Categories
мэдээ нийгэм

Балдорж шагналын шилдгүүд тодорлоо

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд “Балдорж” шагнал гардуулах ёслол “Улаанбаатар” ресторанд боллоо.

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй энэ шагналд сэтгүүлчид нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зургийн сурвалжлагуудаараа өрсөлддөг. Шалгаруулалтыг улирал тутамд явуулж, шилдэг 10 бүтээлийг нийтэд зарладаг юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүн жилийн дөрвөн улиралд шалгарсан шилдэг бүтээлүүдээс тухайн жилийн “Балдорж” шагналтан, дэд байрын эзэн, түүний дараа эрэмбэлэгдсэн бүтээлүүдийг шалгаруулдаг. Сэтгүүлчдийн бүтэн жилийн уран бүтээлийг мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэдэг “Балдорж” шагналтнаар:

  • 2009 онд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Ганчимэг
  • 2010 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ
  • 2011 онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Ж.Гангаа
  • 2012 онд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Отгонбаяр
  • 2013 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Тэгшжаргал
  • 2014 онд У.Ганбаяр, М.Буянбадрах “Хүрээлэн” төсөл
  • 2015 онд “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар
  • 2016 онд “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн
  • 2017 онд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт нар тодорч байжээ.

2018оны шилдгүүдээр:

– Тусгай шагнал буюу Канадын ЭСЯ-ны нэрэмжит шагналтан Чөлөөт сэтгүүлч Ж.Мандахай
ШИЛДЭГ 10:
10. Bloomberg телевиз. Сэтгүүлч М.Хонгорзул
9. Монцамэ агентлаг. Cэтгүүлч Б.Алтанхуяг
8. Өдрийн сонин. Э.Хүрэлбаатар
7. Засгийн газрын мэдээ сонин. З.Цэлмэг
6. Зууны мэдээ сонин. Б.Солонго
5. Мongolian мedia corporation. С.Батзаяа
4. 25-р суваг телевиз. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр. Нэг удаа үндэсний контент.
3. Үндэсний шуудан сонин. Б.Энхмарт.
2. Tv9 телевиз. Д.Ганзориг
1. Өнөөдөр сонин. Х.Уянга.
ДЭД БАЙР:
МҮОНРТ. Баримт нэвтрүүлгийн баг. Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн.
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:
Өнөөдөр сонин. Ж.Сувдмаа, Т.Энхбат

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хуралдаан болов

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Комиссын XV хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөв. Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын төлөөлөгчдийг Комиссын Хятадын хэсгийн дарга, Худалдааны сайд Жун Шань нар тэргүүлж, хуралдааныг хамтран даргаллаа.

ЗГХК-ын ээлжит хуралдаанаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцож зарим тохиролцоонд хүрэв. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрэн хөгжиж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын үеэр ярилцаж тохиролцсон олон чухал төсөл, арга хэмжээ урагшлан хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр талын харилцаа холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг урагшлуулахын тулд бүх түвшинд нягт хамтран ажиллахаар тохиров.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тодорхой саналууд дэвшүүлснийг хятадын талаас дэмжиж буйгаа илэрхийлэв.

Хоёр улсын худалдааны эргэлтийг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн тулд худалдааны бүтцийг шинэчлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх саналыг манай талаас тавив.

“Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Ерөнхий хэлэлцээр”-ийг аль болох эрт байгуулахын төлөө байгаагаа монголын тал илэрхийлэв. Мөн хоёр улсын тэргүүн нарын Владивостокт хийсэн уулзалтаар ярилцсан байгалийн хийн шугам тавих төсөл, Азийн супер сүлжээ гэх мэт бүс нутгийн томоохон төслүүдэд хамтран ажиллах санал дэвшүүлэв.

Дэд бүтэц, төмөр зам, авто замын төслүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийх зэргээр хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг сайжруулах болон статусыг нь дээшлүүлэх зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжлийн байгууллагууд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн ажиллахаар болов.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай “1008 айлын орон сууцны хороолол” төсөл болон хотын дэд бүтэц, хилийн боомтын дэд бүтцийг сайжруулах төслийг хэрэгжүүлэхэд талууд өндөр ач холбогдол өгч, аль болох эрт бодит ахиц гаргахаар тохиролцов. Мөн 2018-2020 онд Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөг гаргаж ажиллах саналыг дэвшүүлэв.

Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх зарим төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах талаар ярилцав. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслүүдийн холбогдох баримт бичгийг байгуулах, ойрын хугацаанд хэрэгжүүлэх саналыг монголын талаас тавив.

Энэ удаагийн хуралдааны үеэр Хятадын Засгийн газраас олгосон хөнгөлөттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн Загастайн давааны 67 км автозам барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

“Монгол-Хятадын ЭКСПО” арга хэмжээний хамрах хүрээг өргөжүүлэх, хил залгаа муж болон өөртөө засах оронд энэ төрлийн үзэсгэлэн яармагийг тогтмол зохион байгуулж, бүс нутгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон 3 төслийг аль болох эрт хэрэгжүүлж эхлэх саналыг монголын талаас дэвшүүлэв. Энэ хүрээнд уг жагсаалтад тусгагдсан Азийн авто замын сүлжээний АН-3 буюу Улаан-Үд-Алтанбулаг- Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн хурдны авто замын төслийг хамтран хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулах санал тавив. Саяхан талууд “Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хамтарсан механизм байгуулах тухай Санамж бичиг”-т гарын үсэг зурсанд баяртай байгаагаа илэрхийлж, тодорхой ажлуудыг эхлүүлэх үүднээс гурван талын ажлын хэсгийн дарга нарын уулзалт, эсвэл шинжээчдийн түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо ойрын хугацаанд зохион байгуулах санал тавив.

Хоёр талын худалдааны хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” болон бусад үзэсгэлэн, форумын арга хэмжээг илүү олноор зохион байгуулахаар тохиролцов. Чингэхдээ холбогдох төлөвлөлт, бэлтгэлийг эртнээс хангах замаар эдгээр арга хэмжээг илүү үр дүнтэй зохион байгуулахад хамтран ажиллахаар тогтов.

Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, цаашид Монгол Улсаас БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Хятадын тал Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэх хүрээнд рапс, хивэг, хөх тарианы гурил экспортлох аж ахуйн нэгжүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, адууны мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох аж ахуйн нэгжүүдийг хянан магадлах ажлын хэсгийг ирүүлэхээр болов. Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болон адууны мах боловсруулах аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх мэргэжлийн баг ойрын үед Монгол Улс руу илгээхээр болов.

Монгол, Хятадын ЗГХК-ын хуралдааны дүнгээр талууд Протокол үйлдэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань нар гарын үсэг зурав.гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

“Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-ын даргад гардууллаа

УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, “Unfriend” хөдөлгөөний элч, дуучин Б.Анхбаяр нар УИХ-ын Цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулсан “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим бодлогын түр хорооноос хэрэгжүүлж буй үйл ажиллагаа 3 чиглэлээр өрнөж буйн нэг нь нийгмийн сүлжээнд хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаад судалгаа, дүгнэлт хийж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллээс тэднийг хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэхэд чиглэж байна гэв.

Түүнчлэн энэ чиглэлээр Цахим бодлогын түр хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, нийслэлийн Боловсролын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон зарим иргэд санаачлан “Unfriend” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байгаа талаар дуулгалаа.

УИХ-ын дарга М.Энхболд хүүхэд хамгааллын асуудал олон нийтийн анхаарлыг онцгой татаж буй цаг үед ийм ажил санаачлан өрнүүлж байгаад талархал илэрхийлээд, УИХ хууль тогтоох үйл ажиллагаандаа Та бүхний гаргасан санал, зөвлөмжийг тусгах болно гэв. Мөн Монгол Улсын Засгийн газраас өргөн барих Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй оролцохыг тэдэнд хандан хүсэв.

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Нэг. Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр:

1.1.Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийн агуулгыг хүүхдийн насны ангилалд тохируулан ялгамжтай, оновчтой тодорхойлох, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглээ хийх зохицуулалтыг бий болгох;

1.2.Интернэт орчин, олон нийтийн сүлжээ, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг түгээхэд тавих шаардлага, энэ төрлийн мэдээллийн нөлөөллөөс хүүхдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зохицуулалтыг бий болгох;

1.3.Хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээхтэй холбоотой хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх;

1.4.Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, маргааныг шийдвэрлэх механизмыг бүрдүүлэх, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллага, тэдгээрийн бүрэн эрх, чиг үүргийг тодорхойлох.

