Categories
мэдээ нийгэм

​НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн наймдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.

Categories
мэдээ нийгэм

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагаар 600 ажлын байр зарлагдав

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” ТББ-уудтай хамтран “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа.

600 ажлын байр зарлагдлаа

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт үндэсний тэргүүлэгч 58 аж ахуй нэгж, байгууллагуудын 600 ажлын байр зарлаж, хүний нөөцийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 6 байгууллага ажил хайж буй залуучуудад зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн идэвхтэй ажил хайж байгаа залуучууд оролцсон бөгөөд аж ахуй нэгж, байгууллагууд менежер болон түүнээс дээш түвшний ажлын байр зарлаж, залуу боловсон хүчний хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэнээрээ онцлог боллоо.

Эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар зохион байгуулагч байгууллагуудын төлөөллүүд мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар залуучуудтай харилцан санал солилцов.

600 ажлын байр зарлагдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийгзохион байгуулсан бөгөөд энэ сарын 28-нд Дүнжингарав салбард ажлын туршлагагүй залуучуудад зориулсан хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төв өнөөдөр ажиллахгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой ‘’Итгэл найдвар, Боломж-Улаанбаатар’’ хандивын марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна.

Ахиллас Монгол Төрийн бус байгууллага, Ариг банк болон дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс хамтран энэхүү марафон гүйлтийн тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээн Маршалын гүүр-Дүнжингаравын уулзвар-Улиастайн уулзварын чиглэлд явагдах тул өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд тус замыг хаагаад байна.

Иймд өнөөдөр Дүнжингарав худалдааны төв амарч байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Аллагатай, авлигатай, хулгайтай засгийг тогтвортой ажиллуулна гэдэг нь юу л бол…

– ТУРК ИРГЭНИЙГ БАРИВЧЛАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ШУУД ХОЛБООТОЙ –

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-АН болон УИХ дахь АН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулна гэж сүрхий мэдэгдэл хийгээд таг чимээгүй болсон. Засгийн газрыг огцруулах ямар шалтгаан байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагаанд ноцтой хэд хэдэн доголдол дараалан гарсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын хуулиудыг зөрчсөн. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлэг тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийж, мэдэгдэл гаргасан. Сөрөг хүчний зүгээс хийж буй үйл ажиллагаа нь ард түмний санаа бодлыг төлөөлж байгаа гэсэн үг. Түүнээс зөвхөн АН-ын бүлгийн гишүүдийн улс төр гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед хараад байхад Монгол Улсын улс төрийн нөхцөл байдалд тулгамдсан асуудлууд олон боллоо. Нэг үгээр хэлбэл улс төрийн нөхцөл байдал туйлын ярвигтай болж байна гэж ойлгож болно. Учир нь үнэмлэхүй олонход 2016 оны сонгуулиар ард түмэн асар их итгэл хүлээлгэсэн. Хэдийгээр Ардчилсан нам эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг туулан эрх барин ажиллаж байсан ч тухайн үеийн МАН-ын сурталчилгаа ард түмнийг асар том хүлээлт рүү түлхсэн. МАН төрийн эрх бариад бүрэн эрхийнхээ талаас илүү хувийг өнгөрөөлөө. Одоо гурав дахь жил рүүгээ орлоо. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв гэдэг ойлголтыг ард түмэн тэртээ тэргүй авчихсан. Үүнийг ярих нь илүүц. Тиймээс бид мэдэгдлээ гаргасан юм. Мэдэгдэлд УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанаас эхлээд бүхий л зүйл нь төрийн ажил тасалдалгүй явуулахад доголдол үүсгэж байна гэдгийг анхааруулан хэлж байгаа юм. Ялангуяа УИХ, Засгийн газрын үл ойлголцол, түүнээс гарч буй сөрөг үр дагаврууд нийгмийн итгэлийг бүрэн алдагдуулж байна шүү гэдгийг анхааруулсан. Тэр үед ямар байдал үүссэн бэ гэдгийг эргээд харцгаая.

Үнэхээр нийгмийн бухимдлыг төрүүлсэн, нийгэмд зайлшгүй мэдээлэх шаардлагатай онцгой нөхцөл үүссэн. Эрх баригчдын амлалтын талаар ярихаа больё, түвэг. Ардын намын амлалт аман доторх хий болоод дууссан. Ард түмэн дүн тавина. Тухайн үед яасан гэхээр хүний эрхтэй холбоотой Үндсэн хуулийн том зөрчил гарсан. Турк иргэнийг баривчлах гэсэн оролдлого Засгийн газартай шууд холбоотой.

-Гэхдээ асуулга тавиад байхад Засгийн газар өөрсдийгөө холбоотой гэж огт дуугарахгүй байгаа шүү дээ?

-Засгийн газар энэ хууль бус үйл ажиллагаатай холбоотой. Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ч одоо болтол хариу алга. Хоёр дахь нь төрийн албаны завхрал. Төрийн албаны завхрал гэдгийг энгийн үгээр хэлэхэд аллага, авлига хоёртой холбоотой асуудал. Төрийн хариуцлагатай албан тушаалтнууд ажлынхаа байранд согтуурч нэг нөхрийнхөө аминд хүрнэ гэдэг бол төрд итгэх ард түмний итгэлийг үгүй болгож байгаатай адил. 60 тэрбумтай холбоотой асуудал байна.

Ийм мэдлэг, боловсролгүй, салбарын чиглэлгүй хүмүүсийг улс төрийн намын харьяалал, танил тал, нутаг нугаар нь харж төрийн албанд шургуулсантай холбоотой асуудал. Аливаа зүйлийн эх суурь юунаас эхэлсэн бэ гэдгийг бид харах ёстой. Үүнээс үүдсэн гажуудал. Төр засаг тогтвортой ажиллах ёстой гэдэгтэй санал зөрөлдөж байгаа хүн байхгүй. Гэхдээ тогтвортой гэхээсээ илүүтэй зөв ажиллах ёстой юм. Зөв ажиллахгүй, аллагатай, авлигатай, хулгайтай байгаа засгийг тогтвортой ажиллуулна гэдэг нь юу л бол. Хэн ч тэвчиж болшгүй асуудал. Монголын түүхэнд өмнө нь ийм арчаагүй зүйл хэзээ ч гарч байгаагүй. Үе үеийн Засгийн газарт сайнтай, муутай олон л зүйл байсан. Гэхдээ ийм байдалд хэзээ ч хүрч байгаагүй. Бид үүнийг зөвтгөж болохгүй.

Одоо Эрдэнэт үйлдвэр 100 гаруй сая ам.долларын өрөнд орсон асуудал яригдаж байна. Энэ Монгол Улсад учирсан бодит хохирол мөн. Монгол Улс төлөх үүрэг хүлээлгэсэн үү, хүлээлгэсэн. Мөн л албан тушаалтнуудтай холбоотой. Ийм зүйл гарчихаад байхад сөрөг хүчин дуугүй байх эрхгүй. Үүнийг нь мэдсээр байж Их хурал авч хэлэлцэхгүй байгаа нь буруу. УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна, хуралдуулахгүй гээд одоо болтол маргалдаад сууж байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулна гэдэг тийм хүнд асуудал биш. Ялангуяа ээлжит бус чуулганыг хүний эрхийн зөрчил гарсны дараа, төрийн албанд аллага болсны дараа шууд хуралдуулах эрх нь УИХ-ын даргад байсан ч өдийг хүртэл юу ч хийсэнгүй. Үүнийг нь бид яагаад зөвтгөх ёстой юм бэ. Ийм үнэ цэнэгүй болсон төрийг бид яагаад хаацайлж суух ёстой гэж. Асуудлын учир нь үүндээ л байгаа юм.

Засгийн газрыг огцруулахгүй гэж байгаа бол ёс зүйгүй, түмний итгэлийг эвдсэн УИХөөрөө тарах ёстой

-Засаг солигдоод үр дүн яаж эргэнэ гэж. Өмнөх Засгийн газраа хангалтгүй ажиллалаа гээд огцруулсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад нэг жил боллоо. Үр дүн гарахгүй байгаа юм уу?

-Үр дүн гарсан уу, үгүй юу гэдгээр нь ард түмний дунд асуулга хийчихье. Нэг жил гэдэг бага хугацаа биш. Зөв ажиллаж чадвал олон сайхан зүйлийг хийж чадах цаг хугацаа. Харамсалтай нь энэ цаг хугацаагаа зүгээр л алдчихсан. Эцсийн үр дүн жилийн дараа гарахад хариуцлагын оронд юу яригдаж байгааг харж байгаа биз дээ. Анх АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хариуцлагатай ажиллуулахын тулд дэмжсэн. Хэд хэдэн шаардлага тавьсан ч харамсалтай нь нэг нь ч биелсэнгүй. Үүний зэрэгцээ удаа дараагийн хариуцлагагүй үйлдэл гарсан нь энэ Засгийн газрыг яаж ч зөвтгөх аргагүй болгосон. У.Хүрэлсүхийн Засгийн газар бүтэн жилийн хугацаанд олон сайхан төсөл ярилаа. Даанч үр дүн алга. Засгийн газраас гарч буй үйлдэл болгон нь энэ төрд сөрөг үр дагавар авч ирсэн. Засгийн газар үүнийгээ ойлгох ёстой. Ойлгоод өөрсдөө огцрох ёстой юм. Хатуу бөгөөд үнэн гэвэл энэ л байна.

Монголчууд төрөө харж амьдардаг. Төрөөс гуйхаас илүү өөрсдөө болгоё, бүтээе гэсэн нь олон бий. Төр нь шударга байж чадаагүй байж нийгмээс шударга ёс нэхэх нь утгагүй зүйл. Үүнийгээ ойлгоод ёс зүйн хариуцлага хүлээгээд огцрох нь өөрсдийнх нь яриад байгаа шударга ёсонд нийцнэ. Тэртээ тэргүй ажил явахаа болилоо. Нэг жил гаруйн хугацаанд хэнээс юу хүлээх юм. Их хурал нь хаацайлаад чимээгүй суугаад байж болохгүй. Эрх баригчдын өнөө олон шударга гишүүд нь хаана яваа юм бэ. Хэрэв Засгийн газрыг огцруулахгүй гэж байгаа бол ийм ёс зүйгүй, түмний итгэлийг эвдсэн УИХ өөрөө тарах ёстой. Төрийн түшээдийн хэлж буй үг бүр үнэ цэнэгүй болж, итгэдэг хүнгүй болсон. Үүнийг мэдэрч байгаа хэдэн хүн байна вэ. Би 2020 он бушуухан болоосой гэж хүсч байна. УИХ тарчихвал 2019 онд сонгууль хийгээд энэ төрийг өөрчлөөсэй гэж бодож байгаа. Энэ ганцхан Эрдэнэбатын хүсэл биш.

-Эдийн засаг ингэж мундаг өсч байна гэсэн сурталчилгаа их л явах юм байна шүү дээ?

-Эдийн засгийн өсөлтийн тухай олон удаа ярилаа. Өнөөдөр ард түмний амьдрал сайжирсан нь хаана байгаа юм. Ажлын байр хумигдаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Үүнийг нь амьдрал сайжирч байна гэх үү. Энэ балмад зүйлсээ зөвтгөх гэсэн зүйлийг олон янзаар рекламдаж байна. Тэгэх тусмаа өөрсдийгөө эвгүй байдалд оруулж байгаагаа ойлгохгүй юм. Үүнийг ойлгуулах эхний алхам нь багш нарын ажил хаялт болж байна гэж харж байгаа. 2018 оны улсын төсвийг хэлэлцэж байхад бүлгийн даргын хувьд би хатуу сануулга өгч байсан. “Багш нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа нь үнэн шүү дээ. Та нар зүгээр 15 хувь нэмчих л дээ. Урамшуулал олгоно гэж багш нарыг битгий хуур. Урамшуулал чинь нэг удаагийнх. Үүний оронд багш нарынхаа цалинг нэмчихвэл амьдралаа залгуулахад дэм болно” гэхэд “Үгүй ээ. ОУВС зөвшөөрөхгүй байгаа учраас урамшуулал гэж олгож байгаа” гэдэг тайлбар өгсөн. Одоо нөхцөл байдлыг хар. Би багш нарыг ойлгож байгаа. Багш нарын цалинг нэмэхийн өмнө чадваргүй багш нараа яах юм гэж яриад байна лээ. Гэхдээ өнөөдөр энэ багш нарын цалин амьдралд нь хүрэлцэхгүй байгаа юм. Аргаа ядаад ажил хаялт зарлаж байна шүү дээ. Гадна дотны өр зээл гээд ярьж байна. Үе үеийн Засгийн газруудын тавьсан өр зээл болохоос ганцхан Ардчилсан намд бурууг тохоод нэмэргүй гэдгийг хүн бүр ойлгодог болсон. Өрийг өрөөр хааж байгааг нь хүн бүр мэдэж байна. Гоё сайхан үгээр бие биенээ хуураад яахав. Хүний сэтгэл үгээр хооллодог болохоос хүний амьдрал үгээр хооллодоггүй байхгүй юу. Бид хэдэн удаа сэтгэлийг нь үгээр хооллох юм. Ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, гадагшаа явж ажил хийх гэсэн залуус хэдэн хоногоор дугаарлан зогсож байгаа нь бидний өмнө тулгамдсан асуудал мөн биз дээ. Оюу толгой, Таван толгой, уул уурхай гээд ирээдүйд бидний хийх ажил асар их. Энэ төслүүд нь яваасай гэж хүн бүр хүсч байгаа. Харамсалтай нь эдийн засгийн үр ашиг хүрттэл хол харагдаад байгаа юм биш үү. Хүн бүрийг ажлын байраар хангаж, хүн бүрийг гэдэг цатгалан явуулдаггүй юм аа гэхэд яаж ходоод хоосон амьдрахгүй байх вэ гэдэгтээ тулчихаад байна. Үүнийг ойлгож байгаа нь хэд байна вэ.

