Categories
мэдээ нийгэм

Хотын даргад шаардлага хүргүүллээ

Нийслэлийн засаг дарга С.Батболдод “Гэр хороолол хөдөлгөөн”-өөс дараах шаардлагыг хүргүүлэхээр болов.

Нийслэлд 216 мянган айл гэр хороололд амьдарч байна. Харамсалтай нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож, иргэдийг хохироолоо. Газрын эзэд газраа барьцаалж зээл авах эрхтэй болж, хашаандаа бизнес хийх боломж олгохыг шаардаж байна.

Үүнд:

1.Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/06/10-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны барилгын санхүүжилтийг зарцуулах журмыг хэрэгжүүлэх.

2.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016/10/28-ны өдрийн 4/09 дугаартай тогтоолоор хасагдсан 40 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт эргүүлэн тусгах.

3.2017/06/16-ны өдрийн Засаг даргын захирамжаар баталсан “Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт” олгох журам буюу гэр хорооллын иргэдийн газрыг орон сууцны зээлийн 30 хувийн урьдчилгаанд тооцож, газрын үнэ цэнийг унагаж байгаа ажлаа зогсоо.

4.Гэр хорооллын иргэдэд газраа барьцаалж хөрөнгө босгох, санхүүгийн бүтээгдэхүүн гаргах хөтөлбөрийг үргэлжлүүлэх. Монгол Улсын Засгийн газрын 252 дугаар тогтоолоор баталсан “Сайн хашаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэх.

5.Хотын захиргааг “Нүхт” –д шилжүүлэхээр бэлтгэж байгаа шийдвэрийн төслийг цуцлах, хийгдэж байгаа ажлын зураг төсөл, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг гэр хороололд зарцуулах, Хотын захиргааны шинэ цогцолборыг “Ханын материал”-д шилжүүлэхтэй холбогдон гарсан захирамжуудыг үргэлжлүүлэх.

6.Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2016/05/06-ны 86 дугаар тогтоолоор баталсан “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хуучин орон сууцыг дулаалах үйл ажиллагааг үргэлжлүүлэх.

7.Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014/05/26 ны өдрийн 17/17 тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/460 дугаар тогтоолд заасан Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, амжилттай явж байгаа иргэдийн бүлэг болох, жишээлбэл “Нарлаг буянт ухаа”, “Газрын эзэн Баянзүрх” зэрэг иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулах ажлыг үргэлжлүүлэх.

8.2012 оноос өмнө газрын эздэд хямд үнэ тулган газрыг нь худалдан авч, цааш нь өндөр үнээр дамлан бизнес хийдэг байсан хуучин ажлаа одоогийн удирдлагууд сэргээлээ. Эрин зууны энэ луйвраа зогсоохыг тус тус шаардаж байна.

9. Бидний удаа дараа тавьж буй энэхүү шаардлагыг үл ойшоож, гэр хорооллын иргэдийг дорд үзэж, хотын захиргааг ядуусын бус олигархиудын газар руу шилжүүлж, үнэгүй авто зам, дэд бүтэц тавихаар улайрч байгаа хотын дарга С.Батболд таныг огцрохыг шаардаж байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” 21-нд эхэлнэ

Таван жил тутам явагддаг “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа” энэ сарын 21-нд эхлэх гэж байна.

Бэлтгэл ажлын нэг хэсэг нь мэдээлэл цуглуулалтын ажилтнуудыг сургаж бэлтгэх юм. Сургалтыг амжилттай зохион байгуулснаар чанартай мэдээлэл цуглуулах, улмаар гарсан үр дүнг бодлого, хөтөлбөрт ашиглахад чухал ач холбогдолтой юм.Үүнтэй холбоотойгоор 120 хүнийг хамруулсан сургалтыг сарын хугацаанд зохион байгуулжээ.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хүүхдийн өндөр, жинг хэмжих, давсны иодын агууламж шалгах, өрхийн ундны усны чанар шалгах (е коли) шинжилгээг хийдэг. Уг судалгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, өсөлт, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, бэлгийн зан үйл зэрэг олон талт нийгмийн үзүүлэлтүүдийг уялдуулан судалж, улмаар бодлого хөтөлбөр боловсруулагч, шийдвэр гаргагч нарт төдийгүй судлаач, эрдэмтэд болон сонирхсон хүн бүхэнд шаардлагатай статистикийн үнэн бодит мэдээллийг бий болгох юм.
Энэхүү судалгаагаар Тогтвортой хөгжлийн зорилт болон хүн амын эрүүл мэнд, нөхөн үржихүй, эх, нялхсын талаар төр, засгаас дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхэд шаардлагатай мэдээллийг гаргана

Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан түлш хэрэглэхийг уриаллаа

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гарсан.

Нийслэлийн Агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлж буй гэр хорооллын 2000 гаруй мянган яндан, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэйгээс бусад 3000 гаруй аж ахуйн нэгжийн түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоосноор агаарт хаях тоосонцрын хэмжээг 60 хүртэл хувиар бууруулах боломжтой болох юм.

2018-2019 оны халаалтын жилээс эхлэн сайжруулсан түлшний үнийг түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна.

Нийслэлд сайжруулсан түлш боловсруулдаг “Ханан хишиг” ХХК, “ШУҮ-ийн Монхимо” ХХК, “LUBRICON MONGOLIA” LLC гэсэн албан ёсны гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгж та бүхэн агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд өөрийн хувь нэмрээр нэгдэн оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

О.Энхзаяа: “Автомашингүй өдөр” нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгах зорилготой

Дэлхийн “Автомашингүй өдөр”-ийг энэ сарын 22-нд буюу Бямба гаригт зохиох тухай хэвлэлийн хурлыг хийлээ.

Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийндарга О.Энхзаяагаас тодрууллаа.

-Автомашингүй өдрийг зохион байгуулахын ач холбогдол юу вэ?

НҮБ-ын 64-р Ассамблейн “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай ” тогтоолыг хэргжүүлэх, Alternative mobility буюу автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор автомашины хэрэглээг хязгаарлаж, нийтийн тээвэр, унадаг дугуй зэрэг бусад тээврийн хэрэгслийн хэрэглээ, явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дунд бухимдал, цаг алдалт, дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд энэхүү арга хэмжээний ач холбогдол, зорилго оршино.

-Энэ өдрийг яагаад зохион байгуулахаар болсон бэ?

-Манай орны осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралтын тохиолдол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд орсоор байна. Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэнээс 115321 осол гэмтлийн шинэ өвчлөл, 2626 гадны шалтгаант нас баралт бүртгэгдснийг өмнөх оны статистик үзүүлэлттэй харьцуулахад өвчлөл 7.2 хувиар, нас баралт 7.7 хувиар ту тус өссөн үзүүлэлттэй гарсан.Осол гэмтэл гадны шалтгаанаар гэмтсэн тохиолдлын 79.2 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Энэ нь 10000 хүн амд ногдох тохиолдлын түвшинг орон нутгаар тандан судлахад нийслэлд 4.4 хувиар өссөн үзүүлэлттэй байгаагаас өсвөр насы хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралт 14.6 хувийг эзэлж байна. 2017 оны эрүүл мэндийн салбарт бүртгэгдсэнээр зам тээврийн ослоор 17601 хүн гэмтэж, 542 хүн нас барсан байна.Иймээс нийслэлийн иргэд, тэр дундаа хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, орчинг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэг, хандлага, дадлыг олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгаа хийх, ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж үзсэн.

– Автомашингүй өдрийг хэзээнээс эхлэн тэмдэглэдэг болсон бэ?

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Манай орон 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэх гэж байна.

-Энэ өдрөөр ямар тэмцээн уралдаан зохион байгуулах вэ?

-Жил бүрийн автомашингүй өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил дэлхийн өдрөөр буюу Есдүгээр сарын 22-ны Бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08:00-17:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах , худалдааны төвүүдийг хааж, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Тухайлбалбал,тус өдөрлөгт оролцож байгаа иргэд баг болж тэмцээн уралдаанд оролцоод тусгай даалгаваруудыг гүйцэтгэх боломжтой. UBike дугуй түрээсийн зүгээс иргэдэд зориулж дугуйтай гэр бүл нэртэй тэмцээн зохиох гэж байна. Үүнд иргэд оролцох боломжтой.

-Автомашингүй өдрөөрямар ямар чиглэлийн замыг хязгаарлах вэ?

Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замд өөрчлөлт орно. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжүгийн гудамжаар явна. Хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн зам, Намъянжүгийн гудамжаар үйлчилнэ.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хэлбэр загвар нь сунаж, хувирдаг цахилгаан машин

Хүн ам болон автомашины бөөгнөрөл ихтэй их хотын амьдралын хэв маягт тохирсон тээврийн хэрэгслийн концепцууд технологи сонирхогчдын дэмжлэгийг авах нь улам нэмэгдсээр байгаа. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгчид хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцоход зориулагдсан хөнгөн, жолоодоход хялбар машин бүтээх ажилдаа аль хэдийнээ ороод эхэлсэн. Эдгээрээс хэлбэр загвар нь сунаж, хувирдаг цахилгаан машиныг онцолж байна. Үүнийг зохион бүтээгчид нь “IEV XX” гэж нэрлэжээ.

Сүүлийн үед дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч компаниуд хотын авто замын хөдөлгөөнд зориулсан нэг хүний багтаамжтай жижиг загварын цахилгаан машин бүтээхээр түлхүү ажиллах болж. Үүнд нэг асуулт урган гарч ирж байгаа. Энэ бол жижигхэн машинд хэрхэн овор ихтэй ачааг тээвэрлэх вэ гэж. Тэгвэл үүний хариултыг Дюссельдорфын инженерийн багийн зохион бүтээгчид хувирагч машины концепцоороо танилцуулсан байна. Өмнө нь энэ машины IEV X гэх анхны хувилбарыг танилцуулж байсан.

Харин одоо бол IEV XX хувилбар бидний нүдний өмнө харагдаж байна. Зорчигчдын тоо, ачааны овор хэмжээнээс шалтгаалаад урагш сунаж эзлэхүүнээ нэмэгдүүлдэг цахилгаан машин гэж тодорхойлбол илүү ойлгомжтой байх. Энэ машин хувираагүй үедээ өргөн нь 78 см, урт нь 160 см. Харин урагш сунаж, хувирсан үедээ бол өргөн нь 190 см, урт нь 220 см хүртэл нэмэгддэг байна. Энэ бол жижиг загвартай автомашины эзлэхүүнтэй холбоотой асуудлыг шийдэж өгсөн өвөрмөц санаа юм. Урд талын жолоочийн ард байрлах зорчигчийн суудал эвхэгддэг. Ингэснээр ачаа, тээш багтаах эзлэхүүн нь улам нэмэгдэнэ. Жингийн хувьд 115-145 кг юм байна.

Өөртөө 48-72 вольтийн аккумлятортой. Энэ нь 3 цагийн турш 60-120 км зам туулах бололцоог олгодог байна. хөдөлгөөнд оролцож байхдаа 45-60 км цагийн хурдтай давхидаг юм. Цэнэглэхийн тулд 40-60 ватт багтаамжтай нарны зайн хураагуурыг ашиглана. Үүнийг автомашинаа зогсоолд байршуулах цагаа ашиглан хийж болно. хяналтын хэсэгт 7 инчийн ухаалаг дэлгэцтэй болж өгсөн. Зохион бүтээгчдийн талаас энэ автомашинд 9098 ам.долларын үнийн саналыг буулгаад байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн төмөр бетон гүүрийн ажил үргэлжилж байна

Өнөөдрийн байдлаар нийт завсрын тулгуурын 12 худган суурийн их биеийн цутгалтын ажил бүрэн хийгдсэн. Захын нэг тулгуур, завсрын 2-13 тулгуур, завсрын 2-13 тулгуурын ригель цутгасан. Хоёр дам нурууны арматур, нэг завсрын тулгуурын арматур, нэг завсрын тулгуурын ригелийн арматур зангидаж бэлэн болсон байна. Мөн 37 дам нуруу, 193 зааглах зурвасын хашлага, 44 дугуй цохигч цутгаж тус тус бэлдсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Цалинг үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэхэд санал нэгдлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал өчигдөр /2018-09-18/ хуралдаж 2019 онд төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар улсын хэлэлцээр байгууллаа.

Нийгмийн зөвшлийн талууд буюу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос томилогдсон төлөөлөл уг хэлэлцээнд оролцож төрийн албан хаагчдын цалинг ирэх онд хоёр үе шаттайгаар 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авах, үүнд шаардлагатай 266 тэрбумаас багагүй төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт тусгуулахаар талууд санал нэгдэв.

Засгийн газраас шийдвэр гарган инфляцийн түвшинтэй уялдуулан энэ сарын нэгнээс багш, эмч нарын албан тушаалын үндсэн цалингийн доод жишигтэй дүйцэхүйц буюу тэдгээрээс бага цалинтай төрийн албан хаагчдын цалинг 8,0 хувиар, бага ангийн болон цэцэрлэгийн багш, сувилагчийн цалингийн ангилал зэрэглэлийг шинэчилснээр 12,3-30 хүртэл хувиар, соёл урлагийн салбарынхны цалинг 14-30 хүртэл хувиар тус тус нэмэгдүүлсэн. Мөн боловсролын болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалингийн доод жишгийг 2014 онд шинэчлэн тогтооход үүссэн зөрүүг арилгах, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын цалинг тодорхой хувиар нэмэгдүүлэх арга хэмжээг авахаар болсон билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“76 мангуу”-тайгаа байхад хөгждөггүй юм аа гэхэд тусгаар тогтнолоо алдахгүй ээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 28 жилийн ой өнгөрөгч долоо хоногийн дундуур болсон. Ерэн онд байнгын ажиллагаатай парламент буюу Улсын бага хурал байгуулагдаж есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсныг бид мэднэ. Уг ойг тохиолдуулан Их хурлын дарга хэвлэл мэдээллээр мэндчилгээ дэвшүүлснийг эс тооцвол ардчилсан Монгол Улс ардчилсан засаглалын үнэт зарчим, тулгуур багана нь болсон парламентын түүхэн өдрийг үл тоосон байдалтай өнгөрүүллээ. Ер нь тэгээд сүүлийн үед парламент ёсыг элдэв дээдээр хэлж улс орны хөгжил дорой байгаа, ард түмний амьдрал ядуу буурай байгаа нь парламент засаглалтай холбоотой мэтээр ярьж, дайрч давшлах болсон. Энэхүү яриа хөөрөө, санал санаачилгыг дэвэргэж сөргүүлээд Монголд нэг хүний засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох санаархал нийгэмд бугшиж байна.

Сав л хийвэл Путиныг магтдаг, Казахстаны дарангуйлагч Назарбаевыг магтдаг, Хятадын удирдагч Си Жиньпинийг жишээ болгож ярьдаг болсон.“Орос, Хятад болоод Казахстан зэрэг орнууд хөгжил дэвшлийн манлай болж байна. Түүний гол суурь нь удирдагчиддаа байна. Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой. Назарбаев шиг мундаг удирдагчийг төрийн тэргүүндээ гаргаснаар бид хөгжинө. Тэгэхгүй бол энэ 76 мангуутай хөгжинө гэж худлаа, нэг л мэдэхэд манай орон Хятадын харьяат болно” гээд хаа хамаагүй цуурч байгаа. Идэр дунд насны залууст ийм ойлголт бүр ч их байх шиг байна. Тэгвэл үүн шиг буруу зүйл байхгүй шүү, нөхөд өө. Бид ардчилсан зарчмаасаа ухран нэг хүний дэглэмд орж, Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор тусгаар тогтнолоо алдаж, улс үндэстэн сөнөх аюулд хүрнэ.

Учир нь ерэн хоёр оны шинэ Үндсэн хуулиараа дархлан баталгаажуулж өгсөн парламентат ёс бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Үүнийг бид өөрсдөө ч хэлж байгаа юм биш. Дэлхийн улс төр судлалын нэртэй эрдэмтэн судлаачид “Парламентат ёс бол тухайн улс орны өнө мөнхөд орших тусгаар тогтнолынх нь баталгаа мөн” гэж баримт нотолгоотойгоор хэлсээр ирсэн. Стивен Фиш, Жуан Линз гээд парламентат засаглалаар гаршсан улс төр судлаачдын судалгааны бүтээлийг бид харж байна.

