Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Сонин түгээгч дроныг туршжээ

Энэ сарын эхээр хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Японы Хоккайдо арлын оршин суугчдад мэдээ хүргэх зорилгоор тус арал дээр сонин түгээгч дроныг баасан гарагт туршиж үзжээ.

Энэхүү туршилтыг байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэж, олон зам болон гүүр сүйдсэн Асахикава хотод явуулсан ба 10 ширхэг “Хоккайдо Шимбум” сонин тээсэн дроныг 200 орчим метрийн өндөрт хөөргөсөн байна.

“Бид сонингоо түгээх боломжтой болсондоо баяртай байна” гэж “Хоккайдо Шимбум” сонины Саппоро хот дахь хүргэлтийн төвийн дарга Такума Банно мэдэгдлээ.

Хүргэлтийн дрон турших хүсэлтийг өнгөрсөн тавдугаар сард буюу газар хөдлөлт болохоос өмнө дээрх туршилтыг явуулсан багийн гишүүн санал болгож байжээ. “Сонин хүргэлтийн ажлыг ирээдүйд бүрэн автомат болгох боломжтой” гэж уг багийнхан үзэж байгаа аж.

Categories
мэдээ спорт

“Алтайн намар” шатрын бага наадам-2018 эхлэв

Орон нутагт шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, баруун бүсийн таван аймгийн шатарчдыг туршлага солилцуулах, бүсийн шатрын спортыг эрчимжүүлэх, орон нутгийн иргэдэд сурталчлах, хүүхэд багачуудад оюуны спортыг хөгжүүлэх зорилготой “Алтайн намар” шатрын бага наадам-2018 Говь-Алтай аймгийн Алтай хотноо есдүгээр сарын 21-нд эхэллээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх наадмын үеэр Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит “Баруун бүсийн багийн аварга шалгаруулах тэмцээн”, Монгол Улсын шатрын спортын анхны Олон улсын их мастер, Д.Шаравдоржийн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн, Говь-Алтай аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн, тус аймгийн хөдөөгийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн тус тус болно. Наадамд баруун таван аймгийн найман багийн 80 шатарчин оролцож байна.

Наадмыг тус аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Шатрын холбоо, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэс Алт Ресурс” ТӨХК-ий гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар хамтран зохион байгуулж буй.

Говь-Алтай аймагт 1984, 1986, 2014 онд улсын аварга шалгаруулах тэмцээн, 2004 онд “Алтай шатарчдын өлгий” тэмцээн болж байжээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа

2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр баклаврын зэрэгт суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авна.

Бүртгүүлэх хугацаа: Аравдугаар сарын 1 даваа гаригт, аравдугаар сарын 5 баасан гаригт

Материал хүлээн авах газар : БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Сонгон шалгаруулах оюутны тоо: 3 хүн

– Монгол улсын харъяат иргэн

– 2019.3.1-ний байдлаар ахлах сургууль төгссөн байх (баклаврын зэрэгтэй хүн материал өгөх боломжгүй)

– 25 нас хүрээгүй байх (1994.3.1-нээс хойш төрсөн иргэн)

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Categories
мэдээ спорт

Асашёорюүгийн дүү 50 хувийн амжилтаа үзүүлжээ

Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн төрсөн дүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ууган хүү Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн энэ тэмцээнээс макүшитад зиндаанд дэвшин барилдаж байгаа билээ.

Тэрбээр гурав дараалан ялж, зиндаагаа тэргүүлж байсан ч дараа нь гурав дараалан унаад 3:3 болоод байсан билээ. Түүний мэргэжлийн сүмод орсноосоо хойш өрсөлдөгч хэмээн нэрийдэж байгаа Тайхо аваргын ач, Ная ч мөн 3-3 болоод байлаа.

Сүмогийн холбооноос их аваргуудын удмынхныг өнөөдөр тааруулж, хэн ялсан нь 50 хувийн амжилтаа үзүүлж, хэн ялагдсан нь анх удаагаа 50 хувийн амжилт хийж чадахгүй болсон юм. Ингээд өнөөдөр “Ёкозүна DNA” тулаан болж, монгол их аваргын ген ялалт байгууллаа.

