Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзлаа

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй жилд Монгол, Америкийн харилцаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Монгол оронд өрнөсөн ардчилал, эрх, эрх чөлөөний төлөөх ард түмний хүсэл эрмэлзлийг АНУ-ын үе үеийн засаг захиргаа, ард түмэн тууштай дэмжиж, чөлөөт зах зээлийн харилцаанд шилжих хүнд үеийг даван туулахад дэмжиж, тусалж байсан ачийг монголын ард түмэн ямагт санаж явдгийг Дэд Ерөнхийлөгчид хэлэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, дотны түнш орон болохыг нотлохын сацуу манай хоёр орны цэрэг, энхийг сахиулагчид дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн хамтдаа зүтгэж байгааг тэмдэглэв.

Уулзалтаар талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, харилцааг стратегийн түвшинд хүргэхийг зорьж байгаагаа нотолж, энэ зорилгын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийн түвшин рүү ахиулж байгааг нотолж, “Монгол, Америкийн эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглал”-ыг тохиролцов.

Замын зураглалыг хэрэгжүүлэх нь манай улсын эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын чухал хэсэг бөгөөд АНУ-тай хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх юм. Мөн Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх боломжийг эрэлхийлэн, АНУ-ын Конгрессын зарим гишүүн энэ тухай хуулийн төслийг санаачлан Конгресст өргөн бариад байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан Компакт гэрээ нь монголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд Америкийн Өмнөд хэсгийн зарим муж далайн хар шуурганд өртөж, хүний амь эрсдэн, эд материалын хохирол учирсан явдалд Засгийн газар, монголын ард түмний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

Дэд Ерөнхийлөгч М.Пэнс Флоренс хар шуурганд өртөгсдөд Монголын Засгийн газар, ард түмнээс сэтгэлийн дэм үзүүлж байгаад талархал илэрхийлж, Монголтой байгуулсан Мянганы сорилтын корпорацийн компакт гэрээ нь АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай явуулж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлов.

М.Пэнс Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Афганистан дахь үүргээ нэр хүндтэй гүйцэтгэж байгаад баяр хүргэв. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг Монгол Улс дэмжиж ирснийг тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэд Ерөнхийлөгч М.Пенсийг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив.

Уулзалтад манай талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, нөгөө талаас Ерөнхийлөгч Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Дэд Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Дэслэгч генерал К.Келлог, Тамгын газрын дарга Н.Айерс, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан Ахлах захирал М.Поттинжир, Дэд Ерөнхийлөгчийн ажлын албаны Азийг хариуцсан зөвлөх Н.Снайдер нар байлцав. Уулзалт яриа найрсаг, дотно уур амьсгалд болж өндөрлөв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй уулзлаа

Categories
мэдээ нийгэм

Толгойт, Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна

Өнөөдөр өглөө 08:30 цагийн байдлаар нийслэлийн арван байршлын хоёр нь буюу Толгойт, Баянхошуу орчим бага зэргийн бохирдолтой хэмээн зааж байна.

Толгойт орчимд 124 байгаа бол, Баянхошуунд 221 байгаа юм.

ДЭМБ-ын стандартын дагуу агаарын чанарын индекс 50-аас доош байгаа нөхцөлд цэвэр агаартай байна гэж үздэг.

Categories
мэдээ эдийн-засаг

Инфографик: Монголын улсын эдийн засгийн үзүүлэлт

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Манай нам ардчиллыг авчирсан хүмүүсээ үнэ цэнэгүй болгоод гудамжинд гаргачихлаа

– Л.ОЮУН-ЭРДЭНЭ Ч ТЭР ХУУЛЬ БУС 60 ТЭРБУМЫН СХЕМ ДОТРООС ГАРЧ ИРСЭН –

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ноднин өдийд тантай уулзаж ярилцсанаас хойш нэг жил болсон байна. Ямар ажил амжуулж байна вэ?

-2016 оны улс төрийн сонгуулиас хойш улс төрөөс жаахан хөндий, мэдээллээс хол маягтай л байна. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн нөхцөл байдлыг дамжиж ирлээ. одоо бол намынхаа шинэчлэлийн ажилд гар бие оролцож байгаа. Ардчилсан намын бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүн болж нутгийн удирдлагын бодлогын зөвлөлийг тэргүүлэн ажиллаж байна даа. Намын дүрмийн шинэчлэл, үзэл баримтлалын бодлогын баримт бичиг, намын дүрэмтэй холбосон журмуудын ажлын хэсэгт ажиллахын сацуу орон нутгаар намын ажилтай явна.

-Та 2012-2016 онуудад УИХ дахь АН-ын бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ. Эрх баригч намын зүгээс эдийн засаг сэргэж байна гээд байгаа л даа…

-Биднийг эрх барьж байх үеийн эдийн засаг өнөөдрийн эдийн засаг хоёр тэс өөр байх нь гарцаагүй. Уул уурхайн түүхий эдийн үнэ 2016 оноос хойш богино хугацаанд өссөн. Тэр өсөлтөөс шалтгаалан эдийн засаг тодорхой хэмжээгээр сайжирсан байх. Гэхдээ эдийн засаг сайжирлаа гээд бодит хөрөнгө оруулалт, иргэдийн халаасан дахь орлогын хэмжүүр тавихаар өөр зүйл гарна. Засаг барьж байгаа мАн-ынхны ярьж байгааг сонсоход дааж давшгүй өр хаагаад байна гэх юм. үнэхээр өр дараад байгаа юм уу. эсвэл өр дарж байна гэж ард түмнийг хуураад байгаа юм уу. бүү мэд. Их л зовж, зүдэрч өр барагдуулж дуусахгүй шаналж байгаа хүмүүс шиг л юм ярьж байна. Тэдний яриад байгаагаар тэр хэмжээгээр эдийн засаг сайжирсан юм байлгүй.

Эдийн засагт тодорхой өөрчлөлт орсон ч үүнийгээ үр ашигтай зарцуулж чадахгүй байна. бүх зүйл ойлгомжтой харагдаж байгаа л даа. Бидний хийж, хэрэгжүүлж байсан үеийнх шиг хөрөнгө оруулалт алга. бүтээн бай-гуулалтын ажил маш удаан, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа маш хүнд байгаа. Улс төрөөс жаахан холдоод бизнесийнхэнтэй түлхүү уулзаж, иргэдийн саналыг сонсож байхад бүх зүйл алган дээр тавьсан мэт ил байгаа юм. өнөөдөр монголын бүх компаниуд өрийн сүлжээнд орсон. бэлэн мөнгөний эргэлтгүй болсны дээр банкууд бэлэн мөнгө гаргах чадамжгүй болсон. бартер солилцоогоор л бизнес явж байна шүү дээ. Манай эдийн засаг 1990-ээд оны үеийнх рүүгээ бараг шилжсэн. Тодорхой салбарууд дээр өсөлт гарч байхыг үгүйсгэхгүй. Уул уурхай, нефтийн бизнес эрхлэгчид болон өнөөдрийн эрх баригчидтай ойр байгаа хүмүүсийн үйл ажиллагаа сайн байж болно. нийтлэг утгаар нь авч үзвэл бүтээн байгуулалт, худалдаанаас эхлээд бүхий л салбар хүнд замыг туулж байгаа нь ил байгаа юм. Нэг үгээр хэлбэл бэлэн мөнгөний эргэлт зогссон.

Наанаа яриад байгаа юм шиг хэрнээ Үндсэн хуулиа өөрчлөлгүйгээр 2020 оны сонгуулийн цикл рүү орно. Маш ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй зэрэгцээд Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхгүй ярьсаар байгаад дуусах байдал руу орчихлоо. МАН-аас хуулийн шинэчлэл, өнөөдрийн нөхцөл байдалд тааруулсан хуулийн гаргалгааг хайх, хүлээх ямар ч шаардлагагүй гэж харж байгаа.

-МАН-ын 60 тэрбумын гэх асуудал анхаарал татаад удаж байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн намын экс даргаа буруутган огцрохыг шаардаж байгаа. Энэ үйл явцыг хэрхэн харж байгаа вэ?

-60 тэрбумын схем үнэхээр хэрэгжсэн юм бол хэн нь хэнийгээ ярих гээд байгаа юм. Засгийн эрхийг хууль бусаар булааж авсан хэлбэр мөн биз. М.Энхболд байна уу, Л.Оюун-Эрдэнэ байна уу хэнд хамаатай гэж. Хамгийн гол нь 60 тэрбумын схем Ардын намд байсан л юм бол хууль бус. Түүнээс дотор нь орж өлгөж аваад энэ 60 тэрбумын хүн, энэ биш гэж хэн ч ярихгүй. Л.Оюун-Эрдэнэ ч тэр хууль бус 60 тэрбумын схем дотроос гарч ирсэн хүн. Цөөнх нь олонхоо дагадаг. Олонх хууль бусаар засгийн эрхийг булаагаад авчихсан байна шүү дээ. Хууль бусаар булааж авсан гишүүний нэг нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө шүү дээ. Ийм байхад хэн нь хэнийгээ шүүмжлэх юм. Намрын чуулганаар 60 тэрбумын схемийг хэлэлцэх юм бол Ардын намын 64 гишүүн бүгдээрээ огцрох ёстой болно. Хууль бус. Олонх шийдвэрээ гаргаад цөөнх нь дагаад явсан бол дагах л үүрэгтэй. Багийн тогтолт явж байна шүү дээ. Ингээд багийн гишүүн болчихоор төрийн эрхийг хууль бусаар авахад оролцсон л байгаа, мөн биз. Үндсэн хууль энэ тэр гэж байхаар 60 тэрбумын энэ асуудлаа ярьчихаад Их хурал өөрөө тарвал харин ч эрүүл харагдана. 60 тэрбумын эд эс бүр чинь Ардын намын Их хурлын гишүүд өөрсдөө. Тэр энэ гэж цоллохдоо гол нь биш. Схем яригдсан гэдэг нь нотлогдсон. Тиймээс тэр схемийн хүчээр ялсан нь бас үнэн болж таарч байна. Тэгэхгүйгээр тэр нь ингэсэн, би шударга хүн гаргаж ирлээ гэж байгаа бол хэн нь ч хэнийгээ дийлэхгүй.

-Хэнтий аймагт Чингис хааны том бүтээн байгуулалтууд хийгдэж аялал жуулчлалыг татна гээд байгаа. Улсын төсвөөс ч гэсэн нэлээдгүй мөнгө төсөвлөсөн. Нөөц боломж нь хэр байгаа бол?

-Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаа нь зөв. Өнөөдөр Өмнөд Монгол Чингис хаан гээд нислэгтэй болсон. Тийм зүйл болох вий гэхдээ бид Хэнтий аймгийн төвийг Чингис хот болгож байсан. Одоо Чингис хотыг ядуу, хөгжилгүй, дорой гээд юу ч гэж хэлж болно. Гэхдээ энэ нэрийг авсных нь төлөө энэ хот руу хөрөнгө оруулалт цутгаж байх ёстой. Чингис гэдэг нэрийг нь бодох юм бол 76 гишүүн хэн нь ч байсан хөрөнгө оруулалтыг нь дэмжих ёстой байхгүй юу. Зорилго нь энэ. Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа үйлдэл нь буруу байгаа юм. Их хуралдай хуралдсан Биндэр суманд нэг хөшөөний шав тавьж байгаа юм байна. Чингис, Жамух хоёрын анд бололцсон газар гээд Батноров суманд баг нэг хөшөө барих юм байна лээ. Энд тэнд ийм юм хийснээрээ Хэнтий аймаг аялал жуулчлалын бүс болохгүй. Хэнтий аймаг аялал жуулчлалаар хөгжих л юм бол бидний хийсэн төлөвлөлт бий. “Цагаан шонхор”-ын Энхтайван гэдэг түүхчийн ширээн дээр бүх юм нь төлөвлөгдсөн нь байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ц.Оюунгэрэл БСШУ-ны сайд байхдаа баталсан байхгүй юу. Үүн дээр ярилцаад хамтран зүтгэх ёстой байтал энд нэг хөшөө, тэнд нэг хөшөө барих юм бол Цонжинболдог шиг л болно. Цонжинболдогийг анх санаачилсан нь гоё боловч өнөөдөр Эрээний зах шиг болсон. Тойроод өчнөөн жижиг газар байгуулагдсан. Нэг нь нөгөөгөө татан унагасаар байгаад байхгүй болголоо. Өүлэн эх ч гэнэ үү бас нэг юм барина гэнэ. Энэ бодлогын шийдэл биш. Х.Баттулга гэдэг хүн, Женко гэдэг компани үүнийг хийсэн юм бол Женкогийн бизнесийг унагахаар энэ хүмүүс ажиллаж байгаа байхгүй юу. Цонжинболдог гэж утга төгөлдөр ансамбль байх ёстой байтал ансамбль биш болчихсон. Ингэж Хэнтий аймгийг хөгжүүлэх гэж байгаа бол санасны гарз. Манай аймагт Хүннүгийн олдвор маш их. Тиймээс аймгийн төв рүү орсон замын хажууд Хүннүгийн олдворын байгууламж барьсан уг нь. Харамсалтай нь тэр бүгд байхгүй болсон. Уг нь байгаа ч хүн харахад мэдэгдэхгүй болсон юм. Яагаад гэхээр сонгодог ансамблиуд нь байхгүй болчихсон л доо. Хэн дуртай нь бензин колонк барьж, зарлалын самбар хадсаар байгаад байхгүй болсон. Үүнийг хөгжүүлэхийн тулд оруулсан тэр бүх хөрөнгө оруулалтууд талаар болж байгаа юм л даа. Үүнийг бид мундаг гээд ярих уу. Зовлон их шүү дээ. Цонжинболдог шиг хэн нэгэн хүн хөшөө үзээд ирэх нь чухал биш. Энэ том бүтээн байгуулалт, нутаг орныхоо гэсэн халуун сэтгэлийг хамтдаа бүтээлгүйгээр Л.Оюун-Эрдэнэ гэж хүн улс төрийн шоу болгоод байх юм. Тэгснээ улсын төсвөөс мөнгө тавиулсан. Улсын төсвийн мөнгийг хөшөөнд зориулах нь зөв юм уу. Эсвэл Хэнтийн иргэдийн оюун ухаанд хийх нь зөв үү. Хоёр хөшөө баригдаад тэр хоёр сум хөгжих үү. Л.Оюун-Эрдэнийн энэ хийж байгаа бол “Hero”-гийн бүтээл. Цонжинболдогт хийсэн бүтээл тэр хэлбэрээрээ тэнд буух гэж байгаа.

-УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай тогтоолыг баталсан. Үүнийг нь Үндсэн хуулийн Цэц түдгэлзүүлснээр 17 мянган иргэн төлөөлөлгүй болж хохирлоо. Цэцийн шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?

-Нэг зүйл маш тодорхой. Хэнтий аймгийг хоёр тойрог болгох гэж байхад нь Их хурлын индэр дээр МАН-ынханд чичлүүлэн байж гурван тойрогтой болгосон хүн нь би. Гурван тойрогтой болгосны гол ач холбогдол нь Хэнтий аймгийн сонгогчдод илүү их боломж олгохыг хүссэн. Тэр төлөөллөөрөө дамжуулан Чингис хааны нутаг гэдэг нутгаа хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татахын тулд гурван тойрогтой болгосон. Энэ миний хийсэн ажил. Харамсалтай нь бид гурван тойргоо ашиглаж чадаагүй. Хамгийн боломжтой 42 дугаар тойрог дээрээ ч ашиглаж чадаагүй юм шүү дээ. Тухайн үед нэр дэвшиж байсан хүний алдаа их бий. Үүнээс болж бид ганц ч тойрог дээр ялалт байгуулж чадаагүй юм.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт маш тодорхой. Хамгийн харамсалтай нь Цэцэд өргөдөл гаргасан хүн нь У.Хүрэлсүхийн бие хамгаалагчийн хадам ээж гэдэг нь тодорхой болсон. Үүнд хүмүүс дүгнэлт хийнэ биз. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хамгаалагчдаа хэлээд, хамгаалагч нь хадам ээждээ хэлээд Үндсэн хуулийн Цэцэд хандаад явсан нь нөгөө манжингийн үлгэр л болсон. Бодит үнэн энэ. Цэц өрөвдмөөр шийдвэр гаргасан. Гэхдээ захиалгатай гэдэг нь маш тодорхой. Нэг хүний сонгуульд орох эрх 17 мянган сонгогчийн эрхээс хүчтэй байдаг гэдгийг МАН тодорхой харуулсан. Эрх баригчид өөрсдийгөө ард түмний төлөө ажилладаг нам юм уу, зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө ажилладаг нам уу гэдгээ маш тодорхой болгоод өгсөн. Янз бүрийн зүйл ярих шаардлагагүй, зүгээр л манжингийн үлгэр. 42 дугаар тойрог дээр сонгууль болох нь гарцаагүй байсан. Тэр сонгуульд МАН-аас орох гол хүн нь У.Хүрэлсүх байсан нь маш тодорхой байлаа. У.Хүрэлсүхээс өөр хүн явахгүй гэдэг нь бүүр тодорхой байсан. Энэ хүн нөхөн сонгуульд орсноороо унах магадлал маш өндөр байсан. Эдгээрийг тооцоод манжингийн үлгэр шиг эхлээд У.Хүрэлсүх түүний араас нам нь, намынх нь араас бие хамгаалагч нь, бие хамгаалагчийн араас нь хадам ээж нь зогсч байгаад Үндсэн хуулийн Цэц гэдэг манжинг татаж гаргасан. Бодит үнэн энэ юм. Ард түмнийг боддог, ард түмний эрх ашгийг хамгаалдаг тулхтай улс төрийн хүчин гэж ярьдаг нь үлгэр юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Ард түмнийг бараг 100 жил удирдсан тулхтай нам гэж ярьдгаа болих хэрэгтэй. Үнэндээ МАН-ын мөрийн хөтөлбөр зөнөсөн өвгөний яриа болчихлоо. Хүн өтлөхөөрөө хүүхэд шиг болдог бол МАН өтлөхөөрөө улс төрийн шинэ нам шиг дэн дун тэнцэж, будилаад эхэлдэг юм байна.

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль явуулна гээд байгаа. Гэхдээ сонгууль болохгүй байх гэдэг хардлага ч бас байна шүү дээ?

-Цэцийн дунд суудлын хуралдаан шийдвэрээ гаргасан. УИХ-ын намрын чуулганы хуралдаан эхлэхээр эхний асуудал болгон хэлэлцэх асуудал энэ мөн. Гэхдээ УИХ-ын байдлыг ажиглахаар Цэцийн шийдвэрийг хүлээж авах юм шиг байна. Учир нь өөрийн намын даргаа золигт гаргахгүйн тулд худлаа ч гэсэн эвлэрсэн дүр эсгэж тэгнэ. Хэрэв ингэвэл Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийг зүгээр л гишгэчээд өнгөрч байгаа хэлбэр л дээ. Хүлээж авдаггүй юм аа гэхэд Цэц Их суудлаараа хуралдана. Үүний тулд цаг хугацаа хэрэгтэй. Тэр үед Үндсэн хуулийн Цэц дунд суудлынхаа хуралдааныг шийдвэрийг хамгаалаад гарахыг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд сонгууль болохгүй нь ээ гэж ойлгож болно. Нөхөн сонгууль УИХ-ын ээлжит сонгуулиас тусдаа гэдгийг МАН-ынхан ойлгохгүй байгаа юм шиг дүр эсгээд байна. Төрд алба хашдаг хүн хэзээ нөхөн сонгууль болох вэ гэдгийг мэдэхгүй. Нөхөн сонгууль болж магадгүй гээд хүн жилийн өмнө ажлаа өгнө гэж байхгүй л дээ. Энэ бүгдийг харахад МАН-ын талд шийдвэр нь баталгаажих байх. Нөгөө талд нь Хэнтий аймгийн төв, хоёр сумын сонгогчид хохироод үлдэнэ.

Манай аймгийнхан их хүлцэнгүй байна. Хэнтий аймгийн Ардчилсан намын удирдлагууд ч үүнд холбоотой байхыг үгүйсгэхгүй. Бүх зүйлийг тэдний хүссэнчлэн чимээгүй хүлээж, хүлцэнгүй царайлсаар өнөөдрийг хүрлээ. Манай аймгийн Ардчилсан нам зохион байгуулалтад оруулаад үүн дээр улс төрийн акц хийж тэмцээд сонгогчдын эрх ашгийг тууштай хамгаалах ёстой байхгүй юу. Манай нам тэгсэнгүй, төв нам ч чимээгүй байлаа. Харин Н.Энхбаяр болон түүний намынхан энэ орон зайн дээр нь хэсэг тоглосон. Магадгүй Ардчилсан намын тодорхой нөлөө бүхий хүмүүс үүнд оролцсон юм болов уу гэдэг хардлага надад төрдөг. Учир нь тэнд нам дамнасан бүлэглэлийн ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй.

42 дугаар тойрог хэн нэгний өмч биш. Намын үндэсний бодлогын хороонд Хэнтий аймаг 15 гишүүнтэй. Энэ хүмүүсийн хэн нь ч нэр дэвших боломжтой. Өнөөдөр бид шинэчлэл, тойрог ярьж байгаа боловч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. 42 дугаар тойрог өмчилсөн тойрог биш ээ. Тиймээс илүү боломжтой, чадамжтай, УИХ-д ороод төлөөлөл болоод явж чадахуйц хүн нэр дэвших хэрэгтэй. Тийм хүмүүс олон байгаа байх. Тэр хүмүүсийн зодооноос айсан байх. Тиймээс МАН-ын гаргасан шийдвэрийг хоёр гараа өргөөд дэмжсэн байх гэж бодож байгаа.

-Нөхөн сонгууль болсон бол та нэр дэвших байсан уу. Та Хэнтий аймгаас УИХ-д гишүүн болж бүлгийн дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашсан туршлагатай гэдэг?

-Хэнтий аймгийн ардчиллын түүхийг харахаар урт хугацааны дараа би Их хурлын гишүүн болсон. Зүгээр ч нэг гишүүн байсангүй. Таны хэлсэнчлэн тодорхой түвшинд хариуцлагатай алба хашсан. Миний хувьд нөхөн сонгуульд нэр дэвшинэ гээд албан ёсоор орон нутагт зарласан байсан. Надад зайлшгүй дэвших хэд хэдэн шаардлага байсан юм. Нэгдүгээрт, би Хэнтий аймгийг гурван тойрогтой болгож өгсөн. Тиймээс миний нэр дэвших эхний эрх гэж бодож байгаа. Хоёрдугаарт, 2012-2016 онд Хэнтий аймгийн бүтээн байгуулалтын ажлуудын үндсэн үүргийг би гүйцэтгэсэн. Нэг үгээр хэлбэл Хэнтий аймагт өмнө нь байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалтуудыг дээрх албан тушаалуудыг хашиж байхдаа Хэнтий аймагт татаж чадсан. Миний татсан хэмжээний хөрөнгө оруулалтыг өнөөдөр Хэнтий аймгийг төлөөлж Их хуралд сууж байгаа нэг ч гишүүн хийгээгүй. Үүгээрээ би өөрийгөө дэвших эрхтэй гэж ойлгож байсан. Гуравдугаарт, Ардчилсан намын Төрийн байгуулалтын бодлогын зөвлөлийн дарга хүн. Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүн бөгөөд хамгийн том бодлогыг гаргаж ирэх зөвлөлийг нь тэргүүлж байгаа хүний хувьд дэвших эрхтэй гэж үзсэн. Тиймээс нөхөн сонгуульд нэр дэвшинэ гэсэн юм. Харамсалтай нь сонгууль болсонгүй.

-Нөхөн сонгууль зургадугаар сард яг болох юм уу?

-Өмнөх Сонгуулийн хуулинд дараагийн ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө дахин сонгуулийг зарладаггүй байсан. Одоо мөрдөгдөж буй хуулиар өмнө нь хойно гэсэн заалт байхгүй. Яаж ч бодож үзсэн зургаан сараас хойш гэвэл утгагүй асуудал болно. Үнэндээ Цэцэд өргөдөл гаргасан хадам ээж Сонгуулийн ерөнхий хороонд гомдлоо гаргах ёстой. Харамсалтай нь хадам ээжийн дарга нар нь зохицуулалт хийгээд Үндсэн хуулийн Цэцэд өгүүлсэн юм. СЕХ-нд гомдлоо гаргаад Иргэний хэргийн шүүхээр явах ёстой байсан байх. Түүнээс Цэц үүнд оролцох ямар ч шаардлагагүй байсан. Нэгэнт ийм холион бантан болсон тул Ардын нам үүнийг засах ёстой. 17 мянган сонгогч гэдэг бага тоо биш. Бидний бахархдаг хамгийн том шүтээн Чингисийн нутаг төлөөлөлгүй боллоо, Их хуралд. Магадгүй хоёр гишүүн байгаа гэх биз. Тэд өөрсдийнхөө тойрогт ажиллана уу гэхээс өөр тойрог руу орж асуудлыг нь яриад явахгүй л дээ. Гэхдээ сэтгэлтэй гишүүд бол хийнэ. Хэнтий аймгийг төлөөлж Их хуралд суугаа хоёр гишүүн тийм биш. Б.Бат-Эрдэнэ өөрийгөө дахиад яаж дөрвөн жил сонгуулах вэ гээд, Л.Оюун-Эрдэнэ нь МАН-ыг яаж хагалан бутаргах ажлыг гардан гүйцэтгэж байгаа болохоор завгүй хүмүүс шүү дээ.

-17 мянган иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх гээд нөгөө талд нь нэг хүн албан тушаалтайгаа зууралдаад холион бантан болчихлоо л доо. Ёс зүй гэж байна уу?

-Ёс зүй ярих юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцрох ёстой байхгүй юу. Намаа даргаа өгөх хэрэгтэй. Үнэхээр ёс зүй гэж ярьдаг, ёс зүй мэддэг бол 17 мянган хүний эрх ашгийг хөсөр хаяад, өөрийн эрх ашгаа тэргүүнд тавьж байгаа нь аймшиг. МАН маш өндөр наслаад зөнөчихсөн учраас нэг хүнийг л авч үлдэж байвал бусад 17 мянган хүн хамаагүй гэж байна. Монголд ардчилал байхгүй болчихлоо. Одоо бол ардчиллын нэрээр хувийн сонирхлоо хамгаалсан тийм л хүмүүс бий болсон. Үүнийг иргэд ойлгодог болсон байхгүй юу. Ардчиллыг хайрладаг, хамгаалдаг ард түмэн учраас зөв ардчиллыг хөгжүүлэхийн тулд ард түмэн 2020 оны сонгуульд орох байх. Ард түмний итгэл найдварыг зөв авахын тулд Ардчилсан нам шинэчлэгдэж байгаа. Бодитоор шинэчлэгдсэн гэж хэлэхэд хараахан эрт байна.

-Ардчиллын нэрээр шинэ үе нь ахмад үеэ гутааж байна гэх юм?

-Ардчилсан намд өнөөдөр гурван үеийн төлөөлөл бий болчихлоо. Манай намд алдаа оноо аль аль нь байсан. Гэхдээ алдаагаа хэсэг бүлэг хүн рүү чихчихээд бусад нь энхийн цагаан тагтаа болсон гэж болохгүй. Энэ бүгдийгээ ярилцах боломж өнөөдөр ч гэсэн манай намд бий. 2016 оны сонгуулиар МАН-аас 41 шинэ гишүүн Их хуралд орж ирсэн. Тэр хүмүүс төрийг болон УИХ-ыг цаашлаад төрөлх намаа яаж самарч байгааг харж байна. Яг түүн шиг манай намын Үндэсний бодлогын хороонд шинэ хүмүүс орж ирсэн байхгүй юу. Энэ хүмүүс МАН-ын 41 гишүүн ямар мундаг юм бэ, эд нар шиг болох ёстой юм байна гээд Ардчилсан намыг үүсгэн байгуулж байсан хүмүүсийг хэн ч биш болгохын төлөө явдаг болсон. Тэр орон зайд орж ирсэн хүмүүс 2020 онд Ардчилсан нам ялалт байгуулах боломж бүрдээд зөв хүмүүс гарч ирэхгүй бол өнөөдрийн нөхцөл байдал шиг, Үндэсний бодлогын хороонд хэсэг бүлэг МАН-ын 41 шиг нөхдүүд орж ирсэн. Тэр хүмүүс Их хуралд орж ирвэл Ардчилсан намын нэр хүндийг уландаа гишгэнэ. Бодит үнэн энэ юм шүү. Үүнийг нь хэлэх цаг болсон. Одоо дарга дагасан, далдганасан, ядарсан хүмүүсийг хэд гурван төгрөгөөр хэдэн хүнийг худалдсан хүмүүс орон зайнуудыг эзлээд эхэлж байна. Үндсэндээ ардчиллын үнэ цэнийг ойлгодог, ардчиллыг дэмждэг, анхнаас нь ардчиллыг бий болгох гэж зорьж явсан хүмүүс шахагдчихаад сууж байгаа. Энэ заваан зүйл удахгүй арилах байх гэж боддог. 2020 оны сонгууль ойрхон ирсэн учраас нам одоо цэгцрэх ёстой. Бодлогын нам болж байгаа юм бол бодлогын шинж чанартай зүйлсээ түлхүү ярих хэрэгтэй. УИХ дахь АН-ын бүлэг ч гэсэн ажлаа өөрчлөх цаг болсон. Бүлгийн гишүүд эзэнтэй болох цаг ирсээн. Бүлгийн гишүүд гэж шуудайд хийсэн үхрийн эвэр биш. Бүлэг нь бүлэг шиг байх ёстой юм. Бүлэг зангидагдаж, улс төрийн шийдвэрийг хүлээж авах шаардлагатай. Түүнээс биш өөрийнхөө хүссэнээр олонд гайгүй харагддаг, ингэвэл мундаг болох болж хүрэх болов уу гэдэг атгаг бодлоо зарим гишүүн орхих цаг болсон. Энэ мэтчилэн зүйлсээ өөрчилж чадахгүй байгаа болохоор АН ард түмний анхааралд орж ирж чадахгүй байна. Ардын намын нэр хүнд унаж байх үед манай намын нэр хүнд эсрэгээрээ сэргэж байх ёстой байтал дагаад унаад байх юм. Бидний төлөөлөл, намын тодорхой түвшний удирдлагууд ард түмний хүсэн хүлээгээд байгаа сонголт биш байна гэдэг нь харагдаад байна. Өөрчлөлтийг хийх цаг болсон шүү дээ.

-Залуу үе амбицтай байх нь гарцаагүй. Тиймээс гурван үеийнхээ хэлхээ холбоог л сайжруулах ёстой юм биш үү?

-Намын дарга намын гишүүдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон юм бол намын дарга энэ бүгдийг зангидах ёстой. Түүний аппарат энэ бүгдийг зохион байгуулах ёстой. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тийм зүйл хийгдэхгүй байна. Тухайн хүмүүст буруу байхыг үгүйсгэхгүй ч тухайн удирдлагыг гартаа авч яваа хүмүүс санаачилга гарган оруулж ирэх болохоос зөнд нь хаяад байж болохгүй. Ардчилсан намын үнэ цэнэ алга болох гээд байна шүү дээ. Ардчиллын төлөө эхнээсээ тэмцсэн, зүтгэсэн тэр капиталууд алга боллоо. Энэ чинь шинэчлэл юм уу, дампуурал юм уу. Бид эрх баригчдыг шүүмжлэхээс илүүтэй нам доторх үл ойлголцол, өнөөдрийн намын удирдлагуудын олхиогүй үхээнц байдлыг засах ёстой. Энэ үг УИХ дахь АНын бүлэгт ч хамаатай. Тэгэхгүйгээр сөрөг хүчин гээд худлаа цээжээ балбах шаардлагагүй. Ардын намыг шүүмжилж болно. Үүний оронд бид юу сөргүүлж тавих вэ гэдгээ гаргах цаг болсон юм. Бид хангалттай дайрч, доромжлууллаа. Тэглээ гээд хэн ч үүний өөдөөс юм хэлсэнгүй. Одоо цаг нь болсон.

-МАН эрх баригч болоод АН-ыг засаглаж байхад албан тушаал хашиж байсан хүмүүсийг АТГ-аар шалгуулсан. Та ч гэсэн багагүй хугацаанд хоригдож, шалгуулсан шүү дээ. Улстөрч хүний хамгийн том хохирол магадгүй гэмт хэрэгт холбогдсон гэдэг мэдээлэл шүү дээ. Таны асуудал юу болсон бэ?

-Ямар нэгэн холбогдох асуудал байхгүй юм байна гээд прокуророос албан ёсоор хэрэгсэхгүй болсон тогтоолыг надад өгсөн. Одоо надад байна. Улстөрч хүний нэр хүндийг гутаах, сонгогч ард түмэн энэ бүгдийг харж байсан болохоор шоронд хорьсноос илүү хүнд тусдаг. Өнөөдөр Ардчилсан намын тамгатай олон хүн энэ зовлонг үүрч байгаа. Тэр хүмүүс шоронд орох биш сэтгэл санаа болоод нэр хүндээрээ хамгийн хүнд хариуцлага, хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг амасч байгаа байхгүй юу. Тухайн хүн хийгээгүй хэргийнхээ төлөө айдаггүй юм байна гэдгийг өөрөө мэдэрсэн. Хамгийн их хэлмэгддэг, хамгийн их зовдог хүмүүс нь гэр бүлийнхэн, хамаатан садан нь байдаг гэдэг ч үнэн. Хэлмэгдүүлэлт гэдэг тийм л байдаг юм байна. Хэлмэгдүүлэлт гэдэг тухайн хүнийг дэмжиж, итгэж байсан хүмүүсийн үнэлэмж алдагддаг учраас хамгийн хүнд шийтгэл болдог юм байна л даа. Ардын намынхан хүссэндээ хүрсэн байх. Гэхдээ Ардчилсан намын гишүүд бууж өгөхгүй байх л даа. Нэр хүндээ сэргээх ёстой. Төр хүний нэр хүндийг унагаачихаад уучлалт гуйдаггүй юм байна. Тэр цаг үе ирэх байлгүй дээ. Би өөр дээрээ ярих юм бол таван жил шалгуулсан. Шалгах хүсэлт өгсөн хүнийг нь өнөөдрийг хүртэл би мэдэж чадаагүй. “Таныг шалга гэж үүрэг өгсөн” л гэж ярьдаг. Чухам ямар хүн, юунаас болж шалгуулав гэдэг нь огт байдаггүй юм билээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд намайг нэгд нэгэнгүй шалгасан. Миний хамаарал бүхий үүсгэн байгуулсан компанийг маань дампууруулсан. Өнөөдөр тэр компанийн нэр хүнд гэж байхгүй болсон. Компанийн нэр хүндийг ч гэсэн үл ойшоодог юм билээ. Би АТГынханд буруу өгөхөөсөө илүүтэй тэдэнд тэр чиглэл өгдөг бүлэглэл байдаг гэдэгт итгэдэг болсон. Н.Алтанхуягийг хэлээд буй хууль бусын хонгил байна гэдэгт итгэсэн. Хойшдоо ч энэ асуудал явах байх. Хонзогнол улам их хонзогнолыг гааруулдаг гэдгийг ойлгох ёстой. Төр барьж байгаа хүмүүс ойлгох ёстой цаг нь болсон шүү.

Н.Батбаярыг ярья л даа. Архангай аймгийн хөгжил зөвхөн Н.Батбаяртай салшгүй холбоотой. Гэтэл Н.Батбаярыг яаж ч муулж, элдвээр гүтгээд Архангайд хийсэн бүтээн байгуулалтыг нь баллуурдаж чадахгүй. Өнөөдөр энэ хүн хохирч байгаа ч Н.Батбаяр өөрөө Монгол Улсын төлөө хийж чадах тэр бүхнээ үргэлжлүүлээд хийнэ гэдэг тийм хүсэл зоригийг нь хэн ч мохоож чадаагүй л байхгүй юу. Үүнтэй ижлээр янз бүрийн хүмүүсийг нийгэмд муухайгаар зарлаж, нэр хүндийг нь гутаасан ч гэсэн сэтгэл зүрх, оюун ухааныг нь мохоосонгүй. Яахав ээ, энэ бүхэн ардчилал хөгжиж байгаа улсуудын туулдаг л зам байх гэж боддог.

-Ардчилсан намын нүүр царай болж явсан С.Баярцогтыгоо оффшорчин гээд намаасаа хөөсөн. Нам ялагдахад нөлөөлсөн гэсэн л дээ…

-С.Баярцогтыг юу болгосныг бүгд мэдэж байгаа. Би С.Баярцогтыг буруутгаж чаддаггүй. Монголд хэрэгтэй байсан өндөр хэмжээнд бэлтгэгдсэн боловсон хүчин. Оффшор гэдгийг яаж тайлбарлаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалж байгаа юм. С.Баярцогтыг буруутгаад байгаа зүйлсийг хэн нотлоод байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл тэр нотолгоо нь гараагүй байгаа шүү дээ, үнэндээ. Нотолсон юм бол нуугаад байх нь хэнд хэрэгтэй юм бол. Үүнийг л ойлгохгүй байгаа. Харин нам бол намынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан хүнээ хамгаалах ёстой байсан. Ард түмний нүдэн дээр өөрсдөө мундаг дарга болж харагдах гээд нэг их ариун цагаан хүмүүс болох гээд бусдыгаа доромжилдог хүмүүс их байна. Бусдынхаа нэр хүндээр өөрийнхөө амьдрал ахуйг залгуулдаг хүмүүс бий. Ардчилсан нам буруу шийдвэр гаргасан. Өнөөдөр надаас асуувал буруу л гэж хэлнэ. Бид буруугийн жишгийг олон удаа үзсэн. Манай нам 1996 онд олонхыг бүрдүүлээд гурван гишүүнээ шоронд явуулж байсан. Нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж, нөгөө хоёр нь байна. Энэ хүмүүсээ Ардчилсан нам өөрөө буруутгаж байсан шүү дээ. Буруутгаснаасаа болоод шоронд явуулж байсан байхгүй юу. Дахин тэр хүмүүс шиг замыг туулах гэж байна шүү дээ. Ардчилсан намын мэдлэг боловсолтой оюун санааны цөм болсон хүмүүсээ булшлах зүйлсээ манай намынхан өөрсдөө хийгээд байгаа нь ойлгомжгүй юм. Шинэчлэлийг хийх гээд байгаа юм бол эрүүл зүйлийг нь олж харах ёстой. Үзэл баримтлалаа зөв сонгох хэрэгтэй. Зөвхөн цүнх барих гэж, сул байгаа орон зайг ашиглахын тулд хувийн эрх ашгаа бодож яваа түмэн хүн манай нам дотор явж байна шүү дээ. Улс орныхоо төлөө юм хийх чадамжтай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийнхээ ирийг нь мохоох гээд байх юм. Б.Бямбасайхан, Да.Ганболд, Баабар, Э.БатҮүл ч гэсэн ялгаагүй. Цаанаасаа оргилж байгаа хүсэл нь ардчиллыг хөгжүүлэх, үнэ цэнийг нь мэдрүүлэх гэсэн номлолыг хийж байгаа. Гэтэл энэ бүгдийг нь дардаг, үгүйсгэдэг, хэн ч биш болгох гэсэн тодорхой бүлэг, арми ажиллаж байна. Тэгсэн ч гэсэн өөрсдийнхөө чадлаар ардчиллын үнэ цэнийг мэдрүүлэхээр зогсолтгүй зүтгэж байгаа хүмүүс. Түүх хэзээ нэгэн цагт энэ хүмүүсийг үнэлж таарах байлгүй. Яг үүнтэй ижил С.Баярцогтыг Ардчилсан нам гишүүнийхээ эгнээнд буцааж авах ёстой. Улс орныхоо төлөө хийсэн ажлыг нь үнэлэх шаардлагатай. Алдаа байсан бол албан ёсоор баталгаажуулах хэрэгтэй байсан юм.

-Танай намын хуучцуул намынхаа гадна талд гарчихсан юм шиг харагдаад байгаа. 2020 оны сонгуулиас өмнө нэгдэх үү?

-Ардчиллын үнэ цэнийг бий болгодог хүмүүсээ манай нам үнэ цэнэгүй болгоод гудамжинд гаргачихлаа. Тэд хэдийгээр гомдол ярьж байгаа боловч тэр хүмүүст нам руугаа хандах хандлага бий шүү. Гэхдээ тэр хүмүүсийн маань гомдол бас ихдээд байгаа. Намайг гуйвал л… гэх маягтай байна. Цаг үе өөр болсон. Маш хурдан өөрчлөгдөж байна. Манай хууччуул зарим зүйл дээр уян хатан хандах цаг болсон. Тэднийгээ ч гэсэн шүүмжлэх хэрэгтэй. 1990 оноос хойш өөрсдийгөө ардчиллыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, мундаг хүн гэж өнөөдөр бодоод хэрэггүй. Цаг хугацаа маш хурдан хувьсаж, залуу үед маш хурдтай төрөн гарч байгаа. Бидний мэдэх ардчилал ч гэсэн өөрчлөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрч хөл нийлүүлэн орж ирэх ёстой байхгүй юу. Тэгэхгүй би гэдэг амбицдаа дарагдчихаад суусаар л байна. Нэг талаараа С.Эрдэнийг болон намын удирдлагуудын шүүмжилж байгаа ч гэсэн нөгөө талдаа хуучцуулдаа гэсэн шүүмжлэлтэй хандах хэрэгтэй байна аа. “Хүрээд ирээчээ. Намын үйл ажиллагаандаа оролц. Оюун ухаанаа уралдуул, туршлагаа хуваалцаач ээ” гэхэд ирдэггүй л байхгүй юу. Энэ нь бас тэр хүмүүсийн арчаагүйн л шинж. Тэгчихээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн зүйл яриад байх шаардлагагүй. Сайхан ярилцаад уулз л даа. Би яагаад үүнийг яриад байна вэ гэхээр бүлгийн дарга байхдаа энэ зовлонг би яс махандаа шингэтэл мэдэрсэн. Эцэст нь нэг зүйл хэлэхэд намд фракц гэж зүйл байх ёстой шүү.

-Юун фракц вэ. Танай нам фракцгүй нам болсон гээд бахархаад сүйд болоод байсан биз дээ?

-Фракцгүй нам гэж юу байсан юм. Нэг хэвэнд цутгасан хүн гэж байдаг бол фракцгүй нам байж болно гэж боддог. Унтахдаа ч нэг цагт унтаж, нэг цагт сэрж, ариун цэврийн өрөөнд орохдоо ч нэг цагт ордог бол нэг хэвэнд цутгасан гэж ойлгоно оо доо. Фракц гэдэг зүйлийг муухай болгож харагдуулаад байгаа болохоос өнөөдөр ч гэсэн АН, МАН аль алинд нь фракц байсаар л байгаа. Бодит үнэн шүү дээ. Энэ түүх биш. Дэлхий нийтийн хэв шинж. Тийм учраас фракцгүй нам боллоо, фракцгүй нам гэж ярьж байгаа нь утгагүй. “Шонхор” фракц байна уу, байна. “МҮДН” байна уу, байна. “Алтан гадас” байна уу, байна. Яагаад үүнийг үгүйсгээд байгаа юм бэ. Фракц эрүүл байх ёстой болохоос албан тушаал, тав гурван төгрөг хүртэх, хувааж идэхдээ биш байхгүй юу. Энд бодлого уралдаж байх ёстой. Бодлогын намын цөм нь энд байна шүү дээ. Залуучуудын фракц байгаа юу, байгаа. Тэд өөрсдийнхөө бодлогыг энэ байна гээд бариад оруулж ирэхийг хэн ч үгүйсгээгүй. Гэтэл ийм зүйлийг худлаа өнгөлөн далдалж, фракцгүй нам гэж ярих нь утгагүй. Захын хүн үүнийг нь өлгөж аваад “Фракцгүй нам болсон гэсэн хаана байна” гээд ярьж байгаа биз дээ. Нэг хэвэнд цутгасан бол фракцгүй байж болно. Түүнээс биш фракцгүй байна гэж байхгүй. МАНАН бүлэглэл, ашиг сонирхлын бүлэглэл гэдэг чинь өөр асуудал. Манай намд ч гэсэн тэр бүлэглэлийн эд эс бий. Ардын намд ч байгаа. Үүнийгээ нуухын тулд фракц гэж ийм муухай юм байна гэсэн зам руу оруулаад байна л даа. Цаашид ч фракц оршин тогтноно. Фракцийн нэр хүнд унасан шалтгаан нь өөрийнхөө үгийг дагадаг хүмүүсийг нэгдмэл болгож өөртөө хураачихаад тэр хүмүүстээ албан тушаал өгдөг байсан. Ийм фракц ноёлчихоод байгаа учраас хүмүүс фракц гэдэг зүйлээс залхчихаад байгаа юм. Миний итгэл үнэмшил энэ. Бид бүгдээрээ шударга, гоё юм яриад байгаа боловч үнэн чанартаа үгүй шүү дээ. Улс төрийн амьдрал энэ л дээ. Дандаа ийм байдаг. Бодитоор оршин тогтнож байгаа зүйлийг байхгүй гэж ярьдаг нь өөрөө тэнэг зүйл.

Categories
мэдээ нийгэм

Зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан түр хязгаарлалт хийж байгаа билээ. Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлалт хийгдэнэ. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

⚡️Баянзүрх дүүрэг
11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, Батрэрэйд, Элэг, Нотра Дом, МЦ ХХК-ууд, Хасбанк, Яаралтай тусламж, Палентологийн төв, Санар брокерын пүүс, Иргэн Долгорсүрэн, Цэвэлмаа, Мөнхбат, Болор, Ч.Түмэнбаяр, С.Алтанхуяг, Мөнхболд, Ганболд, Самбуудорж, Магнайбаяр, Цэрэнням, Анхтүвшин, Ганбаатар, Адуучин, Батмөнх /үйлчилгээний цэг, дэд станц/,

⚡️Сүхбаатар дүүрэг
11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр, 19-р хороо Хандгайтаас Майхан толгой хүртэлх зуслан

⚡️Чингэлтэй дүүрэг
11.00-18.00 цагт: 7, 8-р хороо Хувьсгалчидын Б, В 1-3, Баруун Тасганы 8-10, Дунд Тасганы 9-р гудамж, Иргэн Хонгорзул /дугуй засвар/, Галхүү, Төгсбат /авто засвар/, Пүрэвдорж, Пүрэвсүрэн, Бямбатогтох, Өлзийбат /нийтийн байр/, Өлзийт хайрхан, Баасан, Эрдэнэбат /дэлгүүр/, Оюунчимэг, Доржсүрэн, Жанцансүрэн /АОС/, Батзориг, Оюунчимэг халаалт, Мягмарсүрэн /мужаан/, Байгалмаа, Доржпалам, Зурагтын цагдаагийн пост, Кевико, Хишигт тээл ХХК, Гудамжны гэрэлтүүлэг, УСУГ-ын шугамаар ус хангах алба болон эдгээрийн ойр орчмоор,

11.00-20.00 цагт: 4-р хороо Байгалийн түүхийн музей, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, Палентологийн төв, Төрийн үйлчилгээ, дүүргийн ЭМТ, БНАСАУ-ын ЭСЯ-ны барилга, Зоос гоёл ХК, Голомт 19, Локал менежмент, Мөнхтун болор, Дорнын соёл, Керамакс, Скай фортун, Цэлмүүн трейд, Өлзийт анд, Мон зөвлөх, Анис фарма, Эс Ди Жи, Сэнтури, СМО, ДЭБС, Хатансүйх хүнс, Сакура Фүүдс, Сараннамиун Жи Эм Жей брос, Ариунмонгол ХХК-ууд, Мөнх-Эрдэнэ /авто зогсоол/, Монгол мэдлэг их сургууль, Оюун, Есөн орд СӨХ, Нар өгөөж, Гангил, Иргэн Доржсүрэнжанцанхорлоо, Алтантовч дэлгүүр, Наран их дэлгүүр, Туяа кафе, Иргэн Цолмон, Хувьзаяа, Алтантүлхүүр, Бор, Занданхүү, Баясгалан, Хүрэлбаатар, Аюушмаа, Тунгалаг хоолны газар, Түмэн эрхэс ББСБ болон эдгээрийн ойр орчмоор,

⚡️Хан-Уул дүүрэг
11:00-18:00 цагт: 11-р хороо Зайсан, Соёмбо СӨХ, Жи Эм Эс Эс ХХК болон ойр орчмоор,

⚡️Сонгинохайрхан дүүрэг
11:00-17:00 цагт: 9-р хороо Баруун салаа, Хөтөл орчмоор,

⚡️Налайх дүүрэг
09:30-18:00 цагт: 5, 6-р хороо Тэрэлж орчмын амралтууд, Элстэй орчмоор
11:00-17:00 цагт: 1-р хороо Энгэр шанд, Их ам, Туулын гүүрний зуслан.

Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 20-нд болох үйл явдал

09:00-12:00 цагт Блью Скай зочид буудлын Даймонд танхимд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт НҮБ-ын байрны хурлын танхимд болно.

10:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, 47 сургуулийн Эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцана.

11.00 цагт ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.

11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас “Хүчит шонхор” зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ӨДӨРЛӨГ зохион байгуулна.

11.00 цагт Өртөөт марафоны хэвлэлийн хурал болно. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар автомашингүй өдрийг тохиолдуулан хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн марафон “ҮЗЭСГЭЛЭНТ УЛААНБААТАРЫН ЦОМ-НЭГ БҮС НЭГ ЗАМ” нэртэйгээр 2018.09.22-нд болох гэж байна. Олон ниийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Спортын төв ордны 4-н давхрын хурлын танхимд болно.

13:00 цагт Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна.

15:00 цагт Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдаан хорооны шийдвэрийг танилцуулах Хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны ёслол хүндэтгэлийн өргөөнд болно.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Үгээ ололцож чадвал дэлхийгээс мөнгө босгох асуудалгүй гэж хөрөнгө оруулагчид хэлж байна

Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхантай өнөө жилийн Дисковер Монголиа эрдэс баялгийн нэгдсэн чуулганы үр дүн, өгөөжийн талаар ярилцлаа.


-Энэ жилийн Дисковер Монголиа-гаас анзаарахад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж эхэлсэн нь анзаарагдлаа. Та хөрөнгө оруулагчидтай ойр харилцдаг хүн. тэр утгаараа онцолж хэлэхээр ямар хүмүүстэй уулзав. тэд монголын тухай ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Банкир, хуульч, хөрөнгө оруулалтын сангийн менежер, геологич гээд олон хүнтэй уулзлаа. Хөрөнгө оруулагч хүн оруулсан хөрөнгө мөнгөө хэдий хугацаанд ашигтай эргүүлэх вэ гэдэг тооцоог маш нарийн аргачлалын хүрээнд хийдэг. Энэ тооцоонд төслийн геологийн нөөц, хүдрийн агуулга мэдээж маш чухал. Гэхдээ түүнээс дутахгүй олон шалгуур бий. Эдийн засгийн чадавх, боловсон хүчний чадавх болон олдоц, технологийн хөгжил, улс төрийн эрсдэл, банк санхүүгийн системийн найдвартай байдал, шүүхийн арилжааны маргаан шийдвэрлэх чадавх гээд яривал урт жагсаалт болно.

Дээр нь зах зээлийн хандлага их чухал. Нэг сангийн менежер илтгэлдээ энэ хандлагыг сүрэг тагтаатай жишиж ярьсан нь сонирхолтой, байгаа олсон зүйрлэл санагдсан. Өөрөөр хэлвэл, сүрэг тагтаа сууж байгаад нэг нь үргэхэд бүгд нисч оддог. Монголд ч ийм хандлага хэдэн жилийн өмнөөс бий болсныг хөрөнгө оруулалтын сангийн менежер илтгэлдээ дурдаж байсан. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй хэдэн хайгуулын компанийн захирлуудыг би Монголын зах зээлийн хамгийн сайн элчин сайд нар гэж би боддог. Энэ хүмүүс өөдрөг бодол санаатай болж буйг саяын чуулганаар анзаарлаа.

-Хайгуулын компаниудын илтгэлээс өөдрөг хандлага, эерэг мэдээлэл ч анзаарагдсан шүү. Анх удаа Монголд хайгуул хийж байгаа том компаниуд бүгдээрээ илтгэл тавьсан уу. Хайгуулын салбарыг хөгжүүлэх боломж, гарцын талаар ямар шийдлүүд яригдав?

-Тэгсэн. Хайгуулын том төслүүд хэрэгжүүлж байгаа бүх компани илтгэл тавьж, оролцсон. Монгол Улсад өнөөдөр хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл бий. Шинээр хайгуул хийх 8.5 сая гектар талбайг сонгон шалгаруулалтаар зарлана гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд илтгэлдээ дурдсан. 20052010 онд олон улсын хөрөнгийн биржүүд дээр бүртгэлтэй 60 гаруй компани Монголд хайгуулын бизнес эрхэлдэг байсан тухай мэргэжилтнүүд дурдана лээ. Харин энэ тоо өнөөдөр 10 хүрэхгүй компани болтлоо буурсан. Монголд үлдсэн цөөхөн хайгуулын компанийн захирлууд тодорхой илтгэлүүд тавьсан. Хэрэв Засгийн газар, орон нутаг, бусадтайгаа хэл амаа ололцоод, бие биеээ дэмжээд байвал олон улсын зах зээлээс хөрөнгө босгоод явах бүрэн боломжтой гэж тэд дүгнэж байна.

-Хөрөнгө оруулалтын сангуудын төлөөллүүд ирсэн нь олны анхааралд байлаа. Тэд Монголд хөрөнгө оруулах боломжийн талаар юу ярьсан бол. Ер нь хөрөнгө оруулагчдын эргэлзээ арилж уу?

-Монгол геологийн хувьд сонирхолтой, боломж ихтэй улс. Манай улсын энэ давуу талтай хэн ч маргадаггүй. Хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөл, хөрөнгө оруулагчдын хувьд “Засгийн газраас цаашдаа хэр тууштай ажиллахаас шалтгаална даа” гэсэн хариу өгч байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, хандлага наашилсан нь хүн бүхэнд анзаарагдсан байх. Чуулганы үеэр байр сууриа илэрхийлсэн хөрөнгө оруулагчдын үгийг анзаарахад ч энэ хандлага тодорхой байсан.

-Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын хувьд том зах зээлийн хажууханд гэсэн давуу талыг олонтаа онцолж байсан. Энэ давуу талаа боломж болгохын тулд яах ёстой талаар хөрөнгө оруулагчид тодорхой санаа, гарц хэлж байна уу?

-Нэлээд оролцогч хажуудаа том зах зээлтэй гэсэн давуу талыг онцолж байсан. Ер нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тухайд зах зээл нь хажууханд гэсэн давуу талыг онцолдог. Хажуухандаа байгаа том зах зээлдээ яаж ойртох вэ гэсэн асуултын хариуг тэд сонирхож байна. Надтай уулзсан хүмүүс “Олон улсын зах зээл дээр хөрөнгө, технологи, ноү хау нь бүгд бий, тэгэхээр салбарын ухаалаг, тооцоотой, холыг харсан бодлогоос л бүх зүйл хамаарна” гэсэн утгатай үг хэлж байсан.

-Таны удирдсан Монголын хөгжлийг бүс нутагтай уясан салбар хуралдаан шинэлэг, хэрэгтэй сэдэв шиг санагдсан…?

-Биднийг тойроод бүс нутгийн эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн интеграци хүчтэй явж байна. Түүхэнд дахин давтагдахгүй энэ том эрэлт, боломжийг алдахгүйн тулд л Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн үндэсний ассоциаци, УУХҮЯтайгаа хамтарч ажиллалаа. Цаашид ч олон зүйл дээр хамтрах төлөвтэй байна.

-Хөрөнгө оруулагчид ямар бэрхшээлийг түлхүү ярьж байна. Тэдний тавьж буй нийтлэг санал гэвэл та юуг онцлох вэ?

-Уул уурхайн салбарын татварын орчин ойлгомжгүй, бусадтай харьцуулахад өндөр гэсэн дүгнэлтийг татварын мэргэжилтнүүд чуулганы үеэр хэлсэн. Уул уурхайн бизнес эрхэлдэг орнуудыг жагсаахад Монгол нийт татвар, төлбөрийн хэмжээгээр эхний гуравт жагсаж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сангийн менежер хүн яг адил хэмжээний хоёр ордыг өөр улсуудад оллоо гэж төсөөлье. Нэг нь Канадад, нөгөөх нь Монголд. Энэ тохиолдолд хаана нь илүү хөрөнгө оруулах вэ гэсэн асуулт тавигдана аа даа. Хэрвээ Засгийн газрынх нь бодлого байнга өөрчлөгддөг, татварын орчин ойлгомжгүй байвал хариу нь тодорхой. Манай уул уурхай, ашигт малтмалын салбарын хуулиудад сүүлийн арав гаруй жил 200 гаруй өөрчлөлт орсон гэсэн статистик бий. Энэ нь тодорхой төсөл дээр буухаар ямар дүр зураг тодрох бол гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж таарна. Хайгуул хийж буй компанийн биржийн үнэлгээ олон зүйлийг хэлдэг. Канадад байгаа орд дээр ажиллаж буй хайгуулын компанийн үнэлгээ нэг тэрбум канад доллар байхад, адил хэмжээний нөөц, агуулгатай Монголын орд дээр хайгуул хийж буй компанийн биржийн үнэлгээ 60 хүрэхгүй сая канад доллар байх жишээний. Энэ жишээг сая болсон “Дисковер Монголиа”гийн үеэр нэг илтгэгч дурдсан. Энэ бол бодит байдал.

-Уул уурхайн сайдын илтгэл, чуулганы хуралдаануудад суусан оролцоо хөрөнгө оруулагчдад найдвар төрүүлэх шиг боллоо. Тантай уулзсан хөрөнгө оруулагчид сайдын энэ оролцоог яаж харж байна?

-Уул уурхайн салбар 2017 оны байдлаар манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг, дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор орно гэж Д.Сумъяабазар сайд онцолсон. Уул уурхайн олборлох салбар энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тонн зэсийн баяжмал, 9.2 тонн алт, 3.1 мян.тонн молибдений баяжмал, 1.7 сая тонн төмрийн хүдрийн баяжмал олборлож байгааг ч “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганы индрээс хөрөнгө оруулагчдад дуулгасан. Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын баримталж буй зарчим, бодлого, уриалж байгаа үгсийг оролцогчид нэг бүрчлэн задалж, шинжилж, дүгнэж суугаа нь тодорхой асуудал. Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн гол нь богино хугацаанд ямар бодитой үр гаргахыг хүлээж байгаа. Сайд өнгөрсөн арван сарын хугацаанд уул уурхайн дэлхийн гол төвүүд болох орнуудад айлчилж, олон хөрөнгө оруулагчтай уулзсан. Хийх ажил их гэдгийг аль аль талдаа ойлгож, дэмжиж байгаа.

-Энэ жилийн Дисковер-ийн зохион байгуулагчаар Монголын бизнесийн зөвлөл орж ирсэн нь зочдын чансаа, хүрээг өсгөх, Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн гэж дүгнэх хүн олон байна. Бизнесийн зөвлөл ер нь ямар оролцоотой ажиллав?

-Монголын бизнесийн зөвлөл өнөөдөр 250 гишүүн компанитай, идэвхтэй бизнесийн талбар юм. Энэ жил бид Уул уурхайн үндэсний ассоциаци, УУХҮЯтайгаа хамтран 16 дахь удаагийн “Дисковер Монголиа”г зохион байгууллаа. Өмнө нь Монгол Улсын ууган Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй Уул уурхай үндэсний ассоциацийн баг амжилттай зохион байгуулсаар өнөөг хүрсэн. Хамгийн гол нь Монголын бизнесийн нийгэмлэгүүд нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж, Засгийн газартайгаа хэл амаа олдог болж байгааг харуулсан эерег жишгийг энэ удаагийн арга хэмжээ тогтоолоо.

Дараа жил Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээний уул уурхайн салбарын чуулганыг Монголд зохион байгуулах уриалгыг дэмжин ажиллахаар болж байна. Монголын бизнесийн зөвлөл олон улсын хөрөнгө оруулалтын олон чуулганыг гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулж ирсэн туршлагатай. Цаашид бид бусад нийгэмлэг, олон улсын байгууллагатай хамтарч бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлогын судалгаа хийж, идэвхтэй ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

Соаl Mongolia-2018 чуулганы үеэр ийм тийм гэрээ байгуулагдсан гэх мэт мэдээлэл цацагдлаа. Дисковер Монголиа-гийн үеэр ийм бодитой хэлцлүүд хийгдэв үү?

-Бодитой шинэ төсөл гэвэл, ойрын үед нүүрсний давхаргын метаны хайгуул хийх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ зурна гэсэн мэдээлэл байна. Энэ бол богино хугацаанд бусдыг уриалан татах эерэг мэдээ юм.

-Уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган зорилгоо биелүүлж чадсан уу?

-Өнөө жилийн “Дисковер Монголиа”д 700 хүн бүртгүүлж төлбөрөө төлөөд оролцлоо. 50 гаруй хүн илтгэл, хэлэлцүүлэгт оролцсон тоог онцолмоор байна. Бид анхнаасаа л Монголын уул уурхай, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын боломжийг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулахыг зорьсон. Зорилгоо ч биелүүлж чадлаа. Дараагийн зорилго маань салбаруудад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг бодитоор хэмжиж, дүгнэж ямар нэгэн улс төргүйгээр хэлэлцэх байсан. Мөн л биелүүлж чадлаа. Үндсэн чуулган гурван өдрийн турш, хэлэлцүүлэг, төслийн танилцуулга, том төсөлтэй газар дээр нь очиж танилцахаас бүрдсэн. Чуулган болохоос долоо хоногийн өмнө татвар, эрх зүй, орон нутгийн харилцаа, усны менежмэнт сэдвүүдээр мэргэжлийн улсууд хаалттайгаар хэлэлцсэн нь маш үр дүнтэй болсон.

-Өмнөх чуулганаар огт хөндөж байгаагүй шинэ сэдэв гэвэл та юуг онцлох вэ?

-Бид энэ удаа ирээдүйгээ харж чуулахыг зорилоо. Монголын уул уурхайн салбар XXI зуунд шинэ технологийн эринтэй золгож байгаа гэсэн том онцлог бий. Энэ салбарт өрсөлдөж яваа компаниуд бүгд л өөр газар, өөр компани үйлдвэрлэж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа. Энгийнээр хэлбэл зөвхөн Монголд л зэс үйлдвэрлэдэг гэж харж, ойлгож болохгүй. Чилид, Орост ч үйлдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл тэд манай хүчтэй өрсөлдөгч. Ингэж харах хэрэгтэй л дээ. Уул уурхайн салбарт “Тэр компани нэг тонн тутамд төчнөөн мөнгө зарж байна” гээд олборлолтын зардлыг нь мэдээлдэг шүү дээ. Өнгөц сонсоход хэдхэн центийн асуудал яригддаг ч их хэмжээний үйлдвэрлэл, олборлолт явуулдаг компаниудын хувьд маш том мөнгөний асуудал. Бүр тодруулж хэлбэл уул уурхайн том компаниудын дунд нэг центийн зардлаа тонн тутамд хэмнэх тухай өрсөлдөөн олон улсад явагдаж байна. Ийм онцлогтой салбарт шинэ технологи, хиймэл оюун ухаан, роботууд дэвшил авчрах болно гэсэн хандлага хүчтэй болчихлоо. “Дисковер Монголиа”гийн үеэр яригдсан шинэ өнцөг гэвэл энэ жишээг дурдаж болж байна. Эдгээр аргыг ашиглаж чадвал хайгуулын өртөг, үйлдвэрлэлийн зардал ч багасна гэж хөрөнгө оруулагчид ярьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат: Хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох байх

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбаттай ярилцлаа.


-Таны Хязгааргүйн цаана тоглолт удахгүй болно. Хязгааргүйн цаана юу байдаг юм бэ?

-Харин тийм, юу байдаг бол.

-Хязгааргүй гэхээр хязгааргүй орон зай гэсэн үг. Хязгааргүй учраас юу байгаа нь мэдэгдэхгүй биз дээ?

-Ийм асуултыг өөрөөсөө асуусан. Хязгааргүйн цаана юу оршиж байдаг юм бэ гэдэг нь маш сонирхолтой. Хөгжимдөө буулгаад яривал миний бүтээсэн, туурвисан бол хязгааргүй. Аливаа юм болгон хязгаартай, тийм биз. Ер нь хязгааргүйн цаана юу байдаг юм бол оо гэдгийг ялангуяа монголчууд боддог байх. Нэг өдөр сууж байсан чинь тэр нэг ая аялгуу маш хүчтэй орж ирсэн байхгүй юу. Би тэрийг бодохдоо, над руу хязгааргүйн цаанаас илгээж байгаа ая аялгуу юм болов уу гэж бодсон. Тэр хөгжмийг хүн сонсохоороо уйлдаг. Их сонин. Тэр хөгжмийг сонсохоороо хүн эх орноо хайрлаад байдаг юм. Ээж, аавыгаа хайрлаад байдаг. Байгаль, эх дэлхийгээ хайрлаад байдаг юм. Сүнслэг ч гэх юм уу, тийм нэг хөгжмийг надад илгээсэн. Тэрийгээ би нот болгож буулгаад “Хязгааргүйн цаана” гэж нэрлэсэн. Ийм л учиртай нэг хөгжим бүтсэн юм.

Уран бүтээл, хөгжмүүд дунд зарим нэг бүтээл их содон буудаг шүү дээ. Түүгээрээ нэрийдсэн тоглолт. Хязгааргүйн цаана юу оршдогийг би хэлж мэдэхгүй. Та ч хэлж мэдэхгүй. Магадгүй бид хөгжмөөр хөллөж, хөгжимд уусч хязгааргүйн цаана аялж болох байх.

-Хүй нэгдлийн үед ч юм уу, балар эрт цагт хөгжим гэх зүйл үүсээгүй байхад хэн нэгэн нь эд юмс хангир, жингэр гэж дуугаргасан ч юм уу, чулуу харшуулахад гарсан чимээг сонсоод хөгжим гэх зүйлийг бүтээх санаа төрж гэж бодъё. Анхны тэр хөг аяыг сонсоход хүн төрөлхтөн, хүй нэгдлийн тэр хэдэн хүнд яг ямар мэдрэмж төрсөн бол. Хөгжимтэй болсноор амьдралд нь ямар өөрчлөлт гарсан бол доо?

-Маш гоё асуулаа. Таны асуусантай уялдуулж ярихад “Хязгааргүйн цаана” хөгжим эхлэхдээ усны дуслын чимээнээрээ эхэлдэг байхгүй юу. Тэр чимээ нь явсаар булаг болно, гол болно. Бүр нэмэгдсээр байгаад мөрөн болдог ч юм уу ийм шийдлээр таны асуусантай яг адилхан ингэж бууж энэ хөгжим бүтсэн. Хүй нэгдлийн үед амьдарч үзсэн биш. Гэхдээ чулуу чинь хөгжим болж байгаа биз. Чулуу янз бүрийн өнгөтэй. Тэр чулуу гэдэг юм чинь юу вэ. Амьтай байхгүй юу. Амьтай болохоороо л хөгжим болгоход дуу гарч байна шүү дээ. Гайхамшигтай байхгүй юу. Ийм болохоор бид байгаль дэлхийгээ хайрлах ёстой гэдэг логик, ухаан энэ хөгжмийн цаана байгаа.

-Хөгжмийн зохиолчдын тоглолтыг үзэхдээ ялангуяа барууны үзэгчид нүдээ аньж сонсдог. Бүр уйлдаг. Төгөлдөр хуурчийн арван хуруунаас эгшиглэх аялгуу тэр олон мянган үзэгчийн зүрх сэтгэлд буухдаа түмэн янзаар очиж буудаг байх нь?

-Гоё хэлж байна, баярлалаа.

-Ямар уран бүтээлчийн тоглолт вэ гэдгээс хамаарч үзэгчид алга ташна, босч бүжиглэнэ, шүгэлдэнэ. Харин таны тоглолт дээр яадаг вэ. Чимээгүй болох уу?

-Чимээгүйгээс аадар бороо асгаж байгаа юм шиг л алга ташилт шаагина гэж бод доо. Миний тоглолтод Монголын сор болсон авьяастнууд, гайхамшигтай хүмүүс хамтарч оролцож байгаа. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Чингис хаан” хамтлагийн Жагаа ах, “Хурд”-ын Д.Отгонбаяр байна. Бид хоёр хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Манан” гэж бүтээлийг тоглосон. Тэр бол бас гайхамшигтай. Яг л тэр мэдрэмжийг хүмүүс авна. Бид тэрийг тоглохдоо ёстой хязгааргүйн цаана дагуулж, аялж, аваачих тийм тоглолт болох байх гэж бодож байна. Тийм учраас уран бүтээлч хүний хамгийн гол эрч хүч бол алга ташилт байдаг. Миний фенүүд, сонсогч олон, үзэгчид надаас хэзээ ч алга ташилтаа харамлаж байгаагүй. Үзэгчид алга таших тусмаа л эрч хүч ороод жинхэнэ бахдаж ядсан тэр тэсрэлт, хайр энэрэл гадагшилдаг. Миний тоглолтын онцлог бол нэг ёсондоо дэлхий ээж гэж хэлж болдог юм. Тэнд бүх юм багтаж байгаа биз дээ. Тэгээд бас хязгааргүйн цаана юу байх бол. Магадгүй таны асуусан шиг “Хайр” гэж нэртэй хөгжмийг тоглолоо гэхэд хүн өөр өөрийнхөө төсөөллөөр л тэр хайрыг хүлээж авна шүү дээ. Эсвэл “Хайр” гэдэг хөгжмийг сонсоод байгаль дэлхий ч юмуу, өөр юмыг төсөөлж хүлээж авахыг би мэдэхгүй. Тиймээс энэ гоё гоё гайхамшигтай мэдрэмжүүд эгшиглэнэ.

-Найруулагч гэж хүн бий. Дууны уран бүтээлд хөгжмийн зохиолч бий. Эдгээр хүмүүс бол далд фронтынх. Хөшигний ард үлддэг хүмүүс. Харин тайзан дээр гарч ирэх ямар байдаг вэ. Тэр дундаа хөгжмийн зохиолч нь өөрийнхөө бүтээлийг тоглох нь?

-Би бас арын фронтын хүн байхгүй юу. Жишээ нь, намайг “Толин хул” дууг хийсэн гэхээр тийм ч олон хүн мэдэхгүй байх.

-Тийм билүү?

-Тэр хэлээ биз. “Толин хул”-ын хөгжмийн найруулгыг би хийсэн юм. Л.Балхжав ахын “Монгол наадам” гэж гоё дуу байдаг даа.

-Рок поп, зохиолын дуучид бөөнөөрөө дуулдаг?

-Тийм, тийм. Тэр болгоны чинь ард арын фронтынхон байгаа биз дээ. Тэрний нэг л би байхгүй юу. Тэрийгээ би бас тайлагнамаар байдаг. Тийм болохоор энэ тоглолтыг хийж байгаа юм.

-Тоглолтын тов?

-Энэ сарын 21, 22, 23-нд болно. 23-ны 18 цагт, 21, 22-ны 19 цагт тус тус тоглогдоно.

-Хаана болох билээ?

-“Corporate Convention Centre”-ийн Концертын их танхимд.

-Уг танхим хэдэн хүний суудалтай юм?

-1006.

-Тэгэхээр Хязгааргүйн цаана-ыг 3000 хүн л үзэх юм байна шүү дээ?

-Хангалтгүй шүү дээ, тийм ээ. Миний “Давтагдашгүй” тоглолтыг 10 мянган хүн үзсэн байдаг юм.

-Тэр тоглолтыг хэд хоног тоглож байлаа?

-Соёлын төв өргөөнд гурав хоног тоглоод дараа нь үзэгчдийн хүсэлтээр UB pal­ace, Төрийн ордонд тоглосон. Энэ тоглолт маань ч мөн тэгж магадгүй. 3000 хүн үзнэ. Гэхдээ хамгийн гол нь уг концертын их танхим нь хүн суухад их тохь тухтай. Энэ нь нэг шалтгаан нь. Хоёрдугаарт, тоглож байгаа уран бүтээлч, үзэгчдийн хоорондын харьцаа маш ойрхон. Тэгэхээр бие биенээ мэдэрч чадах тайз юм гэж бодоод сонгосон. Ерөөлөөр болог. “Хязгааргүйн цаана”-ыг дахин хэд хэд тоглох байх.

Хязгааргүйн цаана тоглолтын цаана хичнээн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна вэ?

-Бараг 300, 400-гаад хүн ажиллаж байна шүү дээ. Бэлтгэл ажил эхлээд сар гарны хугацаа өнгөрч байна.

-Оркестр тоглож байхад хийлийн утас тасрах ч юмуу, ямар нэг асуудал гарах нь бий. Гэхдээ тэр нь заримдаа үнэн гэдэг мэдрэмжийг үзэгчдэд үлдээдэг?

-Тэр бол амьд тоглолтын нэг гол онцлог нь байхгүй юу. Энд тэнд хөгжим янз бүр дуугарах ч юм уу. Гэнэт тог тасардаг ч юм уу. Түй түй тийм юм холуур байг (инээв). Тэгэхдээ энэ чинь амьд л тоглолт учраас бүхнийг маш сайн хангасан байх ёстой. Тийм асуудал манайд байтугай баруунд ч гарч л байдаг. Америкт би зөндөө л тоглосон. Томоохон концертын танхимуудад ч тоглосон. Бас л тийм юм гарч л байсан. “Metallica” гараад тоглосон чинь дуучин нь уурлаад микрофоноо өшиглөчихсөн. “Энэ дуугардаггүй микрофоноо ав” гээд л өшиглөчихсөн. Тэд маш нээлттэй. Тэгсэн ч үзэгчид үзэж л байдаг. Энэ нь амьд тоглолтын алдаа мөртлөө онцлог зүйл байж магад.

-Тоглолтын баг нэгдээд хэдий хэрийн хугацааны дараа жигдэрдэг юм бэ?

-Надтай хамтарч тоглож байгаа залуучууд бол яг одоо Монголд сор болж байгаа гайхамшигтай хөгжимчид. Дандаа залуучууд. Манай дүү нар. Мэргэжлийн хөгжимчид. Сарын дотор бэлтгэл сайн хангагдаж байна. Урд нь эд нартайгаа хамтарч ажиллаж байсан. Студийн цаг хугацаа, нэг дуу бүтэх цаг хугацаа гээд л эдэнтэйгээ их нягт ажиллаж чадсан байхгүй юу. Тэрнийхээ үр дүнд сарын дотор бүх юмаа базаж гаргаж чадаж байна.

-Яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч гээд уран бүтээлчид том бүтээлийн өмнө маш их хүч гаргадаг. Зарим нь их өвөрмөцөөр. Тамхи зогсоо зайгүй баагиулах, хар кофе их хэмжээгээр уух, бусдаас өөрийгөө тусгаарлах гэх мэтээр. Таны хувьд томоохон хөгжмийн бүтээл дээр ажиллахаараа яадаг вэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам нас нэмнэ. Бодох бодол нь илүү өргөн хүрээтэй болно. Энэ чинь өөрийн эрхгүй л хүний амьдралд байдаг зүйл. Тийм болохоор илүү их боддог болчихдог юм байна. Миний хувьд хөгжим бичиж байхдаа янз бүр л байдаг юм. Тамхи татах, кофе уух зэрэг тийм юм бол надад байхгүй. Харин байгальд л гарах дуртай. Байгалиас зохиолч, яруу найрагч, уран зураач, хөгжмийн зохиолч, дуучин гээд бүх хүн эрч хүч авдаг. Ер нь хүний хорвоо тийм шүү дээ. Хүн байгалийн бүтээгдэхүүн учраас энэ хүн гэдэг амьтан тэндээс л эрч хүчээ авдаг. Чулуу хүртэл хөгжим. Гол горхины хоржигноон хүртэл хөгжим. Байгаль чинь өөрөө хөгжим.

-Хөгжмийн зохиолч Чинбаа гэхээр яалт ч үгүй Sweetymotion гэх нэр дагалддаг. Нэг юмыг анзаарахад манай хамтлагууд харин ч урт настай юм шиг ээ. Гэтэл монголчуудыг багийн спортод муу, багаар ажиллах чадваргүй гээд байдаг нь худлаа юм биш үү. Sweetymotion л гэхэд 20 гаруй жил болчихож?

-“Sweetymotion” хамтлагийн хувьд дэлхийд гэж яригдана шүү, үнэхээрийн. Эмэгтэй гишүүдтэй хамтлаг хамт байгаагаараа гэж ярих юм бол шүү дээ. Энэ бол шууд хөгжимтэй холбоотой. Хөгжимчин хүнийг хатуу дэглэмийн дор сургадаг. Биднийг долоон настай байхаас л гамм унш гэдэг байсан. Бид хэдэн ч цагаар хамаагүй гамм уншина. Моцарт, Бетховен, Римский Корсаков нарын бүтээлийг тогло гэнэ. Бид дэндүү хүлээцтэй, дээрээс нь гарын арван хуруу сална. Тэр бол амаргүй. Маш хэцүү хөгжим тоглоно. Энэний дараа ямар такт билээ, тэрэн дээр би юу хийх билээ, аяар, чанга нь юу билээ гээд л тархи толгой завсаргүй ажиллаж байх завсарт хөл педаль дээр ажиллана. Ингэхээр дөрвөн мөч салж байгаа биз дээ. Хөгжим гэдэг бол хөгжимчдийг хагас цэрэгжилтийн байдалтай байхаас өөр аргагүй болгодог. Тийм болохоор бид бэрхшээлийг давж, туулж сурсан. Ийм л хүмүүс. Тэрэнтэй л холбоотой байх.

Sweetymotion-ийг АНУ руу явахад хүмүүс та нарыг тэнд од болж, шоу бизнест нь хөлөө тавих нь гэж бодсон болов уу. Гэтэл та бүхний гадагшаа гарсан зорилго ерөөсөө л эрдэм өвөртлөөд эх орондоо буцаж ирэх байжээ?

-Тийм л байхгүй юу. Юу гэж л од болъё гэж тэгэхэв. Явж суралцъя л гэсэн юм. Хэрвээ бид сурч чадвал эргээд Монголдоо ирж монгол хүмүүстээ бүтээл хүргэе гэдэг үндсэн суурь, язгуур маань байсан учраас бид өнөөдөр байж л байна, ирчихсэн. Мөнгө хүний амьдралын хэрэгцээ л дээ. Мөнгө хайгаад явсан бол би тэнд аль хэдийнэ тогтноод, оршоод Холливудын тойрогт орчихсон байх хүн л дээ. Тэрнээс би өөрөө больсон тэнэг ч хүн гэх юм уу. Би монгол хүн. Гэтэл тэр амьдрал руу сая сая хүн тэмүүлж байгаа шүү дээ, зөвхөн тэр тойрогт орох гэж. Монгол хүний аз түшээд ямар нэгэн байдлаар явсаар байгаад гарц олоод тэр нь жим байснаа зам болчихсон байхгүй юу. Тэгээд л би буцаж ирээд сурсан мэдсэнээ хийе гээд хамгийн анхны тоглолт болох “Давтагдашгүй”-гээ тоглосон. Тэгэхэд үзэгчид ямар гоё урам өгч, ямар их эрч хүчийг хайрласан гэж санана.

-Аав, өвөөгийнхөө хийж бүтээснээр үр хүүхэд ач зээ нар нь бахархаж ярих дуртай. Миний өвөөгийн барьсан барилга, орон сууц, миний аавын барьсан зам, миний аавын зурсан уран зураг гэж бахаддаг. Үүнтэй адил таны үр хүүхэд, ач зээ нар хөгжмийн бүтээлийг тань бахархан ярих нь дамжиггүй. Энэ нь таны бас нэг том мөрөөдөл биз?

-Тэгэлгүй яадаг юм. Яг тэгнэ. Хурай, хурай. Миний хийж байгаа зам бол гэгээн зам. Энэ бол гэгээрлийн зам. Би үзэгчдэд хайр бүх л зүйлийг өгье гэж боддог. Тэрнийхээ дагуу л би өнөөдөр хийж хөдөлмөрлөж амьдарч, алхаж яваа. Тиймээс миний үр хүүхэд, тэдний минь үр хүүхдэд үлдэх ганцхан өв бол миний оюун бодлоос ургаж гарсан төдөн мянган нот.

-Гэргий тань урлагийн хүн байдаг нь таны амжилттай яваагийн бас нэг шалтгаан нь байх. Таны хань боловч нөгөө талаар найз тань юм шиг харагддаг?

-Ц.Сарнай бол гайхамшигтай ээж. Гайхамшигтай хань. Миний найз. Би азтай л байхгүй юу. Намайг аз түшиж байна шүү дээ. Би ингэж боддог юм. Миний эцэг дээдэс маань сайн юм хийсэн болоод өнөөдөр би өдий зэрэгтэй л явж байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд үзэгч, уншигчдыг тоглолтдоо уривал ямар вэ?

-“ON’n &OFF” продакшнтай хамтарч хийж байгаа энэ удаагийн тоглолтод маань Монголын сор болсон авьяастай залуучууд, өнөө цагийг байлдан дагуулж байгаа гайхамшигтай авьяастнуудтай нэгэн цул болоод үзэгчдийгээ хөтөлж “Хязгааргүйн цаана” хамт аялъя. Энэ өдрийг тэсэн ядан хүлээж байна. Миний хувьд бэлтгэл хангагдсан. Манай хөгжимчдийн хувьд ч бэлтгэл хангагдсан. Одоо тайз заслын ажил л үлдээд байгаа. Монголчууддаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Цог хийморьтой байж, нар шиг мандаарай. Монголчууд бид маш азтай хүмүүс. Өвгөдийнхөө сургаалийг бүгд дагаасай. Энэ гайхамшигтай орныг цэцэглүүлэн хөгжүүлэх ёстой. Тиймээс залуучууд өнөө цагт заавал юм хийж, мэргэшиж хамгийн гол нь боловсролтой байгаад нэгдэж чадаарай гэж хэлье.


Categories
мэдээ цаг-үе

СЭТГҮҮЛЧИД: Соёх уу, эс соёх уу?

НЭГ. СЭТГҮҮЛЧДИЙГ ХЭН ТӨЛӨӨЛӨХ ВЭ?

