Categories
мэдээ нийгэм

Боловсролын салбарынхны зөвлөлдөх уулзалт болов

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн боловсролын байгууллагын ололттой сайн талыг сурталчлах замаар арга зүйг түгээн дэлгэрүүлэх, тэгш хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд есдүгээр сарын 12, 13-нд “Олон нийтийн оролцоот-Тэгш хамруулсан сургууль” сэдэвт боловсролын салбарын зөвлөлдөх уулзалт, туршлага судлах арга хэмжээ боллоо.

Уулзалт, арга хэмжээг БСШУСЯ, НҮБ-ын “Хүүхдийн сан”, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Баян-Уул сумын сургууль, цэцэрлэгийн захиргаа хамтран зохион байгуулсан бөгөөд тус аймгийн 28 сургууль, 29 цэцэрлэгийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл бүхий нийт 350 гаруй зочид төлөөлөгчид оролцов.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, ЗДТГ-ын дарга, “Хүүхдэд ээлтэй орон нутаг” төсөл хөтөлбөрийн Зохицуулах зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнэ, БСШУСЯ. НҮБ-ын Хүүхдийн сан, БХАН, аймгийн НБХ, БСУГ-ын дарга, мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ.

Тэд Баян-Уул сумын сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тэгш хамран сургалт, олон нийтийн сургууль цэцэрлэг сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэгт оролцсон юм.

Мөн зочид төлөөлөгчид Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд зочилж “Хүүхдийн осол аюулгүй орчин” сэдэвт бүтээлч ажилд гар бие оролцсон ажээ. Тухайлбал машины зогсоол, замын тэмдэг тэмдэглэгээ, дотуур байрын гадна талын гэрэлтүүлэг, ослоос сэргийлэх гэрэлтүүлэг зэрэг ажлыг хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 80 удаагийн дуудлагаар ажиллан, 280 хүний амь насыг авран хамгаалжээ. Үүний 235 нь насанд хүрэгсэд, 45 нь хүүхэд байгаа юм.

Завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулснаас хойш уснаас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гол усанд нэрвэгдэгчийн амь насыг цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг тус аймагт 2018 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, удирдлага зохион байгуулалтаар хангахаар Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын гишүүд, Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, сургуулийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

Бүх шатны Засаг дарга, аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль “Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээд, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Сургуулийн үеэр орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын хүрээнд тус аймагт тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулиудыг бодит байдалд тулгуурлан зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

6.000 м.кв талбайн замыг хусч, тэгшлэнэ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх болон орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг тогтмол хийж байгаа билээ.

Тухайлбал өчигдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ-ын ажилчид 22 дугаар хорооны 6.000 м.кв талбайг хусч тэгшлэх ажлыг эхлүүлсэн юм.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 97.100 м.кв талбай бүхий явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ Словакын Трвана хотод эхэллээ. Өнөөдөр чөлөөт бөх эмэгтэйчүүдийн төрлөөр эхлэх бөгөөд 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн сугалаа боллоо. Манай улсаас маргааш дөрвөн тамирчин барилдах бөгөөд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.

50 кг: Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь тэгшигтгэлд Африкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучуудын хошой аварга Тунисийн Сарра Хамдитай учраа таарчээ. Түүнийг ялбал 1/8 шигшээд Казахстаны Марина Закшевская, Польшийн Магдалена Мажосын ялсантай барилдана.

55 кг: Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин Б.Халиунаа 1/8 шигшээд БНСУ-ын Пак Юн Йонтой хүч үзнэ. Түүнийг аргалчихвал шөвгийн наймд Казахстаны Айгерим Ибрашева, Туркийн Нурифе Думан нарын ялсан нь хүлээж байна.

68 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Э.Даваанасан эхний тойрогт гоц мөргөж, 1/4 шигшээд Казахстаны Валерия Гончарова, БНХАУ-ын Ван Ян нарын ялсантай хүч үзнэ.

76 кг: “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал 1/8 шигшээд Туркийн Айсегул Озбегетэй барилдахаар болжээ. Туркийн бөхийг аргалчихвал шөвгийн наймд БНХАУ-ын Хуан Юанюан, Украины Анна Тисличенко нарын ялсантай хүч үзэх юм.

ДАШТ-ий урьдчилсан барилдаан манай цагаар 16:30-19:30 хооронд болно. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/event/world-championships-31 линкээр үзэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” автобус хэрхэн үйлчлэх вэ?

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн зам, Намъянжүгийн гудамжаар үйлчилнэ.

“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна. Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титмийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар тус тус үйлчлүүлэх боломжтой юм.

Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байнагэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Анхааруулах самбар байршуулав

Ойрын өдрүүдэд улсын болон орон нутгийн чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах ажлыг хийж байна.

Тухайлбал хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс дүүргийн 23 дугаар хороо Улиастай, 11 дүгээр хороо Хонхор мөн Налайх руу явдаг замд анхааруулах самбаруудыг байршуулав.
Түүнчлэн тус хэлтсийн албан хаагчид замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхд хяналт, шалгалт хийсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр төв талбайд 4000 ажлын байранд бүртгэнэ

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран зохион байгуулна. Нийслэлийн иргэдэд нээлттэй ажлын байрны мэдээллийг хүргэж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, мэргэжлийн болон давтан сургалтын арга хэмжээний хүрээнд мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгуулах, ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.

Уг өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож дараах арга хэмжээг зохион байгуулах болно. Үүнд:

2018.09.19-ний өдөр

-Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх

-Ажил олгогч 70 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ

-Хадгаламж зээлийн хоршоодын гишүүд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

2018.09.20-ний өдөр

-Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна

-Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх

-Ажил олгогч 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ

-Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах

-Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах

-Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх

-Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийнэ.

Categories
мэдээ спорт

Аваргууд Аки башёг тэргүүлж явна

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн 10 дахь өдрийн байдлаар Их аварга Хакүхо, Какүрюү нар есөн даваатай башёг тэргүүлж явна.

Монголын хоёр Их аваргын араас Озэки Такаясү, Гойэдо, маэгашира Рюүдэн нар найман даваа, нэг унаатайгаар нэхэж яваа бол 72 дахь Их аварга Кисэносато ес дэх өдөр озэки Точиношинтой барилдан давснаар долоон даваатай болов. Тэрбээр найм давж 50 хувийн амжилтаа үзүүлэх нь хамгийн эхний зорилт бол Озэки Точиношин таван даваа, дөрвөн унаатай байгаа нь сүүлийн өдрүүдэд гурав давах зайлшгүй шардлагатай болж байна.

Харин Озэки цолны сураг гараад байсан сэкивакэ Митакеүми сүүлийн өдрүүдэд гурав унаснаар байдал эвгүйтэв. Өнөөдөр тэр Какүрюү аваргатай барилдана. Сэкиваке Ичиножёо А.Ичинноров Икиойгоор гурван даваагаа авсан бол Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил найман унаатай болсноор цолоо алдах магадлалтай болов. Харин Маэгашира цолтой Такаинова А.Баасандорж Кёкүтайсэйг даван долоон даваатай болсон бол Чиёошима Г.Мөнхсайхан тав дахь даваагаа Айояамагаар авлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатараас алга болсон хүүг Эрдэнэтээс олжээ

Дахин хоёр настай хүүхэд алга болсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид эсэн мэнд олжээ.

Тодруулбал 2018.09.06 өдөр “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн V хороо буюу “Тэди” төвийн орчмоос хүүхэд алга болсон” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хүүхдийг шуурхайлан хайсны үр дүнд есдүгээр сарын 7-ны өдөр алга болсон хоёр настай хүүг Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэжээ.

Хүүхдийг хулгайлсан байж болзошгүй сэжигтэй О гэх этгээдийг эрэн сурвалжилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Өмнө нь наймдугаар сарын 19-нд Дархан-Уул аймгаас таван настай охин алга болсон. Алга болсон охиныг “Э”-г 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилсан.

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг “ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.

Иймд: Эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Хуулийн заалт: 13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

1.Хохирогчид хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хууран мэхэлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглаж эрхшээлдээ оруулан авч явсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй.