Categories
мэдээ нийгэм

Үүрэг даалгаварын биелэлтийг танилцуулав

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 1762 иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 80 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 5112 дуудлага мэдээлэл хүлээн авч 1302 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 11.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гудамж замд хийсэн шалгалтаар 1040 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар, 87 тээврийн хэрэгсэл саатуулагдсан нь өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 7-16 хэм дулаан, шөнөдөө хасах 3-аас нэмэх 5 хэм дулаан, багавтар үүлтэй, салхины хурд 6-9 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 100 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 80, эрэн хайх, аврах ажиллагааны 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 1503 иргэн, 2.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Улаанбаатар хот орчмоор 09 дүгээр сарын 20-ны өдөр орсон цас, цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-чандмань сумын 52-ын давааны автозам хаагдаж, олон автомашин цасанд боогдсон дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-аас томилгоот бүрэлдэхүүн, машин техник гаргаж замын хажуу болон зам дээр цасан хунгар үүсч үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон 433 автомашинтай 1300 иргэн, хот хоорондын зорчигч тээврийн гурван автобус 150 иргэн даарч, бээрсэн, түлш, шатахууны хомсдолд орсон, дугуй хагарсан зэрэг нөхцөл байдал үүссэнийг шуурхай арга хэмжээ авч есдүгээр сарын 21-ний өглөөний 05:30 цагт авто замын зорчих хэсгийг хэвийн ажиллагаанд оруулсан” гэж танилцуулав.

“Манай газраас өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Нийслэлийн Засаг даргын А/720 дугаар захирамжийн дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хөдөлгөөнт хяналт шалгалтыг хоёр удаа хийж, товчоодын үйл ажиллагаатай танилцаж, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл зэргийг тарааж, тарваганы мах, түүхий эдийг илрүүлсэн тохиолдолд хэрхэн ажиллах талаарх үүрэг даалгаврыг өгсөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж зөрчилтэй үйл ажиллагаа явуулж буй 20 ТҮЦ-ийн түрээсийн гэрээ цуцлуулах албан бичгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн. Мөн зөвшөөрөлгүйгээр шорлогны байгууламж, зуух барьсан иргэдийн дөрвөн цэгийн үйл ажиллагаа зогсоосон. ҮЦХ-д төсөл хэрэгжүүлэгч “Ред фильм” ХХК-ийн хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй цэгүүдийн үйл ажиллагааг зогсоосон” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө. “Нийслэлийн Засаг даргын орлогч нар хариуцсан салбарын агентлаг, харьяа газруудын удирдлагуудтай уулзаж нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг энэ долоо хоногт эцэслэн хэлэлцэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуул” гээд “Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, Нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай болон эмнэлэг, сургуулийн орчны тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах, 15-нд нь улсын комисст хүлээлгэж өгөх, Нийслэлийн иргэдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, үр дүнтэй оношлох, эмчлэх, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ үзүүлэх байнгын бэлэн байдлыг хангах, идэвхжил, дэгдэлтийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулжээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон гал түймэр унтраах автомашин техник хэрэгсэл, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, ашиглалт, аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн таван багийн 20 гаруй алба хаагч оролцож, ганцаарчилсан болон байлдааны тархалт, саадтай зурвас туулах гэсэн гурван төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Нийлбэр дүнгээр хоёрдугаар байранд Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн дэслэгч М.Мөнгөнбилэг ахлагчтай хоёрдугаар салаа, нэгдүгээр байранд мөн ангийн ахлах ахлагч Д.Нямдаваа ахлагчтай нэгдүгээр салаа шалгарч, ажил мэргэжлийн аварга боллоо гэж Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

40 сая ам.долларын зээлээр баруун аймгуудад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлнэ

Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх чиглэлээр манай улсад 40 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Энэ мөнгөөр баруун аймгуудад 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний систем байгуулна гэж Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр 40.5 мегаваттын сэргээгдэх эрчим хүчний бие даасан систем байгуулж, эрчим хүчээр дутагдаж байгаа суурин газруудад орон сууцны дулааны систем байгуулах 500 киловаттын хүчин чадалтай шахуурга тавих гэнэ. “Баруун аймгуудын хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний цэвэр, найдвартай, тогтвортой эх үүсвэрийг бий болгох, хүлэмжийн хийг бууруулах нь чухал” гэж тус банкны Зүүн Азийн эрчим хүчний салбарын ерөнхий мэргэжилтэн Шигэрү Ямамура мэдэгдсэн байна. Энэ төсөл хэрэгжсэнээр баруун бүсэд амьдарч байгаа 285313 иргэн эрчим хүчний цэвэр, найдвартай эх үүсвэрээр хангагдана. Мөн агаарын бохирдол буурах тул амьдрах орчин нөхцөл нь сайжирна гэж тооцож байгаа юм байна. Манай улс Парисын гэрээнд нэгдэж, 2030 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Энэ амлалтаа биелүүлэхэд дээрх зээлээр хэрэгжүүлэх төсөл чухал нөлөө үзүүлнэ гэж Ш.Ямамаура онцлон тэмдэглэжээ.

Categories
мэдээ спорт

Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Б.Бат-Эрдэнэ залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэвБөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ есдүгээр сарын 17-23-нд Словакийн Трнава хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, спортын мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирлаа. Энэ жинд залуучуудын ДАШТ-ээс гурав дахь тохиолдол болж байна. Түүнээс өмнө нь үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн ОУХМ Дамдингийн Баяраа агсан 1979 онд Улаанбаатарт, ОУХМ Баатарын Нямбаяр 2012 онд Тайландын Паттая хотод хүрэл медаль хүртэж байв.

Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист оноогоор цэвэр (1:12) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр (12:1) яллаа.

Categories
мэдээ улс-төр

“Төсвийн алдагдлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай”

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн хатагтай К.Лагардтай уулзаж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг дэмжиж, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж байдагт ОУВС-гийн Тэргүүн болон нийт хамт олонд талархал илэрхийлэв.

ОУВС-гийн тэргүүн К.Лагард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” батлагдсанаас хойш хэрэгжилт сайн байгааг онцлоод бодлогын хэрэгжилт тууштай, зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан, төсвийн тогтвортой байдал, өрийн хэмжээ буурах, зээлжих зэрэглэл сайжрахад дорвитой ахиц гарсан амжилттай хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Хөтөлбөрийн үр дүнд монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, цаашлаад 2019 онд 8 орчим хувиар өсөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч, төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, улмаар 2019 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар тооцож байна.

ОУВС-гийн тэргүүн К.Лагард инфляцийн түвшин зорилтот түвшинд хадгалагдан, гадаад валютын нөөц чамлалтгүйгээр өсч, банкны салбарыг эрүүлжүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах зэрэг ажлууд хийгдэн эхний үр дүнгээ өгч эхэлснийг онцлон тэмдэглэв.

Монгол Улс гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж, үүсч болзошгүй шокын эсрэг арга хэмжээг боловсруулах нь зүйтэй гэдгийг ОУВС-гийн Тэргүүн тэмдэглэв.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаан боллоо

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын алба хаагчид Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаанд амжилттай оролцож, гуравдугаар байр эзэллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчдийн дунд зохион байгуулагдсан тус уралдаанд 14 анги, байгууллагын 250 гаруй хөгжимчин оролцсон байна.

Уралдааныг Зэвсэгт хүчний жанжин штаб, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Долгорын Сандагсүрэн сан” ТББ-аас хамтран зохион байгуулжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр ажилд томилогдсонтой холбогдуулан, аймгийн ИТХ-аас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Дүгэржавыг Засаг даргаар томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлээд байсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Б.Дүгэржав өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт Ховд аймгийн Засаг даргын үүрэг ажлаа хүлээн авсан байна. Засаг даргаар томилогдсон Б.Дүгэржав нь аймгийн Боловсрол соёлын газрын дарга мөн хувийн хэвшилд барилгын компанийн захирлын алба тус тус хашиж байсан аж.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх Засаг даргаар томилогдсон Б.Дүгэржавт аймгийн Засаг даргын болон Баруун бүсийн зөвлөлийн тамга, тэмдгийг албан ёсоор гардуулж өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов

Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрээр Конгрессын номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцав. Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “history du grand Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв. Мөн Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

М.Энхболд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2018 оны 69 дүгээр тогтоолыг үндэслэн гаргасан уг захирамжаар Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг доор дурдсанаар тогтоосон байна.

Үүнд:

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газарт тус тус даалгасан байнагэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Зүрх уулын зүрхэн талд сүндэрлэх “Майдар хот”-ын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ

“Майдар цогцолбор”-ын ажил үргэлжилж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Наймдугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан нь дэлхийн экологийн жишиг “Майдар хот” сүндэрлэх том алхам болсон. “Майдар хот” төсөл 2009 онд эхэлж, 2012 оноос хойш судалгаа шинжилгээ, хот төлөвлөлтийн ажил хийгдэн дууссан талаар “Майдар хот” төслийн удирдагч Л.Баяртуул хэлсэн юм. Бид “Майдар хот” сүндэрлэх Төв аймгийн Сэргэлэн сумын нутгийг зорих замд ийн яриа өрнөж буй хэрэг. Нийслэлээс 50 км яваад Сэргэлэн сумын нутаг Зүрх уулын өвөрт ирлээ. “Майдар хот” сүндэрлэнэ, сүндэрлэхгүй гэсэн явган яриа өнөөдрийг хүртэл бидний амнаас ам дамжин яригдаж байна. Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргаж 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тул ирэх оноос бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлэх нь нэгэнт тодорхой болсон байна. “Майдар хот” төсөл нь эдийн засгийн хөгжлийн хувьд тогтвортой, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан хүрээлэн буй орчиндоо ээлтэй, байгалийн нөөц баялагт хэмнэлттэй хот болох зорилго тавиад байгаа юм. “Майдар хот” төсөл хэрэгжсэнээр орчин үеийн хот байгуулалтын хамгийн шилдэг технологид суурилсан Монголдоо төдийгүй Азийн бусад орнуудад жишиг хот болно гэдгийг гадны архитекторууд онцолсоор ирсэн.

Өнөөгийн Улаанбаатар хотод хагас сая хүн амьдрахаар анх төлөвлөгдсөн ч одоо 1.5 сая иргэн амьдарч хотын даац хэдийнэ хэтрээд байгаа юм. Тиймээс “Майдар хот” сүндэрлэснээр 300 мянган иргэн тэнд байнгын оршин сууж, ажиллаж амьдрах боломжтой гэдгийг төслийн багийнхан хэлж байлаа. “Майдар хот”-ын ерөнхий төлөвлөгөөг Германы нэрт архитектор Штефан Шмиц гаргахдаа тус хот бие даан дангаараа хөгжихгүй. Төв аймгийн төв Зуунмод хоттой хамтдаа хөгжих дахин төлөвлөлтийг гаргасан талаараа өмнө нь хэлж байсан билээ.

Тус хот улс төр, соёл урлаг тэр дундаа кино үйлдвэр, аялал жуулчлалын шинэ төв болж, их сургууль, хотын захиргаа, Олон улсын байгууллагууд, Засгийн газрын ордон, музей баригдахын сацуу хурдны зам тавигдана. “Майдар хот” руу зүүн талаас нь буюу Улаанбаатараас Налайхаар дамжин очиход 55 км, баруун талаар буюу Төв аймгийн Зуунмод хотоор очвол 50 км замыг туулах юм. Ингэснээр дэд бүтцийн хувьд Улаанбаатар, Зуунмод, Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудалтай нягт холбогдсон төвийн бүсийн дахин төлөвлөлтийн нэг хэсэг болон сүндэрлэнэ. Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах бүхий л нөхцөл бололцоог хангах тал дээр зургаан жилийн турш ажилласнаа төслийн удирдагч Л.Баяртуул хэлж, хотын ерөнхий төлөвлөлтийн зургаа үзүүлсэн юм. “Майдар хот” Монголын баячууд биш Монголын ард түмэн жирийн иргэд амьдрах тал дээр анхаарч үнийн хувьд харьцангуй боломжийн байхаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд хүн ам, эдийн засаг, цаг уурын нөхцөлийг дээд зэргээр тооцож, эрчим хүчний эх үүсвэр, цэвэр, бохирын усны суваг, ногоон байгууламж зэргийг анхаарч байгаа аж. Хотын эрчим хүчний дийлэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр хангахаар болсон нь нэг дэвшил билээ. Биднийг очиход “Майдар хот”-ыг эрчим хүчээр хангах салхин парк ажиллаж байсан юм. Барилга байгууламжууд нарны эрчим хүчээр хангахаар төлөвлөсөн байна.

Зүрх уулын өвөрт “Их Майдар сан”-гаас хэрэгжүүлж буй “Майдар цогцолбор” бурхны 54 метр хөшөө, 108 метр өндөр суварган цогцолборын карказын ажил явагдаж байв. Ирэх онд бүрэн ашиглалтад орно гэдгийг тэнд ажиллаж буй хүмүүс хэлж байлаа. Бразилийн Есүс христийн хөшөө 39, Цонжин болдогийн Чингис хааны хөшөө 40, Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөө 46 метр билээ. Эдгээрээс Америкийн Эрх чөлөөний хөшөөг үзэхээр жилдээ гурван сая жуулчин Нью-Йоркийг зорин ирдэг. Түүнээсээ 75 сая ам.долларын ашиг олдог гэсэн тооцоо бий. Тэгвэл 54 метр өндөр, Ази тивдээ томоохонд тооцогдох Майдар бурхны хөшөө Зүрх уулын зүрхэн талд сүндэрлэж, аялал жуулчлалын томоохон бүс болох учиртай. “Майдар цогцолбор” жуулчдыг татах төв болохоос гадна уран барилгын маш том ажил гэж байсан юм. Гэхдээ “Майдар цогцолбор” нь “Их Майдар сан”-гийн ажил бол “Майдар хот” төсөл нь тусдаа гэдгийг ойлгох ёстой юм билээ.

“Майдар” бурхан нь эв нэгдэл, сэргэн мандалт, амар амгалан, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болдог тул энэ хэлбэрээр нь хотыг хөгжүүлэх бодлого барьж байгаа гэдгийг төслийн багийнхан хэлж байсан юм. “Майдар цогцолбор” нь хотын төв хэсэг болох юм байна. Хотын гадна болон дотор хөдөө аж ахуйн бүс нутгийг хөгжүүлснээр хотын иргэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ. Түүнчлэн өөрийн гэсэн онцлог шинж, дүр төрх бүхий дүүргүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, худалдааны болон оршин суугчдын хэсэгт автомашингүй бүсийг бий болгож, хотын баруун урд талд урлагийнхны дүүрэг байна гэв. “Майдар хот”-д таван давхар орон сууцнаас дээш барилга байгууламж сүндэрлэхгүй тул барилгууд нэгнээ нарны шууд тусгалаас халхлахгүй гэж байлаа. Өнөөдрийн Улаанбаатар хотын дүр төрх өндөр, нам барилгуудаасаа шалтгаалан стандарт бус болчихоод байгаа аж. Ядаж л замын уулзвар дээр сүндэрлэх 10-аас дээш давхрын барилгууд нь хүрээлэн буй орчныг халхалж хүн амьдарч буй орчиндоо юу болж байгааг харж мэдрэмжтэй амьдрах ёстой ч энэ бүхэн “0” заачихсан нийслэлд шинэ жишиг тогтоох юм байна. Зөвхөн нар үзэх цонх хэрэгтэй гээд манайхан урагшаа харсан, эсхүл хойшоо харсан цонхтой орон сууц барьж байгаа нь хүн амьдрахад зориулаагүй гэдгийг төслийнхөн танилцуулгынхаа явцад хэлж байв. Хэн дуртай нь олдсон газраа хүссэн байшингаа барьдаг бол “Майдар хот”-ын орон сууцнууд үүнээс эрс ялгаатай. Өнөөдрийн Улаанбаатарын дүр зураг нэг айлын гал тогоог 10 мужаан ирээд угсарч байгаа мэт тийм сэтгэгдэл төрүүлдэг. Үүнээс салах ёстой гэж байлаа.

Тус хотод экологид ээлтэй технологиудыг бүрэн ашиглахаар тусгаад байгаа аж. Өвлийн цас, зуны хур борооны усыг цуглуулан механик болон биологийн аргаар цэвэршүүлэх байгууламж давхар баригдах юм байна. Уг усаараа хиймэл нуур үүсгэн иргэдийн амралт, чөлөөлт цагийн бүсийг байгуулахаас эхлээд төлөвлөгөөнд олон зүйлийг тусгаж өгчээ. Ундны усны зохисгүй хэрэглээг багасгах зорилгоор ариун цэврийн болон цэцэрлэгжилт, автомашин угаалгад дахин боловсруулсан саарал усыг ашиглах юм. Мөн дахин боловсруулсан саарал усыг мал аж ахуй, газар тариалангийн зорилгоор хүлэмжийн усалгаанд ашиглахаар болжээ. Хүн төрөлхтөн анх удаа хот барих гэж байгаа биш өмнө нь алдсан алдаануудыг шинэ хотын бүтээн байгуулалтдаа гаргахгүй байхаар зураг төслөө боловсруулсан байна. Түүнчлэн нийслэлд замбараагүй тархан суурьшсан шиг уулын оройгоор бүтээн байгуулалт хийхгүй бөгөөд байгалийн онгон дагшин байдлыг авч үлдэхээр төлөвлөжээ. “Майдар хот”-ыг Төв аймгийн Зуунмод хотын иргэд “Ирээдүйн хот” гэж нэрлэх болсон байна. “Майдар хот” зөвхөн өнөө үеийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялгийг өвлөн үлдээхэд чухал үүрэгтэй гэдгээрээ онцлог.

Майдар хотын ерөнхий төлөвлөлт

“Майдар хот”-ын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор гадны хэд хэдэн компани өөрсдийн саналаа өгөөд байгаа аж. Газрын асуудал нэг талдаа шийдэгдсэн болохоор ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг “Майдар хот” төслийн удирдагч Л.Баяртуул хэлж, зургаан жилийн судалгаа, төлөвлөгөөгөө бодит ажил хэрэг болгоно гэж байв. “Ерөнхий төлөвлөлтийн зурган дээрх хотоо өөрийн сэтгэлдээ аль хэдийнэ сүндэрлүүлсэн шүү” хэмээн төслийн багийнхан инээмсэглэн ярьж байсан юм. Улаанбаатар хотын жишиг дагуул хот болон сүндэрлэх ч дэлхий нийтийг дагуулсан жишиг хот болгохоор төслийн багийнхан цаг наргүй ажиллаж байгаа юм билээ. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил эхэлж, ид үед 12 мянган ажлын байр бий болох юм байна. Барилгын ажиллагсдын хоол унд, унаа тээвэр, үйлчилгээг дагасан 30 мянган шууд бус ажлын байр бий болно. Ажиллах хүч, хоол хүнс, бараа материалыг Төв аймгийн сумдаас болон Зуунмод хотоос хангах аж. Тус хотын нэг онцлог нь хөл хөдөлгөөн бүхий төв гудамж дагуу “Ногоон гудамж”-ууд баригдана. Ногоон гудамжаар хувийн хэрэгцээнд ашиглаж болох нийтийн эзэмшлийн автомат жолоодлоготой машинаар зорчих боломжтой. Хотын хүн амын нягтаршил ихтэй бүсүүдэд ногоон гудамжууд нь автомашины замтай огтлолцохгүйгээр газрын гадаргуугаас зургаан метр дээш өргөгдсөн байх юм. Энд явган зорчигч болон дугуйтай иргэд давуу эрх эдлэх юм байна. Ногоон гудамжуудын зарим хэсэг нь шилэн дээвэртэй байх бөгөөд өвлийн улиралд иргэд салхилж байхдаа цас, мөсөнд халтирахгүй байх давуу талтай аж.

“Майдар хот” төслийн төлөвлөлтийг “RSAA” компани гаргасан бөгөөд эрчим хүчийг “Transsolar”, Зам тээврийг “Ramboll”, Усан хангамжийг “KRAFT” компани хийсэн байна. Олон улсын “DGNB” байгууллагын зүгээс байгаль орчныг хамгаалах, байгальд ээлтэй, хүлэмжийн хийг багасгах шалгуурыг хангасан төлөвлөлт болсон тул Эко хотын гэрчилгээг “Майдар хот” төсөлд олгосон аж. Энэ хүрээнд олон улсын эко хотуудын чуулга уулзалтад “Майдар хот” төслийн талаар байнга жишээ болгон ярьдаг болсон юм. Хот сүндэрлэснээр нийслэлийн бүх салбарын ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулан, хөгжлийг орон нутаг руу шилжүүлснээр үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч, ажлын байрны түрээс ч эрс багасах учиртай. Ингэснээр орон сууц, ажлын байртай болох бага, дунд орлоготой иргэдийн хүсэл бодитой болж, Төв аймгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, ажил орлогод нааштай нөлөө үзүүлэх юм билээ. Ирэх оны өдийд их хотын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна гээд бод доо.

Хиймэл нуурын эрэгт хотын иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болно

Ямартаа ч таван Засгийн газрын нүүр үзсэн уг төсөл хэрэгжих бүрэн боломжтой болсон гэдгийг дуулгая. Зургаан жилийн судалгааны явцад Техник эдийн засгийн үндэслэл нь бүрэн дуусаагүй байсан тул Засгийн газраар асуудал оруулахад эрт байсан юм. Одоо төлөвлөлт хийгдсэн болохоор ажил хэрэг болгохоор ийнхүү ажиллаж байна. “Майдар хот”-ын газарт одоо айл өрх байхгүй гэдгийг төслийнхөн хэлж байлаа. Биднийг очих замд айл хунар харагдсангүй. Гурван малчин айлын өвөлжөө байсан тул малчидтай уулзаж ярилцсаны дүнд тэд “Нутаг оронд маань ийм том бүтээн байгуулалт хийгдэх гэж байхад бид энд тушаа болоод юу гэхэв. Та бүхний ажлыг дэмжээд нутаг сэлгэн бууна” гээд газрыг нь сайн дураараа чөлөөлж өгчээ. “Майдар хот” дөрвөн үе шаттай хэрэгжих бөгөөд нийтдээ 40 тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагатай байгаа юм. Эхний үе шат болох таван жилийн төлөвлөгөөт ажлаа явуулахад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруу-лалт шаардлагатай бөгөөд эхний шат дуусахад 80-100 мянган оршин суугчтай болно гэдгийг Л.Баяртуул онцолсон. Түүнчлэн Төв аймгийн Сэргэлэн сумын иргэд “Бид морь уях дуртай хүмүүс. Тиймээс морин тойруулга барьж өгөөрэй” гэсэн хүсэлтийг харгалзан үзэж морин тойруулга барихаар төлөвлөгөөндөө тусгажээ. Улаанбаатар хотын замын түгжрэлд их, дээд сургуулийн оюутнууд нөлөө үзүүлдэг гэдэг судалгаа бий тул тус хотод 5000 оюутан амьдрах хүчин чадалтай оюутны хотхон барина. Улмаар их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэх эхний алхам хийгдэнэ гэж үзжээ. Хотын төвд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй аж үйлдвэрийн бүс баригдах гэнэ. Монгол Улсад ирсэн жуулчид болон албаны шугамаар яваа хүмүүс Майдар бурхны хөшөөг үзэхийн сацуу музейгээр зочилж Монголын түүхтэй танилцах боломжтой юм байна. Хотынхоо нэг дүүргийн орчин үеийн технологийн ашигласан гэр сууц болгох бөгөөд монголчуудын соёлыг түгээнэ хэмээн үзэж байгаа аж. Тиймээс төр засгийн зүгээс дэмжлэг, оролцоо хамгийн чухал гэж байсан. Дэлхийн хүн ам цаг, минут, секунд бүрт хотуудын хүн ам болжээ. Хүн амын өсөлттэй холбоотойгоор дэд бүтцийн салбарт ойрын ирээдүйд асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Дэлхийн хүн амын дөрвөн тэрбум нь зөвхөн хотуудад төвлөрөн суурьшсан бөгөөд 2030 он гэхэд 1.5 тэрбумаар нэмэгдэх судалгааг НҮБ-аас гаргаад байгаа билээ. НҮБ-ын судалгаанаас харахад нэн тэргүүнд таван сая хүртэлх оршин суугчтай хотуудад хамгийн их ачаалал тулгарна гэж тооцсон гэнэ.

Нүүдлийн соёл иргэншлээс суурьшлын соёлд суралцаж яваа монголчуудын хувьд “Майдар хот” маргаашийн өнгийг тодорхойлж таарах нь. Ямартаа ч “Майдар хот” ирэх жил бүтээн байгуулалтын ажлаа эхлэхээр болж, “Их Майдар сан”-гийн “Майдар” бурхны хөшөө ирэх онд бүрэн дуусах сайхан мэдээг “Майдар хот” төслийн багийнхан хэлж байсан юм. Есдүгээр сарын намрын хонгор салхин дор бүтээн байгуулалтын их ажлын өмнөх яриа ийн өрнөсөн бол энх цагийн бэлгэдэл болсон “Майдар хот”-доо иргэд халуун ам бүлээрээ, амар амгалан амьдрах цаг удахгүй байх болтугай.