Categories
мэдээ спорт

​“Баку-2018” жүдо бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

“Баку-2018” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 14:00-д эхлэх гэж байна. Тус тэмцээний сугалааны үйл ажиллагаа болон техникийн зөвлөгөөн Баку хотын “Кавказ” зочид буудалд болж, 125 орны 758 жүдоч сугалаанд нэрээ өгчээ.

Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23 дахь дэлхийн аваргад 460 эрэгтэй, 298 эмэгтэй жүдоч оролцохоо албан ёсоор мэдэгдээд байгаа. Үүнээс эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон буюу 82 бөх хүч үзэх бол эмэгтэй 57 кг-ын жинд 52 бөх сугалаанд нэрээ өгчээ. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эрэгтэй 60, эмэгтэй 48 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Монгол Улсын гавьяат тамирчин ДАШТ-ий алт мөнгөн медальт ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны тамирчин Мөнхбатын Уранцэцэг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Баяраагийн Амартүвшин нар өнөөдөр зодоглоно.

Насанд хүрэгчдийн анхны ДАШТ-дээ оролцох Б.Амартүвшин сугалаагаар D хэсэгт хуваарилагдаад эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт эзэн орны бөх ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Орхан Сафаровтой барилдахаар боллоо. Сафаров өнгөрсөн оны дэлхийн аваргаас хойш 66 кг-ын жинд зодоглож Обервартын Европын нээлттэй тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар дэлхийн аваргад зодоглох бол манай залуучуудын дэлхийн хошой хүрэл медальт Б.Амартүвшин Тайваний олон улсын тэмцээн Хааг, Анатальягийн Гран При тэмцээнүүдээс хүрэл медаль хүртээд байгаа. Тэд албан ёсны тэмцээн дээр учраа таарч барилдаагүй ч Улаанбаатар болон олон улсын хамтарсан бэлтгэл дээр удаа дараа гар зөрүүлж байжээ.

Мөн энэ өдөр М.Уранцэцэг гавьяат уламжлал ёсоор жингээ тэргүүлэн А хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд Шинэ Зеланд, Узбекистаны бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Гуравдугаар тойрогтоо залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Кубын Мелисса Хуртадо Муноз, АНУ-ын Кэйтлин Жеррелл нарын ялсантай шилдэг наймд үлдэхийн төлөө хүч үзнэ. Түүний хэсгийн доод талд Унгарын Эва Серновицки ОХУ-ын Сабина Жилиазоватай, Бельгийн Анне-Софи Жура Румыний Моника Унгурауни, Португалийн Катрина Коста нарын нэр байна. Тэдний ялсантай М.Уранцэцэг хэсгээ тэргүүлхийн төлөө өрсөлдөх таамаг байна. Харин олимп, дэлхийн хүрэлтэй Г.Отгонцэцэг /Казахстан/ Бразилийн Габриэла Чибанатай эхний барилдаанаа хийх бөгөөд шилдэг наймд шалгарвал Украины залуу од Дария Билодедтэй хүч үзэх магадлалтай. Энэ онд ялагдал амсаагүй яваа Украин бүсгүй эхний тойрогтоо гоц мөргөсөн ч хоёрдугаар тойрогт Косовогийн Дистриа Красничитэй оноолт таараад байна. Косово бүсгүй хэдийгээр 52 кг-ын жингийн дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж байгаач ДАШТ-д 48 кг-д оролцохоор болжээ. Мөн энэ жингийн сонирхолтой барилдаануудын нэг ОХУ-ын Ирина Дольгова болон олимп, дэлхийн аварга Аргентиний Паула Парето нарын хооронд болох нь гарцаагүй боллоо. Тэд С хэсэгт хуваарилагдсан бөгөөд хоёрдугаар тойргоос нэг нь өрсөлдөөнийг орхино.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шатрын олимпиадад Монголыг төлөөлж оролцох зургаан тамирчин

Дэлхийн 43 дугаар шатрын олимпиад Гүрж улсын Батуми хотод есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 06-ны өдрүүдэд болно.

Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг танилцуулья.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Намхайн Баттулга
Олон улсын мастер, Дэлхийн Шатрын Холбооны чансаа 2424,
Дэлхийн олимпиадад 5 дахь удаагаа оролцож байгаа.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Уртнасангийн Насанжаргал
Дэлхийн Шатрын Холбооны мастер, Гадаад чансаа 2470,
Дэлхийн олимпиадад анх удаагаа оролцож байгаа.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Гомбосүрэнгийн Мөнхгал
Олон улсын мастер, Дэлхийн Шатрын Холбооны чансаа 2452,
Дэлхийн олимпиадад 4 дахь удаагаа оролцож байгаа.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Түвшинтөгсийн Батчимэг
Олон улсын мастер, эмэгтэй их мастер, Монгол Улсын Гавъяат тамирчин, Гадаад чансаа 2367,
Монгол улсын 2011, 2016 оны аварга шатарчин
Дэлхийн олимпиадад 5 дахь удаагаа оролцож байгаа.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Дуламсүрэнгийн Янжиндулам
Олон улсын мастер, Дэлхийн Шатрын Холбооны чансаа 2153,
Монгол улсын 2006, 2008, 2012 оны аварга шатарчин.
Дэлхийн олимпиадад 5 дахь удаагаа оролцож байгаа.

Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчид

Төрмөнхийн Мөнхзул
ДШХ-ны эмэгтэй мастер, Дэлхийн Шатрын Холбооны чансаа 2136,
Дэлхийн олимпиадад анх удаагаа оролцож байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ажлын байрны нэгдсэн өдөрлөг үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн зорилт 27 арга хэмжээ бүхий “Нэг өрх Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны 244369 өрхийг хамруулсан хөдөлмөр эрхлэлтийн байдлыг тодорхойлох судалгааг явуулсан. Судалгааны дүнд үндэслэн өрх бүрт хандсан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, дэмжих арга хэмжээг үзүүлж байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг цэгээс үзүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулж, 20 гаруй томоохон ААН, байгууллагатай хамтран ажилласаар байна.

Өчигдрийн байдлаар тус төвд ирсэн ажлын байрны захиалга 8622 хүрээд байна. Мөн 4860 иргэнийг төвөөр дамжуулан ажилд зуучилсан. Түүнчлэн 3294 иргэнд ажил мэргэжлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээд байна” хэмээн онцлов.

Тус өдөрлөгт нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Цагийн ажлын бирж, ажил олгогч 70 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 4000 гаруй ажлын байрны захиалга, Мэргэжлийн сургалтын 34 байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод, Гарааны бизнес эрхлэгч, хувийн хөдөлмөрийн биржүүд оролцож байна.

Өнөөдөр “Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг”-ийн үеэр,

Мэргэжлийн болон давтан сургалтад хамрагдсан иргэдийн дунд оёдол, үсчин, нүүр будалт, хумс засал гэсэн 4 мэргэжлээр ур чадварын уралдаан зохион байгуулна
Хүний нөөцийн мэргэшсэн ажилтан, сэтгэл зүйч, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөхүүд ажил хайгч иргэдэд зөвлөгөө өгөх
Ажил олгогч 60 аж ахуйн нэгж байгууллага болон 15 хувийн хөдөлмөрийн биржүүд 4000 гаруй нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ
Гарааны бизнес эрхлэгчид үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, таниулах
Мэргэжлийн сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах
Хөдөлмөрийн хувийн биржүүд үйл ажиллагаагаа сурталчлах, таниулах, иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх

Политехник коллеж болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих Смарт картын бүртгэл, олголт хийгдэнэ.

Categories
мэдээ нийгэм

Автомашин юунаас болж шатсаныг шалгаж байна

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд энэ сарын 17-ны өдөр “Приус 30” маркийн автомашин шатсан хэрэг гарсан.

Орон сууцны гадна байрлуулсан тоёото приус 30 маркийн автомашины зай дэлбэрсэн бололтой хойд тал нь тэр чигтээ шатсан бөгөөд гал нь хажуу тийшээ шилжиж, бас нэгэн машиныг шатаасан байсан аж.

“Машин шатаж байна” гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах ангийнхан яаралтай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраажээ. Уг машин юунаас болж шатсан талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа хэдий ч шатсан машины жолооч “Хэн нэгний санаатай үйлдэл байж магадгүй. Түүнээс машины зай дэлбэрээгүй байх. Худалдаж аваад сар ч болоогүй шинэ машин дэлбэрнэ гэж байхгүй. Өөрийнхөө нэр дээр ч шилжүүлж амжаагүй байхад шатчихлаа.

Машины хойд талын хоёр дугуйнаас бөөрөнхийлөөд шатааж байсан цамц мөн машины хажууханд нь тарваганы мах хүртэл олдсон. Бүгдийг нь шинжлүүлэхээр өгсөн. Гэтэл гадуур худлаа цуурхал мэдээлэл тарсанд харамсаж байна” хэмээн ярьжээ.

Цагдаагийн газраас уг машин шатсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь НЭМГ-ын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог юм.

Мөн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын чадамжийг сайжруулж, дэмжих ажлын хүрээнд шилдэг илтгэл болон ханын илтгэлийг шалгарууллаа.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ:

Нэгдүгээр байр: Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ё.Бумдарь “M2BPGi өвөрмөц уургийг цусны ийлдсэнд тодорхойлсон судалгаа”

Хоёрдугаар байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Бодлого төлөвлөлт хариуцсан дарга Д.Наранцацралт “Кесар мэс заслын дараах үхжлийн шалтгаан ба антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үр дүн”

Гуравдугаар байр: Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн их эмч Г.Аюуш “Хүрээ амаржих газарт хийгдсэн сурфактант эмчилгээний үр дүнг тооцсон нь”

Шүүгчдийн нэрэмжит шагнал: Баянгол дүүргийн “Учрахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Долгорсүрэн “Билискейн аппликкейшн ашиглаж нярайн шарлалтыг хэмжсэн дүн”

ХАНЫН ИЛТГЭЛ:

Нэгдүгээр байр: Нийслэлийн түргэн тусламжийн төв – Л.Тамир “НТТТ-ийн Баянзүрх дүүргийн хүүхдийн дуудлагын хуудсанд хийсэн тархалт, давтамж, эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”

Хоёрдугаар байр: Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Баянзүрх эмнэлгийн 2014, 2015, 2016 оны хоног болоогүй нас барсан тохиолдолд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлсэн байдлын судалгаа”

Дашрамд дурдахад, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод “Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнг практикт өргөнөөр нэвтрүүлэх” гэж тусгасан байдаг. Энэхүү дагуу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн бодлого, түүний төлөвлөлт хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжөөр хангах зорилгоор эрдэм шинжилгээ болон судалгааны ажлыг дэмжин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж” шагналын шилдэгт шалгарлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагналын шилдгүүдэд шагнал гардуулах 10 дахь удаагийн ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Энэ удаагийн арга хэмжээнд уламжлал ёсоор Монголын үе үеийн Төрийн тэргүүн нар хүрэлцэн ирснээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын нэрт зүтгэлтнүүд хуран чуулсан юм.

Ёслолын арга хэмжээний нээлтийн үгийг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди хэллээ. Тэрбээр “Миний дотно нөхөр Ц.Балдорж цагаасаа урьд биднээсээ салан одсон ч үйл хэрэг нь мөнхрөн үргэлжлэх тавилантай, амьдрал нь богино ч алдар гавьяа, үйлс бүтээл нь уртаас урт цаг хугацааг дамнан үргэлжлэх заяатай байсны гэрч нь та бид билээ. Сэтгүүлчдийн ёс төртэй, ёс суртахуунлаг үйлд бялдууч орогнох орон зай байх ёсгүй гэж Ц.Балдорж үгээр хэлж, үйлдлээрээ хязгаарладаг байсан юм. Сэтгүүлчийн ган үзэг зөвхөн үнэний тухай бичиж, сэтгүүлч үнэний дуу хоолой болон дуугарч байвал уншигч, үзэгч, сонсогчид бидний хойноос эргэлзээ тээнэгэлзээгүйгээр явах болно гэдэгт тэрээр бат итгэлтэй байсан юм.

Хүн төрөлхтний түүхээс үзвэл сайн төрийн толгойд хууль, муу төрийн толгойд дарга даамлууд заларч ирсэн байна. Монгол төрийн толгойд хууль заларч, хаад харцаас ялгаагүй тав толгойтой бүхэн нэгэн адил байх зарчимыг Ц.Балдорж чанга баримтлахыг дэмжихийн зэрэгцээ хуулийн засаглал тогтоход сэтгүүлчдийн эх оронч үзэл, мэргэжлийн ёс зүйн үүрэг хууль сахиулагчдаас дутуугүй үйлчлэх ёстойг тэрээр гүн ухамсарласан байсан юм” хэмээн хэллээ.

