Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал 41 дэх түрүүгээ авлаа

Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр озэки Гойэдог давснаар мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 1000 дахь даваагаа авч, 41 дэх удаагаа түрүүлэх болзлыг хангалаа. Түүний араас нөхөж явсан озэки нар өнөөдөр бүгд өвдөг шорооджээ. Их аварга Какүрюү М.Ананд өнөөдөр мөн унаснаар тэмцээнийг 10 даваа дөрвөн унаатай үргэлжлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр учраадаа өвдөг шороодож гурван даваа, 11 унаатай болжээ. Харин Ичиножёо А.Ичинноров өнөөдөр давж, даваа унаа тэнцээд байна.

Их аварга Хакүхо М.Даваажаргал маргааш их аварга Какүрюү М.Анандтай барилдах юм. Хакүхо дээд зиндаанд 41 дэх түрүүгээ авснаар мэргэжлийн сүмогийн дээд амжилтын босгыг улам өндөрсгөж байна. Тэрээр их аварга цолтой хамгийн олон башёд барилдсан, хамгийн олон башёд түрүүлсэн, дээд зиндаанд хамгийн олон даваа авсан, нэг жилийн барилдаануудад хамгийн олон даваа авсан зэрэг нийт долоон дээд амжилтын эзэн болоод буй юм. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 41 түрүүлсэн түүний амжилтыг ойрын 30-40 жилд эвдэх боломжгүй хэмээн сүмо сонирхогчид, судлаачид үзэж байгаа ажээ.

Хакүхо дээд зиндаанд 41 дэх түрүүгээ авлаа

Их аварга Хакүхо аки башёгийн 13 дахь өдөр буюу өчигдөр их аварга Кисенсатог давсны дараа

Categories
мэдээ нийгэм

Олон улсын тархи судлалын эрдэмтэд Улаанбаатарт чуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2018 оны есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад оролцохоор Монгол Улсад ирсэн олон улсын тархи судлалын эрдэмтдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Дэлхийн тархи судлалын байгууллагын (IBRO) ерөнхийлөгч Пьер Магистретти, гүйцэтгэх захирал Стефани де Ла Рошефүкоү, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма, Японы Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Томоми Шимогори нарын хүндэт зочид, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ж.Амарсанаа, Монголын Нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшин зэрэг хүмүүс оролцов.

Уулзалтын үеэр Монголд тархи судлалын чиглэлээр олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжууд, хэрэгжүүлж болох зарим судалгааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол Улс цаашид тархи судлалын чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэйг тэмдэглэв.

Categories
мэдээ спорт

МУГТ Д.Сумъяа өнөөдөр барилдаж байна

Жүдо бөхийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 57, эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн барилдаанууд явагдана.

Энэ өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа, залуу тамирчин Л.Энхрийлэн нар хүч үзнэ. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ, ОУХМ Г.Одбаяр, залуу тамирчин Ц.Цогтбаатар нар зодоглоно.

Тэмцээний эсгийн барилдаанууд манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагт явагдана.

Categories
мэдээ

Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай байна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 1 градус хүйтэн, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэмтдийн үг” цувралын 2018 оны намрын лекцүүд эхэллээ

ШУА-иас санаачлан БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цувралын 2018 оны намрын лекцүүд эхэлж байна.

Энэ удаагийн “Эрдэмтдийн үг-21” цуврал лекцийг Ургамал хамгааллын салбар үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын хүрээлэнгийн 30 жилийн ойд зориулан ХАА-н ШУА-ийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Энхболд “ХАА-н тогтвортой хөгжилд ургамал хамгааллын гүйцэтгэх үүрэг” сэдвээр эхний лекцийг уншлаа.

Categories
мэдээ спорт

Автомашингүй өдрөөр унадаг дугуйчдын парад, дуатлоны улсын аваргын тэмцээн боллоо

Автомашингүй өдрөөр нийслэлийн залуусын төлөөлөл Д.Сүхбаатарын талбайд “Эрүүл мэнд-Идэвхитэй хөдөлгөөн” уриан дор нэгдсэн флаш моб арга хэмжээ зохион байгууллаа. Мөн төв талбайд унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан өдөрлөгт их, дээд сургуулийн 300 гаруй оюутан залуус, нийслэл хотын иргэд идэвхитэй оролцлоо. Энэ өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас өртөөчилсөн марафон гүйлтийг “Үзэсгэлэнт Улаанбаатарын цом-Нэг бүс, нэг зам” нэрийн дор зохион байгууллаа. Мөн энэ өдөр хүүхэд багачуулын оролцох дуртай зам дээр шохойн зураг зурах уралдааныг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтранявууллаа. Уралдааныг хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, хүсэл мөрөөдлийг нь тэдний нүдээр харах зорилгоор “Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос хамгаалъя” сэдвийн дор зохион байгуулж байна.

Тодруулга: Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ. Манай улс энэ өдрийг ес дэх жилдээ тэмдэглэж, хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын Уран хатгамалчид удахгүй тодорно

Уран хатгамалчдын улсын гуравдугаар уралдаан өнөөдөр Уран зургийн галерейд эхэллээ. Соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү уралдааныг зохион байгуулж буй юм. Уран хатгамлын урлагийг хөгжүүлэх, түүний сан хөмрөгийг арвижуулах, чанаржуулах, уран хатгамалчдыг дэмжих, тодруулах, хатгамлын урлагийн судалгаа, сурталчилгааг эрчимжүүлэх, хатгамал сонирхогчдын хүрээг өргөжүүлэн охид, эмэгтэйчүүдийн оюун ухаан, гоо зүй, ур чадвар, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой энэхүү уралдаанд нийслэл болон 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид нийт 120 гаруй оролцогч, 300 гаруй бүтээлээр өрсөлдөж байна. Уран хатгамалчдын уралдааныг

Зүү ороосон
Задгай буюу хөрөг хатгамал
Бусад буюу холимог хатгамал
Мартагдаж буй соёлын өвийн сэргээж урласан хатгамал
Эсгий ширмэл
Зоос ширээний сүлжмэл
Зээгт наамал гэсэн төрлүүдээр явуулж байгаа ажээ.

Уран бүтээлийн ур хийц, загвар, өнгө зохицол, уламжлалт соёл, зан үйлийн онцлогийг тусгасан байдал, хэрэгцээ, зориулалт, нийгмийн ач холбогдолыг харгалзан ардын урлаачдын бүтээлээс удирдамжид заасан 7 төрөл тус бүрээр нэг, хоёр, гуравдугаар болон тусгай байр эзлүүлж, мэргэжлийн урлаачдын бүтээлээс удирдамжид тусгагдсан 2 төрлөөр мөн нэг, хоёр, гурав, тусгай байр тус тус шалгаруулан шагнах юм. Мөн энэхүү зарлагдсан 7 төрлөөр тэргүүн байранд шалгарсан уран бүтээлчдэд Монгол Улсын уран хатгамалч цол олгоно.

Хоёр өдөр үргэлжлэх Уран хатгамалчдын улсын уралдааны үеэр уралдаанд оролцогчдод зориулж хатгамаллах урлагийн хөгжил, ирээдүй, нийгмийн ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд зөвлөгөөн зохион байгуулах юм байна. Уран хатгамалчдын улсын уралдаан 2005, 2010 онуудад зохион байгуулагдаж байсан бол энэ удаагийн уралдааныг Уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн санаачилгаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Уран зургийн галерей, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, NZ сан хамтран зохион байгуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бурхан Халдун” уулыг хамгаална

“Дэлхийн соёлын өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, судалгаа, хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улсын төв номын санд өнөөдөр болж байна. Тус хурлыг Япон сангийн шинжлэх ухааныг дэмжих Японы нийгэмлэгийн дэмжлэгээр Монгол Улсад суугаа ЭСЯ, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Монголын Үндэсний номын сан, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2015 онд бүртгэгдсэн Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг дахь түүх, археологи, соёлын өв, хэл шинжлэл, угсаатны зүйн судалга болон хадгалалт хамгаалалтын менежментийн талаар Монгол, ОХУ, Япон, БНХАУ-ын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж байгаа ажээ. Тухайлбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Бурхан Халдун Монголын эрдэмтдийн судалгаанд” сэдэвт илтгэл тавьсан байна.

Тэрээр илтгэлдээ, Бурхан Халдун хэмээх газрын нэрийг тусгайлан судалсан нь ховор хэдий ч Монголын судлаачдын бүтээл нь ихэнхдээ үгийн гарал, утга талаас нь судалсан. Харин уг нэрийн үүсэх болсон шалтгаан, тухайн үеийн нөхцөл байдал, хүн ардын оюуны орон зайн төсөөлөл, хандах хадлага талаас нь судалсан нь бага байгаа. Мөн судалгааг гүнзгийрүүлэн угсаа-хэл шинжлэл, түүх, нийгэм-соёлын хүн судлалын үүднээс шинэ онол, арга зүйн үндэслэлийг удирдлага болгон судлах шаардлагатайг харуулж байна гэсэн юм. Бурхан Халдун болон түүний түүний ойр орчмын газар усны болон түүхэн үйл явдалтай холбоотой домог нэлээд байдаг боловч эдүгээ олдсон баримтаас үзэхэд эдгээрийг тэмдэглэн олны хүртээл болгон хэвлүүлснээс бус ямар нэгэн түүх, хэл шинжлэл, угсаатны судлалын судалгаа хийгээгүй юм байна. Тиймээс аливаа түүхэн домгуудын түүхэн үндсийг түүхийн эх сурвалж баримтаар баримтжуулж, түүхэн зүйн үүднээс судлах шаардлагатайг доктор С.Чулуун онцлов.

“Байгаль соёлын өвийг хамгаалах сан” ТББ-ын тэргүүн Н.Уртнасан “Уул ус тахих соёл, зан үйл нь хүн, байгаль, сансар, огторгуйн хүйн холбоог бөхөлж, хамгаалж ирсэн монголчуудын соёлын гайхамшигт өв юм. Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлснээр хүн төрөлхтний хамтын өв болсон ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалж, хамгаалж монголын төдийгүй хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжилж үлдээх үүргийг Монголын Засгийн газар, ард түмэн хүлээсэн. Тиймээс үүргийн дагуу хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийг судалж бүртгэлжүүлж сан байгуулах, жуулчдын ая тухтай аялах орчин бүрдүүлэх, уулын үнэ цэнийг олон түмэнд сурталчлах шаардлагатай. Бурхан Халдун уулын ойр орчмоор иргэд хог новш тарих, олон машин явж газар, хөрсийг нь гэмтээх асуудал ихээр гарч байна. Тиймээс бүх нийтээрээ хамтарч цэгцлэх цаг болсон” гэв. Олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш өндөрлөнө.

Categories
мэдээ спорт

Гойэдог давбал Аки башёд түрүүлэх болзлоо хангана

Мэргэжлийн сүмогийн аки башё өндөрлөхөд хоёрхон өдөр үлдээд байна. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Кисеносатог давснаар нэг ч унаагүйгээр тэргүүлэгчийн байр сууриа хадгалж үлджээ. Харин их аварга Какүрюү М.Ананд озэки Гойэдод өвдөг шороодсоноор сүүлийн гурван өдөр дараалан унасан тааруухан амжилтаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тэрээр башёгийн эхний арван өдрийн барилдаанд төгс ялалт үзүүлэн их аварга Хакүхогийн хамт тэмцээнийг тэргүүлж явсан ч Точиношин, Такаяаши, Гойэдо нарын гурван озэкид дараалан өвдөг шорооджээ.

Их аварга Хакүхо М.Даваажаргалын хувьд өнөөдөр озэки Гойэдотой оноолт тааран барилдана. Хэрвээ Гойэдог давчих юм бол аки башёд түрүүлэх болзлоо хангах юм. Учир нь Хакүхо их аваргын араас 11 даваа, хоёр унаатай Такаяаши, Гойэдо нарын озэки цолтнууд нэхэж байгаа юм. Макүүчи буюу дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа, арван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байгаа бөгөөд 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй тул ирэх сард саняаку буюу өндөр цолоо алдах нь тодорхой болжээ. Харин сэкивакэ Ичиножёо А.Ичинноров зургаан даваа, долоон унаатай болжээ. Тэрээр үлдсэн хоёр өдөр давж байж 50 хувийн амжилтаа үзүүлж сэкивакэ цолоо хадгалж үлдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Тариалангийн бүс нутаг цасанд даруулаад байна

ХХААХҮЯ-наас авсан мэдээллээр энэ сарын 18-ны байдлаар 17.9 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 29.4 мянган га-гаас 47.2 мянган тонн үр тариа, 3.6 мянган га-гаас 85.3 мянган тонн төмс, 4.1 мянган га-гаас 48.4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Харин газар тариалангийн бүс нутгийн цаг уурын нөхцөл байдлын талаар мэдээлэхэд Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг сумын нутаг бага зэргийн цастай, бусад бүх сумын нутагт 25-30 см зузаан цас орж тариалангийн талбай цасанд даруулаад байна. Ялангуяа Хүдэр, Ерөө сумын хувьд байдал илүү хүнд байна. Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг цасгүй, Сүмбэр сум бага зэрэг цастай, Жаргалант, Цээл, Угтаалцайдам, Борнуур, Баянчандмань, Баянцогт сумын талбай цасанд дарагдсан байдалтай байна. Төв аймгийн Жаргалант, Борнуур сум хамгийн их цастай буюу 30 см орчим зузаан цас оржээ. Дархан-Уул аймагт цас их орсон боловч одоогийн байдлаар хайлаад байна. Хөвсгөл, Булган аймагт цас бага орсон учир цагийн байдал хүндрээгүй байгаа талаар мэдээллээ.

Тариаланчдын хувьд үтрэмд байгаа буудайг яаралтай тушаан үтрэмээ чөлөөлж чийгтэй буудайг хатааж авах бэлтгэлийг хангах, шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, замын байдал хүндэрсэн талаар арга хэмжээг авах саналыг Ургацын штабаас ирүүлэв.