Манай Өдөр тутмын сонины холбоо саяхан нэг нэг форумдаваа. Ярьсан сэдэв нь нийгэмд тулгамдсан асуудлууд ба тулгамдсан асуудал гэж юу болох тухай.Тэнд оролцсон Баабар хэвлэл мэдээлэл соён гэгээрүүлэх үүрэг хүлээдэггүй тухай ярьсан нь сэтгүүлчдийн дунд маргаан дэгдээлээ. Зарим нь дэмжиж, нэг хэсэг нь эргэлзэж, түүнчлэн гомдох ч хүн гарсан болтой.

Олон түмэн ч энэ эргэлзээнд дуртайяа оролцож нийгэмд сэтгүүлчдийн хүчээр шударга ёс тогтдог учраас тэд соён гэгээрүүлэгч мөн гэж магтах, бас сая танай нэг соён гэгээрүүлэгч зурагтаар ярихдаа…, Хөөх, тэнд нэг согтуу соён гэгээрүүлэгч алхаж явна гэхчлэн даапаалах нь ч байна.

Мэргэжлээрээ бахархах нь хамгийн сайхан сэтгэгдлийн нэг юм. Гэхдээ энэ бахархал өөрийн хил хязгаараас давбал олон нийтийн инээдэм болохоос цаашгүй.Чухам энэ учир шалтгааны үүднээс манай сэтгүүл зүйн өнөөгийн байдлыг хамтдаа нэг халиагаад үзье, тэгэх үү? Эхлээд манай сэтгүүлчдийн байгууллагуудыг тоймлон харцгаая.

Өдөр тутмын сонины холбоо бол Монголын хэвлэл, мэдээллийн салбарын хамгийн чадварлаг, хариуцлагатай хэсгийг нэгтгэсэн байгууллага юм. Учир нь бичсэн юм болгоныхоо ард нэр усаа бичиж, хариуцлагын илдэн дор толгойгоо тавьдаг тийм сэтгүүлчид энд нэгддэг.Өдөр болгон 8-24 нүүр дүүргэж гаргана гэдэг ямархуу хөдөлмөр болохыг, бүх бичлэгийнхээ ард нэрээ, дор нь хаягаа тавиад хариуцлага хүлээнэ гэж ямархуу хариуцлага болохыг тэнд байж үзсэн хүн л хэлнэ. Энэ утгаараа Монголын өдөр тутмын сонины холбоо бол манай орны сэтгүүлчдийн хамгийн том мэргэжлийн байгууллага гэж болно.

Сэтгүүлчдийн өөр нэг хүчирхэг байгууллага байдаг нь Монголын шилдэг нийтлэлчдийн клуб буюу baabar.mn бөгөөд тэнд үзэл санаа, бичлэгийн сэдвээсээ үл хамааран хамгийн олон уншигчтай дөчөөд хүн нэгддэг. Зарим нь долоо хоног бүр нийтлэл бичиж байхад нөгөө зарим нь чамгүй хугацаагаар амсхийх жишээний. Тэнд Б.Ганчимэг, Л.Мөнхбаясгалан гээд алдартай эмэгтэйчүүдээс эхлээд дефакто Жаргалсайхан, нийтлэлч Баатархуяг, сошл од Гаамп, Артгаа, Анхаа ороод шазруун бичдэг Таяр Баяр, шинжлэх ухаан тайлбарлах хообийтой Томъёо бодъё, олон улсын яггүй тоймч, судлаач Д.Баярхүү…цаашлаад хотын дарга байсан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгч байгаа Х.Баттулга, сайд явсан Х.Тэмүүжин хүртэл энд данстай. Хааяа клубийн зарчмаар уулзалдаж, зангиагүй уулзалт сэлт зохиохоос бус нэгдсэн удирдлагаар хангаж, нэг нь өөрийнхөө үгэнд оруулаад аваад явна гэсэн номгүй. Санаа бодол тус тусдаа. Тийм учраас хэн нэгэн түүнийг төлөөлдөггүй, төлөөлөгч нь болж хуралд очдоггүй байх жишээний. Гэхдээ Монголын нийгэмд хамгийн нөлөө бүхий сэтгүүлчдийн байгууллага гэвэл яах аргагүй Монголын шилдэг нийтлэлчдийн клуб мөн.

Монголын сэтгүүлчдийн хамгийн нөлөө бүхий хоёр байгууллага бол дээрх хоёр.

Бас сэтгүүлчдийн нэгдсэн холбоо байна. Энд хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бараг бүхий л байгууллага, сонин хэвлэл, сайтуудын төлөөлөгч нар оролцон хуралдаж удирдлагаа томилдог. Хэвлэл, мэдээллийн янз бүрийн байгууллагуудын холбоо маягтай. Вэб сайтууд болон ахмад сэтгүүлчид илүү нөлөөтэй гэж ажиглагчид хэлдэг. Түүнчлэн энэ байгууллагыг манай бүх сэтгүүлчийг төлөөлөх газар гэж дотоод гадаадгүй үздэг учраас түүний удирдлага нь улс төрийн нам бүлэглэлүүдийн анхаарлын төвд байдаг. Монголын сонгогчид ч гэсэн тэр байгууллагын дарга хэний талд байна Монголын сэтгүүлчид тэр талд байгаа гэж үздэг учраас улс төрчдийн зөв юм. Өмнө нь Ардчиллын талын хүн байсан, одоо МАН- руу шилжсэн. Айсуй 2020 онд сонгуульд ялсан намын, магадгүй МАХН-ынхүн энэ ажлыг авах биз ээ. Муухай гэж байгаа юм биш, бодит байдал нь л энэ.

Харин Өдөр тутмын сонины холбоо, Монголын шилдэг нийтлэлчдийн клуб хоёрыг аль нэг нам, эвсэл нөлөөндөө болон ивээлдээ авах ямарррр ч боломжгүй. Жишээлэхэд, МАН-ын нөмөрт орохыг Өдрийн сонин тэвчих үү, АН-ын талд гарахыг Үнэн сонин хүлцэх үү? Шилдэг нийтлэлчдийн клуб эгнээгээрээ төмөр замын асуудал дээр санал нэгдэнэ гэж бодно уу? Хуульч Тэмүүжин, Ерөнхийлөгч Баттулга хоёр ойрын өдрүүдэд хөтлөлцөх үү гэх мэт. Сонин шүү, санал нэгдэх чадваргүй байдал нь үл худалдагдах шалтгаан болдог, прадокс.

Цаашдаа манайд, яг дуунд гардаг шиг Бүхий олон сэтгүүлчдийг нэгтгэсэн нэгэн газар байх боломжгүй юм. Ялангуяа манайх шиг хувь хүний амбиц нь тэнгэрт хадсан газарт, бүх сэтгүүлчийг удирдана гэвэл бүр ч явдалтай. Монголын бүх сэтгүүлчдийн дарга гэж нэг товарищ гарч ирээд л миний ч өмнөөс дэмждэг, чиний ч өмнөөс эсэргүүцдэг байх нь ардчилсан нийгэмд боломжгүй бөгөөд тэвчишгүй.

Иймээс Монголын сэтгүүлчдийн байгууллагуудын холбоо маягийн газар цаашдаа үүсэх байх. Түүнийг дээд удирдлага нь Сонины холбоо, Телевизүүдийн зөвлөл, сэтгүүлчдийн клуб гэх мэт сэтгүүлчдийн байгууллагын тэргүүлэгч нараас бүрдээд дундаасаа Ерөнхий зохицуулагчаа сонгодог болох болов уу. Тэр зохицуулагч нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын дундын сонирхол, нийтлэг асуудлыг зохион байгуулах координатор байна уу гэхээс өмнөөс нь улс төр хийдэг нөхөр байх нь зохисгүй.

ХОЁР. СЭТГҮҮЛЧДИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Манайд хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй газар. Бас ч дарамттай ч газар. Мэдээж, зодож дарамтлаад байхгүй ч эрх баригчид аргаа олно. 2000-аад онд МАХН үнэмлэхүй дангаараа эрх барьж байхад Өдрийн сонин-д бараг өнжөөд л нэг шалгалт ирдэгсэн. Татвар голдуу. Түрүүнд шалгаад явсан хүн дахиад л Дээрээс дахиад шалга гэсээн гээд л толгой сэгсрээд хүрээд ирнэ. Мэдээж эхлээд алдаа эндэл олоо л торгоод байсан, сүүлдээ сонины санхүү бараг л шижир болтлоо тунгаагдана биз дээ. Гэхдээ л, ямар нэгэн юм болохгүй бол болохгүй гээл, сүүлдээ бараг л хамтран бодож байж ямар нэг дутагдал олсон болоод салцгаадагсан. Нийгэм нь өөрөө нээлттэй болохоор туулаад л гарсан. Өнөөдөр энэ арга улам нарийсч л байна. Нийгэм нээлттэй хэвээрээ байх юм бол туулаад л гарна.

Хэвлэлийн эрх, эрх чөлөөг хамгаалах ажил дээр бол Монголын сэтгүүлчид, мэдээллийн бизнес эрхлэгчид гар нийлээд байгаа. Мэдээлэл нь бизнес учраас л гар нийлээд байгаа юм. Энэ хүрээнд, сэтгүүлчийн хувь хүний эрх ашиг ч хамгаалагдаж байгаа. Гэхдээ редакцийн даалгавраар мэдээлэл олох, түүнийгээ түгээх хүрээнд.

Цаашдаа сэтгүүлчийг хүнийх нь хувьд хамгаалах тогтоц шинээр бий болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл сэтгүүлч ажил олгогч хоёрын хооронд гарсан зөрчил, түүнээс үүдсэн маргааныгшийдэх чиглэлээр. Өнөөдөр манайд байгаа ямар ч сэтгүүлчдийн байгууллага өөрийн гишүүний өмнөөс ажил олгогчтой нь заргалдах боломжгүй байгаа. Учир нь ерөнхийдөө сэтгүүлчдийн байгууллага нь сэтгүүлчдэд ажил олгогчдын байгууллага маягтай оршин тогтнож байгаа учраас тэр юм.

Манай сэтгүүлчид Эмч нарын цалинг нэм, Багш нарын ажил хаялтыг дэмжиж байна хэмээн бичиж, тэмцэж, нийтийн сайн сайханд үйлчилж чадаж байгаа боловч бидний цалинг нэм хэмээн жагсаж, ажил хаях боломжгүй яваа. Муухай байна гэж зүхэх ч юм биш, жам ёсны хөгжлийн маань нэг шат ийм л байна. Энэ шатыг хамтаараа бүтээж босгосон хэрэг, шинэ шатанд хамтдаа л орж таарна.

ГУРАВ. СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ-СЭТГҮҮЛЧ”-ИЙН ЭРИН

Өнгөрсөн нийгмийн итгэл үнэмшил, шинэ үеийн оюун санаанд удамших нь үнэхээр судлууштай үзэгдэл юм. Эрх чөлөөт нийгэмд төрсөн, үгүйдээл бойжсон залуусын социалист маягийн ертөнцийг үзэх үзлийг энд хэлж байна.

Монголчууд хотшин иргэнших, анхны тогтмол хэвлэл, анхны сэтгүүлч сурвалжлагчтай болох үед социалист дэглэмд таарчээ. Анхны социализм байгуулагч хотын иргэн, анхны марксист сэтгүүлч тэгж төрсөн түүхтэй. Гэтэл социализмаа хаяад жил өнгөрсөн байтал мөнөөх марксист сэтгүүлчийн ижилхэн копи-нууд шинээр төрсөөр байх юм. Коммунист ертөнцөд төрсөн маниасаа ч илүү улаантнууд.

Социалист дэглэмийн сэтгүүлчид, бүх уран бүтээлчид тэр тогтоцоо магтах үүрэгтэй байсан. Зохиолчдыг сэтгэл мэдрэлийн инженерүүд хэмээн өхөөрдөөд нийгмийн сэтгэл зүйн инженерчлэлийн туршилтынхаа гол багажийг болгож байлаа. Багаж болох хүсэлгүйг нь Чойном шиг шоронд хийчихнэ.

Сэтгүүлчдийг намын байгууллагын дайчин туслагч, нийгмийг марксизмаар соён гэгээрүүлэгчид гэж хөөргөнө, бас айлгана. Түүнээс өөр бодолтой байх, түүнээс өөр юм бичих хориотой.

Тэгээд намын үзэл суртлыг сайн сурталчлахын хэрээр, соён гэгээрүүлэх үүргээ сайн биелүүлэв хэмээн магтдаг байсан хэрэг. Намын бодлогоор массыг соёх үүргээ дагаад хөөрхөн эрх өгнө. Тусгай хамгаалалттайгаас бусад бүх объектод саадгүй нэвтрэх үнэмлэхтэй. Одоо тийм үнэмлэх гаргаад ирвэл захын ТҮЦ-ний худалдагч буцаагаад нүүр лүү шиднэ биз дээ.

Сонинд нам засгийн бодлогын дагуу олон түмнийг соёсон зүйлийн мөрөөр, ялангуяа шүүмжлэгдсэн газрууд дутагдлаа засаад сарын дотор хариу ирүүлдэг номтой. Гэхдээ чамайг номын дагуу соён гэгээрүүлж байгаа эсэхийг олон давхар хянаж, өчүүхэн л алдаа гаргавал дахин хүмүүжүүлэхээр доош нь шиднэ. Доошоо нэг л шидэгдвэл эргэж өгсөх бараг боломжгүй. Айдас дүүрэн соён гэгээрүүлэгч.

Тухайн, соён гэгээрүүлэгч-ийн бичсэн соён гэгээрүүлэх өгүүллийн эх дээр арваад хүн гарын үсэг зурах зай байдаг. Чиний албаны даргаас эхлээд утга зохиолын болон хариуцлагатай болон утга зохиолын нарийн бичгийн дарга, дугаар хариуцсан жижүүр, коллегийн гишүүд хянан уншиж, тухайн дэглэмийн бодлогоос гажсан зүйл байх эсэхийг нягтална. Хамгийн сүүлд хуудас бүр дээр Хэвлэл хянах газрын төлөөлөгч улаан тамгаа дарж БНМАУ-д социализм байгуулахад садаа болох зүйл алга болохыг гэрчилнэ. Унавал хамтдаа унах учраас тэд чоно шиг шиншлэн уншина. Үнэхээр ч тээр жил, одоо энэ гавъяат сэтгүүлч Г.Жамьян гуай Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан хэргээр шийтгэгдэж хүнд хөдөлмөр хийхээр цөлөгдөв дөө. Түүнийг дагаад мөнөөх гарын үсэг зурдаг хүмүүс хамтдаа нурж, хэвлэл хянах газрын төлөөлөгч асан шог зохиолч Ж.Барамсай хүртэл шийтгэгдсэн байдаг.

