Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчооны замын ажил 70 хувьд хүрчээ

Баянзүрхийн товчоог буулгаж, замыг нь гурван эгнээ болгон өргөтгөн шинэчилж буй. Одоогоор тус замын ажил 70 гаруй хувьтай байгаа аж. Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замын асфальт бетон хучилтын ажил хийгдэж байна. Зам барилгын ажилд нийт гурван бригад гарч, шуурхай ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

Сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Энэ удаагийн өдөрлөгийг есдүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 4 салбар болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргилын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

Баянхонгор аймгийн залуу гэр бүл гурван ихэр хүүтэй болжээ

Баянхонгор аймгийн төвд амьдардаг залуу хос С.Ширнэн, Б.Наранцэцэг нар энэ сарын 10-нд гурван ихэр хүүтэй болжээ. Залуу ээж Б.Наранцэцэг нь Улаанбаатар хотын ЭХЭМҮТ-д нярайлж 9 сарын 18-нд эмнэлгээс гарсан байна.

Ихэр хөвгүүд 1600 гр, 1900 гр, 2000 гр жинтэй бөгөөд эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа аж. Ийнхүү залуу хосууд таван хүүхдийн эцэг, эх болжээ. Монголын үрс маш олон болтугай.

Categories
гадаад мэдээ

Хөх ордны тэргүүн 11 жилийн дараа Пхеньян хотноо айлчиллаа

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хойд Солонгос улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байна.

Удирдагч Ким Чен Ун хүндэт зочноо найрсагаар угтан авч, хүндэтгэн харьцаж буй юм. Хоёр Солонгос уг айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Учир нь Хөх ордны тэргүүн 11 жилийн дараа Пхеньян хотноо айлчилж байна.

Удирдагчид гурав дахь удаагаа биечлэн уулзаж, цаг үеийн асуудлаар хэлэлцжээ.

Дээд түвшний уулзалтын дараахан залуу удирдагч хэвлэлийнхэнд “Бид гурав дахь удаагаа уулзаж байна. Бидний харилцаа улам дотно болж байна. Яриа хэлэлцээрч амжилттай үргэлжиж байгаа. АНУ, Хойд Солонгосын харилцаа сайжирсан. Ерөнхийлөгч Мун Жэ Иний хийсэн хичээл зүтгэлд талархлаа илэрхийлье” гэж хэллээ.

Хөх ордны тэргүүн бизнес эрхлэгчдээс гадна К-ПОП оддын төлөөлөл болох 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Пхеньян хотноо хүрэлцэн ирсэн юм.

Өмнөдийн бизнес эрхлэгчид гадаад ертөнцөөс хаалттай байдаг хойдын компаниудад хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах туйлын сонирхолтой байна.

Categories
мэдээ нийгэм

Хэрлэн голд ороод алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Энэ сарын 16-ны өдрийн 16:30 цагт Дорнодын Онцгой байдлын газар Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн /“Ялалт”-ын гүүрээс зүүн зүгт 25 км-т/ “Хорин найм” гэдэг газар тус сумын харьяат иргэн М /39 настай, эрэгтэй/ Хэрлэн голд ороод алга болсон тухай дуудлага хүлээн авчээ.

Тус дуудлагын дагуу Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар сураггүй болсон газраас Хэрлэн голын эрэг дагуу нийт 30 км зайд хоёр удаа самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд 19:30 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, есдүгээр сарын 19-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймагт Ж.Батсуурь, С.Цэрэндондов нар ИТХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөнө

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль өнөөдөр зохион байгуулагдана. Сүхбаатар аймагт 2016 оны сонгуулийн нийт 33 төлөөлөгчийн 17-г нь Ардчилсан Нам, 16-г нь МАН авсан байдаг. Гэвч Ардчилсан Намын нэг төлөөлөгчийн суудал маргаан дагуулж, эзэнгүй явсаар өнөөдөр нөхөн сонгууль зохион байгуулагдаж байна.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуульд МАН-аас тус аймгийн намын хорооны дэд дарга С.Цэрэндондов, АН-аас Хэнтийн аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь нар нэр дэвшиж байгаа аж. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Ингэснээр ирэх сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуульд зохион байгуулагдахаар товлогджээ. Нэр дэвшигчдийн хэн нь ялахаас хамаарч, Сүхбаатар аймгийн ИТХ-д АН, МАН-ын олонх болох асуудал шийдэгдэх юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдагдаж магадгүй аугаа боломж

БААБАР ИНГЭЖ ХЭЛЭВ


Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал айсуй. 1929, 1973, 2008 оны хямралыг тэр болгон хүн урьдчилж харж чадаагүй учраас гэнэтийн сүйрэл байсан. Харин энэ удаагийн хямрал бүхний нүдэн дээр аажмаар тэлсээр. Олон судлаачид энэ удаагийн хямралыг 2008 оны үргэлжлэл буюу дараагийн жинхэнэ цохилт нь гэж үзэж байна. Найман оны хямралыг Хятад, Энэтхэг, Бразилийн хүчтэй өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг аварч гарсан. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг болох АНУ Холбооны нөөцөөсөө 700 тэрбум доллар гаргаж зах зээл рүү цацсан бол хятадууд үүнээс нэг их дутахгүй мөнгө гаргасан. Одоо дахиж ингэж чадахгүй л болов уу. Нефтийн үнэ өдгөө найман оны хэмжээнд тулж очлоо. Герегээс эхэлсэн хямрал тэлж Их долоогийн нэг болох Италийг нөмрөн авлаа. Евро оршин тогтнох эсэх дээрээ тулж, тэр байтугай Европын холбооны хувь заяа эргэлзээнд орлоо. Европ сүйрвэл зах зээлийнх нь гол нийлүүлэгч Хятад баларна. Японд бүр том цохилт болно, тэртэй тэргүй 1998 оны Азийн хямралаас хойш огт өөдлөөгүй зах зээл шүү дээ. Арабын хувьсгал, Ираны нөхцөл байдал эрчим хүчний ирээдүйд маш том аюул учруулж байна. Тэр хувьсгал гээч нь Саудын Арабт халдварлавал дэлхийг нөмөрсөн аюумшигт хямрал гарцаагүй болно. Ийм хямрал дайн, гуйранчлал, өлсгөлөн, дарангуйлал, эрүүл бус ертөнц рүү аваачдагийг хүний түүх олон удаагийн тохиолдлоор бүрнээ харуулсан.

Олон эрдэмтэн, шинжлэх ухааны хүрээлэн, банк санхүүгийн шинжээчид ойрын гурваас таван жилд юу болох талаар судалгаа хийн прогноз таамгаа гарган нийтэд танилцуулж байна. Дан хар мэдээ! Сүйрлээс амь мэнд туулан гарч болох газрыг БРИКС байж магадгүй гэнэ. Европ, Японыг бараг дүүрчихлээ, АНУ маш хохиролтой үлдэнэ гэнэ. Энэ хэд бол дэлхийн нийт эдийн засгийн ихэнхийг бүрдүүлдэг газрууд шүү дээ. Эрчим хүчний түүхий эд бүхий цөөн хэдэн орны хувьд дэлхий нийтийг хамарсан хямрал нь ашиг завшаан авчирч болох боломжтой гэж тооцоолж байна. Судалгааны олон институцийн тооцоолж байгаагаар хямралаас хожоотой гарах боломж бүхий орнуудын тэргүүнд Монголыг нэрлэж байна. Мэдээж олон улсын нэр хүнд бүхий судалгааны институциуд Монголын түүхий эдэд шунан удирдагчид ба жагсагчдыг нь панаалдах гэж ингэж зориуд юм зохиогоогүй байлгүй дээ.

Бусадтайгаа төстэй боловч нэлээд дэлгэрэнгүй тайлан гаргасан Сити группийн тооцоогоор Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өсөх юм байна. 2015 онд нэг хүнд ногдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэсэн байх юм. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж.

ДНБ нь нэг хүнд 10 мянган доллар болно гэдэг нь шинэ эрэмбэ, шинэ эрин, шинэ амьдрал юм. Ийм амжилтад хүрэхийн тулд АНУ бараг 200 жил зүтгэжээ. Олон жил дэлхийн эдийн засгийг толгойлсон Британи энэ эрэмбэд очихын тулд 270 жил зарцуулсан байх юм. Мэйжийн хувьсгалаас эхлэн чөлөөт зах зээлд орсон япончууд бараг зуун жил мурчийж байж 1969 онд арван мянгат болжээ. Пак Жон Хигийн эхлүүлсэн Солонгосын үсрэнгүй хөгжил энэ эгнээнд орох гэж эдийн засгийн дэвшлийн гайхамшгийг 40 шахам жил харуулж байж арай гэж очив. Дэн Сяопиний Хятад хөгжлийн рекордыг жил бүр шинэчлэн тогтоосоор, өнгөрсөн жилээс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон, тэр байтугай ойрын 15-20 жилд хамгийн том нь болно гэж үзэж байгаа ч гэсэн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган доллар болоход бас нэлээд хугацаа хэрэгтэй байна. Ингэхээр монголчууд чөлөөт зах зээлд шилжээд 25 жилийн дотор арван мянгатын эгнээнд очно гэдэг бараг л гайхамшгийн гайхамшиг. Кувейт, Сауди гэх мэтийн цөөхөн оронд ийм аз тохиож байсан. Гэхдээ 1973 оны хямралын ачаар шүү. Өөрөөр хэлбэл хямрал заримыг нь сүйрүүлж байхад заримд нь ашиглаж чадвал бололцоо олгодог аж.

Арван мянгат гэж юу гэсэн үг вэ? Улс орон, тухайн үндэстний хувьд энэ нь нийгмийн том үзүүлэлт, дээд эрэмбэ, асар их бололцоо, эрх чөлөө тусгаар тогтнол, үл хамаарлаа баталгаатай болгож буй хамгаалалт юм. Алив үндэстний хамгийн чухал үзүүлэлт бол боловсрол эрүүл мэнд. Үүнд асар их мөнгө хэрэгтэй. Ард түмэн нийтээр эрүүл энх, өндөр боловсролтой болж байж бодит дэвшлийн эцсийн үр дүн харагдана. Ийм бололцоо ядаж л арван мянгат болж байж биелэх бололцоотой. Газар зүйн ашигтай байрлал, худалдаа наймааны овсгоогоороо Сингапур богино хугацаанд арван мянгат болж авсны дараа л бүх хүнээ өндөр боловсрол, дэлхийн хамгийн эрүүл чийрэг иргэдтэй болоход анхаарлаа төвлөрүүлсэн. Үнэ өртөг өндөртэй дээд зэргийн чанартай боловсрол хийгээд эрүүл мэндийн тогтолцоо нь мөнгөгүй ард түмэнд мөрөөдөл төдий зүйл юм. Хоол хүнс, сууц оромжоо шийдэж бараагүй аль ч үндэстэнд боловсрол, эрүүл мэнд нь алсын зорилт. Эрүүл мэнд боловсролоо дээд жишигт шийдсэний дараа аль ч улс орны хувьд шинжлэх ухаан, брэнд үйлдвэрлэл, ноу хау, урлаг гоо зүй, менежмэнт гэх мэтийн хөгжлийн дараагийн эрэмбэ нь хүүхэд нохойн наадам болж хувирна.

Шинэ эрэмбэд гарсан хойно улстөрчид нь эдийн засгаа хорлоод байхаа болино. Мөнгөний урсгал төрийн төвлөрсөн төсөвт биш өөр тийш урсах учир хүн болгон дивтаат болох гэж нүдээ ухаж өгөх хэрэггүй болно. Төр ч бизнес эрхлэхээ больж, хууль болон стандарт тогтоож түүнээ хэрэгжүүлэх хянах үндсэн үүрэгт ажилдаа орох болно. Улстөрч байхын жаргал үгүй болохоор Улсын их хурлыг цирк болгосон ч болно. Улсын наадмын шөвгийн арван зургааг шууд дивтаат болгосон ч нийгмийн амьдралд төдийлөн хор болж чадахгүй. Юмны үнэ нэмэгдэх, шатахуун тасрах зэрэг нь проблем мөн боловч шүлсээрээ ард түмнээ хайрладаг гудамжны жагсагч рекетчинг үндэсний баатар болтол нь тодруулахуйц эмгэнэл байхаа болино. Утаа, түгжрэл зэрэг нь хэсэг далимчдын өмдөндөө багтахгүй болтол таргалах шалтаг биш, ердийн шинжлэх ухаан менежмэнтийн аргаар шийдэх цаг үеийн бэрхшээл болно. МАНАН татлаа, МАНАН сарнилаа зэрэг нь хэний ч сонирхол татахгүй болно. Ер нь улс төрийн тавцанд цоо шинэ хүчин, цоо шинэ үзэл санаа, цоо шинэ менежмэнт буй болно. Улстөрчдийн ч, дуучдын ч, бөхчүүдийн ч, эгэл баатруудын ч ярих сэдэв, логик, утга санаа, дараалал даруй эрэмбэ дээшилж бусад хүмүүст байтугай өөрсөдөд нь ч ойлгомжтой болоод ирнэ. Бидний өнөөдөр шаагилдаад байгаа сүйрэл болгон нь арван мянгатын эгнээнд орсон хойно амархан шийдэж болох цаг зуурын бэрхшээлд тооцогдоно. Учир нь эрэмбэ дээшилж алив зүйлийг атгаг санаа, өнөө маргаашийг аргацаасан аяга шөлний хэмжээгээр бус гагцхүү нийтийн, тэр дундаа улс үндэстнийхээ эрх ашгийн өндөрлөгөөс алсын хараатай ухаалгаар тольдон шийдэх чадвартай болно. Нийгмийг боловсролтой хүмүүсийн эрүүл ухаан жолоодох болно. Нийгмийг атгаг хорон санаа, харанхуй тэнэглэл биш харин хууль зохицуулдаг болно. Нийгэм гэгээрнэ. Үүнд л мөнгө хэрэгтэй, ингэхийн тулд л дараагийн эрэмбэ болох арван мянгат руу орох хэрэгтэй байгаа юм.

Эдийн засгийн олон улсын судалгааны багууд Монголын тухай ийм өөдрөг дүгнэлт гаргахдаа Оюу толгой, Таван толгой гэсэн хоёр аварга орд эргэлтэд орсноор тооцоолж дүгнэлт гаргаж байгаа юм. Монголд энэ хоёрын цаана дутахгүй олон орд бий. Нээгдээгүй хичнээн байгааг одоохондоо хэн ч мэдэхгүй. Тэр болгоныг судалгаанд тооцоогүй болохоор 2030 оны 60 мянган доллар хэд нугарч ч болох юм. Сүүлийн 20 жилд Хятадаас орж ирсэн 3 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг давуулж ганц Оюу толгойд Өрнөөс 5 тэрбумын хөрөнгө оруулалт татсан нь энэ ордыг эргэлтэд оруулсны хамгийн том ач холбогдол мөн. Хөрш орноосоо хэт хамааралтай байх нь тусгаар тогтнолоос авахуулаад хүн хоорондын харилцаанд ч хичнээн цөвтэй болохын манай сүүлийн 400 жилийн түүх тод тодорхой харуулсан. Гурав дахь хөршийн бодлогын амин сүнс санаа нь энэ. Оюу толгойн гэрээ алдаа мадагтай юу гэвэл мэдээж сул болсон. Юун түрүүн харанхуй бүдүүлгээсээ болоод орд ашиглах гадны компаний 34 хувийг өр зээл тавин байж төрийн мэдэлд авсан явдал. Ийм хувь эзэмших мөнгө ч байхгүй, туршлага ч байхгүй, технологи ч байхгүй, техник болон боловсон хүчин байхгүй хэвтэж хөрөнгө оруулагчаас олон жилийн хугацаатай зээл авч “баярхдаг” нь эдийн засгийн утгаараа тэнэг л алхам. Алсдаа юм ойлгодог болж, ядахнаа арван мянгатын эгнээнд орчихоод өөрснөө бүгдийг нь ашигласан ч болно л доо. Гэхдээ хоосон хэрэлдэж байхаар Оюу толгойг эргэлтэд оруулах болсон нь Монголын нийт түүхэн дэх эдийн засгийн салбарын хамгийн том амжилт.

Хамтарсан Засгийн газар байгуулсны цаад логик нь хоорондоо хэрүүл хийн улс орны хөгжилд саад болж байхаар Оюу толгой, Таван толгойг эргэлтэд оруулж цаашдын амьдралаа бодъё гэсэн санаа. Таван толгойг тойрч шийдвэр гаргагчид нь баахан шүлс үсэргэн цэцэрхэж байгаад тарах шив. Алсын байтугай ойрын ч хараа үгүй бүдүүлэг тэнэгийн л илэрхийлэл л дээ. Нэг хэсэг нь өөртөө тусах өчүүхэн ашгаар дэнчин тавин барьцаалж байхад нөгөө хэсэг нь тэднийгээ хардаж, өөрөө хоосон хоцорч турж үхэх вий гэсэн хар хор айдастаа баригдаж явсаар өдий хүрлээ. Оюу толгой 2012 онд ашиглалтад орох бололцоотой. Гэвч эрчим хүч үгүй бас дээр нь нэгэнт хийгдсэн гэрээний араас хүндрүүлсэн шинэ нөхцөл тулгаад байгаа зэрэг асуудал тулж байна, үүнийг энэ жилдээ шийдэж чадахгүй бол 2016 он хүртэл хойшлогдоно. Хятадаас эрчим хүч авах хүсэлт гаргасан боловч цаадуул нь асуудлыг Таван толгойтой уяад байгаа. Өөрснөө цахилгаан станц барья гэхээр мөнөөх л төр засгийн шийдвэр гаргагчид нь өөрийн өчүүхэн амин ашгийг хавчуулах, хоорондоо дайсагналцах атгаг санаандаа баригдчихаад хөдөлж өгөхгүй байсаар өдий хүрлээ. Ингэхээр хууль тогтоогчдын тэнэглэл болон Таван толгойгоос болж нэгэнт эхэлсэн Оюу толгой нуран унах магадлал улам их болж байна. Үүнийг ойлгоход уг нь тийм ч их өндөр боловсрол шаардлагагүй л юм даа.

Эдийн засгийн хямралд хамгийн хүндээр өртдөг нь ядуу буурай орнууд. 1973 оны хямралд Африк, Латин Америк, Энэтхэг маш ихээр туйлдсан. 1929 оны хямрал Хятад болон Азийн ихэнх орныг үндсээр нь сүйрүүлсэн. Гэтэл зарах юмтай Арабын орнууд болон ЗХУ 1973 оны хямралаар босч ирсэн дээ. Будаа, мах нийлүүлэх чадвартай Аргентин дэлхийн II дайны үеэр хамгийн баяжсан орон болсон. Оюу толгой, Таван толгой нь ирж буй хямралыг далимдуулан босч ирэх аугаа том боломж. Гэхдээ зарах юмгүй, “уг нь ухвал юмтай л даа” гээд цээж наймаа хийгч байвал мөн ч том зовлон туулна даа. Хямрал даамжирсан үед хөрөнгө оруулагч олдохоо болино. Яагаад гэвэл газар сайгүй илүү юманд оруулах хөрөнгө байхгүй болно. Өсөж дэвжиж яваа зах зээлд аль л тансаг сайн болгон гүйлгээтэй. Хямралын үед аминд тулсан юм л зарагдана. Эрчим хүчний нөөц чухам ийм аминд тулсан зүйл нь мөн билээ.

Зурагтаар Хүрэлсүхийн тухай хөрөг маягтай учиргүй урт нэвтрүүлэг гарлаа. Сонгуульд зориулсан сурталчилгаа юм болов уу даа. Гэхдээ мань хүн нэг үнэн үг хэлсэн: “Реформ, эдийн засгийн шинэчлэл гэдэг бол улс төрийн шийдвэр. Ийм том шийдвэрийг элгээ эвхсэн доожоогүй юмнууд хийдэг ч юм биш. Над шиг зоригтой, юунаас ч айдаггүй. улс төрийн мэдрэмж ухамсартай шийдмэг хүн хийдэг юм!”. Манай хүн боловсрол нимгэн, гүжирмэг, муйхар нэгэн л дээ. Гэхдээ итгэл үнэмшил нь төрөх юм бол зоригтой шийдвэр гаргаж чаддаг юм билээ. Хэрэв асуудлыг зөвөөр ойлгож чадвал улс орноо, ард түмнээ аврах шийдмэг шийдвэр гаргаж магадгүй л юм. Үнэхээр ч хэнд ч тал алдахгүй гэж үхээнц царайлан тал тал тийшээ царайчилсан “элгээ эвхсэн доожоогүй юмнууд”-аас залхвал залхах боллоо. Улс орноо өөд татаж магадгүй “азаа үзэх” мянган сонголт бий, хамгийн муу сонголт бол юу ч хийхгүй байх.

Бид ирж яваа их цунамигийн өмнө байна. Сүх далайтал үхэр амар байдаг болохоор өнөө маргаашийн аяга хоолны хэрүүл хийсэн шигээ, байгаагаа чамлаж, байхгүйг нэхэн хэхэрч сууна. Хэрэв их хямрал нөмрөн авахад зарах юмгүй сууж байх аваас шуурганы өмнөх тостой үеийг дурсан хий л харамсан енгэнүүлэх байх даа. Тэр цагт урьд байсан бололцоог хий үрсэн буруутныг хайна. Дорхноо олно. Мөнхийн хараалаар тэднийгээ булах болно. Бид ч буруутан илрүүлэхдээ угаасаа мундаг шүү дээ.

2012.01.23

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 356,179 ширхэг хувьцаа арилжлаа

2018 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 356,179 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс “Талх чихэр” ХК (TCK+4.69%) болон “АПУ” ХК (APU+3.01%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Хөвсгөл Алтан Дуулга” ХК (ADU-14.89%) болон “Монгол шуудан ХК (MNP-4.84%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мандал Даатгал ХК-ийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад 863 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийтдээ 9.2 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Энэ өдөр “TOP 20” индекс 19954.1 нэгж болж 0.5 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,322,130,275,853 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Categories
мэдээ нийгэм

Намрын ногоон өдрүүд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болно

Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээгээс энэ талаар тодрууллаа.

Тэрбээр “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалгааг жил бүрийн есдүгээр сард ХХААХҮЯ, НЗДТГ хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих, дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг. Энэ жил есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулах гэж байна. Есдүгээр сарын 19-нд нээлтийн үйл ажиллагаа, есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулна. Нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн. Энэхүү арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлого, шийдвэртэй танилцахаас гадна холбогдох албаны хүмүүстэй ажил хэргийн ярилцлага өрнүүлэх, салбарын хамт олонтойгоо туршлага хуваалцах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх зэрэг олон талын үр ашигтай. Органик хүнсний бүтээгдэхүүний журам гарсантай холбоотойгоор органикт шилжих боломжтой аж ахуйн нэгж иргэдийн бараа бүтээгдэхүүнийг тусгай лангуугаар борлуулахад нь дэмжлэг үзүүлж байна. Мөн оролцогч аж ахуйн нэгжүүдээс лангууны хураамж авахгүй үнэ төлбөргүй барааг нь сурталчилж байгаагаараа онцлогтой” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Т.Сосорбарам: Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүй иргэнийг томилох зөрчлүүд тасрахгүй гарсаар байна

Төрийн албаны зөвлөлийн Ахлах референт Т.Сосорбарамтай ярилцлаа.


-Сүүлийн үед төрийн албаны халаа сэлгээ ихэссэн талаарх шүүмжлэх боллоо. Үүнд Төрийн албаны зөвлөл анхаарал хандуулахгүй байна гээд байгаа. Та бүхний зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Улсын Их Хурлын сонгууль болгоны дараа, Засгийн газар өөрчлөгдөх бүр хуулиар болон Засгийн газрын тогтоолоор яам, агентлагийн бүтэц өөрчлөгддөг явдал нь Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын хууль ёсны эрхийг хамгаалахад маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг. Улсын Их Хурлаар Засгийн газрын бүтцийг өөрчилсөн хууль баталдаг. Энэ хуулийг үндэслэж яам, агентлагийн бүтэц, улмаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийлэлийн Засаг даргын харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөж, үүнийг дагаж төрийн албан хаагчид халагддаг, чөлөөлөгддөг. Тухайлбал, Засгийн газрын 2008 оны 65, 2012 оны 14, 2014 оны 327, 2014 оны 382, 2016 оны 03 дугаар тогтоолоор яамдын бүтцийг, Засгийн газрын 2012 оны 43, 2014 оны 387, 2016 оны 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тоог өөрчилж байсан.

Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийн тулд ийнхүү өнөөгийн эрх зүйн орчны хүрээнд Төрийн албаны зөвлөл ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч улс төрийн сонгууль тутмын дараа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөхөд яам, агентлаг, болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, төрийн албан хаагчид шилжилт хөдөлгөөнд орж, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөл алдагдаж байна. Үүнээс гадна “бүтцийн өөрчлөлт” гэсэн нэрийн дор төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, халах асуудал үргэлжилсээр байгаа. Энэ нь сүүлдээ байх ёстой хэвийн үзэгдэл мэтээр иргэд, олон нийт, төрийн албан хаагчид хүлээж авах буруу хандлагатай болоод байгааг нуух ёсгүй.

Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хийсэн Үндэсний аудитын газрын тайланд “Яам, агентлагийн төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг томилоход Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг зөрчих тохиолдол нийтлэг гарсан, Төрийн албаны зөвлөлийн санал дүгнэлт гаргахгүйгээр албан үүргийг түр орлон гүйцэтгэгч томилсон, төрийн албанд жинхлээгүй иргэнийг албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон зөрчил байна. Эдгээр зөрчил, дутагдалтай холбогдуулан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт, томилгоотой холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэх саналыг Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газарт удаа дараа тавьсан бөгөөд зөрчил, дутагдлыг арилгах, хууль журмыг дагаж мөрдөх ажил удаашралтай, хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна” гэж дүгнэсэн.

Төрийн албаны зөвлөл жил бүрийн үйл ажиллагаандаа, тухайлбал 2014 оны үйл ажиллагааны тайландаа “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийг өөрчлөхдөө шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тооцоо, чиг үүргийн шинжилгээнд үндэслэдэггүй, төрийн албаны төв болон холбогдох бусад байгууллагын санал авдаггүй, хуулиар тодорхойлсон төрийн албаны үндсэн зарчмыг баримтлахгүй явж ирсэн нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан Монгол төрийн залгамж чанар, төрийн удирдлагыг бэхжүүлэх тухай дотоод аюулгүй байдлын үндэс суларч болзошгүй хэмжээнд хүрээд байна” гэсэн дүгнэлтийг гаргаж Төрийн албаны тухай 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу Улсын Их Хуралд тайлагнасан. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд тодорхой амжилтад бүрэн хүрээгүй.

-Яам, агентлагт түр орлон гүйцэтгэгчээр хэдэн хүнийг томилон ажиллуулж байна вэ. Үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулах хугацаа гэж байдаг уу.

-Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх асуудлыг Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”аар тус тус зохицуулдаг.

Энэ хууль тогтоомжид зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх ёстой. Төрийн байгууллагуудад явуулсан хяналт шалгалт, судалгаанаас үзвэл “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”ыг зөрчсөн томилгоо нэлээд байна. Өнөөдрийн байдлаар яамдын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд 42, агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд 89 байна.

Төрийн албаны зөвлөлөөс түр орлон гүйцэтгэгч нарын зөрчилтэй асуудлыг арилгуулах талаар хугацаатай үүрэг өгдөг боловч, зарим талаар хэрэгжихгүй байна. Энэ нь хууль тогтоомжид төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх хугацааны хязгаарлалт байхгүй байгаатай холбоотой тул шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд сул орон тоо гарсан өдрөөс хойш 21 хоногт багтаан Төрийн албаны зөвлөлд ирүүлэхээр, энэ хугацааг зөрчсөн албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай заалтуудыг оруулсан нь дэвшилттэй зүйл болсон.

-Яамдад Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр хэдэн хүнийг томилон ажиллуулж байна вэ. Төрийн нарийн бичгийн дарга нарыг хэзээ жинхлэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамдын Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажиллаж байгаа.

Засгийн газраас Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг ирүүлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд тавигдах шалгуур хангалттай биш байна гэж үзэн буцаасан. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай холбоотой шүүх дээр хэрэг маргаан үүсгээд явж байгаа тул сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байна. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын захиалга Засгийн газраас ирээгүй байгаа.

Гэхдээ энэ гурван яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид нь Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ алба хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын дагуу томилогдсон байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-Шалгалт өгөөгүй иргэдийг ялсан намын шахаагаар төрийн албаны удирдах албан тушаалд шууд томилж байгаа зөрчилд ямар хариуцлага тооцдог вэ. Зарим тохиолдолд ажлын байрны шаардлагыг нь тухайн хүнд тааруулж өөрчилдөг гэсэн шүүмжлэл байдаг. Ийм байж болдог юм уу?

-Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах тусгай шаардлагын төслийг Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 1048 тоот албан бичгээр, 2012 оны 966 тоот албан бичгээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл батлаагүй. Иймээс төрийн албаны удирдах ажилтны томилгоо улс төрөөс хараат, мерит зарчим хэрэгжихгүй байгаа юм. Гэхдээ 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөгдөх Төрийн албаны тухай хуульд “мерит зарчим”, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хуульчилж өгсөн дэвшилттэй зүйл болсон гэж үзэж байна.

Бүх шатны төрийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх ажилтны сул орон тооны захиалга хүлээн авах, нийтэд зарлах, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, дүгнэлт гаргах нэр дэвшүүлэх, томилгоонд нь хяналт тавьдаг. Гэсэн ч томилох эрх бүхий албан тушаалтнууд сул орон тооны захиалгаа ирүүлдэггүй, түр орлон гүйцэтгэгч томилох, сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг гэрээт ажилтан нэрээр авч ажиллуулах, ажлын байрны шаардлагыг тодорхой хүнд тохируулах, эсвэл тавигдах болзол, шалгуурыг бууруулах, Төрийн албаны зөвлөл, түүний салбар зөвлөлөөс сонгон шалгаруулж, дүгнэлт гаргаж санал болгосон иргэнийг томилохгүй байх, сонгон шалгаруулалтад тэнцээгүй, эсвэл тэнцсэн ч Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтгүй иргэнийг томилох зэрэг зөрчлүүд тасрахгүй гарсаар байна.

Дээрх зөрчлийг гаргасан эрх бүхий албан тушаалтныг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах зохицуулалтыг 2019 оны нэгдүгээр сараас мөрдөгдөх Төрийн албаны тухай хуульд шинээр тусгаж өгсөн.

-Төрийн албаны зөвлөлийг хангалтгүй ажиллаж байна гээд татан буулгах ёстой гэдэг зүйл нийгэмд газар авч байна. Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа тийм доголдолтой байгаа хэрэг үү?

-Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд дарга, зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй, хараат бус бие даасан байгууллага бөгөөд үйл ажиллагаагаа жил бүр Улсын Их Хуралд тайлагнан ажиллаж, тодорхой чиглэл аван ажилладаг.

Төрийн албаны зөвлөл нь хараат бус, бие даасан байдлаа ханган ажиллаж өөрийн чиг үүрэгт хамаарах нөөц боломжоо бүрэн дайчлан ажиллаж байна. Улсын Их Хурлын 2002 оны аравдугаар сарын 31ний өдрийн 70 дугаар тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны орон тоог Ажлын албаны дарганэг, ахлах референттав, референтгурав, шинжээчхоёр, нягтлан бодогчнэг, бичиг хэрэг, архивын эрхлэгчнэг, даргын туслахнэг, нийт 14 хүний орон тоотойгоор баталсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд Зөвлөлийн бүтэц орон тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй бөгөөд энэ хугацаанд төрийн албан хаагчдын тоо 52 мянгаар нэмэгдсэн.

Ажлын алба өнөөдрийг хүртэл зохион байгуулалтын бүтцийн нэгжгүй, 14 ажилтантайгаар Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг. Тухайлбал, ажлын албаны нэг ажилтан гэхэд төрийн албаны шалгалт, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц болон хяналт шалгалтыг улсын хэмжээнд хариуцаж байгаа нь Зөвлөлийн хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд ихээхэн хүндрэлтэй байдаг ч хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа.