Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 19-нд болох үйл явдал

Сүхбаатарын талбайд НЗДТГ, Монголын хүний нөөцийн ажилтнуудын нэгдэл HR CLUB хамтран “ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ 2018” арга хэмжээ зохион байгуулна.

09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” хэлэлцүүлэг болно. Утас:88059360

09.00 цагт ЦССҮТ-ийн Төв байранд Монгол, БНХАУ-ын хамтарсан “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ” сэдэвт анхдугаар семинар эхэлнэ.

09.30 цагт “Хөвсгөл нуур” зочид буудал “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас:99140583, 91010905.

10.00 цагт НЗДТГ-т Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх ажлын хэсгийн тайлангийн хурал болно. Утас: 88058053

10.00 цагт НЗДТГ-ын гадна талбайд Гэр хороолол хөдөлгөөнөөс эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

10.00 цагт Засгийн газрын V байранд Нийслэлийн эрүүл мэндийн газар үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны байранд ҮЦАЭХ, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон Мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Утас:261611 88861126

11.00 цагт АТГ-ын Олон нийтийн төвд тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн тээврийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Автомашингүй өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ. Утас:91113191, 88080750

12.00 цагт Спортын төв ордонд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийн ойд зориулсан гар бөмбөгийн тэмцээн эхэлнэ. Утас:88331414

12.30 цагт “Мишээл Экспо” төвд “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний нээлт болно.

14.00 цагт Төрийн ордонд “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь” хэлэлцүүлэг болно. Утас:95575721 91915897

18.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Балдорж сан”-гийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Их-Уул багийн нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм.

Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт сургалт зохион байгуулах захирамж гаргасан бөгөөд уг захирамжийн хүрээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгтэйгээр Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдыг хамруулан сургалт зохион байгуулахаар болжээ.

Энэ сургалтын нэг хэсэг нь шатсан ойн цэвэрлэгээ бөгөөд сурагчдад Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл орж, дараа нь мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээнд оролцуулсан байна.

Статистик мэдээллээс харахад:

  • Монгол Улсын хэмжээнд 18,7 сая га ой байгаагаас 1,708,266 сая га буюу 9.4 хувь нь шатсан
  • Завхан аймагт 732,065 га буюу улсын нийт ойн дөрвөн хувь байдаг ч ойн 133,089 га буюу 18,17 хувь нь шатсан байна.
  • Харин Их-Уул сумын 123,569 га ойн 27,799 га буюу 22,5 хувь нь шатжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцах үеэр Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Мөнхбат:

“Ар ганга уул нь 2002 оны их түймрээр шатсан. Түймэр 577 га талбайг хамарсан. Энэ удаагийн цэвэрлэгээний ажлаар 168 га талбайг цэвэрлэх юм. 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн ойн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж, оролцож байна. Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасан.

Ойн цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байгаа хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангахын тулд мэргэжлийн олон зааварчилгаа өгсөн.

Таван сурагчид нэг мэргэжлийн зааварлагч оногдож байгаа. 168 га талбайг цэвэрлэхийн тулд нэг мэргэжлийн байгууллагад 4 хүртэлх га талбайг оногдуулж өгсөн.

Цэвэрлэгээний ажлыг наймдугаар сарын сүүлээс өнөөдрийг хүртэл зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 15 хоногийн хугацаанд ачихад бэлэн 60 машин мод гаргасан. 168 га талбайд хэмжилт хийж үзэхэд нэг га талбайгаас 25 куб метр мод гарна гэж тооцвол 4200 куб метр мод бэлтгэгдэх тооцоо гарч байгаа” гэсэн юм.

Мөн Тосонцэнгэл, Их-Уул сумдад “Зил-30” машин мод 200-250 мянган төгрөг, аймгийн төвд 550-600 мянган төгрөгийн ханштай байдаг байна. Харин цэвэрлэгээнээс гарсан модыг зах зээлийнх нь ханшаар тооцож үзвэл, сумын ханшаар 131 сая төгрөгийн мод, аймгийн ханшаар 288 сая төгрөгийн үнэлгээтэй мод цагаалан бэлтгэсэн байна. Улмаар аймгийн төсөвт байгууллагуудад эдгээр модыг хүргэлтээр өгөх юм байна.

Харин ойн цэвэрлэгээний ажилд оролцож байгаа сурагчдын асуудлаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

“2200 гаруй хүн ойн цэвэрлэгээнд оролцож байна. Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нар, мөн аймгийн ЕБС-ийн 11, 12 дугаар ангийн эх оронч хүүхдүүд зүтгэж байна. Тэд тэмүүлэлтэй болно. Хүүхдүүд өөрийн нүдээр ой шатах нь ямар хэмжээний гамшиг учруулдаг вэ гэдгийг харж байна. Хүүхдүүд багаар ажиллах чадвартай болж байна. Өдөр сурсан зүйлээ орой нь хэрэгжүүлж сурч байна. Би хүүхдүүддээ их баярлаж байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд ойг цэвэрлэж, нөхөн сэргээх ажил тасралтгүй хийгдэж 160 га талбайг л цэвэрлэсэн. Харин 15 хоногт хөрөөчид, хүүхдүүдтэй нийлээд 168 га газрыг цэвэрлэлээ. Энэ бол улсын хэмжээнд маш том амжилт” гэсэн юм.

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан:

“Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын гол зорилго нь хүнийг хүн болгоход чиглэж байгаа. Бид ЕБС-ийн ахлах ангийн хүүхдүүдээ өөртэйгөө тэмцдэг чадвартай, ирээдүйдээ зорилго тэмүүлэлтэй, эх орноо хайрлаж хамгаалдаг болгох зорилгыг тавьж, эдгээр ур чадварыг суулгах сургалт, хичээл орж байна. Мөн энэ сургалтын хүрээнд нийтийг хамарсан, нийгэмд тустай үйл хэргүүдийг хийж байгаа. Жишээ нь, 24 суманд, сум бүрд 2-7 айлын хашааг шохойдож будаж, цэвэрлэж өгсөн. Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож, авто зам баригдаж байгаа гурван хэсэгт хог, чулууг түүж цэвэрлэсэн. Харин өнөөдөр шатсан ойг цэвэрлэх ажилд оролцож байгаа. Энэ бол хүүхдээр юм хийлгэх биш, нийгмийн тустай үйлсэд гар бие оролцуулж, түүгээрээ дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх зорилготой юм” гэлээ.

Мөн энэ үеэр ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцсан юм. Тухайлбал, Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн сурагч н.Ариунзаяа “Томчууд энэ ойг үнэхээр аймшигтай болгосон байгааг үнэн голоосоо мэдэрч байна. Би өөрийн гараар ойг цэвэрлэж байгаадаа бахархаж байгаа. Мод их унаснаас болж маш олон зулзаган модод далий ургаж байгаа нь харамсалтай харагдаж байлаа. Харин бид унасан моддыг авч, зулзаган моддыг өндөр ургах боломжтой болгож байна. Нуулгүй хэлэхэд энэ ой үнэхээр өрөвдөлтэй, маш их тортогтой байна. Бид гар бие оролцсон учраас хэдэн жилийн дараа өндөр мододтой ой болох байх гэдэгт итгэлтэй байна. Олуулаа хамтарч ажиллаж байгаа учраас ядрахгүй, санаа нийлж хамтран ажиллаж, найз нөхөдтэй болж байна” гэлээ.

Мөн тус сургуулийн сурагч “Анх аянд оролцохдоо сэтгэл дундуур байсан. Танихгүй олон хүүхэд байх учраас ирэх эсэхдээ эргэлзэж байсан. Харин одоо би баг, хамт олноороо ажиллах, олон янзын үйл ажиллагаанд оролцох зэргээр олон зүйл сурч байна. Өчигдөр хил хамгаалах сэдвээр маш сонирхолтой лекц сонсож, олон сонирхолтой арга хэмжээнд оролцлоо” гэсэн юм.

Мөн цагаалан бэлтгэсэн моддыг ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр судалгаа хийж байгаа “Мегавүүд” компанийн захирал Ц.Ариунбат:

“Монгол Улсын газар нутгийн 9 хувь нь ой байдаг. Сүүлийн тооллогоор 400-500 сая куб метр ойг цэвэрлэж ашиглах тооцоо гаргасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, шатсан ойг эдийн засгийн эргэлтэд оруулж, гаднаас шахмал төрөл бүрийн хавтан авахгүйгээр дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм. Энэ их ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулбал улс оронд өндөр өгөөжтэй байх болно. Өмнө нь ойг цагаалах асуудлаар төр тодорхой бодлого баримталдаг байсан нь одоо үед эргээд сэргэж байх шиг ажиглагдаж байна. Манай улсад хавтан үйлдвэрлэх үйлдвэр байхгүй. Харин бид ирэх жил энэ үйлдвэрийг нээнэ” гэсэн юм.

Ойн цэвэрлэгээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ойн цэвэрлэгээнд оролцож байгаа хүүхдүүдтэй уулзаж, “Нутаг орноо, шатсан ойг үе тэнгийнхэнтэйгээ нийлэн цэвэрлэж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд сурагчидтай уулзаж, ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр сурагчдын сургалт, хөтөлбөртэй танилцаж, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалтад оролцсон хүүхдүүдэд батламж гардуулна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Ганбаатар: Өмгөөлөгчийн тухай хуулийг хүчингүй болгосноос мэргэжлийн бус “Би чадна”-чууд манай салбарт ороод ирсэн

Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатартай ярилцлаа.


-Сүүлийн үед өмгөөлөгчийн ёс зүйн асуудал яригдах болсон. Бүр нэр бүхий зарим өмгөөлөгч бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг, эсвэл хүн амины хэрэг үйлдсэн хүнийг өмгөөлөхгүй гэж ярих болсон. Ихэнх өмгөөлөгч мөнгөтэй хүнд үйлчилдэг болсон. Энэ талаар ярилцлагаа эхэлмээр байна?

– Нэгэнт өмгөөлөгчийн эрх авсан бол тэр хүн мэргэжлийн ажлыг хуулиар хориглосон зүйлээс бусад үед хийж байх үүрэгтэй. Эрх ашгийн зөрчилтэй биш бол бусад бүх асуудалд өмгөөлөгч өөрийнхөө үүргийг биелүүлж байх үүрэгтэй. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад ямар ч хязгаарлалт байж болохгүй. Хүн амины хэрэгт шалгагдаж байгаа хүнийг “Энэ хүн хүний амь нас хөнөөчихсөн юм чинь гээд” өмгөөлөхгүй байж болохгүй. Бага насны хүүхэд хүчирхийлсэн байна. Энэ хүнийг өмгөөлөхгүй гэж хэлж болохгүй. Харин ч энэ зүйлийг мэргэжлийн өндөр түвшинд өмгөөлж байх ёстой. Энэ хүн хүний амь насыг бүрэлгэчихсэн юм чинь гэх сэтгэлгээ цагдаа, прокурорт байдаг. Тэд ажил мэргэжлийн хувьд хүнийг яллаад сурчихсан байдаг. Харин өмгөөлөгч бол энэ асуудлыг өөрөөр хардаг. Хүн амины хэрэг үйлдэгдсэн шалтгаан маш олон янз байдаг. Үйлчлүүлэгч нь юунаас болж хүний амь хөнөөх болов, цочирон давчидав уу, аргагүй хамгаалалт хийсэн үү, өөрийг нь хөнөөхөөс өөр аргагүй байдалд оруулсан уу гэдгийг мэргэжлийн хувьд ялгаж салган ойлгож, баримтаар гаргаж ирж өмгөөлдөг. Хүний амь нас хөнөөчихсөн хүнийг “Миний үйлчлүүлэгч хүний амь хөнөөгөөгүй” гээд зогсож байх ёсгүй.

Хууль эрх зүйн үүднээс яагаад хүний амь насыг хөнөөх болов гэдгийг л шүүхэд гаргаж байх юм. Харин ийм хэрэг үйлдсэн хүнийг би өмгөөлөхгүй гэж байгаа нь ёс зүйн хувьд тааруу хүн байна даа гэж хэлэх байна. Яагаад үүнийгээ олон нийтэд тараах болов. Өмгөөлөгч ажлаа хийж байх үед дарамтлуулах, зодуулах тохиолдол ч байдаг. Энэ нь цагдаад мэдэгдээд хамгаалалт авах нь хуулиараа бий.

-Өмгөөлөгч ёс зүйн алдаа гаргаж үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг бусдад худалддаг. Хоёр талд давхар ажилладаг. Мөн хууль бус үйлдэл хийж, цагдаа, прокурор, шүүгч нарын авлигалыг зохицуулдаг гүүр болдог гээд л олон асуудал байдаг?

-Өмгөөлөгч нарт сүүдэр мэт дагаж мөрддөг ёс зүйн дүрэм гэж бий. Хуульчид өөрсдөө л хуулиа дагаж мөрдөж чадахгүй юм бол хэн энэ нийгэмд ёс зүйтэй, шударга зүйлийг тогтоох юм бэ. Бусад улс орнуудад бичигдээгүй дүрэм байдаг. Тухайн улс орны хуульчид ямар байгаагаас шалтгаалж тэр нийгэм адилхан байдаг гэдэг. Хэрвээ хуульчид нь ёс зүйгүй шударга бус байвал тухайн нийгэм тийм л байдаг юм. Үүний зөв дүгнэлт гэж бодож байна. Өмгөөлөгч хууль зүйн хүрээнд өмгөөллийн тактикаа явуулах ёстой. Хоёр талд үйлчилдэг зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв тийм ёс зүйн алдаатай байгаа бол тэр ажлыг хийгээд хэрэггүй. Ийм асуудал байгаа бол иргэд Хуульчдын холбоонд өргөдөл гомдлоо өгөх хэрэгтэй.

-Ёс зүйн алдаа гаргасан Г.Батбаяр өмгөөлөгчийн өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэхээр болсон гэсэн. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Монголын өмгөөлөгчдийн холбоо сайн дурын нэгдлээр бий болсон газар. Тиймээс хэн нэгнийг өмгөөлөх эрхийг түдгэлзүүлдэг газар биш. Тодорхой нэр бүхий хүний өмгөөлөгч байх эрхийг хасах гэж байгаа асуудал Монголын хуульчдын холбооны асуудал. Нэг зүйлийг хуульчид анхаарах ёстой юм. Мэргэжлийн үйл ажиллагааг мөнгө олох хэрэгсэл болгох, эсвэл нийгэмд нэр хүнд олох хэрэгслээ болгон ашиглаж болохгүй. Өөрөөр хэлбэл өөр зүйлд ашиглаж болохгүй зүйл нь хуульч мэргэжил, тэр дундаа өмгөөлөгчийн мэргэжил юм шүү гэдгийг тодотгож хэлмээр байна.

-Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хэн дуртай нь өмгөөлөгч болж байна гэх шүүмжлэл гарах болсон. Ямар үндэслэлээр өмгөөлөгчийн тоо хэдэн мянгаар нэмэгдчихсэн юм бэ?

