Categories
мэдээ нийгэм

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг хангав

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд ОБЕГ-т ирсэн.

Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро” “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллалаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тахилтын даваа” болон “ Бөө булгийн даваа” гэдэг газруудад цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн нийт 22 алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваан”-д 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23, холимог багийн хоёр дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотод эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 129 орны 800 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаан болно. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн медальтнууд тодорсон.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Амартүвшин анх удаа насанд хүрэгчдийн ДАШТ-д зодоглосон бөгөөд нэг ч ялалт авч чадалгүй тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг Узбекстан, Куба, Португалын бөхийг ялсан ч хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фүна Тонакид ялагдлаа.

Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдсанаар шагналт байрт шалгарав. Тэгвэл Казахстаны жүдоч Г.Отгонцэцэг дэлхийн аваргын хошой хүрэл медальтан боллоо. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Сонирхуулахад, дэлхийн аваргын өмнө Олон улсын жүдо бөхийн холбооны уламжлалт хурал, техникийн зөвлөгөө болсон. Энэ үеэр 2021 оны ДАШТ зохион байгуулах эрхийг Австрийн Вена хотод өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ

Банкнаас бусад санхүүгийн салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо зарим хуулийг шинэчлэн найруулах, заримд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд боловсруулаад байгаа “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төсөлд шинээр оруулж буй зарчмын өөрчлөлтүүдийг Хорооны орон нутгийн төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүлжээ.

Хэлэлцүүлгээр Хорооны орон нутгийн төлөөлөгчид хуулийн төсөлд оруулах болон хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэлтэй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар саналыг илэрхийлсэн байна. Тухайлбал, хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхэлж буй хувь хүмүүст авах арга хэмжээний тухай, мөн, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын онцлогийг харгалзан үзэж, зохицуулалтад тусгах зэрэг онцлох саналуудыг гаргажээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд батлагдсан бөгөөд зах зээлийн харилцаа өнөөдөр тухайн үеийнхээс ихээхэн өөрчлөгдсөн. Иймд Хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа ба зах зээлийн оролцогчид, олон нийтээс санал авч буй юм байна.

Categories
мэдээ нийгэм

Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй

Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг.

Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу есдүгээр сарын 22-ны Бямба гарагт тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна.

Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болох юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас шалтгаалан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам, даваа цасанд хаагдан хальтиргаа гулгаа, мөсжилт үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах зорилгоор Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд гарах хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг 2018 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн 17:00 цагаас эхлэн 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байсан.

Улаанбаатар хотоос Дархан-Уул-Сэлэнгэ аймгийн чиглэлд гарах замыг нээлээ. Орон нутгийн зам, даваанууд дээр АЗЗА компаниуд ажиллаж, замын зорчих хэсэг дээр тогтсон цасыг цэвэрлэж байна. Иймд зарим газар зам мөстөж нягтарсан байгаа тул жолооч, тээвэрчдийг хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлэв

Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм.

Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгах зэрэг тулгамдсан асуудлаар нэгдсэн болон салбар хуралдаануудаар үргэлжилнэ.

ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

Улсын зөвлөгөөнд оролцогчид, хүндэт зочид оо!

Хатагтай ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Та бүхэн улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг төрийн албыг төлөвшүүлэх нэн чухал асуудлыг хэлэлцэн зөвшилцөхөөр энэхүү танхимд хуран цуглаад байна.

Монголын ард түмэн төрөөс, төрийн албан хаагчид Та биднээс шударга ёс, хууль дээдлэх зарчим, сахилга хариуцлага, ёс зүйг нэлээд нэхэл хатуу шаардаж байгаа. ЭНЭ ШААРДЛАГА бодит нөхцөлөөс, шалтгаант үр дагавраас урган гарч байгаа учраас ЗҮЙ ЁСНЫХ юм.

Эрх зүйт төрийг жинхэнэ ёсоор төлөвшүүлэх, төрийн албыг улс төрөөс ангид байлгах, тогтвортой, залгамж чанартай, мэргэшсэн болгох талаар сүүлийн 20 гаруй жилийн турш бид ярилаа.

Манай үе үеийн парламент монгол төрийн албыг шинэтгэх зарчим, бодлогыг боловсруулж, хуульчилсаар ирсэн. Тухайлбал, “Төрийн албаны тухай” анхны хуулийг 1994 онд баталж, 1995 оны 6-р сарын 1-нээс мөрдүүлсэн. “Монгол Улсын төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт шинэтгэлийн талаар баримтлах бодлого”-ыг 1996 онд баталсан.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай үзэл баримтлалыг шингээсэн хуулийн шинэчилсэн найруулгыг 2002 онд, “Монгол Улсын төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийг 2004 онд батлан мөрдүүлсэн.

2004-2008 оны парламент “Төрийн албаны тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төрийн албан хаагч намын харьяалалгүй байх нэн чухал зарчмыг тусгасан.

Харамсалтай нь эдгээр хуулийн үзэл санаа, шинэчлэлийн бодлого тууштай хэрэгжиж, үр дүнд хүрэхгүй, хууль зөрчих, дураар авирлах явдал үргэлжилсээр ирснийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Төрийн алба олон жилийн турш улстөржилтийн талбар болов. Бүтцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр халаа, сэлгээ хийж, хууль, дүрэм, стандартыг төр, засгийн байгууллагууд өөрсдөө мөрдөхгүй байгаагаас төрийн алба тогтвортой, залгамж чанартай байх зарчим алдагдаж, төрийн хүний нөөцийн чадавхи буурчээ.

“ТӨР БОЛ ХУУЛЬ ЮМ” ГЭСЭН ҮГ байдаг. Төрд зөвхөн хууль засаглаж байх ёстой. Гэвч энэ чухал зарчим хөсөр хаягдсаар байна.

Төрийн албан хаагчдаас Төрийн албаны зөвлөлд 2015 онд 626, 2016 онд 630, 2017 онд 514 гомдол маргаан ирүүлсэн нь ажлын өдөр бүр 2 гомдол ирж байна гэсэн үг. Энэ нь төрийн удирдах албан тушаалтнуудын үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрт ихээхэн хуудуу байгааг харуулж байгаа хэрэг.

Хууль журам, хууль ёсны эрх бүхий байгууллагыг үл тоомсорлох байдал газар авчээ. Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилоод, ажиллуулж байна.

Нөгөө талаар төрийн албан хаагчдын ёс зүй, мэдлэг, ур чадварт онцгой анхаарахгүй бол болохгүй болж. Гэмт хэрэг үйлдсэн, албан үүрэгтээ тэнцэхгүй байгаа, хууль зөрчсөн гэх мэт шалтгаанаар 2017 онд 320 албан хаагч ажлаасаа халагдсан байна. Төрийн албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйгүй байдлын талаар холбогдох байгууллагуудад ирүүлдэг иргэдийн гомдол буурахгүй байна.

Энэ мэт олон шалтгаанаас улбаалан монгол төрийн тогтвортой байдал алдагдахад хүрч болзошгүй болжээ. Төр нь тогтворгүй болохоор албан хаагч нь мэргэшиж чадахгүй байна. Мэргэшсэн албан хаагч ховордсоноос төрийн дархлаа суларлаа. Энэ бол энгийн хийгээд гарцаагүй үнэн. Төрийн алба шударга бус, тогтворгүй, дархлаагүй байгаа цагт бүтээсэн нийгмийн баялаг үрэн таран болдог, иргэдийн амьдралд олигтой өөрчлөлт гардаггүй, эцэст нь бухимдал дургүйцэл улам газар авдгийг дэлхийн зарим улс орнуудад тохиосон сургамжаас бид мэднэ. Төрийн алба нь чадавхитай, дархлаатай, тогтвортой улс орнуудад л нийгмийн хөгжил дэвшил, ард нийтийн амьдралын чанар, хүний хөгжлийн зам нээгддэгийг бид бас гадарлана.

Тиймээс төрийн албаны шинэчлэлийн дараагийн шатыг эхлүүлэх шаардлагатай гэдгийг УИХ-ын индрээс миний бие нэг бус удаа анхааруулж хэлснийг Та бүхэн санаж байгаа байх.

Улмаар бид 2017 оны намрын чуулганаараа “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, баталсан. Ингэснээр төрийн албаны шинэчлэлийн шинэ үеийг эхлүүлэх томоохон алхам хийж чадсан гэж үзэж байна.

Одоо энэ хуулийн үзэл санааг шинэ агуулгаар нь, мөн чанараар нь ойлгож, Монголын ирээдүйд нөлөөлөх ач холбогдлыг нь ухамсарлаж, хэрэгжүүлэх нь Та бүхний, нийт төрийн албан хаагчдын, иргэн бүхний журамт үүрэг мөн.

Төрийн албанд шатлан дэвших зарчмыг ягштал баримтлах, тохиолдлын томилгоо хийх нүх сүвийг хаах, нэгэнт шалгагдаж орсон ажилтныг мэргэшүүлэн тогтвортой ажиллуулах, Төрийн албаны төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулж, улс төрийн болон хөндлөнгийн нөлөөллийг хориглох, хариуцлагыг чангатгахад чиглэгдсэн энэ удаагийн эрх зүйн шинэчлэл бол улс төрийн хүсэл зоригийн илэрхийлэл юм.

Төрийн албаны шинэчлэл хэрэгжихэд улс төрийн намууд тууштай дэмжлэг үзүүлж ажиллах ёстой гэж үзэж байна. Улс төрийн намууд төрийн албанд намын болон бусад ашиг сонирхлын үүднээс нөлөөлөх явдлыг бүрмөсөн таслан зогсоох нь энэ дэмжлэгийн бодит илэрхийлэл болно.

Хуулийг дагалдан гарах журмуудыг батлах асуудал Улсын Их Хурлын намрын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд туссан. Эдгээр эрх зүйн актуудыг чамбай боловсруулж, цаг алдалгүй батлуулахад холбогдох байгууллагууд анхаарах нь зүйтэй. Хуульд тусгасан төрийн албан хаагчийг давтан сургах сургалтын байгууллагын асуудлыг яаралтай шийдвэрлэж, сургалтын хөтөлбөрийг төрийн албаны амьдрал, үйл ажиллагаанд сайтар нийцүүлж боловсруулах шаардлагатай гэдгийг сануулж хэлье.

Улсын Их Хурал төрийн байгууллагын чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах үйл явцыг дэмжих бодлого баримталж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн хаврын чуулганаар Сум, дүүргийн Засаг дарга нь ЕБС-ийнхаа захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилж, чөлөөлдөг байх, дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг дүүргийн Засаг дарга нь нийслэлийн Боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээ, нийгмийн даатгал, нийгмийн халамжийн болон хүүхэд, гэр бүл, залуучуудын асуудал эрхэлсэн байгууллагын орон нутаг дахь удирдах ажилтнуудыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байхаар хуулиудыг өөрчилсөн.

Ингэснээр орон нутгийн байгууллагын удирдлагын томилгоонд хөндлөнгөөс оролцох, улс төрийн шалгуураар хандах ёс бус байдлыг халах, нутгийн удирдлагын байгууллагын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэхэд зохих нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Төрийн албаны шинэчлэлийн цаана хүн л байх учраас юун түрүүнд төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийн агуулгатайгаа хөл нийлүүлэх ёстой. Энд удирдлагын манлайлал, үлгэр дуурайл шийдвэрлэх ач холбогдолтойг битгий мартаарай.

Манай төрийн албанд 192.5 мянган алба хаагч ажиллаж байгаа. ТӨР БОЛ ямар нэг байшин барилга, эсвэл аппарат хэрэгсэл биш, ердөө л төрийн нэрийн өмнөөс ажил алба эрхэлж, иргэддээ үйлчилгээ үзүүлж буй ХҮМҮҮС ЮМ. Тиймээс монгол төрийг би төлөөлж байгаа гэдгээ төрийн албан хаагч бүхэн ухамсарлан ойлгож, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, мэдлэг чадвараа бүрэн зориулж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл Та бүхнээс төрийн албаны шинэчлэлийн хувь заяа ихээхэн хэмжээгээр шалтгаална гэдгийг зориуд сануулъя. Түүнчлэн аливаа талцал, намчирхлаас ангид байж, эв нэгдэл, харилцан ойлголцол, хамтын зөвшилцөл, хүлээцийг эрхэмлэж ажиллахыг захья.

Төрийн албаны шинэчлэлээс улсын хөгжил, хэтийн ирээдүй шалтгаалах учраас Та бүхэн амин чухал энэ асуудлыг нухацтай ярилцаж, тодорхой үр дүнд хүрнэ гэж найдаж байна.

Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газарт талархал илэрхийлж, Улсын зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт, Та бүхэнд сайн сайхныг ерөөе.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Видео: Нийслэлийн МАН-ын 34 дүгээр хурлаас

Өнөөдөр Нийслэлийн МАН-ын Бага хурал хуралдаж, 2020 оны сонгуульд Нийслэлийн намаа ахлан орох удирдлагаа сонгоно.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Морин хуурын аялгуу, эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрэх болтугай

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Улиастай сумын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтын хаалт болоод 3030 морин хуурчдын хамтарсан тоглолтыг үзэж сонирхлоо.

“Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтад Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн 2000 гаруй сурагч хамрагдаж, сургалтын явцад цэргийн анхан шатны мэдлэг, чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, марш тактикийн сургалтад хамрагдсан юм.

Сургалтын хаалтын энэ өдөр сурагчид цэргийн маршт алхаж, тулааны үзүүлбэр, жагсаалын хөдөлгөөн, жагсаалын үзлэг зэрэг 14 хоногийн хугацаанд сурсан зүйлсээ эцэг, эх, Завхан нутгийн олондоо үзүүлж, сургалтаа амжилттай дуусгалаа.

Мөн 2011 онд 999 хуурч нийслэлийн төв талбайд морин хуур эгшиглүүлж байсан бол дараа нь 2222 хуурч болж, өнөөдөр Завхан нутагт аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс цугласан 3030 хуурч хуурын аялгуу эгшиглүүллээ.

Хуурчид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн Дуут нуур, Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Н.Жанцанноровын Монгол аялгууг эгшиглүүлсэн юм.

ХААЛТЫН ЁСЛОЛЫН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Завханчууд аа,

Монгол Улсын өнцөг булан бүрээс энд хуран цугласан эрхэм хуурчид аа.

Юуны өмнө Монгол бахархал 3030 морин хуурчдын хамтарсан тоглолтод сэтгэл оюун, үнэт цагаа зарцуулан хүрэлцэн ирсэн хүн бүхэнд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Монгол Улс, монголын түүх, өв уламжлал, үндэсний соёлыг морин хуурын аялгуу товчхон илэрхийлдэг хэмээн гадаадынхан хэлсэн нь бий. Үнэхээр ч нүүдэлчдийн өв, бэлгэдэл болсон морин толгойтой, хоёр чавхдаст хуур хөгжмөөр хорвоогийн түмэн өнгийг илэрхийлдэг билээ.

“New York Times” сонин 2010 оны наймдугаар сарын 25-ны дугаартаа “…Монгол үндэстнийг нэгтгэсэн цорын ганц зүйл нь морин хуур ч байж мэднэ. Сэргэн мандлын замдаа шулуудсан морин хуур өнөөдөр эх орноосоо хальж, дэлхийн олон оронд дорнын соёлыг гайхуулан аялж явна…” гэж бичсэн байдаг.

Үндэсний үнэт өв болохынх нь хувьд 2002 онд “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөнхийлөгчийн 17 тоот зарлиг гарч жил бүрийн Цагаан сараар Төрийн их хан хуурын сүлд аялгууг эгшиглүүлдэг уламжлал тогтсон.

2003 онд ЮНЕСКО Монголын морин хуур хөгжмийг дэлхийн утга соёл, аман өвийн шилдэг дээжист бүртгэн тунхаглаж, батламж олгосон билээ.

Завхан аймгийн үе үеийн удирдлагуудын санаачлагаар анх 999 хуурч нийслэлийн төв талбай дээр тоглож, дараа нь 2222 хуурч болон хүрээгээ тэлсээр өнөөдөр 3030 хуурч Монгол орны аймаг, нийслэл, сум дүүрэг бүрээс Завханд цугларч морин хуурын аялгуугаар та бидний зүрх сэтгэлийг дүүргэн эзэмдлээ.

Монгол Улсын маань ирээдүй болсон хүүхэд залуусыг өвөг дээдсээрээ, түүх уламжлалыг хүндэтгэж, эх орон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, эх оронч үзэл, хүмүүжилтэй, оюунлаг зөв монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалт, хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөж байна.

Бүх оролцогчдод дахин чин сэтгэлийн баяр хүргэе.

Монгол бахархал болсон морин хуурчид, үлгэр жишээ, зөв тэмүүлэл, эх оронч манлайлалтай сурагч хөвгүүд охидоороо бахархаж байна. Бусад аймгууд, хотууд энэ зүйлийг даган дуурайж, бахархаасай гэж хүсье.

Үүнтэй зэрэгцэн Завхан аймгийн Спорт цогцолбор нээлтээ хийж байгаа нь бахархалтай бас нэгэн зүйл боллоо. “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалт, хөтөлбөрийн жишгээр морин хуурын аялгуу эх оронч үйлс орон даяар түгэн дэлгэрч, Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс маань хүчирхэгжин мандах болтугай.

Баярлалаа та бүхэндээ” гэлээ.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:


Categories
гадаад мэдээ

Усан онгоц осолдож, 40 хүн амиа алджээ

Танзани улсын Виктория нууранд иргэдийг тээвэрлэн явж байсан усан онгоц осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Уг гэнэтийн ослын улмаас 40 хүн харамсалтайгаар амиа алджээ.

Аврагчид ослын газар ажиллаж, сураггүй алга бологсдыг эрэн хайсаар байна. Тус завинд нийт 400 гаруй хүн зорчиж явсан ба ихэнх нь сураггүй болов. Ойролцоогоор 100 гаруй иргэнийг аварчээ.

Ослын шалтгааныг албаныхан “Даац хэтэрсэн” гэж мэдэгдлээ.

Учир нь тус завинд 50-100 хүн тээвэрлэх зориулалттай гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтаар Хамтарсан мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалтад оролцохоор Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле тэргүүтэй төлөөлөгчид манай улсад өчигдөр ирсэн билээ.

Үдээс өмнө төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан.

Үдээс хойш УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн гишүүд төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, гишүүн Л.Болд, Г.Тэмүүлэн, Н.Учрал, Б.Ундармаа болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг, УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд, түүнчлэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Европын парламентын гишүүн Херберт Дорфманн (Итали), Хелга Стивенс (Бельги), ВульфКлинз (Герман), Мирославс Митрофановс (Латви) зэрэг төлөөлөгчид оролцов.

Уулзалтаар Монгол Улсын улстөрийн болон төрийн албаны тогтвортой байдал, хүний эрхийн төлөв байдлын талаар харилцан санал солилцож, ярилцлага өрнүүлсэн юм.

Уулзалтын талаар УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь “Сүүлийн үед манай улсын улстөрийн хүрээнд болж байгаа үйл явдлууд, эдийн засгийн өөрчлөлт, хүний эрхтэй холбоотой асуудлаар төлөөлөгчид сонирхож, энэ сэдвүүдээр өргөн хэмжээний яриа өрнүүлсэн уулзалт боллоо. Мөн энэхүү уулзалтаар талуудын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх чиглэлээр ярилцлаа гэв.

Энэхүү уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ,

-Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын энхүү XII уулзалтаар хоёр тал цөөнгүй чухал асуудлыг шийдвэрлэх чиглэлд санал нэгдэж байна.

Үүнийг нэг нь Европын парламенттай харилцах таван улсын бүлгийн нэгд багтдаг манай улс энэхүү уулзалтын үр дүнд биеэ даасан байдлаар Европын парламенттай харилцах боломж бүрдэх болов уу. Яагаад гэвэл энэ асуудлаар хоёр тал адилхан саналтай байна. Ингэснээр Европын холбооны улсуудаас эдийн засаг, нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт татах, европын орнуудад монгол иргэд визгүй зорчих, хөнгөлөлт эдлэх зэрэг олон асуудалд Европын парламентын дэмжлэгийг авах боломжтой болно.

Мөн Европын холбооноос хүний эрхийг дээдэлдэг, хөдөлмөрийн суурь эрхүүдийг хангасан “тогтвортой хөгжил, сайн засаглал”-тай хөгжиж буй улс орнуудыг урамшуулж, 7200 нэр төрлийн барааг гаалийн татваргүйгээр европын зах зээлд гаргах эрхийг нээж өгсөн байдаг. Энэ эрхийг эдэлдэг улс орнуудын нэг нь Монгол Улс ч Европын холбооноос тавьж буй бараа бүтээгдэхүүнийг чанар, стандартын гэрчилгээтэй болгох зэрэг асуудлаас болж экспортод гаргаж буй бүтээгдэхүүний нэр төрөл ноос, ноолуур, зарим нэг оёмол бүтээгдэхүүнээс хэтрэхгүй байна. Тиймээс энэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэх асуудлыг энэхүү уулзалтаар ярилцаж, тодорхой шийдэлд хүрэх зорилготой байна гэлээ.

Харин Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга, хатагтай Ивета Григуле.

-Уулзалтын үеэр яригдах олон чухал сэдвүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиглэл томоохон байр суурь эзэлж байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хоёр талаасаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байсан ч хангалттай үр дүнд хүрч чадахгүй байгаа. Үүний шалтгааныг тодорхойлж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгийг ярилцаж байна.

Европын холбооноос баталсны дагуу европын зах зээлд 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсаас татваргүйгээр гаргах нь нээлттэй ч экспортын бүтээгдэхүүний чанар, стандартаас шалтгаалж үр дүнд хүрдэггүй. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж, шийдлүүдийг гаргаж ирнэ гэсэн бодолтой байна гэв.

Ийнхүү Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын XII уулзалт өндөрлөж, УИХ-ын гишүүн, Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Ивета Григуле нар Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.