1989 онд дэлхий нийтээр тоталитар дэглэмээс татгалзаж, ардчилсан нийгэм рүү улс орнууд орсон. Хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын ихэнх нь, мөн зүүн Европын орнууд ч ардчилсан нийгэм рүү шилжсэн байдаг. Ингэж дэлхий дахинд ардчилал хөгжиж эхэлсэн түүхтэй. Гэвч ардчилсан нийгэм рүү шилжсэн дэлхийн орнуудаас ардчилал нь хэвээрээ байгаа ганц орон нь бараг л Монгол гэж олон улс судлаач, улс төрийн шинжээчид нэгэн дуугаар хэлж байгаа юм. Үнэхээр ч тоталитар дэглэмийг халж ардчилсан нийгэм рүү орсон хуучин Зөвлөлтийн орнууд өнөөдөр Ерөнхийлөгчийн буюу нэг хүний засаглалд шилжсэн байна.

Ерээд оны нийгмийн шилжилтийн үед тухайн орныхоо коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан хүмүүс бүгд Ерөнхийлөгч болцгоосон. Наад захын амьд жишээ бол бидний магтан дуулаад байдаг Казахстаны Назарбаев. Тэрээр 1984-1989 онд Хасагийн сайд нарын зөвлөлийн дарга, дараа нь намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1991 оноос хойш өнөөг хүртэл Казахстаны ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байна. Мөн зүүн Европт орших бүгд найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко байна. 1994 оноос хойш тус улсын ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа, барууныханд “Оросын талыг баримталсан дарангуйлагч” хэмээн хэлэгддэг нэгэн. Лукашенко ерэн зургаан оноос хойш Орос Беларусын холбоо хэмээх нэгдмэл улсыг бий болгохын төлөө зорьж яваа дарангуйлагч билээ.Туркместан, Азербайжан, Тажикстан гээд бүх улсууд авторитар дэглэмд шилжсэн. Азербайжаны ерөнхийлөгч Алиев өөрийн эхнэр Мехрибаныг улсынхаа дэд ерөнхийлөгчөөр сонгож өөрийн хаанчлалаа бэхжүүлж байсан. Эдгээр улсууд албан тушаал эрх мэдлээ хааны сэнтий шиг үр хүүхдүүддээ ёс мэт уламжлуулна. Ард иргэд нь ч удирдагчаа тахин шүтэж, үр удмыг нь хаан мэт дээдэлж, манай дараагийн ерөнхийлөгч хэмээн итгэл үнэмшилтэйгээр зарлан тунхаглаж байна.Зарим орнууд нь хөгжсөн гэж жишээ болгон яригдаад байгаа.

Гэхдээ тэрхүү хөгжилтэй оронд хамгийн гол нь хүний эрх, эрх чөлөө хумигдмал байдаг.Удирдагчийнхаа санаанд таараагүй л бол хэн ч байсан улс төрийн гэмт хэрэгтэн болно. Монголчууд бид 70 жил нэг намын дэглэмд амьдарч үзсэн хүмүүс. Нэг хүний дэглэм, нэг намын дэглэм адилхан байдаг. Ерөөс цэвэр дарангуйллын нийгэм тогтоодог. Төрийн тэргүүний эрхийн дэргэд хүний эрх, ард түмний эрх гэж байдаггүй. Үзэл бодол, үнэт зарчмаараа Ерөнхийлөгчдөө таалагдаагүй л бол тэр хүн хүн биш болдог. Улс төрийн хавчлага, мөрдөлт, мөшгөлт, шорон гяндан… энэ бүхэн хүлээж байдаг. Эцэст нь амиа алдах ганцхан замтай. Хөгжил гэдэг ухагдахуун тусгаар тогтнол, хүний эрх, байгаль орчин, эдийн засаг гэсэн эрэмбэ томьёогоор явдгийг судлаачид хэлдэг.

Бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг хүний дэглэмд шилжвэл тусгаар тогтнолын баталгаа үгүй болно. Явж ирсэн түүхээ эргээд харахад нэг хүний мэдэлд очсон үед л Монголын тусгаар тогтнол хэврэгших юм уу, бүр цаашлаад алдагдах, нэг орны хараат дагуул болж байсан гашуун сургамж бий. Монголчууд ухаантайдаа, ардчилалд хайртайдаа арчилсан нийгмээ хэвээр үлдээсэн юм биш. Тусгай үндэстэн учраас ардчиллаа авч үлдээд байгаа ч юм биш. Үндсэн хуулиндаа “Улсын их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” гэж зааж өгснөөр, улс орноо парламентын засаглалтай болгосноор өнөөг хүртэл ардчилал хэвээрээ байгаа юм. Сайн муугаар хэлэгдээд л Монголд парламент ёс явж байгаа юм.

“Авторитар дэглэмтэй нийт улсуудын маш цөөхөн хувь нь л эдийн засгийн хувьд хөгжөөд, үлдсэн нь маш ядуу тарчиг. Тэгэхээр авторитар дэглэмд буюу нэг хүний хүчтэй гарт зангидуулсан засаглалд шилжих нь эдийн засгийн хөгжилд хүргэнэ гэдэг маш ташаа ойлголт гэдгийг ухаарах хэрэгтэй. Заримдаа авторитар дэглэм өөрөө задраад улс төрийн тогтворгүй байдал руу шилждэг. Учир нь, дарангуйлагчаас эрх мэдлийг нь шилжүүлэх тогтсон горим байхгүй учраас ихэнхдээ хүчирхийллээр шийдвэрлэдэг бөгөөд заримдаа иргэний дайнд ч хүрдэг. Дарангуйлагч өөр рүү нь хэн ч халдаж магадгүй гэсэн айдастай байдаг учраас өөрийг нь шүүмжилсэн болон хардлага төрүүлэх бүх хүмүүсийг хянадаг, хорьдог, устгадаг. Авторитар дэглэм өөрөө тогтвортой биш, хүчирхийлэл хэзээ ч гарахад бэлэн тийм л дэглэм. Ингээд хүчирхийлэл хэрэглээд эхлэхээр гадны аль нэг хүчирхэг улс цэрэг зэвсгээр дотоодод нь энх тайвныг сахиулахаар орж ирэх үүдийг нээдэг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэдийг өөрсдөөс нь хамгаалахын тулд гадны улс орж ирнэ гэсэн үг. Аажмаар тусгаар тогтнолоо алдахад хүргэнэ. Энэ чинь л өөрөө үнэт зүйл, хуулиар бус нэг хүний дур зоргоор удирдуулдаг түр зуурын дэглэмийн уршиг шүү дээ. Ялангуяа Монгол шиг жижиг улсад авторитар дэглэм бол бүр ч аюултай” гэж хууль зүйн профессор О.Мөнхсайхан “Парламентын ардчилал бол Монгол Улсын тогтовортой хөгжлийн суурь” өгүүлэлдээ маш тодорхой дурдсан байдаг. Туркменистан, Узбекистан, Киргизстан, Тажикстанаас аваад дарангуй дэглэмд шилжээд хөгжөөгүй харин ч сөнөсөн улсууд зөндөө бий. Тажикстан өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Эдийн засгийн хувьд Хятадын өмнө сөхөрч, өр ширэндээ газар нутаг, ан амьтан байгаа бүхнээ алдаж эцэстээ иргэд нь дүрвэн алга болж байна. Тэнд өдөр бүр буудалцаан, төрийн эргэлт болсон тамын орон болсныг бид харж байгаа.

Хааны сэнтийд буюу эрх мэдэлд хүрсэн хүн ямар нэгэн аргаар удаан байхыг хүсдэг нь жам. “Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг. Харин эрх мэдэлд хүрээд өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхийн төлөө явдаг” гэсэн Черчиллийн үг үүний баталгаа болдог. Монголд энэ үзэгдэл сүүлийн 30 жилд маш ихээр давтагдах болсон. Төрийн тэргүүн болоод танигдахаа байдаг. Урт удаан хугацаанд эрх мэдэл албан тушаалтай байх гэж хуулинд заалт нэмж оруулдаг. Үр нөлөөнд нь Ерөнхийлөгч гэдэг хүн өнөөдөр асар их эрх мэдэлтэй болсон. Хууль, шүүх, батлан хамгаалах, аюулгүй байдал, авлигатай тэмцэх гээд өнөө л дарангуйллын гол талбаруудыг өөрийн эзэмшилд авсан. Зарим үед Монгол Улс парламентын хагас засаглалтай юм шиг харагдахаар.

