Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дүгнэ гэвэл муу л гэж хэлнэ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Засгийн газрыг үнэлэх ямарч үнэлэмж алга. Хэлэх юм алга. Ажил хийгээгүй юм чинь юу хэлэх юм. Дүгнэ гэвэл муу л гэж хэлнэ. Ямар ч ажил хийгээгүй. Зүгээр л ярьсан. Өмнөх намынхаа үйл ажиллагааг муулсан. Хоорондоо муудалцсан, хэрэлдсэн, зодолдсон, нэг нэгнийгээ алсан, худлаа ярьсан, хулгай хийсэн ийм л нэг жил. Нүүрсний, тендерийн хулгай хийлээ. Хулгайч, луйварчдаар л дүүрсэн нэг жил өнгөрлөө. Өөр юу гэж хэлэх билээ.

-Шатахууны үнэ нэмэгдсээр байгаа. Энэ тухайд?

-Шатахууны үнэ их, бага хэлбэрээр таван удаа нэмэгдлээ. Үүнтэй уялдаж өргөн хэрэглээний барааны үнэ өссөөр байна. Ийм байхад цалин нэмээд ч ард түмний худалдан авах чадвар өсөхгүй. Өсөх боломжгүй.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг луйврын хөтөлбөр, эдийн засаг дампууруулж байсан гэж маш их шүүмжилсэн. Тэр хөтөлбөрийн үр дүнд Монголын эдийн засгийг тогтвортой барьсан юм.

Гол стратегийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтвор-жуулсан. АН-ын хувьд хэдхэн зүйл дээр л гол бодлогоо тавьж байлаа. Би Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд маш сайн мэдэж байна. Гурил, мах, шатахууны үнийг тогтвортой барихад чиглэж ажилласан юм. Сүүлдээ монголчууд маань шатахууны үнийг нэмэгддэг гэдгийг мартчихсан шүү дээ. Тэр ойлголт байхгүй болчихсон байсан. Гэтэл эрх баригчид гарч ирээд хоёр жилийн дотор л шатахууны үнийг хэд, хэд нэмчихлээ. Өнөөдөр эрх баригчид шатахуун импортлогчдод шаардлага тавьж чадахгүй байгаа. Учир нь тэд асар их хэмжээний хандив авсан байх магадлалтай. Түүнээс болоод шаардлага тавьж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн гэж харж байгаа. Хардах эрх хэнд ч байгаа. Би өнөөдөр хардаж байна.

-Багш нарын ажил хаялт үргэлжилсээр байна. Уг асуудалд Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Багш нарын хувьд хуу-лийн хүрээнд л тэмцэж байна. Хууль бус зүйл хийж байгаа мэтээр ярьж байгаа нь зүй зохисгүй асуудал.

Хуулийн хүрээнд өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж байгаа хүн буруутан болж болохгүй. Багш нарыг янз бүрийн хэлбэрээр дарамталж, зохион байгуулалттай дайралтуудыг зориуд хийж, эцэг эхчүүдийг турхирч байна. Эцэг, эхчүүд энэ нөхцөл байдлыг зөв ойлгох ёстой. Өнөөдөр бололцоотой айлын хүүхдүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд суралцаж байна. Амьжиргааны дунджаас доош орлоготой айлын хүүхдүүд улсын сургуульд явж байгаа. Гэтэл улсын сургуулийн багш нарын цалин хөлс, хүүхдүүдийн суралцаж байгаа орчин ямар байгаа билээ. Бид үүнийг эргэж харах цаг болсон. Энэ хэмжээ хязгааргүй тансаглал, төсвийн зардлаа танаад багш, эмч нарын цалинг нэмэхэд болохгүй юм байхгүй. Бидэнд маш их нөөц бололцоо байна. Төсөв хангалттай хүрэлцэнэ. 50 хувиа больё гэхэд 20, 30 хувиар нэмж болно шүү дээ. Найман хувь нэмнэ гэдэг бол хүн доромжилж байгаа хэрэг. Найман хувиар нэмсэн ч яалаа, байсан ч яалаа. Эхний хагас жилд 20 хувь, дараагийн хагас жилд нь дахиад 20 хувь нэмэх байдлаар зохицуулалт хийж болно. Зохицуулалт хийх эрмэлзэл харагдахгүй байна л даа. Миний хувьд багш нарын ажил хаялтыг зөв гэж харж байгаа. Харин өөрсдийнх нь буруугаас болж нийгэмд бухимдал үүсч байгаа асуудлыг АН-д нааж, буруутан болгох шаардлагагүй. Ер нь өнөөгийн эрх баригчид хуучны коммунист арга барилтай байна л даа. Бусдыг гүтгэдэг, доромжилдог. Гэсэн хэрнээ ард олны төлөө хийж байгаа зүйл байхгүй.

