Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн тууль ба Жангар” олон улсын наадам болов

“Дэлхийн тууль ба Жангар” сэдэвт олон улсын наадмыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг наадмыг Жангар судлал төрийн бус байгууллага БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран зохион байгуулжээ.

Энэхүү наадамд 10 улсын 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, “Жангар” туулийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, туулиар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна.

Уг наадмын үеэр Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын эрдэмтдийн хамтран бэлтгэсэн “Жангар товч лавлах толь”, “Жангар-2017” олон улсын эрдэм шинжилгээний хээрийн судалгааны тайлан, мөн түүхч, зохиолч Д.Суръяагийн “Жангар тууль” зэрэг номуудыг танилцуулж олон нийтийн хүртээл болгожээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар ОХУ-д ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д ажиллаж байнаУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод ажиллаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс 13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн IV уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах, төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа зэрэг олон чухал асуудлыг хөрш орнуудын төрийн тэргүүнүүдтэй хэлэлцсэн билээ.

Уг чуулганы үеэр монголын төлөөлөгчид ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, Байгалийн нөөц, экологийн сайд Д.Н.Кобылкин, “Роснефть” компанийн Ерөнхий захирал И.И.Сечин болон бусад төлөөлөгчидтэй уулзаж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх талаар мөн санал солилцсон юм.

Дээрх уулзалтуудын үеэр хоёр талаас яригдсан зарим саналыг нарийвчлан ярилцаж, бодит ажил хэрэг болгоход чиглэсэн ажлуудыг төлөвлөх, газрын тосны бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэхэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын энэхүү ажлын айлчлалын зорилго оршиж байна

Categories
мэдээ нийгэм

Гурван жил урласан хөрөг хатгамал тэргүүн байрт шалгарчээ

Ховд аймагт уран хатгамалчдын уралдаан боллоо. Арга хэмжээг уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төвийн санаачилгаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Уран зургийн галерей, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, “NZ” сан хамтран зохион байгуулжээ. Уралдаанд нийслэл болон 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид нийлсэн 120 гаруй оролцогч, 300 гаруй бүтээлээр өрсөлдөхөд Ховд аймгийн Дарви сумын үйлчин, уран хатгамалч П.Бадамхорол аав,ээжийнхээ хөргийг хатгамлын төрлөөр оёж мөнхөлсөн бүтээлээрээ тэргүүн байрт шалгарав. Тэрээр аав,ээжийнхээ хөргийг урлахдаа гурван жилийн хөдөлмөрөө, зориулж нэг ширхэг ч хээг алдахгүй хичээж сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн нь ховор бөгөөд өвөрмөц бүтээл болсныг улсын уралдааны шүүгчид онцолсон байна. Түүний аав Пүрэвхүү хэмээх жолооч насаараа тээврийн байгууллагад ажиллаж байсан бол, ээж нь олон сайхан хүүхдээ өсгөж хүмүүжүүлж эрийн цээнд хүргэсэн сайхан буурлуудын нэг байжээ.

Categories
гадаад мэдээ

Дуучин Рианна Барбадосын онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд боллоо

Дуучин Рианна төрөлх Барбадос нутгийнхаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд болжээ. Барбадосын Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд “Энэхүү албан тушаал нь боловсрол, аялал жуулчлал, арлын хөрөнгө оруулалтыг дэмжихэд тодорхой үүрэг гүйцэтгэх” аж. Карибын тэнгисийн арал улс болох Барбадост мэндэлсэн Рианна 2008 онд улсынхаа соёлын элч болж байсан. Гэхдээ түүний шинэ алба соёлын элчийн ажилтай харьцуулахад илүү өргөн цар хүрээтэй, хариуцлага өндөртэй юм. Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд гэдэг нь ихэвчлэн гадаас улс оронд өөрийн улсыг төлөөлөн суудаг дипломат ажилтныг тодорхойлдог ойлголт билээ.

Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттли “Дуучин Рианнаг арал дээрх ертөнцийг бүтээлцэж, дэлхийд таниулахад хувь нэмрээ оруулж яваа учир ийнхүү элчин сайдаар ажиллаж чадах хүн мөн гэж үзсэн” хэмээн мэдэгджээ. Үүгээр ч зогсохгүй Рианнагийн хийж бүтээсэн бүхэн эрүүл мэнд, боловсролын салбарын буяны үйл ажиллагаанд тусгалаа олсон гэдгийг ч Ерөнхий сайд онцолсон байна.

Рианна Барбадосын элчин сайд боллоо

Харин Рианнагийн хувьд “Барбадосын ирээдүйн төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Ийм нэр хүндтэй үүргийг хүлээн авахдаа баяртай байна” гэжээ. Дуучин Рианнагийн хувьд зөвхөн дуулаад зогсохгүй сайн жүжигчин, гоо сайхан, дотуур хувцасны Fenty брэндийг удирддаг байсан бол одоо улсаа төлөөлсөн онцгой эрхэт нэгэн боллоо

Categories
мэдээ спорт

Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар тэмцээнээ дуусгалаа

Г.Алтанбагана, Ц.Наранжаргал нар  тэмцээнээ дуусгалаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй -70 кг-ын жингийн барилдаан бол байгаа бөгөөд манайхаас ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Ц.Наранжаргал нар барилдаж, тэмцээнээ дуусгалаа.

ОУХМ Г.Алтанбагана гуравдугаар тойрогт Японы бөх Кента Нагасавад цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Манай бөх эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Польшийн бөхийг ялаад байсан билээ.

70 кг. ОУХМ Ц.Наранжаргал В хэсэгт эхний даваанд Филиппиний эгч дүү жүдочдын нэг Мария Такахашиг ялсан ч Голандын Санне ван Дайкт ялагдсан байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Сугар: Аймгийн өмчит “Тавантолгой” ХК-д хоёр их наяд төгрөгийн хохирол учруулсан

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус аймгийн өмчид байдаг “Тавантолгой” ХК-д тус компанийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй зарим хүн компанийн ашиг орлого, нүүрсний үнийг зориуд бууруулах замаар хуйвалдан дээрх хэмжээний хөрөнгө, мөнгийг завшсан хэмээн мэдэгдлээ.

Зөрчлүүд аудитын болон бусад шалгалтаар илэрсэн гэдгийг тэрээр мэдэгдэж байв. Хууль хяналтын байгууллагын албан ёсны мэдээлэл гараагүй байхад асуудалд нэг талын байр сууринаас хандаж байгаа юм биш үү?” гэсэн сэтгүүлчдийн асуултанд тэрээр, “Тавантолгой” ХК-ийн 51 хувь аймгийн өмчид байдаг тул орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих эрх аймгийн ИТХ-д байдаг” гэдгийг тэрээр онцлоод, “Бид 2016 оны наймдугаар сард ажил аваад компанийн санхүүд хяналт хийх ажлын хэсэг байгуулан хөрс хуулалтаас аваад нүүрс экспортлох гэрээг хүртэл хянаж үзэн ажилласан. Тухайн үед ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулах өргөдөл өгсөн. Түүнээс хойш одоо болтол хариу ирүүлээгүй. Тиймээс иргэдийн дунд буруу мэдээлэл яваад байгаа учраас өнөөдөр тайлбар хийж байна. Аймгийн ИТХ-аас 2017 оны есдүгээр сард “ТТ” ХК-д гүйцэтгэлийн аудит хийлгэхээр хүсэлт гаргаж, энэ онд шалгалт хийсэн. Наймдугаар сарын дундуур аудит дүгнэлтээ гаргаж ирүүлж, мөн Засгийн газраас томилсон ажлын хэсэг, Мэргэжлийн хяналт, Татвараас мөн шат шатны хяналт шалгалт хийсэн. Орон нутгийн өмчит Тавантолгойн өмчлөгч нь иргэдийн төлөөлөл учраас хамгийн бодит мэдээллийг бид өгөх ёстой. Ингэхдээ бид төрийн байгууллагаас гаргасан мэдээллийг үндэслэж ярьж байна” гэсэн хариу өгсөн юм. “Тавантолгой” ХК-аас хулгайн байдлаар нүүрс авч хилээр 390 тонн нүүрс гаргасан хэргийг ч хэсэг бүлэг хүний хийсэн үйл ажиллагаатай холбоотой талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд хэлж ярьж орон нутгийн төрийн өмч хариуцлагатай эзэнтэй байх талаар ярьж байсныг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирсан, олон улсын стандартад нийцсэн шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” арга хэмжээг 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

2018 оны “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал Гаруда-2018” –д байгууллагыг дараах 5 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд:

  1. Барилга, байгууламж;
  2. Авто зам, дэд бүтэц;
  3. Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн үйлдвэр;
  4. Франчайзинг;
  5. Брэндинг бүтээгдэхүүн.

Бүтээн байгуулалтад тавигдах шаардлага:

  • Тухайн жилд ашиглалтад хүлээлгэн өгсөн буюу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн;
  • Хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой эерэг нөлөө үзүүлсэн;
  • Ашиглаж байгаа техник, технологи, бүтээгдэхүүний чанар нь байгальд ээлтэй, дэлхийн стандарт, жишигт хүрсэн;
  • Ажлын байр олноор бий болгосон;
  • Нийслэл болон дүүргийн төсвийн найдвартай орлого бүрдүүлэгч болсон;
  • Олон улсад таниулсан, хүлээн зөвшөөрөгдсөн;
  • Эрүүл аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалтын стандарт, шаардлагыг хангасан;
  • Салбартаа тэргүүлэгч, манлайлагч, үлгэр жишээ болсон.

Иймд, шаардлага хангасан байгууллагууд материалаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасагт 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн дотор шаардлагын дагуу бүрдүүлэн албан бичиг болон цахимаар /323304, projectcounit@gmail.com/ ирүүлнэ үү.

Нэр дэвшүүлэх байгууллагын материалыг дараах байдлаар бэлтгэж ирүүлнэ. Үүнд:

  1. “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”–д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг;
  2. Байгууллагын танилцуулга болон нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ болон фото зураг бүхий танилцуулга /10 хуудас PPT/;
  3. Хавсралтад байгаа мэдээллийн хүснэгтийг бөглөх;
  4. Шаардлагуудыг хангасныг нотлох холбогдох баримт бичиг;
  5. Нэр дэвшсэн бүтээн байгуулалтын өмчлөгч /эзэмшигч/ этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

3000 м.кв талбайн замын нөхөөсийг хийнэ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гэр хороолол дундах болон төв замын нөхөөсийн ажлыг өчигдрөөс эхлүүлсэн. Тухайлбал дүүргийн 22 дугаар хороо Монел, 12 дугаар хороо Жанжин клуб болон 10,23 дугаар хороо Улиастайн засмал замын нийт 3.000 м.кв талбайн нөхөөсийг хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өндөрлөлөө

Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн уриан дор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ 13 дахь жилдээ амжилттай болж өндөрлөж байна. Уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд дотоодын хүнсний боловсруулах салбарын 180 гаруй аж ахуй нэгж, иргэн хоршоо “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд жимс жимсгэнэ, төмс, хүнсний ногоо тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцлоо.

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан оролцож, үзэсгэлэнд амжилттай оролцсон иргэн, аж ахуй нэгжид шагнал гардууллаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мах, сүүний анхдугаар аяны үр шим”, “Хэрэглэгч танаа”, “Алтан намар – амтат талх”, “Ногоон хүнс – Эрүүл амьдрал” “Хүүхдэд зориулав” гэсэн нэрэмжит өдөрлөгүүд, хэлэлцүүлгүүд зохион байгуулж Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг үйлдвэртэй танилцуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Японы Такикава хот, Өвөрхангай аймагтай хамтарч ажиллана

Өвөрхангай аймаг болон Японы Такикава хотын удирдлагууд барилга, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өвөрхангай аймаг тус хоттой 2011 оноос хойш газар тариалангийн салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд аймгийн хөдөө аж ахуйн салбараас 19 иргэн Такикаво хотод мэргэжил эзэмшиж туршлага судалж аймагтаа цагаан будаа, бөөрөнхий сонгино тариалж байгаа юм. Цаашид дэд бүтэц болон сувилахуйн чиглэлээр мэргэжилтнүүдээ илгээж сургах, дадлагаар ажиллуулахаар санамж бичигт тусгав.

Арлын орноос ирсэн зочид болох Такикава хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү тэргүүтэй төлөөлөгчид Арвайхээр хотын бөөрөнхий сонгино үрслэгээр тарих загвар аж ахуйтай танилцаж, “Өвөрхангай-Түншлэл” үзэсгэлэн худалдааг сонирхсон юм. Мөн барилгын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх боломжийг судлах зорилгоор “Хангамж” группийн үйл ажиллагаатай танилцлаа.