Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Өдрөөс үлдсэн зүйл” роман

Казүо Ишигүрогийн хамгийн алдартай, Бүүкерийн шагналт “Өдрөөс үлдсэн зүйл” роман анх 1989 онд Их Британи улсад хэвлэгдэн гарчээ. Хожим 1993 онд энэхүү зохиолоор дэлгэцийн уран бүтээл хийж, гол дүрийг Энтони Хопкинс бүтээсэн түүхтэй. Уг кино Оскарын наадамд найман төрлөөр нэр дэвшиж, кино урлагийн сонгодгуудын нэгт тооцогдох болжээ. Их Британийн иргэшилтэй, Нобелийн шагналт зохиолч Ишигүрогийн романууд өдгөө дэлхий дахинаа 40 гаруй хэлээр орчуулагдсан байдаг.

2017 онд Нобелийн шагнал хүртсэн зохиолч Казүо Ишигүрогийн хамгийн алдартай туурвил болох “Өдрөөс үлдсэн зүйл” романыг Монсудар хэвлэлийн компаниас монгол хэлнээ орчуулжээ. Ирэх онд зохиолчийн “Биднийг өнчин байхад”, “Намайг хэзээ ч бүү явуул” зэрэг зохиолуудыг орчуулан хэвлүүлэхээр төлөвлөжээ. Нөлөө бүхий язгууртан лорд Дарлингтоны эзэмшилд байгаад, сүүлд нь дэлхийн II дайны дараа чинээлэг америк бизнесмэн Фаррадейгийн мэдэлд очсон даамал Стивенс болон түүний амьдралын талаар уг зохиолд голлон өгүүлнэ.

Ингэхдээ гол баатар Стивенс өөрийнхөө амьдралын тухай өдрийн тэмдэглэлдээ хүүрнэж буйгаар зохиол эхэлнэ. Зохиолд гэрийн даамал Стивенс хорин жилийн өмнө нөхөрт гарах гэж ордныг орхисон Кентон авхайг зорино. Өмнө нь түүнд илгээсэн захидлаас авхайн гэр бүлийн амьдрал таагүй байгааг таамагласан Стивенс ийнхүү түүнийг зорихоор шийджээ.

Стивенс урьд нь хамт ажиллаж байсан хатагтай Кентонтой (энэ зуур гэрлэж хатагтай Бенн хэмээгдэх болсон) хамт Английн өмнөд хэсэг рүү машинаар аялж, тэндээс бүсгүйг Дарлингтон шилтгээнд буцаан авчрахыг зорьж буйгаа тоочин өгүүлнэ. Энэ бүхний дунд даамал хэмээх ажлын тухай дурсамж, эргэцүүлэл ихээхэн хэсгийг эзэлнэ. Стивенсийн уран яруу үг хэллэг, сэтгэл татам байдал нь зохиолыг шунан унших хүсэлд автуулан уншигчдыг цааш хөтөлнө.

Шилтгээний эзэн Дарлингтон нацизмыг бишрэн дагагч нэгэн юм. Тэрээр Стивенст дайны үеэр, түүнээс ч өмнө өдүүлсэн бүхнээс нь болж дургүй болжээ. Мөн Стивенс ба хатагтай Кентон хоёрын харилцаа хэн хэнийх нь хувьд зөвхөн ажил төрлийн холбоо төдий зүйл биш байсныг мэдсэнээр үйл явдал үргэлжилнэ.

Үүнийг мэдсэн Стивенс эзэн Фаррадейгийнхаа форд машиныг хөлөглөн Дарлингтоны шилтгээнээс зугтдаг. Шилтгээнээс алслагдан холдох тусам өөртэйгөө нүүр тулж, эргэн санагалзаж, харуусал төрөх аж. Тэрээр бүхнийг ухаарах ч гэлээ өнгөрсөн цаг хугацааг буцаахыг ер хүсдэггүй.

Номд онцлох эшлэлээс:

“Хүн өнгөрснөө эргэн дурсаад чухам аль үйл явдал амьдралынх нь “эргэлтийн цэг” болсныг эрж хайх аваас ийм цэг хаа сайгүй байгаа мэт санагддаг юм билээ”.

“Амьдралд баярлах хэрэгтэй. Үдэш гэдэг чинь өдрийн хамгийн сайхан үе юм шүү дээ. Ажлын урт өдөр дууссан байна. Одоо хөлөө жийж суугаад сайхан амарч болно. Би ингэж л боддог. Хэнээс ч асуусан үүнтэй санал нийлнэ. Үдэш гэдэг бол өдрийн хамгийн сайхан цаг”.


Categories
мэдээ цаг-үе

Б.Майцэцэг: Удаан хугацаанд депресстэй явах нь амиа хорлолтын гол шалтгаан болдог

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэгтэй ярилцлаа.


-Стресст орсон хүний сэтгэхүй, эрүүл мэндэд ямар өөрчлөлт гарах вэ?

-Стресс гэдэг нь гадны болоод дотоод хүчин зүйлийн нөлөөллийн эсрэг бие болон оюун санааны хариу үйлдэл хэвийн байдлаасаа давж гарахыг хэлнэ. Стрессийг эерэг ба сөрөг гэж ангилдаг. Жишээ нь, жолоо бариад явж байхад гэнэт машины урдуур хүүхэд гараад ирвэл агшин зуур тоормосоо гишгэдэг. Энэ нь эерэг стрессийн хариу үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийг зам тээврийн ослоос, өөрийгөө хэрэг зөрчлөөс хамгаалсан. Ийм урвал биед дахин дахин үүсэх, удаан хугацаанд хадгалагдах юм бол сөрөг стресс болж хувирдаг. Стресс орсон тохиолдолд хүний бие, сэтгэхүй, зан үйлд өөрчлөлт ордог. Энэ үед хүний бие махбодид кортизол гэх даавар ялгарч хөл, гар хөлрөх, ходоод гэдэс хямрах, зүрх хурдан цохилох, амьсгал давчдах зэрэг биеийн өөрчлөлтийн шинж тэмдэг илэрнэ. Зан үйлийн хувьд яарамтгай, уцаарламтгай, бусадтай харьцаа муутай, орчиндоо сонирхолгүй, зожиг болдог. Энэ яваандаа ажлын бүтээмж, амьдралын сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний тавд эрэмбэлэгддэг.

-Стрессийг нэгээс нөгөөд халдварладаг гэж ойлгох нь зөв үү. Хажууд хэн нэгэн бухимдахад дагаж хямрахыг халдвар гэж хүмүүс ойлгоод байх шиг байна?