Одоо бидний цаашдын зорилго мэдээж парламентын сонгомол засаглалтай орон болоход чиглэгдэх ёстой. Ерөнхий сайд нь Засгийн газраа өөрөө байгуулдаг, Ерөнхий сайдыг парламент томилдог байх ёстой. Мөн Ерөнхийлөгчийг бүх ард түмний төлөөлөл болж сонгогдсон Их хурлын гишүүд буюу парламент нь сонгодог байх энэ зарчим руу явах нь хамгийн зөв. Ингэж байж улс орон парламентын эрх мэдлийг 100 хувь хэрэгжүүлэх учиртай. Парламентын засаглалтай учир хөгжил удаан байна гэж дээр доргүй шүүмжилцгээдэг. Гэхдээ Монгол Улс өнө мөнх оршин тогтнох гол баталгаа нь парламентын засаглал гэдгийг дээр өгүүлсэн. Тэгэхээр хөгжлөө түргэсгэх гэж адгаж яараад эцэст нь тусгаар тогтнолоо ганхуулах хэрэг байна уу. Гучин жил бол нийгмийн түүхэнд нүд ирмэх хугацаа. Ганц хүний дэглэмтэй орон 30 жилийн дараа ямар болохыг хэн ч таашгүй. Устаад үгүй болсон байх газаргүй. Парламентын засаглалтай орон бол 30 жилийн дараа хөгжөөд, голдирол чиглэлийнхээ дагуу явж л байна. Их хурлын ээлжит сонгуулиар дархан эрхтэйгээр өөрсдөө сонгодог хэрнээ дараа нь үзэж чадахаа больж, муу муухайгийн жишээ болгон хэлдэг “76 мангуу”-тайгаа байхад ямар чиг байсан Монголын тусгаар тогтнол баталгаатай байх нь ээ.

Сүүлд нь нэмээд хэлэхэд, улс төрд нэг гажуудал илт ажиглагдах боллоо. Юу вэ гэвэл төрийн гурван өндөрлөгийн нэгэнд нь очсон хүн нөгөө рүүгээ сэлгэдэггүй болох хэрэгтэй байна. Учир нь төрийн гурван өндөрлөгийн аль нэг албанд найман жилээс илүү ажиллуулдаггүй байх хэрэгтэй. Ухаандаа, Ерөнхийлөгчөөр найман жил ажилласан хүн Ерөнхий сайд юм уу, Их хурлын дарга болох боломжгүй. Их хурлын дарга найман жил сайн хийсэн бол тэгээд л болоо. Ерөнхий сайдын алба мөн адил найман жил болоод л дурдатгалаа бичээд бусдадаа зөвлөөд сууж байдаг. Тэгэхгүй бол Их хурлын дарга байсан хүн дараа нь Ерөнхий сайд, тэгээд Ерөнхийлөгч болдог. Энэ гурван албыг найм найман жилээр хашлаа гэхэд бүтэн 24 жил Монголын төрийг удирдах болоод байгаа. Сүүлийн 30 жилийн гол бужигнаан ердөө л энэ. Нэгээс нөгөө рүү дамждаг эрх мэдлийн гажуудлыг Монголын парламент даруй шийдвэрлэх хэрэгтэй байна.

Categories
мэдээ спорт

Спортын олон төрөлт тэмцээн болов

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийт бие бүрэлдэхүүнийг спортын нэгдсэн арга хэмжээнд хамруулах зорилгоор спортын олон төрөлт тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн Онцгой байдлын газрын харьяа Гал түймэр унтраах аврах 36, 19, 61,40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, Эрэн хайх аврах ангийн 7 багийн 100 гаруй тамирчин, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, үндэсний бөх гэсэн зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нэгдсэн дүнгээр гуравдугаар байранд ахмад Б.Баттүвшин ахлагчтай Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн баг тамирчид, хоёрдугаар байранд ахмад А.Батмөнх ахлагчтай Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн баг тамирчид, нэгдүгээр байранд дэд хурандаа Д.Баттулга ахлагчтай Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн баг тамирчид тэргүүлж, цомын эзэд боллоо гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохионо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан баг 10 дугаар сарын 1-2-нд Увс аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Нээлттэй өдрийн хүрээнд аймгийн болон хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна 120 гаруй албан хаагчдад хүний эрхийн багц сургалтуудыг зохион байгуулах аж.

Нээлттэй өдрөөр орон нутгийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдтэй чөлөөт уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээний зарим байгууллагад хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ.