Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн товчоо орчмын 3.5 километр авто замын хөдөлгөөнийг нээлээ

Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчоо орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зам засварын ажил хийгдэж, өнөөдөр /2018.09.20/ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Зам барилгын ажлын хүрээнд эхний 0.8 км авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөсөн байна.

Харин үлдсэн хэсэгт авто замын шинэчлэлтийн ажил хийгдснээр график төлөвлөгөөний дагуу богино хугацаанд шуурхай гүйцэтгэж дуусгажээ.

Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Ж.Чинзориг, Замын цагдаагийн газар болон бусад холбогдох албаныхан оролцов.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.

Нийт 784 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн зориулалттай автомашиныг нийслэлийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг Налайх, Багахангай, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хүрээ болон Амгалан амаржих газар, Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв, Наркологийн эмнэлэг, Хонхор тосгоны эрүүл мэндийн төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.

Эдгээр автомашин нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Европын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцоор ирсэн Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), Вульф Клинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) болон Ажлын хэсэг, улс төрийн бүлгийн ажилтнууд багтжээ.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын гуравдагч хөрш Европын холбооны орнуудтай тогтоосон харилцаа сүүлийн 30 жилд өргөжин гүнзгийрч, олон салбарыг хамрах болсон, түүний дотор Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Түүнчлэн Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа албан ёсоор нээж, Элчин сайдаа томилон ажиллуулж байгаад талархал илэрхийллээ.

Хоёр талын хамтын ажиллагаанд 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр” чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр тэмдэглээд, Европын парламент хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр Тогтоол баталж, улмаар Монгол Улсыг дэмжсэн хэд хэдэн хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байгаа нь манай улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр болж байгааг онцоллоо.

Тэрбээр Монгол Улс Европын холбооны “GSP+” хөтөлбөрт 2005 оноос хамрагдаж, 7200 нэр төрлийн барааг гаалийн татвараас чөлөөлүүлэх хөнгөлөлтийн эрх эдэлж эхэлсэн ч экспортын хэмжээ, нэр төрөл санасанд хэмжээнд хүрэхгүй байна. Энэхүү сайхан боломжийг бүрэн үр дүнд хүргэх, Европын холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын төр, засаг онцгой анхаарч ажиллах болно гэв.

Мөн худалдаа, эдийн засгийн салбараас гадна боловсрол, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Европын холбооны орнуудад оршин сууж буй монгол иргэдэд визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарал тавихыг хүслээ.

Хатагтай Ивета Григуле хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд, “Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг шинэ шатанд амжилттай хэрэгжүүлж, мэдэгдэхүйц үр дүнд хүргэх нь бидний хамтын зорилго юм гэв. Тэрбээр “GSP+” хөтөлбөрийн хүрээнд 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахад чанар, стандартыг хангах амаргүй бэрхшээл та бүхэнд тулгардгийг бид мэднэ. Тиймээс энэ бэрхшээлийг хөнгөвчлөх арга зүйн талаас хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бид ямагт бэлэн байх болно гэв.

Хатагтай Ивета Григуле Монголын судалгаа шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсоноо мэдээлээд, эерэг таатай нөхцөл, сайн зүйл цөөнгүй байгаа ч улс төр тогтворгүй, Засгийн газар байсхийгээд өөрчлөгддөг, тэр бүхэнд яамдын ажил хариуцсан хүмүүс солигддог, сайн хууль цөөнгүй байгаа ч хэрэгжилт нь хангалтгүй, авлига санаа зовоосон асуудлуудын нэг болсон зэрэг нь хөрөнгө оруулагчид, бизнесийнхний үйл ажиллагаанд бэрхшээл учруулдгийг гэтлэн давах талаар хүчин чармайлт гаргах нь чухал байгааг тэмдэглэлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Европын парламентын гишүүд худалдааг хөнгөвчлөх талаар Монголын төрөөс баримталж байгаа бодлого, хэтийн төлөв, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, түүний дотор ноолуурын экспортын өнөөгийн байдал, бэлчээрийн доройтлоос сэргийлэх талаарх үйл ажиллагаа, иргэний нийгмийн байгууллагуудын хөгжил, төлөвшил, санхүүжилтийн нөхцөл, эрх зүйн орчны талаар асуулт тавьсанд УИХ-ын дарга М.Энхболд дэлгэрэнгүй хариулт өглөө.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүн Н.Учрал, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг нарын зэрэг албаны хүмүүс байлцав.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эх оронч хүүхдүүд” хөтөлбөртэй танилцаж, оюутан сурагчдад батламж гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилга, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханы захирамжийн дагуу хэрэгжиж байгаа “Эх оронч хүүхэд” хөтөлбөрийн явцтай танилцлаа.

Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд Завхан аймгийн Их-Уул сумын Цэцэг багийн нутагт байрлаж, Сэтгэлзүйн бэлтгэл, Галын бэлтгэл, Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, Амьд гарах ухаан, Биеийн тамир-гардан тулаан, Цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр хичээл заалган, мэргэжлийн багаар ахлуулан ойн цэвэрлэгээ хийсэн юм.

Хөтөлбөрт, Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй 12 жилийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.

2018 оны 9-р сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагч, оюутнуудын бэлтгэл, ойн цэвэрлэгээ зэрэг хөтөлбөртэй танилцахаар Завхан аймгийн Их-Уул сумын Ар ганга гэх газар ажилласан бол өчигдөр /2018 оны 9-р сарын 19-нд/ эх оронч хүүхдүүдтэй хамт байрлан, тэдний хөтөлбөртэй танилцаж, өглөөний дасгал хийн, 2000 гаруй хүүхдэд биечлэн батламж гардууллаа.

Батламж гардуулахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Сайн байцгаана уу.

Эрхэм сурагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын бэлтгэл ажил болон сургалтын талаарх мэдээллийг би УИХ-ын гишүүн дэд дарга Я.Санжмятаваас байнга авч байсан болохоор өнөөдөр та бүхэнтэй уулзахаар зорьж ирлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх түүхээрээ бахархах, өөрийгөө ялах, бэрхшээлийг даван туулах, бусдад туслах сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэх, бие биенээсээ суралцах, сурснаа бусадтай хуваалцах дадал суулгах, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй болгох зорилгоор энэхүү сургалт зохиогдсон нь хамгаас чухал юм.

Сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалт явуулж, сурагчдыг нийгэмд тустай бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан байна. Мөн олны танил хүмүүс лекц уншсан гэж сонслоо. Товчхондоо богино хугацаанд сурагчдад ихийг ойлгуулж, олныг дадуулсан эрчимтэй сургалт болжээ. Эх оронч үзэл бол дан ганц бодол санаа, хэл яриагаараа төлөвшдөг зүйл биш юм.

Эх орноо хайрлах, эх орондоо зүтгэх нь үйл хэрэг, чин сэтгэл, хичээл зүтгэлээр дамжин хэрэгждэг.

Энэхүү сургалтыг би сурагчдад үүнийг бодитоор ойлгуулсан, мэдрүүлсэн ажил хэрэгч арга хэмжээ боллоо гэж ойлгож дэмжиж байна.

Биеэрээ туулж, сэтгэлээрээ мэдэрсэн зүйлийг л хүн гүн гүнзгий ойлгож, бат бэх итгэл үнэмшилтэйгээр тогтоодог. Ийм зөв эхлэлийг тавьж, “Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтыг амжилттай зохион байгуулсан УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хууль сахиулахын их сургууль, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн Тамгын газарт дахин талархал илэрхийлье.

Мөн сургалтад хамрагдаж өөрийгөө сорьсон нийт сурагчиддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа бие бялдарын тэгш хөгжилтэй, эх оронч үзэлтэй иргэн болж, улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын тулд өвөг дээдсийнхээ түүх, уламжлалыг хүндэтгэж, байгаль дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй, оюун ухаанаа хөгжүүлэхэд илүү ихээр шимтдэг байгаарай гэж ахин дахин захья.

Эх орончдын залгамж халаа болсон сурагч багачууддаа сайн сайн бүхнийг хүсэн ерөөе. Сайн үйлс дэлгэрч, мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай.

Баярлалаа та бүхэндээ” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа оюутан, сурагчдад батламж гардуулж, дурсгалын зураг авахуулав.

Categories
мэдээ нийгэм

С.Бадамханд: Хүмүүс гэрэл зургийг хараад зохиолын ном уншдаг шиг уншаасай

“Бүсгүйн мэлмий-2” Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн Монголын театрын музейд гарлаа. Уг үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ. Японы хоёр, Монголын долоон гэрэл зурагчдын бүтээлүүд тавигджээ. Мөн Японы Хашигавад болсон ахлах сургуулиудын дундах гэрэл зургийн тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн гурван охины зургууд багтсан байна. Монголын эмэгтэй гэрэл зурагчид урьд нь дөрвөн удаа хамтран үзэсгэлэнгээ гаргасан. Энэ удаагийнх Японы гэрэл зурагчидтай хамтарсан нь онцлог хэмээн үзэсгэлэнд оролцогч уран бүтээлчид ярив. Нийт 78 бүтээл тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монголын гэрэл зургийн урлагийн зөвлөлийн гишүүн, оролцогч С.Бадамхандаас тодруулав.

-Үзэсгэлэнд ямар төрлийн зургуудаар оролцож байна?

-Энэ үзэсгэлэнд сэдэвчилсэн зургууд их орсон. Жишээ нь шувууны, үйл явдал, амаржиж буй эмэгтэй, арт, ахуй гээд төрөлжөөд явсан. Би бол арт төрлөөр оролцсон.

-Та зургуудаараа хүмүүст юу хэлэхийг хүссэн бэ?

-Миний зургууд гэрэл сүүдрээр тоглосон. Мөн ахуйн зургууд байгаа. Хүмүүс бидний зургийг хараад зохиолын ном уншдаг шиг уншаасай, тайвшралыг олоосой гэж хүсч байна.

-Та бүхэн цаашид өөр улс орны зурагчидтай хамтрах уу?

-Японы гэрэл зурагчидтай хамтран үзэсгэлэнгээ гаргах болсон мэдээг тараахад Оросын зурагчид бидэнтэй хамтрах санал тавьсан. Эмэгтэйчүүд эрэгтэй гэрэл зурагчдаасаа илүү нарийн мяндсан өгүүлэмжтэй зургуудыг түүж авдгаараа онцлог. Иркутск, Улаан-Үдийн зурагчид ирэх долоо хоногоос ирж бидэнтэй уулзахаар болсон. “Бүсгүйн мэлмий”-г бид Гэрэл зурагчдын холбооны 80 жилийн ойгоор гаргаж байсан. Одоо “Бүсгүйн мэлмий-2”-ыг гаргаж байна. Магадгүй цаашид олон орны гэрэл зурагчидтай хамтран “Бүсгүйн мэлмий-3,4,5” гээд үргэлжлээд явахыг үгүйсгэхгүй.

-Та зураг авахдаа ямар нэг онцгой арга барил ашигладаг уу?

-Би 1985 онд Омскт фото техник мэргэжлээр төгссөн. Орос багш нарын школоор төгссөн учир байгаа байдлыг байгаагаар нь гаргахыг хичээдэг. Хөрөг зураг авлаа гэхэд дотоод сэтгэл нь нүүрэн дээрээ илэрсэн ч юм уу сэтгэлээсээ зургуудыг гаргахыг хичээдэг. Яаж, аль цэгээс авах уу, гэрэл сүүдрийг яаж гаргах гээд сайн бодож төлөвлөж авсан зураг хүний зүрх сэтгэлд хүрч, мэлмийг баясгах байх гэж боддог хэмээн ярилаа.

Үзэсгэлэнд дэлгэсэн зургууд бодол, ухаарал, гуниг баяр гээд хүний сэтгэлийг тусгажээ. Үзэсгэлэнд оролцогч гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа “Гэрэл зураг хэмээх урлагт хөл тавиад 20 гаруй жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд гэрэл зургаараа олон зуун түүхийг бичилцсэн байна. Бидний эргэн тойронд хүмүүсийн амьдрал өөр өөрийн өнгө аясаар өрнөнө. Гэрэл зурагчдын бүтээл гол баатар, эзэн биегүйгээр амилахгүй. Эгэл олны амьдрал ямар ч найруулагчгүйгээр өрнөдөг. Тэр амьдралыг бүтээж буй хүмүүс өөрсдөө гол дүр нь. Уран бүтээлийн минь урын санд олон сайхан хүний дүр бий. Тэдгээр хүн бүхэнд анзаарагдаад байдаггүй энгийн атлаа өөр өөрийн өнгө төрх нь нууцлагдмал оршидог. Амьдралын давтагдашгүй мөн чанар, жирийн хүмүүсийн оршихуйг бүтээлээс минь чагнах болно. Гэрэл зурагчин бол хүмүүний амьдрал, нийгэм, цаг үе, түүхийн жимээр бядан явагч билээ” хэмээн ярив.

