Categories
мэдээ нийгэм

“Уран” дуудлагатай нохой дахин хэрэг илрүүлэв

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн эрэлч нохой гэмт хэрэг зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлэн ажиллажээ.

Тодруулбал энэ сарын 10-ны өдөр СХД-ийн 10 дугаар хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас иргэн Г иргэн М-ийг хутгалсан аж. “Уран” дуудлагатай эрэлч нохой хэрэг болсон гэх газраас цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунаас үнэр авч самнан нэгжилт хийж, хэргийн эд мөрийн баримт болох хүйтэн мэсийг олсон байна.

“Уран” дуудлагатай нохой хоёр жилийн хугацаанд 18 гэмт хэрэг зөрчлийг халуун мөрөөр нь илрүүлж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга томилогдов

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/54 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганболдыг томилжээ. Тэрбээр ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.

Д.Ганболд өнөөдөр ажлаа хүлээн авсан байна. Түүнд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг, СЗСҮТ-ийн удирдлагууд ажил үүргийг нь албан ёсоор хүлээлгэн өгч, ажлын амжилт хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулана

Монголын боксын багш, дасгалжуулагч, шүүгч, тамирчдаа өндөр боловсролтой иргэн болгох зорилгоор Монголын боксын холбооны дэргэд “Боловсролын сан” байгуулж түүндээ жил бүр 55 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргаснаа тус холбооны ерөнхийлөгч, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ мэдэгдсэн байна.

Энэхүү сайн үйлсийн мэдээг өчигдөр үдэш Монголын боксын спортын ууган гавъяат тамирчин, Ази тивийн хошой аварга Х. Алтанхуяг багшийн “Ардын багш” цолны хүндэтгэлийн цайллагын үеэр МБХ-ны ерөнхийлөгч нийт боксын хамт олондоо хүргэлээ. Бүх л сурч боловсрох залуу насаа боксын спортын төлөө зарцуулсан тамирчдаа зодог тайлсны дараахь амьдралд нь бэлдэхээр энэхүү шийдвэрийг гаргаснаа хэлсэн нь үнэхээр цагаа олсон ажлын эхлэл болж байна.

Мөн тус холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн энэ жил тохиож байгаа Монголын боксын түүхт 70 жилийн ойдоо барьсан бас нэгэн бэлэг байлаа. Ардын багш Х.Алтанхуяг багшийн цайллага дээр МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан “Ийм сайн үйлсийн бэлэг барьсан Д.Бат-Эрдэнэ ерөнхийлөгчид Монголын нийт боксчдынхоо өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тариат суманд мал угаалгын ванн, туулгалтын хашаа барьжээ

Архангай аймгийн Тариат сумаас “Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, эрүүл малтай сум болох зорилтын хүрээнд багуудын мал угаалгын ванныг засварлах, шинээр барих ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад багт шинээр мал угаалгын ванн барьж байна.

Мөн НҮБ-ын ХХАА-н газраас 1000 бог малын багтаамж бүхий мал угаалга, тарилга туулгалтын хашааг бусад төхөөрөмжийн хамт Тариат суманд хүлээлгэн өгсөн байна.

Ирэх жил Хорго, Суман багт мал угаалгын ванн барина. Ингэснээр Тариат сумын бүх бог мал угаалгын ваннтай болж байна. Сумын Засаг даргын 2018 оны долдугаар сарын 10-ны А/93 тоот захирамжийн хүрээнд МЭҮТ, “Тэрх-Ар” Мал эмнэлэг үржлийн нэгж, багийн Засаг дарга, малын эмч нар малчидтай хамтран сумын хэмжээнд мал угаалга болон хашаа хорооны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж, нийт 113535 толгой малыг угаалгад хамруулжээ.

Categories
мэдээ спорт

Хакухо Төрийн ордонд зочилж байна

Японы сумо бөхийн намрын барилдаан энэ гаригт өндөрлөсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1,000 дахь ялалтаа байгуулж хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоосон. Тэрбээр түүхэн амжилтуудаа монголчуудтайгаа хуваалцахаар эх орондоо ирээд байна. Хакухо М.Даваажаргал яг одоо төрийн ордонд ээжтэйгээ хамт зочилж УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж байна.

Гэмтлийн улмаас таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй байсан Хакухо энэ оны анхны түрүүгээ ийнхүү авч байна. “Нас явахын хэрээр миний гэмтэж бэртэх нь амархан болоод байгаа. Тийм учраас би энэ түрүүг авахдаа ингэж их удлаа. Энэ түрүү миний хувьд их үнэ цэнэтэй юм” гэж тэмцээний дараа телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй нислэг хийнэ

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Номадик Экспедишинс” ХХК-ийн салбар “Говийн Гурван Тэмээ” ХХК нь 10 дугаар сарын 4-нд Улаанбаатараас Даланзадгад чиглэлийн тусгай нислэгт үнэгүй зорчих боломж олгожээ.

Өөрөөр хэлбэл энэ оны аялал жуулчлалын улирлын хаалтыг тохиолдуулж 10 дугаар сарын 4-нд Улаанбаатараас Даланзадгад чиглэлийн тусгай нислэгийн 50 суудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настан, жирэмсэн эхчүүдэд үнэ төлбөргүй нисэх боломж олгож байгаа аж.

Тус компани нь 2000 оноос Өмнөговь аймгийн Булган сумын нутаг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тэд жуулчны баазынхаа ойролцоо ирсэн тэмээ бүрийг эзэнтэй, эзэнгүй гэж ялгалгүй усалдаг аж. Мөн жил бүр байгаль хамгаалах чиглэлээр болон нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг тухайн аймгийн хүрээнд хийж хэвшсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна

“Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатартай ярилцлаа.


-Эрдэнэтийн 49 хувийн асуудал Дээд шүүхээр хоёр ч орчихов уу?

-Тэглээ, Монгол Улсын Дээд шүүхээр шийдвэр гарч байгаа хоёр дахь тохиолдол. Анхных нь Иргэний хэргийн шүүхээр орж шийдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард гарсан юм. “Монголын зэс корпораци” бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигч мөн гэсэн шийдвэр гарсан. Сая болсон Захиргааны хэргийн дээд шатны шүүхээс “Засгийн газар хуулийн хүрээнд шийдвэр гаргаагүй байна. Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газруудын хийсэн үйлдэл хууль зөрчжээ” гэсэн агуулгатай шийдвэр гаргалаа. Дээд шүүхээр тус тусад нь гаргасан энэ хоёр шийдвэр эцсийнх гэж харж байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд Дээд шүүхийн шийдвэр гарсан дороо хэрэгжинэ гэсэн заалт бий. Тэгэхээр өнгөрсөн долоо хоногт гарсан шүүхийн шийдвэр тэр дороо хэрэгжиж бидний эрх сэргэлээ гэж харж байна.

Улсын бүртгэлийн газар шүүхийн шийдвэртэй холбоотойгоор манай эрхийг сэргээх шийдвэрээ гаргаж Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпораци” эзэмшдэг гэсэн үйлдлийг хийнэ гэж хүлээж байна.

-Эрдэнэтийн ТУЗ хуралдалгүй удсан учраас шийдлээ хүлээсэн олон асуудал үүссэн гэж ярьж бичиж байна. Шүүхийн шийдвэр гарсан болохоор ТУЗ хуралдаад шийдвэрээ гаргаад явах нь ээ?

-Өнгөрсөн хугацаанд үйлдвэрт ТУЗ-ийн хурал хэд хэдэн удаа болсон. 2016 онд хэвийн ажилласан байгаа. 2017 оны нэгдүгээр сард хуралдсан. Дараа нь 2018 онд нэг удаа хуралдсан. Иргэний хэргийн танхимын дээд шүүхийн шийдвэр гарсаны дагуу Засгийн газар манай эрхийг сэргээсэн дээ. Тэр үйл явдлын дараа нэг хуралдсан юм. Гэвч хэдхэн хоногийн дараа Засгийн газар дахиад шийдвэр гаргачихсан. Ер нь өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаа Удирдах зөвлөлийн шийдвэргүйгээр явсаар өнөөг хүрлээ л дээ. Тэгэхээр мэдээж өчнөөн асуудал хуримтлагдсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас ойрын хугацаанд асуудлууд шийдэгдэх байх.

-Шүүх хурлын дараа та “ЖАСТ”-тай холбоотой төлбөрийн талаар мэдэгдэл хийсэн. Буруутай этгээдүүд нь төлөх ёстой гээд…?

-“ЖАСТ”-ын асуудлын хувьд байр сууриа илэрхийлэхээс аргагүй. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байгаа гэдэг утгаараа. ЖАСТ өрөө төлбөл Эрдэнэт үйлдвэрт хамаагүй болчихно. Гэтэл өрөө төлж чадахгүйгээс нь болоод Английн Арбитрийн шүүхээс “Баталгаа гаргаснаараа Эрдэнэт үйлдвэрийг өрийг нь төл” гэсэн шийдвэр гаргасан. Үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигчдийн хувьд гээд харахад асуудал маш ойлгомжтой. Хэрвээ Эрдэнэт энэ төлбөрийг хийвэл үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Хэдхэн хүний буруутай үйлдлийг, үйлдвэрийн 6000 хүний хүч хөдөлмөр нуруун дээр тохно гэдэг дэндүү шударга бус асуудал. Тийм учраас бид энэ асуудлыг сөхөж ярьж байгаа юм.

-Арбитрийн шийдвэрээс болж үйлдвэрт мэдрэгдэж байгаа сөрөг нөлөө гэвэл юуг онцлох вэ?

-Гадаадын харилцагчид маань Эрдэнэт үйлдвэр рүү мөнгө шилжүүлэх боломжгүйд хүрэх гээд байна. Бүтээгдэхүүнийхээ мөнгийг авч чадахгүй байдал руу орох гээд байна л даа. Үйлдвэрийн удирдлага Их Британи руу явж чадахаа болиод жил гаруй боллоо. Гүйцэтгэх удирдлага очвол шууд бариад хорих шийдвэр гарчихсан. Аравдугаар сарын эхний долоо хоногт Лондонгийн металлын биржийн жил бүрийн хамгийн том чуулга уулзалт болдог. Энэ арга хэмжээнд Эрдэнэт үйлдвэрээс очих боломж хумигдсан. Өнгөрсөн жил ч очоогүй.

-Таны онцолсон чуулга уулзалтад оролцохын давуу тал нь юу вэ?

-Ирэх нэг жилийн хугацаанд зэсийн ханш ямар шинэ төлөвтэй байхыг мэдэж, багцаалдаж авдаг гол арга хэмжээ. Тодруулж хэлбэл Эрдэнэт үйлдвэрийнхэн өөрсдөө очиж мэдээлэл авч чадахгүй нөхцөл үүсээд байна.

-“ЖАСТ”-аас гадна арбитртай холбоотой цөөнгүй асуудал Эрдэнэт үйлдвэрт бий байх аа?

-Хэд хэдэн асуудал бий. Ер нь 2009 оноос хойш тав, зургаан арбитрийн асуудал гарсан юм билээ. “ЖАСТ”-ын хувьд өөрөө их сонин кейс л дээ.

-Ямар утгаараа сонин кейс гэж?

-“ЖАСТ”-ын асуудлыг дарахын тулд манай асуудлыг улстөржүүлсэн юм шиг он цагийн дараалал харагддаг юм. 2016 оны тавдугаар сард үндсэн төлбөрийн асуудал яригдаад Английн Арбитрийн шийдвэр гарсан юм. Гэхдээ хурал нь болчихоод шийдвэр нь албажих процесс гурваас дөрвөн сар үргэлжилдэг юм билээ. Тавдугаар сард болсон хурлын шийдвэр есдүгээр сарын аравдаар гарсан байдаг. Яг үүний дараагаас манай асуудлыг хурцаар ярьж эхэлсэн. Түүнээс биш үндсэн асуудал маань аж ахуйн нэгжийнх шүү дээ. Хувьцаа эзэмшлийн, аж ахуйн асуудалтай холбоотой маргаанууд Иргэний болон Захиргааны шүүхэд өдөр тутам хэдэн арваараа шийдэгддэг. Манай онцлог юу гэхээр зүгээр л улстөржсөн кейс.

-Та түрүүн Эрдэнэт үйлдвэрт шийдэх ёстой асуудлууд цөөнгүй бий гэж ярьсан. Жишээ нь, цаг алдалгүй шийдэх ямар асуудлууд байна?

-Ер нь маш олон асуудал бий. Жишээ нь, Арбитрийн кейсүүд. Зарим нь шийдэгдсэн сураг дуулдсан. Зарим нь шийдлээ хүлээж байгаа. 35 жилийн хугацаанд ашиглаж дуусах техник эдийн засгийн үндэслэлтэй үйлдвэр гээд харахаар тоног төхөөрөмж нь хуучирсан, байгальд тогтсон хүдрийн биет дэх зэсийн агууламж буурч буй гэх мэт асуудлууд бий. Яг хэдий хэрийн нөөц үлдсэнийг нарийвчилж тогтоох ажил байна. Цаашлаад тогтоосон нөөцөн дээрээ үндэслэж яаж ажиллах төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай. Засаглалын хувьд компани маань Монголын хуулийг дагадаг аж ахуйн нэгж болоод хоёр жил болж байна. Гэхдээ олон улсад бүтээгдэхүүнээ гаргадаг компани гэдэг утгаараа олон улсын стандартыг дагадаг байх шаардлагатай. Нэг тонн баяжмал дахь зэсийн агуулгын олон улсын стандарт нь 30-аас дээш хувьтай байдаг. Манайх 23-24 хувьтай. Цаашдаа ийм үзүүлэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлээд байх уу, олон улсын стандартыг дагах уу гэх мэт асуудлуудыг ярих ёстой. Худалдааны маш олон компанитай үйлдвэр маань ажиллаад ирлээ. Тэд эцсийн худалдан авагчдад дамжуулж борлуулж байгаа. Өөрсдөдөө тодорхой хэмжээний ашиг авч үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр бид худалдаан дээр ямар бодлого баримтлахыг ТУЗ-ийнхөө хурлаар ярих ёстой. Зарим бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчдэд нь шууд зардаг болох шаардлага бий.

-Олборлолтын өртөг өндөр байсныг 49 хувийнхан орж ирснээр бууруулсан гэсэн мэдээлэл цацагдсан санагдаж байна. Тодорхой баримт жишээ хэлээч?

-Эрдэнэт үйлдвэрт нэг сонирхолтой статистик байсан. Зэсийн үнэ өсөхөөр бүтээгдэхүүний өртөг өсөөд байдаг үзэгдэл байсан юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэр үзэгдэл тодорхой хэмжээнд зогссон. Үүний эхний шалтгаан нь тендер. Тендерийг ил тод зарладаг болсонтой холбоотойгоор бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулж байгаа зардал тодорхой хэмжээнд хумигдсан. Хоёрдугаар шалтгаан гэвэл зарим зардал маань төгрөгөөр гарч байгаа. Тэгэхээр төгрөгөөр гардаг зардал маань өсөхгүй, харьцангуй тогтвортой байгаа юм шиг харагдаж байна. Түүнээс биш үйлдвэр хэтэрхий сайн ажиллаад, технологио шинэчлээд, гайхамшигтай менежмэнт явуулсан зүйл байхгүй.

-Эрдэнэтийн 49 хувийнхны хийхээр төлөвлөсөн онцлох ажлууд гэвэл юу байна?

-Геологийн хайгуулаа сайн хийх ёстой. Үүн дээр үндэслэж бодлого гардаг. Ажилчидтай холбоотой асуудал дээр сургууль, цэцэрлэг төлөвлөж байна. Өнөөдөр Эрдэнэтэд нэг орос сургууль, ганцхан орос цэцэрлэг байгаа. Орос сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж нэлээд асуудал болдог. Хойд хөршөөс ес, арван орос багш авчирвал тэнд сурч байгаа хүүхдийн тоог хоёр дахин нэмж болох боломж харагддаг. Энэ бол энгийн шийдэл. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хийсэнгүй. Орос цэцэрлэгийн тоог нэмэх шаардлага бий. Эрдэнэтийн хувьд Оросын соёл түгсэн газар. Үүнийгээ аль болох хадгалж үлдэх нь Эрдэнэ хотод төдийгүй Монголд хэрэгтэй. Учир нь орос хэл бол НҮБ-ын таван хэлний нэг, шинжлэх ухааны хэл. Ажилчдын байрны асуудал байна. Нэг гайхмаар зүйл бий. Ажилчдын орон сууц, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй хэрнээ бөхийн өргөө барьж байсан. Гэхдээ бөхийн өргөөний төслийг 40-50 хувьтай хэрэгжих үед нь түр зогсоогоод байгаа. Бидний зүгээс эхлээд чухал асуудлаа шийдье гэсэн бодлого барина. Ингэж байж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ.

-Сүүлийн асуулт. Ер нь Эрдэнэт яагаад улстөржчихөв өө. “ЖАСТ”-аас өөр шалтгаан байна уу?

-Хувийн бодлоо хэлье. Эрдэнэт улстөржсөн нь хоёр шалтгаантай гэж би хардаг. Эхнийх нь ярилцлагын эхэнд дурдсан Стандарт банкны асуудал. Улс төр дэх олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ асуудлыг дарахын тулд манайхыг томруулсан. Энэ бол бодитой ил харагдаж байгаа зүйл. Нөгөө асуудал нь гэвэл Эрдэнэт үйлдвэр 1991 оноос хойш бизнес эрхлэгч, улстөрчдийн шахаа хийдэг газар байж. Бид очоод “Өнөөдрөөс өмнөх асуудлыг сөхөхгүй, үүнээс хойш шахаа гэдэг асуудлаа мартчих. Зах зээлийн үнээр нь бараа бүтээгдэхүүнээ нийлүүл. Хятадаас 100 төгрөгийн бараа оруулж ирлээ гэхэд тээврийн зардал, гааль, НӨАТ-аа тооцоод, нэмээд арван хувийн ашгаа хар. Энэ бол зах зээлийн зарчим. 100 төгрөгийн барааг 300-гаар зардагийг хүлээн зөвшөөрөхгүй” л гэсэн. Дараа нь тендерүүд зарлагдаад хагас жилийн дотор 15 тэрбум төгрөг хэмнэчихсэн. Үүн дээр багтардаг байж мэдэх л юм.


Categories
мэдээ нийгэм

“Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнд Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс тэргүүллээ

Тээврийн цагдаагийн албанаас харьяа нэгжийн алба хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээний шилдгүүд тодорлоо.

Хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, биет зохицуулалт, зам тээврийн ослын газарт ажиллаж, дүгнэлт гаргах, уран жолоодлого зэрэг мэдлэг, ур чадварын нийт долоон төрөлд 33 багийн 99 алба хаагч өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр цагдаагийн хурандаа Ц.Ариунболд даргатай Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс бусдыгаа манлайлсан юм.

Дэд байрт цагдаагийн хошууч Б.Батхуяг даргатай Архангай аймаг дахь Замын цагдаагийн тасаг шалгарсан бол гуравдугаар байрт цагдаагийн хошууч Ж.Явуухулан даргатай Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасаг шалгарлаа. Харин цагдаагийн хурандаа Д.Ганболд даргатай Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тусгай байр эзлэв. Мөн тус албаны “Уран зохицуулагч”-аар Дорнод аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Одхүү тодорлоо. Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан “Тус албанаас харьяа нэгжийн алба хаагчдын дунд мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл, ажлын арга барил туршлага солилцох, судлах зорилгоор зохион байгуулдаг “Шилдэг зохицуулагч-2018” тэмцээнийг өнөөг хүртэл тасралтгүй 37 дахь жилдээ зохион байгуулж байна. Мэдлэг, ур чадварын тэмцээн гэдэг утгаараа энэ жил өрсөлдөөн ихтэй, оролцогчдын бэлтгэл өндөр байсан нь онооны нийлбэр дүн их ойр байснаас харагдаж байна. Ингээд тэмцээнд амжилттай оролцсон алба хаагчдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

АТГ:БСШУСЯ-ны цохолтоор I сургуульд 41 хүүхэд бүртгэжээ

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бусад асуудлын талаарх мэдээллийг өгсөн юм.

2018-2019 оны хичээлийн шинэ жилийн элсэлттэй холбогдуулан АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллахыг тусгасан байна.

АТГ-аас Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцжээ. Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл нь хамран сургах тойргийн маргаан болон бусад гомдол, мэдээлэл ихтэй байсан. Тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна. Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна.

Жишээ нь улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй зургаан бүлэг хичээллэхээс БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан.

Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна.

АТГ-аас бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана гэв.

ХОМ-ЭЭ ӨГӨӨГҮЙ НЭР БҮХИЙ ГУРВАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА
ТООЦЖЭЭ

Тодруулбал, Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Р.Энх-Амгалан нь өөрийн болон нөхрийн цалин хөлсийг худал мэдүүлсэн, нөхрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл, мөн өөрийн болон нөхрийн үүсгэн байгуулсан компаниуд, хувьцааны талаар мэдүүлээгүй тул “албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” арга хэмжээ тооцуулахаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулжээ.

Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, авто зогсоолыг мэдүүлээгүй тул “сануулах” хариуцлага тооцуулах талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн эхнэр О.Гантуяаг 2016 оны ажилд томилон бага ангийн бүлгийн туслах багшаар ажиллуулж байгаад 2018 онд ажлаас чөлөөлжээ. Энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн боловсролын газрын даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан гэж АТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 897 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн байна. Уг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын салбараас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурал Улаанбаатарт болно

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Хэвлэлийн хүрээлэн, Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон ХБНГУ-ын Дойче Велле Академитэй хамтран, Монгол дахь Канадын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр “Investigative Journalism Dialogue” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын хурлыг 2018 оны аравдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Хурлын зорилго:

  • Хэвлэлийн хагас эрх чөлөөт улс оронд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх боломж, тулгамдсан асуудал, бэрхшээлийн талаар хэлэлцэх
  • Монголын сэтгүүлч, судлаач, хэвлэл мэдээллийн удирдах ажилтнуудад бусад улсын туршлагаас суралцах боломж олгох
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр ажилладаг сэтгүүлч, судлаачдын харилцаа холбоог сайжруулах, хамтран ажиллах орон зай бий болгох

Хэлэлцэх сэдвүүд:

  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүй Монголд хөгжих боломжтой юу? Юу саад болж байна вэ?
  • Баримтыг нягтлан шалгах арга, боломж, бидэнд юу дутагдаж байна вэ?
  • Дата сэтгүүл зүй буюу тоон мэдээллийн хүчийг сэтгүүл зүйн бүтээлд хэрхэн бүрэн дүүрэн ашиглах вэ?
  • Эрэн сурвалжлагад сошиал медиа болон вэб ашиглах аргууд
  • Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?
  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бие даасан хараат бус үйл ажиллагааг хэрхэн дэмжих вэ?
  • Эрэн сурвалжлах сэтгүүлчдийг хэрхэн чадавхжуулах вэ?

Оролцогчид:

Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтан, сэтгүүл зүйн багш, хүний эрх, ил тод байдал, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцоно.

Олон улсын төлөөлөгчдийн хувьд Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Олон улсын сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн, “Хэрхэн яаж хүмүүсийн ярианы сэдэв болох вэ?” гарын авлагын зохиогч Сайд Назакат, Хонг Конгийн Их сургуулийн профессор Ийн Чан, Нээлттэй нийгэм сангийн Хараат бус сэтгүүл зүйн хөтөлбөрийн захирал Мариа Тереза Рондеро, Киргиз улсын Дата сэтгүүлч Савиа Хазанова, Малайзийн Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв-Малайсиакинигийн үүсгэн байгуулагч Стивэн Ган, ХБНГУ-ын Дойче Веллегийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Йохан Шпангенберг, Дойче Велле Академийн Монгол дахь төслийн менежер Патрик Бенинг, ЮНЕСКО-гийн Бээжин дэх бүсийн төвийн мэдээлэл, харилцааны салбарын үндэсний мэргэжилтэн Куинг Зен зэрэг туршлагатай мэргэжилтнүүд, мөн Монгол дахь элчин сайдын яамд, Монголд ажиллаж буй гадаадын сэтгүүлч, олон улсын байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд оролцоно.

ЦАХИУР 2018

Олон улсын хурлын үеэр уламжлал ёсоор эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн хоёрдугаар уралдааны шагналын эзэд тодорч, шагнал гардуулах хүндэтгэлийн ёслол болно.

Бүртгүүлэх хаяг: https://goo.gl/forms/SZNwgy2Pfy8Z8GAU2

Бүртгэлийн хураамж:

  • Олон улсын хурлын бүртгэлийн хураамж нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан бол 45.000₮,
  • Бусад байгууллагын төлөөлөл бол 65.000₮ болохыг анхаарна уу. Та хурлын бүртгэлийн хураамжийг төлснөөр Таны бүртгэл баталгаажих болно.

Бүртгэлийн хураамж төлөх хувилбар:

  • Бэлнээр. Та хураамжийг бэлнээр төлөх бол Хэвлэлийн хүрээлэнгийн санхүүд хандана уу.
  • Дансаар. Та дансаар төлөх бол Хэвлэлийн хүрээлэнгийн Худалдаа Хөгжлийн Банкны 499005556 тоот дансанд “ОУ хурлын төлбөр, Таны нэр” гэсэн хэлбэрээр бичиж тушаана уу.

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2018 оны есдүгээр сарын 28-ны 17:00 цаг

Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах суваг:

Лавлах утас: 350002, 8898-8045

www.pressinst.org.mn

FB page: https://www.facebook.com/PressInstituteMongolia/

FB page: https://www.facebook.com/Investigative-Journalism-Dialogue-1977621575593278/

Twitter: @Press_Institute