Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга Нобелийн шагналтны эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Эрдэмтэн судлаачид өнөөдөр Төрийн ордны Их танхимд XXI зууны тархи судлалын салбарт гарч буй ололт, амжилт, тархи судлалын хөгжлийн чиг хандлагын асуудлаар Эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, хүндэтгэлийн илтгэл тавьсан юм.

“Тархи судлал- XХI зуун ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекц:

Дээрх олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм.

Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа уншиж, танилцууллаа. Илгээлтэд:

“Хүндэт зочид оо,

Эрхэмсэг хатагтай ноёд оо,

Нобелийн шагналтны хүндэтгэлийн лекцэнд морилон саатсан Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын хөгжлийн тулгуур, эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажилч хөдөлмөрч монгол хүн билээ. Монгол хүний мэдлэг, ур чадварыг дэлхийн түвшинд хүргэхийг төрийн бодлогоор дэмжих учиртай.

Улс орны хөгжлийн түүчээ, үнэт тулгуур бол эрдэмтэн судлаач, мэдлэг бүтээгчид мөн. Монголчууд хүчирхэг байх үедээ эрдэмтэн мэргэдээ сонсдог байж, эрдэмтэн мэргэдээ сонссон үедээ хүчирхэг байжээ гэдгийг түүхчид хэлдэг юм.

Манай улс тогтвортой хөгжлийг эрхэмлэж, хэрэглэгч орноос бүтээгч орон болохыг эрхэм зорилгоо болгож байна.

Иймд эрдэмтэн судлаачдын бүтээсэн мэдлэгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хөрвүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо хязгаарлашгүй их билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хүн төрөлхтний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбаруудаас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” буюу Нейросайнсын шинжлэх ухаан нь биологи, математик, философи зэрэг олон салбар дундын уулзвараас урган гарчээ.

Энэ жил “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүндэтгэлийн лекцэнд оролцохоор Норвеги улсын нэрт эрдэмтэн, Анагаах ухаан-Физиологийн салбарын 2014 оны Нобелийн шагналтан, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, тэргүүн дэд ерөнхийлөгч Стефани Рошфуко, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма зэрэг шилдэг тархи судлаач эрдэмтэн, хүндэт зочид айлчилж байгаад гүн талархал илэрхийлье. Та бүхэн их түүхийн өлгий, эх газрын цээжинд орших дэлгэр Монгол оронд минь тухлан саатаж, манай улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулахаар дахин дахин ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улс дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны мэдлэгийг эх орондоо бүтээхэд залуу эрдэмтэн судлаач Та бүгдийн оролцоо их юм. Хурлын хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань нэрт эрдэмтдийн илтгэлээс мэдлэг оюун, эрдэм шинжилгээний цар хүрээгээ тэлж, ихийг бүтээх сэдэл, эрч хүчийг авах болов уу. Бид дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж нээлттэй бөгөөд тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэн төлөвшүүлж чадах эсэхийг гагцхүү эрдэмтэн судлаач Та бүгдийн хичээл зүтгэл тодорхойлно.

Иймд шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг болон хөгжиж буй тархи судлалын салбарын нууцыг тайлах урт үйлсэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс их амжилтыг хүсэж, Та бүхэнд томоохон найдлага хүлээлгэж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганаар 24 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын дарга захирамж гаргаж, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталжээ. Ирэх намрын чуулганаар парламент 24 асуудал хэлэлцэх тов гарсан байна.

1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;

4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

6/Аж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

7/Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

8/Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;

10/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

11/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;

13/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

15/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

16/Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

17/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

19/Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

22/Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл;

23/Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

24/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь Улсын Их Хурлын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

“Глобал лидер” тэтгэлэг зарлагдлаа

АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн жил бүр зарладаг “Глобал лидер” тэтгэлэг зарлагджээ. Форбес сэтгүүлээс гаргасан судалгаагаар Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн төлбөр нь АНУ-д хамгийн өндөр төлбөртэй буюу 39240 ам доллар байдаг байна. Тус сургууль нь 16 салбар сургуулиас бүрддэг бөгөөд 28 гаруй мянган оюутантай. Тэтгэлгийн материалыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хүлээн авах юм. Мөн БНХАУ, Камбож, Зүүн Европ, Лаос, Карибын тэнгисийн орнууд болон Монгол Улсын иргэншилтэй хүн л тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Тэтгэлгээр суралцаж болох салбар сургуулиуд:

  • Урлаг, Шинжлэх ухааны сургууль,
  • Олон улсын харилцааны сургууль,
  • Боловсрол, Хүний хөгжлийн сургууль,
  • Бизнесийн сургууль,
  • Инженерийн сургууль

Тэтгэлгийн хэмжээ:

Уг тэтгэлгээр сургалтын төлбөр болон амьжиргааны зардлуудыг олгох бөгөөд мастерын хөтөлбөрт суралцаж буй бол 3 хүртэл жил, докторын хөтөлбөрт суралцаж буй бол 5 хүртэл жилийн хугацаанд олгох боломжтой байна.

Тавигдах шаардлага:

  • Зорилтот улсын иргэн байх
  • АНУ-ын F1 виз авсан эсвэл авахаар хүсэлт гаргасан байх
  • TOEFL IBT 100 эсвэл IELTS 7.5 оноотой байх
Categories
мэдээ спорт

Г.Алтанбагана эхний ялалтаа авлаа

Г.Алтанбагана эхний ялалтаа авлааЖүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй -70 кг-ын жингийн бөхчүүд аварга тодруулна. Манай улсаас Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Г.Алтанбагана, Ази тивийн аварга ОУХМ Ц.Наранжаргал нар барилдаж байна. 90 кг. ОУХМ Г.Алтанбагана А хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөсөн. Тэрээр дөнгөж сая хоёрдугаар тойргийн барилдаанаа Польшийн Пиотр Кучератай хийж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр буулгаж авлаа. Тэрээр Чехийн бөхийн хийсэн этэх мэхэн дээр хариулт мэх хийн хожлын оноогоо авсан юм. 70 кг. ОУХМ Ц.Наранжаргал В хэсэгт эхний даваанд Филиппиний эгч дүү жүдочдын нэг Мария Такахашитай эхний даваанд таарсан. Түүнийг ялж гэмээ нь Голландын Санне ван Дайк хүлээж буй. Японы бөх Чизүрү Арай мөн манай бөхийн хэсэгт бий.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн мэдээллийн дагуу дүрэм зөрчсөн жолоочийг торгоно

Ирэх аравдугаар сараас эхлэн иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд торгуул оноохоор болжээ. Явган хүний зам дээр машинаа байрлуулсан, орц гарц хаасан, урсгал сөрсөн зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тухай иргэдийн ирүүлсэн зураг мэдээллээр тухайн жолоочид хариуцлага тооцож, торгуул оноох хууль эрхзүйн орчин бүрдсэн байна. Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төв, тээврийн цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран иргэдийн мэдээллийг хүлээн авах програм хангамжийг хийж дууссан байна. Иргэд өөрийн гар утсаар мэдээллийг баталгаажуулж, сервер рүү илгээснээр дүрэм зөрчсөн жолоочид хариуцлага тооцох нөхцөл бүрдэх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Н.Сувд: Урлагт хүний эрх болон ёс суртахууны тухай эрт үеэс хөндсөөр ирсэн

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-н зураг.

Амьдралыг, ертөнцийг танин мэдэхийг хүсвэл урлаг, уран сайхныг судлах хэрэгтэй гэж Ардын жүжигчин Намсрайн Сувд хэлсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулдаг Хүний эрхийн цуврал лекцийн энэ удаагийн илтгэгч нь Мандухай цэцэн хатны дүрээр олны сэтгэлд хоногшсон жүжигчин Н.Сувд байлаа. Тэрбээр “Урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох нь” сэдвээр илтгэсэн юм. Засгийн газрын XI байрны дугуй танхимд Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Н.Сувдыг сонсохыг хүссэн хүмүүс ирсэн байлаа.

Урлаг гэдэг бол амьдрал, ертөнцийг танин мэдэх, хүнийг танин мэдэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл уран сайхны дүрээр дамжуулж амьдралыг танин мэддэг гэж тодорхойлсон байдаг. Түүнчлэн XIX зууны үеэс эндээс өөр урсгал, үзэл суртал гарч ирсэн. Ялангуяа өнөөгийн нийгэмд урлагт амьдралыг танин мэдэх, зааж сургах, урлагийг сурталчилах, боловсрол эзэмшүүлэх үүрэг байхгүй. Харин урлаг гэдэг бол зүгээр л хүнийг зугаацуулах, чөлөөт цагийг өнгөрөөх, амьдралын элдэв бэрхшээлийг мартагнуулах үүрэгтэй хэмээн тодорхойлдог болсон. Амьдралыг, ертөнцийг танин мэдэх боловсрол олгох үүрэг зөвхөн шинжлэх ухаанд байдаг гэж үздэг. Шинжлэх ухаан, урлаг хоёр зэрэгцэж хүн, амьдрал, ертөнцийн тухай хоёр талаас нь танин мэдүүлж ойлгуулдаг, урлаг бол шинжлэх ухаанаас түрүүлж алхдаг гэж би боддог хэмээн Н.Сувд яриагаа эхлэв.

Ийнхүү урлаг хүний эрхтэй хэрхэн холбогддог, урлагт хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөж байсан, өнөөгийн нийгэмд энэ асуудал ямар байгаа талаар үргэлжлүүлэн ярилаа.

Шинжлэх ухаан амьдралын хуулийг судалж яг ийм байх ёстой гэсэн онолыг баталж гаргадаг бол урлаг амьдралыг судлахаас гадна, уран сайхны дүрээр сэтгэж, гоо зүйн онолоор тэтгэж ийм байж болох юмаа гэсэн таамаглалыг дэвшүүлж харилцан холбоотой байдаг. Жишээлбэл жүжигчин бид урлагийн хүмүүс. Түүхэн дүр бүтээхийн тулд жүжигчин хүн угсаатны зүйн болоод тухайн улсын түүх, тэр үеийн хүмүүсийн амьдралыг судалсан эрдэмтдийн бүтээлийг унших хэрэгтэй болдог. Ингэж судалдаг ч гэсэн урлаг бол шинжлэх ухаанаас түрүүлж явдаг гэж би боддог. Яагаад гэвэл усан доогуур олон мянган бээр аялж байгаа тэр ертөнцийг бид фантастик гэж уншдаг. Одоо бол энэ бүхэн фантастик биш болсон. Усан доорх амьдралыг шинжлэх ухааны ололт амжилтаар баталж байна. Монголын уран зохиолчдыг аваад үзэхэд 1930-аад оны үед бичиж байсан Д.Нацагдоржийн “Од” хэмээх шүлгэнд

Холхи газраас гялалзан харагдах өнгөт од оо

Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо

Нарт ертөнцийн дотор суугаа Марс од оо

Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэзээнээс хүсэв.

Од чиний тэндээс энэ дэлхий ямар өнгөтэй үзэгдэнэ вэ?

Орчлонт ертөнц гэдгийг мэднэ үү, үгүй юу?

гэж уран бүтээлээрээ од гариг, бусад ертөнц рүү харж байсан бол үүнээс 60 жилийн дараа Ж.Гүррагчаа сансарт нисэж, дэлхийгээ дээрээс нь харсан шүү дээ. Тэгэхээр уран бүтээлчид зарим талаар шинжлэх ухаанд нээлт хийх суурийг тавьж өгдөг юм болов уу? Уран бүтээлчид урьдчилж сэтгэдэг юм болов уу гэж бахархан боддог. Шинжлэх ухаан зөвхөн урлагаас жишээ авч хөгжиж байгаа гэж хэлж болохгүй.

Аливаа улс гүрэн, тухайн орныхоо хэмжээнд олон улсын хэмжээнд явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд урлаг, уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.

Социализмын үед уран бүтээлчид бол үзэл суртлын дайчид, уран бүтээл гэдэг бол үзэл суртлын зэвсэг гэж тооцогддог байлаа. Нэг хэсэг урлагийнхныг МАН-ын зэвсэг гэж нэрлэж байлаа. Энэ аль нэг нам, улс орны асуудал биш. Энэ нь бүхэл бүтэн он жил, түүхийн хугацаанд хамт байсан асуудал гэж хэлж болно.

Египетийн пирамидыг археологичид ухаж үзээд тэр үеийн уран бүтээлчдийн бүтээлийг судлахад ФАРАОН хаан бол бурхнаас илгээгдсэн хүн. Энэ хүний төлөө бүх юм зориулагдаж байх ёстой гэсэн үзлийг боолчуудад суулгах чиглэлийг баримталсан байдаг. Мөн пирамидын хананд бичигдэж үлдсэн зүйлийг нэлээд сүүлд тайлж уншиж чадсан. Энэ нь манай Майдар эргэх ёс, цам харайх дэг, жүжгийн зохиол шиг дэс дараалалтай. Тэр бичээсэнд Фараоны нэр сүрийг өргөхийн тулд баг өмссөн хүмүүс яаж гарах вэ, ямар үг хэзээ хэлэх вэ гэдэг нь бүгд зохиол шиг сценарын дагуу бичигдсэн байсныг тайлж уншсан.Төр улс бий болсон цагаас эхлэн урлаг уран сайхны нээлт бүтээлүүд бодлогыг хэрэгжүүлэхэд оролцож хамтарч байж. Зөвхөн улс төрчид ч биш шашин ч бас хэрэглэж байсан. Шашин түгж дэлгэрэхэд урлаг асар их нөлөө үзүүлжээ. Дундад зууны үеийн баруун европын театрын түүхэнд жирийн зохиолчийн бичсэн зохиол байдаггүй. Харин Библи гэх мэтчилэн дандаа бурхадын амьдралын талаар бичсэн зохиолууд байдаг. Гэхдээ уран бүтээлчид ганцхан бурхад руу чиглэж байсан уу гэвэл үгүй. Ёс суртахуун гэдэг асуудал эртнээс тавигдаж ирсэн. Жишээлбэлдундад зууны үед тоглож байсан нэгэн жүжгийн зохиол байдаг . Зохиолд олон эрчүүдийн харцыг булаасан нэгэн сайхан сэтгэлтэй бүсгүйн тухай гардаг.Эмэгтэйгхарсан бүх эрчүүд түүнийг эзэмдэхийг хүснэ. Энэ бодлоо гүйцээхийн тулд худал амлалт, уран цэцэн үгээр урхидан арга мэхэндээ оруулаад орхидог байв. Үүнийг тухайн эргэн тойрон, орчны хүмүүс нь энэ хүүхнээс болж эрчүүдийн ёс зүй алдагдаж байна. Үүнийг зайлуулах хэрэгтэй гэж үздэг. Гэтэлнэгэн залуу гарч ирээд хүнээс хол газарт зөвхөн хоёулхнаа жаргаж амьдаръя гэж дагуулан алс хол явдаг. Энэ л үгэнд итгэсэн бүсгүй түүнийг дагаж явсан ч гарах орох гарцгүй харанхуй газарт аваачин хаядаг. Ингээд тэр дахин хууртагддаг. Хүүхнийг зайлуулсан залуу эрчүүдийн ёс зүйг алдагдуулсан этгээдийг алга болгосон ёс зүйтэй хүн болж, эргээд бүгдээрээ ёс зүйтэй болчихлоо гэж үздэг. Гэтэл хэсэг хугацааны дараа тэнгэрээс авралын тэрэг бууж ирсэн. Зөвхөн гарах гарцгүй газарт хоригдож байгаа бүсгүйг аврах авралын тэргийг бурхан илгээжээ. Яагаад гэвэл бүсгүй худал хэлээгүй, хууран мэхлээгүй, өөрт нь хайртай гэсэн эрчүүдэд чин сэтгэлээсээ хандаж, ярилцаж, итгэж оюун санаа, сэтгэлээрээ нүгэл үйлдэж байгаагүй учраас бурхан түүнийг авардаг.Харин нөгөө ёс суртахуун хэмээгээд бүсгүйг буруутгаж байсан хүмүүс хэдийгээр шашин шүтэж байсан хэдий ч нүгэл тарьж байсан гэдэг ёс суртахууны сургаалтай жүжгүүд гарч байсан түүхтэй. Ингээд бодохоор урлаг бүх салбарт асар их нөлөөтэй.

Би төрийн түшээдтэй уулзахдаа Герман, Францыг ярих дуртай. Яагаад гэвэл XVI зууны сүүлч XVII зууны эхээр Франц гэдэг улсын нэр нь байхгүй балархай байв. Францаар ярьдаг ч хүн байхгүй. Францадтоглодог театрууд нь бүгд Италиас ирсэн Итали жүжигчид. Италид латин хэлээр ярьдаг. Франц хэлийг хэл гэж тоодоггүй.

Энэ үед Францын XVI хаан Парисыг Афин шиг байх ёстой, хаан бол Цезарь шиг байх ёстой гэсэн бодлого баримталж эхэлсэн. Түүний тулдурлаг соёлын салбарт ихээхэн хөрөнгө зарцуулж анхаарал тавьжээ. Тэрний хүчээр гарч ирсэн олон арван зохиолчид бий.Ийнхүү XVIII зуун гэхэд баруун европын бүх орнуудФранцаар ярьдаг болжээ. Франц хэлээр ярьдаггүй бол язгууртан гэж тооцохгүй. Англиас бусад бүх орон Франц хэлийг төрийн хэл болгон авчээ. Жишээлбэл, Герман улс германаар ярьдаггүй, төрийн бүх хэрэг бичиг Франц хэлтэй, зөвхөн театр л Герман хэлээр тоглоно. Өөр герман хэлээр ярьдаг газар байхгүй. Энэ үед Г.Э.Лессингийн бичсэн нэгэн жүжигт Герман улс 360 вант улстай. Эдгээр нь хагархай бутархай хоорондоо дайтсан улс байсан тухай өгүүлнэ. Нэгэн офицер Саксоны Нина гэдэг охинд дурлаад гэр бүл болж сайн сайхан амьдардаг. Нинаг Франц хэлээр яриулах гэж нөхөр нь маш их хичээдэг. Харин Нина Францад төрсөн хүн л францаар ярих ёстой биз дээ. Би германд төрсөн герман хүн юм чинь германаар ярих болно гэж хэлдэг. Үүнийг сонсоод хагаралдсан вант улсууд болон Саксоны вант улсууд эвлэлдэн нэгдэж байгаа тухай өгүүлсэн жүжиг юм.Энэ жүжиг тухайн үеийнхээ соёл урлаг , утга зохиолд маш их хүч хаяж байсан. Тэрний хүчээр гарч ирсэн мундаг зохиолчдыг өнөөдөр ч гэсэн манай уншигчид биширч явдаг. Гёте Фауст, Фридрих Шиллерийн “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийг манай театрт хоёр ч удаа тавьсан.“Дээрэмчин” жүжгийг Хүүхэд залуучуудын театрт тавьж байлаа. Ийнхүү Германыг герман болгож хоорондоо эвлэлдэн нэгдэхэд Германы соёлыг түгээн дэлгэрүүлэхэд урлагийн зүтгэлтнүүд асар их нөлөө үзүүлсэн юм. Энэ бол түүхэнд бичигдсэн жишээ.

Тэрээр ийнхүү урлаг улс төр, сэтгэлзүй, ёс суртахуун, эрх чөлөө, нийгэм гээд бүх зүйлд нөлөөлдөг болохыг ойлгуулахын тулд жүжгийн зохиолуудаас иш татан ярьж байлаа. Тиймээс урлаг хүний эрхийн асуудалд хүртэл нөлөөлдөг юм шүү, хүний эрхийн асуудалд ёс суртахуун хэрхэн хамааралтай болохыг ч дурдлаа.

Он цагийн түүхэнд тусгаар тогтнолд улс төрийн гүйцэтгэх үүрэгих байсан. Гэхдээ уран яруу үггүйгээр, уриа лоозон, хувьсгалын дуугүйгээр хэрхэн нэгдэх билээ гэж Ардын жүжигчин Н.Сувд үргэлжлүүллээ.

1921 оны хувьсгалыг Улаан туггүйгээр, Д.Нацагдорж, С.Буяннэмэх гэх мэтчилэн энэ хүмүүсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бичиг үсэг сурах асуудлыг хөндсөн олон уран бүтээл байдаг. Анагаах ухааны хөгжилд яаж уран бүтээлээрээ хандаж ард түмнийг ухуулан сэнхрүүлж байсан юм.Атар эзэмших, нэгдэлжих, үйлдвэржих хөдөлгөөн гэх мэт хөгжлийн бүх үе шатуудад нийт иргэдийн ухамсар, оюун ухааныг бэлтгэх, хүлээж авах чадвартай болгоход уран бүтээлчид асар их үүрэг гүйцэтгэсэн.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн “Хүүхэлдэйн байшин” нэртэй инээдмийн жүжиг байдаг. Жүжгийн агуулгад сенатад дандаа эрэгтэйчүүд байж төрийн хэргийг эрчүүд шийддэг, тэр байтугай театр эмэгтэйчүүд оролцож жүжиглэх эрх байхгүй байсныг шүүмжилдэг. Хүүхэд, залуучууд урлаг, уран зохиолын гайхамшиг, тэр чөлөөт сэтгэлгээ, олон талын шийдэл, гарц гаргалгааг уншиж танин мэдсэнээр амьдралыг харах өнцөг өөрчлөгддөг. Сайхан сэтгэл, ёс суртахуун, хүний эрхийн асуудлыг урлагийн бүтээлүүдээс харж бүр мэдэрч ойлгох болно. Түүгээрээ урлаг бол агуу юм хэмээн лекцээ төгсгөлөө.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-н зураг.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-н зураг.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

З.Энхболд Дэлхийн тархи судлалын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2018 оны есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад оролцохоор Монгол Улсад ирсэн олон улсын тархи судлалын эрдэмтдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Дэлхийн тархи судлалын байгууллагын (IBRO) ерөнхийлөгч Пьер Магистретти, гүйцэтгэх захирал Стефани де Ла Рошефүкоү, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма, Японы Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Томоми Шимогори нарын хүндэт зочид, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ж.Амарсанаа, Монголын Нейросайнсын нийгэмлэгийн тэргүүн Л.Баттүвшин зэрэг хүмүүс оролцов.

Уулзалтын үеэр Монголд тархи судлалын чиглэлээр олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах боломжууд, хэрэгжүүлж болох зарим судалгааны талаар санал солилцлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Монгол Улс цаашид тархи судлалын чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэйг тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Эрх зүйн сургалтад хамрагдсан сэтгүүлчид ЭРЭН СУРВАЛЖЛАХ клуб байгуулав

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв хамтран сэтгүүлчдийн дунд эрх зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтад телевиз, сонин, мэдээллийн сайт, радиогийн 50 орчим байгууллагын сэтгүүлчид болон хууль зүйн яамны харьяа агентлагуудын хэвлэлийн төлөөлөгч нар оролцлоо.

Эрх зүйн сургалтыг Хууль зүйн яамны харьяа Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд явуулсан бөгөөд ЦЕГ-ын тусгай тасгийн алба хаагчид нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон олон нийтийн жагсаал цуглааны үед ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангах, мөн жагсаал цуглааныг хэрхэн тараах талаар үзүүлэх сургалт явуулж, сэтгүүлчдийг аравтын системд хувааж, амжилттай оролцсон сэтгүүлчдэд батламж олголоо. Мөн терроризмын үед болон хүн барьцаалсан үед хэрхэн аврах ажиллагаа явуулах талаар ЦЕГ-ын тусгай хамгаалалтын газрын алба хаагчид практик сургалт явууллаа.

Сэтгүүлчдийн дунд Зөрчлийн тухай хууль болон хэргийн газрын үзлэг, сургуультай нохдоор хэрхэн гэмт хэрэг илрүүлэх, гэмт этгээдийг барих зэрэг мэргэжлийн хэмжээний сургалтуудад хамрууллаа. Үүний дараа ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнх тэргүүтэй алба хаагчид сэтгүүлчдийн дунд буудлага, олс таталтын тэмцээнд зохион явуулж, “Хүч” спорт хорооны үйл ажиллагаа, тамирчдын үзүүлсэн амжилтын талаар яриа өрнүүллээ.

Сургалтад хамрагдсан сэтгүүлчдийг 12-оор дөрвөн баг болгож, сургалтад хамрагдсан байдал, сахилга хариуцлага, тэмцээн уралдаанд оролцсон байдлаар нь байр эзлүүлэн, тэргүүлсэн багт шилжин явах цом олголоо. Мөн өдөрлөгийн төгсгөлд бүх сэтгүүлчдэд “Эрх зүйн мэдлэг”-ийн 0.5 кредит цагийн үнэлгээтэй сертификат олгов. Энэхүү сертификат эрх зүйн сургалтад хармагдсаны баталгаа бөгөөд дараа жил дахин суралцаад кредит цагаа ахиулах, түүнчлэн мэргэшсэн сэтгүүлч болох боломжийг олгох аж.

Ширүүн өрсөлдөөн, авхаалж самбаа, багааар ажиллах чадвар, өөр мэргэжлийн үнэ цэнийг ухааруулсан нэг өдрийн сургалтын төгсгөлд мэргэжлийн байгууллагаас эх сур сурвалж, баримт нотолгоог түшиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн клуб” байгууллаа. Энэ клубт сургалтад хамрагдсан бүх сэтгүүлчид хамрагдах бол удирдах зөвлөлийн долоон гишүүнтэй байхаар тохирч дундаасаа тэргүүлэгчдээ сонголоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд дэлхийн банкны ерөнхийлөгчтэй уулзав

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Кимтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хамтын ажиллагаа, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улс, Дэлхийн банк хоорондын 30 орчим жилийн хамтын ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байдагт Дэлхийн банкны удирдлага болон хамт олонд талархал илэрхийлэв.

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ён Ким хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг сэргэж, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

“Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шатыг өргөжүүлж, хоёрдугаар үе шатыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-ийн тэргүүнтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын валютын сан (ОУВС)-гийн тэргүүн хатагтай К.Лагардтай уулзаж, тус сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсыг дэмжиж, Засгийн газраас авч
хэрэгжүүлж буй бодлого, нөхцөл байдлыг ойлгож, дэмжиж байдагт ОУВС-гийн Тэргүүн
болон нийт хамт олонд талархал илэрхийлэв.

ОУВС-гийн тэргүүн К.Лагард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”
батлагдсанаас хойш хэрэгжилт сайн байгааг онцлоод бодлогын хэрэгжилт тууштай,
зорилтот тоон шалгуур үзүүлэлтүүд хангагдсан, төсвийн тогтвортой байдал, өрийн
хэмжээ буурах, зээлжих зэрэглэл сайжрахад дорвитой ахиц гарсан амжилттай
хөтөлбөр хэрэгжүүлж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Хөтөлбөрийн үр дүнд монголын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь байсан
бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувь, цаашлаад 2019 онд 8 орчим
хувиар өсөхөөр төлөвлөж байна. Түүнчлэн төсвийн нэгдмэл байдал, сахилга батыг
сайжруулснаар байнгын алдагдалтай явж ирсэн төсвийн үзүүлэлт эрс сайжирч,
төсвийн үндсэн тэнцэл 2018 онд анх удаа ашигтай гарч, улмаар 2019 онд дотоодын
нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх ашигтай гарахаар тооцож байна.

ОУВС-гийн тэргүүн К.Лагард инфляцийн түвшин зорилтот түвшинд хадгалагдан,
гадаад валютын нөөц чамлалтгүйгээр өсч, банкны салбарыг эрүүлжүүлэх, хууль эрх
зүйн орчинг сайжруулах зэрэг ажлууд хийгдэн эхний үр дүнгээ өгч эхэлснийг
онцлон тэмдэглэв.

Монгол Улс гадаад болон дотоод шокуудад мэдрэг байгаа тул хөрөнгө
оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, гадаад валютын
нөөцийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг анхааруулж, үүсч
болзошгүй шокын эсрэг арга хэмжээг боловсруулах нь зүйтэй гэдгийг ОУВС-гийн
Тэргүүн тэмдэглэв.

Цаашид Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг улам үр дүнтэй хэрэгжүүлж эдийн
засгийн өсөлтийг тогтворжуулах, хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэхэд анхаарч
ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.