Хоёр.Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын болон соён гэгээрүүлэх арга хэмжээний талаар:

2.1.Цахим орчин дахь хүүхдийн эрх, ашиг сонирхлын эсрэг хууль бус үйлдэл, тэдгээрийн хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд үзүүлж буй хор хөнөөл, олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээний талаархи судалгааг хэсэгчилсэн байдлаар болон үндэсний хэмжээнд тогтмол хийх;

2.2.Мэдээллийн технологийн зохистой хэрэглээг бий болгох зорилгоор хүүхэд сургуулийн орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглох арга хэмжээ авах, шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахад хяналт тавих

2.3.Аливаа төрлийн мэдээллийг олон нийтэд түгээх, дамжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хэрэглэгчийг таньж мэдэх, хэрэглэгчийн шүүлтүүрийн программыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, сөрөг нөлөөтэй веб сайтуудыг хязгаарлахад чиглэсэн программ хангамжийг хөгжүүлэх;

2.4.Цахим орчин дахь хүүхдийн эсрэг хууль бус үйлдлийн талаар олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн хүүхдийн нас, насны онцлогт тохирсон, оролцоо бүхий эх сурвалжуудыг хөгжүүлэх, энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл түгээдэг нэгдсэн мэдээллийн портал сайт /kids.mn/ ажиллуулах;

2.5.Өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд цахим орчин, мэдээллийн технологийн зохистой хэрэглээг хэвшүүлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх. Энэ зорилгоор үүрэн холбооны хэрэглэгч, түүний дотор хүүхдийн эзэмшиж, ашиглаж байгаа гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх, үүнтэй холбоотойгоор тэдгээрт хориглосон буюу сөрөг нөлөө бүхий мэдээлэл хүлээн авахаас урьдчилан сэргийлэх, бүртгэлгүй дугаарын хэрэглээг зогсоох талаар дорвитой арга хэмжээ авах;

2.6.Цахим ертөнц, мэдээллийн технологи ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох үүрэг бүхий нэгжийг байгуулах, энэхүү нэгжийн үйл ажиллагаа явуулах, чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл, орчныг бүрдүүлэх зорилгоор дижитал /тоон/ ул мөрийг илрүүлэх, бэхжүүлэх талаар үндэсний чадавхийг дээшлүүлэх, дижитал /тоон/ ул мөрийг хураан авах, нотлох баримтаар үнэлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх;

2.7.Ерөнхий боловсролын сургуулийн зохих шатны сургалтын хөтөлбөрт цахим орчны зохистой хэрэглээний талаархи сэдвийг тусгаж, хэрэгжүүлэх;

2.8.Интернэт үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийг IP хаягийн бүртгэлийг хийх техникийн нөхцөл боломжийг бүрдүүлэх;

2.9.Цахим орчны зохистой хэрэглээний талаархи мэдлэг, мэдээлэл олгох сургалт, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах, хүүхдэд болон эцэг эхчүүд, олон нийтэд зориулсан сургалтын модуль боловсруулах;

2.10. Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх дугуйлан, секц, клуб, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх;

2.11.Хүүхдэд зориулсан, тэдгээрийн насны ангилал, сэтгэл зүй, оюун санааны хөгжилд нийцсэн, тэдгээрт эерэг төлөвшил бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, мэдээлэл, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих.

Гурав.Хэвлэл, мэдээллийн байгууллага, харилцаа, холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд:

3.1. Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээ, мэдээллийг олон нийтэд нээлттэй түгээхээс аль болох татгалзах, түгээсэн тохиолдолд хүүхэд тухайн мэдээллийг хүлээн авахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зохион байгуулалт, техникийн арга хэмжээ авах;

3.2. Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө тэдгээр мэдээллийг хүлээн авч болох насны хязгаарын талаар урьдчилан тогтмол мэдээлэх, мэдээллийн бүтээгдэхүүнд хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглэгээ байршуулж хэвших;

3.3. Нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн нас, насны онцлог, сэтгэл зүй, ёс суртахууны хөгжил, төлөвшилд тохирсон, тэдгээрийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн бүтээх, түгээх, энэ төрлийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай хандах;

3.4. Өөрийн үйл ажиллагааны чиглэлээр хүүхдэд мэдээллийн технологийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр 20:00 цагаас эхлэн нойтон цас орохтой холбогдуулан шуурхай үүрэг өгчээ

ЦУОШГ-аас гаргасан урьдчилсан мэдээллээр өнөөдөр 20:00 цагаас эхлэн үргэлжилсэн нойтон цас маргааш өдрийн 12:00 цаг хүртэл орох төлөвтэй байгаа аж. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дүүргүүдийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний газруудад, хот тохижилтын газрын удирдлагуудад шуурхай үүрэг өгчээ.

Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Шөнөжин үргэлжлэх нойтон цаснаас үүдэж зам талбайн халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй тул давс, бодисын хангамжийг бэлдэж, явган хүний зам дагуу орсон цасыг нэн даруй шүүрдэж болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг нэн даруй хийхийг хотын Ерөнхий менежер үүрэгдлээ. Мөн бүх дүүргийн ТҮК болон компаниудад өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх чиглэлийг өгсөн. Одоогоор дүүргүүдийн ТҮК эхний ээлжинд хэрэглэх давс, бодисын нөөцөө бүрдүүлсэн байгаа. Өвлийн улирал ирж буй энэ цаг үед иргэдийн зүгээс автомашиныхаа өвлийн дугуйг бэлтгэх, солих, бэлдэх ажлуудыг хийхийг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын улмаас нислэгүүд хойшилжээ

Өнөөдрөөс нийслэл болон зарим аймгуудад цас орж шуурч байна. Мөн Эрээнд хүчтэй хөндлөнгийн салхитай байгаа гэсэн цаг агаарын төлөв гарсан тул зарим нислэг цуцлагджээ.

Тухайлбал өнөөдрийн Улаанбаатар – Эрээн чиглэлийн MR863, Эрээн – Улаанбаатар чиглэлийн MR864 нислэгүүдийг 24 цагаар хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

12.050 м.кв талбайн замыг хусч, тэгшлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сараас эхлэн дүүргийн хэмжээнд нийт 97.300 орчим м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна.

Энэхүү ажил нь дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд шат дараатай хийгдэж байгаа бөгөөд тус ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт дүүргийн 5 дугаар хорооны 12.050 м.кв талбайн замыг хусч тэгшилсэн юм.

Түүнчлэн дүүргийн 5 дугаар хороо Монелын 46, 47 дугаар гудамж болон 47,48 дугаар гудамжны нийт 4.700 м.кв талбайн замыг Дүүрэг хөгжлийн төв, Нийтлэг Үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГазар болон Иргэдийн бүлэг хамтран хусч тэгшилж, дайраг асгасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барьлаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, Ш.Раднаасэд нарын зэрэг 14 гишүүн өөрсдийн санаачлан боловсруулсан Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, 2017 онд улсын хэмжээнд 32.2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5.0 мянга буюу 18.7 хувиар өссөн, гэмт хэргийн улмаас 37.2 мянган хүн хохирсноос 4.7 хувийг нь хүүхэд, 48.8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхийг зүй ёсоор шаардаж байна.

Судалгааны тайлангуудад гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, гэмт явдалтай тэмцэх нэгдсэн бодлого, төлөвлөгөө бий болгох, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор тэмцэх, урьдчилан сэргийлэх, криминологийн шинэ арга, туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай талаар санал, зөвлөмж тусгасан байгаа нь цаашид урт хугацаанд үр нөлөөтэй үйлчлэх хэм хэмжээ үгүйлэгдэж байгааг илтгэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагын дагуу уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь найман бүлэгтэй юм.

Нэгдүгээр бүлэгт: хуулийн төслийн зорилт, хууль тогтоомж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тодорхойлолт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго, үндсэн зарчмыг;

Хоёрдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг;

Гуравдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хамрах хүрээ болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын болон тодорхой засаг захиргааны нэгжийн хэмжээнд уялдуулан зохицуулах талаарх зохицуулалтыг;

Дөрөвдүгээр бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаарх Засгийн газар, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нутгийн захиргааны байгууллагууд болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн оролцооны талаарх зохицуулалтыг;

Тавдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах хэлбэрийг;

Зургадугаар бүлэгт: гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдлээд суллагдсан хүнд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг;

Долдугаар бүлэгт: гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийн талаарх зохицуулалтыг;

Наймдугаар бүлэгт: бусад зүйл буюу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхлэх болон хууль зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбоотой зохицуулалтыг тус тус тусгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын говьд солир хайхаар болжээ

