Categories
мэдээ нийгэм

“Yellow box” тэмдэглэгээ хийснээр замын түгжрэл 70 хувиар буурна

Хотын түгжрэлийг бууруулах үүднээс ирэх 11-р сарын нэгнээс эхлэн түгээлтийн машинуудыг тодорхой цагаар хөдөлгөөнд оруулах, томоохон захуудад ачаа тээврийн машинуудын хөдөлгөөнийг өдрийн цагаар хязгаарлах, томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийгдэх гэж байна.

Эхний ээлжинд нийслэл хотын хамгийн их ачаалалтай хэсэг болох “Цэцэг” төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын гэсэн 4 уулзварт гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглээг хийх юм. Ингэснээр хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гарчээ. Энэ ажилд зарцуулах 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс шийдэж 11-р сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр болоод байна.

Мөн түгээлтийн машинуудыг цагийн хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах юм. 11-р сарын 1-нээс автомашинуудыг ангиллаар, замын бүсчилсэн байдлаар зорчуулахаас гадна түгээлтийн машинуудад JPS суулгаж хөдөлгөөнийг хянах юм байна. Өнөөдөр нийслэлд явж буй түгээлтийн 20 гаруй мянган автомашиныг ийнхүү цагаар хязгаарлах зохицуулалт хийснээр хотын түгжрэл 30 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо судалгаа гарчээ.

Аймаг, орон нутгаас томоохон бөөний худалдааны төв, захуудад ирж бараа тэвээрлэж буй том оврын ачааны машинуудыг ч мөн өглөөний 07.00-оос шөнийн 24.00 цагт хөдөлгөнд оролцуулахгүй хязгаарлахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2018”-ын аяны баг Архангай аймагт ажиллаж байна

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн Эрүүл мэндийн Үндсэний төвөөс хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2018”-ын аяны баг эхний өдөр Архангай аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай уулзаж өдөрлөгийн бэлтгэл ажил, хамтын ажиллагааны талаар ярилцсаны дараа тус аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын нийт 80 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад цусны даралт ихсэлтийн Олон улс шинэчлэгдсэн удирдамж болон ЭМ-ийн сайдын баталсан Монгол улсын цусны даралт ихсэлтийн шинэчлэгдсэн заавар, цусны даралт ихсэлтийн хүндрэл болох тархины харвалт, зүрхний шигдээс, бөөрний архаг дутагдал зэрэг өвчин тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдлийг тодорхойлоход анхаарах зүйл, ард иргэдэд зөвлөмжийг хэрхэн зөв үр дүнтэй өгөх, дасгал хөдөлгөөн эмчилгээг хэрхэн зөвлөх талаар интерактив сургалт зохион байгууллаа.

Аяны хоёр дахь өдөр Архангай аймгийн төв талбайд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” нээлттэй өдөрлөг зохион байгуулж, тус аймгийн 1400 иргэнд цусны даралт ихсэх өвчний эрт илрүүлэг, үзлэг оношилгоо хийж, өдөрлөгт хүрэлцэн ирсэн нийт иргэд, олон нийтэд цусны даралт ихсэх өвчин, түүнд хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, хүндрэлийн шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх амьдралын эрүүл зөв дадал олгох эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг зохион байгууллаа. Мөн энэ өдөр тус аймгийн Эрдэнэбулган сумын “Хаан банк”-ны салбарт цусны даралт хэмжиж, зөвлөгөө мэдээллээр хангах байнгын ажиллагаатай цусны даралтын эрүүл мэндийн булан бүхий “Цусны даралтын эрт илрvvлгийн цэг”-ийг нээж хүлээлгэн өглөө. Ингэснээр тус салбараар үйлчлүүлсэн хэн боловч цусны даралтаа хэмжиж, өөрийгөө хянах, цусны даралт ихсэлт, түүний өөрчлөлтийн талаар бодитой мэдээлэл авах боломжоор хангагдах болно.

Аяны гурав дахь өдөр УГТЭ-ийн зүрх судас, мэдрэл, тархины харвалт, бөөр дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн судлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг тус аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран лавлагаа шатлалын оношилгоо, эмчилгээний тусламж зайлшгүй шаардлагатай, эмчийн байнгын хяналтанд байдаг өвчтнүүдэд үзлэг оношилгоо хийж, лавлагаа шатлалын зөвлөгөө, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Аяны хамтарсан баг өнөөдрөөс Баянхонгор аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян – 2018”-ын үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Усанд шумбахад зориулагдсан “Trident” нэртэй цахилгаан скутерийг танилцуулна

Шинэ технологийн санаа шийдэл гайхалтай мэтээр урган гарсаар байна. Хэний ч санаанд өмнө нь орж байгаагүй тэр санаануудын бараг ихэнх нь бидний гарт баригдаж, нүдэнд харагдаж мэдрэгдсээр байна. Үүнтэй холбогдуулаад далай тэнгис, нуур болон усан санд сэлэх шумбах сонирхолтой хүмүүст зориулсан технологийг танилцуулах гэж байна. Энэ бол усанд шумбахад зориулагдсан “Trident” нэртэй цахилгаан скутер юм. Усны гүнд ажилладаг сэнс бүхий төхөөрөмжийн тусламжтайгаар хүмүүс богино хугацаанд усны гүнд хүрч очих мөн хурдан хугацаанд усны мандал дээр гарах боломжтой юм байна. мэдээж далайн гүний гайхалтай үзэсгэлэнтэй тогтцыг үзэж харах боломжтой гэжээ.

Хэдэн сарын өмнөхөн Хятадын “Geneinno” нэртэй компани Kickstarter цахим худалдааны сүлжээгээр дамжуулан усны гүнд шумбалт хийхэд зориулагдсан “Titan” нэртэй төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байсан. Титан гэх төхөөрөмж нь хүмүүс далай тэнгисийн усанд шумбалт хийхэд нь тэжээлийн урт утастай холбоотой байсан юм. Үүнийг ашиглаад рэг хавийн газар болон усан онгоцон дээрээс тодорхой нэгэн богино зайд л шумбалт хийх боломжтой. Харин яг энэ харагдаж байгаа Тридент гэх төхөөрөмж тэжээлийн ямар ч утасгүй болж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр далай тэнгисийн усны гүнд аль хэсэгт чөлөөтэй хүрч очин зугаацах боломжтой болж байгаа юм. Усны гүний шумбалтын Тридент гэх скутер 12 кг жинтэй, усны гүнд 7 км\ц цагийн хурдтай сэлэх, шумбах боломжийг олгодог.

Хамгийн доод талдаа гэхэд л 50 метрийн гүн хүртэл шумбалт хийдэг байна. Гол тэжээл болох батарей нь 24 вольтийн 6000 ампер цаг багтаамжтай. Хагас цаг цэнэгэнд залгахад л нэг цагийн турш усны гүнд зугаацах хугацааны эрчим хүчээ хуримтлуулдаг. Бариул хэсэгт нь хурдаа болоо чиглэл тохируулагчтай. Дээд талын хэсэгт нь экшн зориулалтын ус нэвтрүүлдэггүй видео камертай гээд давуу талууд ихтэй, сонирхолтой төхөөрөмж юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Японы хөдөө аж ахуйн салбартаа шинэ робот трактор хэрэглэнэ

Хөдөө аж ахуйн газар тариалангийн бүхий л ажлыг хийж гүйцэтгэх боломжтой автомат ажиллагаатай тус тракторыг “Yanmar” компанийн инженерүүд бүтээл танилцуулсан юм.

Энэхүү программчилж, тоноглож өгсөн автомат ажиллагааны системээр ажилладаг трактор хагас роботжуулсан технологийг өөртөө шингээсэн. Мөн алсаас удирдлагын командын туслалцаатай ямар нэгэн үүргийг бие даан хийж гүйцэтгэнэ. Энэ технологи тус салбарт хуучирч байгаа техникийг орлон хөдөлмөрийн хүртээмж, үр дүнг нэмэгдүүлэх зорилготойгоор бүтээгдсэн. Япон улсад өндөр настан иргэдийн тоо асар ихэд хүрсэн. Тийм учраас хөдөлмөрийн зах зээлд роботын төхөөрөмж гол үүрэг гүйцэтгэх, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Энэ тракторыг тариалангийн талбайд хүн жолоодон явж байгаа тракторын хийж байгаа үйлдэл хөдөлгөөн бүрийг даган дуурайх систем программ хангамжийг суулгаж өгсөн. Одоогоор тодорхой хэдэн ажлыг л хийж гүйцэтгэх боломжтой байгаа юм байна. Автомат жолоодлогын горим дээр нь тавьсан тохиолдолд GPS –ийн төхөөрөмжид ирсэн тариалангийн талбайн хэсгүүдийн чиглэл чиглэлийнх нь дагуу хөдөлж ажлаа хийдэг.


Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв

Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/101 тоот удирдамжийн дагуу 2018 оны есдүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Люкс мед эмнэлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, цацрагтай ажиллагчийн нэмэгдэл шарлага авсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажлын байранд холбогдох цацрагийн хэмжилтийг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал хангагдсан, цацрагтай ажиллагчийн ажлын байранд гамма цацрагийн тунгийн чадлын хэмжээ 0.12-0.20мкЗв/цаг байгаа нь байгалийн цацрагийн түвшинд байна.

Цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагыг бууруулах, нэмэгдэл шарлагаас урьдчилан сэргийлэх, хувийн дозиметрийг зөв зүүж хэвших зорилгоор тус эмнэлгийн рентген кабинет, хүлээлгийн өрөөнд шинжлүүлэгч, цацрагтай ажиллагчдад зориулсан анхааруулга, сэрэмжлүүлэх зурагт хуудас байршуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

“Балдорж” шагнал гардуулах ёслол болно

Өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн түүчээ болсон Ц.Балдорж агсны нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагнал гардуулах ёслол болно. Энэхүү ёслолын ажиллагааг түүний үүсгэн байгуулсан “Монгол ньюс” групп болон “Балдорж” сангаас зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Жилд 200 гаруй сэтгүүлч, сурвалжлагч бүтээлээ ирүүлдэг энэ уралдааныг уншигчид хамгийн шударга болдог гэж үнэлдэг. Бүтээлээ ирүүлсэн сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлгийг улирал тутамд шалгаруулж, олон нийтэд зарладаг дүрэмтэй. “Балдорж”-ийн эзэн болсон сэтгүүлч 5000 ам.доллар, аман хүзүүдсэн нь 3000 ам.долларын шагнал хүртдэг бол шилдэг аравт багтсан сэтгүүлчид ч урамшуулал авдаг билээ.

Өнөөдрийн байдлаар шилдэг 12 сэтгүүлчийн нэр тодроод байгаа ажээ. Сэтгүүл зүйн “Их хурд” хэмээх болсон, сэтгүүл зүйн шүүмж, судлалыг хөгжүүлэх, сэтгүүлчдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой уг шалгаруулалтад сэтгүүлчид жилээс жилд идэвхтэй оролцдог болж, нэр хүнд нь улам өсч буйг зохион байгуулагчид онцолж байна.

Ялангуяа залуу, дунд үеийнхэн бүтээлээ олноор ирүүлэх болсноор шалгаруулалт өрсөлдөөнтэй, сонирхолтой болдог болсныг сэтгүүл зүйн бүтээлд БАЛДОРЖ шагнал олгох шүүгчдийн зөвлөлийнхөн онцлон тэмдэглэж байна. Ерөнхий хэлэлцүүлэг энэ сарын 25-наас ирэх сарын 1-ны хооронд болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудаар цас оржээ

Урьд шөнө Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Булганы баруун хэсгээр 0,1-16,9 мм бороо, нойтон цас оржээ. Үүнээс хамгийн их нь Увсын Түргэн, Ховдын Дарви, Дунд-Ус, Баян-Өлгийн Булган, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчинлүхмбэд 10,0-16,9 мм хур тунадас, нойтон цас орсон байна.

Шөнө баруун аймгуудын нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар сэрүүсч, бусад нутгаар өмнөх шөнөөс 1-9 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр хасах нэгээс -10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нэмэх зургаагаас +14 градус, бусад нутгаар 2-8 градус дулаан хоножээ.

Өнөө өглөөний 08.00 цагийн хэмжилтээр Увс, Ховдын зарим газар, Говь-Алтайн баруун хэсгээр 1-7 см цастай байна.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

Азербейжаны нийслэл Баку хотноо маргааш эхлэх Жүдо бөхийн ДАШТ-д 129 орны 800 тамирчин оролцоно. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанаар эхлэнэ. Энэ өдөр манай тамирчдаас Дэлхийн алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг -48кг, ОУХМ залуу мастер Б.Амартүвшин -60 кг жинд нар хүч үзнэ.

М.Уранцэцэгийн жинд Дэлхийн аварга Тонаки Фуна, олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг, Дариа Билодид, мөн сүүлийн үед чансаа нь ахиж буй Ирина Долгова гэх мэт хүчтэй өрсөлдөгчид дэлхийн аваргын дэвжээнд барилдахаар иржээ. Энэ жингийн хамгийн өндөр чансаатай тамирчин МУГТ М.Уранцэцэг бөхчүүдээ толгойлно.