Түүнчлэн тэрбээр “Бусдын захиалгаар буюу баримт нотолгоогүйгээр хүний нэр төрийг сэвтээх бусармаг үйлдэлд орооцолдох нь сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйд гал ус мэт харш. Хууль зөрчсөн болон ёс зүйн үүргээ умартсан хэн боловч түүний дотор сэтгүүлчид гэм хийсэн бол зэм хүртэх нь зүйн хэрэг. Сэтгүүлчид нийгмийн өмнө хүлээсэн давуу үүрэгтэй болохоос давуу эрхийг хэнд ч өгөөгүй. Өгөх ч учиргүй гэдгийг ямагт санаж ажиллах учиртай. Хууль зөрчигчид, хууль завхаруулагчидтай хийх амаргүй тэмцэлд дөрөв дэх засаглалын хүчирхэг дуу хоолой, дэмжлэг туслалцаа ус агаар мэт хэрэгтэй хэвээр байна” гэж онцоллоо.

Энэ жилийн Балдорж шагналын шилдэг аравт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга, Tv9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг, Үндэсний шуудан сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Энхмарт нар шалгарсан юм. Мөн 25-р суваг телевизийн Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр нарын “Нэг удаа үндэсний контент” цуврал нэвтрүүлэг шилдэгт багтлаа. Түүнчлэн Ийгл телевизийн сэтгүүлч С.Батзаяа, Зууны мэдээ сонины Б.Солонго, Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч З.Цэлмэг, Өдрийн сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар, Монцамэ агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг, Bloomberg телевизийн сэтгүүлч М.Хонгорзул нар шалгарч шагналаа гардан авлаа.Харин тусгай шагнал буюу Канадын ЭСЯ-ны нэрэмжит шагналтнаар чөлөөт сэтгүүлч Ж.Мандхай тодорсон юм.

“Балдорж” шагналын шилдэг дэд байрт МҮОНРТ-ийн Баримт нэвтрүүлгийн багийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нар шалгарч, “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжлагаараа “Өнөөдөр” сонины Ж.Сувдмаа, Т.Энхбат нар шилдэгийн шилдэг “Гран-При”-гийн эзэд боллоо.

Энэ дашрамд онцлоход манай сонины нийтлэлч Ж.Гангаа агсан 2011 онд “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ” нийтлэлээрээ шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч байсан билээ. 2015 онд манай сонины сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” нийтлэлүүдээрээ “Балдорж” шагналын шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарч байсан юм.

Шагнал гардуулах ёслолын дараа “Өдрийн сонин“-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Балдорж” шагналын шилдэг 10-т “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайралдах монголчуудын нэг өдөр” тэмдэглэлээрээ шалгарлаа. Өмнө нь гурван удаа айрагдаж, нэг удаа түрүүлсэн. Энэ жилийн хувьд дахин айрагдлаа. Сүүлийн жилүүдэд ийш тийш явж сурвалжлага хийж байсан бол энэ жил нэлээд суурин өнжлөө. Найман настай охин Замын-Үүдэд алга болсон хэргийг сурвалжлахаар явахдаа гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэнтэй хамт Монгол Улсын хамгийн том хилийн боомт дээр очиж нэг өдрийн сурвалжлага бэлтгэсэн. Монголын хилээр хууль бус эд бараа яаж гардаг, ордгийг энэ сурвалжлагаар харуулахыг зорьсон” хэмээн ярилаа.

Мөн Ийгл телевизийн сэтгүүлч С.Батзаяа “Нийтдээ 20 гаруй нийтлэл, гурван нэвтрүүлгийг тэмцээнд илгээсэн. Үүнээс “Өв соёлгүй Монгол” нэвтрүүлэг маань “Балдорж” шагналын шилдэг 10-т багтлаа. Түүхийн соёлын салбар орхигдсон байсан учраас энэ асуудлыг хөндөж нэвтрүүлэг хийсэн” хэмээн ярилаа.

Үндэсний шуудан сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Энхмарт “Өмнөх жилүүдэд эрэн сурвалжлах чиглэлийн цуврал нийтлэлүүд болон байгаль орчны нийтлэл ихэвчлэн бичдэг байсан. Энэ жил хөрөг ярилцлага, тойм, тэмдэглэлүүд илүүтэй бичлээ. Онцолж хэлэхэд “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” гэсэн япон залуугийн тухай бичсэн тэмдэглэл, дурсамж маань “Балдорж” шагналын шилдэг 10-т багтсан явдалд баяртай байна” гэв.

– Тусгай шагнал буюу Канадын ЭСЯ-ны нэрэмжит шагналтан Чөлөөт сэтгүүлч Ж.Мандахай
ШИЛ
ДЭГ 10
10. Bloomberg телевиз. Сэтгүүлч М.Хонгорзул
9. Монцамэ агентлаг. Cэтгүүлч Б.Алтанхуяг
8. Өдрийн сонин. Э.Хүрэлбаатар
7. Засгийн газрын мэдээ сонин. З.Цэлмэг
6. Зууны мэдээ сонин. Б.Солонго
5. Мongolian мedia corporation. С.Батзаяа
4. 25-р суваг телевиз. Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, Г.Мөнхбаяр. Нэг удаа үндэсний контент.
3. Үндэсний шуудан сонин. Б.Энхмарт.
2. Tv9 телевиз. Д.Ганзориг
1. Өнөөдөр сонин. Х.Уянга.
ДЭД БАЙР
МҮОНРТ. Баримт нэвтрүүлгийн баг. Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн.
ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
Өнөөдөр сонин. Ж.Сувдмаа, Т.Энхбат

Categories
мэдээ нийгэм

19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 344,510 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC+9.72%) болон “Хөх ган ХК (HGN+6.02%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол нэхмэл ХК (MNH-15.00%) болон “Хөвсгөл алтан дуулга ХК (ADU-14.63%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн 7,572 ширхэг хувьцаа 542 төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаас 103,280 төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр “TOP 20” индекс 19951.76 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,806,953,100 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төв банк долларын өсөлтөд нөлөөлсөн үү?

– ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХГҮЙ БОЛ АМ.ДОЛЛАРЫН ХАНШ СУЛРАХГҮЙ ГЭВ –

Экспортын өсөлт, хөрөнгө оруулалтын нааштай хандлага, уул уурхайн салбарын бүтээн байгуулалт нэмэгдэж, макро эдийн засгийн өнгө дажгүй байгаа ч ам.доллар арилжаалах ханш өчигдөр үдээс өмнө “найман шарга” дээр 2305 төгрөг хүрч өгслөө. Ингэж цойлсон нь өнгөрсөн зургаан сарын дунджаас хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сард ам.долларын дундаж ханш 2395.37 төгрөг, дөрөвдүгээр сард 2394.65 төгрөг, тавдугаар сард 2405.19 төгрөг, зургадугаар сард 2432.30, долдугаар сард 2462.83 төгрөг, наймдугаар сард 2464.12 төгрөгтэй тэнцэж байв. сарын өмнөхөн 2450 төгрөг байсан ногоон валютын ханш огцом чангарсан шалтгааныг бид хайсан юм. эхлээд холбогдох байгууллагын байр суурийг багцлан хүргэе.

Монголбанкны зүгээс гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрч, түрүү жилийнхээс гурав дахин өссөн гэх тайлбар хэлж буй. төв банк валютын нөөц хангалттай гэсэн хэрнээ бодлогын ямар ч арга хэрэглэхгүй, шуудхан хэлэхэд амиа бодсон хандлага гаргаж сууна гэж шүүмжлэх эдийн засагчид цөөнгүй таарлаа. төв банк “эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор импортын өсөлт, улирлын онцлог, аж ахуйн нэгжүүдийн гадаад төлбөрүүд нэмэгдсэн нь валютын гарах урсгалыг нэмэгдүүлж, улмаар төгрөгийн ханш сулрах чиглэлд нөлөөлсөн” гэсэн тайлбарыг өгч байна.

эдийн засагч Ж.дэлгэр-сайхан ам.долларын ханшийн өсөлтийг “эдийн засаг идэвхж-лээ даахгүй байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалт сүрхий нэмэгдээгүй хэр нь импорт огцом өслөө л дөө. Төлбөрийн тэнцлийн дарамт ажиглагдсан нь валютын нөөцөнд нөлөөлж байна. Манай улс гадаад худалдаан дээр өмнөхөө бодвол ашиг багатай болсон. найм, есдүгээр сард хичээлийн шинэ жил гээд долларын гарах урсгал ихэсдэг. Үүнээс гадна газар тариалан ургац хураалт ч том нөлөө үзүүлж байгаа. үүнтэй холбоотойгоор нефть шатахуун тоног төхөөрөмжийн худалдаа ихэссэн гэсэн шалтгаан бий” хэмээн тайлбарлалаа.

Төлбөрийн тэнцлийн статистик сөхье. Энэ оны эхний долоон сарын байдлаар төлбөрийн тэнцэл -198.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өмнөх оны мөн үеэс 4.1 дахин нэмэгдсэн байна. Импортын өсөлт экспортын өсөлтөөс хоёр дахин давсан, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 20 хувиар өссөн дүн гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалт ч өссөн зурагтай гарч. Гадаадын хөрөнгө оруулалт 49 хувиар өсч 1.1 тэрбум ам.долларт хүрсэн аж. Гэсэн хэдий ч нөгөө талд зээл, худалдааны зээлээр дамжин орж ирдэг валютын урсгал татарсан гэх тайлбар байна. Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд ам.доллар орж ирж байгаа ч зээлийн эргэн төлөлтөд багагүй хэмжээний валют гадагшилж байгаа гэх шалтгааныг зарим эдийн засагч хэллээ. Төлбөрийн тэнцлийн алдагдлын шалтгааныг төв банкны зүгээс “Энэ онд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 136.9 сая ам.долларын санхүүжилт орж ирсэн ч “Дим Сам”, “Чингис” бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг төлсөн, эдийн засаг эрчимжиж буйтай холбоотой үйлдвэрлэлд ашиглах импортын барааны эрэлт нэмэгдсэн, нүүрсний тээвэртэй холбоотойгоор ачаа тээврийн үйлчилгээний импорт өссөн зэрэг нь төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөлсөн” гэж тайлбарлав.

МОНГОЛБАНК: АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО

Төв банкнаас ам.долларын ханш тогтворжино гэх тайлбарыг өгч байна. Монгол банк “Цаашид ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж, олон улсын байгууллагууд болон донор орнуудаас санхүүжилт хүлээгдэж байгаа. Үүнээс гадна эдийн засаг сэргэх төлөв бий. Энэ мэтийг харгалзаж үзвэл валютын ханш тогтворжино” гэсэн байр суурь илэрхийллээ. Харин эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Ам.долларын ханш ойрын хугацаанд суларна гэсэн хүлээлт алга. Ирэх өдрүүдэд валютын ханшийг Монголбанкны шууд оролцоотойгоор шийдэхэд хэцүү. Засгийн газар, төв банкны хамтын оролцоо чухал. Төв банкны хуульд Монгол банк төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй гэсэн агуулга бүхий заалт байдаг. Үнэн хэрэгтээ Монголбанк валютын ханшийг дангаар барьж чадахгүй. Валютын нөөцийг хадгалдаг, удирддаг л институци шүү дээ. Гэхдээ мэдээж боломжийнхоо хэрээр оролцох ёстой. Өнөөдрийнх шиг эдийн засгийн идэвхжил өрнөсөн тохиолдолд дангаараа ханшид оролцож бол чадахгүй. Ам.долларын ханшийг суллах ганц л арга байна. Тэр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дотоодын компаниудыг гадаадаас санхүүжилт татахад дэмжлэх болох суурь нөхцөлүүдийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Ингэж байж ам.долларын ханш суларна” гэлээ.

Монголбанк өнгөрсөн наймдугаар сард төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад 180.3 сая ам.доллар нийлүүлсэн гэх мэдээллийг өгсөн. Үүнээс гадна гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж алт худалдан авалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа аж. Өнөө жилийн эхнээс наймдугаар сарын сүүл хүртэл аль худалдан авалтаа 12.2 тоннд хүргэжээ. Харин оны эцэс гэхэд 22 тонн алт худалдаж авна гэж тооцжээ.

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ТАТВАРААР ХАЗААРЛАЖ МАГАДГҮЙ НЬ

Ам.долларын ханш өссөнтэй зэрэгцэж шатахууны үнэ нэмэгдээд байна. Ногоон валютын ханшийн чангарал, шатахууны үнийн нэмэгдэл бол нэг зоосны хоёр тал гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Есдүгээр сар гарангуут А-92 шатахууны үнэ 30 орчим төгрөгөөр нэмэгдээд буй. Өнөөдрийн хувьд ОХУ шатахууны хилийн үнээ нэмчихээд байгаа. Тэгэхээр шатахууны үнэ дахин нэмэгдэнэ гэсэн үг. Салбарын сайдын хувьд шатахууны импортын татварыг эргэн харах шаардлага үүссэн гэснээс өөр үг одоогоор унагаагүй байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байгаа, цаашид ч өсөх учраас татварын зохицуулалт хийнэ гэсэн бүдэг бадаг байр суурь засаг зүгээс дуулдаж эхэллээ.