Өнөөдрийн бодит нөхцөл байдал чинь ийм болсныг яагаад олж харахгүй байгаа юм бэ. Хэвлэлд мөнгө цацаад өөрсдийгөө магтуулж болно. Даанч энэ чинь үнэ цэнэгүй болчихлоо шүү дээ. Ард түмэн чинь цөхөрсөн байна гэдгийг ойлгохгүй байна уу. 65-уулаа болоод бүх асуудлыг шийднэ гэж итгэсэн ард түмний итгэл байхгүй болчихож. 65-ын бүлгээ хоёр хувааж Засгийн газар, Их хурал хоёрыг үл ойлголцол, хэрүүл рүү түлхэн Монгол Улсыг үнэ цэнэгүй болгосон буруугаа хэнд тохох гээд байгаа юм. Тиймээс одоо тарсан нь дээр. Ардчилсан нам төрийг тогтворгүй болгох гээд байна гэдэг. Үнэндээ Ардчилсан намаас хамаарч байгаа зүйл юу ч байхгүй. Харин ч Ардчилсан нам ард түмний дуу хоолойг төрд хүргэж байгаа. Хүргэх ёстой үүрэг нь юм.

Ээлжит чуулган хаяанд ирчихлээ. Чуулганы эхэнд энэ шаардлагаа бид шууд тавина. Энэ төр чинь үнэ цэнэгүй болчихлоо. Энэ төрд чинь аллага гарчихлаа. Энэ төрд чинь авлигагүй бол юу ч явахаа болилоо. Боловсрол, эрчим хүчний салбараа хар. Одоо болоо юм биш үү. Жил гаруйн хугацаанд юу хийнэ гэж ард түмэнд худлаа ярих юм. Ядаж хэдэн км зам, жижиг дунд үйлдвэр, ганц том төсөл хөдөлгөчихсөн бол хүн горьдох юмтай үлдэнэ ээ дээ. 2019 онд юу амжуулж, 2020 онд юу гэж худлаа ярьж сонгуульд орох юм бэ.

-Хаана хаанаа л аль ч нам гэлтгүй адилхан юм биш үү?

-Эдийн засаг гүн хямралд байхад бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлгүй, ажлын байрыг нь хумилгүй, гэртээ таван төгрөгний орлоготой харих боломжоор нь хангаж явсан нь өнөөдөр зөв гэдэг нь харагдаж байна. Өөр юу хэрэгтэй гэж. Ард түмэн олон зүйл хүсдэггүй. Тэглээ гээд бид “Та нарыг өлсгөөгүй” гэж зарлаагүй шүү дээ. Энэ чинь тусгаар улс, үндэсний эрх ашиг гэж байдаг юм. Үндэсний аюулгүй байдал гэж байдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд нь төрийн гурван өндөрлөг багтдаг. Тэд нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байгааг түмэн олноороо харж байна. Энэ гурав нь хааш хаашаагаа хараад суучихсан юм. Нэгэнт одоо ажил явахгүй юм чинь дараагийн сонгуулиа эртхэн явуулцгаая. Энэ төрийг дахин шинээр бүрдүүлсэн нь дээр.

-Бензин шатахууны үнэ аажмаар нэмэгдэж байна?

-Бензиний үнэ долоо хоногийн өмнө дахин 30 төгрөгөөр нэмэгдчихлээ. Он гарсаар 3-4 удаа үнэ нэмсэн. Цөөхөн хүн амтай Монгол Улс стратегийн бүтээгдэхүүндээ дандаа сөхөрч унадаг. Ядуу ард түмнээ дахиад нугалаад хаячихлаа. Үүнийг зөвтгөх гээд оролдоод байх юм. Зах зээлийнхээ жамаар явдаг зүйл гэж бий. Иргэд, үндэсний аюулгүй байдлынхаа төлөө зайлшгүй анхаарч хийх гэж төрийн ёстой бодлого байдаг. Одоо нэг жил зургаахан сар үлдлээ. Найдах зүйл үнэндээ үлдсэнгүй.

-Нефть боловсруулах үйлдвэрээ барьчих юмсан…

-Монгол Улс өөрсдийнхөө түүхий нефтийг өөрсдөө боловсруулах нь монголчуудын эрх ашиг гэдэгтэй өнөөдөр ч би санал нэг байдаг. Нефть боловсруулах үйлдвэрийг гацаах, зогсоох талаар би ямар ч мэдэгдэл хийдэггүй. Учир нь энэ зовлонг би мэднэ.Нефть боловсруулах үйлдвэр барихын тулд хоёр том хөрштэйгөө ойлголцож байж хийнэ. Ойлголцол байхгүй бол нефть боловсруулах үйлдвэр байгуулахад хүнд. Энэ нөлөөллийг арилгах Засгийн газрыг бодлого байсан уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Нефть боловсруулах үйлдвэр баригдаасай гэж бодож байна. Эсэргүүцэж болдоггүй, улс төржиж болдоггүй сэдэв гэж бий. Ялангуяа стратегийн том үйлдвэрийг барихад бид ямар нэгэн улс төрийн өнцөг хэзээ ч гаргаж болохгүй. Ган, зэс, нефть боловсруулах үйлдвэр бол Монгол Улсын заавал барих ёстой стратегийн үйлдвэрүүд. Үүнийг хийхэд Монголын эрх ашгаас гадна геополитикийн хөршүүдтэйгээ ярилцах ёстой. Тэдэнтэй ойлголцвол бид юу ч хийж чадна.

Засгийн газар бүтээн байгуулалтууд эхэллээ гэж байна. Эхэлж болно. Хамгийн гол нь ямар хөрөнгөөр вэ. 2012-2016 онд бид хэн нэгний хараат байлгүй энэ бүгдийг хийсэн. Цементийн үйлдвэр, эрчим хүчний эх үүсвэрийн бүтээн байгуулалтууд, дэд бүтэц замыг бид өөрсдийн дотоодын хүчээр хийсэн. Өнөөдөр манайд орж ирж буй хөрөнгө оруулалт нь нэг улсын хараат болох эрсдэл рүү явж байгаа. Нэг улсаас хэт хараат хөрөнгө оруулалт орно гэдэг нь ирээдүйд үндэсний аюулгүй байдалд сөрөг үр дагавар хүргэх аюултай. Засгийн газрын зарлаж буй хөрөнгө оруулалтууд нь нэг улсаас хараат хөрөнгөлөлттэй зээл болж 1.5 тэрбум ам.долларын хэмжээнд хүрлээ. Бид Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг олон улсын хөрөнгийн биржээс босгоход эдийн засгийн хараат санхүүгийн эрсдэл байгаагүй юм. Монголд энэ бодлого алдагдсан байна.

-Та 2020 оноос өмнө дахин сонгууль явуулах ёстой талаар хэдэнтээ дурдлаа. Дахин сонгууль бүү хэл Хэнтий аймгийнхаа ганц тойрог дээр нөхөн сонгууль явуулчихаж чадахгүй байна шүү дээ?

-Намрын чуулган эхлээд долоо хоногийн дотор Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх ёстой. Цэцийн дүгнэлт Их хурлаар орох үед өөрийн байр суурийг илэрхийлнэ. Бүлгээрээ энэ асуудлыг яриагүй байгаа. Ер нь бол төрийн албан хаагч төрд тангараг өргөсөн хүн байдаг юм. Сонгуулийн тухай хуулинд төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол зургаан сарын өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх тухай байдаг. Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад би өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Төрд тангараг өргөсөн төрийн албан хаагч нэг бол иргэн болох нөгөөх нь төрд үнэнчээр зүтгэх л сонголт бий. Төрийн албыг улс төртэй хутгаж хэрхэвч болохгүй. Тэр тусмаа төрд тангараг өргөсөн хүн төрдөө л үйлчлэх ёстой болохоос ийм холбиромтгой байж болдоггүй юм. Зам, тээврийн хөгжлийн яаман дээр болсон аллага улстөржилтөөс болсон. Төрийн албыг улс төржүүлсний хар гай ингэж гарч байгаа юм. Төрийн албаны мерит зарчим байхгүй гэдэг нь ингээд нотлогдож байгаа юм. Төрийн албан хаагч, жирийн иргэн, улстөрч гурав өөр. Жирийн иргэн, улстөрч хоёрын сонгогдох эрх нь нээлттэй. Төрийн албан хаагч төрд тангараг өргөсөн бол улстөржих эрхгүй хүн. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд чадалтай боловсон хүчин байх үүрэгтэй. Төрийн албаар дамжиж улстөрч болно гэдэг хаалгыг үүрд хаах ёстой. Тиймээс Цэцийн шийдвэрийг би зөв гэж харахгүй байгаа. Үндсэн хуулинд төрийн албан хаагчийн зарим эрхийг түдгэлзүүлж болдог. Цэц үүнийг анхаарч үзээгүй нь буруу. Хувь хүн жирийн иргэн байх уу, улстөрч байх уу, эсвэл төрд зүтгэдэг жинхэнэ төрийн албан хаагч байх уу гэдэг сонголтоо хийх ёстой юм. Төрийн албан хаагч нь өөрөө суучихаад Цэц дээр зарга мэдүүлээд явах юм. Тэгвэл бүх төрийн албан хаагчид тэгвэл яах юм бэ. Эсвэл төрийн албан гэж байхгүй бүгдийг нь улс төрийн алба болгоё л доо. Мерит зарчмын тухай ярьж, төрд тангараг өргүүлэх ямар учиртай юм. Тиймээс жирийн иргэн улс төрд орох, төрийн албанд орох хоёр ялгаатай гэдгийг эрх зүйн хувьд заавал эргэж харах шаардлагатай болж. Нэг улс төрийн амбицтай төрийн албан хаагчийн заргаар олон зуун сонгогчдын эрхийг хязгаарлах шийдвэр гаргадаг Цэц ч гэж юу юм.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь Английн Арбитрийн шүүхээр орж Монгол Улс 100 гаруй сая ам.долларыг эргэн төлөхөөр боллоо. Энэ мөнгийг Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэт үйлдвэр, Жастын Батхүүгийн хэн нь төлөх юм бэ?

-Эрдэнэт үйлдвэр төлөх үү, төсвөөс төлөх үү гэдэг нь зарчмын ялгаа байхгүй. Зарим хүмүүс төсвөөс мөнгө гарахгүй гэж тайлбар хийх гээд байх юм. Үгүй ээ, Эрдэнэтээс мөнгө гарч байгаа бол төсөвт төлөх байсан ашиг юм уу, хуримтлалаас нь гарч байгаа. 51 хувь нь төрийн өмчит үйлдвэр юм чинь төр л үүргээ хүлээнэ. Ард түмний толгойг эргүүлэх шаардлагагүй. Дараа нь буруутай этгээдээр нь төлүүлнэ гэх юм. Буруутай этгээд нь хэн юм. Ийм хариуцлагагүй үйлдлийн мөнгийг төр төлж болохгүй шүү гэдгийг хэлье.

Төрийн өмчийг дэндүү их үнэгүйдүүлж, дэндүү улстөржүүлсэн, дэндүү их шулсан. Үүний л гор гарч байна. Төрийн өмч бүрийг улстөрчид өөрсдөдөө ашигтай байлгаж ирснийг хаах гэж бид тэмцдэг: Хамгийн ашиггүй үйлдвэрүүд төрийн өмчийн доор бий болдог. Улстөрчдийн томилгоо, бизнесийн шахаа үеийн үед явж ирснийг таслан зогсоох шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтарч байж зөв менежмэнт явна. Хувийн өмчийн хяналт орсон байхад тэнд үргүй зардал багасна. Ирээдүйгээр харсан технологийн шинэчлэл явагдана. Улстөрчид шинэчлэлийг хэзээ ч хийхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

-МАН-ын бүлэг доторх талцал ажил явуулахгүй байна уу?

-МАН-ын бүлэг 65 гишүүнтэй. 65 гэдэг асар том тоо. Бүхнийг шийдэх чадвартай тоо. Заримдаа хүмүүс “Та нар яагаад үймүүлээд байгаа юм, ажлыг нь хийлгэхгүй” гэдэг. Би “Эд нар 65-уулаа. Бүх шийдвэрийг гаргах хүч нь тэдэнд бий. Тэдний хоёр хуваагдсанд бид яахаараа буруутай байдаг юм” гэдэг. Энэ бүх үл ойлголцол чинь төрийг хүчгүйдүүлж байна. Сүүлдээ эрх ашгийн зөрчилдөөн болж хувирсан. Эдэнд бодлого байхгүй болсон. Зүгээр л чиний, миний хүн, авсан өгсөн авлигын маргаан хийдэг болж. Ийм хүмүүсээс юу хүлээх юм. Төрийн төлөөх бодлого л чухал. Хэн нэгэн хүний амбицад хөтлөгдөж яваа бол харамсалтай. Тэд тийм амархан эвлэнэ гэж бодохгүй байна. Магадгүй нийлээд явбал энэ төрд хэрэгтэй. Даанч нийлээд явах хугацаа байхгүй болсон доо.

-У.Хүрэлсүх бол залуу наснаасаа МАН-д зүтгэсэн. Энэ олон жил явчихаад намаа эвлэн нэгдүүлэх тийм арга ухаанд суралцаагүй байна гэсэн үг үү?

-Аливаа зүйлд лидер гэж байдаг. Намын дарга, Ерөнхий сайд биш л дээ. Лидер гэдэг нь олон араншинтай хүнийг нэгтгэж авч явах чадвар юм. Юмыг авч явна гэдэг бол тухайн хүний ухааны цар хэмжээнээс шалтгаалдаг бодлогын хэмжээний асуудал. Зөв бодлоготой, уужим ухаантай хүнийг хүндэлдэг байхгүй юу. Өнөөдрийн нөхцөл байдлыг хар л даа. Ямар хүмүүс тодорч, ямар хүмүүс бүдгэрч байна вэ. Энэ бүхнийг анзаарах ухаан аль аль түвшиндээ байхгүй болчихсон. Төрийн өлсч байгаа ганц зүйл энэ болсон. Төрийн төлөө биш, идэхийн төлөө сэтгэлтэй байх юм бол ард түмний хүсэн хүлээсэн төр биш. Би үнэхээр юм ярьмаар байдаг ч ийм хүмүүстэй юм ярина гэдэг маш хэцүү. Шийдвэр байхгүй, гоё сайхан үгээр бүхнийг аргацаадаг. Эцсийн үр дүн хэрэгтэй биз дээ. Энэ төрд буруу хүмүүс нь олонх болсон учраас зөв зүйлсийг хийж чадахгүй байгаа юм.

Бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой юм байна. Аливаа зүйлд шалгуур, туршлага, төрийн хүн шүү гэдэг ухамсар байх ёстой юм байна. Аль ч улсад төрийн хүний алхаа гишгээ, хэлж байгаа үг, үйлдэл бүрийг ард түмэн харж байдаг. Энэ бүхэн нь нэг цэгт байвал ард түмэн хүссэн хүсээгүй тэр журманд нь нийцээд явдаг. Өөрсдөө буруу явдалтай байж ард түмнийг зөв яваач ээ гэж шаардах эрх хэнд ч байхгүй. Манай төр ийм л болсон.


Categories
мэдээ нийгэм

Цахилгаан очоогүй айлуудад цахилгаан хэрэгслүүдээ салгахыг зөвлөлөө

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас цахилгааны хязгаарлалт хийгээд байна.

Шуурхай ажилласны дүнд нэлээд газруудад цахилгаантай болсон байна.

Гэвч одоог хүртэл цахилгаан очоогүй айлуудад цахилгаан хэрэгслүүдээ салгахыг зөвлөе. Цахилгаан гэнэт ирэхдээ өндөр хүчдэлээр ирэх магадлалтай тул хөргөгч, зурагт гэх мэт байнга залгаатай байдаг хэрэгслүүдээ удирдлагаар нь унтраасан бол энэ удаад залгуураар нь салгаарай.

Categories
мэдээ спорт

​Дэлхийн рекордын эзэнтэй “Токио-2020”-д уулзацгаая

Дэлхийн рекордын эзэн

Япон улсын Китакюүшюү буюу Умард Кюүшюү хотноо зохиогдсон парапауэрлифтингийн Азийн АШТ пүрэв гаригт өндөрлөлөө. Энэ тэмцээнд “Рио 2016″ олимпийн паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Э.Содномпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртэв. Тэрээр ийнхүү Азийн аварга болохдоо 239 кг-ийг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Павлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулжээ.

Энэ бол Э.Содномпилжээгийн тогтоосон анхны дээд амжилт биш. Өмнө нь 2017 оны арванхоёрдугаар сард Мексикт болсон парапауэрлифтингийн ДАШТ-ий -107 кг-ын жинд хүч үзэн 235 кг-ыг өргөснөөр Азийн рекордыг эзэмших болсон юм. Мөн тэрээр энгийн буюу эрүүл төрөлд дэлхийн рекордыг эвдсэн билээ. Олон улсын пауэрлифтингийн холбоо буюу IPF пауэрлифтингийн классик төрөлд дээд амжилтыг 235 кг гэж тогтоосон байдаг. Э.Содномпилжээ Замын-Үүдэд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээн дээр дэлхийн энэхүү дээд амжилтыг эвдсэн юм. Харамсалтай нь тухайн тэмцээний ангилал, зэрэглэл зэргээс шалтгаалаад энэ амжилт Монгол Улсын хувьд л рекорд болж бүртгэгдсэн бөгөөд олон улсын түвшинд дээд амжилтад тооцогдохгүй. Гэхдээ Э.Содномпилжээ улсынхаа рекордыг тогтоохдоо дэлхийн рекордыг давхар эвдчихсэн гэсэн үг.

“Энэ амжилтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр би бататгана. Пара төрөлдөө дэлхийн рекордыг эзэмших бодолтой бэлтгэл сургуулилтаа хийж байна” хэмээн тэрээр өнгөрсөн тавдугаар сард манай www.eagle.mn сайтад ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Энэ бол Финляндын Ванта хотод болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-ий 105 кг-ын жинд алтан медаль хүртэн Дэлхийн аварга болсныхоо дараа өгсөн анхны ярилцлага нь байв. Тэгвэл Э.Содномпилжээ пара төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшихийг хичээнэ хэмээн хэлсэндээ хүрч хэдхэн хоногийн өмнө Японы тэнгэр дор паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиуллаа. Пара бус жирийн төрөлд хүч үзэн түрүүлж, дэлхийн аварга болсон нь түүнийг ямархан энтэй тамирчин болохыг харуулна.

Э.Содномпилжээ уг ДАШТ-д 237.5 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга болсон төдийгүй уг амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэвч тэрээр дараачийн захиалгаараа 242.5 кг-ыг өргөснөөр дэлхийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилсэн бас нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрээр хэвтээ шахалтын төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа нь Ш.Энхсайхан багшийнх нь зааж сургасан эрдэм юм. Түүний багш Ш.Энхсайхан агсан хүндийг өргөлтийн төрлөөр Монголоос олимпод оролцсон анхны багийн гишүүн, үндэсний шигшээ багийн шилдэг дасгалжуулагчдын нэг байв.

Багш, шавь хоёр

Э.Содномпилжээ 14 настай байхдаа спортын гараагаа эхэлжээ. 47 килограмм жинтэй туранхай, чөрийсөн нөхөр хүндийг өргөлтөөр хичээллэнэ, таны шавь болъё гээд ирэхэд нь Ш.Энхсайхан багш “За энэ хүүхэдтэй яажшуухан ажилладаг юм билээ” хэмээн бодож байсан гэдэг. Дандаа насанд хүрэгчидтэй ажиллаж байсан хүний хувьд хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэхэд тулгамдсан нь мэдээж. Ингэж багш, шавь хоёр анх танилцжээ. Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ш.Энхсайхан багш тухайн үед “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажилладаг байв. Э.Содномпилжээтэй зэрэг шахуу 100 килограмм жинтэй нэгэн залуу түүн дээр шавь болж ирсэн аж. Ш.Энхсайхан багш ийм хоёр шавьтай болоод л “үзэж таржээ”.

Удалгүй Э.Содномпилжээ юм дуулгаад эхэлж. 2001 оны УАШТ-ын 52 кг-ын жинд түрүүлсэн нь анхны том амжилт байв. 2002 онд жин өгсөн 56 кг-д түрүүлэв. Хэвтээ шахалтаар ийн амжилт үзүүлж эхэлж. Жин нь ч бага багаар нэмэгдэж, бие нь ч сайхан хөгжөөд иржээ. Улсын аваргад анх түрүүлэхэд нь тухайн үеийн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Х.Баттулга нар шагналыг нь гардуулж таарчээ. Тэд Э.Содномпилжээг дэмжиж байсан гэдгийг өвгөн багш нь хожим дурссан удаатай. Пауэрлифтингийн холбоо ч багш, шавь хоёрыг дэмжжээ. Нэг ёсондоо Содномпилжээ олны анхааралд өртөж, найдлага төрүүлж эхэлсэн гэсэн үг.

Тэгж байтал 2002 онд Ш.Энхсайхан дасгалжуулагч Австралид ажиллахаар явснаар багш, шавь хоёрын бэлтгэл, сургуулилалт тасалджээ. Ш.Энхсайхан Австралид гурван жил болоод эргэж ирж. Нэг удаа түүнийг автобусанд явж байтал хэн нэгэн араас нь мөрийг нь тогшжээ. Эргээд хартал Э.Содномпилжээ байв.

-Та Энхсайхан багш мөн үү?

-Мөн байна. Чи одоо юу хийж байна вэ?

-Юу ч хийгээгүй ээ, багш аа. Нэг сургуульд л сураад явж байгаа…

-Чи тэгвэл бэлтгэл хиймээр байна уу. Хоёул дахиад эхэлье.

-Тэгье.

Багш, шавь хоёрын хооронд ийм товч яриа болж. Ш.Энхсайхан багшийн хувьд дасгалжуулагчийн нүдээр харахад анх туйван даахааргүй шахам турьхан жаахан байсан хүү овоо өсч, бэлтгэл сургуулилалтаа зөв хийгээд, уйгагүй хөдөлмөрлөвөл юм дуулгаж мэдэхээр санагдсан аж. Э.Содномпилжээ Санхүүгийн дээд сургуулийн нягтлан бодохын ангийн оюутан болчихсон байсан нь тэр. Ингээд бэлтгэлээ эхэлжээ. Бэлтгэл нь овоо жигдэрч эхэлж байтал Ш.Энхсайхан багшийг “Голден жим” фитнесс төвийнхөн урьж багшаар ажиллуулахаар болов гэнэ. Тус төвийн захирал Б.Баянмөнхөд Ш.Энхсайхан багш учраа хэлж, шавийгаа танилцуулснаар багш, шавь хоёр “Голден жим”-д ажиллаж, хичээллэн бэлтгэлээ үргэлжлүүлжээ.

Хоёулаа групптэй, хоёулаа Баянхошуу, Ханын материалд амьдардаг, автобусны мөнгөгүй болох үе ч цөөнгүй. Гэвч тэд шантарсангүй. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарч эхлэв. Э.Содномпилжээ жин өгсч 64 кг-аас дээшээ бүх жинд аварга болжээ.

Багш, шавь хоёрыг дэмжиж туслах хүмүүс олон байв. “Ард нэгдэл” даатгалын захирал Ч.Ганхуяг “Голден жем”-д хичээллэдэг байв. Тэрээр Э.Содномпилжээтэй танилцаж, түүнийг компанидаа нягтлангаар ажилд авчээ. Эдүгээгийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн “Голден жем”-д хичээллэдэг байсан аж. Тэрээр Э.Содномпилжээд мэргэжлийн өмсгөл авч өгөхөд хязгааргүй баярласан гэдэг. Олон тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргасан ч өмсгөлгүй л яваад байсан хэрэг.

Тив, дэлхий, цомын аварга

Э.Содномпилжээ 2013 оны арваннэгдүгээр сард анх хилийн дээс алхан Малайзын Каула Лумпурт болсон Азийн АШТ-д оролцож, шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү 2014 оны гуравдугаар сард Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан аж. Түүний энэхүү анхны гадаад тэмцээн амар байсангүй. Зардал мөнгө олдоогүйн улмаас Ш.Энхсайхан багшийгаа үлдээгээд ганцаараа Азийн АШТ-д яваад очтол дасгалжуулагч, менежергүй тул тэмцээнд оролцуулахгүй гэжээ. Учир байдлаа хэлж, гуйж байж 100 еврогоор торгуулаад тэмцээнд оролцсон гэдэг. Ийм нөхцөлд тэмцээнд орно гэдэг тамирчин хүний сэтгэл зүйд мэдээж хүнд. Гэвч Э.Содномпилжээ анхны тэмцээнээсээ ДАШТ-д оролцох эрх өвөртөлж чадсан нь цаашдын амжилтынх нь эхлэл байжээ.

Дубайн ДАШТ-ын эхний найман байрт багтаж чадвал олимпийн эрх авах байв. Э.Содномпилжээ долоод орсноор Монголын тамирчдаас анхны олимпийн эрхээ авч байв. Дараахан нь Инчонд болсон Азийн тоглолтоос хүрэл медаль зүүв. 2015 оны гуравдугаар сард Дубайд болсон “Fazza” гэж дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сард Алма-Атад болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Түүнээс хойш Э.Содномпилжээ дахин хоёр ч удаа пауарлифтингийн Дэлхийн цомд аваргалаад байгаа билээ. Тэрээр 2016 оны ёсдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны XV паралимпийн пара пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртэж паралимпийн төрөлд медаль хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. Пауэрлифтингийн төрөлдөө бол тэрээр паралимпийн анхны медальтан.

Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхан агсан жил гаруйн өмнө “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа шавийнхаа тухай “Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсч байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог” хэмээн ярьсан билээ. Мөн тэрээр “Бид хоёр 2020 оны Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ хэмээн амласан” хэмээн итгэл төгс хэлж байв. Тухайн үед Ш.Энхсайхан багшаас ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байгааг нь асуухад “Унгарын Эгер гэж хотод Дэлхийн цом болно. Тэндээс алтан медаль л авна гэж бодож байгаа. Есдүгээр сард Мексикт ДАШТ болно. Тэндээс алт, мөнгийн аль нэгийг л авна гэж бодож байгаа” хэмээн хариулсан билээ. Э.Содномпилжээ буурал багшийнхаа энэ итгэлийг алдаагүй. Унгарын Эгерт болсон Дэлхийн цомоос алт, Мексикийн Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Мөн Ш.Энхсайхан багш нь 2020 оны Токиогийн олимпод 107 кг-д өрсөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн хэлж байв. Э.Содномпилжээ паралимпэд хүрэл медаль хүртэхдээ 88 кг-ын жинд өрсөлдөж байсан бол өнгөрсөн жилээс жин өгсч 97 кг-д хүч үзэх болсон билээ. Тэрээр хэдхэн хоногийн өмнө болсон Японд болсон Азийн АШТ-д 107 кг-д өрсөлджээ. Ийнхүү цол дагаж бяр гэдэг шиг жин дагаж бяр нэмэгдэж амжилт нь ахисаар багшийнхаа захьсан тэр жинд Азийн аварга болж, бас пара пауэрлифтингийн дэлхийн дэлхийн дээд амжилтыг эвдэв. Тэрээр тэмцээнээс тэмцээнд туршлагажиж, амжилтаас амжилтад өртөөлж, дэлхийн энтэй тамирчин болохоо харуулсаар байна. Одоо түүнийг паралимпийн дэвжээ хүлээж байгаа. Токиод уулзъя, Содномпилжээ.

Э.Содномпилжээгийн амжилтууд

Паралимп

-2016 оны 09-р сар. Бразилийн Рио-де-Жанейро хот. Зуны XV паралимп. Хүрэл медаль.

Пауэрлифтингийн ДАШТ

-Финланд улсын Ванта хот. 2018 оны 05-р сар. Алтан медаль.

Пара паэурлифтингийн ДАШТ

-2017 оны 12-р сар. Мексик улсын Мехико хот. Мөнгөн медаль.

Пара пауэрлифтингийн Дэлхийн цомын АШТ

-2015 оны 03-р сар. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот. Мөнгөн медаль.

-2016 оны 03-р сар. Малайзийн Каула Лумпур хот. Мөнгөн медаль.

-2017 оны 03-р сар. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот. Алтан медаль.

-2017 оны 05-р сар. Унгарын Эгер хот. Алтан медаль

-2018 оны 02-р сар. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот. Алтан медаль

Пара пауэрлифтингийн Азийн АШТ

-2018 оны 09-р сар. Япон улсын Китакюүшюү хот. Алтан медаль.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлгүүд өөрсдийн нөөц үүсгүүрээр цахилгааны хэрэглээгээ хангаж байна

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас тодруулга авлаа.

Эрүүл мэндийн байгууллагууд хэвийн ажиллаж байна. Эмнэлгүүд өөр дээрээ нөөц үүсгүүртэй бөгөөд түүгээрээ цахилгааныхаа хэрэглээг хангаж байна.

Улсын хэмжээний томоохон эмнэлэг болох УНТЭ, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв хэвийн ажиллаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тухайлбал, ЭХЭМҮТ 19 генератортой, цахилгаан тасалдсан ч яаралтай тусламж, мэс засал гээд бүх тасаг хэвийн ажиллаж байна гэдгийг тус төвийн орлогч дарга А.Оюунчимэг хэлж байна.

Харин дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр байрлах генератор 8-24 цаг цахилгаанаар хангах хүчин чадалтай бөгөөд нэмэлтээр мотор ажиллуулдаг гэдгийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гурван дүүрэг цахилгаангүй байна

Нийслэлийн хэмжээнд өнөө өглөө 10.00 цагаас эхлэн цахилгаан тасарсан. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “ТЭЦ-IV станцад гэмтэл гарсан. Манай ажилтнууд шуурхай арга хэмжээ авч, эхнээсээ цахилгааныг өгч эхэлсэн. Шуурхай арга хэмжээ авч байна. Гурван цагийн дотор сэргээн завсарлаж дуусах байх” гэлээ.

Дашрамд, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол зэрэг дүүрэгт цахилгаан тасраад байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний систем хэвийн горимд ажиллах хугацаа тодорхойгүй байна

Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д гэмтэл гарсны улмаас Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан эрчим хүчгүй байна. УБЦТС-аас боломжит чадлынхаа хэмжээнд хэрэглэгчдийн хэрэглээг сэргээхээр ажиллаж байгаа тухай хэллээ.

Одоогоор ТЭЦ-IV станцад гарсан гэмтлийг сэргээн засварлах ажил хийгдэж байна, эрчим хүчний систем хэвийн горимд ажиллах хугацаа тодорхойгүй байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Будзаан: Цахим гэмт хэрэг сүүлийн үед эрс өссөн

Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан, Хүүхдийн элч

Б.Гүнзаяа нарЦахим гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхийн тулд өсвөр насны хүүхдүүдийн дунд зүй зохистой цахим хэрэглээг бий болгох, эрх зүйн мэдлэгийг сайжруулах, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах, эцэг эхчүүдийн хяналт, оролцоог дээшлүүлэх ёстой гэж Цагдаагийн байгууллагаас үзсэн байна. Иймд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН” ухуулга нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлэхээр болсныг мэдээллээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаанаас тодруулав.


-Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт манай улсад хэр байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн онд нийт 299 бүртгэгдсэн. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 279 тохиолдол бүртгэгдсэн. Дэлхий дахинд үүнийг кибер гэмт хэрэг хэмээн нэрлэж, учруулж болзошгүй хор хохирол, аюул заналын түвшинг терроризмын аюулаас ч илүү бодит эрсдэлийг бий болгодог гэж үзсэн байдаг.

-Цахим гэмт хэргийн анхны тохиолдол манай улсад хэдэн онд бүртгэгдэж байв?

-Хамгийн анхны цахим гэмт хэрэг 2008 онд бүртгэгдсэн байдаг. 2010 оноос хойш энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай болж эхэлсэн. Уг нь нэг жилийн хугацаанд улсын хэмжээнд 20-иод хэрэг бүртгэгддэг байсан бол одоо хагас жилийн дотор 300 гаруйд хүрч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим гэмт хэрэг үйлдсэн хэргээр 20 гаруй хүн ял эдэлж байгаа. Монгол Улсад нийт интернэт хэрэглэгчдийн тоо 2900000 хүрсэн. Харин Фэйсбүүк хэрэглэгчид 2100000 гаруйд хүрчхээд байхад хүмүүсийн цахим аюулгүй байдалд анхаарал хандуулахгүй бол болохгүй болжээ.

-Одоогоор хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Дэлхийн кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 174 орноос 104 дүгээрт жагссан. Жил ирэх тусам манай улсын энэ үзүүлэлтэд эзлэх байр доошилсоор байгаа. Одоогоор дорвитой хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Анхдагч нь “Unfriend хөдөлгөөн” болж байна.

-Цахим гэмт хэрэгт ямар үйлдлүүд хамаарах вэ?

-Кибер халдлага, пишинг, онлайн мөрдлөг, заналхийлэл, скиминг буюу картны гэмт хэрэг, онлайн залилан, садар самуун дүрс бичлэг тараах, интернэтэд суурилсан оюуны өмчийн эсрэг үйлдлийг олон улсад энэ төрлийн гэмт хэрэг гэж үздэг. Манай улсын хууль тогтоомжоор эдгээрээс зөвхөн кибер халдлагыг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэн тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг хийж, гүйцэтгэдэг.

-Хамрах хүрээ бага болохоор гэмт хэрэг дорхноо тархаад байна гэж ойлгож болох уу?

– Цахимаар үйлдэгдэх гэмт хэрэг нь нийтийн сүлжээнд маш хурдтай тархдаг. Энэ ажлыг эхлүүлэхэд хэд хэдэн гэмт хэргийн шинжтэй фэйсбүүкийн группийг илрүүлэн хаасан. Жишээ нь, Фэйсбүүк хуудсанд “ЭМО” нэртэй нууц групп хүүхэд залуусыг гишүүнээр элсүүлэн, даалгавар гүйцэтгүүлэх замаар амиа хорлох сэдэл бүхий тоглоом тоглуулж, садар самуунд уруу татаж, шашны зан үйлд уриалан дууддаг байсныг илрүүлж, хэргийг таслан зогсоосон. Мөн иргэн Б гэгч нь хуурамч хуудас үүсгэн бага болон өсвөр насны 200 гаруй охидтой нэг жилийн хугацаанд харилцаж, итгэл олон замаар хагас, бүрэн нүцгэн зургийг нь авч, түүгээрээ дамжуулан дарамтлан, бэлгийн харилцаанд ордог байсан нь тогтоогдсон. Яг энэ орчинд ажиглагдаад байгаа бас нэг зүйл нь “Санхүү өгнө”, “Санхүү авна”, “Сайн ахтай болъё” “Хөөрхөн дүүтэй болж, санхүүгээр дэмжинэ” гэхчлэн хүмүүсийг садар самуунд уруу татах тохиолдол юм.

-Хохирогчдын тухайд?

-Зарим тохиолдолд иргэд өөрийн мэдэлгүй гэмт хэргийг золиос, гол бай нь болчихсон байдаг. Харин үүнийгээ мэдчихээд хаана, хэнд хандахаа мэддэггүй. Эцэг эхээсээ айж, бодит байдлыг нуудаг. Мөн нэр хүндээ алдахаас эмээж, гэмт этгээдийн дарамтыг хүлээж авдаг нь тэднийг улам өөгшүүлээд байдаг. Гол төлөв хохирогчид нь эмэгтэй хүмүүс эсвэл өсвөр насны хүүхдүүд байдаг нь анхаарал татдаг. Тиймээс Цагдаагийн байгууллагаас энэ чиглэлд арга хэмжээ авч цахим орчин дахь хар жагсаалтыг гаргаж үл бүтэх хаяг, хуудас, пэйжүүдийг устгаж байна.

-Хар жагсаалтад одоогоор хичнээн тооны групп, хуудаснууд багтаад байна вэ?

-Одоогоор 33856 гишүүнтэй “Санхүү өгнө авна” гэсэн нууц группийг устгасан. Мөн садар самуун сурталчилдаг 14190 гишүүнтэй “Санхүүгийн туслалцаа” болон “Санхүү өгнө авна”4408 гишүүнтэй группийг иргэдийн туслалцаатай хаасан.

-Ямар байгууллагуудтай хамтран ажиллаж байна?

-Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэрэгжүүлж байна. Монголын сурагчдын холбоо болон Залуучуудын холбоо хамтран ажиллахаар болсон. Мөн дуучин A Cool буюу Б.Анхбаяр нэгдсэн. Хүүхдийн элчээр олон улсын мисс, “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн Б.Гүнзаяа оролцож байна. 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн 22 хоногийн турш зохион байгуулагдана. Төрийн бүхий л байгууллагуудын сүлжээгээр мэдээлнэ гэв.

“UNFRIEND хөдөлгөөний” хүүхдийн элчээр сонгогдон ажиллаж буй “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн Олон улсын мисс Б.Гүнзаяагаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Энэхүү аянд яагаад нэгдэх болов?

-Нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор нэгдсэн. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйг гэрэл гэрэлтэй болгохын тулд хүүхдүүдээ хайрлах ёстой гэж боддог. Энэ аянд нэгдэхээсээ өмнө “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан гурван жилийн хугацаанд сайн үйлсийн аян өрнүүлж, ирээдүйгээ гэрэлтэй байгаасай гэсэн бодлоор нөлөөллийн ажлууд хийдэг байсан.

-Цахим орчныг хэрхэн зохистой хэрэглэх ёстой юм бэ?

-Аяны хүрээнд иргэдэд цахим хаягийг хэрхэн хөтлөх зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл өгнө. Иргэд цахим аюулгүй байдлаа хангаад ажилласан тохиолдолд ямар нэгэн кибер халдлагад өртөхгүй, гэмт хэргийн хохирогч холбогдогч болохгүй байх боломж бүрдэнэ. Тиймээс ЕБС-ийн 700 гаруй сургуулиудад цахим хэрэглээний зохистой орчныг бүрдүүлэх чиглэлээр лекц уншина. Мөн “Selfie Talk”, “Nine Talk” арга хэмжээг цахим орчинд болон олон нийтийн хамарсан гудамж, талбайд зохион байгуулах болно.

-Иргэддээ хандан анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Таны хүүхэд цахим орчинд танихгүй хүнтэй найзалж, танихгүй хүний бичсэн зүйлээр хүмүүжиж байна. Мэдэхгүй хүнтэйгээ хүүхдээ найз болсноор тухайн хүнд хувийн мэдээллээ их, бага хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.

Unfriend хөдөлгөөний цаана Монголын ирээдүй болсон хүүхдүүд байгаа учир эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Аюулгүй цахим хэрэглээг бий болгохыг төлөө бид нэгдэх хэрэгтэй.Насанд хүрээгүй хүүхдүүд интернет орчинг ашиглаж байгаа. Гэтэл мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, садар самуун, аллага, хүчин, хар тамхи гэхчлэнгийн зүйлсийг хяналтгүй нийтэлж буй нь өсвөр насныхныг сэдэлжүүлж, сонирхлыг нь өдөөж байна.

-Хориглох тусам улам идэвхжээд байвал яах вэ?

-Аливаа зүйл хоёр талтай. Хийхгүй байснаас л дээр шүү дээ. Олны хүчээр бугшсан асуудалд хяналт тавихыг эрмэлзэж байна. Иргэд дор бүрнээ ухамсартай хандаж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлгээнд “Болохгүй” гэх үзлийг суулгаж өгөх хэрэгтэй.

З.МӨНХСУВД