-Стрессийг халдварладаг гэх нь өрөөсгөл ойлголт. Тухайн хүнд стресс үүсэх нөхцөл байдал бий болоход өөрийгөө хамгаалах, сэргийлж чадвал заавал хажууд байгаа хүнийхээ стресст автаж бухимдах хэрэггүй. Хажууд хүн стресстэй байна гэдэг нь тухайн хүний гадны хүчин зүйл юм. Энэ гадны хүчин зүйлийг зохицуулж чадвал урьдчилан сэргийлж байна гэсэн үг.

-Өөрийгөө стресстэхээс урьдчилан сэргийлэх ёстой гэж ойлголоо. Уншигчдад зөвлөгөө болгож хэлбэл ямар аргуудыг хэрэглэж болох вэ?

-Нэг үеэ бодвол хүмүүс өөрийн эрүүл мэнддээ анхаардаг болсон. Энэ жилээс дунд сургуулийн сурагчдад сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлын хор хөнөөл, түүнээс сэргийлэх тухай хичээл орно. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс жил болгон “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяныг зохион байгуулдаг. Мөн албан байгууллагуудад “Стресс менежмэнт” сургалт явуулдаг. Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг биеийн эрүүл мэндтэй адилхан чухалчилж авч үзэх асуудал. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, асуудал гарвал сэтгэл зүйчид хандах хэрэгтэй. Ялангуяа эрэгтэйчүүд бухимдлаа тайлах гэж хорт зуршилд автах, архи тамхи хэрэглэх байдлаар буруу замаар тайлдаг. Эмэгтэйчүүдийн хувьд стресст орох нь элбэг ч гаргах чадвар нь илүү байдаг. Тиймээс сэтгэл зүйн боловсрол гэдэг чухал. Бухимдалд орсон үедээ наад зах нь зөв амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Биеэ суллаж, нүдээ анин орчноос түр зуур өөрийгөө чөлөөлж, зөв гүнзгий амьсгалснаар жирийн үеэс хоёр дахин их хүчилтөрөгчийг авдаг. Хүчилтөрөгчийн хэмжээ ихсэхээр агшсан судас тэлж, зүрхний цохилт хэвийн болж амьсгал тогтворждог. Таван минутын дасгалыг бухимдсан үедээ амьсгалаа зөв авч, гаргавал тэрхэн зуурын стресс үүсгэж байгаа зүйлээс өөрийгөө чөлөөлж болдог. Үүнээс гадна хүн зөвхөн ажил гээд яваад байх биш, чөлөөт цагаараа сонирхсон зүйлээ хийж хэвших нь сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. Ямар нэгэн ижил хоббитой хүмүүстэй нэгдэх, урлаг, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, өөртөө шинэ зорилго тавих, өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Иог бясалгал, алжаал тайлах төвүүд, сэтгэл зүйн төвүүд олон болжээ. Энэ мэт газруудад үйлчлүүлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

-Байнгын стресстэй байх нь эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ. Стресс хүндэрснээр депресс үүсдэг. Энэ нь ямар үр дагавартай вэ?

-Эхлээд нойрны асуудал үүснэ. Шөнө амарч чадахаа больж, өглөө эрт сэрдэг болно. Энэ байдал нэг сар хүртэлх хугацаанд үргэлжилбэл сэтгэцийн эмчид заавал хандах хэрэгтэй. Ингэж хүндрэхээс нь өмнө сэтгэл зүйчид хандаж болно. Хүмүүс юу юугүй нойрны эм хэрэглэдэг нь буруу. Үүнээс гадна цусны даралт ихсэх, чихрийн шижин, дархлааны өвчнүүд, ходоодны шарх, зарим төрлийн хавдар өвчнүүд стрессээс үүдэлтэй. Стресс хүндэрснээс сэтгэл гутрал буюу депрессийг бий болгодог. Залуучууд сэтгэл зүйчид хандалгүй удаан хугацааны турш дарамтад явснаар амиа хорлох тохиолдол нэмэгдэж байна. Энэ бол зайлшгүй анхаарах, урьдчилан сэргийлэх ёстой асуудал. Энэ чиглэлээр зөвлөгөө өгөх төвүүд шаардлагатай байна. Удаан хугацаанд депресстэй явах нь амиа хорлолтын гол шалтгаан болдог. Мөн хорт зуршилд автах, гэмт хэрэг үйлдэх зэрэг нийгмийн сөрөг үр дагаварт хүргэдэг.

-Хүмүүс голчлон юунаас болж стресстэж байгааг товчхон хэлэхгүй юу. Мэдээж замын түгжрэлээс эхлээд олон зүйлийг дурдах байх?

-Улаанбаатарт амьдарч байгаа болон орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн хооронд сэтгэцийн эрүүл мэндийн ялгаа их бий. Өргөн уудам нутаг, цөөхөн хүн амтай хэрнээ нэг газарт хэт их төвлөрсөн хотжилтоос болж хүмүүс бухимдаж байхад хөдөөд эсрэгээрээ эзгүйрч хүн бүл цөөрөх, ганцаардах үзэгдэл нэмэгдсээр. Хотжилт яаж эрүүл мэндэд нөлөөлдгийн жишээгээр Хонгконгийг дурдаж болно. Энд шөнийн амьдрал өглөө болтол үргэлжилдэг. Гудамжны гэрлүүдийг хар хөшгөөр хаасан ч дуу шуугиан тасардаггүй. Тиймээс шөнө шуугианаас болж унтаж чадахгүй нойрны асуудалд орсон хүмүүс их байдаг. Хотын хөгжил эргээд хүмүүсийн оюун сэтгэхүйд ачаалал болж байна. Үүнийг өөрөө даван туулах уу, эсвэл бууж өгөх үү гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг. Хүний биеийн эрүүл мэнд асуудалтай байвал стресст амархан өртөмтгий байдаг. Хэрвээ бие, сэтгэхүйн хувьд эрүүл бол аливаа асуудлыг даваад гардаг. Гэхдээ хүүхэд, залуучууд, настнууд зэрэг нас биеийн онцлогоос шалтгаалж стрессийг даван туулах чадвар ялгаатай байдаг. Хүнийг өөрчлөхөөс илүү өөрийгөө өөрчлөх амархан. Тиймээс хэн нэгний стрессийг өөртөө хүлээн авалгүй зохицуулж сурах хэрэгтэй. Хаана хаанаа зохицуулалт дутагдсанаас л болдог. Ажлын байранд удирдлагын соёл, хамт олны уур амьсгал, ажлын орчин нөхцөл, цалин хангамж гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Хүн ажлын орчинд өдрийн хамгийн бүтээмж ихтэй найман цагийг өнгөрүүлдэг.

-Тэгэхээр ажлын орчин чухал юм аа даа?

-Тийм. Ажлын байр орчны хувьд эрүүл, оюун санааны хувьд ч эрүүл байх ёстой. Энэ зүйлүүдийг шийдчихвэл хүн бүхэн стресстээд байхгүй. Монгол Улсад одоогоор нийтийг хамарсан сэтгэцийн эрүүл мэндийн томоохон судалгаа хийгдээгүй байна. 2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс сэтгэцийн эрүүл мэндийн судалгаа хийсэн. Нийт судалгаанд оролцогчдын 18.5 хувь нь сэтгэл түгшилтийн хам шинжтэй, 17.1 хувь нь нойрны эмгэгтэй, 16.2 хувь нь мэдрэл сульдах хам шинжтэй, 4.4 хувь сэтгэл гутрах эмгэгтэй байсан. Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь ажлын байрны стресс, нийгмээс ялгаварлан гадуурхал, хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг. Ялгаварлан гадуурхалт нь ойр дотныхонтойгоо ярилцахаас эмээх, нийгмийн идэвхтэй харилцаанаас татгалзахад хүргэдэг.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

Өмнийн говь нутгаар гурван мянган км зорчсон тэмдэглэл (II)

Хатан Сэврэй уул

Баяндалай сум: Сумын төвийнх нь дэргэдүүр хар сүүлт (бор гөрөөс) бүл бүлээрээ цахилах нь тун чиг содон. Хар сүүлт зээрийг чоно гүйцдэггүй. Харин говийн шилүүс хөөрхий гөрөөсийг отож байгаад ганц үсрээд л гүйцээ. Малчин Х.Сүхээ гуай тэр жил гөрөөсний нялх янзагыг хотондоо авчирч малтай нийлүүлжээ. Гөрөөс өсөж гурван жилийн дараа хүүхэд мөргөдөг болж. Хааяа том хүн рүү дайрах гэнэ. Гэхдээ зориг зүрх нь хүрэхгүй. Сүүлдээ бэлчээрт гаргахад сүргийг захалж, орой хонь хотлоход сүүлдэн ганцаараа буцаж ирнэ. Зан ааш нь улам догширч, таван жилийн дараа хотны нохой мөргөөд, хорссон ноход боорлон дайрч зүйл дуусгажээ.

Баяндалайгаас баруун урагш зүгт химийн хорт бодис ачсан машинууд өдөржин, шөнөжин цувах аж. Сураг тавибал баруун зүгт нэг ховор орд илэрсэн юм байх. “Исэлдэгч, тэсрэх бодис” гэсэн шошго наасан 20 тоннын даацтай хүнд техникүүд Нүхэн загийн хоолойг хөрстэй нь эргүүлж, ёстой там болгож байна билээ. Тэдний дунд битүүмжилсэн бүхээгтэй, хятад жолоочтой машин ч явж үзэгдэнэ. Эдний манаран холхих Улаан довон, Эрээлжинд цагийн сайханд говийн мазаалай нутаглаж байгаад 1964 оны өвөл устаж үгүй болжээ. Наран багийн малчин Насанбуян гуай янгирын ихэр ишгийг хавар хээрээс олж гаршуултал намар нь сүрэг захалсаар уул өөдөө оргочихсон аж. Зэрлэг амьтан гэдэг зэрлэг л юм хойно, хүүхэд мөргөлгүй одсон нь их юм. Баяндалайн малчдад монгол банхрын хэрэгцээ тун их. Тэд нүдээ нээгээгүй гөлгийг шууд 600 мянган төгрөгөөр авна гэв шүү.

Даланзадгад хот: Баяндалайгаас машинаа засуулахаар Даланзадгад хотод хөл тавилаа. 1930-аад онд Далан булаг гэдэг газар анх шавыг нь тавьсан юм гэнэ билээ. Аймгийн төв нь томоороо улсад дөрвөөр бичигдэнэ. Авто сэлбэгийн гурван ч том дэлгүүр байна. Харамсалтай нь “Ниссан Патрол”-ын сэлбэг тун ховор юм билээ. Овоохон үнээр хоёр амортизатор аваад машиндаа тавиулсан чинь нэг их хол явалгүй ажиллагаагүй болчихсон доо. Өмнөговийн төв хэдийгээр задгай газар байрладаг ч хорт утааны асуудал байна. Говийн салхи утаа тууж дийлдэггүй бололтой. Өмнөговийн төв сүүлийн үеийн тансаг буудал, үлэг гүрвэлийн цэцэрлэг, бийлэгжүү хүмүүсээрээ бусад аймгаас эрс ялгагдах бололтой дог оо.

Ханхонгор сум: Сумын төв аймгийн төвөөсөө тийм ч хол биш. Ердөө 20-иод километрт байдаг бяцхан суурин. Энэ сум аймгийнхаа есөн сумтай хиллэдэг тул бэлчээрийн хэрүүл тасардаггүй. Нэн ховор эмийн ургамал-хулангийн ундаа энэ нутагт л ургана.Говь гурван сайхан энэ сумын чимэг. Гурван Сайханы Ёлын амыг 1965 онд дархалж, 1993 онд Байгалийн цогцолбор газар болгосон билээ. Даланзадгад сумын эргэн тойрны уул ус энэ суманд харьяалагддаг. Говьдоо томоохонд тооцогддог жуулчдын баазууд мөн л Ханхонгорын дэвсэгт шийр хатгажээ. Аймгийн төвд ойр болоод тэр үү, хөгжинө гэж байдаггүй бололтой.

Зурамтай

Ноён сум: Тахилга хайрханд хөгшчүүл өглөө бүр цайны дээж өргөнө. Сумын төвөөс баруун хойхно пааландсан юм шиг хад байна. Ташуу харвал байгаль дэлхий, өөрийн чинь дүрс хачин тод харагдана. Ийм хад Монголд өөр хаа ч үгүй. “Толь хад” гэхэд манайхан мэднэ дээ. 1940-өөд оны үед уйдсан орос цэргүүд буудан сүйтгэж, сүүлийн үед доншуур аялагчид толин чулууг нь эмтлэн авч явсаар бараг дуусгажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1971 онд Улсын хамгаалалтад авсан ч тэр тогтоол нь социализмтайгаа хийсэн оджээ. Нутгийн хүнээс нэгэн сонин хууч сонслоо. 1954 оны зун, Бударганы ус гэдэг газар Мөдрөөгийнх буусны маргааш гэрийнх нь дэргэдэх элсэн дээр могойноос арай бүдүүн богинохон, толгой сүүл нь ялгах аргагүй хэм тэгш, хүрэн саарал зүстэй, нуруу хэсгээрээ толботой аварга шавьж үзэгджээ. Гэрийн эзэгтэй алмайрч ядан байтал хань нь хүүтэйгээ ирж, гурвуул үзээгүйгээ үзэх шиг болсон байна. Төд удалгүй мөнөөх шавьж ул мөргүй алга болсон тухай Бүдийн Бадамцоо гэдэг хүн дурссан байдаг. Хожим хүмүүс Мөдрөөгийн хүү Дамдиас нь лавлахад “Тийм ээ, бид гурвуулаа үзсэн. Өргөсөн эцэг маань олгой хорхой байна гэж ихэд айж, бас их сэжиглэсэн” хэмээн өгүүлжээ.

Ноён сумын бараг айл бүхэн анчдаас бүрдсэн гэлтэй. Болзошгүй дайн дэгдвэл орон нутгийн хамгаалалтад хамгийн өндөр бэлтгэгдсэн улс гэж болно. Зэр зэвсэг ч арвин. Социализмын үед энэ нутгаар нам засгаас зориуд давхар галтай сум тарааж байсан гэдэг. Энэ нь ч учиртай. Тийм сум хэд буудаад л бууны гол төмрийн бянтыг эвдэж хаядаг аж. Ончтой том буунуудыг ажиг сэжиггүйгээр устгаж, дээрээс нь тарвага, чонын хар хавхыг нэг бүрийг нь 10 мянган төгрөгөөр хуйгаар нь худалдан авчээ. Ирвэсээ хамгаалж буй царай нь тэр. Энэ сумаас өөр хаана ч байдаггүй нэг хачин амьтан бол хар чоно. Нутгийн анчид түүнийг чоно, нохойн эрлийз гэнэ. Харин Сэгс цагаан богдод одоо ч улаан чоно бий гэх. Тэр гайхамшигт амьтан мөхөөгүй болж таарах нь. Нутгийн нэгэн малчин залуугийнд дөрөө мулталлаа. Хонийг нь шомбодсон чоныг алаад хөлдөөчихөж. Амыг нь ангайлгаад мод хийчихэж. Ямар учиртайг нь асуувал амыг нь тэвхдэхэд өмхийрдөггүй аж. Тэд хөлдүү чоныг ченжүүдэд 100-150 мянган төгрөгөөр өгнө. Авсан ченж нь хужаа нарт нэг бүрийг нь сая төгрөгөөр шахаж ашиг унагана. Хөлдөөсөн чоно Өмнөд Монголд цагаан сарын үеэр бүр ч их үнэ хүрдэг гэнэ. Нас гүйцсэн бүдүүн чоно бүр ч үнэтэй. Өмнөд Монголын баячуулд “Баярын бялуу” л гэсэн үг. Монголын говьд ойролцоогоор 8-10 жилийн давтамжтай улаан ган болдог. Тэрхүү ган гачиг нь хоёр жил дамнан үргэлжилдэг аж. Ноён суманд өвөл, хавартаа нэг боодол өвс 8-12 мянга төгрөгийн үнэ хүрдэг нь тээврийн зардалтай холбоотой биз ээ.

Заан бодон

Сумын нэг нэрийн хуудас нь дархан цаазат цоохор ирвэс. Судлаач эрдэмтэд нэг ирвэс сард 15 янгир иддэг хэмээн бичсэн байдаг. Энэ тухай анчнаас лавлахад “Тэдний эрдэмтэн гэж юу байхав дээ. Худлаа тууж байгаа юм. Манай эндхийн ирвэс барьсан ангийнхаа сэг зэмийг их сайн манана. Бараг ялаа ч ойртуулахгүй. Түүнийгээ 5-7 хоногийн турш иднэ. Их ховдог ирвэс үсрээд л сард таван янгир идвэл дээдийн заяа” хэмээн өгүүлж сууна. Харин шилүүс бол зөвхөн зээрээр хооллоно. Чонотой тулбал бариулах тул бултаж зугтаж явдаг гэнэ. Сүүлийн үед говь, талын чонын сүрэг хурдан машин, дурантай буунаас амиа хамгаалах гэж эгц хясаа бүхий ууланд дүрвэсэн байна.

Гурвантэс сум: Нарийн сухайт, Овоотын уурхайгаас хойш 20 орчим км-ийн зайд сумын төв бий. Дундголын давсны уурхай ч энэ сумын нутагт бий. Газар нутгийнхаа хэмжээгээр Сэлэнгэ аймагтай бараг тэнцэнэ. Арваад мянган хүн бужигнасан газар. Тэн хагас нь уугуул иргэд. Үдшийн цагаар сууринд аймгийн төвийн дайны гэрэл гэгээ улалзана. Дотуураа сайхан засмалтай юм. Харин согтуу улс элбэг үзэгдэнэ. Хөлөө чирсэн мотоцикльтой эр зам голлон урсгал сөрөх, “амь цагаан” машины хар хурдаар засмалын даланг мөргөж сэг болох нь жирийн үзэгдэл бололтой. Дэлгүүрийн худалдагчид нь цөм гадны хүмүүс. Эндхийн уул ус байтугай эргэн тойрныхоо байшинд юу байгааг мэдэхгүй. Буудал хайлаа. “Шугшаа уул” гэж хуучны том буудал байна аа. Даанч бохир заваан нь дэндүү. “Наран булаг” гэдэг буудлын хүн “Нэг, хоёр хүн ч ялгаагүй. Өрөө хоногийн 100 мянга бэлнээр авна. Өөрсдөө мэд” гэж даналзана. Сумын төвийг гурав тойрсны эцэст “Алтан говь” гэдэг цэвэрхэн гэр буудал оллоо. Уржнан жил эндээс асар үнэтэй улаан чулуу гарч цагдаа, ард түмэн хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах дөхсөн. Харин өнөөдөр улаан чулуу гарсан мөнөөх гурван уулыг ногоон хашаагаар битүү хашаад, өнцөг булан дээр нь харуул хамгаалалт зоогоод томчуул өөрсдөө хөлсний хүнээр тухтайхан түүлгээд урагш зөөж байгаа гэх. Үнэн бол мөн ч даварчихсан байгаа хэрэг шүү.

