Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 24-нд болох үйл явдал

08.00 цагт “Cosy Club Ulaanbaatar Restaurant”-т “999+” нэгдлийн “Өгөх, Туслах, Хуваалцах, Үйлчлэх-1” аяны танилцуулах уулзалт болно. Утас:88002938

09.00 цагт Төрийн ордонд Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина.

11.00 цагт МҮЭСТО-д ОХУ-н эрдэмтэн, анагаах ухааны доктор М.В.Кутушов “Хавдар болон архаг хууч өвчнийг үүсэх гол шалтгаан буюу уургийн тэнцвэрт байдал алдагдсан эсэхийг эсийн төвшинд эрт үед нь оношлож, анагаах нь” сэдвээр лекц уншина. Утас:99753064

11.00 цагт Спортын төв ордонд ӨМӨЗО-ны Ордос хотноо болох Хүүхдийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.

12.00 цагт “Мишээл экспо төвд “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хаалтын ёслол болно. Утас:80019000, 99020804

Categories
мэдээ цаг-үе

“Таван толгой” таны ч, миний ч болох зам дээрээ гарах нь гарлаа…

Уул уурхай Монголд хүчээ авсан тэр цагаас хойш Монголын нийгэм дэх тодорхой бүлэг хүмүүс хүнээ байсныг уул уурхайн салбарт их бага хэмжээгээр бизнес эрхэлдэг бүх хүн мэддэг. Мэддэг учраас төр, хувийн хэвшлийн оролцоотой уул уурхайн аль ч компанийн захирал элдэв мэдээлэл хийхээс болгоомжилж ирсэн. Ийм нууцлагдмал байдал нь эргээд тэднийг элдвээр хардаж сэрдэх, гүжирдэж гүтгэх байдал руу оруулдаг юм. Ялангуяа Монголын стратегийн ордуудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” компани, түүний салбар компанийн захирлууд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал зарлахдаа тун хойрго. Харин ойрын өдрүүдэд “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал нөхөр өөрийн биеэр гарч ирж хэвлэлийнхнийг цуглуулж орлого, ашгаа нэгд нэгэнгүй тоочлоо. Ямар юмаа хийж хүнээ алдсан эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөсөн юм яриад байгаа юм бэ. Юу бодож уул уурхай бүрийг жадлан эсэргүүцэж, болж бүтэж байгаа бүхнийг мушгин гуйвуулж байдаг янз бүрийн хүмүүсийн шантаажийг дэвэргэх юм хийгээд байгаа юм гэж Б.Ганхуяг захирлыг буруутгамаар. Тэгтэл бас нөгөө талдаа “Жингийн цуваа явдгаараа явна, жингэрийн гөлөгнүүд хуцдагаараа хуцна” гэдэг зарчмаар ажиллаж байгаа нөхөр юм байх даа гэж тоож байна. Түүнийг сая мэдээлэл хийснээс хойш судлаачид бичээд эхэлсэн. “Таван толгой” таны ч, миний ч өмч болох бодит зам дээрээ гарлаа. Одоо хамгийн хариуцлагатай, болгоомжтой байх асуудал бол улс төр, бизнесийн бүлэглэлийн хууль бус ашиг сонирхлуудаас “Таван толгой”-г хамгаалах гэж.

Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, судлаачдын үзэж буйгаар бол уул уурхай руу улангасан дайрч, шантааж хийдэг нөхдүүдийн ёо ёо нь хэдийнэ хөдөлчихсөн гэнэ. “Эрдэнэс Таван толгой” компанийн ажилд “гай” болох худал хуурмаг, гүжир гүтгэлгийн мэдээллүүдийг цацаад эхэлжээ. Тийм болохоор ойрын өдрүүдэд тус компанийн удирдлагын нийгэмд хүргэсэн сайн мэдээллүүд нь сайныг сонсож чадахаа байчихсан, шүүмжлэхээс өөрийг мэдэхгүй, шүүмжлэхийн дон тусчихсан хүмүүсийг зүсч гарахаас өөр аргагүй болсныг харуулсан үйлдэл гэнэ. “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үүнийг мэдэрсэн учраас гүжирдэхийг үл тоон стресстэж нервтсэн ард түмэндээ энэ бүх сайн мэдээллүүдийг хүргэв бололтой.

