Categories
мэдээ нийгэм

Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэхэд Чехтэй хамтарна

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаныхан Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо албан томилолтоор ажиллаад ирлээ.

Энэ үеэр БНЧУ-ын Тээврийн яаманд ажиллаж тус улсын Иргэний нисэхийн газрын захирал Зденёк Елинектэй уулзан Монгол Улсын Засгийн газрын 120 дугаар тогтоолоор батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг танилцуулж улмаар үндсэн 7-н зорилтын хүрээнд хамтран ажиллах, ялангуяа БНЧУ-д мэргэжилтнүүдээ бэлтгэх, БНЧУ-ын мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж сургалт зохион байгуулах, туршлага авах, Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт болон агаарын навигацийн үйлчилгээний чиглэлээр туршлага солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах талаар ярилцжээ.

Түүнчлэн Монгол Улсад бага оврын агаарын хөлгийн угсралт, үйлдвэрлэл эхлүүлэхэд эрх зүйн таатай орчин байгаагаас гадна цаашид урт хугацаанд хамтран ажиллах боломж өргөн байгаа талаар нээлттэй санал солилцсон байна. БНЧУ-ын Тээврийн яамны зүгээс манай “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж хоёр улсын иргэний нисэхийн ерөнхий газрууд, БНЧУ-ын “Хөнгөн агаарын хөлгийн холбоо” болон Монгол улсын иргэний нисэхийн мэргэжлийн холбоод хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн байна.

Мөн Чех болон Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага хооронд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх ажлын хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж байгаа тал дээр санал нэгдсэн гэдгийг Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаны дарга Э.Энхзориг хэллээ.

Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд БНЧУ-тай хамтран ажиллах зорилтод дараах ажлуудыг тусгасан байна.

1. Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоход шаардлагатай сургалтыг хамтран зохион байгуулах,

2. Ерөнхий зориулалтын нисэхийн ирээдүйн хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллах, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /NGAP/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

3. Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэхэд туршлага авч хамтран ажиллах, сургалт зохион байгуулах,

4. Агаарын навигацийн үйлчилгээг хялбаршуулах ажлын хүрээнд БНЧУ-ын Агаарын навигацийн үйлчилгээний байгууллага /ANS/-аас туршлага авах, сургалт зохион байгуулах,

5. Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах.

Чехийн Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс дээрх саналуудыг ажил хэрэг болгох тал дээр цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлээд санамж бичгийн төслөө ойрын хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газарт хүргүүлхээ илэрхийлжээ.

Чехийн агаарын навигацийн үйлчилгээний байгууллага нь тусдаа бие даасан статустай үйл ажиллагаагаа явуулдаг ба агаарын навигацийн бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гадаад, дотоодын хэрэглэгчдэд үзүүлдэг байна. Тус байгууллагын Бизнесийн газрын дарга Лукас Прочазка байгууллагынхаа үйл ажиллагааны талаар болон гадаад, дотоод хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл өгчээ. Энэ үеэр Агаарын навигацийн чиглэлээр Монгол Улсын иргэний нисэхийн байгууллагатай хамтран ажиллах бүрэн боломж байгаа саналаа илэрхийлэхийн зэрэгцээ, Монголын ИНЕГ-т шинээр ашиглалтад орох Aera Control Center/ACC/-г барьж байгуулах ажилд дэмжлэг үзүүлхээс гадна шаардлагатай сургалт зохион байгуулж хамтран ажиллах боломж байгаагаа илэрхийлжээ.

Тус улсын Агаарын навигацийн институт нь Агаарын навигацийн үйлчилгээний байгууллагын харьяа бөгөөд нислэгийн удирдагч бэлдэхээс гадна хэд хэдэн агаарын хөлгийн маягын зэрэглэл буюу “TYPE RATING”–ийн сургалтад гадаад, дотоодын нисгэгчдийг бэлтгэдэг байна.
Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх алба/ЕЗНХА/-ныхан БНЧУ-ын Засгийн газрын “AID FOR TRADE” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, Үйлдвэр худалдааны яамны Эдийн засаг, гадаад бодлогын газрын дэд дарга Петр Куловану, Ази, Африк, Австрали хариуцсан мэргэжилтэн Лаура Српова, “Aid for trade” хөтөлбөрийн зохицуулагч Вилем Пардупски нартай мөн уулзаж Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хөгжлийн асуудлаар танилцуулж цаашид хамтран ажиллах боломж, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих бололцоо, барилга байгууламжийн нөөцийн талаар танилцуулаг хийжээ.