Тус сумын Наранбулаг гэдэг газар зандан мод ургадаг байж. Өмнөд Монголын Баруун зуугийн хийдийн нуруу мод нь унаад байхаар нь мэргэн Тэвнээр үзүүлтэл “Ар Халхад буй занданг авчирваас сүм босно” гэж айлджээ. Тангадууд занданг авахаар иртэл аварга могой ороосон үзэгдэв. Сахисаар байгаад могойг анд гарахад нь занданг тайрч, хасаг тэргэнд ачаад оджээ. Могой уйлж их үер буув. Аагим нар гарч ган болов. Аварга могой хатаж үхээд, яс нь бутарсан тэр л газрыг “Ястын нуруу” гэж нэрийдэн хожим цээрлэж “Тостын нуруу” гэх болсон домогтой. Хэрмэн цав нь сумын төвөөс баруун хойш 150 км-т орших говийн таван төрлийн мод бүхий маш үзэсгэлэнтэй газар. Ус ховор тул айл үгүй. Дээд цэрдийн галавын хурдас бүхий эл зэлүүд нутгаас тернозавр, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл, пинакозавр гэх мэт үлэг гүрвэлийн яс олдсон. Сумаас урагш Хятадын хил хүртэл засмал замтай.

Шивээхүрэн боомтын хөгжил тун тааруу. Хууль бус чулууны наймаачид хилийн хяналтын даргын биед хүртэл халдаж байсан гэх. Ардчилсан намынхан 1996 онд засгийн эрх авангуутаа Зам бэлгэхийн заставыг татан буулгаж, 2012 онд дахин гарч ирэхдээ Монгол Улсын хил хамгаалалтын тогтолцоог эвдсэн байдаг. Өмнөд хилийн бүсээр нутаглагч өвгөд минь энэ тухайд “Өөрчлөлт шинэчлэл бус улсыг хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн ярьж сууна. Хятадууд цаанаас мэдэгдэхүйц түрж буй гэх. Ганьсу мужийн монгол үндэстний өөртөө засах хошуу өдгөө дан хятадаар дүүрчээ. Тэндхийн томчуул Наран сэвстэйгээр боомт нээлгэх гэж төрийн томчуулд нөлөөлөхийг оролдсоор буй. Харин манайхан хөдлөхгүй гүрийсээр 20-иод жил болсныг тусгаар улсын сүр хүч хэмээн тайлбарлавал зохистой.

Овоотын отрядад манайхан номын хандив өргөсөн юм. Хилчин эрийн ярианаас Халхын баруун өмнөд овоо нь 1727 онд Монгол, Хятадыг зааглаж байсан бол 1963 онд тэр үеийн зурвасаар БНМАУ-ын хилийг тогтоосон байдаг нь сонин санагдав.

Сэврэй сум: Гурван тэсээс Сэврэй сум орох зам бол жинхэнэ амьдын там гэлтэй. Машиндаа хайртай хүн тийш зүглээгүй нь өлзийтэй. Бид зүтгэсээр байгаад шөнө дунд сумын төвд хөл тавилаа. Айл сураглах санаатай Нутгийн Удирдлагын ордны гадна яваад очтол гурван давхрын гэрэлтэй цонхон дээр хоёр нөхөр нэгнийгээ сандлаар гүвж, үүдний довжоон дээр нь хэд хэдэн “баагий” хөндлөн гулд унаад өгч. Нэг нөхөр гуйвж ирээд машины хамар өөд сарих нь ээ. Юу болов гэсэн чинь үе үеийн ИТХ-ын дарга нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм байх. Сумын төвийнхөн зундаа жуулчдад үйлчилж сүрхий хөлждөг бол сэрүү ороод ирэхээр эрчүүд нь алт эрдэнэсийн эрэлд морддог аж. Энд ганцхан шатахуун түгээх станц бий. Биднийг шатахуун авах гэтэл “Засвартай, хэд хоногоос ажиллаж магадгүй” гэдэг байгаа. Банкинд бензин байхгүй байсан бол тэнд хэд хонох байсан бол. 2013 онд хангайн түймрээс дайжсан чонын сүрэг Сэврэйд нүүдэллэн очиж сүйд хийжээ. Сумын захиргаанаас урамшуулалт ав зарлаж, чонын хамгийн олон сарьсан хоншоорны арьс тушаасан хүнд бензиний урамшуулал өгч, зарим сайн бууддаг хүн өдөрт 200 литрийн поошиг дүүрэн бензинээр шагнуулж байв. Малын дайсан чоно ч овоо цөөрч, сумаараа амсхийтэл байдал эсрэгээр эргэжээ. Учир нь тусгай хамгаалалттай (сумын 83 хувь, улсын 57 хувь нь орон нутгийн) газар нутгийн бүсэд ховордож буй талын бор чоныг олноор нь авласан хэрэгт дарга нар нь унасан байна. Нутгийн нэгэн эр хуучлахдаа “Чоно ч бас зэвүүн амьтан шүү. Цатгалан чоныг хөөхөөр байн байн бөөлжиж явсаар хөнгөрчихдөг юм билээ” гэсэн нь ой тойнд үлджээ. Мөнгөн эдлэлээрээ Ноён Сэврэй хийц гайхагддаг. Монголд ер нь Дарьганга, Ноён Сэврэйн хийц гэсэн хоёр төрлийн мөнгөн аяга байдгаас Ноён Сэврэйн хийц нь утас цувимлын нарийн ураар ялгардаг гэсэн шүү. Хонгорын элсний гол хэсэг энд бий. 185 км үргэлжилдэг элсэн нуруу нь зарим хэсгээрээ 200 метр цавчим өндөр. Салхитай үед элснээс хөгжим эгшиглэх нь гайхалтай. Элсний ширхгүүд цэнэгжиж ийм чимээ гаргадаг.

Булган сум: Сэврэйгээс Булган орохын тулд нэлээд хэцүү замаар явна. Тэнд жинхэнэ хавцал гэж юу байдгийг харж болно. Зөөлөнгийн нурууны арын элсэнд суучихвал тэндээ үүрд үлдчихэж магадгүй. Булганчууд говийнхон дундаа их найрсаг хүмүүс юм шиг санагдсан. Нутаг усныхаа сонин сайхан хууч дэлгэнэ. Баянзагаар нутагтай С.Гэндэнраш нь 1922 оны орчим Лайхарын талаас хулангийн унага барьж, Богдын амьтны хүрээлэнд өөрөө хүргэж өгчээ. Хариуд нь Богд хаан алган дээр нь нэг зүйл тавьж “Гэртээ хариад үзээрэй. Насан туршдаа шүтэж яваарай” гэжээ. Хоног алдалгүй явж ирээд үзтэл есөн эрдэнээр чимсэн, бадма сууриндаа богдын гарын тамгатай төө хэрийн өндөр алтан бурхан байжээ. Энэ хосгүй шүтээн одоо ч үр удамд нь хадгалагдаж буй аж. Өөр сонин зүйл ч сонслоо. 1950-иад онд Зундуй лам Булганбулагт шар будаа тариалж, “Чангаамал” хэмээх болсон будааг нь нутгийнхан өргөнөөр хэрэглэж байжээ.Сумын төвөөс холгүй, өвөлдөө бүлээн, зундаа хүйтэн “Хадат”-ын рашаан байна аа. Хадны завсраас ундарч, км орчим урсана. Нутгийн өвгөн “Баруун хойш урсгалтай горхи булаг Монголын говьд маш ховор. Элэг, цөс, ходоодонд аатай шүү дээ” гэх. 1960-аад онд Хадатын рашаанд хүмүүс арав хоногоор ирж хүртээд өвчин нь илааршаад буцаж байжээ. Дэргэдэх хадны элгэнд “Хятад цайны бичиг” хэмээх хэв тамга одоо ч бий. Тамгыг 1995 онд Монголын соёлын өвд бүртгэсэн гэж байгаа.

Булган сумыг Баянзаг, Төгрөгийн ширээг эртний олдвороор нь дэлхий мэднэ. Баянзаг нь Арц богдын дагуух уудам хөндийд оршдог. 100 сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн өндөгнүүд нь дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд шуугиан тарьсан. Америкийн жуулчин Р.Эндрюс 1923 онд үлэг гүрвэлийн өндөг олсноор хоёр жилийн турш шунан малтаж, эндээс 14 үлэг гүрвэлийн яс, 110 өндөг авч одон, Америкт дэлхийд алдартай музей байгуулсан. Доктор Х.Осборн “Бүх тивүүдийн эхлэл Ази, ижий нь Баянзаг” хэмээн дуун алдсан гэдэг. Эндхийн Чулуун зэвсгийн дархны газар, 60-120 сая жилийн настай арслан заан, далайн амьтдын сүгний тухайд толгой сэгсрэхээс өөр аргагүй. Соёлын төвийн дарга Бат-Эрдэнэ найрсгаар угтан авч, амрах өрөө гаргаж өгөв. Сумын урлагийн үзлэг болох гээд шөнөжин дуу хуур, хөгжмийн эгшиг дуурьсана.

Энэ сум улаан лооль, аялал жуулчлалаараа их алдартай. Зундаа Монголд ирдэг гадны жуулчдын бараг 70 хувь нь ийш ирдэг. Жуулчны арваад баазын эзэд нь бүгд хотынх гэнэ. Малчид нь гадна дотны аялагчдад зориулж гэр буудал байгуулан зундаа хөөрхөн мөнгө олно. Нутгийн улс тэмээний махаа их иднэ. Адуу, үхрийн маханд сүжигтэй биш.

Булганчууд хэдэн жилийн өмнө арваад буга Хялганатаас аваачин үржүүлж байгаа гэнэ. Анх хашааллах гэсэн боловч хээлтэй буга нь хоёр метр өндөр торон хашаан дээгүүр харайгаад байхаар нь зөнд нь орхижээ. Үр төлийг нь олигтой авч чадаагүй байгаа аж. Хоёр ч илийг эхээс төрүүт нь чоно зооглочихжээ.

Хүрмэн-Булагтай, Нүцгэн дэлийн тал алтарна. “Говийн гурван тэмээ” хэмээх жуулчны баазын бараа харагдана. Эзэн нь тува гаралтай америк бизнесмэн. Ажилчид нь булганчууд. Тэрбээр өнгөрсөн жилийн зуднаар 1500 боодол өвс (120 шахам сая төгрөг) авч малчдад түгээжээ. Овооны тахилгын наадмыг орон нутгийн удирдлагатай хамтарч хийнэ. Бас болоогүй ээ, Дилэв хутагтын шадар лам Дамбарэнчингийн үй зайгүй дотны анд нь байсан гэх. Ямар ч гэлээ, сумынхны хайрыг хүлээсэн бизнесмэн эр үлгэр мэт жаргалаа зохион аж төрж сууна.

Сумын төвд бяцхан ихэр арслангийн баримлыг эс тооцвол хөшөө дурсгал гэхээр зүйл үгүй. Хөдөөгүүр бол өөр. Түүхэн гэрэлт бичээсүүд их. Эндхийн нэг нөхөр намайг авд дуртай гэж бодсон уу яасан, нэгэн сонин зүйл ярьсан юм. Тэрбээр “Говийн чонын нүд нь ногоон бол өлөн, харин улаан байвал цатгалан байгаагийн шинж гэнэ. Тэд их өлсөх дургүй. Их өлсвөл шууд л галзуурдаг” гэж хэлсэн нь нэгийг бодогдуулав. Сүүлийн үед говь, талын чоно идэш тэжээл ховордохын эрхээр гэрийн нохойноос ч айлгүй хашаатай малнаас суйлаад байдаг болсон гэнэ. Цоохор ирвэс сүүлийн жилүүдэд овоо өсөж буй гэх. Тэр хүчирхэг араатан жилдээ нэг сар мацаг барьж, өвс ургамлаар хооллодог нь үнэн байж ч магад. Бор гөрөөснүүд усгүй хар зуднаар чулууг амьсгалаараа цантуулж, түүнийгээ долоож цангаагаа тайлдаг тухай сонин яриа ч чих дэлсэв.

Мандал-Овоо сум: 1923 оны зун Хана сум нэртэйгээр анх байгуулагджээ. Энэ газрыг аялагчид говийн алдарт Улаан нуураар нь мэднэ дээ. Зарим жил зах хязгаар нь харагдахгүй давалгаалж байдаг нуур зарим жил чийгтэй шавар ч үгүй алга болчихно. 350 км замыг туулан мөлхөж ирдэг Онгийн гол нуурын хувь заяаг шийдэж байдаг. Сумын буудалд нь буулаа. Цэвэрхэн, тохилог юм. Аянчид тэмээний маханд сүжиггүй болохоор ямааны махаар янз бүрийн хоол хийж дайлна. Харьцангуй бага залуу насны дарга нартай юм билээ. Тийм хэдий ч зарим дарга нь лазан хойрго талдаа. Мандал-Овоон Ханын хэцийн хүрэн тэмээ нь социализмын үеэс алдартай. Энд бас пад хар тэмээнээс гадна Мандалын улаан ямаа ч тааваараа бэлчээрлэнэ. Тэмээн сүргээрээ Өмнөговьд байтугай улсдаа тэргүүлдэг аж. Газар нутаг нь их зэлүүд, талархаг. Говьдоо ховор яшил зандан мод Цогт-Овоогийн нутгаас гадна энд цөөнгүй ургасан байдаг. Мөнх харганаа үс цайх үед хандалж ууваас бууралтахгүй гэнэ. Энэ нь алтан харганын нөгөөдөх мөнгөн харгана гэдгийг уншигч авхай та гадарлах биз.

Нөгөө Олон овоотын алтны уурхай чинь энд бий. Ганц алт ч биш, өнгөт төмөрлөгийн нөөц нь хомхой олбин улсын шуналыг ёстой малтаж буй гэх.

Цогт-Овоо сум: Сүүлийн хориод жилд хүн ам, мал сүрэг нь тасралтгүй цөөрсөөр байгаа. 2000 онд 60-аад мянган малтай байсан бол талаас илүү нь алга болсон. Энэ янзаараа бол арваад жилийн дараа татан буугдаж мэднэ. Уул нь 1960 оны үед бий болсон залуу сум л даа. Эндхээр овоглосон алдартан гэвэл уран хатгамалч А.Цэрэнхүү гуай. Өмнөговийг зорих хүн бүхэн энэ сумаар дайрч өнгөрдөг ч “Босго сум”-ын ямар ч шинжгүй. Эрт урьд цагт эл нутгаар олсны ургамал, хар будаа их тарьдаг байсан юм гэнэ билээ. Бодвол хятадууд биз. Харин Юань гүрний их хаан Тогоонтөмөрийн орд өргөөний туурь бий. “Товцог” гэдэг үгийг би дов сондуул ч юм уу гэж бодож явтал говийнхон хармагийн бутыг тийн нэрлэдгийг нутгийн хөтчөөс мэдэж авав.

Авгаржин Жа.БАЯРАА /Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, МСНЭ-ийн шагналт сэтгүүлч/ Улаанбаатар-Мандалговь- Даланзадгад. 2017.12.09

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот болон зарим аймагт цахилгаан тасарлаа

Дөнгөж сая 10:15 цагийн орчим Улаанбаатар хотын хэмжээнд тог тасарлаа. Зарим аймагт тог тасарсан гэх мэдээлэл ирж байна.

Бүх гэрлэн дохио ажиллахгүй болсоны улмаас автозамын түгжрэл ихэсчээ. Үүний шалтгааныг тодруулахаар УБЦТС-руу залгалаа. Гэвч УБЦТС-ийн дуудлагын утас ажиллахгүй байна. Иймээс ямар нэгэн мэдээлэл авах боломжгүй, тодорхой мэдээлэлгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Онгоц одтой, цагаан нохой өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 15, Санчир гариг. Билгийн тооллын 6, Онгоц одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 6:30 цагт мандан, 19.03 цагт жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Categories
мэдээ нийгэм

Монгол эрчүүдийг япон эмэгтэйчүүдтэй гэрлэхэд зуучилна гэсэн нь худал мэдээлэл гэв

Фэйсбүүк, Твиттер сүлжээгээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Сато Мицүмигийн хэлсэн үг мэтээр тархаж буй мэдээллийн талаар тус байгууллага албан ёсны мэдэгдэл хийлээ. Тус мэдэгдэлд “ЖАЙКА Монгол дахь Төлөөлөгчийн Газартай холбоотой худал мэдээлэл Фэйсбүүкийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан,тус мэдээлэл нь ор үндэсгүй зүйл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь 101, 102, 103, 105 тусгай дугааруудын утсаар иргэд, ААН, байгууллагаас мэдээ, мэдээлэл, дуудлагыг хүлээн авч холбогдох байгууллагуудыг шаардлагатай мэдээ мэдээллээ хангах үүрэг бүхий байгууллага юм. Түүнчлэн цагдаа, онцгой байдал, эмнэлгийн түргэн тусламжийн албадын хамтын ажиллагаа, харилцан уялдаа холбоог хангаж, гэмт хэрэг зөрчил, гал түймэр, гамшиг осол болсон газрын байршил, цагдаагийн хөдөлгөөнт болон явган эргүүл, онцгой байдал, эмнэлгийн шуурхай албадын автомашинуудын байрлал хөдөлгөөнийг газар зүйн мэдээллийн систем, байршил тогтоох систем, телехяналтын камеруудын тусламжтайгаар шууд хянаж, удирдлага, зохицуулалтын ажиллагааг тоон радио холбооны сүлжээгээр явуулдагбайна. Тус төвийн үйл ажиллагаатай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өчигдөр танилцсан юм.

Төвийнхөө хийж хэрэгжүүлж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, зайлшгүй шаардлагатай ажлуудаа МШУТ-ийн Техник ашиглалтын хэлтсийн тасгийн дарга, хошууч М.Болор-Эрдэнэ зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Яаралтай тусламжийн мэдээллийг бүрэн хүлээн авч, дамжуулах боломжтой олон улсын жишигт нийцсэн төв үйл ажиллагаа явуулж байна. Дэлгэцийн хяналтын систем дээр өнөөдрийн байдлаар 1200 ширхэг камерыг татан харах боломжтой. Өдөртөө гурван тусгай дугаарын нийлээд 10 мянга орчим дуудлага авдаг. Энэ төв ажиллаж эхэлснээрээ онцгой байдал, цагдаа, эмнэлэг гэсэн гурван байгууллагын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан. Энэ оны эхний есөн сарын байдлаар 5600 дуудлага дээр хамтран ажилласан” хэмээн танилцуулгадаа дурьдав.

