Categories
мэдээ нийгэм

Өвөрмонголд гахайн ханиад дэгдэж, гахайн махан бүтээгдэхүүнийг хориглоод байна

БНХАУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлслнээр, Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймагт гахайн ханиад дэгдэж, одоогийн байдлаар есөн гахай үхэж, 14 гахайд өвчний шинж тэмдэг илрээд байгаа аж. Иймд тус улс Өвөрмонголоос амьд гахай тээвэрлэх, гахайн махны төрлийн боловсруулаагүй бүтээгдэхүүнийг нийслэл болон бусад хот руу гаргахыг бүрэн хориглосон байна.

Өнгөрсөн наймдугаар сарын эхээр БНХАУ-д гахайн ханиадны анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш зургаан мужийн 18 фермд ижил төрлийн шинж тэмдэг илрээд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-д гахайн махны үнэ ойрын гурван жилд байгаагүйгээр өсчээ.

Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага БНХАУ-ын Засгийн газартай холбогдон яаралтай арга хэмжээ авах, гахайн мах болон мал аж ахуйн бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх талаар санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Засаг дарга ажлын явцтай танилцаж, чиглэл өглөө

Архангай аймагт хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан есдүгээр сарын 19-нд танилцлаа. Эхлээд “Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвийн барилгын явцтай танилцсан бөгөөд тус худалдааны төвийг 11 дүгээр сарын нэгэн гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.

Үндэсний бөхийг хөгжүүлэх, бөхчүүдээ алдаршуулах, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, уралдаан тэмцээн зохион байгуулах зорилгоор барьж буй “Бөх” цогцолборын ажил 90 хувьтай байгаа бөгөөд ирэх долоо хоногт хүлээлгэж өгөх гэнэ.

Мөн Эрдэнэбулган сумын 80 өрх био нойлтой болж буй. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгээр Цэцэрлэг хотод био нүхэн жорлонгийн туршилтын загварыг барьж суурилуулах ажлыг энэ оны наймдугаар сарын нэгнээс эхэлсэн. Уг ажлыг “Ар Ус Ундарга” ТӨХК хариуцан хийж байгаа бөгөөд эхний ээлжинд 80 айлыг сонгож, суурилуулах ажил үргэлжилж байна. Дараагийн бүтээн байгуулалт театрын барилгын ажил. Ирэх оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэл хэвийн явж байна.

Авто замын сангийн хөрөнгөөр Эрдэнэбулган сумын долдугаар багийг Булганхангай хороололтой холбох сайжруулсан шороон замын гэрэлтүүлгийг Эрдэнэбулган сумын ЗДТГ-тай хамтран шийдвэрлэхээр болов.

Архангай аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийгдэж байгаа бохир усны цэвэрлэх байгууламжийн ажил 40 хувийн ажлын гүйцэтгэлтэй. Гүйцэтгэгч байгууллага ирэх оны эцэс гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй.

Categories
мэдээ нийгэм

Япон улстай аялал жуулчлалын салбарт хамтарна

Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж буй “JATA2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч С.Баясгалан, НАЖГазрын дарга Д.Батсүх, МИАТ ХК-ны захирал Д.Баттөр, МАЖХолбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр болон бусад төлөөлөгчид оролцож байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ Монгол Улс, Япон улстай аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтойг холбогдох албаныханд хэлж байлаа.

2018 оны есдүгээр сарын байдлаар Япон улсад аялагчдын тоо 28.6 саяд хүрч 4 их наяд 410 орчим тэрбум иенийн орлого олсон нь тус улсын автомашин, цахилгаан барааны экспортын дараа буюу 3 -т орсон нь аялал жуулчлалаас олсон орлого тус улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг гэдгийг илтгэж байна. Мөн Япон улсын иргэд гадаад улсад аялсан тоо нь 17.888 саяд хүрч 4.5 % өссөн үзүүлэлттэй байгаа нь Монгол Улсын хувьд Японы аялал жуулчлалын зах зээлээс жуулчин татах бүрэн боломж байгааг харуулж байна.

Энэ сарын 20-23 өдрүүдэд болох тус үзэсгэлэнд энэ жил 136 орны бус нутаг, Япон улсын 44 муж нийт 1400 аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, бизнес, олон улсын байгууллагууд оролцож байна.

Categories
мэдээ улс-төр

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Германд айлчилж байна

ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд доктор Урсула фон дер Лайений урилгаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Берлин хотноо албан ёсны айлчлал хийж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Холбооны Батлан хамгаалахын сайд хатагтай Урсула фон дер Лайен 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Холбооны Зэвсэгт хүчний хүндэт харуулын өмнө хүлээн авч мэндчилсний дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Холбооны Зэвсэгт хүчний хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөв.

Ёслолын арга хэмжээний дараа Батлан хамгаалах сайд нарын албан ёсны уулзалт хэлэлцээ эхэлж, хоёр улсын харилцаа, батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар талаар харилцан санал солилцов.

Батлан хамгаалахын сайд нар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг сонирхол, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн зарчимд тулгуурлан шинэ агуулга хэлбэрээр баяжин өргөжиж, эрчимтэй урагшлан хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа харилцан илэрхийлэв.

1993 оноос хойш хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал, Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчний сургалт зэрэг хэлбэрүүдээр амжилттай хөгжиж байгаа бөгөөд 2009 оноос хоёр улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид олон улсын аюулгүй байдал энх тайвны төлөө Исламын Бүгд Найрамдах Афганистанд Улс дахь энхийг дэмжих ажиллагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Мөн өдөр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ХБНГУ-ын Холбооны парламентын гишүүн, Төв Ази, Герман-Монголын парламентын бүлгийн дарга ноён Манфред Грундтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах комиссын хоёр дахь хуралдаан өнөөдөр боллоо. Тус комиссын даргаар дүүргийн Дэд бүтэц, хот төлөлвлөлт хариуцсан-Засаг даргын орлогч Т.Батцогт ажилладаг бөгөөд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын нэгтгэсэн тайлан мэдээг комиссын гишүүдэд танилцуулсан юм. Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 85,7 хувьтай явагдаж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд дүүргийн 12 хорооны гадна хаалгыг сольж, дөрвөн хороонд сангийн засварын ажил хийсэн байна. Түүнчлэн дүүргийн гуравдугаар хорооны байранд ус зайлуулах хоолой хийж, дөрөвдүгээр хороонд сангийн засварыг хийж байна. Мөн ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-1, 2, 3, 4-ийн их болон урсгал засварын ажил 85,6 хувьтай явагдаж байгаа бол Эрүүл мэндийн төвийн өвөлжилтийн бэлтгэл ажил 100 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр нягтаршил улам бүр нэмэгдсээр. Өнөөдөр бөмбөрцгийн 7 тэрбум хүний 4 тэрбум нь томоохон хотуудад амьдарч байна.Хүн амын нягтаршлын байдлыг дараах зургаар харуулья.

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

Хүн ам ихтэй томоохон хотууд

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

Японы Токио хот /Иокохама дагуул хотын хамт/ 38 050 000

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

Индонезийн Жакарта хот 32 275 000

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

Энэтхэгийн Дели хот 27 280 000

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

Филиппиний Манила хот 24 650 000

ИНФОГРАФИК: Дэлхийн хүн амын нягтаршил

БНСУ-ын Сөүл/ Инчёон хотын хамт/ 24 210 000

Нэг хүнд ногдох газар нутгаараа хамгийн уудам улсууд/нэг км² -д ногдох хүн ам/

Гренланд 0,14 хүн/км²

Монгол 1,95 хүн/км²

Намиб 3,01 хүн/км²

Исланд 3,35 хүн/км²

Ливи 3,58 хүн/км²

Хүн ам хэт шигүү суурьшсан хотууд/нэг км² -д ногдох хүн ам/

Дакка (Бангладеш) 47 400 хүн/км²

Могадишо (Сомал) 28 600 хүн/км²

Эр-Ракка (Сири) 27 200 хүн/км²

Сурат (Энэтхэг) 26 600 хүн/км²

Мумбай (Энэтхэг) 26 400 хүн/км²

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчооны замыг өнөөдөр нээнэ

Баянзүрхийн товчооны орчимд 4-5 км газарт түгжрэл үүсдэг байдлыг цэгцлэх үүднээс тус замыг өргөтгөх, шинэчлэх ажил эхэлсэн.

Тодруулбал, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд гарсан нүхэн эвдрэлүүдийг засаж, дахин хучих бөгөөд товчооны уулзвар хэсгийн эргэлтийг дөрвөн эгнээ болгон засах ажил явагдсан. Үүнтэй холбоотойгоор Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд түр хаагаад байв.

Тэгвэл өнөөдөр /2018.09.20/ Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусаж, тус замыг 13.00 цагт нээх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ.

БНСУ-ын Чүнжү хотноо 2018 оны 09 дүгээр сарын 10-аас 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдсөн юм.

Монгол улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцсноос чөлөөт бөхийн төрөлд Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, дэд ахлагч Т.Дэчинжурмид, марафоны төрөлд мөн алтан медалийг 35,05 секундын амжилтаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр хүртсэн бол шатрын төрөлд Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч Т.Батдэлгэр хүрэл медаль, мөн баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүчтэй салхи шуургатай үед замд гарахгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 20-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах шаардлагатай байна.

Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс жолооч нар хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай сургууль, цэцэрлэгийн орчныг аюулгүй болгоно

Нийслэлийн тусгай сургууль, цэцэрлэгийн сурагчдын сурч боловсрох болон амьдрах орчин нөхцөл хангалтгүй байгааг мэргэжлийн байгууллагууд болоод иргэд ч хэлдэг. Тэгвэл Зам тээврийн хөгжлийн яамны санаачлагаар иргэн, аж ахуй нэгжүүд нэгдэн тусгай сургууль цэцэрлэг орчмын орчин нөхцлийг сайжруулах аяныг эхлүүлжээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, 29 дүгээр сургуулийн захирал Б.Баярсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр /2018.09.20/ мэдээлэл хийлээ.

Сүхбаатар дүүрэг, 100 айл орчимд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 2 сургууль, 2 цэцэрлэг байрладаг. Эдгээр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн амьдрах орчин нөхцлийг сайржуулах аянд зарим аж ахуй нэгжүүд 25 сая төгрөг хандивлажээ.

Зам тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд “Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын тоо, ослоос учирч буй хохирлын хэмжээ дорвитой буурахгүй байгаа. Тийм учраас зам тээврийн ослын гаралтыг бууруулахаар нэлээдгүй ажил хийж байна. Тухайлбал сургууль орчмын аюулгүй байдлыг тохижуулахаар энэхүү аяныг эхлүүллээ” гэв.

Тус аяныг дэмжиж хийлч Ч.Дэлгэрцэцэг, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц, “VTV” телевизийн сэтгүүлч Болдко, УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү нар дуу хоолой болон ажиллаж буй юм байна.

УДЭТ-ын жүжигчин М.Түвшинхүү “Та бүхэн бидний энэхүү аяныг дэмжихийг хүсвэл фэйсбүүкийн “Дөрвөн бэрх хөгжил” хуудсанд нэгдээрэй. 100 айл орчимд тусгай хоёр сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахаар ийнхүү нэрлэсэн байгаа” гэлээ.

“VTV” телевизийн сэтгүүлч Болдко “Монгол Улсад сүүлийн 3-4 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 400 гаруй хүүхэд амь насаа алджээ. Харин дайнтай бүсэд оршдог Улсад жилд 200 гаруй хүүхэд нас барсан байна. Гэтэл Монгол Улсад дайнтай улстай ижил буюу хоёр дахин их хүүхэд зам тээврийн ослоор нас барж байгаа нь үнэхээр харамсалтай” гэж хэллээ.