Categories
мэдээ улс-төр

Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгэсэн Мотобуудлагын батальоны долоодугаар ээлжийн цэргийн багийн алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасны дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабт болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энх сахиулагчдад шагнал гардуулах ёслолд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын хуурай замын цэргийн командлалын ажиллагааны хэлтсийн химийн дарга, Хурандаа Доржготовын Энхбаатарыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, ЗХЖШ-ын РЭТ-ийн тасгийн дарга, дэд хурандаа Жамсрангийн Хоролсүрэн, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн орлогч, дэд хурандаа Төмөрбаганын Ням-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хорооны ахлагч, ахлах ахлагч Бямбаагийн Нямбаяр нарын 9 хүнийг Цэргийн гавьяаны одонгоор, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн баазын ахлагч, ахлах ахлагч Батчулууны Лхагвабаатар, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн хувцасны офицер, хошууч Батжаргалын Зэсээ, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн зэвсгийн офицер, ахмад Нэргүйн Нямбаяр нарын 30 хүнийг Цэргийн хүндэт медалиар, Тагнуулын ерөнхий газрын ажилтан, дэслэгч Түмэнбаярын Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 314 дүгээр ангийн шатахууны дарга, ахлах дэслэгч Гэрэлт-Одын Александр, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Өлзийтогтохын Ганцоож нарын 487 хүнийг Энхийн төлөө медалиар тус тус шагнав.

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД БАЯР ХҮРГЭЖ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм генерал, офицер, ахлагч нар, энхийг сахиулагчид аа,

Хүндэт зочид оо,

Энд хүрэлцэн ирсэн энхийг сахиулагчдын гэр бүлийн төлөөлөл, хүндэт иргэд ээ!

Эх орондоо өргөсөн эр цэргийн тангарагтаа үнэнч байж, эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, мэргэжлийн өндөр ур чадвараа дайчлан энхийг сахиулах эрхэм хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монгол Улсын төрийн дээд одон медаль, салбарын шагналаар шагнагдсан энхийг сахиулагчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, халуун баяр хүргэе.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн нээлттэй гадаад бодлогыг баримтлан хэрэгжүүлж, үндэсний аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хангах зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хангахад энхийг сахиулагч Та бүхний гүйцэтгэсэн үүрэг, үйл хэрэг үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төдийгүй улс орныхоо аюулгүй байдал, оршин тогтнохын баталгааг бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой юм гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Манай энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх хугацаандаа дэлхийн хамгийн том дүрвэгсэдийн хуарангийн аюулгүй байдлыг хангаж, дүрвэгсэдийн амь нас, эрүүл мэндийг олон удаагийн халдлага, дайралтаас эр зориг, авхаалж самбаа гарган хамгаалж, баатарлаг үйл хэргийг бүтээсэн юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үйл ажиллагаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээгээд зогсохгүй тэдний НҮБ-ын цэргийн хүчинд итгэх итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж байгаа нь цаашид тус улсад цагийн байдал тогтвортой болох эерэг хандлагыг төлөвшүүлж байна.

Манай энхийг сахиулагчид дэлхийн энх амгалангийн төлөө хүчин зүтгэж, үйл хэрэг, үйлс бүтээлээрээ үлгэрлэн манлайлж, Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэрийг дуурсгаж, ард түмнийхээ баяр бахдалыг төрүүлэн, төр, ард түмнийхээ хайр талархлыг зүй ёсоор хүлээж байгаад миний бие сэтгэл хангалуун байна.

Өөр хоорондоо эв түнжингүй, нэгдмэл бус байдал даамжирвал улс орныг хэрхэн доройтуулж, үймээн самуун, дайн дажинд нэрвэгддэгийг бид Ирак, Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Судан зэрэг орнуудын жишээнээс бэлхнээ мэднэ. Дайны хөлд нэрвэгдсэн ийм эмгэнэлт байдлыг нүдээр үзэж, бие сэтгэлээрээ мэдэрсэн хүмүүс бол манай энхийг сахиулагчид юм. Хамгийн хүнд бэрх нөхцөлүүдэд өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо эрх ашгийн төлөө мятаршгүй зүтгэж ирсэн энхийг сахиулагчид бол бидний бахархал мөн.

Та бүхнийг ажиллагааны газар оронд эзэмшиж сурсан мэдлэг, дадлага, мэргэжлийн өндөр ур чадвараа Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшилд зориулж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх үйлсэд манлайлан оролцоно гэдэгт итгэл дүүрэн байна.

Түүнчлэн энхийг сахиулагч Та бүхэн зөвхөн дайн дажны хөлд нэрвэгдсэн улс оронд энхийг сахиулаад зогсохгүй, улс орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, эх орноо хайрлан хамгаалахын үнэ цэн, утга учрыг Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж буй хамтран зүтгэгчид, хамт олон, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хүүхэд залуучуудад ухааруулан ойлгуулахад өөрийн биеэр үлгэрлэж, энэхүү үйл хэрэгт манлайлан оролцохыг уриалж байна.

Эх орныхоо өмнө өргөсөн тангарагтай цэрэг эрсийн маань найдвартай ар тал болж тэдний үүрэг гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн, сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байдаг энхийг сахиулагчдынхаа аав ээж, хань ижил, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, ар гэрийнхэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цагийн байдлын эгзэгтэй түгшүүртэй, байгаль, цаг уурын хүнд нөхцөлд эх орон, эцэг эх, элгэн саднаасаа хол үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол гагцхүү цэрэг хүнд л байх тэсвэр тэвчээр юм. Энэ бүгдийг даван туулж өнөөдөр эх орныхоо цэнгэг агаарыг амьсгалж, элгэн садантайгаа учран золгож, байгуулсан гавьяаныхаа зүй ёсны шагналыг энгэртээ тоссон Та бүхэнд дахин баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүр хүч, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай” гэв.

Categories
мэдээ нийгэм

21 цагаас хойш гэр бүлээрээ ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашиглахгүй байхыг уриаллаа

Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон. Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна.

Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хориглосон журам

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хязгаарласан билээ.

Энэ нь хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Монгол Улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99,7 хувь нь гар утас хэрэглэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банкнаас 2017 онд зохион байгуулсан судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны хүүхдийн 71,8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54,6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Хичээл, сургалтын цагаар гар утсыг хязгаарласнаар суралцагч цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах боломж бүрдэх юм.

Хоёр. Баримтлах зарчим

2.1. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хүндэлнэ.

2.2. Хүүхдийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэж, нууцыг хадгална.

2.3. Ялгаварлан гадуурхалтаас ангид, хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон байна.

2.4. Хүүхдийн нас, бие сэтгэлзүйн онцлог, ялгаатай хэрэгцээг харгалзсан байна.

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

3.1. Хичээл, сургалтын цагаар багш, суралцагч утсаар ярих, ухаалаг гар утас ашиглахыг хориглох бөгөөд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч бүр энэхүү журмыг баримтална.

3.2. Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нь нийт багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад энэхүү журмыг танилцуулж, байгууллагын “Дотоод журам”, “Гурвалсан гэрээ”, “Сурагцагчийн үлгэрчилсэн дүрэм”-д тусгаж хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Ерөнхий боловсролын сургууль нь дараах хэлбэрээр энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллаж болно. Үүнд:

4.1.1. Журмыг эцэг эх, асран хамгаалагчдад нэг бүрчлэн танилцуулж, “Зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж, баталгаажуулах;

4.1.2. Журмыг мөрдөх “Хариуцлагын гэрээ”-г багш нартай байгуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах;

4.1.3. Хичээл, сургалтын үед сурагчдын гар утсыг тусгаарлах хайрцаг, булан, тусгай сав, сейф зэргийг бий болгож, хадгалах, буцааж олгохдоо тэмдэглэл хөтөлж, хэвшүүлэх;

4.1.4. Журмыг мөрдөөгүй багш, суралцагчдад хариуцлага тооцох тогтолцоог төлөвшүүлэх; Тухайлбал, Хариуцлагын карт хөтөлж болно.