-Сөрөг хүчний зүгээс нийгэмд гарч буй эдгээр асуудлуудад АН ямар нэгэн акц үзүүлэхгүй юм уу?

-Бид буу бариад гудамжинд гаралтай биш. Бид бүх зүйлийг хэлж байгаа. Төсөв санхүү, явуулж байгаа үйл ажиллагаа чинь буруу байна, дэд сайд, агентуудаасаа татгалзаач, үйл ажиллагааг нь хумиач гэж. Эрх баригчид, сайд нарын хэмжээ хязгааргүй тансаглалыг болиулах хэрэгтэй. Дэндэж байна шүү дээ. 300 тэрбум төгрөгийн төсөв давсан орлогоос 55 тэрбумыг нь төрийн албан хаагчдад урамшуулал маягаар олгоно гэх юм. Үүнийгээ болиоч ээ. Өр дарах эсвэл ямар нэгэн ашигтай, үлдэцтэй зүйлд мөнгөө зарцуулаач ээ гэж зөндөө л шаардсан.

Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өссөн маш ашигтай цаг үед явж байна. Алт, нүүрс, төмрийн хүдэр бүгд өссөн. АН-ын үед бүгд хасах байсан. Тонн нүүрс 28-хан ам.доллараар борлогдож байлаа. Бодит байдал тийм л байсан. Гэтэл эдний үед ямар байгаа билээ. Тонн нүүрсний үнэ гурав, дөрөв дахин өсчихсөн. 4200 байсан зэсийн үнэ өнөөдөр 7000 давчихаад явж байна. Гадаад зэх зээл дээр манай уул уурхайн бүтээгдэхүүн хэд дахин өсөж байхад тэр их мөнгө хааччихав. Орж ирэхгүй байгаа шалтгаан нь юу байна. Үнэхээр гайхаж байна.

Гадуур тендерийг бүтээж өгөөд 10 хувийг нь авдаг байсан бол одоо 20, 30 хувьд хүрсэн дуулдаж байна лээ. Арай л дэндэж байна. Компаниуд авсан мөнгөнийхөө 30 хувийг авлигад өгчихөөд 70 хувиар нь юу хийх юм бэ. Яагаад ийм ашиггүй юм хийж байгааг нь асуухаар ядаж ажилчдаа цалинтай байлгах хэрэгтэй биз дээ гэж л хариулж байгаа юм. Надад нэг биш бизнесмэн ингэж хэлсэн шүү. Улс орныг ийм л байдал руу аваачсан байна. Хариуцлагагүй байдал Монголын төрийг торлочихсон байгаа хэрэг.

-Ш.Батхүү гэх хүний тавьсан өрийг хүссэн хүсээгүй Монгол Улс, Засгийн газар төлөх болчихлоо. АН-ын зүгээс ийм нөхцөл байдал үүсэх юм бол эсэргүүцэх болно гэж хаврын чуулганы үеэр хэлж байсан…

-Бид байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэм буруутай этгээдүүдээр мөнгийг нь төлүүлэх ёстой. Монголын ард түмний татварын мөнгөөр тэр өрийг төлж болохгүй. Мөнгө оргүй алга болно гэж байдаггүй л байхгүй юу. Ш.Батхүү бол гал хамгаалагчийн л үүрэг гүйцэтгэж байгаа. Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж хэдэн жилийн ял авах байх. Суусан, суугаагүй болоод л гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр тухайн үед баталгаа гаргаж өгсөн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

-Шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуулиар тэдгээр хүмүүст ямар ч хариуцлага хүлээх боломжгүй болчихсон юм биш үү?

