаас эмээж, гэмт этгээдийн дарамтыг хүлээж авдаг нь тэднийг улам өөгшүүлдэг байна. Одоогоор 33.856 гишүүнтэй “Санхүү өгнө авна” гэсэн нууц группийг устгасан. Мөн садар самуун сурталчилдаг 14.190 гишүүнтэй “Санхүүгийн туслалцаа” болон “Санхүү өгнө авна”4.408 гишүүнтэй группийг иргэдийн туслалцаатай хаасан гэдгийг Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан мэдэгдсэн.

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гаригт Төрийн ордны их танхимд болсон. Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг байгууллагууд оролцсон. Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын оюутны холбоо, Монголын сурагчдын холбоо дэмжин оролцсон.

Энэ үеэр Цахим бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Учрал: Хамгийн чухал нь цахим сүлжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн зохицуулалтыг чангатгах хэрэгтэй. Ирэх намрын чуулганаар Хүүхдийг цахим орчинд хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллах болно гэж мэдэгдсэн билээ.

Сүүлд нь хэлэхэд, Хүүхдийг цахим орчноос хамгаалах хууль хэрэгтэй болжээ.Үндсэндээ Цахим орчны тухай хуулийг Монгол Улсын Их хурал даруй батлан гаргах хэрэгтэй байна. Ухаалаг утсыг хориглоно гэдэг эхний алхам. Гэхдээ энэ бол сургуулийн орчинд л байгаа. Хууль гаргахгүй бол ямар ч хэрэггүй.Монголын гэрэлт ирээдүй үр хүүхдийн амиа хорлоход хүргэсэн, нэгнээ үзэн ядахад хүргэсэн, ахас ихсээс аваад ачит багшаа хүртэл үл хүндэтгэхэд хүргэсэн одоо зогсоох цаг нь болжээ. Монголын ирээдүй ийм бүрхэг болоод ирэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын дархлаанд ч нөлөөлж болохоор байна.