Тухайлбал “Эрдэнэс Таван толгой” компанийн дэргэд Олон нийтийн зөвлөл байгуулах гэнэ. Зөвлөлийн гишүүн есөн хүнийг ард түмний саналаар сонгох гэнэ. Энэ бол олон улсын жишигт байдаг хамгийн эрүүл зөв хувилбар. Гэхдээ зөвлөлийг байгуулахдаа маш болгоомжтой няхуур хандаж, Монголд жишиг болсон Олон нийтийн зөвлөлийг байгуулж өгөөрэй гэж хүсэх байна. Тэгж чадвал Монголын компанийн засаглалын төлөвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болно. Ингэж хүсэхийн учир гэвэл АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг хар. Тийм сайн, эрүүл саруулаар ажиллаж чадаж байгаа юу. Улстөрчдийн аймшигтай эрх ашиг орчихсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Олон нийтийн зөвлөлийг хар. Улстөрчдийн ямар эрх ашиг үйлчилж байгааг. Олон нийтийн зөвлөл дэргэдээ байгуулаад бүтэлтэй юм болсон газар энэ улсад өнөөдөртөө алга. Харин энэ бүх бэрхшээлийг давж гараад үнэхээр нэг Олон нийтийн зөвлөлийг ажиллуулсан шиг ажиллуулж чадвал Б.Ганхуяг захиралд талархъя. Бусад нь үлгэр аваг..

“Эрдэнэс Таван толгой” компанийн шилэн санхүүгийн зарчмыг баталгаажуулж, худалдан авалтыг ил тод болгох ажил нь олон түмэнд сайхан сонсогдож байна. Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт, нүүрс худалдан авалтын нээлттэй сонгон шалгаруулалт, үүний дараахь гэрээнүүдийг ил болгосон байдал нь энэ компанийг мэрж, нулимж байдаг хүмүүсийг хэлэх үггүй болгов бололтой. Түүхэнд байхгүй нэг их наядын борлуулалт хийж, 473 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан албан ёсны мэдээлэл нь бас нэг зүйлд хариулт боллоо. Өнөөдрийг хүртэл зарим нэг мэргэн ардууд “Таван толгой дээр хятадуудтай хамтрахгүй бол цааш явахгүй. Гадны компаниудтай хамтрахгүй бол Эрдэнэс Таван толгой компани босч ирэхгүй…” гэхчлэн зүсэн бүрээр хэлж ярьж, бичиж ирсэн. Тэгвэл өнөөдөр “Таван толгой” чинь монгол хүний оюу ухаанаар, гадна талд байгаа үнийн таатай нөхцөлийг дүүрэн ашиглаж босоод ирлээ. Тэрбум тэрбумын ашиг олж, ард түмэндээ ногдол ашиг өгөх тухай хариуцлагатай мэдэгдлээ. “Эрдэнэс Таван толгой” компани ирэх 2019 он гэхэд 15 саяас дээш тонныг олборлоно, 2020 онд 20 сая, 2022 он гэхэд бүрэн чадлаараа буюу 35 сая тоннд хүргэнэ. Одоогоор 9,1 сая тонныг олборлоод байгаа. Тэгэхээр ирэх жилүүдэд 35 саяд хүргэх боломж бий гэсэн мэдээллүүд нь ард түмэнд итгэл найдварын гэгээ татуулж байна.

Ер нь тэгээд ОХУ-д нүүрс гаргах, Владивостокоор дамжуулан Находикийн боомтоор нүүрс тээвэрлэх асуудал шийдвэрлэгдэх шатандаа явааг. Нүүрсээ угааж эцсийн бүтээгдэхүүн гаргах, бага хэмжээгээр биш 500 мянгаас дээш тонноор борлуулаад эхэлсэн тухай, дундын зуучлагч байхгүй болсон гэх сайн мэдээллүүд, мөн IPO гаргах хүрээнд олон улсын шинжээчид тус компанийн бүх гэрээг судалж, хувьцаа, IPO хариуцсан албууд нь цаг наргүй ажиллаж, алдагдсан 268 тонн нүүрснийхээ мөнгийг эргүүлж авахаар болсон тухай сайн яваа ажлуудад нь энэ салбар дахь манай хувийн хэвшлийнхэн таатай хандахгүй байгаа нь ёозгүй харагдаж байна. Монголчуудын тамын тогооны үлгэр гэдэг энэ. Үнэндээ Монголд хэдхэн хүн нүүрсээр баяждаг, дэлхийн хэмжээний саятнууд болдог байдал одоо энэхүү “Эрдэнэс Таван толгой” гэх төрийн өмчийн компанийн өөдрөг үйл ажиллагаагаар эцэс болох ёстой. Нүүрсний буяныг монголчууд бүгдээрээ хүртмээр байна. Тус компаниас 2,5 сая иргэн хувьцаа эзэмшиж, хувь ашиг хүртэх нь олон улсад байдаг эдийн засгийн эрүүл сайн тогтолцоо шүү дээ. Яагаад Сингапурын Тимасек шиг ард түмнээ баяжуулж болдоггүй юм. Яагаад “Эрдэнэс Таван толгой” гэсэн хоёр дахь Эрдэнэт үйлдвэрийг ойрын хугацаанд бий болгож болохгүй гэж. Төрд байгаа өмч бүхэн муу менежмэнттэй байдаг гэдгийг өнөөдөр “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд үгүйсгэж чадлаа. Эрдэнэт үйлдвэрийн хэрийн ашгийг энэ компани олчихоод байна. Ийм гэрэл гэгээ өөд явж байгаа компанийг шүүмжлээд үгүйсгээд байгаа хүмүүсийг ойлгоход хэцүү. Тэд ард түмнээ ядуу буурай амьдруулах сонирхолтой, тэгээд хэдүүлэхнээ баян цатгалан амьдрах гэсэн хүмүүс.

Монголын гурван сая иргэнийг төлөөлсөн, дэлхийд гарах том амбицтай, цэвэр бизнесийн “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс одоо зоригтой ажилла. Монголын ард түмний эрх ашгийн төлөө шийдэмгий, ухаалаг, мэдрэмжтэй, санасан бодсоноо хий. Ингэж ажиллах цаг үе дээрээ ирсэн гэдгийг Монголын уул уурхайн шилдэг мэргэжилтнүүд, судлаачид хэлж, бичиж, зөвлөж байгаа юм шүү. Жингийн цувааг явдгаар нь л явуул…

Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгө оруулагчид бодлогын тогтворгүй орчноос бусад ямар ч том эрсдлийг үүрээд гардаг

“Лайон менежер лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддаптай ярилцлаа.


-Танай сан ямар төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг вэ?

-Манайх Австралийн хөрөнгө оруулалтын сан байгаа юм. Эхний ээлжинд уурхай болох боломжтой газруудад хөрөнгө оруулах сонирхолтой. Өөрөөр хэлбэл хайгуулын компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Хайгуул хийгдэж буй үр дүнгээс нь хамаарч үнэлгээ хийж, үйлдвэрлэлийн шат руу орохоос өмнөх компаниудад ихэвчлэн хөрөнгө оруулалт хийдэг.

-Ямар улсуудад хөрөнгө оруулалт хийж байна?

-Манай сан дэлхий даяар хөрөнгө оруулалт хийдэг. Африк, Азийн улсуудаас гадна Австралид хөрөнгө оруулалт хийж байна. Өнөөдрийн байдлаар нэлээд хөрөнгө оруулалтыг Тунис, Индонези, Буркина Фасо, Монгол зэрэг улсад хийсэн.

-Монгол хөрөнгө оруулагчдын хувьд хэр сонирхол татахуйц орон бол?

-Монголын тухайд геологийн үзүүлэлт, эрдэс баялгийн нөөц боломжоороо сонирхол татсан улс. Хайгуулын ажлууд хийгдээгүй учраас хайгуул хөгжиж байж боломжууд нээгдэнэ гэж харж байна. Ний нуугүй хэлэхэд Монголын уул уурхайн салбар эрх зүйн үүднээсээ сорилттой тулгарсан гэж харагддаг. Дэлхийн ихэнх хөрөнгө оруулалтын сангийн сонирхол болон хөрөнгө оруулалт эрх зүйн орчин нь ойлгомжтой, тогтвортой улс руу чиглэдэг. “Дисковер Монголиа”-д оролцсон хоёр өдрийн туршид нэг эерэг зүйл анзаарагдлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын илтгэлд туссан гол мессэж итгэл төрүүлж байна. Сайдын илтгэл уул уурхай, эрдэс баялгийн салбарт хийгдэх шинэчлэлүүд, салбарын өмнө тулгарсан сорилтыг давахад чиглэгдсэн гэж ажиглалаа. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд эрх зүйн шинэчлэл хийх тухай асуудал сайдын илтгэлдээ дурдсанчлан бодлого шийдвэр болбол хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой.

-“Дисковер Монголиа”-гийн үеэр хөрөнгө оруулалт татаж буй шинэ улсууд дотор Буркина Фасо гэдэг нэр дуулдлаа. Хөгжлийн үзүүлэлтүүдээрээ дэлхийд сүүл мушгидаг улс гэдгээрээ танигдсан орон. Хөрөнгө оруулагчдыг татаад буй шалтгаан нь юундаа байна?

-Энэ орныг ярихаар их сонирхолтой харьцуулалт харагдах байх. 15 жилийн өмнө тус улсад уул уурхайн салбарын ямар ч хөгжил байгаагүй. Гэтэл өнөөдрийн байдлаар тэнд эрх зүйн шинэ орчин бүрдсэн. Тэр хэрээрээ хөрөнгө оруулагчдыг татаад эхэллээ л дээ. Шалтгаануудынх нь нэгийг дурдвал эхлээд гэрээ байгуулахад Засгийн газар нь 10 хувийг шууд өмчилдөг юм байна. Хоёрт нь татвар дээр хөнгөлөлт болон зарим зохицуулалтыг шууд тодорхой гаргаад өгчихдөг. Гуравт нь гэрээ байгуулагдсан хугацаанд татварын болон бусад санхүүгийн зохицуулалт маш тогтвортой байдаг нь хөрөнгө оруулагчдыг татаад байна. Сүүлийн хэдэн жил терроризм энэ тэр гээд асуудалтай байсан ч сая дурдсан гурван шалтгаан хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна.

-Үймээн, самуунтай байсан ч бодлого нь тогтвортой бол хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чаддаг гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Эрх зүйн тогтвортой байдал ямар чухал гэдгийг ярихад Африкийн Танзани гэдэг орон дараагийн онцгой жишээ болох байх. 20 жилийн өмнөөс уул уурхай нь хөгжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд маш олон компани уул уурхайн салбар руу нь орж тогтвортой ажилласан. Ялангуяа алтны салбарт түлхүү орсон байдаг юм. Гэтэл арванхоёр сарын өмнөөс төр засгаас нь татварын шинэ зохицуулалт нэвтрүүлж, компаниудад тулгасан байдлаар хэрэгжүүлсэн. Үр дүнд нь тэнд ажиллаж байсан компаниудын хувьцааны үнэлгээ буурч, уул уурхайн салбарынх нь үйл ажиллагаа доголдсон. Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байна. Урьдчилан харж болохгүй аливаа зүйл хөрөнгө оруулагчдыг байнга үргээдэг. Тогтвортой, урьдчилан харж болох төслүүд рүү хөрөнгө оруулагчид орох сонирхолтой байдаг. Танзани хоёр зүйлээрээ нэлээд алдартай. Хувь хүний аюулгүй байдал, хулгайн хэргээрээ багагүй асуудалтай орон. Гэсэн ч эдгээр таагүй нөхцөл байдлыг нь компаниуд өөрсдийнхөө хэрээр шийдэж, хөрөнгө оруулсаар ирсэн. Эрх зүйн орчин, бодлого нь тодорхой байсан учраас хөрөнгө оруулагчид бусад зүйлийг нь шийдэх маягаар ажиллаж ирсэн байдаг юм. Бүр тодруулж хэлбэл бодлогын тогтворгүй орчноос бусад ямар ч том эрсдэлийг хөрөнгө оруулагчид үүрээд гардаг.

-Австрали уул уурхайн салбарын хөгжлөөрөө тэргүүлдэг улсын нэг. Эрх зүйн орчин нь олон арван жилийн турш тогтвортой явсаар өнөөг хүрсэн гол шалтгаан нь юу вэ?

-Австрали зуу гаруй жилийн уул уурхайн салбарын эрх зүйн орчноороо танигдсан. Татвар нэмэгдүүлэх, үр шим хүртэх боломжуудыг өсгөх гэх мэт маш олон удаагийн оролдлогууд явж байсан л даа. Гэхдээ тэр болгонд Засгийн газар болон бодлого тодорхойлогчдод тайлбарлаж ойлгуулж чадсан хэсэг нь сонгогчид байсан. Тэд уул уурхайн салбарын үр өгөөж болон шимийг нь сайн ойлгодог. Олон нийт нь уул уурхайн ажил олгогч, татвар төлөгч, ашиг өгөөж өгөгч гэдэг эерэг талуудыг нь сайн мэддэг. Тийм учраас аливаа нэг байдлаар татвар нэмэгдүүлэх процесст оролцож өөрсдийнхөө саналаар болиулах гэх мэт уул уурхайн салбарыг дэмжих процесс өрнөсөөр ирсэн байдаг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн салбарын үр өгөөжийг бүх нийтэд таниулахад хувийн хэвшлийнхнийг оролцооч, тэр хэрээрээ бид зөв нэгдсэн ойлголттой байж чадна гэж хэлж байсан. Миний хувьд сайдын энэ үгийг олзуурхаж сонслоо.

-“Дисковер Монголиа” уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын чуулган танд ямар санагдав. Хүссэн мэдээллээ авч чадав уу?

-Би дэлхийн маш олон уул уурхайн чуулга уулзалтуудад оролцсон. Гэхдээ анх удаа салбарын сайд нь өглөө ирж гол илтгэлээ тавиад өдөржингөө хуралд оролцож байхыг харлаа. Энэ нь маш эерэг нэг мессэжийг бидэнд өглөө. Сайд урагшаагаа харж хамтдаа яаж хөгжих вэ гэсэн арга замыг хайж яваа юм байна. Бас элдэв бэрхшээл тоочиж, гомдоллосон өнгө анзаарагдсангүй. Яг л ирээдүй рүү харсан байдлаар ярьж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд маш эерэг мессэж болж чадлаа.

-Хөрөнгө оруулалтын сангийн менежер хүний тань хувьд асуухад жишээ нь таны Монголыг гэх сонирхлыг энэ удаагийн арга хэмжээ төрүүлэв үү?

-Ямар ч эргэлзээгүйгээр сонирхол төрөхөөр арга хэмжээ болсон.

-Танай сангийн зүгээс Монголд дахиад хөрөнгө оруулах болов уу?

-Манай сангийн боломжит хөрөнгө оруулах хэмжээ гэж бий. Боломжит хэмжээ маань тодорхой хэмжээгээр хязгаар тавих нь ойлгомжтой. Гэхдээ миний хувьд итгэл нэмэгдсэн.

-Монголд ямар төсөлд хөрөнгө оруулсан бэ. Хөрөнгө оруулахаар сонирхож буй төсөл гэвэл онцлох төсөл бий болов уу?

-Алтны салбар сонирхол татаж байна. Учир нь бага зэргийн уурхайнаас илүү хурдан хөгжих боломжтой эрдэс баялагт тооцогддог юм. Хоёрт нь алт олборлох процесс бусад эрдэс баялагтай харьцуулахад илүү хялбар. Гуравт алтны худалдан авалт ирээдүйтэй болохоор борлуулахад үнэ цэнээ алддаггүй. Манай сан “Эрдэнэ ресурс”-ын төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. 4-5 орчим хувийг нь эзэмшдэг.

-Уул уурхайд хөрөнгө оруулахад тухайн улсын иргэдийн уул уурхайн салбарт хандах хандлага нөлөөлдөг гэдэг. Монголын иргэдийн уул уурхайн салбарт хандах хандлагын тухайд танд төсөөлөл байна уу?

-Монгол Улсын хүн амын уул уурхайн салбарыг харах өнцөг нь мэргэжлийн биш уул уурхай эрхлэгчид гэсэн хандлагатай байх шиг анзаарагдаж байна. Гэтэл Монголд мэргэжлийн уул уурхайн компаниуд олноороо ажилладаг. Тэдний үйл ажиллагааг мэргэжлийн биш уул уурхай эрхлэгчидтэй адил гэж сэтгэж хавтгайруулж хараад байна. Хэрвээ мэргэжлийн уул уурхайн компанийн дэлхийн стандартаар урагшилдаг үйл ажиллагааг нь ойлгож хардаг болчихвол өөр л дөө. Иргэдийн хандлага илүү өөр, эерэг болоод ирнэ. Уул уурхайн салбарт эдийн засагт ямар чухал нөлөөтэй гэдгийг ойлгож хардаг болчихвол тэр хэрээрээ уул уурхайн салбарыг дэмжих хандлага гуйвж дайвахгүйгээр тогтох байх.


Categories
мэдээ нийгэм

Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 24, Сумъяа гариг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 6:42 цагт мандан, 18:44 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “30 гаруй настай, 30 орчим компанитай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “30 гаруй настай, 30 орчим компанитай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат” хэмээх нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монголын хөгжилд төрийн оновчтой зохицуулалт дутагдаж байна хэмээв.

“Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог байдал үүгээр дуусаасай гэж бодож байна гэж “Эдийн засаг” нүүрт ярилаа.

Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдлоо гэж “Улс төр” нүүрт бичив.

“Баримт, үйл явдал” нүүрт Хүүхэд хулгайлсан гэх Л.Отгончулууныг харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагад хандана уу гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна хэмээж “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Урлаг судлалын ухааны доктор, профессор, кино найруулагч Б.Цогтбаяр: Шүүгчдийн босгыг давна гэдэг уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг хэмээж “Соёл урлаг” нүүрт ярилаа.

“Хөдөлгөөнт эргүүлийн анхны даргаар ажиллаж явсан хурандаагийнх”-д гэж “Танайд өнжье” нүүрт бичлээ.

XVII зууны монголчуудын хувь заяа Манж, Оросын хоорондох Нэрчүүгийн гэрээгээр шийдэгдсэн хэмээн “Түүхийн жимээр” нүүрт өгүүлжээ.

“Нийгэм” нүүрт НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа: Цахим орчин дахь амьдрал бодит ертөнцөөс ч аюултай байж мэднэ гэжээ.

“Томилолт” нүүрт Ерөнхийлөгч “Эх оронч манлайлал” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхийг уриалав гэв.

“Спорт” нүүрт Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа ДАШТ-ээс гурав дахь медалиа авлаа гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэхийг дэмжинэ гэв

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч байгааг зарласныг тэмдэглэж, улмаар хоёр тал эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн тэлэх замын зураглалыг тохирсныг мэдээлэв. Мөн Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг сайжруулах төсөлд зориулагдаж байгааг дурдаж, төслийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлын талаар ярив.

Сенатор Дан Салливан Монгол, Америкийн найрсаг сайн харилцаа харилцан итгэлцсэн уур амьсгалд өргөжин тэлж байгаад баяртай байна гээд Монгол, Америк цэргүүд Афганистанд хамтдаа алба хааж, дэлхий дахин болон бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байгааг сайшаан тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нэвтрүүлэх хуулийн төслийг Сенатад танилцуулахад хамтран зохиогчоор оролцож, дэмжиж ажиллахаа мэдэгдэв.

Мөн Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс Хойд, Өмнөд Каролина мужид тохиолдсон далайн шуурганд нэрвэгдсэн хүмүүст зориулж чин сэтгэлийн тусламж үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлэв.

Мөн талууд хоёр орны иргэдийн хэлхээ холбоо гүнзгийрэн хөгжиж байгааг сайшаан, дэмжиж ажиллахын чухлыг тэмдэглэж, үүнд ялангуяа АНУ-ын сайн дурынхны оруулж буй хувь нэмэр их байгааг онцлов.

Categories
энтертаймент-ертөнц

“Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт Өвөр Монгол, Буриадын моделиуд өрсөлдөнө

“Боловсрол суваг” телевиз АНУ-ын CBS студийн албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийг хоёр дахь жилдээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“Mongolia’s next top model” нэвтрүүлгийн энэ жилийн дугаарууд илүү олон онцлогтой байх болно гэдгийг нэвтрүүлгийн багийнхан мэдээллээ. Тодруулбал энэ жил Монгол улсаас гадна Өвөр Монгол, Буриад улсын модель охид шалгаруулалтад оролцож гурван улсын шилдгийн шилдэг моделиуд хоорондоо өрсөлдөхөөр болсон байна. Энэ жилийн хувьд зураг авалтын агуулга улам баялаг, сонирхолтой болж байгаа аж. Учир нь нэвтрүүлгийн багийнхан Буриад болон Өвөр Монгол улсад очиж зураг авалт хийхээр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар:Төрийн албаны машинд тусгай тэмдэглэгээ наана

Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, тусгай тэмдэглэгээ наах ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлүүлнэ гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Г.Занданшатар сайдын хэлснээр, Төрийн албаны бүх машинд “Төрийн албаны машин” гэсэн тэмдэглэгээ, наалт наах юм байна. Мөн утасны дугаар байрлуулж өөр зориулалтаар ашиглаж байвал утасдаж мэдээлэл өгч байх боломжийг иргэдэд бий болгох аж. Тэрбээр, энэ талаар өнгөрсөн хоёр өдөр болсон Төрийн албан хаагчдын улсын зөвлөгөөний үеэр мэдэгдэж, өөрийн фэйсбүүк хуудаснаа ч бас нийтэлжээ.

Хэрэв түүний хэлснээр төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд ашиглахгүй байх ашигласан тохиолдолд хариуцлага тооцох хяналтыг хэн тавих, ямар хариуцлага тооцох зэрэг олон асуудлыг шийдэх хэрэгтэй болох юм.

Categories
мэдээ спорт

Хакүхо: Ирээдүйн бөхчүүдэд том зорилго болох зам гаргаж өглөө

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын барилдаан өнөөдөр өндөрлөв. Энэ удаагийн башёд их аварга Хакүхо М.Даваажаргал 15 давж, 41 дэх түрүүгээ авлаа. 41 удаа түрүүлэхдээ 14-т нь нэг ч уналгүй түрүүллээ. Тэрээр өчигдөр озэки Гойэдог давснаар түрүүлэх болзлоо хангаад байсан юм. Мөн озэки Гойэдогоор дээд зиндааны 1000 дахь даваагаа авсан. Өнөөдөр их аварга Какүрюү М.Анандтай барилдаж 1001 дэх даваагаа авсан юм. Их аварга Хакүхо энэ удаагийн башёд түрүүлснээс гадна олон дээд амжилтын эзэн боллоо. Тэрээр их аварга цолтой хамгийн олон башёд барилдсан, хамгийн олон башёд түрүүлсэн, дээд зиндаанд хамгийн олон даваа авсан, нэг жилийн барилдаануудад хамгийн олон даваа авсан зэрэг нийт долоон дээд амжилтын эзэн болоод байгаа юм. Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 41 түрүүлсэн түүний амжилтыг ойрын 30-40 жилд эвдэх боломжгүй хэмээн сүмо сонирхогчид, судлаачид үзэж байгаа ажээ. Их аварга Хакүхо энэхүү амжилтынхаа талаар хэлэхдээ “Ирээдүйн бөхчүүдэд том зорилго болох зам гаргаж өглөө” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нүүрсний тээврийн дөрвөн машинаас бичиг баримт болон гэрэл дохионы зөрчил илэрчээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа Тавантолгойн уурхайн орд газраас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км авто зам дээр гарч байгаа зам тээврийн осол, зөрчлийн байдалтай танилцжээ. Тус ажлын хэсэг Цогтцэций сумаас Гашуунсухайтын авто замын тэг цэгээс Оюутолгойн уурхай хүртэлх замд шөнийн цагаар тээвэрлэлт хийж байгаа авто машинуудын тээврийн хэрэгслийн гэрэл дохионы бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгсэл шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо гэрэл дохиог шилжүүлж байгаа эсэхтэй танилцаж ажиллахад таван авто машинаас дөрөв нь гэрэл дохионы болон бичиг баримтын зөрчилтэй байжээ. Мөн тус замд замын эвдрэл гэмтэл их байгаатай холбоотой жолооч нар тухайн замын цөмөрхий, эвдрэлийг тойрон гарах болон хурд хэтрүүлж хөдөлгөөнд оролцсоноос мөргөх, мөргөлдөх, замын хажууруу унах ослууд гардаг байна.