-Эрх баригчид нь өөрсдөдөө зориулсан хууль гаргаж, зохицуулалт хийгээд луйвар булхайгаа нуугаад яваад байгаа энэ нийгэм цаашдаа удаан оршин тогтноод яваад байж болохгүй. Ш.Батхүүгийн зээлсэн гэх тэр өрийг ямар ч байсан Засгийн газар татварын мөнгөөр төлж болохгүй. Гэм буруутай этгээдүүдээр нь ямар нэгэн аргаар төлүүлэх ёстой. Хэн дуртай нь луйвар хийчихээд луйвар хийсэн мөнгийг нь төр төлөөд байх юм бол шударга ёс хаана байх юм. Монголын төр луйварчдын өр төлдөг газар болж хувирах хэрэг үү. Би Г.Занданшатарын “Эрдэнэтийн жилдээ олдог ашгаас төлөх боломжтой” гэж хэлсэн үгэнд үнэхээр эмзэглэж байгаа. Үнэхээр хариуцлагагүй хүний үг шүү дээ. Шударга ёсыг тогтооно, хариуцлага тооцно гээд байгаа Ерөнхий сайд маань хаана байна вэ. Одоо тооцох хэрэгтэй шүү дээ. Үхэхээс ч айхгүй гэж хэлээ биз дээ. АН-ын хувьд намрын чуулган дээр тавих ёстой шаардлагаа урьдын адил тавих болно. Бид олонхын засаглалыг хүндэлж хоёр жил дуугай байсан. Харин ч өөрсдөд нь хэрэгтэй санааг гаргаж өгөөд байгаа. Төсөв санхүү, төрийн албан хаагчид, нийгэм болохгүй байна, үргүй зардлаа багасга гэж маш их зүйлийг хэлсэн.


Categories
мэдээ спорт

ДАШТ-ийг зохион байгуулах хотын нэр Астанад шилжив

ДБНХ (UWW)-ноос Токиогийн олимпийн наадмын өмнөх жилийн буюу 2019 оны бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг өнгөрсөн сард Италийн нийслэл Ромд болсон товчооны гишүүдийн хурлаар Казахстаны Алматыд өгсөн билээ. Тэгвэл үл мэдэгдэх шалтгааны улмаас Алматы хотын оронд шинэ нийслэл Астанад ирэх жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон байна. Түүнчлэн тэмцээний товыг албан ёсоор зарлаж, 2019 оны есдүгээр сарын 14-22-ны өдрүүдэд болно. “Астана-2019” ДАШТ-д олимпийн жингүүдэд эхний зургаан байрт орсон тамирчин Токиогийн олимпийн эрх авах юм.

Categories
мэдээ нийгэм

Хатгал тосгоны захирагчийн сонгууль болно

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль дөрвөн жил тутам болдог бөгөөд энэ жил долоо дахь удаагаа ирэх сарын 5-нд болох гэж байна. Сонгуульд Хатгал тосгоны 2200 сонгогч саналаа өгөх юм.

Хатгал тосгон нь анх 1910 онд Хөвсгөл нуурын баруун урд эрэгт хүн ам төвлөрөн суурьшиж харуулын алба байгуулагдсанаар сууриа тавьсан түүхтэй. Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ суманд харъяалагддаг Хатгал тосгоны иргэд нутгаа сум болох саналаа 2008, 2015 онд Засгийн газарт хүргүүлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“Ноён уул”-тай холбоотой хэргийг шүүхэд буцаалаа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг өчигдөр хянан хэлэлцлээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэрийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор тус шүүх хянан хэлэлцсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг баримтлан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйл. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох

121.1.4. шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах.

121.3.3. анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал;

121.3.4. шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэж заажээ.

Categories
мэдээ цаг-үе

Х.Билгүнзаяа: Шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй

-ШҮҮХ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧДЫН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙГЭЭР ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭХ ТОХИОЛДОЛД ХАРИН Ч ХАРДЛАГА ҮҮСЭХ, ХУУЛЬ ЗӨРЧИХ ҮНДЭСЛЭЛ БОЛДОГ –

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяатай ярилцлаа.


-Ноён уулын маргаантай холбоотой хэрэг 39 дэх удаагаа хойшилж байна. Шүүх хурал ямар шалтгаанаар ийм олон удаа хойшлоод байна вэ?

-Энэ хэрэг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа. Хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Шүүхээс мөн хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг хангах үүрэгтэй. Ийм хуультай. Үүний дагуу хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд тодорхой хүсэлтүүдийг гаргаж, шүүх тухай бүр нь шийдвэрлэж ирсэн. Тэд шүүх хүлээж авахаас өөр аргагүй хүсэлтийг гаргахаа бас сайн мэддэг. Энэ нь шүүх хуралдаан олон дахин хойшлох үндэслэл шалтгаан болсон байна.

-Засгийн газар, Сентерра гоулд Монголия ХХК-ийн талд орж шүүх хуралдааныг олон хойшлуулсан гээд байгаа. Оролцогчдын хэн нь хамгийн олон хүсэлт тавьж, шүүх хүлээж авсан юм бэ?

-Шүүхээс аль нэгний талд орж, үзэмжээр хуралдааныг хойшлуулах боломж байхгүй.

Хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг ангилж үзвэл нэхэмжлэгч буюу “Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын зүгээс долоо, хариуцагчийн зүгээс 11, гуравдагч этгээдийн зүгээс нийт 14 удаа хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд бусад үндэслэлээр долоон удаа хойшилсон байна. Дээрх хүсэлтүүдийг шүүхээс тухай бүр нь хүлээн авч хэргийн оролцогчдын эрхийг хангаж шийдвэрлэсэн байна.

Хүсэлтүүдийн агуулгыг судалж үзвэл хэргийн оролцогчдын зүгээс шүүх хуралдаанд биечлэн оролцох, хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтүүд давхардсан тоогоор гарсан байна.

-Та шүүх хэн нэгний талд орж хуралдааныг хойшлуулах боломж байхгүй гэлээ. Гэхдээ хэргийг шийдэлгүй 39 удаа хойшилж байгаа нь шүүхийн нэр хүндийг шороотой хутгаж байна. Монголын шүүх хараат бус байдлаа алдаж, нэг талд үйлчилж байна гэж олон нийт хардаад байна шүү дээ?

-Хардах эрх хүн бүхэнд бий. Гэхдээ ямар үндэслэл, нотолгоогоор вэ гэдэг нь чухал. Уг хэргийн шүүх хуралдаан олон хойшилсон шалтгаан нь тухайн хэргийн оролцогчдын зүгээс олон дахин хүсэлт гаргасантай холбоотой.

Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэх тохиолдолд харин ч хардлага үүсэх, улмаар хууль зөрчих, шийдвэр дараагийн шатанд унах хууль зүйн үндэслэл болдог.

-Ер нь оролцогчид хүсэлт тавиад л байвал шүүх хуралдаан хойшлоод байж болох уу. Ноён уул-ын шүүх хурал шиг ингэж олон удаа хойшилж байсан хэрэг байдаг уу. Хуралдааныг олон удаа хойшлуулаад байгаа шүүгчийг хууль зөрчсөн үндэслэлээр шалгуулна гэдгийг зарим оролцогч хэлж байгаа.

-Шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу хэдэн ч удаа хойшилж болно. Хуульд шүүх хурал дээд тал нь тэдэн удаа доод тал нь тэдэн удаа хойшилж болно, болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Хамгийн гол нь хуульд заасан үндэслэл байх ёстой. Миний харж байгаагаар “Ноён уул”-тай холбоотой маргаан нь өөрөө маргааны үйл баримт их учраас нотлох баримт цуглуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа их байгаа байх. Мөн хэргийн оролцогчийн тоо их байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт их гарч энэ тоогоор шүүх хурал хойшлох шалтгаан болж байна. Шүүгчийг шалгуулж болно. Гэхдээ шүүгч хууль зөрчиж шүүх хуралдаан хойшлуулдаг тохиолдол бидний ард үлдсэн шүү.

-Өмнө нь ингэж олон удаа шүүх хуралдаан хойшилж байсан тохиолдол байгаа юу?

-Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн ээдрээ түвэгтэй байдал болон хэргийн оролцогчийн тоо олон байх зэрэг нөхцөл байдлаас болж шүүх хуралдаан олон дахин хойшлох тохиолдол гардаг. Зарим хэргийн хувьд шүүх хуралдаан үүнээс ч олон хойшилсон тохиолдолд ч бий.

-Шүүхийн ерөнхий зөвлөлд өмнө нь шүүх хурал олон удаа хойшилж байна гэх гомдол ирж байсан уу?

-Энэ төрлийн гомдол ирдэг. Үүний дагуу шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан нөхцөлийг судлаад холбогдох хариуг гомдол гаргагчид хуулийн дагуу өгдөг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний хэлтсээс хэргийн хөдөлгөөнийг байнга судалж, дүн шинжилгээ хийж байдаг.

-Хэргийн оролцогчид хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсныг шүүх хүлээж авахгүй бол өөрөө хариуцлага хүлээх, буруудах тохиолдол байх уу?

-Шүүхээс хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг баримтлаагүй зэрэг процесс ажиллагаа зөрчсөн тохиолдолд тухайн хэрэг дээд шатны шүүхэд хүчингүй болох, процесс зөрчсөн, баримтлах мэдэх ёстой зүйлийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр шүүгч хариуцлага хүлээх үндэслэл болно.

-Хуралдаандаа ирэхгүй байгаа оролцогчдыг шүүх албадан ирүүлж болдоггүй юм уу?

-Шүүгч хэргийн оролцогч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, бусад оролцогчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлдэг. Хэргийн оролцогч шүүхийн мэдэгдэх хуудасны дагуу шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй.

Шүүх хуралд ирэхгүй байгаа хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд арга хэмжээ авч болно. Тухайлбал, нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. /ЗХШХШтХ-ийн 91.1/

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж, дахин дуудан ирүүлэх бөгөөд хоёр дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаах хуулийн зохицуулалттай. /ЗХШХШтХ-ийн 91.3/

Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч, бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч албадан ирүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. одоо хэргийн оролцогчид хэрсүү, хууль сайн мэддэг болсон шүү дээ. Тэд хэл сураггүй алга болох, шүүх албадах нөхцөл байдал руу асуудлыг оруулах нь ховор.

-Хуульд шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг тодорхой заагаад өгчихөж. Хуулийн энэ хийдлийг хэргийн оролцогчид ашиглаад байна гэж ойлгож болох уу?

-Хуульд хийдэл, зарим өөрчлөх шаардлагатай зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо ил тод болсон асуудал байхгүй байна.

-Монголын шүүх хэргийг удаан шийддэг, олон удаа хойшлуулдаг учраас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид арбитрийн шүүхэд хандах сонирхолтой байдаг гэж ярьдаг. Шүүхэд итгэх итгэл үүнээс болж алдагдаад байгаа юм биш үү?

-Миний уншиж, сонссоноор харин ч манай улсын хэрэг шийдэх хугацааны процесс бусад улстай харьцуулахад маш богино байдаг. олон улсад хугацаа сараар биш, жилээр яригддаг.


Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 14-нд болох үйл явдал

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний зорилтот хувь нэмрийг хэрэгжүүлэгч талуудын уулзалт” болно.

09.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын Ээлжит бус хуралдаан болно. Утас:88058053

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх, түүний баталгаа: Өнгөрсөн-одоо-ирээдүй” симпозиум болно. Утас:88041586

09.30 цагт ХСҮТ-ийн хурлын танхимд “Монгол дахь Хөхний эмнэлэгийн оношилгооны өнөөгийн байдал, хорт хавдрын шалтгаан нөхцөл” форум болно. Утас:99697373

10.20 цагт “Монгол Рояаль академи”-ийн байранд “Бичил уурхай ба Эдийн засгийн сэтгүүлчдийн оролцоо” сургалт болно. Утас: 88098811, 99838764

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Зоонозын өвчин судлалын төвд “P53” төслийн хүрээнд Европын холбооны буцалтгүй тусламжаар нийт 25 тоног төхөөрөмж, сургалтын материал, нэг удаагийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсад хүлээлгэж өгөх үйл ажиллагаа болно. Утас:91910031

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН, ИЗНН, МНН, МҮАН-ын дарга нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын ногоон нам, Австрали улсын ногоон нам хамтран “Уул уурхай, экологи байгал хамгаалах тухай” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт МҮЭХ-ны байранд Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлар мэдээлэл хийнэ. Утас:99203600.