Монгол, Орос, Францын эрдэмтэд хамтран ирэх 2019 онд Монголын говьд солир хайхаар болсон тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Одоогоор 1949-2002 оны хооронд Монгол Улсаас олдсон 10 ширхэг солир олон улсын Meteoritical Bulletin байгууллагад бүртгэлтэй байдаг бөгөөд 2018 онд олсон хоёр солирыг нэмж бүртгүүлэх аж. Энэ онд олсон хоёр солирыг ШУА-ийн Геофизик, одон орон судлалын хүрээлэнд хадгалж байгааг мэдээнд дурьдсан байна. Удахгүй ОХУ-ын Екатеринбург хот руу илгээж дээрх байгууллагад бүртгүүлэх юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын хэмжээ өслөө

Монгол Улс 2018 оны эхний найман сард 147 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.5 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.7 тэрбум америк доллар, импорт 3.8 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 8 дугаар сард экспорт 554.6 сая америк долларт, импорт 536.3 сая америк долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 27.4 (4.7хувь) сая америк доллараар буурч, импорт 118.8 (28.5 хувь) сая америк доллараар өссөн байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 (23.7хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 568.9(13.9хувь) сая америк доллараар, импорт 1.1 (38.3хувь) тэрбум америк доллараар тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний найман сард 1.4 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 484.9 (35.8 хувь) сая америк доллараар буурч, 869.2 сая америк долларт хүрчээ. Харин 2018 оны 8 дугаар сард гадаад худалдааны тэнцэл 18.2 сая америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 146.2 (88.9хувь) сая америк доллараар буурсан байна.
Экспорт 2018 оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 568.9 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 698.0 сая америк доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 63.7 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 195.6 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 62.3 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 229.2 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 204.7 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 157.2 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 95.4 хувийг эзэлж байгаа бол импортын 66.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм

“​Намрын ногоон өдрүүд” эхэллээ

Жил бүр зохиогддог “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэн худалдаа 13 дах жилдээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспод үргэлжлэх юм. “Намрын ногоон өдрүүд” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамгийн том үзэсгэлэн худалдаа юм. Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцож байгаа байгаа юм. Энэ жилийн хувьд, “Эрүүл хүнс” үзэсгэлэнд дотоодын хүнс үйлдвэрлэгч 180 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй хоршоо, иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хэлэхдээ “2018 он манай салбар олон шийдвэрүүд гаргасан жил болж байна. Бид нар мал амьтны тухай хуулиа УИХ-аар батлуулж чадлаа. Малынхаа эрүүл мэндэд төр анхаардаг боллоо. Энэ жилийн тариалалт нэмэгдсэн. Энэ жил 497.2 га талбайд тариалалт хийсэн. Ургац хураалт ид явагдаж байна. Ургац хураалтын урьдчилсан хураалтаар 450 мянган тонн үр тариа хурааж авна. Мөн 425 мянган тонн улаан буудай, 151 мянган тонн төмс, 95 мянган хүнсний ногоо, 30 мянган тонн тосны ургамал, 87 мянган тонн малын тэжээл хурааж авах юм. Энэ зорилтоо бид биелүүлж чадвал иргэдийнхээ бүтэн жилийн улаан буудай, төмсийг 100 хувь дотооддоо хангаж мөн гадагшаа экспортлох боломжтой. Экологийн цэвэр хүнсээр иргэдээ хүртээмжтэй хангах зорилттой ажиллаж байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүн хүнсээ экспортлох зорилттой ажиллаж байна. Экспорт нэмэгдэхийн хэрээр ажлын байр, аж ахуй нэгжийн орлого нэмэгдэнэ. Энэ жил 18 сая төл авсан. Нийтдээ 84,6 сая мал идээшилж байна. 15 сая толгой мах бэлтгэж гадаадын болон дотоодын зах зээлд гаргахаар зорьж байна. Дотоодын өндөгний хэрэглээгээ 100 хангах зорилт тавьж байна. Одоогоор дотоодын өндөгний 70 хувийг хангаж байна. Цаашдаа 100 хувь хангах зорилт тавьсан. Намрын ногоон өдрүүдэд хүрэлцэн ирсэн иргэд, аж ахуй нэгжүүд зохион байгуулж байгаа хамтрагчид тэр дундаа тариаланчид, ногоочиддоо баярласнаа илэрхийлэе” гэв.

Маргааш буюу есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян”, есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөг болох аж.