БНЧУ-ын Үйлдвэр худалдааны яамны Эдийн засаг, гадаад бодлогын газрын дэд дарга Петр Куловану Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд хамтран ажиллаж Үйлдвэр, худалдааны яамны зүгээс боломжит бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Тиймээс хоёр улсын Иргэнхий нисэхийн ерөнхий газар хооронд харилцан ойлголцлын санамж бичиг зурах, энэ нь цаашдын олон талт хамтын ажиллагааны эхлэл болно хэмээн дурджээ.

БНЧУ-д “Хөнгөн агаарын хөлгийн холбоо” гэж байдаг. Энэ холбоо нь Тээврийн яамныхаа харьяа үйл ажиллагаа явуулдаг ба хөөрөлтийн дээд жин нь 450 кг-аас ихгүй, бүх хөнгөн болон хэт хөнгөн агаарын хөлгийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалтыг хийж, гэрчилгээжүүлхээс гадна шаардлагатай нислэгийн мэдээлэл, ил харааны нислэгийн зурагууд болон бусад мэдээллийг хэрэглэгчдэд мэдээлэх, агаарын спорт, ерөнхий зориулалтын нисэхийн сэтгүүл, товхимолыг эрхлэн гаргаж байдаг.

Тус холбооны дэд ерөнхийлөгч Камил Вечера Монголын төлөөлөгчдөд холбооныхоо чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж, агаарын хөлгийн маягын гэрчилгээжүүлэлт буюу “TYPE CERTIFICATE” олгох үйл ажиллагаа, агаарын хөлөг болон нисгэгч, техникч гэрчилгээжүүлэх явц зэргийг мөн танилцуулсан. Цаашид Чех улсад үйлдвэрлэгдсэн агаарын хөлгийн “TYPE CERTIFICATE”-ийг Монгол Улсад шууд хүлээн зөвшөөрүүлэх гэрээг байгуулж хамтран ажиллах боломж байгаа талаар төлөөлөгчдөд санал тавьжээ. Хамгийн сүүлийн байдлаар БНХАУ нь БНЧУ-ын TYPE CERTIFICATE-ийг шууд хүлээн зөвшөөрөх гэрээнд гарын үсэг зурсанаар БНХАУ-д бага оврын агаарын хөлөг худалдаж авах сонирхолтой хувь хүн нэмэгдэж байгаа юм байна.

ЕЗНХА-ныхан ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагааны хяналт, зохицуулалт, гэрчилгээжүүлэлт болон эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах, тус улсын мэргэжилтнүүдийг урьж богино хугацаанд сургалт зохион байгуулах саналаа илэрхийлсэн. Цаашид БНЧУ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн үйл ажиллагаа, агаарын хөлгийн үйлдвэрлэл, хөгжлийн талаар нэвтрүүлэг бэлтгэхэд хамтран ажиллах боломж байгаа, энэ асуудлыг БНЧУ-ын “Хөнгөн агаарын хөлгийн холбоо” болон Тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар нь дэмжинэ гэдгийг ч хэлжээ.

ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх албаныхан Бүгд Найрамдах Чех Улсад албан томилолтоор ажиллахад БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский болон Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбат, элчин сайдын яамныхан онцгой дэмжлэг үзүүлж ажилласан юм.

Тиймээс Монголын төлөөлөгчид Чехэд ажиллах үеэрээ Монгол Улсаас БНЧУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбат тэргүүтэй элчингийн ажилтнуудтай уулзаж “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-өө танилцуулан Монгол Улс, БНЧУ-тай хамтран ажиллах, боломжуудын талаар мэдээлэл өгч хоёр улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад Элчин сайдын яамны зүгээс онцгой дэмжлэг үзүүлхийг хүсчээ.

Элчин сайд Н.Наранбат Монгол Улсын Ерөнхий зориулалтын нисэхийн өнөөгийн байдал болоод цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллан Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд байгуулагдах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах асуудлыг ажил хэрэг болгоход өндөр ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Консулын зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улс, БНЧУ-ын Гадаад харилцааны яам хоорондын хоёр дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт Прага хотноо энэ сарын 17-ны өдөр боллоо. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, чехийн талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Эрх зүй, консулын асуудал хариуцсан дэд сайд Мартин Смолек нар тэргүүлэн оролцсон бөгөөд хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх, албан паспорттай иргэдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, нийгмийн хамгааллын хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах болон хөдөлмөр эрхлэх виз олголтын асуудлаар санал солилцож ярилцлаа.

Энэ оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн богино хугацааны шенгений визийн мэдүүлгийг Улаанбаатар хотноо нээгдэх Визийн төвд, урт хугацааны болон хөдөлмөр эрхлэх визийн мэдүүлгийг ЭСЯ-нд авах болсон тухайгаа чехийн тал мэдэгдсэн бөгөөд ингэснээр виз олгох үйл явц илүү хялбаршиж, виз хүсэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэх юм. Үүний зэрэгцээ тус улсын Засгийн газраас баталсан журмын дагуу тусгай зөвшөөрөл бүхий Чех Улсын аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсаас ажиллах хүч авахад визийн тусгай журам энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа болно.

Түүнчлэн талууд 2018 онд багтаан “Монгол Улс, Бүгд найрамдах Чех Улс хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон бөгөөд энэхүү хэлэлцээрийг байгуулснаар тус улсад хөдөлмөр эрхэлж байсан болон хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Дараагийн Консулын зөвлөлдөх уулзалтыг ирэх 2019 онд Улаанбаатар хотноо хийхээр талууд тохиролцсон бөгөөд өнгөрөгч наймдугаар сарын байдлаар БНЧУ-д манай улсын 8677 иргэн оршин сууж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” сэдэвт сургалт зохион байгууллаа

Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлөөс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл, Нийслэлийн ажил олгогч эздийн холбоотой хамтран “Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл, ажил олгогчдын оролцоо” нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтад зургаан дүүргийн Засаг даргын орлогч – Хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга болон ажил олгогч эзэд, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцлоо.

Сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийн нийслэл дүүргийн зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого үйл ажиллагаа, хөтөлбөр төслүүдийн онцлог, “Нэг өрх нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Албан бус сектороос албан секторт шилжүүлэхэд ажил олгогч эздийн орлцоо, олон улсын туршлага, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, хэрэгжүүлэх арга зүйн асуудлын талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн сургалтад хамрагдсан зөвлөлийн гишүүдээс хөдөлмөр эрхлэлтийн үндэсний болон нийслэл, дүүргийн зөвлөл уялдаа холбоотой ажиллах, мэдээлэл сургалтыг зохион байгуулах, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд зарцуулагдах санхүүжилтийг нэмэгдүүлэх, Ажлын байрны зуучлал хариуцсан нэш хүн ажиллаж байгааг анхаарч дундажаар 3-5 хүнтэй болгох, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй, хүртээмжтэй хэрэгжүүлэх зэрэг саналууд дэвшүүлж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Дамба-Очир “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир өнөөдөр (2018.09.18) Японы Олон Улсын Хамтын АжиллагааныБайгууллага (ЖАЙКА)-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Олон улсын вальютын сан (ОУВС)-гийн хөтөлбөрийн хүрээнд Японы Засгийн газраас Монгол Улсад олгох хоёр дахь шатны дэмжлэгийн талаар ярилцаж, санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

emch

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр очсон иргэн яаралтай тусламжийн тасагт ажиллаж байсан эмчийг “Үзлэг хийлгүй удлаа” гэх шалтгаанаар зодож танхайрсан хэрэг долдугаар сарын 26-ны өдөр гарсан. Уг хэргийн бичлэгийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд цахим хуудастаа байршуулснаар нийтэд ил болсон билээ. Зодуулсан эмчийн уруул сэтэрч, толгой тархи доргин, нуруу нь хөхөрч , биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээлсэн байсан. Тэгвэл эмч зодож танхайрсан иргэнд холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ. Халдлагад өртсөн эмч амралтаа аваад, ажилдаа ороод удаагүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх сургалт зохион байгуулав

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Гэхдээ энэ эрх нь хэрхэн баталгаажиж хангагдаж байгаа билээ гэдэг зүйл асуулт дагуулсан хэвээр байна. Тэгвэл хүүхдийн эрхийг хангах, болзошгүй аюул, эрсдэлээс хамгаалах тодорхой бодлоготой боллоо. Өөрөөр хэлбэл, ЕБС-ууд Хүүхэд хамгааллын бодлоготой болж, удирдах ажилтнуудад зориулсан “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүй” сургалтыг зохион байгуулсан юм. Сургалтаар хүүхэд хамгаалах чиглэлийн олон асуудлыг хөндөн ярилцаж, хэрхэн аюулгүй орчин бий болгох, бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх зэргийг хэлэлцлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийн эрх хохирсон, хүчирхийлэлд өртсөн гэдгийг ямар түвшинд авч үзэх вэ гэдэг хамгийн чухал юм. Үүний эсрэг хэрхэн ажиллах, хамгаалах вэ гэдэг эцэг, эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш, нийгмийн ажилтан та биднээс асар өндөр сонор сэрэмж шаардсан ажил. Тиймээс бүх хүүхдийг нь ерөнхийд нь авч үзэлгүй анги даасан багш нар маань маш сайн судалгаа явулж, тухайн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг олж харах нь чухал.

Сүүлийн үед багш нар авьяастай, олимпиадад оролцдог хүүхдүүдтэйгээ түлхүү ажилладаг болчихсон байна. Ингэхээр олонх хүүхэд хаягдаж байгаа хэрэг. Энэ байдлыг зогсоож бүх хүүхдүүдэд ижил тэгш байдлаар хандан, зөв, мэдлэг боловсролтой иргэн болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Үүнд онцгойлон анхаарна. Цаашид хүүхэд хамгааллын асуудлаар ямар сайн туршлага, сургалт болох энэ бүхэнд яам анхаарч, багш нараа сургах болно. Захирал, багш, нийгмийн ажилтнуудын мэдлэг дээшилж, арга барил өөрчлөгдсөнөөр хүүхэдтэй ажиллах арга зүй шинэчлэгдэх юм” гэж онцлоод сургалтанд амжилт хүслээ.

Ерөнхийдөө гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь сүүлийн үед нэмэгдэж байна. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхэд бүрийг сургууль, дотуур байрын орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх нийгмийн хүлээлт үүссэн. Тэгвэл өнөөдөр хүүхэд хамгааллын бодлого гарч, хэрэгжихээр болоод байна.

Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Ерөнхий боловсролын сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого”-ыг боловсруулж, батлуулжээ. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд сургуулийн удирдах ажилтны чадавхийг бэхжүүлэх, арга зүйгээр хангах сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУБ, ЦЕГ, Замын цагдаагийн алба, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагуудын хамтын оролцоотойгоор зохион байгуулж байна.

Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нийт захирал, нийгмийн ажилтан, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнээс бүрдсэн 550 гаруй төлөөлөгч оролцож байна.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн дарга нар 20-30 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогджээ

Өнгөрсөн баасан гарагт цагдаагийн дарга нарыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл өчигдөр гарсан.

Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан саатуулжээ.
Түүнтэй хамт тус хэлтсийн дарга, хурандаа С.Хүрэлбаатар, Төмөр зам дахь Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Болдбаатар нарыг шалгаж эхэлсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас мэдээлснээр, цагдаагийн хошууч Г.Алтан-Очирыг шүүгчийн захирамжаар 30 хоног саатуулсан бөгөөд түүнд холбогдох хэрэгт хоёр хүнийг холбогдуулан шалгаж буй аж.

Хошууч Г.Алтан-Очир нарыг бусдаас их хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баасансүрэн: Цаа бугыг 25 жил судалсан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа

Хойт туйлд ОХУ-ын Якутад цаа бугыг 25 жилийн турш тасралтгүй судалсан эрдэмтэн, шинжлэх ухааны доктор Б.Баасансүрэнгийн “Хойд туйлын бүсэд 25 жил” нэртэй үзэсгэлэн Монголын үндэсний музейд боллоо.


Тэрээр 25 жил хойд туйлд цаа буга судалсан судалгааны ажил, ном, зураг, хувцас зэргийг олон нийтэд дэлгэн харуулжээ.

Энэ үеэр шинжлэх ухааны доктор гавьяат зүтгэлтэн, Анагаах ухааны доктор Б.Баасансүрэнтэй ярилцлаа.

-Та заавал яагаад цаа буга судлах болов оо?

-Далай лам надад эх хүнийг баярлуулж яв гэж хэлж байсан. Тиймээс эх хүнийг баярлуулахын тулд цаа бугаа судлах хэрэгтэй болсон. Энэ амьтны тухай таван настайгаасаа мэдэж эхэлсэн. Хүүхэд байхдаа хүн, нохой, цаа буга гурав зэрэг бий болсон гэж уншаад маш их сонирхож байлаа. Сонирхолдоо хөтлөгдөөд цаа буганы талаар илүү ихийг мэдэхийг хүсч байсан минь миний судалгааны ажилд том нөлөө үзүүлсэн. Цааны сүүгээр хүн болсон олон жишээ байдаг. Ерөнхийдөө энэ амьтныг судалж, анагаах ухааны талаас нь хүний биед хэрхэн нөлөөлөх вэ гэдэг үүднээс хослуулж судалсан. Цаа буганы эрхтний бүтэц, химийн найрлага бүрдлийг тод томруун судалсан ажил маш цөөн байдаг. Хэвлэлд энэ талаар бичигдээгүй байсан. ОХУ-ын эрдэмтэн Владимировын амьтны эрхтнүүдийн бүтэц, үүргийг судалсан бүтээлээс өөр дорвитой ажил байхгүй нь энэ чиглэлээр судалгааны ажил хийх санаа сэдлийг минь өдөөсөн юм. Эд эрхтнүүдээр нь бэлтгэсэн эмийг бие болон сэтгэцийн өвчнийг эмчлэхэд амжилттай хэрэглэж байсан баялаг түүхтэй.

-Үр хүүхэдгүй байсан олон хүмүүсийг эмчилж байсан гэж сонслоо?

-Эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээс олж авсан мэдлэгээ дорно дахины болон өрнө дахины анагаах ухааны аргуудтай хослуулан эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх олон шинэ аргыг боловсруулан гурван мянга гаруй хүнийг эмчилсэн. Янз бүрийн шалтгаанаас болоод хойд туйлын бүсийн хэт хүйтэн нөхцөлд удаан хугацаагаар даарч хий бадганаас үүдэлтэй чөмөг хөрөх, сав бөөр, таван цулын эмгэг өвчний улмаас үргүйдэж, үр хүүхэд төрүүлэх чадваргүй болсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эмчилж 180 гаруй хүүхэдгүй гэр бүлд үрийн заяа хайрлан аз жаргал бэлэглэж байлаа. Гэхдээ би нэг төгрөгнэхэж авч байгаагүй. Учир нь хүний ядарсан, өвчтэй хүний мөнгийг авч болдоггүй юм. Ядахдаа хуянгаа тарааж байгаарай. Өдөртөө дор хаяж 5 км явж байвал өөрийнхөө биеийг хамгаалж байна гэж бодоорой гэж залуустаа захъя.

-Хойд туйлд 25 жилийн турш хэрхэн амьдарч байв, хэцүү зүйл нь юу байсан бэ?

-Хойд туйл өвөл арванхоёрдугаар сарын 22-ноос гурван сарын турш харанхуй байдаг. Гурван сарын харанхуйд би номоо бичдэг. Энэ хугацаа бол миний хамгийн чөлөөтэй цаг.

Энэ хооронд өдөр бүхэн хоёр хуудас юм бичиж, зурдаг байлаа. Тэр үед одоогийнх шиг бэлэн компьютер байсангүй. Надад зөөлөн, хатуу харандаа, дээр үеийн оросын бор цаас байсан.Та бүхний хэрэглэдэг бичгийн цаас, бал тэнд хөлдчихөөд байдаг юм. Энэ бүхэн надад тэсвэр хатуужил өгч, үүнийг сөрж шинжлэх ухааныхаа мөрийг бичих хүч хайрласан. Хүйтэнд амьдрахад бойтгоо хийж өмсөхөөс эхлээд олон юм сурсан. Энэ нөхцөлд цаа бугын судалгаанд цус, таван цул эрхтэн, зургаан сав, арьсыг нь харж ямар улиралын арьс хүн зонд дулааныг хадгалж чадах вэ гэдгийг судалж байсан. Хүний бүдүүн нарийн гэдсэнд нь дулаан ялгаруулах чадалтай байвал чөмөг хөрдөггүй. Чөмөг хөрснөөс болж хүмүүст дархлалын өвчлөлүүд тусдаг. Дороосоо даарч болдоггүй. Хойд туйлын цаа бугууд хүйтэнд маш сайн дасан зохицсон эвэр туурайнаас авахуулаад доод талын батушкнь газрын хүйтнийг тэсэж чадаж байна. Хойд мөсөн далай зундаа дээрээсээ 5-6 метр л гэсдэг. Бусад нь тас хөлдүү хэвээрээ байдаг. Тэр хөлдүүг тэсэхийн тулд өөрийнхөө эрүүл мэндийг бодож тохирох хувцасыг судалж байж хийж өмссөн.Би энэ бүх судалгаа шинжилгээг хийхийн тулд өөрөө бүхнийг хийсэн. Тухайлбал, идэх хоол хүнс, өмсөх хувцсаа хүртэл өөрөө хийсэн. Тэгэхгүй бол хүний нутагт хэн надад юм хийж өгөх юм. Гурван сарын харанхуйд галын дөлөнд сууж, энерги авдаг байлаа.

-Цаа бугын онцлог зан авир юу байдаг вэ?

-Дурлалдаа маш үнэнч амьтан. Бие биенээ хайрласаар байгаад хорвоог туулдаг. Эмэгтэй нь хээлтэй байх үед эрэгчин нь цас малтаж дулаацуулж өгдөг. Хүнлэг, ариун сайхан сэтгэлтэй. Би 25 жил амьдрахдаа гурван настай итэрийнхээ арьсаар хийсэн уутан хөнжил нөмөрч унтдаг байлаа. Энэ нь 60-70 градуст дааруулдаггүй. Миний өмсдөг хувцасыгТормос гэж нэрлэдэг. Өвлийн тэс хүйтэнд өмсөхөд тохиромжтой. Энэ бол цэвэр цааны бүтээгдэхүүн. Мөн хойт туйлд дөрвөн төрлийн цаа буга байдаг. 70 хувь нь зэрлэг төрлийн цаа буга. Янз бүрийн өвчин тусахгүй л бол удаан насалдаг. Ерөнхийдөө 13-17 шахам жил насалдаг. Шим тэжээлийн хувьд эрүүл цэвэр ургамлыг цасан доороос ухаж иддэг. 30-аад төрлийн ургамал иддэг нэг үгээр судалгаа хийхэд нэн тохиромжтой эрүүл амьтад юм. Монголын цаа бугыг бодвол урт талдаа. Мөн эрүүл мэндийн хувьд маш сайн байдгаараа онцлог. Яагаад гэвэл онгон байгальд байдаг. Манай цаа бугануудын хувьд хүний үйл ажиллагаа орсон буюу ургамал тэжээл нь бохирдчихсон газар байдаг. Хамгийн чухал нь эрүүл байдгаараа л Якутын цаа буга монголынхоос илүү онцлогтой. Цаа буганд хамрын салст нь 32 ширхэг байдаг. Шүдний завсарт нь утас орох зайгүй маш сайн бэхэжсэн байдаг онцлогтой амьтан.

Та хичнээн цаатай вэ?

-Якутад зэрлэг цаа 60 гаруй бий.Зэрлэг цаа, бэлчээрийн цаа хоёр ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэвэл, бэлчээрийн цаа ургамалыг ямаа шиг иддэг. Зэрлэг цаа сугалж иддэгээрээ ялгаатай.

Би Хөвсгөлийн цааг бэлчээрийн цаа гэж үздэг. Өөрийнхөө цаануудыг урт наслаасай гэсэндээ Тогоонтөмөр, Бат-Очир гэх мэтчилэн нэр өгчихдөг. Үүний ачаар хиймортой, золбоолог явдаг юм шиг санагддаг.

Таны амьдарч байгаа газар хэр олон хүн амьдардаг вэ, нүүдэл суудал хийдэг үү?

15 айл байдаг. Цөөхөн шүү дээ амьдардаг хүмүүс нь. Манайх хойд туйлыг дөрвөн улиралтай гэдэг. Би бол зургаан улиралтай гэж боддог. Энд хавар нүүдэл хийхэд хэцүү байдаг.

-Таны гэрийнхэн хойд туйлд дандаа байх юм гэж дургүйцэж байсан уу?

-Эцэг хүний үүрэг бол үр хүүхдээ эрдэм номтой болгох, сайн сайхан явуулах байдаг.Үр хүүхдээ боломжийн явуулах хэрэгтэй гэж үздэг.

-Цаа бугатай холбоотой ном,зохиол бичиж гаргаж байв уу?

-Тиймээ. Саха Якутын хойд нутгийн -70 градуст хүртэл хүйтэрдэг дархан цаазтай бүсэд голчлон судалгаа шинжилгээнийхээ ажлыг хийхийн зэрэгцээ Био-Анагаах ухааны холбогдолтой 38 ном бичиж ард түмний хүртээл болгосон. Мөн “Хоёр дахь эх” гэсэн нэртэй ном гаргасан. Энэ ном хүмүүст их таалагдсан. Зөв зүйтэй, ухаарлын зүйл бичсэн байна гэж ярьцгааж байсан. Эхийн сүү бол эм болж чаддаг. Ээжүүдэд хэлэхэд, хүүхдээ аль болохоор 3-5 нас хүртэл нь хөхүүлээрэй гэж хэлмээр байна

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрхзүйн үнэ төлбөргүй зөвөлгөө өгнө

Сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг 9 дүгээр сарын 19-ний өдөр буюу Лхагва гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар /Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил-ын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эв нэгдлийн Дуатлон” УАШТ бямба гарагт болно

Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 22-ны бямба гаригт Улаанбаатар хотноо болно.Триатлоны нэгэн төрөл буюу “Гүйлт, дугуй , гүйлт”-ийн төрлийг нэгтгэсэн Дуатлоны тэмцээнийг Ironman club, Монголын Триатлоны холбоо болон Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

“Эв нэгдлийн Дуатлон” УАШТ бямба гарагт болно

Анх 2007 онд улсын хэмжээний сорил тэмцээн болж байсан бол энэ удаад албан ёсны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.

“Эв нэгдлийн Дуатлон”-ны Улсын тэмцээн нь нийт ёсөн гараатай явагдана. Тухайлбал, мэргэжлийн тамирчдад зориулсан Элит эрэгтэй, Элит эмэгтэй, 1 дүгээр ангиллын сонирхогчид, Багын буухиа гэсэн 4 ангилал нь 5 км гүйлт-20км дугуй-5км гүйлтээр уралдах аж. Харин сонирхогчдод зориулан Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй, 2 дугаар ангиллын сонирхогч гэсэн ангилал нь 2,5 км гүйлт-10км дугуй-2,5 км гүйлтээр уралдах бол хүүхэд багачуудад Мини Дуатлон 9-11нас, Мини Дуатлон 12-14 насны 2 ангиллаар тэмцээнд оролцох юм байна. Улсын хэмжээний Дуатлоны анхдугаар тэмцээнд өнөөдрийн байдлаар 1000 орчим хүн оролцох тооцоо гарчээ.

“Эв нэгдлийн Дуатлон” УАШТ бямба гарагт болно

Триатлоны спорт нь 2000 оноос эхлэн Олимпийн хөтөлбөрт, 2006 оноос Азийн наадмын хөтөлбөрт багтсан бөгөөд үүнээс хойш хүрээгээ тэлж, Триатлоны спортын багийн буухиа төрөл дээрх наадмуудад багтжээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас, хаягаар авч болно. Мөн энд Холбоо барих утас: 80009911, 99031927

E-mail: info@triathlon.mn

Facebook page: Ironman club of Mongolia