12.00 цагт Сүхбаатарын талбайд “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР – 2018” эхэлнэ.

14.00 цагт МҮХАҮТ-д “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно. Утас:89017101, 99990495

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Хилийн чанад дахь монголчуудын холбоо”-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт”-ыг зохион байгуулж байгаа юм.

Эдгээр төрийн бус байгууллагууд нь хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг чиглэлээр ажилладаг бөгөөд Улаанбаатар хотод III чуулга уулзалтаа зохион байгуулж байгаа юм.

Чуулга, уулзалтын хүрээнд 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбооны төлөөллүүд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, ярилцсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амьдран буй улсдаа элэг нэгтнүүдийнхээ эрх ашгийг хамгаалах болоод Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй төрийн бус байгууллагын төлөөллүүдэд талархаж буйгаа хэлээд чуулганы үйл ажиллагаанд нь амжилт хүсэв. Мөн хилийн чанадад буй монголчуудад тулгарч байгаа зарим асуудал нааштайгаар шийдэгдэж, үр дүн гарч байгаад өнгөрсөн жилүүдийн чуулган, Төрийн бус байгууллагуудын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг онцлон дурдаж, өнөө хэр тулгарч буй зарим асуудлын хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо”-ны тэргүүн Н.Номун-Эрдэнийн дурдсанаар Засгийн газар, Гадаад харилцааны яам хилийн чанад дахь монгол иргэдэд зориулсан бодлого хэрэгжүүлж эхэлснээр гадаадад байгаа монгол иргэдийн нөхцөл байдал сайжирч, мөн консулын үйлчилгээний чанар, хүртээмжийн судалгаа хийж эхэлсэн тул цаашид консулын газруудын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болно гэдэгт олон иргэд итгэлтэй байгаа гэсэн юм. Мөн одоогоор зарим улсад ажиллаж байгаа иргэд тухайн улсдаа нийгмийн даатгал төлж, Монгол Улсаас тэтгэвэр авах хууль эрхзүйн орчин бүрдсэн хэдий ч энэ бодлогыг илүү олон улсад хэрэгжүүлэх асуудлаар эрх баригчдыг хичээл зүтгэл гарган ажиллах ёстой гэж хилийн чанадад суугаа монгол иргэд хүсэж буйг уламжилсан юм.

Мөн албан бус тоогоор 41 мянга гаруй оюутан гадаад улсад суралцаж, чанартай академик боловсрол эзэмшиж байгаа ч Монгол Улсдаа ирж ажиллах нөхцөл боломж одоо хэр нь бүрдээгүй байгаа нь Монгол Улс дахь хөдөлмөрийн үнэлэмж, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа дутмаг зэрэг асуудлаас үүдэлтэй гэж 23 улсад байгуулагдсан оюутны холбоод нийтлэгээр дүгнэдэг байна. Тиймээс эдгээр асуудлыг чуулганы үеэр ярилцсан бөгөөд Засгийн газар, Гадаад харилцааны яам зэрэг төрийн байгууллагууд оюутны холбоодтой нягт хамтран ажиллаж юун түрүүнд тооцоо, судалгаа хийх шаардлагатай гэж дүгнэсэн талаар танилцуулав.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад буй иргэдэд тулгарч байгаа зарим асуудлыг шийдвэрлэх талаар хэлж, цаашид тооцоо судалгаа хийж, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Мөн хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүд Монголын соёлын өдрүүд зохион байгуулах, гадаадад буй монгол хүүхдүүдэд монгол хэл, уран зохиол зэрэг хичээл заах, өв соёлоо өвлүүлэх, гадаадад буй иргэдийн Монгол орондоо оруулж болох хувь нэмрийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Соёлын элч” нартай уулзаж, ярилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын соёлын элчээр томилогдон ажиллаж байгаа соёлын зүтгэлтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын болон гадны орнуудын нэр хүнд бүхий нийгэм соёлын зүтгэлтнүүд болох соёлын элч нар нь түүх, соёл урлаг, өв уламжлал, аялал жуулчлал, нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшлийг олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажилладаг бөгөөд анхдугаар чуулганаа хийж байгаа юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хотод цугласан соёлын элч нар харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын соёлын элч хэмээх өндөр хариуцлагатай, хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэх, өөрийн амжилт бүтээл, ажил үйлсээрээ дамжуулан Монгол орныг гадаадад сурталчлан таниулж байгаа гадаад улсын болон Монголын соёлын элч нарт талархал илэрхийллээ.

Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл, урлагийн талаарх мэдээлийг тогтмол авч, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт харилцаатай ажиллаж, соёлын элч нарыг санаа зорилго, төлөвлөгөө, үйл ажиллагаагаа төр засгаас баримталж буй бодлоготой уялдуулан ажиллахыг хүслээ. Түүнчлэн аялал жуулчлал, соёлын чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ хүрээнд соёлын элч нартай дэлгэрэнгүй ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд соёлын элч нар нэгдсэн мэдээлэлтэй болох, байнгын уяалдаа холбоог сайжруулах алхам хийж эхэлсэнд талархалтай хандаж буйгаа хэлж, Монгол Улсын соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжлав.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын 2,5 сая нь ухаалаг гар утас хэрэглэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал болон ЦЕГ, Харилцаа холбооны зохицуулах хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзан цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид явуулах үйл ажиллагааны талаар санал солилцов.

ЦЕГ-аас явуулсан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 3,8 сая ширхэг гар утас иргэдийн хэрэглээнд ашиглагдаж байгаагаас 2,5 сая ширхэг нь тогтмол цахим орчинд нэвтрэх боломжтой ухаалаг гар утас аж. Түүнийг хэрэглэгчдийн дийлэнхи олонхи нь өсвөр насны хүүхэд, залуус байна. Цахим орчинд чөлөөтөй нэвтэрч мэдээ мэдээлэл хүлээж авах, сургалтад ашиглахаас гадна Нүүрном буюу Facebook хуудас өргөн хэрэглэж байгаа нь зарим талаар сөрөг үр дагавар үзүүлэх болжээ. Хүүхдүүд хуурамч хаягтай иргэдтэй харилцаж, эд мөнгө, сэтгэл санаа, бие махбодиор хохирч гэмт хэрэгт холбогдсон тохиолдол цагдаагийн газарт энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг дахин их бүртгэгдсэн байна. Иймд цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр нэгдсэн арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага гэв.

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүх ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан явуулж буй “UNFRIEND хөдөлгөөн” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, эцэг эхчүүд, нийт иргэдийг нэгдэхийг уриалав. Цахим бодлогын түр хорооноос ЕБС-ын багш нар, эцэг эхчүүд, эрдэмтэн судлаач оролцсон 800 гаруй хүний дунд цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудлын хүрээнд “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, зөвлөмж гаргасныг мөн хүлээн авч засгийн газрын шат шатны байгууллагын бодлого шийдвэрт тусган анхаарч ажиллана гэв. Түүнчлэн өөрийн орны хүүхэд, залууст техник, технологийн хөгжил, интернетийн хязгааргүй боломжийг үр ашигтай, аюулгүй хэрэглүүлэх нөхцлийг нэгдсэн бодлогоор бүрдүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь бидний үүрэг. Түүнчлэн төрийн байгууллагуудаас гадна эцэг, эхчүүд, урлаг, спортын алдартнууд, иргэн бүрийн оролцоо чухал гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Мишель Обамагийн намтар номын танилцуулга болно

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама өөрийн намтар түүхийн талаар бичсэн “Becoming” номоо сурталчилж, тус улсын арван хотоор аялахаар болсон байна. Тэрбээр 11 дүгээр сарын 13-нд төрсөн нутаг Чикаго хотын “United Center” төвд номын танилцуулгаа хийх ажээ. Номоо сурталчлах түүний аялал 12 дугаар сарын 17-нд Даллас хотод дуусах юм байна. М.Обама уг аялалынхаа хүрээнд Нью-Йорк, Денвер, Лос-Анжелес зэрэг хотоор зочлох юм байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болон түүний эхнэр Мишель Обама нар тус тусын намтар номоо бичих тухай олон сая долларын гэрээг “Crown” компанитай байгуулсан ажээ. Б.Обама намтар номын танилцуулгаа хэзээ хийх нь тодорхойгүй байгаа хэдий ч 2019 онд байх болов уу хэмээн таамаглаж байгаа юм байна.