Макүшитагийн дахь бөх Хоошёорюү макүшитагийн 60 дахь бөх Наяг күбинагэ мэхээр ялсан юм. Ингээд Ная ирэх тэмцээнд санданмэд унах нь тодорхой боллоо. Хоёр бөх мэргэжлийн сүмод ороод 2 барилдаж, хоёуланд нь Ная ялаад байсан юм.

Барилдааны дараа Ная “Урагш дайрч барилдах гэсэн боловч хөл хөдлөж өгсөнгүй. Хоошёорюүтэй таарлаа гээд сандарч мэгдсэн зүйл үгүй. Цаашдаа дандаа 50 хувийн амжилт үзүүлж барилдахаар хичээх болно” гэж ярьсан байна.

Харин манай бөх Хоошёорюү “50 хувийн амжилт үзүүлээд их баяртай байна. Наяд 2 ялагдсан болохоор энэ удаад заавал ялна гэж бодож байлаа. Ирэх тэмцээнд жингээ нэмээд орж ирэх бодолтой байна. Одоо 115 кг байгаа” гэж ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Эрүүл мэндийг дэмжих төв”-тэй боллоо

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт өнөөдөр “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлт болов. Уг төвийг Такамацү Норд Ротари клуб, “Нарлаг Улаанбаатар ротари клуб” ТББ-ын 80 мянган долларын санхүүжилтээр байгуулжээ.

Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, бие бялдар, зан үйлийн цогц үнэлгээ хийж тэдний хөдөлмөрийн бүтээмж, амьдралын чанартай уялдуулан судлах шинэ технологиудыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга Л.Баттөр, “Нэг жилийн өмнө манай эмнэлэг болон Такамацү Норд Ротари клуб, “Нарлаг Улаанбаатар ротари клуб” ТББ хамтран “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулах төсөлд гарын үсэг зурсан. Энэ төвийг улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа нээж буйгаараа онцлогтой. Иргэд өвдсөн хойноо биш өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор энэ төвийг зорьж үйлчлүүлэх нь нээлттэй” гэв.

Тус төвийг нээснээр төрийн тусгай албан хаагчдын өвчлөл, нас баралтын зонхилох хувийг эзэлдэг урьдчилан сэргийлэх боломжтой бодисын солилцооны хам шинж, зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, бөөр, хоол боловсруулах замын өвчин, тамхи архины хортой хэрэглээ, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, стресс болон халдварын бус гаралтай харшил, урьдчилан сэргийлэх, хянах, биохимийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулан судлах бие бялдар эрүүл мэндийн цогц үнэлгээг хийх юм.

“Манай эмнэлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийдэг. Тиймээс манай төв нь урьдчилан сэргийлэх үзлэгийг чанаржуулах, төрийн албан хаагчдын бие бялдарт эрүүл мэндийн цогц үнэлгээ хийхийг зорьж байна. Мөн хөдөлгөөн, хооллолт, эрүүл мэндийн зан үйлийн зөвлөгөө мэдээлэл өгөх, тухайн хүнд тохирсон бодит үнэлгээг хийж сургалтыг бүлгийн болон ганцаарчилсан байдлаар явуулна. Мөн үүнээс гадна хувь хүнд зан үйлээ өөрчлөхөд нь сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлнэ” хэмээн Эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Батжаргал ярилаа.

Дашрамд мэдээлэхэд, тус эмнэлгийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн 40 хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүрдүүлдэг бөгөөд 2017 онд 100 мянган хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Күнзийн танхим” байгуулах санал тавив

МУИС, МУБИС болон Ховд их сургуулийн дэргэд 2015 онд байгуулагдсан “Күнзийн институт” хэмээх хятад хэл соёлыг сурталчилдаг байгууллагын төлөөлөгчид есдүгээр сарын 21-нд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуутай уулзаж, Увс, Баян-Өлгий аймагт салбар буюу аль нэг их дээд сургууль, коллежийг түшиглээд “Күнзийн танхим” байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв.

“Күнзийн танхим” байгуулагдсанаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон насанд хүрэгчдэд хятад хэл зааж, хятадын соёлыг сурталчлах аж. Хятад хэлийг тодорхой түвшинд сурснаар Хятадын засгийн газрын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, улмаар бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалах боломж бүрдэх аж.

“Күнзийн танхим”-д сайн дурын багш нар ирж хичээл заах бөгөөд өрөө байр тохижуулах, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зэргийг Хятадын Засгийн газраас санхүүжүүлэх аж.

Одоогоор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт “Орос хэлний төв”, Төв номын санд “Америкийн соёл мэдээллийн төв тус тус нээгдэж орос, англи хэлийг Увс аймгийн иргэд, хүүхэд залуучуудад үнэ төлбөргүйгээр зааж, тухайн орны соёлыг сурталчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн энх тайвны өдөрт ЮНЕСКО-гийн ерөнхий захирал илгээлт ирүүлжээ

НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг улс орнууд болон иргэд хоорондын энхтайвны ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор дэлхийн энхтайвны өдөр болгон тунхагласан байдаг.

Энэ жил эл өдрийг “Энхтайвны эрх-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил” уриан дор олон улсад тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлтийг хүргэж байна. Уг илгээлтэд, “Хаа нэгэн газар хүний эрх зөрчигдсөөр байх юм бол энэ дэлхий дээр энх амгалан гэж оршихгүй. Энэхүү Олон улсын энх тайвны өдрөөр 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бий болгосон хүмүүсийн нэг болох Рэне Казоны үг бидэнд хүний үндсэн эрх хүндлэгдэхгүй байх аваас энх тайван орших боломжгүй юм гэдгийг сануулж байгаа билээ. Энэ бол хүн бүрийн нэр хүнд хүндлэн дээдлэгдсэн, хүн бүр тэгш эрхийг эдэлсэн тайван нийгмийг цогцлоох гол шаардлага юм.

Эдгээр үгс хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийн төлөө бид бүхний хүлээх үүргийг сануулж байна. Энх тайван нь бүх нийтээрээ адилхан эрх ашиг хүртэхгүй бол төгс бус, хэврэг байдаг. Хүний эрх түгээмэл байх бөгөөд эс бөгөөс үл оршино. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жилийн ой тохиож буйг холбогдуулан энх тайван болон хүний эрхийг дээдлэх хүндлэлийг холбож буй энэхүү холбоос нь энэ жилийн сэдэв болж байна.

Энх тайван ба түгээмэл эрх нь өдөр бүр соригдон зөрчигдсөөр байна. Эдгээр сорилт нь эв нэгдэлтэй дэлхийг бий болгох, энх тайвнаар зэрэгцэн орших зэрэгт үүсдэг: гай зовлон, ядууралд хүргэдэг нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдал, шинэ асуудлуудыг бий болгодог уур амьсгалын өөрчлөлт, шинэ хурцдал үүсгэж буй хүн амын өсөлт. Популизм болон хэт туйлшрал зэрэг нь дэлхий даяр мөн адил тархаж байна.

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бид хамтран ажиллаж энх тайван хэмээх барилгыг тоосго тоосгоор нь өрөх хэрэгтэй билээ. Энэ нь дэлхийн ядуурал, өлсгөлөн, жэндерийн тэгш бус байдал зэрэгтэй тэмцэн, боловсролыг хөхиүлэн дэмжих, шударга ёсыг эрхэмлэх, эрүүл хүрээлэн буй орчинг үүсгэх зэргээс бүрдэх 17 зорилго бүхий НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн гол зорилго билээ.

ЮНЕСКО нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн ухамсарт энх тайванг цогцлоох хэмээн заасан Үндсэн хуулиа мөрдөн өдөр бүр өөрийн хөтөлбөр, үйл ажиллагаагаараа дамжуулан үүрэг амлалтаа биелүүлсээр байна. Соёлын олон улсын найрсаг харилцааны арван жил 2013-2022-ыг удирдан хариуцсан байгууллагын хувьд ЮНЕСКО нь боловсрол, олон улсын хамтын ажиллагаа болон соёл хоорондын харилцан яриагаар дамжуулан урьдчилан хамгаалах тогтолцоог дэлхий даяар хөгжүүлэн ажиллаж байна.

Энх тайванд хүрэх зам хэдийгээр урт ч, бид бүгд нийгмийг улам хамрангуй, хүлцэнгүй, шударга болгохын төлөө өдөр тутамдаа ажиллах хүн бүрийн үүрэг оролцоо чухал юм” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гариг илрүүлжээ

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ шинэ хиймэл дагуул эрдэмтдийн анхаарлыг татсан хоёр дахь гаригаа хоёр өдрийн дотор илрүүлжээ. Уг хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гаригуудыг хайж буй юм. Энэ тухай НАСА-гийн “Twitter” дэх хуудсанд мэдээлсэн байна.

“Дэлхийтэй төстэй хоёр дахь гаригийг илрүүллээ. Уг гариг дэлхийгээс бага зэрэг том бөгөөд манай гаригаас 49 жилийн гэрлийн зайд М ангиллын LHS 3844 одой одыг 11 цаг тутамд тойрон эргэлддэг. Шинээр илрүүлсэн гаригийг “халуун дэлхий” гэж нэрлэсэн” гэж мэдээлэлд дурджээ.

Дэлхийтэй төстэй эхний гариг олдсон тухай есдүгээр сарын 19-нд мэдээлсэн байна. Уг гаригийг “Супер-дэлхий” гэж нэрлэжээ. НАСА-гийн мэдээлснээр, энэ гаригийн масс болон радиус нь усны нягтралтай харьцуулж болохоор нягтралыг харуулж байгаа нь уг гариг дээр ус эсвэл хий байж магадгүй гэсэн дүгнэлт хийх боломжтой байгаа аж.

НАСА-гийн эрдэмтэд “гариг ангуулагч” гэж нэрлэсэн TESS (Transiting Exoplanet Survey Satellite) хиймэл дагуул нь Нарны аймгийн гадна орших дэлхийтэй төстэй гариг илрүүлэхэд шинэ алхам болно гэдэгт найдаж байгаа юм. Уг хиймэл дагуулыг 2018 оны дөрөвдүгээр сард хөөргөжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерт өртсөн өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлэв

Өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн зарим хороо үерийн усанд автан онцгой нөхцөл байдал зарлан ажилласан билээ. Иймд Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмайн хороо болон Улаан хавирган сар нийгэмлэгээс дүүргийн үерийн гамшигт өртсөн иргэдэд ’’Яаралтай үеийн тусламжийн сан’’-аас мөнгөн тусламж үзүүлсэн юм. Дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг болон Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт нар үерийн гамшигт өртсөн нийт 20 өрхөд тус мөнгөн тусламжийн ‘’Батламж’’-ийг гардууллаа.

Categories
мэдээ спорт

ОУХМ Г.Хэрлэн давлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 66, эмэгтэй 52 кг-ын жинд манай улсаас ОУХМ Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдаж байгаа юм.

Эрэгтэй 66 кг

ОУХМ Г.Хэрлэн В хэсэгт хуваарилагдсан. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Туркийн Шинан Сандалтай барилдаж вазари үнэлгээгээр яллаа. Манай бөхийн дараагийн учраа нь Мороккогийн Абдеррахман Баушита юм.

Ялбал Унгар, ӨАБНУ, Ирландын бөхчүүд манай бөхийг хүлээж байна.

Эмэгтэй 52 кг

Спортын мастер Ганболдын Ганцэцэг Австралийн Тинка Ийстентэй эхний барилдаанаа хийж, вазари үнэлгээгээр хожигдлоо. Манай бөх торггуулиар хожиж явсан ч цаг дуусахаас хориод секундын өмнө өрсөлдөгчийнхөө мэхэнд орсон юм.

ОУХМ Бишрэлтийн Хорлоодой эхний даваанд Узбекистаны Гульноза Зияаеватай таарчээ.