Улаанбаатар хотод 2010 оноос хойш 10 төсөл хөтөлбөрийн хүрээнд 8.7 тэрбум төгрөгийн зардал бүхий хяналтын замер суурилуулсан байна. Эдгээрээс дөрвөн төсөл нь өнөөдөр хэвийн ажиллагаагүй, чанарын шаардлага хангахгүй эвдэрсэн зэрэг асуудалтай байгаа. Нийслэлийн хэмжээнд нэг чигийн, хөдөлгөөнт, нэгдүгээр эгнээний зөрчил илрүүлэх, дугаар таних гэсэн 4 төрлийн 1716 камер суурилуулсан байна.

Тэдний зүгээс цаашид хяналтын камерын системийг үр ашигтай ашиглахын тулд олон улсын жишгээр теле камерын системийн ашиглалт үйлчилгээг нийслэлийн захиргаа хариуцан ажиллаж, бусад төрийн байгууллагуудад хэрэглэгч байдлаар ашиглуулах, удирдлага хяналт, суурь систем, ухаалаг програм хангамжийг нэвтрүүлэх, ажиллагаагүй байгаа хяналтын камеруудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилд оруулах, шаардлага хангахгүй камеруудыг үе шаттайгаар солих, амжилтгүй хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд хяналт, шалгалт оруулах зэрэг хэд хэдэн саналыг дэвшүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний зүгээс ажлын хэсэг байгуулаад, мэргэжлийн хүмүүсээ оруулаад зохион байгуулалттайгаар та бүхний тавьж буй саналуудыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг шийдэх хэрэгтэй. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүнийг бид үр дүнгүй өнгөрөөж болохгүй. Бүх хийх юмаа тодорхой болгох хэрэгтэй. Дүүрэг, нийслэлээс хөрөнгө гаргасан өөр эх үүсвэрээс гаргасан ч бай эхний ээлжинд хаана байрлуулах вэ гэдгээ тодорхой болгосон байх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл 8.7 тэрбум төгрөг камержуулалтад зарцуулсан байна. Маш олон камер нь шаардлага хангахгүй, ажиллахгүй байна. Үүнийг бид янзлах ёстой. Ажлын хэсгээ яаралтай байгуулаад 2019 оны төсөв хэлэлцэхээс өмнө дүгнэлтээ гаргаад дараа жил байршуулах камеруудынхаа байршил, шаардлагыг тогтоох хэрэгтэй. Тэгвэл Засаг даргын зүгээс ирэх жил камержуулалт мөнгө зарахаас татгалзахгүй. Нийслэлийн иргэдийг аюулгүй амгалан тайван амьдруулах нь миний эрхэм зорилго. Тийм учраас бид хамтарч ажиллах хэрэгтэй” гэлээ хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 17.2 тэрбум төгрөгөөр буурчээ

Мөнгөний нийлүүлэлт наймдугаар сарын үзүүлэлтээр 17.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 229.1 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гарсан байна. Харин гүйлгээнд гарсан бэлэн мөнгө долдугаар сараас 10.4 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 27.9 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 20.2 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үлдэгдэл өмнөх сараас 2,2 хувиар өсчээ. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 17.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш нарын цалинд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонсов.

Улсын хэмжээнд ажил хаялтад оролцож байгаа багш, ажилчдын шаардлагыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-аас тэгш төлөөлөл оролцуулан байгуулсан. Ажлын хэсэг ажил хаялтад оролцогчдын тавьж буй дөрвөн зүйл шаардлагыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрч, тохиролцсон гэв. Төрийн албан хаагчдын цалинг 8-30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь үндсэн цалингийн тогтвортой суурь үнэлгээ болох бол нэг удаагийн 300,000 төгрөгийн тэтгэмж нь оновчтой шийдэл биш бөгөөд нэмж олгох төсвийн боломжгүй гэдэгт санал нэгдсэн байна.

Бага анги, цэцэрлэг, тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг есдүгээр сарын нэгний өдрөөс 12.3 хувиар нэмэгдүүлэх явцад үйлчилгээний тогооч, манаач гэх мэт 23,000 орчим туслах ажилчдын цалин нэмэгдэхгүй орхигдсоныг найман хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.

Засгийн газраас 2014 онд төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг шинэчлэхдээ багш нарын цалинг эмч нарынхаас 4.3 хувийн зөрүүтэй тогтоосныг 2018 онд багтаан тэгшитгэх тухай МҮЭХ, БСШУҮЭХ-ны гишүүдийн тавьж буй шаардлагыг хүлээн авч биелүүлэх нь зүйтэй гэв.

Эдгээр асуудлыг нэгтгэн шийдвэрлэхэд шаардагдах 14.5 тэрбум төгрөгийг ХНХЯ, БСШУСЯ, Цалингийн сангийн нөөц бололцоог дайчлан салбар хоорондын уялдаа холбоог ханган хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт ээлжит бус хуралдаанаас үүрэг болголоо.

Ажил хаялтад нэгдээд байсан хоёр цэцэрлэг, ерөнхий боловсролын 12 сургуулийн багш ажилчид өнөөдрийн байдлаар ажил хаялтаа зогсоож, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхлээд байна.

Дээрх санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан тохиолдолд ирэх Даваа гарагаас ажил хаялт зогсох боломж бүрдэнэ гэж өргөтгөсөн ажлын хэсгийн гишүүд үзэж байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Япончууд тархины хорт хавдартай хүүхдүүдэд туслалаа

Өнөөдөр Япон Монголын соёлын төвд Японы Такаражима Жяпан компанийн зүгээс “Тархины хорт хавдартай” хүүхдүүдэд зориулж хандивын ажил зохион байгуулжээ.

Тус компани нь 2012 онд байгуулагдаж үйл ажиллагаа нь монголд үйлдвэрлэгдэж байгаа ноос ноолууран бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд борлуулдаг байна. Мөн монголд тариалагдаж байгаа чацарганы түүхий эдийг Японд боловсруулж жүүс, тос, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.

Иймд Такаражима Жяпан компани нь нийгмийн хариуцлагын үүднээс Тархины хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээ оношилгоонд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн Японд “Морин хуур”-ын хандивын тоглолт зохион байгуулж олсон ашгаа Тархины хорт хавдартай хүүхдүүд, тэдний ар гэрийнхэнд хандивладаг болжээ.

Энэ жил зохион байгуулсан “Морин хуур”-ын тоглолтоос бүрдсэн мөнгөн хандивыг “Амгалан наран” ТББ-ын тэргүүн Б.Наран-Эрдэнэ, Сүжеташанд ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико нар гардууллаа гардуулсан аж. Цаашид Монгол дахь “Амгалан наран” ТББ байгууллага нь тархины хорт хавдартай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, Японд эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах юм байна.