– Хүний эрүүл мэндийн манаанд ямар хүмүүс ажиллаж байгаа билээ. Хамгийн багадаа арав гаруй жил суралцаж байж эмч болдог. Үүнтэй нэгэн адил хүний эрхийн манаа өндөр шалгууртай, мэргэжлийн, хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн, хариуцлага өндөр, чанар чансаатай байх нь үйлчлүүлэгчдэд хэрэгтэй. Харамсалтай нь 2014 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарсан. Өмнө нь мөрдөгдөж байсан Өмгөөлөгчийн тухай хуулийг хүчингүй болгосон хэрэг. Энэ хуулийн үйлчилгээг дотор нь нэг бүлэг, арван зүйлээр оруулчихсан. Үүнээс болж өмгөөлөгчийн эрх зүйн байдал дордчихсон. Аливаа нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийг хүчингүй болгохдоо маш тодорхой шалтгаан, шалгууртай, нийгмийн харилцааг зохицуулж байсан хууль нь ашиглагдах шаардлагагүй болсон үед хүчингүй болгох ёстой. Одоо цагт ялангуяа хүмүүнлэг ардчилсан зах зээлийн нийгэмд хүний эрх чөлөө өдөр бүр яригдаж байдаг. Өмгөөлөгчийн эрх зүйн асуудал улам өндөр болох ёстой. Гэтэл үүнийг өөрчилсөн нь маш буруу. Өмнө нь Өмгөөллийн тухай хуультай байхад өмгөөлөгч эхлээд хуульчийн, дараа нь өмгөөлөгчийн шалгалт өгөөд, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах анхан шатны ажлуудын талаар хичээл заалгадаг. Үүний дараа дадлага хийж байж өмгөөлөгч болдог байлаа. Гэтэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар хуульчийн сонгон шалгаруулалтад орсон л бол бүх хүн өмгөөлөгч болох эрхтэй гээд заагаад өгчихсөн. Өмнө нь өмгөөлөгч болоход даван туулдаг байсан бүх шалгуур, шат дамжлага байхгүй болчихоор энэ салбарт маш олон мэргэжлийн бус “Би чадна”-чууд ороод ирсэн. Өөрөөр хэлбэл, цагдаа, прокурор, шүүгч хийж байсан хүмүүс өмгөөлөгч болох эрх нь нээгдчихсэн. Энэ хууль батлагдахаас өмнө цагдаа, прокурот ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа өгсний дараа хоёр жилийн хугацаанд өмгөөлөгчөөр ажиллах эрхгүй байсан. Ажил мэргэжлийн хувьд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн. Ашиг сонирхлын зөрчил үнэхээр байдаг. Жишээ нь, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гарсан хүнд энэ салбарт маш олон танил байна биз дээ. Өмгөөлөгчийн ажил мэргэжлийн ажил шүү дээ. Хэн дуртай нь хийдэг, танил тал, найз нөхдийн хүрээнд болгочихдог амархан ажил биш. Мэргэжлийн ажлыг хуулиар хүлээсэн эрхийнхээ хүрээнд хийх ёстой. Найз, нөхөд дээрээ очоод гуйдаг. Тэр нь ямар нэгэн байдлаар тодорхой үр дүнд хүрэхээр нь нөгөө хүний нэр хүнд үнэлэлт дүгнэлт өгдөг байдал 2014 оноос хойш бий болж байна. Үүнээс болоод л өмгөөлөгчийн мэргэжлийн болоод ёс зүйн шаардлага алга болчихоод байгаа юм. Өөрийгөө судлаач гээд нэрлэчихсэн хүмүүс байдаг. Тэд “Монголд өмгөөллийн тухай хууль хэрэггүй. Яагаад гэвэл Процесийн тухай хуульд өмгөөллийн тухай хуулийг оруулаад өгчихвөл болно” гээд л яриад байдаг. Өнөөдөр манай улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Тэгвэл 630 гаруй хууль процесийн тухай хуультай байх ямар ч боломж байхгүй. Процесийн хууль гэдэг нь ямар хууль байдаг вэ гэхээр нийгэмд хамгийн их хүний эрхийг хөндөж байдаг, эрх зүйн харилцаа нь өргөнөөр явагдаж байдаг хууль. Тухайлбал, Эрүүгийн хууль, Иргэний, Захиргааны, Зөрчлийн тухай хуульд Процесийн хууль үйлчилж байгаа. Бусад бүх хуульд Процесийн хууль байх шаардлагагүй. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал урьд нь ямар байж байгаад одоо ямар болчихоод байгаа вэ гэдгийг тодотгож хэлмээр байна. Өмгөөлөгчийн тухай хууль байх үед өмгөөллийн тухай эрх үүргийг тодорхой заасан 12 заалт байсан. Энэ эрх үүргийг эдэлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Тийм хуульгүй болчихоор өмгөөлөгчийн эрх зүйн чадамж суларч байна.

-Өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ой удахгүй болно. Манай улсад шүүхийн байгууллага байгуулагдсаны дараа өмгөөлөгчдийн холбоо байгуулагдаж байсан түүхтэй гэсэн. Энэ талаар?

-Тийм ээ, манай улсад өмгөөлөгчдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Баярын хурлаа Төрийн ордонд энэ сарын 17-нд зохион байгуулна. Хуралд хот, хөдөөгийн 570 гаруй өмгөөлөгч оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа. 90 жилийн түүх гэдэг хүний насаар бодвол өндөр тоо. Хуанлийн насаар бол залуу. Бид олон жилийн үүсэл хөгжлийг тэмдэглэхээс гадна өнгөрсөндөө үнэлэлт дүгнэлт өгөх учиртай. 1928 оны тавдугаар сарын 25-ны Улсын бага хурлын тогтоолоор Шүүн таслах, олон түмэнд тусламж үзүүлэх бүлгэм гэсэн зүйл заалт бүхий дүрэм баталсан байдаг. Дээрх батлагдсан дүрмийг эргүүлээд харахад маш их утга учиртай байсан байгаа юм. 1926 онд Улсын дээд шүүхийг байгуулсан байдаг. Дараа жил нь Нийслэлийн шүүхийг байгуулсан. Ингээд 1928 онд одоогийн өмгөөллийн байгууллагын эх суурийг тавьсан түүхтэй. Шүүн таслах олон түмэнд тусламж үзүүлэх бүлгэмийн тухай уншихаар хэд хэдэн гайхалтай зүйл байдаг. Жишээ нь, нийтлэг дүрэм гэсэн 270 үг орсон нэг өгүүлбэрээр өмгөөллийн үндсэн зорилгыг маш тодорхой, уран яруу тодорхойлсон байдаг. Өмгөөллийн байгууллага улс төрийн болон нийгмийн хүнд хэцүүг даван туулсаар ирсэн байгаа. 1986 онд БНМАУ-ын Өмгөөллийн тухай хуулийг баталсан. 1992 онд Үндсэн хууль батлагдсантай холбоотойгоор хоёр жилийн дараа нь дэлхий нийтийн өмгөөллийн салбарын шинж тэмдгийг агуулсан сайн хууль баталж байсан түүхтэй юм.

Э.ХүрЭлБаатар

Categories
мэдээ цаг-үе

Г.Алтаншагай: Хошин урлаг Монголын ард түмний хүнд хэцүү цагт хань болж байсан

Мөрөөдлийн театрын жүжигчин соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа.


Мөрөөдлийн театр үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан намар цагийн нээлтийн жүжгээ тавилаа. Шинэ жүжгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Өдрийн сонины уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Мөрөөдлийн театр энэ намрын анхны уран бүтээл болгож Дундын бүсгүй шоу драмынхаа нээлтийг сая хийлээ. Энэ драм Мөрөөдлийн театрын 17 дахь уран бүтээл болж байна. Өмнөх тоглолтуудыг бодоход өнөөгийн нийгэмд болж буй бусармаг явдлуудыг хурцаас шүүмжилж үзүүлсэн, хүмүүсийг соён гэгээрүүлэх гэж оролдсон онцлогтой бүтээл болсон. Үзэгчид ч ам сайтай байгаа.

-Шоу драмын нэрний тухайд ярихгүй юу. Энэ сэдэв нийгэмд далд хөшигний ард байдаг шүү дээ. Ил шууд хэлчихэж байгаа юм биш үү?

-Ирээд үзэхэд яагаад Дундын бүсгүй гэж нэрлэснийг ойлгоно л доо. Тоглолт хоёр өөр, эрс тэс жанрыг харуулна. Эхний хэсэгт Шведийн Ян Экстриом гэж зохиолчийн 1963 онд бичсэн Хүн алж тоглосон залуус туужаас сэдэвлэсэн бүтээл тоглогдоно. Үүнийг кино найруулагч Р.Батсайхан ах орчин үеийн хувилбарт оруулж найруулж өгсөн. Энэ хэсэгт орчин үеийн залуусын аж амьдрал, найз нөхөрлөл, хүчирхийлэл, баян ядуугийн ямар байгааг харуулна. Бид бүх юмыг болж бүтэж байгаагаар инээдэм ханиадам мэтээр хүргэх нь өрөөсгөл. Болохгүй байгаа юмыг тайзан дээрээс шүүмжлэх үүрэгтэй. Энэ нь бидний нийгмийн өмнө хүлээж буй хариуцлага. Тоглолтын удаах хэсэгт урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуяг багш Оросын нэрт зохиолч Сергей Беловын Ичгүүргүй хосууд жүжгийг орчуулсныг тоглож хүргэнэ.

-Насанд хүрэгчдэд зориулсан жанрыг сонгож тоглох болсон нь сонирхолтой санагдаж байна. Ялангуяа цахимд цацагдсан та бүхний ёс зүйгүй хэллэгтэй бичлэг шуугиан тарьсан?

-Манайхныг хийх сэдэвгүй болохоороо өөр салбар руу орлоо гэх байх л даа. Насанд хүрэгчдэд зориулсан жанрын бүтээл хийгээд, сая сошиалаар тавигдсан бичлэг зэргийг үзээд хүмүүс олон зүйл ярьж байна. Тэр бичлэгийн тухайд үзэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчье. Тоглолтын сургуулилтын үеэр нэг найз маань хийсэн бичлэгээ алдсан. Ер нь яагаад +18 гэсэн бэ гэхээр өнөөдрийн авлига, хүчирхийлэл, хар тамхины хэрэглээ хэмжээгээ алдлаа. Үүнийг бид шүүмжилж тайзан дээрээс үзүүлэх гэж байна. Ард түмнийхээ өмнөөс дуу хоолой болох гэсэн энэ санааг зүгээр л хөгжөөх гэж байна гэж ойлгоод байдаг. Бид харин ч ийм байж болохгүй гэдгийг үзүүлж, урлаг бол нийгмийн толь, хүмүүст хүргэх том зэвсэг гэдэг утгаараа асуудлыг хөндөж, шүүмжилж тоглох гэж байгаа юм. Тоглолтон дээр ёс бус үг хэллэгүүд, янз бүрийн сцена тавилтууд гарна. Төгсгөлдөө бид хэлэх санаагаа хэлнэ.

-Өнөөгийн нийгэмд монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан гээгдээд байна гэх хандлага ажиглагдаж байгаа. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Манай ахмад үеийнхэн Охид ариун бол төр ариун гэж зөв хэлж л дээ. Өнөө үед бүсгүй хүний цэвэр ичимтгий зан орхигдоод байна уу гэж бодогдох үе байдаг. Энэ үг ч Дундын бүсгүй зохиолын үзэгчдэд хүргэх гэсэн санаатай төстэй. Жүжгийн гол дүрийн эмэгтэй бүх дүртэй холбоотой байдаг. Улмаар дундуур Цусаа сэлбэе, гадаадын иргэдтэй гэр бүл болъё гэх үзэл гаргадаг. Харин өөр нэг дүр нь Цусаа цэвэр байлгах хэрэгтэй гэж үзсэнээр зөрчил үүсч үйл явдал үргэлжилнэ. Эцэстээ цусаа сэлбэж болохгүй гэдгийг ойлгож өгдөг.

-Жүжгийн найруулагчаар төрийн соёрхолт Б.Наранбаатар ажилласан гэсэн. Дүр сонголтын тухайд?

-Бид зохиолоо уншиж сайтар судалж, зөвшилцөж дүрээ тодорхойлсон л доо. Хошин урлагийн өнөө цагийн сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл болох соёлын тэргүүний ажилтан Ц.Алдармаа, А.Туяа нарт жүжгийн гол дүр тоглох санал хүргүүлэхэд нааштай хүлээж авсан. Манай хоёр хэсэг хугацаанд тайзан дээр гараагүй байсан ч Мөрөөдлийн театрын хамт олонтой нэгдэж уран бүтээлдээ орж байгаа.

Дундын бүсгүй жүжгийг ямар төрлийн хүмүүст илүү хүрээсэй гэж хүсч байна?

-Насанд хүрсэн хэн бүхэн ирж үзэхэд нээлттэй. Дундын бүсгүй шоу драм эх орноо боддог, өөрийгөө хүндэлдэг улсуудад зориулж хийсэн л дээ. Өнөөгийн нийгмийн аль ч салбарт залуучууд улсаа хөгжилд хөтөлж байгаа. Тэр өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, улс орноо гэсэн сэтгэлтэй залуусыг ирж үзээсэй гэж хүлээж байгаа.

-Жүжиг энэ сарын хэднийг хүртэл тоглох вэ. Хилийн чанадад суугаа монголчуудад жүжгээ хүргэнэ гэж сонссон?

-Энэ сарын 23-ныг дуустал Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд тоглоно. Цаашид хөдөө орон нутаг болон хилийн чанадад суугаа монголчууддаа хүргэхээр төлөвлөсөн байгаа.

-Хошин урлагийнхныг сүүлийн үед нэлээд шүүмжлэх болсон. Тайзан дээр марзгаснаа Урлаг гэлээ гэх хандлага ажиглагдах болсон. Үүний шалтгаан юу бол?

-Сүүлийн үед тиймэрхүү хандлага ажиглагдаж байгаа. Үүнд би үзэгчдийнхээ өмнөөс харамсдаг юм. 1990 онд ардчилал гарснаас хойш лангуу хоосорсон тэр үеэс хошин урлаг өдийг хүртэл Монголын үзэгчдийг баясгаж, нийгмийн хүнд хэцүү цагт хань болж байсан ганц зүйл шүү дээ. Бага тайзнаас эхлээд өнөөдрийг хүртэл Монголын хошин урлаг, энэ салбарын ах эгч нар маань хүмүүсийг стресстүүлэхгүйн төлөө 20 гаруй жил тасралтгүй, уйгагүй ажиллаж байгаа. Гэтэл өнөөдөр сошиал орчин хөгжөөд ирэхээр Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр үзэгчид эргээд үзэж байгаагүй юм шиг хошин урлагаа элдвээр муулж эхэлж байгаад энэ жанрт тоглож байгаа хүний хувьд маш их харамсалтай санагдаж байна. Ер нь амьдрал зогсдоггүй л юм бол инээдтэй явдал гарч таарна. Тэгэхээр энэ урлаг бол мөнхийн төрөл.

Мойлхон кинонд бүтээсэн дүр тань олон хүний сэтгэлд хүрсэн байдаг. Энэ кинонд хэрхэн тоглож байв?

-Миний хайртай дүрүүдийн маань нэг л дээ. Ардын жүжигчин А.Энхтайваны бүтээлд найруулагчаар Баярмагнай эгч ажиллаж Мойлхон киног 2008 онд бүтээж байсан. Киноны зураг авалт Хэнтий аймгийн Дадал суманд бүтэн сар орчим үргэлжилж байлаа. Би Содном буюу солиот гэж дүр бүтээсэн. Зүгээр мөртлөө мэдрэл муутай болж нутаг орны өв соёлоо авч үлдэхийн төлөө тэмцээд яваа залуугийн дүрийг өөр талаас нь харуулсан. Тухайн нийгэмд өөрийгөө авч үлдэхийн тулд овжин сэтгэлгээ гаргаж буй ур чадвар шаардсан дүр байсан. Гадаадын олон кино наадамд амжилттай оролцож шагнал хүртсэн. Кино бүтсэний дараа Содномын дүрийг сайн дүр болсон гэж багш нар урам өгч байсан. Бүтэн сар байгальд зураг авалт хийх явцад хүндрэлтэй зүйл олон тохиолдсон л доо. Олон хүний сэтгэл зүтгэл шингэсэн сайн бүтээл болсон гэж боддог юм.

-Таны тоглосон Ийм нэгэн дурлал гэж кино тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байсан. Энэ киноны талаар ярихгүй юу?

-2006 онд дөнгөж сургуулиа төгсөөд анх удаагаа бүрэн хэмжээний уран сайхны кинонд дүр бүтээж байсан минь Ийм нэгэн дурлал. Нэг үе Монголын кино урлаг уналтад ороод эргэж сэргэсэн шүү дээ. Тэгэхэд суурийг нь тавилцсан цөөн киноны нэг нь энэхүү кино байдаг. Энэ киноноос киночид урам зориг авч ар араасаа олон сайн бүтээл төрсөн. Миний анх тоглосон бүтээл олны таашаалд нийцэхэд урам авч байлаа. Цаашдаа олон кинонд амжилттай дүр бүтээхэд түлхэц өгсөн гэж хэлж болно.

-Амжилттай болсон кино үзэгчдэд хүлээлт үүсгэж хоёрдугаар анги нь хийгддэг. Таны тоглосон Ээжийн дайсан, Ийм нэгэн дурлал гэх кинонуудын хоёрдугаар анги хийгдсэн?

-Тийм. Амжилттай дүр бүтээсэн хэд хэдэн киноны дараагийн цувралууд гарч байгаа. Миний өөрийн хийсэн Уужим фильмийн бүтээл Хар сувдны нууц гэж кино бий. Энэ киноны хоёрдугаар ангийг хийхээр төлөвлөж зохиолыг нь бичээд бэлтгэл ажилдаа ороод явж байна.

-Ажил мэргэжил тань бүтэмжтэй байна. Ер нь хүүхэд байхад юу хүсч мөрөөддөг байв?

-Одоогоор зорьсон зүйл маань амжилттай хэрэгжээд л явж байна. Би бага байхдаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань биелсэн. Оюутан болоод Драмын театрт орохыг мөрөөддөг болсон маань биелсэн. Дараа нь хамт олонтой болох юмсан гэж боддог болсон. Биелсэн. Надад одоо ч том мөрөөдөл байгаа. Гагцхүү тэр мөрөөдлийг бодит зүйл болгох ёстой. Бодит зүйл болгохын тулд хөдөлмөрлөж л явна. Амьдрал бол тэр чигээрээ сонголт байдаг. Хүн алхам тутамдаа янз бүрийн сонголттой нүүр тулгарч байдаг. Тиймээс сонголтоо мэргэн хийх хэрэгтэй. Хамгийн гол нь хүн сонгосон сонголтдоо үнэнч байх хэрэгтэй.


Categories
мэдээ нийгэм

Билгийн тооллын 10, Элдэв тэнгэртэн одтой, хөх бар өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 19, Буд гариг. Билгийн тооллын 10, Элдэв тэнгэртэн одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 6:35 цагт мандан, 18:54 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөг өгөх, хишиг дуудуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Алдагдаж магадгүй аугаа боломж” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Алдагдаж магадгүй аугаа боломж” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар: Манай нам ардчиллыг авчирсан хүмүүсээ үнэ цэнэгүй болгоод гудамжинд гаргачихлаа хэмээв.

Цагдаагийн дарга нар авлигын хэрэгт холбогдсон нь үнэн гэв хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Б.Энхболд: Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч нь чадварлаг, мэргэшсэн төрийн алба байх ёстой гэж “Улс төр” нүүрт ярив.

Т.Дорж: Гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт багтсан төмөр замын гурван гол төсөл Дорнод бүсэд хэрэгжинэ хэмээж “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Төв банк долларын өсөлтөд нөлөөлсөн үү хэмээж “Эдийн засаг” нүүрт бичив.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга амиа алджээ гэж “Баримт, үйл явдал” нүүрт бичсэн байна.

Б.ЭрдэнэБаяр: Пянзыг маш анхааралтай төвлөрч сонсох ёстой хэмээн “Соёл урлаг” нүүрт өгүүлжээ.

“Өд бэх” нүүрт Алтан шар зам гэж бичжээ.

“Ардын цолтон” нүүрт Жагваралын Бүрэнбэх: Дуурийн театрын тайзнаа өдгөө “Ардын жүжигчин” хэмээн зарлуулах хүн надаас өөр байхгүй байна “гэжээ.

Хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь уулзалт эхэллээ гэж “Дэлхийн мэдээ” нүүрт бичив.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Автобусанд сургалт зохион байгууллаа

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачилсан “I LOVE UB” арга хэмжээ боллоо. Тус төвөөс нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Улаанбаатар смарт компанитай хамтран оюутан залууст их хотын соёлд суралцахыг уриалж, автобустай аялал бүхий сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Их, дээд сургуулийн оюутануудад зориулан “Замын хөдөлгөөнд соёлтой оролцох нь”, “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэх санамж”, “Оюутны цахим картын ашиглалт, хэрэглээ”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Эерэг хандлага” зэрэг сэдвийн хүрээнд явуулсан байна.

Хотын соёл, автозамын хөдөлгөөнд оролцох дадал зуршлыг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад оюутан залуусын мэдлэг чадвар, ухамсрыг дээшлүүлэх, тэдэнд ойлгуулан таниулах зорилготой юм.

Эхний ээлжийн сургалтад МУБИС-ийн 45 оюутан хамрагдав гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эмми авардс 2018”-д ирсэн шилдэг 20 даашинзтай бүсгүй

“Телевизийн Оскар” хэмээн нэрлэгддэг Эмми наадмын шагнал гардуулах ёслол загварын өрсөлдөөн болдог гэж хэлэхэд хилсдэхгүй. Энэ жилийн наадамд ирсэн оддын гоёлоос онцлох даашинзыг сонирхуулья.

Скарлетт Йоханссон “Balmain”-ийн даашинзаар гоёлоо.

Пенелопа Крусын сонголт “Chanel”

Хайди Клум харин “Zac Posen”-ийг таашаадаг.

Дакота Фаннинг “Christian Dior Couture”-оор гоёв.

Рени Барг

Жессика Билл “Ralph & Russo Couture”-ийн даашинзаар гангарчээ.

Сара Полсоны сонголт “Oscar de la Renta”

Мэнди Мур “Rodarte”

Яра Шахид “Gucci” даашинзтай.

Мадлен Брюэр “Brock Collection”-ийг сонгов.

Исса Рэй “Vera Wang”

Крисси Тейгений сонголт “Zuhair Murad”

Поппи Делевиний даашинз “Giambattista Valli Haute Couture”ийнх.

Наталья Дайер

Тэнди Ньютон “Brandon Maxwell”

Кристен Белл “Solace London”

Анжела Сарафян “Christian Soriano”

Татьяна Маслани “Christian Soriano”

Ивон Оржи “Georges Chakra”

Трейси Эллис Российн сонголт “Valentino Couture”

Categories
энтертаймент-ертөнц

“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ

Эх үрийн ариун нандин хүйн холбоо гэж юу болох, мах цус саллаа ч далд холбоос нь хэзээ ч салдаггүй гэдгийг харуулсан “Хөхөөний үүр” уран сайхны кино дэлгэцэнд гарах гэж байна. Бодит явдлаас сэдэвлэсэн тус киног “Кино Цамхаг” студийн залуус Өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ.

Сүүлийн жилүүдэд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах болсон үр хөндөлт, хил давуулж хүүхдээ худалдаалах гэмт хэргийн асуудлыг “Хөхөөний үүр” хөнджээ. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ \Аранза\ нар ажилласан байна.

“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ

Кино зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна. Киноны үйл явдлын 90 хувь нь хилийн чанадад өрнөдөг, тэр ч утгаараа ихэнх зураг авалтыг өмнөд хөршид хийжээ.

“Кино Цамхаг” студийн уран бүтээлчид өмнө нь аймшиг, триллер чиглэлийн 6 кино хийж үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд энэ удаад уянгын драмаар ур чадвараа харуулах гэж байна.

“Хөхөөний үүр” кино энэ сарын 27-нд нээлтээ хийнэ

Categories
мэдээ нийгэм

Зарим замын урсгал, чиглэлд өөрчлөлт орууллаа

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор зарим гудамж замын хөдөлгөөний урсгал, чиглэлд өөрчлөлт орууллаа.

Үүнд:

1. Чингисийн өргөн чөлөөний хойд хэсэг буюу Төв номын сангийн урдаас Төв шуудангийн уулзвар хүртэл 2 хэсэг газрын бродурыг авч замын зорчих хэсэгт эгнээ нэмлээ.

2. 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болголоо.

3. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болголоо.

4. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн урд замд нийтийн эзэмшлийн зам талбайг авто зогсоол болгосон байсныг буулгаж, авто замын зорчих хэсгийн тоог нэмэгдүүлж замын зохион байгуулалтын өөрчлөлт хийв.

Харин Хүүхдийн ордны баруун хойд уулзвараар урагш буюу зүүн гар тийш эргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэрлэн дохионы тохируулга туршилтын ажлыг хийж байна.