4.1.5. Суралцагчдад интернэтийн орчноос хол даалгавар, бие даалт өгөхийг эрмэлзэх;

4.1.6. Спорт болон урлаг заал, номын сан зэрэг нийтийн эзэмшлийн хэсэгт сүлжээ унагаагч төхөөрөмж ашиглах, эсхүл шар мэдээ бүхий сайт, фэйсбүүк, твиттерийн хэрэглээг хязгаарлах;

4.1.7. Интернэтгүй, сүлжээгүй амрах орчин бүрдүүлэх, ном унших, шатар тоглох зэргээр чөлөөт цаг, завсарлагааны минутыг өнгөрөөх боломжийг байгууллагынхаа бүхий л хэсэгт бий болгох;

Тав. Захирал, эрхлэгчийн эрх, үүрэг

5.1. Хичээл, сургалтын үед суралцагчийн ар гэрээс яаралтай ярих шаардлага гарсан тохиолдолд холбогдох тусгай дугаар ажиллуулах;

5.2. Цахим орчинд соёлтой оролцох, бусдад хүндэтгэлтэй хандахад чиглэсэн төрөл бүрийн уралдаан, аян зохион байгуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

5.3 Цахим хэрэгсэл, гар утас, интернэтийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход шаардагдах чадварыг өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, сургалтын байгууллагын ажилтнуудад эзэмшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах;

5.4. Суралцагч, эцэг эхчүүдэд цахим орчны хэрэглээ,цахим гадуурхал, халдлагын талаар ойлголт, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу арга хэмжээ авах талаар сургалтыг тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөтэйгээр тогтмол өгөх;

Зургаа. Сургалтын менежер, арга зүйчийн эрх, үүрэг

6.1. Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, журмын хэрэгжилтийг хангуулах;

6.2. Сургалтын чанар, хичээлийн цаг ашиглалтад гарч буй өөрчлөлтийн талаар харьцуулсан судалгаа хийж, багш нарыг зөвлөмж, заавраар хангаж ажиллах;

Долоо: Сургуулийн нийгмийн ажилтны эрх, үүрэг

7.1. Суралцагчийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, цахим хэрэглээнээс үүдэлтэй эсэхийг тандан судалж, эрсдлийн үнэлгээг хийх;

7.2. Эрсдлийн үнэлгээнд суурилан хариу арга хэмжээ авч ажиллах;

7.3. Суралцагч цахим дарамт, дээрэлхэлд өртсөн тохиолдолд сургуулийн захирал, нийгмийн ажилтан нь эцэг эх, асран хамгаалагч, анги удирдсан багштай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг шуурхай үзүүлэх;

7.4.Хүүхдийг багаас нь өөрийн хувийн орон зайгаа хамгаалахад сургах, хэн нэгэн хүн түүний хувийн орон зайд халдах, өөрт нь эвгүй зүйл тохиолдсон үед эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан нараасаа тусламж авах дадал хэвшил, зан үйлд сургах;

7.5. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд мэргэжлийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

Найм. Багшийн эрх, үүрэг

8.1. Анги удирдсан болон мэргэжлийн багш нар хичээл, сургалтын үед сурагчдад гар утас хэрэглүүлэхгүй байхаар хичээлийн бэлтгэл, төлөвлөлт, зохион байгуулалтыг хийх;

8.2. Сурагчийн ар гэрт яаралтай шаардлага гарч холбоо барих хэрэгцээ гарсан тохиолдолд сургуулийн дотоод журам, суралцагчийн үлгэрчилсэн дүрэмд заасны дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах;

8.3. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад шаардлага тавьж ажиллах;

8.4. Суралцагчдад ухаалаг гар утас, интернэтийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах;

Ес. Суралцагчийн үүрэг

9.1.Суралцагч нь хичээл, сургалтын үед ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашиглахгүй байх үүрэг хүлээх;

9.2. Суралцагч хичээл, сургалтын үед багшийн зааврын дагуу ухаалаг гар утас, цахим хэрэгслийг хураалгаж, хичээл, сургалтын бус цагаар ашиглах;

9.3. Хичээл, сургалтын үед зөвшөөрөлгүйгээр ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашигласны сөрөг үр дагаврыг бий болгохгүй байх;

Арав. Эцэг эх, асран хамгаалагч дараах үүрэг хүлээнэ.

10.1. Ухаалаг гар утас, интернэтийн зохистой хэрэглээг хүүхдэдээ төлөвшүүлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон багш нартай хамтран ажиллах;

10.2. Хичээл сургалтын үеэр хүүхэдтэйгээ яаралтай холбогдох шаардлага гарвал багш болон сургуулийн тусгай дугаарт хандах;

10.3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас зохион байгуулж буй сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох, төсөл хөтөлбөрт хамрагдах;

10.4.Гэр бүлийн орчинд хүүхдийн ухаалаг утас, цахим хэрэглээнд зохих хязгаарлалт, хяналтыг зүй зохистой хэмжээнд тавьж, зөв үлгэр дуурайл үзүүлэх; Тухайлбал, Оройн 21:00 цагаас хойш гэр бүлээрээ ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашиглахгүй байх зэрэг байж болно.

Арван нэг. Хяналт

11.1.Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч энэхүү журмыг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш,удирдах ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгаж, хяналт тавьж ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Харумафүжигийн бие даасан үзэсгэлэн Японд дэлгэгдлээ

Мэргэжлийн сумогийн 70 дах их аварга Харүмафүжи Японы “Ничидо” галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 19, 20-ны өдрүүдэд гаргалаа. Үзэсгэлэнгээс олсон санхүүжилтээ “Шинэ Монгол Сургууль”-д зарцуулагдах аж. Үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр “Монгол улс бол миний эх орон, харин Япон улс бол миний хоёрдох эх орон. Энэхүү сургууль цэцэрлэгийн цогцолборын ажил дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн. Энэ сургууль нь Япон маягийн боловсролыг монгол хүүхдүүдэд эзэмшүүлж хоёр орны цаашдын харилцаа холбоо хөгжил дэвшилд бага ч гэсэн гүүр байх болно” гэжээ. Их аварга Харүмафүжи бүтээлийнхээ дээжээс Японы Их аварга Кисэносатод бэлэглэсэн байна. Харин бусад бүтээлүүдээ дуудлага худалдаагаар худалдаж “Шинэ Монгол Сургууль”-ийнхаа санд хандивлах юм байна.

Түүний зодог тайлах ёслол энэ сарын 30-ны өдөр болно. Тэрбээр анх 2001 онд Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд гарч, 2012 онд Их аварга цол хүртсэн бөгөөд дээд зиндаанд барилдаж байх хугацаандаа 712 удаа давж давааныхаа тоогоор зургадугаарт бичигддэг билээ. Сумо бөхтэй амьдралаа холбоод 17 жил болсон түүний хэлснээр “Би үнэхээр сумод хайртай. Миний бодлоор сумо бөх зөвхөн хүчтэй байхыг хэлдэггүй. Сумогоор дамжуулж хүмүүс урам зориг, итгэл найдварыг олж авдаг” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийнэ

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны арваннэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байна. Дээрх шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн дөрвөн том уулзварт хийх юм. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт хийх аж.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байна. Иймд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой заалт юм. Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг маргаашнаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжжээ

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Сүхбаатар аймагт 2018 оны 09 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна.

Тус сургуулийн зорилго нь аймаг, орон нутгийн удирдлага, онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд тухайн бүс нутагт тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, осол, гамшгийн хор хохирлыг өөрийн хүчээр даван туулах. Мөн авран хамгаалах, сэргээн босгох боломж байгаа эсэхээ дүгнэх, гамшгаас хамгаалах орон нутгийн төлөвлөгөөг бодит байдал дээр турших, удирдах бүрэлдэхүүнд гамшигтай тэмцэх чадавхиа дээшлүүлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэх, ард иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэгддэг юм.

Сургуулийн үеэр цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, бэлэн байдлын төлөвлөгөөг тодотгох, цагийн байдлын дагуу бүлгээр ажиллах, дадлага сургуулиуд зохион байгуулагдана.