Нэг үгэндээ соён гэгээрүүлэх үүргээ муу биелүүлсэн, муу биелүүлж байхад нь анзаарч зогсоогоогүй гэж шийтгэгдсэн хэрэг. Ингээд бодохоор соён гэгээрүүлэгч-сэтгүүлч байх нь тийм ч гоё юм биш дэг шүү?

Дурсан хуучлахад, би 23 настай жаахан залуу МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Засгийн газрын төв хэвлэл Үнэн сонины ажилтан болж байлаа. Миний сайных гэхээсээ илүү, тэр үед Л.Түдэв гуай сонины эрхлэгч болоод С.Цацралт, С.Батмөнх, С.Цогтбаяр, Д.Цэрэнжав гээд баахан нам бус залуус цуглуулсны нэгэнд багтах аз тохиосон хэрэг. Надад Сурвалжлагч таны…нийтлэлд шүүмжлэгдсэн…тийм тийм дутагдлыг ингэж заслаа. Цаашид ийм дутагдал гаргахгүйн төлөө социалист уралдаанаар жигүүрлэн ажиллахаа амлаж байна гэх маягийн хариу зөндөө ирж байсны заримыг дурсгал болгон хадгалсан нь ч бий.

Өнөөдөр хэн нэгнийг шүүмжилчихээд, миний соён гэгээрүүлэх нийтлэлийн мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ гээд очвол галзуу согтуугаараа дуудуулаад зогсвол их юм.

Тэр үеийн намын үзэл суртлын зэвсэг болсон соён гэгээрүүлэгч-сэтгүүлчгэдэг бол аймаар нөлөөтэй, аймаар хүндтэй мээст байсан уу гэвэл, тийм. Магадгүй зарим нь хэрэг явдалд үнэмшээд, үнэхээрийн ч соён гэгээрүүлээд ч байгаа юм шиг санагддаг байсан байх

Гэхдээ л би тэр цагийг эргэн мөрөөддөггүй, хүсэмжлэн хүлээдэггүй. Би ардчиллыг халуунаар хүлээн авч, үр шимийг нь хүртсэнээ заяа тавилан гэж хардаг. Нам засгийн соён гэгээрүүлэгч байснаас өөрийнхөө өмнөөс хуцдаг жирийн нохой байх нь диваажингийн жаргал гэдгийг мэднэ.Ардчилсан ертөнцөд сэтгүүлчдийг соён гэгээрүүлэгч Сократ гуай гэхийн оронд шударга ёсны хоточ нохой гэдэг ч юм билээ.

Нэг ийм, Зөвлөлтийн онигоо байдаг юм. Зөвлөлт-Америкийн хил дээр хоёр нохой зөрдөг юм. Тэр үеийн номлол ёсоор капитализмд үгүйрэл хоосрол нүүрлэж, социализм цатгалдаж байх тул америк нохой жигтэйхэн гуринхалсан царайтай, харин зөвлөлт нохой нэлээн зоолсон байдалтай аж.

Америк нохой:

-Би танай руу очиж хэлсэн болгоныг хуцаж өгөөд жаахан тэвээрэх санаатай явж байна

Зөвлөлт нохой:

-Би ч яах вэ, дураараа л жаал хуцах гэснээс өөр юмгүй гээд дэгдэн одов гэж.

Монголын сэтгүүл зүй тэжээгчгүй болсон нь, тэжээгчийнхээ өмнөөс соён гэгээрүүлэх үүрэггүй болсон нь юутай завшаан, юутай баяр. Хүн бол нохой биш учраас хүссэнээрээ идэж жаргадаггүй, хүссэнээрээ явж жаргадаг амьтан.

ДӨРӨВ. СОЁХ УУ, ЭС СОЁХ УУ!?

Ингэхэд, сэтгүүлчид ямар үүрэгтэй вэ, нийгмийн өмнө хүлээсэн тусгай үүрэгтэй юм бол түүнийгээ хэрэгжүүлэхэд хэрэгтэй ямар эрх дархаар хангагддаг вэ? Жишээлэхэд, цагдаа нар хууль сахиулах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд хүч хэрэглэх, зэвсэг ашиглах хүртэл эрхтэй. Тэгвэл соён гэгээрүүлэгч үүргээ хэрэгжүүлэхийн тулд бичсэнийг нь ойлгоогүй уншигчийн толгой руу тоншоод авбал хэрэгт орох уу?

Үнэхээр л бид соён гэгээрүүлэх үүрэг хүлээдэг бол соён гэгээрч өгөхгүй байгаа этгүүдэд ямар арга хэмжээ авах вэ, соён гэгээрнэ гэдэг нь сэтгүүлчдийн үгэнд орохын нэр мөн үү? Үнэхээр л бид соён гэгээрүүлэгч юм бол манай Сиддхарта Гаутама, Аристотель, Цицерон бид хэд бодохдоо… гэж ярих зандаанд байна гэсэн үг үү? гэх мэтийн олон асуулт урган гарч байна.

Манай армийн нэлээн хэсэг нь бичих, туурвих ажилд авьяастай, түүндээ сэтгэл зүрхээ өгсөн учраас сэтгүүлч болсон нь лавтай. За бас нөгөө зарим нь хэн нэг сэтгүүлч зурагтаар, сониноор Ингэж амьдарсаар байх уу, Ямар нийгэмд амьдраад байна аа гэхчлэнгээр баруун солгойгүй шүүмжилж, загнаад байгаа нь таалагдаж, энэ яваа насаа хүн амьтан загнасан шигээ өнгөрөөх нь гоё санагдсан ч байх.

Нөгөө заримд нь өнгөрсөн үеийн үзэл суртлын зэвсэг явсан соён гэгээрүүлэгч-сэтгүүлч-дийн үеийн дурсамж-цуурай таалагдаад олон амьтанд Манай энэ ч соён гэгээрүүлэгч мөн шүү гэж хэлүүлбэл аятайхан юм шиг байсан ч байх.

Ямар нь ч байсан бид эхлээд нэг дүрмийг хүлээж авах учиртай. Өнөөгийн ертөнцөд мэдээлэл бол бизнес. Хэрвээ хэвлэл мэдээлэл нь бизнес биш байсан бол бичих мэдээлэх ажлыг санхүүжүүлэгч олдохгүй байсан. Санхүүжүүлэгч олдохгүй бол сэтгүүлчид их л сайндаа сүрхий твиттерч төдий л байх байсан байх.

Логик их энгийн. Хэнд илүү мэдээлэл байна, тэр илүү хүчтэй. Ерээд оны бестселлер болсон Элвин Тоффлерийн Эрх мэдлийн шилжилт бүтээлийн гол санаа нь орчин үеийн супер хүч болох Мөнгө, Зэвсэг, Мэдээлэл гурвын харилцан шүтэлцээ. Тэнд өгүүлснээр мөнгө нь мэдээлэл, мэдээлэл нь зэвсэг, зэвсэг нь мөнгө гэхчлэн хооронд хөрвөж байгаа тухай өгүүлдэг. Энэ утгаараа хэвлэл мэдээлэлийн бизнес бол ихээхэн мөнгө, бас томоохон зэвсэг ч юм.

Энгүүнээр бол, хэнд илүү мэдээлэл түгээж байна, тэрэнд илүү боломж олдоно. Сайн мэдээлэл түгээдэг хэвлэл, мэдээлэлд хүмүүс илүү итгэх учраас тэр сувгийг үзэж, тэр сонинг захиална. Олон хүн үздэг суваг, уншдаг сонинд бизнес арилжааны салбарынхан илүү их сурталчилгаа өгнө. Хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүгийн эх үүсвэр ердөө л энэ. Зарим хүн Паах, тэр сонин төлбөртэй юм гаргаж байна…энэ бол чөлөөт хэвлэл биш гэж ирээд л зүхэх юм. Үнэндээ бол төлбөртэй материал, зар сурталчилгаагаар санхүүжихгүй байгаа бол харин ч хаанахын, хэний мөнгөөр юуг сурталчлаад байгаа тухай асуудал үүснэ.

Бизнес эрхлэгчдийн сонирхлыг татахын тулд ямар ч хэвлэл, мэдээлэл олон түмэнд нэр хүндтэй байх хэрэгтэй. Олон түмэнд нэр хүндтэй байхын тулд тэдний итгэлийг олох шаардлагатай. Итгэл олохын тулд үнэн мэдээлэл түгээдэг, хэлсэн болгоныхоо төлөө хариуцлага хүлээх чадамжтай байхаас өөр замгүй.

Жишээлэхэд, та барилга барьдаг бол Зуслангийн байшин хурдан хугацаанд шударга сайнаар барьж өгнө гэсэн сурталчилгаагаа үнэн худал нь мэдэгдэхгүй юм гаргадаг наргианы хэвлэлд өгвөл уншигчид таны зарыг үнэн худал нь мэдэгдэхгүй үг л гэж харна.

Харин, жишээлэхэд Өдрийн сонин зэрэг хариуцлагатай хэвлэлд гаргавал хүмүүс илүү ажил хэрэгч хүлээн авна. Мэдээж хариуцлагатай хэвлэл нь таны сурталчилгааг харьцангуй үнэтэй нийтэлж таарна. Ийм үнэ цэнэтэй байхын тулд маш их цаг хугацаа хичээл зүтгэл зарсан учраас аргагүй юм.

Хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчид зах зээл дээр үйлчлүүлэгчдийнхээ итгэл үнэмшил гэдэг зүйлийг булаалдан өрсөлддөг. Энэ өрсөлдөөн нь эцсийн дүндээ хэн нь бодитой мэдээлэх вэ, хэн нь ноён нуруутай байх вэ гэдэг уралдаан болдог. Уралдааны дүнд үзэгч, уншигчид хожиж үнэн бодит мэдээлэлтэй болдог.

Энэхүү бодит бөгөөд шуурхай мэдээлэл түгээх процесс нь а.Хууль тогтоох (УИХ), б.Гүйцэтгэх (Засгийн газар), в.Шүүх (шүүх тогтоц) хэмээн гурван засаглал дээр нэмэгдэн дөрөв дэх үл үзэгдэх засаглал болдог. Яаж гэхээр дээрх гурван засаглалын үйл хөдлөл бүрийг сурвалжилж, нуусан хаасан бүхнийг нь шиншлэн олоод мэдээлж байдаг. Ийм шиншлээчээс зайлах газаргүй болсон дээрх гурван засаглал зөв шударга байхаас өөр гарцгүй болдог аж. Воо…т, магадгүй энэ бол соён гэгээрүүлэх үйлс бол мөн. Бас Адам Смитийн хэлсэн үл үзэгдэгч гар ч мөн. (Адам Смит гэснээс түүний бүтээсэн Үндэсний баялаг зохиол анх удаа бүрэн эхээрээ, монгол хэлээр гарах гэж байгаа шүү. НЭПКО-гоос)

Хэнээс ч илүү гарахгүй эрх мэдлийн хүрээнд, мэдээллийн бизнесээр мөнгө олж, амьдралаа залгуулах явцад маань үнэний засаглал тогтож байдаг гээд бодохлоор бас ч бахархахгүй байхын аргагүй.

NB: Хүн төрөлхтөн амьд соён гэгээрүүлэгч нэгийг ч хараагүй өдий хүрчээ. Бүх соён гэгээрүүлэгч нас барсан байдаг. Зөвхөн үхсэн хүнд олддог алдрыг амьддаа хөөцөлдөх хэрэг байна уу, үгүй юү? Яаж ч бодсон амьдрал сайхан шүү дээ, андууд аа.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д СЭТГҮҮЛЧИД: Соёх уу, эс соёх уу? хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж” шагналын шилдэгт шалгарлаа хэмээн өгүүлсэн байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “СЭТГҮҮЛЧИД: Соёх уу, эс соёх уу?” хэмээх нийтлэлийг хүлээн авч уншаарай.

“Улс төр” нүүрт Боловсрол соёл,
шинжлэх ухаан, спортын
сайд асан Ж.Батсуурь: Боловсролын салбар мөнгө олдог
хэдэн олигархиудын гарт орчихсон хэмээн ярьжээ.

Монгол Улсын дөрөв дэх
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Өдрийн сонин” миний
1989 онд бичсэн тэмдэглэлийг
хэвлэх онцгой эрхийг авсан хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.

“Түмэн шувуут”-ыг зорих
түмний хөл татрахгүй хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

Хөгжмийн зохиолч,
продюсер Б.Ангирмаагийн
“Сэтгэл догдлуулсан
орой” тоглолт энэ сарын
28, 29-нд “Corporate Concert
Hall”-д 19 цагаас
болно. Тэрбээр манай сонинд Б.Ангирмаа: Би нандин байх дуртай хэмээн “Уран бүтээлч” нүүрт ярьсан байна.

“Боловсрол” нүүрт Хөдөлмөрийн Гавьяаны
Улаан Тугийн Одонт
Нийслэлийн ерөнхий
боловсролын Нэгдүгээр
сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ: Боловсролын хөгжлийн шинэ
гарцыг хэрэгжүүлнэ

П.Орхоноос допинг илэрсэнтэй
холбогдуулан Азийн
олимпийн зөвлөлөөс ирүүлсэн
мэдэгдлийг дэлгэж байна хэмээснийг” Дуулианы эргэн тойронд” нүүрээс хүлээн авч уншаарай.

Пхеньяны хамтарсан
мэдэгдлийг үзэглэв хэмээн “Дэлхий мэдээ” нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