Categories
мэдээ нийгэм

Цаг агаар хүйтэрч замын нөхцөл байдал муудах хандлагатай байна

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс сэрүүсч, нутгийн баруун болон төвийн хэсэгт цасан шуурга шуурсан. Шуурганы улмаас 52-ын даваа орчимд олон машин саатсан. Тэгвэл энэ долоо хоногийн сүүлээр ч мөн цаг агаар хүйтэрч замын нөхцөл байдал муудах хандлагатай байна.

Энэ долоо хоногийн эхний өдрүүд харьцангуй дулаан байх боловч лхагва гаригаас хойш цаг агаар сэрүүсэх нь ээ. 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орно. Салхи 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд ихэнх нутгаар, 27-28-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ гэж цаг уурч хэлж байна.

Цаг уурч Б.Өнөболд “Цаг агаар температурын хувьд сэрүүсэх учраас ард, иргэд сонор сэрэмжтэй байх ёстой. Халтиргаа, гулгаа нэмэгдэн алсын барааны харагдац муудан шуурах нөхцөлтэй байгаа учраас Улаанбаатар болон хөдөө орон нутагт нислэг саатах нөхцөл үүсэж болзошгүй. Тиймээс иргэд богино хугацааны цаг агаарын мэдээг үзэн ажлаа төлөвлөөрэй гэж зөвлөх байна” гэв.

 Маргааш ихэнх нутгаар хүйтэрнэ

Есдүгээр сарын 20-ны цасан шуурганы улмаас Төв аймгийн Баян-Чандмань сумын нутаг 52-ын даваа орчмын зам хаагдсан. Энэ үеэр нийслэлийн аврах 105-р ангиас бүрэлдэхүүн ажиллаж цасанд боогдсон 430 орчим автомашинтай 1300 иргэн мөн хот хооронд зорчигч тээврийн 3 автобус бүхий 150 иргэнд тусламж үзүүлжээ. Ирэх өдрүүдэд дахин хүйтэрч өмнөх нөхцөл байдал давтагдаж магадгүй байгаа учир иргэд жолооч нарыг хол замд гарахгүй байхыг анхаарууллаа.

 Маргааш ихэнх нутгаар хүйтэрнэ

Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Саяны нөхцөл байдлаас бид нэлээд сайн сургамж авч байна. Өвөл болж байна, зам харгуй боогдож хаагддаг болохоор бусад зам хариуцсан байгууллагууд бэлэн байж байх хэрэгтэй. Цасан шуурга болон нөхцөл байдал хүндрэхэд бид энд 22-ын товчоо, Баянзүрхийн товчоог хааж чадна уу гэхээс тэр замын дунд байгаа иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж чадахгүй шүү дээ. Тэр иргэд цаг уурын мэдээг сайн хардаг, хүйтэн сэрүүний улиралд зам гарахдаа нөөц бэлтгэлээ базаан техникийн бүрэн бүтэн байдлаа ханган замд гарахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээг хэвлэл мэдээллийн байгууллагууд гаргаж холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлэг хүргэсээр байтал иргэд хариуцлагагүй хандаж цасанд боогдох явдал түгээмэл ажиглагддаг. Гэтэл бүх эрсдэл эргээд өөрт нь болон хамт яваа зорчигчдод ирдэг учир эрүүл мэндээрээ хохирох ч эрсдэл байна.

Categories
мэдээ спорт

Шилдэг хөлбөмбөгчнөөр Лука Модрич тодров

Өнгөрсөн шөнө Олон улсын хөлбөмбөгийн холбооноос оны шилдэг хөлбөмбөгчдийг шалгарууллаа.

Шилдэг хөлбөмбөгчдийг шалгаруулах үйл ажиллагааны эцсийн шатанд Лука Модрич, Кристиан Роналду, Мухамед Сала наршалгарч үлдээд байв. Харин Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шилдгээр Лука Модричийг нэрлэжээ. Модрич өнгөрсөн тавдугаар сард аваргуудын лигт гурав дахь удаагаа түрүүлсэн бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Хорватын шигшээ багийг ахлан оролцожмөнгөн медаль зүүсэн юм. Харин эмэгтэй шилдгээр Бразилын шигшээ багийн Мартаг нэрлэжээ.

Энэ үеэр домогт довтлогчПушкашийн нэрэмжит оны шилдэг гоолоор Египет довтлогч Мухамед СалагийнЭвертон клубийн хаалганд оруулсан гоолыг шалгаруулжээ. Мөн шилдэг дасгалжуулагчаарФранцийн шигшээгийн Диде Дашем нэрлэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй уулзав

Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевтэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ. Уулзалт Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгчийн өргөө болох Зугульба ордонд ажил хэрэгч, найрсаг дотно уур амьсгалтай болов.

Уулзалтын эхэнд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эх оронд нь тухлан саатахыг уриад, ажлын айлчлал хийж буйд нь талархал илэрхийлсэн юм.

Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1951 оны арванхоёрдугаар сарын 5-нд Бакугийн нефть боловсруулах үйлдвэрийг задалж Зүүнбаянд жижиг хэмжээний үйлдвэр байгуулж 1969 оныг хүртэл ажилласан, уг үйлдвэрт Азербайжан мэргэжилтнүүд очиж ажиллаж байсан хоёр орны харилцааны сонирхолтой түүх байдаг тухай дурсав. Энэ тухайд Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев сонирхон сонсож, энэ салбарын хамтын ажиллагааны туршлага байгаа учир цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн онцоллоо.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжиж, бусад орнуудын зах зээлд хамтран гарах, бүс нутгийн хөгжилд идэвхтэй оролцоотой байх болон Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад ложистикийн дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг харилцан судлахаар тохиролцов.

Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт үргэлжиллээ. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад Монгол Улсын талаас Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд, Бүгд Найрамдах Азербайжан улсын талаас Эдийн засгийн сайд Шахин Мустафаев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад харилцааны албаны дэд дарга Хикмет Гаджизаде нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр Монгол, Азербайжаны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар нь баяжуулах өргөн нөөц боломж байгааг хэлж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчид хоорондын шууд харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев уг саналыг дэмжиж, ирэх аравдугаар сард тус улсын Эдийн засгийн яам болон бизнесийн төлөөллийг багтаасан судалгааны багийг Монголд ажиллуулахаар талууд тохиров.

Мөн Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодын улсуудад нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Монгол Улсаас мах болон арьс шир гэх мэт малын гаралтай бүтээгдэхүүнийг Азербайжанд импортлох, Монгол Улсад 300 орчим хүнийг ажлын байраар хангахуйц ноос ноолуур боловсруулах болон хивсний үйлдвэр байгуулахад зориулж хөрөнгө оруулалт хийх, технологийн шийдлийг Бүгд найрамдах Азербайжан улсаас авах асуудлыг нухацтай судлахаар уулзалтын үеэр талууд тохиров.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, спорт, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевыг Монгол Улсад айлчлахыг урихад эрхэмсэг ноён Илхам Алиев урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна

Энэ жил Төв аймгийн нутаг дэвсгэрт 2,5 сая тоо толгой мал өвөлжинө. Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах 32 заалт бүхий ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 55 хувийн гүйцэтгэлтэй явна. Аймгийн аюулгүй нөөцөд 100 тонн өвс, 50 тонн хорголжин, 50 тонн хивэг нөөцлөх ажлыг худалдан авах ажиллагааны хуулийн дагуу хийж байна.

Categories
мэдээ спорт

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргав

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа боллоо.

Энэхүү наадам БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо өнөөдрөөс ирэх аравдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.

Олон улсын хүүхдийн спортын VIII наадамд Монгол Улсаа төлөөлөн 10 спортын төрөлд шигшээ багийн 216 тамирчин хүүхэд, 28 дасгалжуулагч, шүүгч болон албаны төлөөлөгчид оролцоно.

Үдэн гаргах ёслолын ажиллагаанд ЗГХА, БТСГ-ын дарга, МУГТ Ц.Шаравжамц, Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, Гадаад харилцаа, статистик, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын VIII наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагааг нээж БТСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц үг хэллээ. Тэрбээр “Энэхүү наадмыг өнгөрсөн жил бид эх орондоо зохион байгуулж, амжилттай оролцсон. Нийт тамирчиддаа өндөр амжилт хүсье. Дор бүрнээ хичээгээрэй!” гэж захив.

Categories
мэдээ нийгэм

Л.Отгонбаатар өнөөдөр барилдана

Жүдо бөхийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилнэ.

Манай жүдочдоос өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар барилдах хуваарьтай байна. Тэрбээр “B” хэсэгт багтаж, эхний барилдаанаа Америкийн жүдочтой хийхээр оноолт таарчээ. Хэрэв өрсөлдөгчөө дийлбэл, дараагийн тойрогт Ирак-Чилийн жүдочдийн аль ялсантай барилдана.

Тэмцээний хэсгийн барилдаанууд манай цагаар 14:00 цагт эхлэх бол, шигшээ барилдаанууд 20:00 цагаас явагдана.
Categories
мэдээ нийгэм

Олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

АНУ-ын ACBSP байгууллагын 30 жилийн ой, БМИҮЗ-ийн 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дээд боловсролын хөгжил-Чанарын баталгаажуулалт” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хуралд ACBSP-ийн гүйцэтгэх захирал Jeffrey Alderman, АНУ-ын Тиффин их сургуулийн сургалтын чанар хариуцсан дэд захирал Kristina Collins, PAS-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Deborah K.Robbins болон БСШУСЯ, БМИҮЗ-ийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн багш, профессор, дээд боловсрол судлаач нарын 12 илтгэл хэлэлцүүлэгдэж, боловсролын салбарын хөгжил, магадлан итгэмжлэлийн үнэт зүйл, чанарын баталгаажуулалтын үндэсний тогтолцоо, дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үр нөлөө зэрэг их, дээд сургуулийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудын талаар олон сонирхолтой сэдвийг хөндөж, санал бодлоо солилцлоо.

Categories
мэдээ спорт

“Алтан цом” баг алтан медаль хүртжээ

Ази, Номхон далайн аварга шалгаруулах Азийн мастер тамирчдын анхдугаар их наадмын сагсан бөмбөгийн төрлийн 50-55 насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алтан цом” баг “А” зэрэглэлийн тоглолтоос алтан медаль хүртжээ.

Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алтан цом” багт Онцгой байдлын байгууллагаас “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны ахмад тамирчин, бэлтгэл дэд хурандаа Д.Дэлгэрмаа, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, ахмад Д.Сонинчулуун нар оролцож, алтан медалийн эзэд боллоо.

Малайз улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 62 орны 6500 гаруй тамирчин оролцож, спортын 22 төрлөөр өрсөлдөн аваргуудаа шалгаруулжээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 150 гаруй тамирчин оролцож, сагсан бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, байт харваа, ширээний теннис, хүндийн өргөлт гэсэн долоон төрөлд нийт 67 медаль хүртсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулав

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөрийгөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулан, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа билээ.

Аймгийн хэмжээнд Мандалговь, Гурвансайхан, Дэлгэрхангай, Хулд, Эрдэнэдалай сумдын ерөнхий боловсролын сургуулиудад нийт 10 “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулаад байна. Аврагч сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэгийг сорих зорилгоор “Өсвөрийн аврагч-2018” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Улаан загалмайн хороо, “Дэлхийн зөн” ОНХХ, Боловсрол соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан тус тэмцээнд нийт өсвөрийн аврагч 70 гаруй сурагч оролцсон юм.

Баг тамирчид гараанаас тусгайлан бэлтгэсэн өртөөгөөр дамжин даалгавар гүйцэтгэснээс нийлбэр дүнгээр гуравдугаар байранд Дэлгэрхангай сумын “Эрчист” баг, хоёрдугаар байранд “Говийн ирээдүй цогцолбор” сургуулийн “Сүлд” баг, нэгдүгээр байранд “Эрдмийн далай цогцолбор”-ын “Шонхор” баг шалгарч, өсвөрийн аврагчдаа манлайллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраам мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүд цахим орчин дахь элдэв хяналтгүй мэдээллээр тархиа угааж байна

БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО-ийн Боловсролын төлөвлөлтийн олон улсын хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран Монгол Улсын боловсролын төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг энэ сарын 20-ны өдрөөс эхлэн тав хоногийн хугацаатай зохион байгуулж, өчигдөр сургалтын хаалтын үйл ажиллагааг “Туушин” зочид буудалд хийлээ. Хаалтын ажиллагаанд боловсролын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн гишүүд болох БСШУСЯ болон харьяа байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга доктор Т.Ууганбаяр “Өнөө үед залуучуудын соёлын болон боловсролын хандлага буруу тийш хазайх боллоо. Цахим орчин дахь элдэв хяналтгүй мэдээллээр тархиа угааж байна. Энэ нь бидний өмнө боловсролын салбарын шинэ зууны мастер төлөвлөгөөг боловсруулах зайлшгүй шаардлага байгаагийн нэг илрэл юм. Боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэн улс орны ирээдүйг тодорхойлох учраас энэ сургалт маш чухал сургалт юм” хэмээн онцолсон юм.

Тав хоногийн хугацаанд тэд бодлого төлөвлөлтийн үйл явц, боловсролын чанар, өртөг зардал ба санхүүжилт, боловсролын салбарын удирдлагын асуудлууд болон боловсролын симуляцийн загварууд зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Ингэхдээ оролцогчид багаар дадлага ажил гүйцэтгэх хэлбэрээр сургалтыг зохион байгуулсан юм.