Categories
мэдээ спорт

Өртөөт марафонд 4000 хүн оролцоно

Бүх нийтийн автомашингүй өдөр буюу есдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан өртөөт марафон зохион байгуулна. Нийслэлийн иргэдэд эрүүл амьдралын хэвшлийг суулгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэх зорилгоор Биеийн тамир спортын газраас өртөөт марафоныг зохион байгуулах гэж байна. 2017 онд анх зохиож 700 гаруй хүн оролцож байсан бол энэ жил олон улсад сурталчлах зорилгоор дөрвөн насны A, B, C D гэсэн ангилалд нийтдээ 4000 мянган хүн оролцох бөгөөд “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом- Нэг бүс-Нэг зам” нэртэйгээр БНХАУ-тай хамтран зохион байгуулж байна.

Өртөөт марафонд багаар оролцох боломжтой бөгөөд нэг багт хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй байна. Дөрвөн насны ангилал тус бүрийг А шар, B улбар шар, C хөх, D ягаан гэх өөр өөр өнгөөр ангилж байгаа бөгөөд уралдааны замууд тус өнгөөрөө хоорондоо ялгагдана. Өртөө тус бүр насны ангиллаасаа хамаараад харилцан адилгүй байна. Гараа хоорондын зай найман минутын зайтай байхаар зохицуулагджээ.

  • А буюу Сурагч ангилалд 14-17 насны хоёр сурагч (Өртөө хоорондын зай 1-1,6 км)
  • B буюу Залуучууд ангилалд 18-34 насны оюутан, ажилчин, гадаад иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 1.8-2,8 км)
  • С буюу Ахмадууд ангилалд 55-аас дээш насны 2 иргэн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)
  • D буюу Нээлттэй ангилалд 35-54 насны гэр бүл, гадаадын иргэдээс бүрдсэн 2 гишүүн – (Өртөө хоорондын зай 2 км хүртэл)

Оролцогчид Чингисийн талбайгаас өөрсдөд нь тараасан хугацаа болон газрын зургийн тохиргоо бүхий чипийг авч ангиллын дагуух маршрутаар дамжих ба дөрвөн өртөөг сонирхолтой дарааллаар олж өртөө тус бүрт чипээ уншуулснаар барианд ирнэ. Ингэхдээ өртөө алгасахыг хориглоно. Маршрутыг Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар дайруулахаар сонгосон иргэдэд хотын гудмуудыг илүү танин мэдүүлэхэд чиглэгдсэн байна.

Марафоны үеэр зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам болон Сөүлийн гудамж, мөн Сансарын тунелээс Намянжугийн гудамж хүртэлх замыг хаахаар болжээ. Марафоны бүртгэл өнөөдөр 17:30 минут хүртэл Спортын төв хорооны нэг давхарт явагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхэд регистрийн дугаар, овог нэр, харъяа аймаг, дүүрэг, хорооны хаяг, утасны дугаар, нэг хувь цээж зураг шаардлагатай. Бүртгүүлсэн иргэд есдүгээр сарын 22-ны өглөө Чингисийн талбайд ирж маршрут болон чипээ авч бүртгэлээ баталгаажуулан 10.00 цагаас уралдаан эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баруун чиглэлийн автозамыг хаалаа

Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна.

Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн /2018.09.20/ 17:00 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Түүнчлэн өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа онцын шаардлагаггүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.



Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Санхүүгийн шинэ технологи Финтек

Автобусанд суухад мөнгөгүй хэмээн хөөгддөг байсан бол одоо мөнгөтэй хэмээн хөөгддөг болсон. Бэлэн мөнгө гаргаж ирээд хөөгдөж байгаа бол өнөөх смарт картгүйнх. Энэ мэтчилэн смарт хэрэглээнд шилжихгүй бол цаашид мөн энд тэнд багтах шингэхгүй болноо л гэсэн үг. Санхүүгийн салбарт гэхэд смарт технологи нэвтэрсээр хамгийн сүүлд гэхэд, гартаа суулгасан чипээр төлбөр тооцоо хийж байна.

Моод дандаа Монголоор дуусна ч гэж юу байхав, бид санхүүгийн шинэ технологи финтекийг нэвтрүүлж ашиглаж эхлээд байна. Тэгвэл финтек гэж чухам юу юм бэ.

Финтек гэдэг бол санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашигласнаар шинэ төрлийн үйлчилгээ бий болгох эсвэл одоо байгаа үйлчилгээг амар, хялбар, түргэн, шуурхай болгоод зогсохгүй түүнээс гарах зардлыг бууруулснаар үйлчилгээний шимтгэл, хураамжийг багасгах зорилготой. Давуу тал маш олон гэдгийг салбарынхан хэлж байгаа. Тодруулбал, хамгийн эхэнд үйлчилгээний зардал, шимтгэлийг бууруулна. Та хэрвээ банкинд мөнгө шилжүүлэхдээ шимтгэл төлж буй бол энэ нь финтек дээр шууд буурна гэсэн үг. Дараачийнх нь мэдээж үйлчилгээ хурдан, хялбар болж таарна.

Санхүүгийн шинэ технологи Финтек гэж юу вэ

Хэн гаргаж болох вэ

Хэрвээ Монголбанкнаас зөвшөөрөл авсан тохиолдолд цахим мөнгийг гаргаж, Монгол Улсын төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглаж болно. Зөвшөөрөл олгох үйл явц болон эрх зүйн нарийн зохицуулалтыг ойлгомжтой болгох зорилгоор Монголбанкнаас “Цахим мөнгөний журам”-ыг саяхан баталж, өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж байна. Журмыг бүрэн эхээр нь Монголбанкны албан ёсны цахим хуудас болох mongolbank.mn д байрлуулсан байгаа.

Финтек үйлчилгээнд бараа ажил үйлчилгээний төлбөр төлөх, цахим мөнгийг нэг хэрэглэгчээс нөгөөд шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг цахим мөнгөнд хөрвүүлэх, буцаан хөрвүүлэх, дансны үлдэгдэл шалгах, хуулга авах гэсэн үндсэн үйлдлүүд багтаж байна. Мөн цахим мөнгөний үйлчилгээ эрхэлж байгаа этгээд эдгээр бүх үйлчилгээг өөрийн гэрээт төлөөлөгчөөр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

Ингэснээр цахим мөнгөний үйлчилгээ үзүүлэхийн тулд заавал салбар, нэгж байгуулж өндөр зардал гаргахгүй, үйлчилгээг олон нийтэд хүргэхэд хялбар болж байна.

Монголд хэн үйлчилгээ үзүүлж байна вэ

Одоогоор хэд хэдэн байгууллага финтект нэгдэж үйлчилгээ үзүүлж байна. Гар утаснаасаа дансыг шууд уншуулж болох QR код нэвтрууд удаж байна. Мөн Мобифинианс ББСБ-аас candy хэмээх цахим мөнгө гаргаж зохих ёсны зөвшөөрлийн дагуу үйлчилгээ үзүүлж байна.

Мөн хамгийн сүүлд нэвтэрснийг дурдах юм бол lend.mn апплекейшныг нэрлэж болно. Эднийх цахим систем ашиглан шуурхай бичил зээл олгож байгаа нь яах аргагүй финтек юм.

Сөрөг тал бий юу

Цахим мөнгөний хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор өдөр тутмын, жижиглэнгийн гүйлгээ, худалдан авалтанд зориулсан төлбөрийн хэрэгсэл байх юм. Жишээлбэл, ТҮЦ-нээс ундаа авах, дэлгүүр ороод хүнсээ цуглуулах зорилгоор цахим мөнгийг ашиглахаас биш цахилгаан бараа авах, бизнесийн зорилгоор гэх мэт өндөр дүнтэй төлбөр тооцоонд ашиглахгүй. Хэрэглэгч цахим мөнгө ашиглан хийх нэг удаагийн гүйлгээний дээд хязгаарыг 1 сая, нэг өдөрт хийх гүйлгээний дээд хязгаарыг 3 сая төгрөг байхаар зохицуулсан. Энэ харьцангуй бага боловч цаанаа цахим мөнгөнөөс үүсэх эрсдэлийг бага байлгах зорилготой. Хэрэв зах зээлийн шаардлага гарвал эдгээр хязгаарыг өөрчилж, хөдөлгөх боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэсэн ч санхүүгийн салбарт шинээр нэвтэрч байгаа тул нууцлал, аюулгүй байдал нь сөрөг талд орж байна.

Categories
мэдээ спорт

М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн ДАШТ Азербайжаны Баку хотод үргэлжилж байна. М.Уранцэцэг гавьяат гурав дугаар тойрогт Кубын бөxийг цэвэр ялж `wp_posts`А`wp_posts` хэсгийн аваргын төлөө барилдаxаар боллоо.

Казахстан улсын бөх, Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэг эхний тойрогт гоц мөргөж, удаах барилдаандаа Бразилийн Чибанаг гурван торгуулиар яллаа. Ингэснээр тэрээр “D” хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Дархан, Эрдэнэт чиглэлийн автозамыг түр хаалаа

Орон нутгуудад цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурсантай холбоотойгоор хот хоорондын замын нөхцөл байдал хүнд байгаа тул Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын “Шуурхай бүлэг” хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Үүнд: Хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна.

Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд замын нөхцөл байдал хүндэрч, АЗЗА-аас баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй талаар мэдээллээ.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд өнөөдөр хойд чиглэлд, маргааш зүүн чиглэл буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур чиглэлд зорчихгүй байхыг нийт зорчигч, тээвэрчиддээ анхааруулж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​Өнөөдөр Шүхэрчин дайчдын өдөр тохиож байна

Өнөөдөр Шүхэрчин дайчдын өдөр тохиож байна. ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны шүхэрчин аврагчид Монголын улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх, аврах нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын байгууллагын тусгай хүчин юм.

Шүхэрчин аврагчид ой, хээрийн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхдээ 2000-4000, түүнээс ч дээш метрийн өндрөөс үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн 10 жилд нийт 50 гаруй удаагийн ой хээрийн голомтод 400 гаруй хоног ажиллан, 800 орчим га талбайн түймрийг унтраасан төдийгүй 2015 онд ОХУ-д гарсан түймрийн голомтод мөн үүрэг гүйцэтгэсэн.

Түүнчлэн 2014 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан халдун ууланд авиралт хийж яваад төөрсөн 76 уулчдын амь насыг аварсан бол 2017 онд Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд осолдсон уулчдыг эрэн хайх ажиллагаанд оролцсон гээд Монгол улсдаа төдийгүй олон улсад үүрэг гүйцэтгэдэг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк бодлогын хүүгээ 10 хувьд нь хэвээр үлдээхээр боллоо

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд зургаан хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот найман хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна.

Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байна.

Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ.

Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150 хувь болгон нэмэгдүүлж, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Нөхөн сонгуулийн сурталчилгаа эхлэв

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нөхөн сонгуулийн санал хураалт ирэх сарын 07-нд болно. Сонгуульд МАН болон АН-ын нэр дэвшигчид өрсөлдөхөөр сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Харин нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаа есдүгээр сарын 19-нд албан ёсоор эхэллээ.

Нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурийн сонгуулийн сурталчилгааны нээлт тус өдөр болж, нээлтэд АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Ганибал, аймгийн АН-ын дарга М.Идэрбат болон намын гишүүд дэмжигчид оролцжээ.

Харин МАН-аас нэр дэвшигч С.Цэрэндондовын сонгуулийн сурталчилгааны нээлт болоогүй, хугацааны хувьд хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

Сурталчилгаа сонгуулийн тухай хуулиараа 18 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид, намууд хуулийн дагуу сурталчилгаа мэдээллээ хийхийг аймгийн сонгуулийн хорооноос анхааруулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: “Өдрийн сонин” миний 1989 онд бичсэн тэмдэглэлийг хэвлэх онцгой эрхийг авсан

2018.09.19

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслолд оролцлоо. Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгснөөс хойш анх удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь энэ юм. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.


– Сайхан намаржиж байна уу. Та ажлаа өгснөөсөө хойш нам гүм байсан. Сүүлийн үед ямар ажил амжуулаад явж байна вэ?

-Сайхан намаржиж байна. Энэ жил үнэхээр сайхан зун боллоо. Хөдөө орон нутгаар их явлаа. Бас гадаадын улс орнуудад очиж залууст чиглэсэн томоохон хэдэн ажил хийгээд ирлээ. Дэлхийн шилдэг сургуулиудын оюутнуудад очиж илтгэл тавьсан гээд зав чөлөөгүй л яваад байна. Би цэргийн сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлч мэргэжлээр олон жил ажиллаж байсан. Сэтгүүлч мэргэжил ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг сайн мэддэг. Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог “Балдорж” шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа оролцож ирсэн. Энэ жил энэхүү ёслолд оролцож, үг хэлж, шагнал гардууллаа. Сайхан байна шүү.

-Танаас нэг зүйл асууя гэж бодож байлаа. Та өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан. 1990 онд Ардчилсан хувьсгал хэрхэн хийж байсан талаараа бичсэн тэмдэглэлийн дэвтрээ олсон гэсэн үү?

-Би алга болчихсон гээд байсан өдрийн тэмдэглэлийн дэвтрээ олсон. 1989 оны сүүл үеэс эхэлсэн өдрийн тэмдэглэл байгаа юм. Тэр өдрийн тэмдэглэл бичсэн дэвтрийг дотор нь юу бичигдсэн байгаа гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш их сонирхдог юм. Тэрхүү дэвтрээ файл болгон буулгаж эмхтгэсэн байгаа. Ардчилсан хувьсгал хийж байсан он жилүүдэд яг юу болж байсныг бүгдийг нь бичиж үлдээсэн маш сонирхолтой зүйл юм. Түүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргах бодолтой байгаа. Олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зөвхөн “Өдрийн сонин”-д онцгой эрхтэйгээр тэр тэмдэглэлийг хэвлэн нийтлэх эрхийг нь олгосон. Уншигчид 1989 оноос хойш болж өрнөсөн түүхийг уншиж, юу болж өнгөрсөн бэ гэдгийг мэдэх эрхтэй болж байгаа юм.


Categories
мэдээ нийгэм

52-ын даваанд халтиргаа гулгаа үүсчээ

Өнгөрсөн шөнө орсон цас борооны цасны улмаас нийслэлээс орон нутгийг зорих авто замуудад халтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөн саатахад хүрсэн байгаа талаар замын цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Тухайлбал, хойд чиглэлийн зам болох Сонгинохайрхан дүүргийн 61-ын гарам 52-ын даваанд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Халтиргаа гулгаатай нөхцөлд хурдаа тохируулалгүй явснаас болж осол аваар гарсан тохиолдол цөөнгүй бүртгэгджээ.

Тиймээс хөдөө орон нутаг руу зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.