Эх сурвалж:

Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн статистикийн газар, Монголбанк

Ханш: 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар.

Инфляци, хүнсний барааны үнийн индекс, валютын нөөц: 2018 оны долдугаар сарын байдлаар.

А92, A95 шатахуун, дизель түлшний үнэ: 2018 оны есдүгээр сарын байдлаар.

Засгийн газрын гадаад өр, Монгол Улсын гадаад өр: 2018 оны зургадугаар сарын байдлаар.

МОНГОЛБАНК ВАЛЮТЫН ДУУДЛАГАХУДАЛДААНААС ТАТГАЛЗЖЭЭ

Ам.долларын ханшийн өсөлт, шатахууны үнийн нэмэгдлийн талаар албаны байр сууриудыг багцлаад тоймловол иймэрхүү дүр зураг бууж байна. Гэхдээ ам.долларын ханшийн өсөлтөд төв банк яаж нөлөөлсөн, ногоон валют хагас жилийн түүхэн рекордоо тогтоосон цаад шалтгаан, шатахууны үнийн нэмэгдэлд нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл юу вэ гэх мэт асуултад хариу өгсөн үнэлэлт дүгнэлт өнөөхөндөө хэвлэлээр цацагдаагүй байна. Бид эдгээр асуултад мөн хариу хайсан юм. Монголбанкны мэдээгээр энэ сарын 18-ны өдөр гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2503.78 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 67.9 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч төв банк нэг ч доллар зараагүй байна.

Энгийнээр гурван тэрбум ам.долларын валютын нөөцтэй төв банк төгрөгийн ханш долларын эсрэг суларсаар 2500-гаас давсныг гадаад шалтгаантай гэж тайлбарлаж суухын оронд энэ мэт зохицуулалтыг хийх учиртай. Ханшийн энэ өсөлтийг түр зуурын, улирлын шалтгаантай гэж Монголбанкны албаны хүмүүс тайлбарласныг дээр дурдсан. Энэ хариултаас “Улирлын шалтгаантай ханшийн хэлбэлзлийг зохицуулахаас яагаад татгалзав, заавал ийм ойлгомжгүй байдал үүсгэх шаардлага байсан уу” гэсэн асуулт зүй ёсоор тавигдана. Төгрөг сулрах нь төсвийн орлогод эерэг тусдаг, бас төв банкны ашгийг нэмэгдүүлдэг гэсэн тайлбар бий. Сангийн яам төсвийн орлогоо өсгөх гэж, Монголбанк өөрөө ашигтай ажиллах гэж ам.долларын ханшид хойд эхийн сэтгэл гаргаж байна гэх шүүмжлэлийг хэлэх эдийн засагчид цөөнгүй таарлаа. Нэг зүйлийг онцлоход эдийн засаг зургаан хувиар өсч, экспорт 20 орчим хувиар нэмэгдэж, валютын нөөц гурван тэрбум долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалт нэг тэрбум доллар шүргэж байгаа өнөө цагт ам.долларын ханш 2500-д хүрч цойлсонд гайхах хүн олон байна. Ийм эерэг үзүүлэлтүүдтэй үед Монголбанк доллар зарахгүй суугааг шүүмжлэхээс аргагүй л дээ.

ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТ ИРГЭДИЙГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-ын засаг байгуулагдсаныхаа дараахан дундаж давхарга руу чиглэсэн найман хувийн ипотек гэх мэт зөв зүйтэй бодлогуудыг зогсоож, зах зээлд худал мэдээлэл тарааж, макро эдийн засгийн менежмэнтийг буруу тийш эргүүлсэн гэж эдийн засагчид шүүмжилдэг. Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд зэрэг эрх мэдэлтэй албан тушаалтнууд “Монгол Улс валютын нөөцгүй болсон”, “Улсаараа дефолтод орох нь ээ”, “Монголын эдийн засаг гүн хямралд орлоо” гэсэн мэдэгдлийг удаа дараа хийсний эцэст хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, зах зээлийн хүлээлт эвдэгдэж, эдийн засаг жинхэнэ утгаараа элгээрээ хэвтсэн юм. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, Монголбанк Олон улсын валютын сангийн ард нуугдсаар өнөөг хүрсэн гэх хатуу шүүмжлэл бий. Энэ хугацаанд шатахууны үнэ 20-30 хувиар өсч, ганцхан хувиар хэмжигдэж байсан инфляци есөн хувь руу цойлсон нь бодитой үнэн. Үр дүнд нь хувийн хэвшил, иргэд хохирч байгаа нь бас үнэн. Инфляци, доллар, шатахууны үнийн өсөлт улстөрчид, өндөр орлоготой чинээлэг хэсгийнхэнд л ашигтай тусч байгааг эдийн засагчид эхнээсээ сануулаад эхэллээ.

2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн үзүүлэлтийг одоогийн үзүүлэлттэй харьцуулъя.

Дээр дурдсан тоо баримтаас харахад валютын нөөц 2.3 дахин өссөн гэсэн ганцхан эерэг тоо байна. Гэхдээ валютын нөөц 1.6 тэрбум гаруй доллараар өссөн хэрнээ Засгийн газрын өр түүнээс их хэмжээгээр буюу 2.1 тэрбум доллараар нэмэгдчихсэн байх жишээний. Нүүрсний экспорт түүхэн дээд амжилт тогтоож, хөрөнгө оруулалт сэргэж, зэсийн үнэ өссөн энэ цагт Засгийн газар гадаад өрийн хэмжээг бууруулах биш харин ч өсгөсөн байх юм. Тэгэхээр эндээс нэг л зураг тодорч байна. Засгийн газар гадаадаас их хэмжээний зээл авч өрөө нэмэгдүүлээд л валютын нөөцөө өсгөсөн болж таарах нь. Өөрөөр хэлбэл нөөц ч нэмэгдэж, өр ч өсчээ. Гэсэн хэр нь монголчуудын хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өртөг нэмэгдэж, төгрөгийн ханш уруудаж, иргэдийн худалдан авах чадвар муудсаар байна. Эндээс анзаарахад бодлогын том алдаа гарсан учраас төгрөгийн ханш муудсан гаргалгааг түвэггүй хийчихэж болно.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөөр буй, төгрөгийн ханш суларч байгаа зэргээс харахад шатахууны үнэ цаашид ч нэмэгдэх нь ойлгомжтой байна. шуудхан хэлэхэд Засгийн газар шатахууны үнийг зохицуулах үүргээсээ татгалзаж, бензин, дизелийн үнийг зөнд нь орхиод удаж буй. Хүнсний барааны үнийн индекс 26 хувиар өссөн энэ үед шатахууны үнэ “галзуураад” байвал иргэдийн худалдан авах чадвар улам л муудна. Иргэдийн халаасан дахь хэдэн бор төгрөгийн үнэ цэнэ өдөр өдрөөр уруудаж буй ийм үед Засгийн газрын тэргүүн, Төв банкны удирдлага өнөө хэр эдийн засаг руугаа хандсан зөв бодлого хэрэгжүүлэх сонирхолгүй нам жим суугаа нь хэнд ч ил байна.


Categories
мэдээ спорт

Б.Халиунаа алтан медалийн төлөө барилдана

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Эхний өдөр манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарав.

Б.Халиунаа Трнавад 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар яллаа. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.

76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын явцаас

Зам барилгын ажлын хүрээнд Яармагийн зам, Богд уулын арын зам болон Чингисийн өргөн чөлөөний авто замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн хааж, авто замын суурь, дунд ба өнгө үеийн хучилтын ажлууд хийгдэж байна.

Мөн Богд уулын арын замаас Яармагийн замтай шууд холбох “D” рамп гүүрийн үлдсэн 6 алгасалын дам нурууны угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 20-оос эхлэн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана.

Түүнчлэн жаазан гүүрийн бетон цутгалтын ажил хийгдэж, арчилгааны ажил хийгдэж байна.

Чингисийн өргөн чөлөөг Ажилчны гудамжтай холбох U сувгийн баруун хэсгийн 2 талын авто зам болох AR ба AL чиглэлийн авто замын далангийн дүүргэлтийн ажил хийгдэж буй. Мөн AR ба ML чиглэлийн авто замыг тусгаарлах түшиц хана байгуулах ажил явагдаж байна.

Түүнчлэн хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд дам нуруу хоорондын завсрын бетон ба хучилтын хавтан цутгах, явган зам болон хучилтын хавтан зэрэг бетон эдлэл үйлдвэрлэх ажил хийгдэж байна гэж НАЗХГ-аас мэдээллээ.