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь огт тендер явуулдаггүй гэв


АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ, Прокурор, ШШҮХ гэхчлэн Монгол Улсын хуулийн байгууллагууд 60 тэрбумын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй.Энэ нь хууль, хяналтын байгууллагууд авлигад хүчтэй идэгдсэнийг харуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг Эрүүгийн хуулийн 19.2, 19.9-р заалтуудыг ноцтой зөрчсөн.

Энэ заалтуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д үндэслэн Тагнуулын Ерөнхий Газар ажиллах ёстой. Гэтэл зөвхөн авлигал авахыг завдсан гэх зүйлчлэлээр зөвхөн АТГ шалгаж, төрийн албанд томилогдсон хэдэн хүмүүсээс тайлбар авсан болонгуутаа нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумыг асуудлыг Тагнуулын Ерөнхий Газар шалгах ёстой гэж үзэж байна” гэж тодотголоо.

Мөн тэрээр “УИХ-ын дарга М.Энхболд уг схемийн талаарх яриаг сонссон. Гэхдээ би дэмжээгүй” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлчихсэн байхад үүнийг зохиомол хэрэг гэж үзсэн. Дээрээс нь 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу. Монгол Улс бол эрхзүйт төртэй орон. Гэтэл хуулийн дор иргэд нь тэгш эрхтэй амьдарч чадахгүй байна. АТГ-ыг авлигачидтай тохиролцдог газар гэж нэрлэдэг болсон. Бид ажлаа авснаас хойш АТГ руу нийт 156 бичиг явуулсан. Гэтэл АТГ-д нэг бичгийг нь ч шийдэж чадсангүй. Тиймээс бид өнөөдөр АТГ-д бичиг өгөөд, огт асуудлаа шийдүүлж чадахгүй байгаа иргэдийн төлөөлөл оролцож байна” гэсэн юм.

Зөвшөөрлийг цуцалсан байсан ч дахин сэргээсэн

Мэдээллийн үеэр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн н.Энхбат “Ард иргэдээс ирсэн гомдлын дагуу уул уурхайн тодорхой нэгжүүдэд ажиллаад ирлээ. Зөрчлүүд маш их илэрсэн. Тухайлбал, Баянхонгор аймгийн Жаргалант суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн зөвшөөрөл урт нэртэй хуулиар цуцлагдсан байсан ч дахин сэргээсэн байна.

Ингэж ажиллахдаа оператор компанитай гэрээлж, Байдрагийн голын усны эх Бөөрөлжүүтийн гол дотор олборлолт байсан. Үүнийг бид бичлэгээр баримтжуулан авсан. Уг асуудал дээр эрүү үүсгэн шалгаж байгаа билээ. Байгаль хамгаалагч нь удаа дараа Цагдаагийн байгууллагад хандсан ч үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм байна. Ажлын хэсэг лацдаад, ломбодоод явсан ч эргээд ажилласан талаар бидэнд өчигдөр мэдээлэл ирсэн.

Бөөрөлжүүтийн гол Засгийн голтой нийлээд,Бөөнцагаан нуурыг тэжээдэг учраас маш аюултай. Аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч өнөөг хүртэл тодорхой байдлаар гацаж байгаа учраас АТГ-д шалгуулах хүсэлтээ бид өгч байгаа” гэсэн юм.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурийн талаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Одоо тендерийн асуудал бас хэрээс хэтэрчихээд байна. Аймгийн засаг, ИТХ-ын дарга нар нийлчихээд, дураараа идэж байдаг болчихсон байна. Жишээ нь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь огт тендер явуулдаггүй.

Шууд ИТХ-аар гаргасан шийдвэрийг өөрийнхөө дураар өөрчилж, машин аваад уначихсан байх жишээтэй. Аймгийн ИТХ-аас автобус авахаар 165 сая төгрөг төсөвлөсөн байхад Г.Батсуурь жижиг тэрэг аваад уначихсан байна. Уурын зуухны шинэчлэл дээр мөн л тендер зарлахгүйгээр 2 тэрбум төгрөг идчихсэн ноцтой гомдлууд манай дээр ирсэн” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны лекцийг үнэ төлбөргүй зохионо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ жил Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд оролцох “Тархи судлал – XXI зуун” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцийг 2018 оны есдүгээр сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүйгээр зохион байгуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn цахим хуудсаар есдүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагаас эхлэн хуралд оролцохыг хүссэн 200 хүнийг бүртгэнэ. БҮРТГҮҮЛЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ

Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын нейросайнсын нийгэмлэг; хамран зохион байгуулагчаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, Шинжлэх ухаан технологийн сан ажиллаж байна.