Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байсныг зогсоожээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Отгонтэнгэр дээд сургуулийн зүүн талд байрлах Ляна хө рестораны урд хэсэгт нийтийн эзэмшлийн зам талбайд өргөтгөл барих гээд газар шорооны ажил хийж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр шалгалт явуулжээ.

Шалгалтын үеэр өмнө нь байсан үүдний гонх хэсгийг буулгасан байдалтай байсан аж. Энэ талаар тус компаниас тодруулахад барилгын гадна фасадыг шинэчлэх зорилгоор буулгасан, өргөтгөлийн ажил хийхгүй шилэн фасад хийнэ гэсэн хариу тайлбар өгчээ.

Харин өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийхээр очиход барилгын үүдэнд газар ухагч экскаватор байрлуулж, авто замын боржуур давуулан явган хүний зам талбайг эвдэж, газар шорооны ажил хийсэн байдалтай байв.

Иймд нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн газар шорооны ажил хийж байсныг таслан зогсоож, эзэн холбогдогчийг шалгаж эхэлсэн байна. Тус рестораныг түр хугацаагаар хааж, зөрчлийн хэрэг нээжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Нийслэлийн 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэхээр болов

Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй багш нарын ажил хаялт есдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос ажил хаялтыг зохион байгуулж буй юм. Тус холбооноос өнөөдөр мэдээлэл хийж маргаашнаас ажил хаялтад цэцэрлэгийн багш нар нэгдэх болсныг мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж. Тухайлбал маргааш буюу есдүгээр сарын 6-наас Нийслэлийн хэмжээнд 33 цэцэрлэгийн багш ажил хаях юм байна. Мөн цаашид 92 цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдлээ өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын мэдээллүүд иргэдэд нээлттэй боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах ажлын хүрээнд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гүйцэтгэлийн ажлын явц төсөв, хөрөнгийн хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авч болох орон зайн мэдээллийн системд суурилсан https://open.ulaanbaatar.mn системийг НЗДТГ-аас хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Энэхүү систем нь тухайн жилд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар ННЗБ-уудын нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, хөрөнгийн эх үүсвэр, байршлын статистик мэдээлэл, санхүүжилт, зам, барилга, засвар гэх мэт төрлөөр нь ангилан иргэдэд нээлттэй, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, иргэдийг нээлттэй мэдээ, мэдээллээр хангах давуу талуудыг бий болгож өгснөөрөө онцлог юм.

Төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, байгууллагуудын мэдээллийн хүртээмж, урсгал, мэдээллийн ой санамж, хөрөнгө оруулалт болон удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой, хурдан цаг алдалгүй гаргахад ухаалаг технологийн үр ашигтай шийдлийг нэвтрүүлэн нийслэлээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттай шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгаж үйлчилгээг сайжруулан ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Япон соёлын наадам” ирэх долоо хоногт болно

Монгол, Япон Улсуудын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эрчимтэй бөгөөд тогтвортой хөгжин 1996 оноос иж бүрэн түншлэлийн, 2010 оноос стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.

Нэн ялангуяа хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа бэхжин соёлын хамтын ажиллагаа өргөжиж байгаа билээ. Үүний тод илрэл бол Монголын ард иргэдэд Японы соёлыг түгээх 9 дэх удаагийн “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ юм.

Жил бүр улам өргөн дэлгэр зохион байгуулагдаж буй тус наадам нь их жанжин Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд “Япон соёл, япон амт, япон чанартай танилцах ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор зохион байгуулагдана.

Хөтөлбөрт дараах арга хэмжээнүүд багтаж байна.

  • Японы үндэсний урлагийн тоглолт
  • Японы үндэсний тайко бөмбөрийн алдарт Индра хамтлагийн тоглолт
  • Япон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • Японы олон төрлийн хоолны худалдаа
  • Япон кимоно өмсөж зургаа авахуулах
  • Японы наадам-мацуригийн хөгжөөнт тоглоом наадгай /супер болл, кендама/
  • Японы мэргэжлийн үсчид үнэгүй үс засалт хийх
  • Соробан сампингийн тэмцээн, танилцуулга
  • Япон хэлний сургууль, боловсролын төвүүдийн танилцуулга
  • Япон хэл сурагч оюутан, сурагчдын булан
  • Япон аяллын танилцуулга

Categories
мэдээ улс-төр

Н.Цэрэнбат: Улс орнуудад хэрэг болохуйц туршлага хуримтлуулсан

Гадаад хэргийн яаманд“Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөв тайлан”-гийн нээлт боллоо.

Энэхүү тайланг боловсруулахад МУ-ын Засгийн газар болон Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, нийгмийн комиссын зүгээс 250 мэргэжилтэн ажиллажээ.

Энэ талаар БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хярихдаа “ тайланг боловсруулахад хэд хэдэн үе шат бүхий олон удаагийн хэлэлцүүлэг, зөвлөгөөний үр дүнд хийсэн төдийгүй МУ-д Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг манлайлах үүрэг бүхий байгууллагууд төрийн бусад байгууллагуудад жишиг болохуйц хамтын ажиллагааг өрнүүлж чадлаа. Гэхдээ хөгжлийн асуудлуудад олон алхамт аргазүйг ашиглан нарийн төвөгтэй дүн шинжилгээ хийсэн үндэсний түвшний анхны тайлан болсны хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн тайланг боловсруулах нь амаргүй ажил байсан. Иймд энэхүү үйл явдлаас сургамж авч , Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг үндэсний түвшинд нэгдмэл байлгахыг зорьж буй бусад улс орнуудад хэрэг болохуйц туршлага хуримтлуулсан хэмээн үзэж байна гэв.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн тайланг боловсруулах ажил 2017 оны эхээр эхэлсэн байна.

Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030, түүний хүрээнд дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгууд нь хөгжил дэвшилд хүрэхээр зорьж буй орнуудад том дэвшилд хүрэх боломжийг бий болгосон байна.

Энэхүү цогц, олон талын агуулга, бүхий хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж буй улс орнуудын хувьд өнөөгийн нөхцөл байдлыг илэрхийлэх баримт нотолгоо гаргах үзүүлэлт, ахиц дэвшлийг хэмжих, тэргүүлэх чиглэлийг тогтоох, тэдгээрийн харилцан уялдааг хангах нь амжилтын чухал хүчин зүйл болох юм байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн тайлан нь хөгжлийн асуудлыг цогцоор нь авч үзэх, цоо шинэ аргазүйг танилцуулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилт хоорондын харилцан уялдааг харгалзан хэд хэдэн зорилгод харилцан уялдаатайгаар нэг зэрэг хүрч, системийн хэмжээнд томоохон үр нөлөө гаргаж болох хөшүүрэг цэг (leverage point)-ийн тухай ойлголтыг авч үзжээ.

Түүнчлэн энэхүү арга барил нь одоо хэрэгжиж байгаа төрийн бодлого, үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын болон байгаль орчны олон талт гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг хариуцлагатай уялдуулах, хэт явцуу салбар дагнасан бодлого, байгууллагын амбицийг өөрчлөх замаар “Даян дэлхийн Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хэрэгжүүлэх үндсэн механизм болох аж.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Шинэ яармаг төвийн бүтээн байгуулалт эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр/09.05/ хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй хийдэг “Хот ба сэтгүүлч” уулзалтаараа нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, шинээр хийгдэж байгаа ажил, Улаанбаатар хотын төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдрийн уулзалтын үеэр хэд хэдэн гол сэдвийг сэтгүүлчдийн анхааралд хандуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар 2016 онд томилогдон ажилласнаас хойш өнөөдөр 800 дахь хоног нь тохиож байна.

Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар өргүй хот боллоо.

Анх 2016 онд 100 орчим тэрбум төгрөгийн өртэй хотыг нийслэлийн удирдлагын баг хүлээн авсан. Үүнд аж ахуйн нэгж байгууллагын өрөөс эхлээд нийслэл хоттой хамаатай бүх төрлийн өр багтаж байв. Үүнийг 2018 онд бүрэн төлж дуусгалаа.

Нийслэл хотын зүгээс Улаанбаатар хотын Худалдааны танхимтай салшгүй холбоотой ажиллаж ирсэн. Ингэснээр төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн түншлэлийг бодитой хэрэгжүүлж ирэв.

Олон удаагийн парламент дамжин хүлээгдэж байсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна.

Өдгөө 1.4 сая хүн амьдарч ажиллаж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж буй хотын хувьд уг хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Сүүлийн удаа 1994 онд уг хуулийг шинэчилсэн. Гэвч тухайн үед Улаанбаатарын суурин хүн амын тоо 589 мянга байсан бол өдгөө 1.4 сая болж, 30 мянган хүн амтай хороо ч ажиллаж байна. Автомашин 20337 бүртгэлтэй байсан бол өнөөдрийн байдлаар 400 гаруй мянга болсон гэх зэргээр нийслэл хотод эрх зүйн шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

Газрын реформ, шинэчлэлийн ажил хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсноос хойш С.Батболд сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын дунд газар олгоогүй. Зөрчил бүхий 16.8 га газрыг хураан авч, зөвшөөрлийг хүчингүй болгон сургууль цэцэрлэг, оршин суугчдад нь буцаан олголоо.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 33 дугаар сургуулийн эзэмшилд газарт олгосон газруудыг хүчингүй болголоо. Ийм олон газар бий.

Мөн СӨХ-д нийтдээ 40.8 га газрыг олгож, тоглоомын талбай, тохижилт хийх боломжийг олголоо.

Ингэж иргэд болон сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдэд эргүүлэн олгосон газрын хэмжээ 57 га талбайд хүрч байгаа нь 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай дүйж байгаа юм.

Гэр хорооллуудад “Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв байгуулах ажил өрнөж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого, шинэ төлөвлөлтийн ажлыг эхлүүлж, бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ.

Нийслэл хотын гэр хорооллын чиглэлд авах арга хэмжээг төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд хувааж хөгжүүлэхээр тусгалаа. Дундын бүсийн гэр хороолол нь нийт гэр хорооллын 28.8 хувь буюу 2794 га талбайг хамардаг бөгөөд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг газар дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Үүнээс Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, ажлын зураг төсөл хийгдэж дууссан. Үлдсэн 3 байршил болох Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд зураг төслийн ажил дуусах шатандаа явж байна.

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас 53 иргэнд орон сууц олгож, 3.2 га газрыг Нийслэлийн газрын санд шилжүүллээ.

АХБ-тай хамтарч Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийг байгуулахаар дэд бүтэц, сургууль, цэцэрлэг зэрэг шаардлагатай бүтээн байгуулалт хийхээр болж байна. Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлогыг хотын удирдлагууд хэрэгжүүлж байна.

Төрийн үйлчилгээний шинэчлэл

Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах гэж байна. Нийслэлийн хороодод төрийн үйлчилгээг хүргэх ажлыг энэ онд эхлүүлж байгаа юм. Улаанбаатар хотод нэг цэгийн үйлчилгээний супермаркет 4 бий. Одоо иргэдийн хамгийн их авдаг 7 төрлийн үйлчилгээг хороод хүргэж байна.

Шинэ Яармаг төвийн бүтээн байгуулалт эхэллээ.

Нийслэл хотын захиргааг Яармаг тийш шилжүүлэх ажил эхэлж, барилгын суурийг тавьсан. 2019 онд Хотын захиргаа Яармаг руу нүүж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд шилжин байрлах боломж бүрдэнэ. Ингэснээр 330 төрлийн ажил, үйлчилгээ нийслэлээс авахаар хотын төвд бөөгнөрөл үүсгэдэг байсан байдал арилна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Майдар дагуул хот, шинэ нисэх буудлыг түшиглэсэн Аэросити зэрэг дагуул хотуудыг хөгжүүлэн хотын төвлөрлийг арилгана.

Улаанбаатар хот авто зам, дэд бүтцийн салбарт сүүлийн 60 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, авто замын сүлжээний гол болон туслах гудамж замууд, тэдгээрийг холбосон авто замуудыг шинээр барихаар төлөвлөж байна.

2018 онд энэ салбарт нийслэлийн төсвөөр 13.1 километр зам шинээр барьж, 2.2 километр замыг өргөтгөн шинэчилж байна. Дэд бүтцийн салбарт хийгдэж байгаа хамгийн гол бүтээн байгуулалт нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийгдэж байгаа 4 том гүүрийн төсөл юм.

Ингэснээр Улаанбаатар хот бүхэл бүтэн 60 жилийн дараа гүүрэн байгууламжаа цогцоор нь шинэчилж байна.

Нэг хот, нэг стандарт гэсэн ажил эхлүүлээд байна.

Нийслэл хотод амьдарна гэдэг бол иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг юм.

Улаанбаатарыг удирдана гэдэг нь хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил бол энэ. Бага тойруугаас Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрт нэг л стандарт үйлчлэх ёстой. Үүнийг Нэг хот, нэг стандарт гэж байгаа юм. Үүнийг нийслэлийн 1.4 сая иргэн бүрт нэг стандарт хэмээн томъёолон ойлгож болно.

Categories
мэдээ нийгэм

“ICT-Expo-2018” үзэсгэлэн энэ сард болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT-Expo-2018” үзэсгэлэн энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, техник технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд танилцуулдаг уг үзэсгэлэнг энэ жил Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 12 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

“ICT-Expo” үзэсгэлэн нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилдаг, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, гарааны компаниудад хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй уулзах боломжийг олгодог арга хэмжээ болдгоороо онцлогтой.

Үзэсгэлэнд оролцогчдын тоо жилээс жилд өсч байгаа бөгөөд Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын байгууллагууд шинээр нэвтрүүлсэн дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээгээ иргэд олон нийтэд танилцуулж, үйл ажиллагаагаа сурталчилдаг энэхүү арга хэмжээнд оролцохыг хүссэн байгууллагууд www.ictexpo.mn сайтад хандан, цахимаар бүртгүүлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аян үргэлжилж байна

“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны хоёрдугаар ээлжийн аяны нээлтийн ажиллагаа энэ сарын 7-нд ГХЯ-ны “Их номин” танхимд болох юм байна.

Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлсэн юм.

Хоёрдугаар ээлжийн аянд Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны нээлтийн үеэр АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бөмбөлөг ашиглан хүнийг нисгэх туршилт амжилттай болов

ОХУ-ын “Стратонавтика” компани гелийн хийгээр дүүргэсэн бөмбөлөг ашиглан хүнийг агаар мандлын дээд давхаргад гаргах туршилт хийсэн нь амжилттай болжээ. Компанийнхан туршилтаа улам боловсронгуй болгосныхоо дараа уг үйлчилгээгээ жуулчдад санал болгох гэнэ.

Туршилтыг Валера нэртэй хүн дүрст моделийг ашиглан явуулсан бөгөөд гелийн хийгээр дүүргэсэн зургаан бөмбөлөгтэйгөөр хөөргөхөд газраас дээш стратосферт хүртэл 25.7 километр өндөрт хөөрсөн байна.

Энэ хэмжээний өндөрт маш хүйтэн, хүчилтөрөгч байхгүйтэй адил учир цаашдаа жуулчдад “Сокол” загварын скафандр буюу сансрын нисгэгчийн өмсгөл ашиглахаар төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлахыг үүрэг болгов

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийж, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар мэдээллээ. Мөн ургац хураалт, мал мах болон хадлан тэжээл бэлтгэх ажлыг шуурхайлахыг анхаарууллаа. Түүнчлэн төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах талаар үүрэг даалгавар өглөө. Тэрээр улс орны хөгжлийн тулгуур баганын нэг бол төрийн алба. Тийм учраас төрийн алба мэргэшсэн, тогтвортой байхын зэрэгцээ хариуцлагатай, сахилгатай байх нь чухал гэв.

Г.Занданшатар сайд мөн холбогдох яамны газрын дарга, ахлах мэргэжилтнүүд, 21 аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нартай видео хурал хийжээ. Видео хурлаар өвөлжилтийн бэлтгэл хангах ажил дээр онцгой анхаарч ажиллахыг сануулсан байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 15-наас хүйтрэх тул ургац хураалттай холбоотой ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна.