Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оросын Монголоос Орос-Хятадын Монгол

-ВЭЭРСҮҮД-

Нэг. ЗЭС ЦАРЦААТАЙ АМЬД БУДДА

Аугаа их Чингэс хаанаа мөрөөдөхөөс өөр төрийн мэнэжмэнтээр барагтайхан монголчуудын тусгаар тогтнолоо сэргээсэн, хадгалсан түүх маш сонирхолтой. Өөрсдийн маань ярьдаг шиг Чингэс хаанаас уламжилсан төрийн далд нууц бодлого энэ тэрээс үүнийг хайгаад огт хэрэггүй. Нэгэн цагт дэлхийн талыг эзэгнэж байсан Их хаан Чингэсийн бодлого аль XVI-XVII зуунаас тасалдан алдарсан юм. Хоёр зуу гаруй жилийн турш Жунь Анхайн ордонд боловсорсон Манж Да Чин гүрний төрийн бодлого Монголын хээр талд хэрэгжиж байлаа. Орон нутгийн ноёд түшмэдийн шийдэж байсан асуудал гэвэл малын жижиг хулгай ба өртөө улааны алба гэсхийгээд л болно.

Шашны удирдагч Амьд Будда нарын асуудлыг ч Бээжингээс хамаарч, тэдний зарлиг, лүндэнгээс эхлээд сүнс хаана дахин төрж болохыг хүртэл зааварлан удирдаж байлаа. Монголын шашны удирдагчийн хойт дүрийг зөвхөн Төвдийн Амдо мужаас тодруулах Манжийн хааны зарлигтай байсан.

Түүнчлэн XIX зууны сүүл үеэс эхлэн Манж Чин гүрний эзэд Өрнөдийн эзэрхийлэл, тэдний соёлын нөлөөнөөс үхтлээ айх болсны ул мөр ч Монголын амьд бурхадын зарлиг лүндэнгээс харагдаж байдаг. Тэд Өрнөдийн соёл иргэншил, техник, технологи нэвтрээд эхэлбэл араас нь цэрэг цуух, төр нь ороод ирнэ гэж үзэн болгоомжилж байсан бололтой. Ар Монголын хутагт гэгээдийн лүндэнд “Улаан өнгийн хувцас бүү өмс. Цөвүүн цаг ирэхэд төмөр могой дэлхийг ороож, тэнгэрт зэс царцаа ниснэ…” гэхчлэн гарч буй шифрийг тайлбаас “Хаант Орост засгийг халсан улаантнуудыг бүү дага, галт тэрэг, нисэх онгоц буюу төмөр зам, агаарын тээвэр хэмээх Өрнийн технологиос, өөрөөр хэлбэл Өрнөдийн соёл иргэншлийн нөлөөнөөс болгоомжил” хэмээн уншигдана.

Харин өнөөдөр шашны уламжлалт улаан орхимжоо асаасан Дээрхийн гэгээн Далай ламтан төмөр могойн дотор дуртайяа заларч, өчүүхэн ч ажиг сэжиггүйгээр зэс царцаанд морилон тив, тивийн хүн ардад Буддагийн ариун сургаалыг айлдаж, хамаг амьтны тусыг үйлдэн бөлгөө.

Гэхдээ дээрх лүндэнг улаантнуудын учруулах хүчир-хийлэл ба аюулыг урьдчилан харсан, галт тэрэг онхолдох, онгоц сүйрэх, барьцаалагдах процессийг эртээс тольдсон виваангирид гэж тайлах хүмүүс ч бас бишгүй. Тийм байг яахав.

Хамгийн гол нь гадаад Монгол буюу өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах төрийн ба шашны бодлого нь монголчуудынх биш, харин 100 хувь Манж Чин гүрнийх байсан гэдэг нь л баримт юм.

Харин ХХ зууны Монголд явуулах төрийн бүхий л үйл ажиллагаа Зөвлөлт улсын Кремлийн хэрэмний цаана нарийн төлөвлөгдөөд, хатуу хяналттай хэрэгжиж байлаа. БНМАУ-ын төрийн яам, тусгай газар бүрт онц эрхтэй-Зөвлөлтийн зөвлөх ажиллан хянаж, түүнээс арай доогуур шатанд болохоор “Зөвлөлтийн мэргэжилтэн” хэмээх халхавч нэрийн дор Москвагийн бодлогын хэрэгжилтийг хянаж байв. Үлдсэн хэсэгт нь үзсэн дуулснаа хамгийн түрүүн Зөвлөлтийн зөвлөх болон мэргэжилтэнд биеэр болон даргаараа дамжуулан дуулгах үүрэгтэй мэдээлэгч, ажиглагчдын сүрэг төрийн хараагаар хяналт тавина. Тэр үед “Зөвлөлтийн зөвлөхтэй санал зөрөх”, “Зөвлөлтийн мэргэжилтнийг гомдоох” зэрэг нь төрийн эсрэг үйл ажиллагаанд тооцогдон хатуу шийтгэл хүлээдэг байсныг мартаагүй хүн Монгол Улсад олон байгаа.

Дэлхийн социалист систем ХХ зууны сүүлийн аравны эхээр нуран унахад Монголын жолоо Оросын гараас алдагдав. Өнөөдөр Монголын ардчилагчид хувьсгалынхаа бараг 30 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ой үнэн хэрэгтээ Монгол нутагт Монголын өөрийнх нь төр дахин бий болж, монголчууд өөрөө өөрийгөө удирдах болсны ой юм.

Төрт ёсны мянганы түүхтэй улсын хориодхон настай төр???“Чингэс хаан эргэж ирнэ”, “Чингэсийн удам бид бодохдоо” гэхчлэн дультраатах монголчуудын энэхүү балчир төр Орос ба Хятадын империйн бодлогыг сөрөн зогсож чадах уу? Далайн цаанаас гар сунгах Барууны хөрөнгө оруулагчдад бат наалдаад, хоёр их гүрнийхээ цалмыг сулруулж дөнгөх үү?

Хоёр. УЛСАА СОЛЬДОГ СОНГУУЛЬ

Монголчуудын ярих дуртай сэдэв бол тусгаар тогтнол. “Аугаа Чингэс хааныхаа “толгой”-гоор бодоод, цэцэн ухаан гаргаж Манжийг мэхлэн тусгаар тогтносон ба Оросыг аргалан тусгаар тогтнолоо баталгаажуулаад, цаг үеэ олон тэднээсээ салаад ардчилж яваа” гэж ярих, бичих дуртай, бид.

Үнэхээр дэлхийн хоёр их гүрний дунд хавчуулагдан тусгаар тогтнолоо сэргээгээд, улмаар ардчилаад яваа нь бол баримт юм. Харин энэ бүхнийг уран сайхнаар найруулсан “Чингэс толгой” бол домог мөрөөдөл талдаа түлхүү байх аа.

Эхлээд эрх чөлөөний тухай нүүдэлчин монгол хүний ойлголтоос эхэлье. Тэд засаглалын сайн тогтоцоос илүү сайн ноён, захирагч л бүхнийг шийднэ гэж үздэг. Магадгүй энэ нь Чингэс хааны өсч өндийсөн түүхтэй ч холбоотой байх. Ингээд тэд шударга бус, хэрцгий эзэн ноёнтойгоо тэмцэх, түүнтэй заалдах, асуудлаа хуулийн хүрээнд шийдүүлэхийн оронд өөр илүү сайн эзэн ноёныг олж дагаар орохыг чухалчилдаг.

Нүүдэлчин амьдрал нь ч ийм боломжоор дүүрэн. Ноёнтойгоо муудалцсан шөнөдөө ачаалаад нүүчихнэ. Өглөө болоход өөр “сайн” ноёны нутаг руу орчихсон байна. Орон нутгийн сонгууль хийж байгаа хэрэг шүү дээ.

Баруун монголчуудын хэсэг нь малтайгаа нүүгээд Баатар Цагаан хааны нутаг Ижил мөрөнд, Ил тарвагатайн Сумъяа бээс албатаа дагуулан нүүсээр Богд хаант Монголын Сэлэнгэд ирж тус тус суурьшив. Ерөнхийлөгчийн сонгууль болоод байгааг анзаарав уу?

Манжийн захиргаанд орохынхоо өмнөхөн халх, ойрдууд нийлж хууль батлахдаа хэлэлцсэн гол асуудал нь “эзнээ солих явдлыг чадвал арилгах, эс чадвал бууруулах, аргаа барахад улам дэврээхгүй байх” явдал байлаа.

Ийм боломж байхгүй учраас суурин амьдралтай тариаланчид хууль ёс, засаглалын илүү шударга хэлбэр, муу ноёныг огцруулаад сайнаа гарган томилох арга сэлтийг бодож олохоос өөр аргагүйд хүрчээ. Тэр нь боловсрон боловсорсоор ардчилалд хүрсэн билээ.

1911 онд Монголчууд Манж Чин гүрний эрхшээлээс гарахдаа аанай л нүүдэлчнийхээ сэтгэлгээгээр хандсан. Тэд Манж-Хятад гэдэг муу эзнээс салж, Баатар Цагаан хаан хэмээх илүү сайн эзэнд хандаж байлаа. Монголын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагт итгэл өвөрлүүлсэн шавь нараа “төмөр могой”-д суулган Транссибирийн төмөр замаар Баатар Цагаан хаанд одуулж байлаа.

Хувь хүн бол адуугаа туугаад нүүхсэн. Адуу малаа туугаад нүүсэн торгууд монголчууд “халимаг” нэртэйгээр Ижил мөрөнд сууж байгаа л даа, уул нь. Даанч энэ уудам нутгаа хаяад нүүлтэй нь биш. Учир иймд Баатар Цагаан хаан та нааш ирж эзэгнэж өгнө үү? Яг ийм утгаар л монголчууд Хаант Орост хандаж байсан.

Монголчуудын хувь заяа Гурван улсын гэрээгээр Хятадын харьяаны боловч Оросын нөлөөний улс байдалтайгаар шийдэгдсэн билээ. (Үнэндээ, 1907 оны Орос-Японы нууц гэрээгээр)

Гурав. АЯА САЙН ЭЗЭН!!…ЧИ ХААНА ВЭ?

Удалгүй 1917 онд Орос улсад төрийн эргэлт гарч хаанаа егүүтгээд, шашин номгүй улс засгийн жолоонд гарсан чимээ гарлаа. Ингээд монголчууд ядаж л бурхан шүтээнтэй эзэндээ эргэн очихоор шийдэж захиа урилга илгээн байж Сю Шүжаныг ирүүлэв. (Урилга Тайванийн архивт буйг судлаач Р.Болд номдоо оруулсан) Генерал Сю Шүжан нь Хүрээнд ирээд дураараа дургих нь хэрээс хэтэрлээ. Арга барагдсан Богд гэгээнтэн урьдын лүндэнгээ “умартан” байж улаан тугтай, төмөр могой, зэс царцаатай Зөвлөлтөөс тусламж гуйсан бичиг дээр мутрын тэмдгээ дарлаа. Шашны тэргүүнийхээ мутрын тэмдэгтэй захиаг өвөрлөсөн ардын намынхан шашин бурхангүй зөвлөлтүүд дээр “Бидний шинэ эзэн болооч” гэсээр очлоо. Улаантныг ирэхээс өмнөхөн монголчууд Барон Унгерн хэмээх шинэ хаантай болж үзжээ.

Монголчууд ХХ зууны эхээр өөрсдийнхөө “шинэ сайн эзэн” болох хүсэлтийг Японы эзэн хаан, Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчид хандан гаргаж байсан баримт бий.

Дөрөв. ЭЗНЭЭ ДАХИАД АЛДАВ

Улаан Оросын нөлөөнөөс монголчууд 1990 онд гарлаа. Хэдийгээр ардчилагчид өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж, хэмжээгүй эрхт МАХН-ын Улс төрийн товчоо огцорч байсан нь түүх боловч тэр үед дэлхий даяар социализм өөрөө дампууран унаж, Зөвлөлт Холбоот Улс өөрөө тарсан цаг билээ.

Ийнхүү 1990-ээд оноос Монгол хээр талд мянганы тэртээх Хүннү гүрнээс улбаатай, найман зууны өмнөх Чингэс хаанаас үүдэлтэй Монгол төрийн бодлого сэргэн хэрэгжих цаг ирэв. Цоо шинээр дахин мэндэлж буй Монгол төрийн бодлого нялх балчир гэдгийг тооцон үзвээс тал нутагт хүчирхэг төрийн бодлогогүй болсон зурвас үе эхэлсэн юм.

1990 оны хувьсгал үнэн хэрэгтээ Зөвлөлтийн хэрээс хэтэрсэн нөлөө, дарамтын эсрэг хувьсгал байсан. Монголчууд Зөвлөлтийг өөрийн вассальд хандах хэм хэмжээгээ хэтэрхий зөрчин, дагуул улсынхаа дотоод хэргийг бүрэн хянаж байгаад дургүйцсэн юм. Энэ хувьсгал нь 1911 оны хувьсгалтай их төстэй. 1911 оны хувьсгалын өмнө монголчууд Хятадыг сөрөн зогсох тэнхээ бүхий Хаант Оростой холбоо тогтоож байсан бол 1990 оны хувьсгалын өмнөхөн БНМАУ нь Зөвлөлтийг сөрөн зогсох чадавхтай гүрэн болох АНУ-тай дипломат харилцаа тогтоож чадлаа.

1911 оны хувьсгалын гадаад тохироо нь Манж Чин гүрэн өөрөө задран унасан явдал байв. Логик нь: Монголчууд Манж Чин гүрний хараат байсан ба Эзэн гүрэн өөрөө унасан нь Монгол орныг эзэнгүй болгов. Иймээс хоёр зууны тэртээ 1691 онд Долоннуурт байгуулсан Энхамгалан хаан ба Занабазарын гэрээ өөрөө хүчингүй болж байна. Хувьсгалын гадаад тулгуур нь Хаант Орос.

Харин 1990 онд монголчууд эзнээ солих цаг дахин иржээ. Харин үндэслэл нь 1991 онд Ельцин, Кравчук, Шушкевич нарын гарын үсэг зурснаар Зөвлөлт Холбоот Улс тарсан явдал байв. Логик нь: Социалист систем ба Зөвлөлт улс тарснаар 1936 онд байгуулагдсан “Зөвлөлт-Монголын харилцан туслалцах гэрээ протокол” өөрөө хүчингүй болж байна. Хувьсгалын гадаад тулгуур нь нь АНУ тэргүүтэй дэлхийн ардчилсан систем.

Хэдийгээр 1936 оны гэрээ протоколд Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улсын вассаль болох тухай үг үсэг байхгүй ч гэсэн Ар Монголын газар нутгийг өөрийн ”зоон” гэж үзэн түүн дээрх засаглалын хэлбэрийг өөрийн цэрэг зэвсгийн хүчээр хамгаалахаа зөвлөлтүүд албан ёсоор, олон улсын хэмжээнд тунхагласан юм. Тиймээс энэ гэрээ протокол 1691 оны Долоннуурын гэрээтэй утга нэг акт болно.

Монголд өрнөсөн ардчилал нь эрх чөлөөний хувьсгалынх нь дагалдах бэлэг байлаа. 1990 оны хувьсгалын баатруудын уриа нь эхэндээ “Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хэмжээгүй эрх мэдлийг хязгаарлах”, “Монголын ард түмнээс нууцаар ашиглаж байгаа Мардайн урааны орд газраас оросуудыг хөөн явуулах”, улмаар “Зөвлөлтийн гар хөл болсон МАХН-ын Улс төрийн товчоог бүрэлдэхүүнээр нь солих” тухай байсан.

Өөрийнх нь удирдаж буй систем нуран унаж байгааг өдөр тутмын үйл явдлаас харж мэдэрсэн, түүнчлэн магадгүй өөрөө ч Зөвлөлтийн хязгааргүй эзэрхийлэлд дотроо таагүй ханддаг байсан байж мэдэх Ж.Батмөнх Улс төрийн товчоогоо дагуулан огцрох ер бусын зоримог шийд гаргажээ.

1990 онд нам, төрийн тэргүүн Жамбын Батмөнх удирдлагадаа байсан нөхдөөс “Дахин улс төрд орж ирэхгүй” гэсэн ам өчгийг давхар авсан байсан нь сонирхол татдаг.

Ж.Батмөнх хамтран зүтгэгчдээсээ авсан дээрх амлалтаараа Монголд дахин нэг намын систем тогтоохыг хүсээгүй гэж шууд дүгнэх хэцүү. Гэхдээ засаглалд эрс шинэтгэл хийхийг тэрээр хүсч байсан нь ойлгогддог.

Энэ бүхэн дээр дэлхий даяараа социалист систем өөрөө нуран унасан, далайн цаадах шинэ хөрш Америкийн нөлөө тодорхой болсон зэргийг нэмэхээр Монголын хувьсгал нь ардчилсан хувьсгал болохоос өөр зам мөргүй болж таарч байна…

Тав. ЭЗЭЛДЭГГҮЙ ЭЗЭН

Монголчууд зуун зууны туршид сурсан тэр л зангаараа шинэ эзэн ирж жаргаахыг хүлээн хэвтлээ. Гэхдээ америкчууд гэдэг нь Хаант Орос, Гамин, Барон, Улаан арми бүгдэнгээс нь өөр аж. Тэд Монгол орныг өөрийн хүч ба зардлаар ардчилаад, цэгцлээд жаргаагаад өгсөнгүй.“За хар даа, би та нарын төлөө улсаа ардчилчихлаа, хариуд нь улсыг маань та нар үүрээд явах ажаам уу”. Биднээс дутуугүй гайхсан нүдээр тэд харна.

Ардчилал тусгаар тогтнол нь маш зүйтэй боловч хамаг хариуцлагыг өөрийн толгойд үүрэх учиртай гэнэ. Зөвлөлтүүд үйлдвэр уурхай, сургууль соёл барьж өгч байсан. Америкууд огт туслахгүй биш боловч үндэсний баялаг ба эрх чөлөөгөө өөрснөө дархлах учиртай, харин арга барил энэ тэрээ зааж тусална гэнэ. Монголчууд гайхан эргэлзэв. Америк ингэхэд шинэ эзэн мөн үү? Ер нь ингэхэд эзэнгүй болоод жаргана гэдэг маань хэр бодитой вэ? Урьд нь бид Манжийн хааны хишиг ба Зөвлөлтийн тусламжаар болоод ирсэн биш бил үү??? Олон арван… асуулт гарлаа.

Ардчилал гэдэг бол хэн нэгний өгсөн бэлэн хариулттай амар суухын нэр биш, харин тулгарсан асуудлууддаа хариулт олж өгч сурахын нэр болохыг сая мэдлээ.

Зургаа. ХЯТАДЫН “МУУ” НЭР

Оросын талаас юун Монголыг бодохтой манатай, өөрөө тарж бутран хямарсан арваад жил өнгөрлөө. Харин хятадууд 1950-иад оноос хойш тал нутагт өрнөсөн Хятадын эсрэг кампанит ажлын үр дүнг зөөллөх байдлаар хүлээцтэй хандаж ирэв.

ХХ зууны дунд үеэс монголчууд өөрийн шинэ халамжлагч Зөвлөлт гүрэн нь Хятадтай муудалцсантай холбогдуулан өмнөд хөршөө үзэн ядах өвчин туссан юм. Монголын шинэ аюул нь Хятад болон хувирч “Хятадын аюулаас хамгаалах” нэрийн дор зөвлөлтүүд юу хүссэнээ хийх ёс суртахууны эрхтэй болж чадсан.

Үр дүнд нь монгол хүн бүрт халдаасан Хятадыг үзэн ядах хийрхэл. Хятадууд чухам энэ хийрхлийг давж байж, монголчуудтай хэвийн харилцаанд орж болохыг сайн ухаарч байсан учраас хүлээцтэй даруухан байдлаар хандаж ирсэн шиг байдаг юм.

Чухам ийм учраас Хятадын “албан ёсны дайсан” болох Дээрхийн гэгээн далай ламтан бээр “Монгол-Хятадын харилцаанд өчүүхэн ч сэв суулгахгүйгээр” Улаанбаатарт байн байн морилдог бөлгөө. Сүсэгт гүн автсан, Монгол төрийн удирдагч нар Далай багшийн буусан өргөөний өмнө урт дараалал үүсгэн мөргөж, гараас нь адис хүртэж байхыг Улаанбаатар дахь БНХАУ-ын Элчин сайдын яамныхан огт үл харна. Үзэн ядах хийрхэлтэй хүмүүс хятад ажилчдыг зодож, дээрэмдэж, амь насанд ч хүрсэн тохиолдлуудад ч Бээжин хүлээцтэй хандан Монголын хууль сахиулагчид хэрхэн ажиллахыг л ажиглана. Учир нь тэд өвчтэй хүнтэй нүүр тулж байгаагаа сайн мэдэж байна. Үүрдийн өвчин байх биш, нэгэн үе өнгөрөхөд цоо шинэ үзэл санаатай, прагматик хүмүүс энд амьдарна.

Хятадыг шинээр хардаг болсон, нүдний манан арилсан мянга мянган монгол хүн ч гэсэн нэг гэрт амьдарч байгаа галзуугийнхаа гарт өртчихгүйн тулд “Хятадад дургүй дүр үзүүлэх” нь элбэг.

Өмнөд хөрш бодлогоо нэвтрүүлэхдээ шагнах, урамшуулах, дэмжих менежмэнтээр хүний сэтгэлд хүрдэг. Харин умард хөрш маань айлгах, шийтгэх менежмэнтээр нийгмийн сэтгэл зүйг барьдаг онцлогтой.

Долоо. ОРОСЫН “САЙН” НЭР

Харин монголчууд Орост огт өөрөөр хандана. Хэдийгээр зөвлөлтүүдийн тулгасан хүчирхийлэл, дарамтад шүүмжлэлтэй хандаж байгаа боловч оросуудыг хүнийх нь хувьд огт үзэн яддаггүй. Харин ч Зөвлөлт маягийн хүчирхийлэл, Сталины дэглэмд хамт зовсон нөхрийн дүрээр харах нь элбэг.

ХХ зуунд Монголд социализм байгуулан туршихдаа хээр талын нүүдэлчдийг иргэншүүлэн, улмаар тусгаар тогтнуулж өгсөн ачийг талархах сэтгэл одоо ч хэвээрээ. Дээр нь Зөвлөлтөд боловсрол эзэмшсэн, үгүйдээ л Зөвлөлтийн муугүй мэргэжилтэн (тэдний дунд авьяаслаг, шулуун шударга, сайн багш бишгүй байсан) багшийн хүчээр ажил мэргэжлийн дөртэй болсон мянга мянган “шавь” нар нь Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч болж байгаа.

Аажмаар байр сууриа тавьж өгч байгаа боловч Монголын төрийн албан хаагчдын зонхилох хэсэг нь “Зөвлөлтийн шавь” хэвээр. ХХ зуунд нэг сая орчим хүнтэй байсан БНМАУ нь ЗХУ-д 50 000 орчим мэргэжилтэн бэлтгэсний 10 гаруй мянга нь дээд боловсролтон байсан юм аа.

Нөгөө талаас Зөвлөлт засгийн үед явуулсан хүчирхийллээс үүдсэн байж болох айдас монголчуудад бас бий. Хэт даврагч бүлгүүд “Хятадын эсрэг”, “хятадын эрлийзүүд”-тэй дайсагнаж буйгаа ил тод зарлаж байдаг. Гэтэл Оросын эсрэг ийм бүлэг, үзэл санаа огт байхгүй төдийгүй Орос, Монголын эрлийз улстөрчид Чингэсийн “цэвэр удам”-д тооцогдон парламентад сонгогддог. Хэрвээ Улаанбаатарын гудамжинд орос хүн зодуулсан байвал түүнийг өөр нэг орос нь л зодсон байж таарна.

Найм. “ОРОС”-ыг ХӨНӨӨЖ БУЙ ОРОСУУД

Орос-Монголын харилцааны ийм эерэг хүчин зүйлүүдийг хөнөөж байгаа улс нь оросууд өөрсдөө гэж судлаачид хэлдэг. Тэд “Монголын эзэгнэж буй Зөвлөлтийн мэргэжилтэн-зөвлөх” гэдэг ааш сэтгэхүйгээсээ огт салж чадахгүй байгаа юм. Дипломат шугам, бизнесийн ямар ч шугамаар ирсэн орос хүн өөрийн эрхгүй “монголчуудыг одоо болтол эзэгнэж” байгаа мэтээр авирладаг гэдэг.

2009 онд МАХН-аас нэр дэвшсэн хүнийг дэмжихээр Оросын ерөнхий сайд В.Путин өөрийн биеэр ирж байсан төдийгүй, ямар ч ичих зовох юмгүйгээр ухуулга хийж байлаа. Сүүлийн арван жилд харьцангуй нүд нь нээгдэж ирсэн монголчуудад энэхүү “Зөвлөлтийн мэргэжилтэн” маягийн эрээ цээргүй авир зэвүүцэл төрүүлжээ. Ингээд рейтингээрээ хол түрүүлж явсан МАХН-ын нэр дэвшигчийн нэр хүнд хэдхэн хоногт навс унаж, ялагдал хүлээсэн байна.

Зөв зүгээр хамтарч болох олон гэрээ хэлэлцээр оросуудын “зөвлөлт” зангаас болоод мухардсан тухай нэг бус яриа Монголын ажил хэрэгч хүмүүсийн хүрээллээс гарч байдаг. Ашигт малтмалын нөөцөөрөө гайхуулж байгаа Монгол оронд өөрийн хөрөнгө нөлөөг сайхан тэлэх олон олон боломжийг чухамдаа “зөвлөлт зан” нь алаад хаясныг өнөөгийн оросууд мэдэж байгаа нь юу бол?

Барууны нэгэн сургуулийн сурагч охин зохион бичлэгтээ “Өнөөгийн Герман орон ба Оросын Холбооны Улсын амьжиргааны түвшинг харьцуулан үзээд тэд Дэлхийн II дайнд ялснаар юу ч хожоогүй гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн бичиж байсныг тэд олж хараагүй л байх. Хараад ч яах юм билээ, “Охин минь, манайх цөмийн зэвсэгтэйг чи мэдэх үү?” л гэнэ биз.

Ийнхүү монголчууд шинэ эзнээ хайх, өөрснөө хөлөө олох гэж мунгинасаар хориод жилийг өнгөрөөв.

Бид эзнээ олоогүй ч гэсэн “шинэ эзэн бол Хятад огт биш, бас Орос биш бол сайн” гэсэн дүгнэлтэд ямар ч байсан хүрснээ “гуравдагч хөршийн бодлого” хэмээн тунхаглаж байна.

Хэрвээ дараахь үйл явц өрнөөгүй бол монголчууд бодоод бодоод л бусад нь хараад л явах байсан байх. Учир нь шинэ мянганы эхээр Монголын нутгаас үнэт ашигт малтмалын шинэ шинэ нөөцүүд олдож, уул уурхайн цоо шинэ ирээдүй тал нутгаас тодров. Хуучин Зөвлөлтийн “орлогч”-ийн сул орон тоо олон газрын сонирхлыг татаж байна.

Ес. ОРОС, ХЯТАДЫН ДУНДЫН АШИГ

ХХ зууны Монголын тусгаар тогтнолын түлхүүр нь Орос-Хятадын ашиг сонирхлын зөрчил байсан юм. Нэгэнт нөлөөгөө тогтоосон Монголыг алдах хүсэл Зөвлөлтөд байсангүй. Хятадууд болохоор Манжийн үеэс л өөрийн бүсэд байсан Ар Монголыг хэрхэвч Орост зүгээр өгөхгүй. Ингээд дундын гарц олсон нь “Монгол Улс нь Оросынх ч биш, Хятадынх ч биш, тусгаар тогтносон БНМАУ”. Гэхдээ Оросын нөлөөний бүсийнх байх юм. 1915 оны Гурван улсын гэрээгээр Гадаад Монгол нь Хятадын мэдлийн боловч Оросын нөлөөний онцгой бүс болж байсны нөгөө нэг хувилбар, гэхдээ монголчуудад ярих юмгүй их ашигтай.

Монгол Улс дахь Хятад ба Оросын эрх сонирхол үргэлж зөрчилдөх тавилангүй аж. Нэг нь авторитар, нөгөө нь коммунист дэглэмтэй энэ хоёр орныг жийрэглэн Америкийн нөлөөний, ардчилсан, хөгжингүй баялаг орон оршин тогтнох нь хэн хэнийх нь сонирхох юм биш.

Монголын баялаг багахан газар нутгийг нэг нь илүү ихээр ашиглаж завшиж байсан нь түүх боловч өнөөдөр энэ хоёрын алинд ч үгүй болох аюул нүүрлэх болов.

Монголчуудын ил тод зарлаж буй “Барууны хөрөнгө оруулагчдыг дэмжих”, “Гуравдагч хөрш” зэрэг ухагдахуун нь луу, баавгай хоёрын дунд байсан түмпэнтэй хоол руу хаа холын Сэм авга далайн цаанаас халбага дүрж буй үйл явц. Харин Орос, Хятад хоёр үүнийг тэвчин хүлээж чадах уу?

Оросууд нь монголчуудын хувьд “сайн нэр”-ийн оромтой боловч нэгдүгээрт өөрснөө хямраад мөнгөгүй болсон, хоёрдугаарт, Зөвлөлт маягийн дээрэнгүй араншингаараа Монголын шинэ үеийнхнийг жигшээж эхэлсэн.

Хятадууд мөнгөтэй боловч оросуудынх нь суулгаж өгсөн үзэн ядалтын хийрхэл нь монголчуудын тархи толгойд хадаатай хэвээр байж байдаг. Яг ийм нөхцөлд “Орос хайр”, “Хятад мөнгө” хоёр хамтарч яагаад болохгүй гэж???

Захын ажиглагчийн санаанд орж ирж байгаа зүйлийг Орос, Хятад хэмээх аварга гүрнүүдийн бодлого боловсруулагчид санаагүй байна гэж яагаад ч үгүй л дээ.

Юуны өмнө Монгол дахь уул уурхайн эсрэг тэмцлийн гол чиг хандлагыг сонирхъё. Сүүлийн таван жилийн байдлаар Монголын тэмцэгчид Канад-Америкийн хөрөнгө оруулагчид эзэмшдэг Оюу толгойн орд газрын эсрэг 15-20 удаа, Канадын Сентерра гоулдын эзэмшдэг “Бороо гоулд”-ын эсрэг 8-10 удаа эсэргүүцлийн томоохон акциуд зохиожээ. (Эдгээр болон бусад баримтууд эл өгүүлэл нийтлэгдсэн 2010 онтой холбогдохыг болгооно уу. Зох) Өдгөө Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай Ханресорсизийн хувьцааг шууд улсыг өмч болгохоор эрээ цээргүй шаардаж байгааг ч энд дурдъя.

Уул уурхайгаар мэргэшсэн “эсэргүүцэгчид” тэмцэлдээ Хятадын эсрэг уламжлалт хийрхлийг маш их ашигладаг. Тэд Барууны хөрөнгө оруулагчдыг “Хувьцаагаа Хятадад зарах гэж байна”, “Хятад ажилчид оруулж ирлээ” хэмээн хүчтэй буруутгадаг боловч Хятадын өөрийнх нь хөрөнгө оруулалтын эсрэг ганц үг ганхийдэггүй нь ихээхэн сонирхол татдаг.

Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчдын 70 орчим (?) хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид эзэлдэг боловч тэдний тухай ямар нэг яриа хөөрөө гарах нь тун ховор. Оросуудын тухай бүр ярилтгүй. Монголын Засгийн газартай заргалдаж, 500 сая ам доллар нэхэмжилж буй Оросын “Алтан дорнод Монгол” компанийн тухай яриа хөөрөө ердөө л “мэдээлэл” байдалтай сонсогддог. Түүний байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээгээгүй үлдээсэн орд газрын экологийн сүйрлийн тухайд ямар ч монгол хүнд санаа зовж харагддаггүй.

Энэ бүхнээс үүдээд нэгдүгээрт, Монголоос Барууны хөрөнгө оруулагчдыг хөөх, тэднийг жигшүүлэх ардын фронтыг хэн нэгэн зорилготой санхүүжүүлээд байна уу даа гэсэн сэжиг төрж байна. Хоёрдугаарт, Монголын төр засгийг Барууны хөрөнгө оруулагчдаас “найдваргүй” гэсэн үнэлгээ авахуулж, улмаар Монголыг орхихоос өөр аргагүйд хүргэх алхмууд системтэй хийгдэж байгаа болов уу гэсэн сэжиг бас төрүүлж байна.

Нэгэнт Барууны хөрөнгө оруулагчид нэр хүндээ алдаж, тэд ч Монголын төрд итгэхээ боливол асар их баялагтай энэ уудам нутагт хязгааргүй ноёлох боломж Орос ба Хятадад үлдэнэ. Энэ орныг бүрэн эзэгнэхийн бэлтгэл болгож 1925 оноос хэрдээ байр сууриа олж аваад байсан Барууны хөрөнгө оруулагчдыг амжилттай хөөн зайлуулсан туршлага оросуудад бэлээхнээ бий. Монголын коммунист түүхчид энэ явцыг “Гадаадыг капиталыг хөөн зайлуулсан ялалт” хэмээн амаа олохгүй магтдаг байсан нь хөөрхийлөлтэй.

Арав. ОРОСЫН “САЙН” НЭР БА ХЯТАДЫН “САЙН” МӨНГӨНИЙ ХОРШИЛ

Харин барууныхан гараад оронд нь хятадууд бөөнөөрөө ороод ирэхийг монголчууд яахин тэвчих билээ. Өнгөрсөн зуунуудын түүхэн сургамж дорхноо санаанд бууж тэр даруйдаа л “шинэ эзэн”, “илүү сайн ноён” хайгаад эхэлнэ.

Яг энд л “Оросын сайн нэр” ба “Хятадын сайн мөнгө” хорших боломж гарч байна. Монголд оросуудын нэрээр Хятадын хөрөнгө орж ирнэ гэсэн санаа. Монголд шинээр нээгдсэн зэсийн болон нүүрсний орд газартай уялдан төмөр зам тавих асуудал гарч ирлээ.

Өргөн ба нарийн царигтай төмөр замын алийг тавих вэ? гэдэг бол Монголын төмөр замыг оросууд мэдэх үү?, хятадууд мэдэх үү? гэсэн асуулт. Монголчууд Оростой хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн уламжлалыг түшиглэх сонирхолтой байгаа боловч оросууд хөрөнгө мөнгөн дээр таг сууж байна. Оросууд өөрсдийн дарамт нөлөөг ашиглан америкчууд энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлснийг зогсоож дийлсэн удаатай.

Ийм тохиолдолд Хятадын хөрөнгө оруулалттай орос маягийн төмөр зам байж яагаад болохгүй билээ? Оросууд Хятадын талд “Бид Монголд хөрөнгө оруулах эрхийг олж авч чадна, харин хөрөнгийг та нар гарга” гэсэн байдлаар хандаж эхэлсэн сураг нэг биш дуулдаж байгаа.

Монголын ураны голлох нөөцийг дангаараа эзэмших муйхар шаардлагыг тавьж байгаа оросууд саяхнаас хятадуудтай сэм хамтарч байж мэдэх сэжгүүд ч гарч байна. Албан ёсны эх үүсвэрээс алдагдаж байгаа албан бус мэдээллүүдийг нэгтгэн харвал оросууд шаардлагаа зөөлрүүлж “Монголд ураанаа баяжуулах”-аас эхлээд бусад олон шаардлагыг зөвшөөрөх хандлагатай болж эхэлж байгаа юм байна. Үүний цаана “орос нүүртэй хятад” тоглолт явагдаж, хөрөнгийнх эх үүсвэр дээр БНХАУ зогсож байх тун магадтай.

Арван нэг. ОРОС ВЭЭРС

Монгол Улсын хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаяр саяхан(2010 зох.) өдөр тутмын томоохон сонинг шүүхэд өгсөн мэдээлэл сонирхол татаж байна. Шүүх хурал хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр таарсан нь тохиолдол байж болох ч шүүхэд нэхэмжлэл гаргаж буй сэдэв нь өөрөө тохиолдол гэхээргүй.

Тэрээр нэр төрөө гутаалгаж, гүтгэгдсэн гэж үзэн 200 сая орчим монгол төгрөг нэхэмжилсэн гэх. Асуудлын гол нь Орос-Монголын хоорондын өрийг төлж дуусгасан гэх үйл явдалтай холбоотой бололтой. Тэрээр Монголын төрийг абсолют эзэгнэн, нам нь дангаараа ноёрхож байх үед Орос-Монголын өрийн асуудлыг бүрэн шийдэж, Айвенхоу майнзаас 250 сая ам.доллар зээлэн дарсан гэж суртчилгаа хийж ихээхэн нэр төр олж байсан. Энэ мөнгөнөөс 50 сая ам.долларын уг өрийн төлсөн хүмүүс хуваан авчээ гэсэн яриа олны дунд тарж байв.

Гэтэл жилийн өмнө (2010 оноос,зох)Монголд айлчилсан ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев “Монгол-Оросын өрийн асуудал шийдэгдээгүй бөгөөд 200 орчим сая доллар төлснөөр шийдэж болох талтай” хэмээн сэтгүүлчдэд мэдэгджээ. Энэ нь өр төлж ардын баатар болж байсан Н.Энхбаярын нэр хүндийг унагаад зогсоосонгүй, харин ч өнөө төлсөн гээд байгаа “250 сая ам.доллараа яасныг тайлбарлах” ацан шалаанд унагаасан юм. Гэхдээ Д.Медведев, танай хуучин ерөнхийлөгч бидэнд 250 сая доллар өгсөн ч гээгүй, өгөөгүй ч гээгүй. Ингээд экс Ерөнхийлөгч нэг хэсэг дуугаа хураасан юм.

Харин тэрээр гэнэтхэн зориг зүрх орж өдөр тутмын сониныг өөрийг нь “их өр төлөх мөнгөнөөс завшсан мэтээр гүжирдсэн” хэмээн шүүхэд өгч 200 саяыг нэхэмжилж буйн учир юу вэ?

Хэрвээ оросууд нь өмнөх мэдэгдлээ гүнзгийрүүлж “Манайд 200 сая доллар төлсөн гэх баталгаа” алга байгаа гэсэн тухай мэдэгдвэл хөөрхий экс Ерөнхийлөгчийн ирээдүй тун бүрхэг болох байсан юм.

Дээр нь Н.Энхбаяр зориг зүрх орохынхоо өмнөхөн баруун хөрөнгө оруулагчдын эсрэг хөдөлгөөний ил тод зүтгэлтэн болсон явдал их сонин. Тэрээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын ард түмэнд хортой хэмээн ил тод мэдэгдэл хийсэн. Түүнийх нь араас давалгаалсан сүрт жагсаал, цуглаан, өлсгөлөнг тэрээр санхүүжүүлсэн гэх яриа олны дунд түгсэн.

Экс Ерөнхийлөгчийн хувь заяаных нь багалзуурыг атгаж суугаа оросууд шаварт унасан Н.Энхбаярт өөрийн хүч нөлөөгөө ашиглан Монголоос Барууны хөрөнгө оруулагчдыг хөөх ажилд амжилттай зүтгэвэл “өр хэрхэн төлсөн” асуудлыг нууж үлдэж болно гэж амласан байж болох уу? Ямар ч байсан асар итгэл төрүүлсэн амлалт, найдвартай хамгаалалт л түүнийг их өрийн асуудлаар сонин хэвлэлтэй ил тод дайтахад хүргэсэн байх магадтай.

Арван хоёр.НАНГИАД ВЭЭРС

Нэг шүтээнтэй байх нь нэг ерөнхийлөгчтэй байхаас илүүтэйгээр хүн ардыг ойртуулдаг. Ийм учраас л Орос орны хилийн гадна байгаа Үнэн алдартны шашинтай гүрж, украин, арменчууд хилийнх нь дотор байгаа ислам мөргөлт чечениүдээс илүү бат бөх холбоогоор Москватай гагнагддаг.

Монголчуудын өвөг дээдэс бүх шашин шүтлэгийг тэгш эрх хэмээн тунхагладаг байсан ч гэсэн хүний тоогоор хэт олон хөрштэйгөө нэг шашинтай байж болохгүйг мэдэж байсан байдаг. Ингээд тэд голлох шашнаараа Түвдийн ламаизмыг сонгосон байна.

Эрүүл хүний нүдээр харвал монголчуудын сэтгэлд байгаа “үзэн ядалтын” мөсийг хайлуулж болох илч гэгээ зөвхөн дундын хамтын итгэл үнэмшлээс л бий болох нь мэдрэгдэнэ.

Монголчууд ба хятадууд адилхан Дорнын тоолол хэрэглэдэг боловч зөрүүтэй, шинэ жил нь таарахаасаа илүү зөрөх нь их. Заримдаа бүтэн сараар зөрүүлэн шинэ оноо угтана. Чухам энэ зөрүүг Хятадтай нийцүүлэн цэгцлэх “ардын оролдлого” нэлээд хүчтэй өрнөсөн юм. Нэг талаас нь харахад Монголын уламжлалт “хоцрогдсон” тооллыг Дорно дахины олон орныхтой нийцүүлэх шинэтгэл мэт. Нөгөө талаас харахад хүн ард нь “Хятад манай хоёр чинь адилхан тоололтой улс” гэсэн ойлголттой болж, улмаар ойртон ээнэгших. Гэвч энэ оролдлогууд төдий амжилт олсонгүй.

Шашин шүтлэг, үндэсний зан заншилд тавьсан хориг садаа арилахын цагт монголчууд нэг хэсэг барьц алдсан билээ. Юу шүтдэг байснаа мартсан байсан хэрэг. Христосын шашинд зориулсан атейзмаар бөмбөгдүүлж өссөн сэхээтнүүд нь “буддизм энэ хорвоог бурхан бүтээсэн гэж үздэггүй, харин учир шалтгаан, үр дагаврын үрээр бүтэж бүрэлдэн тогтсон” хэмээн үздэг байсныг мэдээд яасан их гайхсан гэж санана.

Сая хорио сааднаас мултарсан монголчууд өвөг дээдсийн зан заншлыг ч тэд санаж ядна. Нангиадын заншлаар хаврын сард ханш (хан-ши) нээж, тариа ногоо суулгаж эхлэх өдөр бурхан болоочийн шарилд очиж мөргөдөг болов. Уул нь Монгол ламайзмын ёсоор бүрлээч 49 хоногтоо багтан дараагийнхаа төрлийг олдог, харин нангиадын итгэлээр бурхан болооч нар газар дор оршин үр хойчоо тэтгэсээр байдаг юм гэсэн л дээ. Гэхдээ л нас барагсдадаа хандах хандлагаар нэг болоод авбал үндэстнийхээ хувьд алхам ойртоно гэсэн үг.

Яаж ч оролдоод монголчууд Хятадын ил тод шүтлэг болох бомбын шашин буюу даоизм ба Күнзийн номлолд орохгүй, үргэж бишүүрхээд тойрч таарна. Харин монголчуудын олонх нь шашнаасаа илүү бөө мөргөл, мэргэ төлгөнд татагддаг болохыг хятадууд анзаарахгүй өнгөрөх аргагүй.

Ингээд нэгэн өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гол гудамж- Энхтайваны өргөн чөлөөнд “Фэнг Шү”-гийн төв үүдээ нээсэн юм. Хятадын шашин суртлаас цэрвэж ирсэн монголчууд мэргэ төлгийг нь огт гадуурхсангүй хүлээн авах нь тэр. Монгол дахь хятад шашин Фэнг Шүгийн “суртал номлогч”-оор Ганбаатар хэмээх сүрхий овжин эр тодорлоо. Ингээд монголчуудын ирээдүйн хувь заяаг төлөглөх их боломж Фэнг Шүгийн гарт төвлөрч, Буддагийн байр суурийг хүчтэй булаалдах болов. Монголчуудын хэзээ язаанаас төдий л таашаадаггүй мэлхий мэтийн шавьж хорхойн дүрс айл айлын хойморт нь заларч эхлэв. Монголчуудын шүтээн бодитой солигдож байгаа хэрэг биш гэх үү?

Анх Халх нутагт шарын шашин түгэхдээ мэргэ төлгө байдлаараа түрүүлж орж ирсэн гэж судлаачид хэлдэг. Өөрөөр хэлбэл зурхайн дацангууд эхлэн үүдээ нээж, яавал амар хялбар баяжих, хэрхвэл үйлс бүтэх зэргийг урьдчилан хэлж өгөх үйлчилгээгээ нэвтрүүлсэн хэрэг. Ингээд зурхайч нөхөд нь баттай хөлөө олсны дараагаар буддын шашны гүн ухаан, анагаах ухаан, учир шалтгааны ухааны мэргэд сая морилсон аж. Монголчууд аливаа шашны ёс суртал, үзэл баримтлалаас илүү мэргэ төлгө, арга чарга талыг илүү сонирхдог болохыг хөрш орныхон нь мэдээд олон зуун жил өнгөрсөн байх нь.

Ингээд бодохлоор Фэнг Шүгийн араас бумбын суртал, күнзийн номлол ээлжээ хүлээн оочерлох мэт…

Монгол Күнз зөвхөн шашнаар ажлаа хязгаарласангүй. Тэрээр хамгийн их нөлөөтэй, төрийн мэдлийн хөрөнгөн дээр суурьтай “төрийн бус” байгууллага болох Монголын үйлдвэрчний эвлэлийг толгойлох боломжийг хачин амархан олж авч чадсан юм(2010.зох). Хэн, хэрхэн тусалсан нь бас л таавар…

Монгол төр сульдан доройтсоор аврал эрэхийн цагт дундаа нэг Фэнг-Шүтэй Хятадын ард түмэн ивээлдээ авахаар эртээс төлөвлөсөн байж таарах уу? Эсвэл хий хардлага уу?

Монголчууд мянганы туршид өмнөд хөршдөө уусахаас эмээж ирсэн. Үүний нэг жишээ “эрлийз”-д хандах болгоомжилсон хандлагаас харагдана. Өөрснөө мал маллан үржил сэлэкци хийж ирсний хувьд цус холдох тусам амьтан эрүүл чийрэг, сайн болдгийг мэдэхийн цаагуур мэднэ.

Харин Хятадтай холилдвол цус сайжрах тал байж болох ч үр дүнд нь хятадчилагдаад дуусна. Социализм Монгол дахь Хятадын эрлийзүүдэд онцгой чанд хандаж тусгай албад нь тэдний хүн тус бүрт “файль” нээн хөтөлж баяжуулж байж. Тэд яаж ийгээд төрийн ялангуяа хүчний байгууллагууд орж чадлаа гэхэд цол зэргийг нь дунд рангийн офицероос дээш гаргадаггүй байсан гэдэг. Ёстой зөв байж гээгүй шүү, ийм л байсныг ярьж байна.

Харин нийгэм нээлттэй болохын хэрээр энэ дарамт арилж эрлийз хурлийзгүй дэвших боломж гарж ирсэн байна. Үүнтэй зэрэгцээд төр ба нийгмийн зүтгэлтэн, алдартай хүмүүсийн дундаас “Хятадын эрлийз” олж нэрлэх ажилтай хөдөлгөөн үүслээ. Хуучин Нийгмийг аюулаас хамгаалах яамны үүрэг “ард түмэнд” шилжлээ гэсэн үг л дээ. Зарим ажиглагчдын хэлж буйгаар “эрлийз олох”, “эрлийзээр тодорхойлох” ажилд мөнөөх дотоод яаманд данстай байсан “албан ёсны эрлийз”-үүд онц идэвхтэй нэгдэж байсан гэдэг.

Эрлийз биш гэдгээ батлах эрмэлзэл үү? Эсвэл өөртэйгөө адилхан “цолтон”-уудыг аль болох олшруулж эрлийзийн асуудлыг саармагжуулах ажил уу?

Энэ “цол” яван явсаар улстөрчид сөрөг хүчиндээ, бизнэсийнхэн сөргөлдөгчдөө зүүдэг хоч болсон. Өнгөтэй өөдтэй яваа болгоноо ингэж хочлох болсон. Сүүл сүүлдээ хэн нь эрлийз мөн, хэн нь эрлийз биш болохыг ялгах арга алга болов. Яван явсаар “эрлийзээрээ” дуудуулсан нэг нь хохирогч болон харагдаж ард түмэнд өрөвдүүлж эхлэв. Харин ч эрлийзээрээ огт дуудуулаагүй хүн рүү нийгэм сэжигтэй хардаг болоод байгаа. Үүний тод жишээ нь өнгөрсөн жил болдог Ерөнхийлөгчийн сонгуулиас харагдсан.

Энэхүү эрлийзийг саармагжуулах ажил жамаараа ундраад унтрав уу? Эсвэл эрлийзийг үзэн ядах түймрийг угтуулан гал тавьж цурамдсаар унтрааж байгаа үйл явц уу? Үйл явц өөрөө өрнөв үү? Хэн нэгний оролцоо холын бодол байв уу? Яасан ч байсан өнөөгийн монголчууд “Хятадын эрлийз” гэдэг үгнээс огт цочихоо больсоор…

Төгсгөл. ВЭЭРСИЙН ВЭЭРС

Өнгөрсөн түүхийн туршид Хятад ба Орос гэдэг хоёр хүчирхэг гүрний ашиг сонирхол Монголд заримдаа мөргөлдөж, заримдаа зохицож, тал нутгийн нүүдэлчид вассаль байх уу, автономи болох уу, тусгаар тогтносон боловч дагуул улс байх уу гэдэг нь шийдэгдэж байсан аж. Энэ нь хоёрхон улстай хиллэн завсарт нь оршдог газар зүйн хүчин зүйлтэй холбогдож байв.

Харин өнөөдөр далайд гарцтай, гарцгүй, шууд хиллэдэг хиллэдэггүйгээс үл хамааран дэлхий тэгширч, глобальчлагдаж байна. Ийм шинэ нөхцөл байдал нь Орос, Хятадын дундын эрх ашиг ба Барууны хөрөнгө оруулагчдын хооронд сонирхлын зөрчлийг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл шинэ мянганы тусгаар тогтнолын бодитой ба бодигүй байдлыг “шууд хөршүүд” ба “гуравдагч хөрш” нарын ашиг сонирхлын зөрчил, зохицол шийдэх болоод байна. Нэг талаас үнэхээр биеэ даасан тусгаар хөгжлийн зам, нөгөө талаас Орос-Хятадын дагуул улсын ёс төдий биеэ даасан замнал биднийг тус тус хүлээж байгаа юм.

Нүүдэлчид анализ хийхээсээ урьтаж хий юм харах дуртай хэмээн гадныхан хэлдэг. Ердөө л өчигдрийн нүүдэлчин-өнөөгийн нийтлэгчийн бие хий юм харахаас зайлав гэж үү? Гэхдээ хий ч байг, бодитой байг, ямар ч байсан “үзэгдэл”-үүд бол байна аа.

Эдгээр үзэгдлүүд ба өрнөж буй үйл явц нийлээд шинэ сайн, өөрсдийг нь эхийн хайраар хайрлах “эзнээ” хайж буй монголчуудын шинэ дүр төрх, хувь заяаг тодорхойлж байна.

2010.05.12

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдрөөс ажил хаях цэцэрлэгүүд

Цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй багш нарын ажил хаялт есдүгээр сарын 3-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрөөс 33 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэх тухай мэдэгдсэн. Мөн цаашид 92 цэцэрлэг ажил хаялтад нэгдэхээр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдлээ өгөөд байгаа аж.

Өнөөдрөөс ажил хаялт зарлах ЦЭЦЭРЛЭГҮҮД:

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

57 дугаар цэцэрлэг

66 дугаар цэцэрлэг

77 дугаар цэцэрлэг

88 дугаар цэцэрлэг

89 дугаар цэцэрлэг

95 дугаар цэцэрлэг

100 дугаар цэцэрлэг

164 дүгээр цэцэрлэг

198 дугаар цэцэрлэг

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

61 дугаар цэцэрлэг

122 дугаар цэцэрлэг

172 дугаар цэцэрлэг

199 дугаар цэцэрлэг

200 дугаар цэцэрлэг

СҮХБААТАР ДҮҮРЭГ

135 дугаар цэцэрлэг

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

12 дугаар цэцэрлэг

27 дугаар цэцэрлэг

29 дугаар цэцэрлэг

41 дүгээр цэцэрлэг

49 дүгээрр цэцэрлэг

53 дугаар цэцэрлэг

67 дугаар цэцэрлэг

71 дүгээр цэцэрлэг

72 дугаар цэцэрлэг

73 дугаар цэцэрлэг

145 дугаар цэцэрлэг

189 дугаар цэцэрлэг

190 дүгээр цэцэрлэг

218 дугаар цэцэрлэг

219 дүгээр цэцэрлэг

243 дугаар цэцэрлэг

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

70 дугаар цэцэрлэг

74 дүгээр цэцэрлэг

Есдүгээр сарын 3-наас ажил хаялт эхэлсэн бөгөөд тухайн өдөр нийслэлийн хэмжээнд 26 сургууль, есдүгээр сарын 4-нд есөн сургууль нэмэгдсэн бол өнөөдөр буюу есдүгээр сарын 5-нд найман сургууль ажил хаялтад нэмэгдэж одоогоор нийслэлийн 45 сургууль ажил хаялтад хамрагдсан байна. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллагын болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд тогтсон усыг соруулж байна

Нийслэл хотод өчигдөр өдрийн турш үргэлжлэн орсон усархаг борооны улмаас зарим зам, гудамж, талбай усанд автсан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Геодези, усны барилга байгууламжийн газраас шуурхай таван бригад гарган борооны тогтоол усыг соруулах ажил хийж байгааг НАЗХГ-аас мэдээллээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул борооны тогтоол ус соруулах ажлыг тасралтгүй үргэлжлүүлнэ гэв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Тулга: Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан иргэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-МАХН Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэлээд бэлдсэн. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэц 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан л даа. Нөхөн сонгууль ирэх он хүртэл хойшиллоо. Хугацааг нь наашлуулах боломж байгаа юу?

-УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг Үндсэн хуулийн Цэц өөрийг нь удирддаг бүлэглэлийн даалгаврын дагуу зөрчлөө. Үндсэн хуулийн Цэц бүлэглэлийн захиа даалгаврыг, бүлэглэлийн өөрсдийнх нь оролцоотойгоор Үндсэн хуулинд заагдсан “төрийн эрхийг барих” эрхийг эрээ цээргүйгээр зөрчсөн шийдвэр гаргалаа.

-Яагаад?

-Учир нь Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан төрийн албан хаагч гээд байгаа иргэн бол МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн жолоочийнх нь хадам ээж шүү дээ. У.Хүрэлсүхийн албан тушаалын эрхийг нь хангахын тулд Хэнтий аймгийн 17 мянган иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн нь үнэн. Хэнтий аймгийн 42 дугаар тойрог үнэхээр барцадтай байна л даа. Тус тойргоос сонгогдсон гишүүн нь хэрэгт холбогдсон тул тойргийнх нь иргэд бүтэн жил бараг төлөөлөлгүй байсантай ялгаагүй явж ирсэн. Үүнийг нь дахиад нэг жилээр сунгана гэдэг бол үндсэндээ Хэнтий аймаг төрийн эрх барих эрхээ эдэлж чадахгүй байна гэсэн үг. Энэ хямралт байдал руу Үндсэн хуулийн Цэцийн даргаар ажиллаж буй Д.Одбаяр түлхсэн. Энэ хүн МАН-ын томилгоогоор очсон хүн. Үндсэн хуулийн Цэц нь Цэц шиг байгаад тэнд чадвартай хүмүүс очсон бол Сонгуулийн тухай хуулинд байгаа нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгнө гэдэг заалтыг хүчингүй болгосон бол У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж нь МАН-аасаа нэр дэвшин өрсөлдөөд бусад намуудаас хүмүүс нь нэр дэвшээд, хамгийн гол нь Хэнтий аймгийн иргэд Үндсэн хуулинд заасан төрийн эрхийг барих эрхээ эдлэх боломжтой байлаа. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулиа барихыг хүсээгүй. Тиймээс нөхөн сонгуулийг хойшлуулж өөрийг нь удирддаг бүлэглэлд үйлчилсэн.

Монгол Улсад өнөөдөр шүүх, Үндсэн хуулийн Цэцээс эхлээд төрийн байгууллагууд хэний төлөө шийдвэр гаргаад байна вэ гэдгийг дүгнэх цаг болсон. Хэрээс хэтэрлээ. Хүүхэд хүчиндүүлээд амиа алдахаар хүүхдийн буруу, Их хурлын гишүүн хүчингийн хэрэгт холбогдохоор хуулийн мухардалд ордог ийм байдал газар авлаа. Монголын ард түмэн тэнэг биш шүү дээ. Бүгд харж байгаа. Хямрал дээд цэгтээ хүрч байгаагийн илрэл. Энэ бүгдийг засахын тулд УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж Цэцийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох ёстой. Хэнтий аймгийн иргэдийн эрхээ эдлэх бололцоог засч гаргах хэрэгтэй. Үүнийг МАХН шахаж шаардана.

-Ирэх оны зургадугаар сард ч гэсэн нөхөн сонгууль явуулахгүй байх хүсэл МАН-д байгаа юм биш үү. 2020 оны УИХ-ын сонгууль болтол 42 дугаар тойрог эзэнгүй байх юм биш биз?

-МАН-ынхан манай намд 64, 65 гишүүний ялгаа байхгүй гэж яриад байгаа юм. УИХ-ын гишүүн гэдэг чинь Хэнтий аймгийн 17 мянган иргэний төр барих эрх болохоос 64, 65 гишүүний ялгаа биш. Ингэж болохгүй. МАН тэр дундаа У.Хүрэлсүх нөхөн сонгууль явуулахгүй гээд байгаа гол шалтгаан нь ард түмэнд дүнгээ тавиулахаас айж байна. 60 тэрбумын асуудал, төрийн яаман дээр түшмэдүүд нь бие биенийхээ амийг хохироосон. Шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт нь үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдалтай талийгаачийн буруу болоод гарч байна. Үүнийг ч гэсэн ард түмэн харж л байгаа шүү дээ.

Өмнө нь эрх баригчид нэр дэвшигчийг нь сонгуульд оруулахгүй хасдаг байсан. Дараа нь нэр дэвшиж байгаа намыг нь хасдаг болсон. Одоо сонгуулийг нь хасдаг боллоо. Хэрээс хэтэрсэн үйл явдал болж байна. Хэрэв бид засаг шиг засаг, төр шиг төртэй байсан бол хэзээ ч Үндсэн хуулийн Цэцийн дарга ийм шийдвэр гаргаад сууж байхгүй. Бидэнд нүүрлэсэн засаглалын хямрал, 60 тэрбум ингэж нөлөөлж байгаа юм.

-МАХН өнөөдөр (өчигдөр) Бага чуулганаа хуралдуулж байна. Хэрэв нөхөн сонгууль болохгүй гэчихсэн байхад МАХН заавал Бага чуулганаа хуралдуулах шаардлага байв уу?

-МАХН-ын үйл ажил-лагаа Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн удир-дамжийн дагуу ажлаа төлөвлөсөн. Энэ хүрээнд Бага чуулганаа зарласан байсан. Бага чуулгандаа оролцохоор Монгол Улсын аймаг бүрээс ирдэг. Тиймээс яалт ч үгүй хуралдаж байна. Бага чуулганаараа бид өнөөдөр үүссэн энэ завхралыг авч хэлэлцэнэ. Тэр нь ҮХЦ, МАН, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэдийн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа юм.

-Ирэх оны зургадугаар сард нөхөн сонгууль яг болох уу?

-Болох ёстой. Аравдугаар сард л нөхөн сонгууль болохыг хойшлуулсан болохоос ирэх оны зургадугаар сард сонгууль явуулахыг хориглоогүй. Бүтэн жил иргэдийн сонгох эрхэд халдаж болохгүй. Хэнтий аймгийн иргэд УИХ-ын гишүүнээрээ дамжуулан төсөв хуваарилахаас эхлээд төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Ямар хүмүүс нь тэр эрхээ эдлээд ямар нь эдлэхгүй байдаг юм. Ганцхан У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж гэдгээр нь тэр хүний эрхийг хамгаалдаг, тэнд амьдарч байгаа 17 мянган иргэний эрхийг хөсөр хаяж болохгүй л дээ. Уг нь Үндсэн хуулийн Цэц энэ заалтыг нь болиулах ёстой байхгүй юу. Хэзээ орно, гарна, түүн дээр хэзээ ч нөхөн сонгууль явуулж болно шүү дээ. Заавал аравдугаар сарын эхний долоо хоног байх ёстой гэж. Яагаад бусад өдөр болдоггүй юм. Багш нар, эрдэмтдийг сонгуульд оруулахгүй зорилгоор энэ заалтыг хийсэн байхгүй юу. Үндсэн хуулийн Цэц хүний сонгох, сонгогдох эрхийг бодож байсан бол уг заалтыг хүчингүй болгох ёстой байсан. Энэ завхралаа арилгаад ирэх оны зургадугаар сард биш, энэ онд багтааж нөхөн сонгуулиа явуулах ёстой. УИХ нэг өдөр хуралдаад нэг тоо солиод л болох асуудал. Гол нь хүсэхгүйдээ байгаа. МАН-ынхан өөрсдөдөө итгэхгүй байгаагаа мэдэж байна.

-У.Хүрэлсүх гэдэг ганц хүний албан тушаал, эрх мэдлийг авч үлдэхийн тулд ингээд байна уу. Ёс зүйгүй үйлдэл мөн үү?

-Өөр яана гэж. Ёс зүйгүй байтугай Үндсэн хуульд төрд байж болохгүй зүйл. Бүх хүн энэ Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах ёстой. Сүүлдээ бүлэглэл өөрсдөдөө зориулсан, өрсөлдөгчдөө зориулж хориглосон, хаасан хууль баталдаг болсон. Нэг хүнд зориулаад яаж Эрүүгийн хуулийг хойшлуулж байлаа даа. Монголын төрийг нэг бүлэглэл удирддаг болчихож ээ. У.Хүрэлсүхээс эхлээд бүгдээрээ энэ бүлэглэлийн эрэг шураг болчихсон. Тиймээс үүнийг засах ёстой. Тэр нь Үндсэн хуулийг өөрчлөх. 1992 онд баталсан Үндсэн хууль маань үүргээ гүйцэтгэжээ. Үндсэн хуулийн цоорхойг далимдуулаад бүлэглэл бидний дээр гараад суучихлаа. Өөрсдөдөө зориулж хууль гаргуулдаг, Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулдаг. Үүнийг засахын тулд ард түмэн маань Үндсэн хуулийг өөрчлөх бидний зорилгод нэгдээсэй. Бид БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулаад бүх шатны төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Бүх ард түмэн маань унших ёстой.

-Бага чуулганаар ямар асуудал хэлэлцэж байгаа юм бэ. Ирэх оны зургадугаар сард болох нөхөн сонгуульд нэр дэвшигчээ сонгох гэж байгаа юм биш биз дээ?

-Энэ удаагийн Бага чуулганаар хэлэлцэх асуудлаас нэр дэвших асуудлыг хойшлуулна. Бидэнд Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгуулийг зохион байгуулах бололцоогүй боллоо” гээд бичиг ирсэн. МАХН энэ ондоо багтаж нөхөн сонгуулийг яаралтай зохион байгуул гэсэн шаардлага гарах байх.


Categories
мэдээ нийгэм

Есдүгээр сарын 06-нд болох үйл явдал

08.30 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлийн зарим дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тоног төхөөрөмж гардуулна. Утас:88080750, 91113191

09.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган болно. Утас: 99090339
09.00 цагт Нээлттэй Нийгэм Форумд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сургалт эхэлнэ.

09.00 цагт Шангри-Ла зочид буудалд “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулган болно.

09.30 цагт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төв байранд “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт” болно. Утас: 91918297
09.30 цагт БСШУСЯ-нд Монгол улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт болно.Утас:98119897
10.00 цагт “Holiday Inn” зочид буудалд “Азийн бүс нутгийн тогтвортой хөгжлийн чуулга уулзалт”-ын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
14.00 цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тус газрын удирдлагууд “Facebook” компанийн удирдирдлагуудтай уулзаж, нийгмийн сүлжээний аюулгүй байдал, бодлого зохицуулалтын асуудлаар ярилцана. Утас:89114787
14.30 цагт “Мишээл Экспо” төвд НЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар Түншлэл-2018” 43 дахь удаагийн Олон улсын үзэсгэлэн яармаг эхэлнэ. Утас:91993405
Categories
мэдээ нийгэм

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” болно

Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ хамтран “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Чуулга уулзалтын хүрээнд “Хилийн чанад дахь монгол иргэдийн эрх зүйн орчин, нийгмийн асуудлууд”, “Гадаадад боловсрол эзэмшсэн болон суралцаж буй монгол оюутнууд”, ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдаанууд болно. Түүнчлэн хилийн чанадад болон дотоодод үйл ажиллагаа явуулж буй ТББ, аж ахуй, нэгжүүдийн танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах Нээлттэй өдөрлөгийг МҮХАҮТ-тай хамтран 14-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Армандо Торрес: Хөрөнгө оруулагчдад бодлогын тогтвортой орчин шаардлагатай байна

– “ДИКСОВЕР МОНГОЛИА”-Д ОРОЛЦОЖ БАЙГАА ЗОРИЛГЫН НЭГ НЬ МОНГОЛЫН ДАВУУ ТАЛ, БОЛОМЖИЙГ ДЭЛХИЙД ХАРУУЛАХ –

“Оюу толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой ярилцлаа.


-“Оюу толгой”-н гүйцэтгэх захирлын намтар манай уншигчдын сонирхлыг татаж байгаа байх. Юуны өмнө өөрийгөө танилцуулаач…?

-Миний хувьд химийн болон уул уурхайн инженер мэргэжлээр их сургууль дүүргэж, ажлын гараагаа өмнөд Америкаас эхлүүлсэн хүн. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хойд, өмнөд Америк, Номхон далайн орнууд, Ази тивийн олон улсад ажиллаж, уул уурхайн бизнесүүдийг бүх түвшинд нь удирдсаар өнөөг хүрсэн. Мөн үйл ажиллагааны оновчлол, төлөвлөлтийн чиглэлээр шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалж байлаа. Оюу толгойг удирдаж ажиллаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг. Компанийг удирдах түвшинд ажилладаг бидний хувьд аливаа шийдвэр урт хугацааных байх ёстой. Бидний өнөөдөр гаргаж байгаа шийдвэр ирээдүй, үр хойчид маань нөлөөлдөг учраас аливаа шийдвэрийг урт хугацаанд нь харж гаргах учиртай. Тийм ч учраас Оюу толгойн гүйцэтгэх захирлын хувьд гаргаж буй шийдвэрүүд маань тогтвортой байдалд чиглэсэн, тогтвортой үйл ажиллагааг хангахад чиглэх ёстой гэж боддог.

-“оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын явц ямар шатандаа явна вэ гэдэг асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын хувьд маш өргөн цар хүрээтэй бүтээн байгуулалт. Нийтдээ таван босоо ам барина. Анхны хүдэр гаргаж авах хүртлээ 50 км урт хөндлөн тунель ухах ёстой. Үүнээс гадна барилга бүтээн байгуулалтын шатанд оролцож байгаа ажиллах хүчнийг хангах хэмжээний дэд бүтцүүд, бусад байгууламжуудынхаа хүчин чадлыг өргөтгөх шаардлагатай. Мөн бид гүний уурхайд блокчлон олборлох гэдэг шинэ технологи ашиглана. Энэ технологийн гол онцлог нь ирээдүйн уурхайн үйл ажиллагаа үр ашигтай байх юм. Түүнээс гадна байгалийн орчинд хамгийн бага үр нөлөөтэй олборлох арга.

Энэ аргыг ирээдүйд Оюу толгойн гүний уурхайд ашиглана. Блокчлон олборлох аргын нэг онцлог нь бүтээн байгуулалтын эхний үе шатанд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Тийм учраас бид гүний уурхайн бүтээн байгуулалтад нийтдээ 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд ажиллаж байна. Өнөө жил гүний уурхайн бүтээн байгуулалтаа маш ахицтай урагшлууллаа. Энэ хүрээнд онцлон дурдахад агааржуулалтын зориулалттай тавдугаар босоо амны нэвтрэлтийг дуусгасан. Ингэснээр гүний уурхай дахь агааржуулалтын хүчин чадлыг нэмэгдүүллээ. Тэр хэрээр илүү олон хүн, техник газрын гүнд ажиллах боломж нээгдэж байгаа. Дараагийн нэг гол амжилтыг онцолж дурдмаар байна. Хоёрдугаар босоо амны босоо нэвтрэлтийг хийж дууслаа. Хоёрдугаар босоо ам бол гүний уурхайн бүтээн байгуулалтын нэг гол зүрх нь. Учир нь бид хоёрдугаар босоо амаар дамжуулж ажиллах хүч, тоног төхөөрөмж тээвэрлэхээс гадна газрын гүнээс хүдэр гаргаж авах юм. Хоёрдугаар босоо амны механик тоног төхөөрөмжүүдийн угсралт суурилуулалтыг 2019 оны нэгдүгээр улиралд багтааж дуусгана. Дүгнээд хэлэхэд бид 2020 онд анхны хүдэр буулгуурыг дуусгаж анхны хүдрээ гаргаж авахаар зорьж байна. 2021 он гэхэд үйлдвэрлэлийн тогтвортой шат руугаа шилжинэ. Нийт төслийн бүтээн байгуулалт 2022 онд дуусна. Энэ үеэр гүний уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд хийгддэг дэд бүтцийн ажлуудыг хийж дуусна гэж тооцож байгаа.

-Тэгэхээр 2020 онд гүний уурхайгаас анхны хүдрийг гаргаж авна гэж ойлголоо…?

-Бид тэгж тооцоолж төлөвлөж байна. Анхны хүдрээ 2020 онд гаргаж авна. 2021 оноос үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа руу шилжээд 5-7 жилийн хугацаанд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж явсаар 2027 он гэхэд гүний уурхайг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэж тооцож байгаа.

-Гүний уурхай төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох нь ээ?

-Шинэ бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь амжилттай дуусгахын тулд сорилт бэрхшээл тулгарч байгаа. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн цаг хугацаандаа төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тус дэм их бийг онцлон дурдъя.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын ханган нийлүүлэгчдийн хичнээн хувийг монголчууд эзэлж байгаа бол?

-Гүний уурхайн бүтээн байгуулалт мега төсөлд тооцогдоно. Тэр хэрээрээ өндөр хэмжээний төлөвлөлт шаардаж байна. Шинэ техник технологи нэвтрүүлэх, урьдчилан бэлтгэх гэх мэт олон хүчин зүйл шаардлагатай. Оюу толгойн хувьд үндэсний компаниуд, дотоодын ханган нийлүүлэгчдийн дэмжлэг туслалцаатайгаар өргөн цар хүрээтэй төслийг амжилттай хэрэгжүүлж яваадаа баяртай байна. Онцолж дурдахад төслийн нийт ажиллах хүчний хэмжээ 16000 давсан. Үүний 93 хувь нь монголчууд. 1200 гаруй ханган нийлүүлэгч компаниудын 70 гаруй хувь нь дотоодын ханган нийлүүлэгчид, тэдний 90 гаруй хувь нь үндэсний компаниуд буюу талаас дээш хувийг нь монгол иргэн эзэмшдэг компаниуд байдаг.

Эдгээр компаниудын хувьд шинэ техник технологи, олон улсын стандартад суралцаж шинэ ур чадваруудыг эзэмшиж байна. Ханган нийлүүлэгч компанийн үйл ажиллагаа сайжирч чанар нь нэмэгдэж байгаа. Цаашид Монголд олон том төсөл хэрэгжинэ. Тэр төслүүдэд ханган нийлүүлэгчээр ажиллах компаниудыг Оюу толгой бэлдэж байна гэж ойлгож болно.

-“Оюу толгой”-н инженер болон удирдах түвшний албан тушаалын хичнээн хувийг монголчууд эзэлдэг вэ?

-Ахлах мэргэжилтнүүд 100 хувь монголчууд. Инженерүүдийн 70 гаруй хувь, менежерүүдийн 50 гаруй хувийг монголчууд бүрдүүлж байна. Компанийн гүйцэтгэх удирдлагын багийн гуравны нэг нь монгол хүмүүс. Тавхан жилийн настай компанийн хувьд маш том ололт амжилт. Миний хувьд 28 жил уул уурхайн салбарт ажилласан хүн гэдгээ танд хэлсэн. Уул уурхайн салбарт ажилласан жилүүддээ ийм жишээтэй таарч байгаагүй. Тэгэхээр энэ жишээ бол монголчуудын ур, чадвар потенциалыг илтгэж буй нэг хэлбэр. Ирээдүйд монголчууд Оюу толгойгоос гадна дэлхий даяар ажиллах бусад уурхайг удирдаад явна гэдэгт эргэлздэггүй. Үүнээс гадна Оюу толгойн ханган нийлүүлэгч компаниуд олон улсын түвшинд өрсөлдөх бүрэн бололцоотой. Бидний өнөөдрийн явуулж буй үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтууд Монгол Улсад, Өмнөговь аймагт эерэг нөлөө үзүүлж байгаа гэдэгт ч эргэлздэггүй. Хүнд хийж байгаа бидний хөрөнгө оруулалт үр шимээ өгөөд эхэлсэн. Ирээдүйд илүү их өгөөж өгөх байх.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч олборлолт эхлэхэд зэсийн үнэ өндөр байна гэсэн өөдрөг таамаг дуулддаг. Зэсийн зах зээлийн ирээдүйн талаар төсөөлөл таамгаа хуваалцаач?

-Зэсийн зах зээлийн ирээдүй өөдрөг харагддаг. Сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ шаардлага улам бүр өсч байна. Цахилгаан машины зах зээл тэлж эхэллээ. Ухаалаг утасны зах зээл улам хөгжих нь тодорхой байна. Энэ мэт олон шалтгааныг дурдаж болно. Зэсийн ирээдүйн хэрэгцээг тоймлоод харахаар багагүй хэсэг нь Монголын урд хөрш Хятад улсад ногдож байгаа. Тэгэхээр зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэх шаардлагагүй. Ирэх жилүүдэд огцом өсөх эрэлттэй зэрэгцэн Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусна. Энэ бол бидний хувьд олзуурхууштай хэрэг. Оюу толгой шиг бүтээн байгуулалтын шатандаа яваа, зэсийн эрэлт хэрэгцээ өсөх үед үйл ажиллагаа нь эхлэх төсөл тийм олон биш. Тэгэхээр бидний хувьд боломж бололцоо их байна.

-Гүний уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл Монгол Улс зэсийн зах зээлийн голлох тоглогчдын нэгд багтах хүлээлт байна…?

-Зэсийн зах зээлийн голлох тоглогчид гэвэл мэдээж Индонези, Чили. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт зэсийн зах зээлийн хувьд чухалд тооцогдож байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч ашиглалтад бүрэн орсноор дэлхийд дээрээсээ гуравт жагсах уурхай болох төлөв бий. Чили шиг хамгийн том тоглогч болж чадахгүй ч Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг дагаад Монгол Улсын дэлхийн зэсийн зах зээлд эзлэх байр суурь нэмэгдэнэ. Ингэхийн тулд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгах шаардлага байгаа. Монгол Улс дэлхийн зэсийн зах зээлд голлох тоглогч байхын тулд дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлээд явах учиртай.

-Өмнийн говьд баригдах цахилгаан станцын асуудал дээр Оюу толгой ямар оролцоо, байр суурьтай байгаа вэ?

-Товчхондоо Оюу толгой дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ авах үүрэг амлалтаа бүрэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Оюу толгойн ТУЗ-өөс цахилгаантай холбоотой судалгааг бүрэн гүйцэд дуусгах, шийдэл гаргах чиглэлээр төсөв хөрөнгө батлаад ажиллаад явж байна.Өнөөдрийн байдлаар “Рио Тинто” болон Монгол Улсын Эрчим хүчний яам хоорондох яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Ингэснээр талууд цахилгаан станцын талаарх байр сууриа нэгтгэнэ. Байр сууриа нэгтгэж шийдвэр гарсны дараа бид цахилгаан станцын төслийг шуурхай хэрэгжүүлэхэд бэлэн байна.

-“Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганд анхнаас нь оролцсоор ирсэн том хөрөнгө оруулагч бол танай компани. Энэ жилийн “Дисковер Монголиа” чуулганы талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Монгол Улс дэлхийн зах зээл дээр шинээр төрөн гарч ирж байгаа эдийн засгийн хувьд цаашдынхаа хөгжилд хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатай. Хөрөнгө оруулагчдын хувьд Оюу толгой хамгийн том жишээ, амжилтын түүх болох учиртай. Тэр утгаараа Оюу толгойн “Дисковер Монголиа”-д оролцож байгаа бас нэг үүрэг зорилго нь Монголын давуу тал, боломж бололцоог олон улсын хөрөнгө оруулагчдад харуулах юм. Үүнээс гадна Монгол Улсад Оюу толгой шиг өргөн цар хүрээтэй төсөл, бизнесийг хэрхэн амжилттай босгож, хэрэгжүүлж болохыг олон улсын хөрөнгө оруулагч, Монголын иргэдэд тайлбарлаж ярих нь бидний “Дисковер Монголиа” чуулганд оролцож байгаагийн нэг гол зорилго, үүрэг. Хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд засч сайжруулах шаардлагатай зүйлсийг ч хөрөнгө оруулагч, Засгийн газар энэ чуулганы үеэр тал талаас нь ярилцах байх. Ирээдүйн болон өнөөдрийн хөрөнгө оруулагчдад шаардлагатай байгаа нэг зүйл бол хөрөнгө оруулалтын бодлогын тогтвортой орчин. Байгуулсан гэрээнүүдээ тогтвортой тууштай хэрэгжүүлэх үүрэг амлалтыг бид бүхэн дахин ярилцах шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад хэзээ ч, хаана ч хөрөнгө оруулалтын тогтвортой орчин шаардлагатай байдаг.

-“Дисковер Монголиа”-гийн голлох илтгэлүүдийн нэгийг та тавина. Илтгэлдээ юуг онцлох гэж байна?

-“Дисковер Монголиа” чуулганаар дамжуулж олон нийтэд болон бусад хөрөнгө оруулагчдад хүргэх гэж байгаа нэг гол мессэж бол бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн зарчмуудыг хэрхэн нэвтрүүлэх тухай асуудал. Энэ асуудлыг бусадтайгаа хуваалцахыг хүсч байна. Оюу толгой 100 жил үйл ажиллагаа явуулах уурхай учраас бидний стратеги тогтвортой ажиллахад чиглэдэг. Үүгээрээ бид Монголын үр хойч ирээдүйд зориулсан уурхайг байгуулж байгаагаа харуулах болно. Оюу толгойн Монголд оруулж буй хувь нэмэр санхүүгийн хэдэн тоогоор хязгаарлагдахгүй. Шинэ техник технологи, хүний хөгжил гэх мэт маш олон чиглэлээр хувь нэмрээ оруулаад явж байгаа. Ирээдүйн олон хөрөнгө оруулалт, том төслүүд Оюу толгойгоор чиг баримжаа авч, дараа дараагийн хөрөнгө оруулагчид Оюу толгой гэдэг луужингийн зүг чигийг харж орж ирэх учиртай. Тэр утгаараа бид Монголын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс үйл ажиллагаагаа явуулж байна.

-Монгол Улсын давуу тал, боломжийг онцлооч гэвэл та юу хэлэх вэ?

-Монгол байгалийн нөөц, ашигт малтмалаар баялаг улс. Тэр утгаараа уул уурхайн салбар Монголын эдийн засагт маш том түлхэц өгнө. Мөн хоёр том зах зээлийн голд оршиж байгаа гэсэн давуу талтай улс. Тэр дундаа БНХАУ ашигт малтмалын хэрэгцээ шаардлага ихтэй. Ийм улсын хөрш гэдэг нь Монголын том давуу тал. Тэр утгаараа уул уурхайн дараагийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломж бий. Монгол бол ардчилсан улс. Суралцаж яваа орон. Хөрөнгө оруулалтаа дэмжсэн бодлого, дүрэм журмаа улам сайжруулж, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангахад төрийн эрх барьж буй улс төрийн намууд улстөрчдийн дэмжлэг аль аль нь тэнцүү ач холбогдолтой. Энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлж чадвал Монгол Улс хурдацтай хөгжиж хөгжингүй орон болох үүд хаалга ойрхон байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол даяарын арслан сэтгэгч Шар бичээч Жамбалын Гангаа

Ц.БАЛДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ҮҮССЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙД


Бөхийн цол шиг юун сүр сүндэр эхэлдэг юм гэж хүмүүс гайхаж магадгүй. Гэвч, энэ түүнд зохисон үг гэж би хувьдаа боддог. Боддог ч юу байхав, миний өгсөн алдар гуншин юм. Шинэ мянган гарсны долоо дахь жилийн эхэн сарын 4-ний өдөр бид нүүр учирсан сан. Өмнө нь “Өдрийн сонин” дээрх Ж.Гангаа гэх нэрийг хараад бүсгүй хүн юм байх гэж боддог байлаа. Хуучин, шинэ оны заагт өдөр тутмын багашаархан сониноос халагдчихаад сэтгэл гундуухан явах үедээ эрхэм хүмүүнтэй учирч насан турш ах дүүгийн барилдлага тогтоох учиртай байжээ. Нийгэм, соёлын албаны дарга гэх шавилхан шар хүн нүдний шилнийхээ цаанаас цоргих мэт ширүүхэн ширтэж “Нөгөөдөр бичиг баримтаа, бичсэн зүйлтэйгээ аваад ир” гэж их л албархуу хэлсэн. Хэлсэн өдөр нь хавтас дүүрэн хайчилбараа бариад бэргэсэн шигээ л ирлээ дээ. Мань хашир тэгсэн “Наадахь чинь юу юм” гэж байна. “Та бичсэн юмаа авчираарай гэсэн дээ” гэтэл цаанаа л нэг ёжтой бас үнэн санаанаасаа инээж “Ийм цүнх дүүрэн бичсэн юмтай хүн үү. За наадахыг чинь харах гэж яршиг болох юм байна л даа. Өнөөдрөөс шууд ажилдаа орно оо хө” гэснээ нутаг ус асууж “Танай Баянхонгорт би тэр жил сониноо хониор захиалуулаад зунжин, намаржин туувар тууж ирж билээ” гэж их энгүүн хүүрнэлдэн сууж билээ. Тэгснээ үүдний буйдан дээр тамхилах зуур гарын үсэг зурж өгсөн номуудыг минь харснаа “Чи бас найрагчин уу” гээд нөгөө л ёжтой инээдээрээ намайг улалзтал мялаав. Хоёр хоногийн дараа коллегийн хурлаар орж Ерөнхий эрхлэгчийн тушаалаар ажилд ортол миний өмнөөс үнэн сэтгэлээс баярлаж “Өдрийн сонинд чам шиг дөрөвхөн хоногийн дотор жинхэлсэн хүн байхгүй. Би гэхэд сонины захиалга энэ тэр хөөцөлдсөн аж ахуйн ажлаас л гараагаа эхэлсэн. Одоо хэн болохоо л харуулна даа, хоёулаа” гэж гар барьсан сан. Ингэж аавын сургааль, ахын даруулгагүй өссөн надад тэр хүн ёсны өмөглөж түших өндөр нөмөрт уул минь болсон билээ.

Гангаа ах хүнд аливаа зүйлийг маш энгийн ойлгомжтой тодорхой хэлж өгнө. Түүнд даргархах албархаг зан нэгээхэн ч үгүй. Заримдаа ёжилно. Бүр элгээ хөштөл инээж байгаад “Ингэчихвэл яасан юм хө” гэхэд “Яаж хийнэ дээ” гэж халширч байсан зүйл хүртэл хурдхан бариад авмаар амархаан санагдана. Шинээр ажилд орсон хэнд ч чин сэтгэлээс хандана. Орой үдшийн цагаар хамт сууна. Бичснийг нь улаан эрээн болтол засна. Уйгагүй хэлж өгнө. Манай Б.Ганчимэг, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Д.Мөнгөндалай нарын туршлагатай сэтгүүлчид ч мань эртэй хөөрөлдөнө, бичих зүйлээ усны чулуу шиг элтэл нь тал талаас нь ярилцана. Ямар ч хүнд үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн шиг өгнө дөө. Юм асууж ирсэн хүний савыг хоосон буцааж байхыг нь нэгээхэн ч хараагүй. Ундарга сайтай ухааны булаг байж дээ, тэр. Амьдралыг маш энгийн нүдээр харна. “Сэтгүүлч хүн бол мянган мэргэжилтэн байх учиртай. Гуталчинтай гуталчин шиг, малчинтай малчин шиг, Ерөнхийлөгчтэй Ерөнхийлөгч шиг ярьж байж ярилцлага материал гайгүй болно. Тийм биз” гэж асууна. Толгой дохихоос аргагүй. “Гоё үгээр бульдаж тоглож болохгүй. Үгээр наадаад урт бичихээр уншигч төөрөөд ороолдсон утас шиг юмны утгыг нь олохоо больчихно” гэнэ. Өөрөө ч үлгэрлэж, арын нүүрний бичлэгт хэрхэн бичихийг яруу тодорхой харуулна. Намайг ирснээс хойш удалгүй мань эр тушаал дэвшиж Хариуцлагатай нарийн бичгийн дарга болов. Сонины гал тогооны А тогооч гэсэн үг л дээ. Дарга болоод л ширээн дээгүүр хэнхэглэсэн, дээгүүр зиндаатан болох байх гэсэн чинь харин ч жирийн бидэнтэйгээ тулж ажилладаг хэвээр барахгүй, бүүр ч ойртон шадарлах болов. Орсон гарсан хэнд ч нэг л зангаараа.

Сэтгүүлчдээ хүнтэй их танилцуулна. Танихгүй хүн ч гэж байхгүй. Ямар сайндаа л Алтайн цаадахь говьд явж байхад цэрэгт хамт байсан гэх байгаль хамгаалагч Доржсүрэн анд нь задгай түүдгийн дэргэд Гангаагаа дурсаж нулимс унагаж байхав. Өөрийнх нь нэр цохсон томилолтод хэнийг ч итгэл хүлээлгэн илгээнэ. Нэгэнтээ Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газрын нээлтийн баярт хамт явлаа. Сурвалжлагаа бичсээр оройтсон би нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ажлын ширээн дээр мартаж орхисноо галт тэргэнд суусан хойноо л санав. Мань эр “Тэр урилга чинь л чухал байсан юм. Чамайг хятадууд хилээр гаргахгүй ээ” л гэж байна. Ч.Аннаг таксидуулан урилгаа авчруулахаар боллоо. Анна ч ирлээ. Галт тэрэг ч хөдөллөө. Цонхоор толгойгоо тонгойлгосон миний гарт хүслэнт урилга маань хүрэн алдаад, шүргэн алдаад хоцорлоо. Нүдний үзүүрт Аннагийн удаашруулсан мэт дүр киноны хальс урсах шиг гулсан үлдлээ. Сэтгэлээр унасан амьтан цонхон дээрээс бууж иртэл нүдний шилээ гартаа барьсан Гангаа ах нулимсаа гоожтол инээгээд өнхрөөд байх юм. Уур ч хүрэх шиг. “Анна та хоёр хайр дурлалтай кинонд тоглож байгаа юм шиг л харагдсан. Урилгагүй зочин татаараас юу гэдэг билээ” гээд инээх юм. Сүүлдээ ч миний сэтгэлийг засах болж вагон ресторан руу явлаа. Хил дээр тэр муу хөтөлбөрийг ямар балдууш нь шалгах вэ дээ. Хожим энэ тухай дурсах бүртээ элгээ хөштөл инээдэг сэн. Ай, сайхан ах минь!

Хариуцлагатай нарийн бичгийн дарга болсноосоо хойш намайг дэргэдээ татлаа. Болоо ч үгүй нэрийн хуудас надад захиалж өглөө. “Хариуцлагатай нарийн бичгийн даргын зөвлөх” гэж бичүүлж, дугаарыг маань сонины хөлд зоолоо. Бид хоёр дамжиж ордог тусдаа өрөөтэй. Би нэг ёсондоо түүний туслах нь юм. Аян замын тэмдэглэл, арын бичлэгээ бичихдээ төвлөрөх ч гэдэг сэн үү, хаа хамаагүй хүнтэй тэр бүр уулзаад байхгүй. Гэхдээ бичихдээ огтхон ч түүртэхгүй. Хүн амьтан бужигнаж л байна, мань хашир инээж хөхрөнгөө ганц нэг өгүүлбэр тавьж л байна. Нэг л мэдэхэд сонины бүтэн нүүр туурвичихсан “Энийг сүлжээгээр шидээдэхээч хө” гэнэ. Зорьж ирсэн хүнийг зочлохдоо гар татахгүй. Гадаад томилолтоос ирэхдээ ганц юм тусад нь заавал ч үгүй гардуулна. “Ажлыг ял шиг биш амралт шиг бодож хийхэд сайхан байдаг юм. Идээгээ ч амсаж, мэдээгээ ч бичнэ шүү хө” гэж тэрүүхэндээ цэцэн үг зохиосон шиг сууна. Нэгэнтээ хурлаас өмнө бид хоёр “өглөөний цайгаа уух”-аар морьтой Чингис дөнгөж задлаад л хундагалж амжаагүй байтал Ерөнхий эрхлэгч ороод ирлээ. Сүнс зайлчихаа алдлаа. Гангаа ах руу харвал царай нь шаргалтан цайгаад үг дуу ч үгүй болжээ. Эрхлэгч харин азаар тавиур дээрх үдээсний сонин, ном сэлт сонирхон цааш харж байх зуур Гангаа ахын компьютерийн хажуудах хэцүү нэртийг шалавхан авч нөгөө өрөөн дэх ширээний нүд рүү шургуулж амжлаа. Миний энэ овсгоог мөн ч олон удаа бахдаж, “Айя” гэж дуу алдан олон ч хүнд ярьсан даа. Энэ бүхнийг санахад цаг хугацаа элэн одоогүй мэт, эрхэм ах минь гэгээн тунгалаг энх эсэн мэт юутай дотно бодогдоно вэ. Тэр холын хүн байтугай ойрын бидэн ч анзаарахгүй гуниггүй нэгэн байсан. Амьдралд тун бодитойгоор хандана. Хичнээн олон дүү, шавь нар нь түүнтэй хувь, хувьсгалын сэдвээ хуваалцан суусан гэх вэ. Өрөөнд нь А.Сүхбат аварга ч ороод ирчихсэн нижигнэтэл инээлдэн суух. Нөгөө барилдахгүй, ярилцлага өгөхгүй гэж тугаа нулимстай тойрч, дэвжээндээ сөгдөж байсан хүнийг чинь хэзээний амыг нь ангайлгаж, уруулыг угзарсаар дотор сэтгэлийг нь сэрээдэн гаргаж ирээд уншигч олонд бичиглэн хүргэж байх. Түүнд энэ мэт олон сайхан чанар цогцолсон нэгэн байсан даа.

Манай нэрт сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун бидэнд “хайрын шанаа” ч өгч, эрийн ёсоор сургаж байсныг эдүгээ нуух юм алга. Харин ч жулдрай бид өнөө хүртэл ахыгаа халуун дотноор дурсдаг нь хацар алгадах сэтгэлийн хал нь ил хайр байжээ гэж сүсэглэдэг. “Би цөөхөн шавьтай. Мөнхбаясгалан чинь миний шавь. Чи байна” гэсхийнэ. Би хэдий багш гэхгүй ч “Мань эрийн шавь нар ч Өдрийн сонинд шөнийн одноос олон байх аа” гэж дотроо л бодно. Өөрийгөө сэтгүүлч Н.Саранчимэгийн шавь гэнэ. Нөгөөх нь ч редакциар орж ирээд л “Шавь хаа байна” гэж талын нэг хадаана. Ёстой нэг сүртэй багш, шавь гэж тэр хоёрыг л хэлэх байх. Албаны дарга Дамбын Баатархүү ахыг ороод ирэхээр “гурван бар” даширласны баярыг сэмхэн тэмдэглэнэ. Зохиолч Дамбын Цэмбэлийг ирэхэд халимагаар тэр хоёр өвчилнө. Яруу найрагч Гантулгатай Булган хангай руу нь явж Норов эрдэнэ аавынд нь налайтал тухалснаа бичиглэнэ. Бичлэг нь заримдаа муухай хоржоонтой, хорлонтой. Цээл суманд очоод ирэхдээ ч бил үү “Нэг ангийнхан нэгүүлхнээ бужигнана” гэсэн гарчиг тавиад бичиж эхэлнэ. Гарчгийг нь бодохоос л инээд хүрээд асуухаар “Зургадугаар анги нь ганц бандитай юм байна. Тэр аавын цээж чинь багштайгаа нийлж тамхи баагиулаад сууж байна гээч” гэж хээв нэг хуучилна. Үнэн л байгаа даа гэж бодмоор юм их ярина.

Гангаа бол спорт, байгаль хоёрт нугасгүй элэгтэй хүн. Бүр нурж унана. Цасны хөв яаж тогтоох, үүл буудаж хур оруулахаас өгсүүлээд жилийн эхний өдөр нар харах аяллыг зохион байгуулахыг хүртэл төрийн бодлогын хэмжээнд тунхаглаж чадсан сэтгүүлч гэдэгтэй өнөө хэн маргах. Багахангай зөрлөг, Хустайн нуруу зэрэг газруудад ахтайгаа, сэтгүүлч Бадамаа дүү, Мөнхтөр нартайгаа олон ч он хамт явсан даа. Оны эхний нар харахаар явахдаа хоол, унд бэлтгээд их учир жанцантай хандана. Нар харсан тухайгаа уншсан хүний хорхой хүртэл, шинэ ондоо ямархан их өөдрөг бадрангуй аж төрөхөөр бичнэ дээ. Нэг жил нар харахаар явах үед бөө нарын асаасан задгай түүдгийн галд манай Б.Долзодмаагийн туулай хүрэмний үс хэрхэн хумиран хуйлран шатсан тухай нөгөөх л алдартай цайлган инээдээрээ хачирланхан хүүрнэнэ дээ. Утаа пүрхийгээ л, хярвас ханхлах шиг л санагдана. Тэр ер нь бичихээсээ илүү хүнийг өөртөө татаж байлдан дагуулах чадмаг илтгэгч, гайхамшигтай халуун дулаан сэтгэлтэй хүн байсан юм шүү. Циркэд болсон “Болор цом”-ыг хамт үзлээ. Тайзны урдхан завилаад суучихсан ч байх шиг янзтай л зураг дарсан амьтан. Чад чадхийлгээ л. Орой нь ирээ л “Асар, Басар хоёр арсалдан тэмцэлдэв” ч бил үү жигтэйхэн голыг нь олсон дүгнэлттэй сурвалжлага биччихсэн л байсан. Энэ чинь яруу найрагч Л.Хасар, О.Цэнд-Аюуш хоёр сүүлийн даваанд гурав гурван шүлэг уншиж ана мана үзэлцсэн жил шүү дээ. “Утгын чимэг”-т өгүүллэг бичиж өгнө гэж ярина. “Болор цом”-ын эзэн, хуурай дүү Л.Моломжамц бид хоёр тэрийг нь их дөгөөнө өө. “Өгүүллэг бичээд эхэлбэл танай зохиолчид үгээ барж ажилгүй болох байх аа” гэж үнэн санаанаасаа ч юм шиг, тоглоод байгаа ч юм шиг асууна. Нас буян байгаад зохиол бүтээл бичсэн бол яах ч байсан юм билээ дээ.

“Өвөө минь Богд хаант Монгол Улсын төрийн яамны тэргүүн зэргийн Шар бичээч хэмээх хүн байсан юм гэнэ лээ” гэж хүүрнэж асан ах минь 2014 оны өвлийн эхэн сарын ид хүйтэн ахуйд үзгээ орхин үзэхийн хязгаар руу одсон доо. Түүнийг тэнгэр зүг болсноос хойш сэтгэл нэг л эзгүйрч, өнөөг хүртэл бөглөө таглаатай юм шиг явж дээ. Харин ахыгаа дурсахуй дор бөн бөн сэтгэлийн нулимс бүжин туулай шиг дэгдэн одож байна. Сэтгэлд нэг гэрэлтэй санагдаж байна. Монгол даяарын арслан сэтгэгч Шар бичээч овогт Жамбалын Гангаа бол Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, аян замын тэмдэглэлийн уран дархан, мастер багш байсан. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Далд Түвдийн далласан газар”, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор”, “Амьдрахын бэрхшээлгүй Ар Асгат нутаг”, “Хүн хүрээгүй нутаг”, “Монгол хоёрхон хөрштэй, хоёулаа бидний мөнхийн дайсан”, “Буйр нуур нутгаа сахина, буцаж сэргэхгүй усаа шавхана” тэргүүт аян замын шилдэг туурвилууд нь Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээж, судлагдах хэмжээнд хүрсэн. Тэрээр “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сарын үеэр л юм даг”, “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг” зэрэг даацтай нийтлэлүүд туурвиж сэтгүүл зүйн “Балдорж” шагналын гуравдахь тэргүүн гран-при хүртсэнээс гадна уг шагналын шилдэг аравт жил бүр шалгарч байв. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл хүртэж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан билээ. Төрийн дээд шагнал хүртсэнийхээ дараа мань эр “Бид саяхан л ард түмэндээ шударга ардчилсан байдал, үнэний төлөө дуугарч байсныхаа төлөө юун төрийн шагнал хүртэх харин ч тэдний хөдөлмөрийг Монголын төр арай өөр байдлаар харж шүүх, хууль хяналтын байгууллагад уулзалдах юм ярьдаг байлаа. Тэр нь үнэн үг хэлсний төлөө гомдогсод биднийг доромжилсон, нэр төрд халдлаа гэдэг байдлаар хандаж бид шоронд орох шахам явж ирсэн. Үүний тод жишээ бол соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, миний бие гэх мэтчилэн шударга үнэний төлөө дуугарах гэсэн оролдлогыг мохоох гэсэн явдал их байлаа” гэж ярьсан удаатай.

Төв аймгийн Угтаалцайдам сумын Бор хужирт мэндэлсэн Жамбалын дөрөв дэх хөвүүн хүний богинохон тавиланг туулахдаа дунд, дээд боловсрол эзэмшин, “Ургац, “Алдар” спорт хороонд тамирчин, багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан хүндийг өргөлтийн спортын мастер, аймгийн заан хүн байсан юм. Биеийн тамирын багш мэргэжилтэй тэрээр 1997 оноос сонин хэвлэлд “урваж” “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, “Нийслэл таймс” сонины зөвлөхөөр ажиллаж байсан бичгийн их авьяастан байлаа. Тийм ч учраас би эрхэм ахыгаа “Монгол даяарын арслан сэтгэгч” гэж амьд ахуйд нь хэлж чадсандаа баяртай явдаг юм. Тэр ч өөрөө нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит шагнал, Монголын оны шилдэг сэтгүүлчийн алдрыг аваад орж ирэхдээ “Ах нь одоо Монгол Улсын арслан цолтон гэсэн үг биз дээ” гэж инээж байсан нь нүднээ тодхон үзэгднэм.


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Оросын Монголоос Орос-Хятадын Монгол” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Оросын Монголоос Орос-Хятадын Монгол” хэмээх нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн нийтлэлийг уншина уу.

“Улс төр” нүүрт Хуульч, академич С.Нарангэрэл: Үндсэн хуулийн Цэц нөхөн сонгуулийн утгагүй шийдвэрээ өөрсдөө хүчингүй болгох ёстой хэмээв.

ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна хэмээн “Нийгэм” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Нийслэлийн засаг дарга С.Батболд: Би нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэв.

Цагдаагийн Ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга хошууч Д.Будзаан: Цахим гэмт хэрэг сүүлийн үед эрс өссөн гэж “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт Улаанбаатар-Дархан чиглэлийн дөрвөн эгнээ авто замыг ирэх онд барьж эхэлнэ хэмээжээ.

“Эдийн засаг” нүүрт А.Хекманн: Эко хороололд байр худалдан авсан иргэд маш бага хүүтэй зээлд, бүтээн байгуулалтад оролцсон компаниуд буцалтгүй тусламжид хамрагдана гэжээ.

“Монголчууд нүүдлийн аж ахуйгаас үүдээд амин хувиа боддог зантай болсон улс гэв” гэж “Шинжлэх ухаан” нүүрт өгүүллээ.

“Дэлхийн мэдээ” нүүрт Ким Жөн Ун өмнөдийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав гэлээ.

“Энэ тухай” нүүрт Цахим эдийн засгийн эринд монголчуудад ямар боломж байгааг хэлэлцэнэ гэв.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Филиппиний Себу мужийн Ронда хотын дарга Мариано Бланко амиа алджээ

Филиппиний Себу мужийн Ронда хотын дарга Мариано Бланко амиа алдсан талаар “www.khaleejtimes.com” сайт мэдээллээ.

Хотын дарга өрөөндөө байхад нь зэвсэглэсэн этгээдүүд дайран орж иржээ. Улмаар хотын дарга руу хэд хэдэн удаа буудсан гэнэ.

Уг хэрэг өчигдөр 18.25 цагийн орчимд болжээ. Хотын даргыг эмнэлэгт хүргэсэн боловч амиа алдсан гэнэ.

Хэрэгтнүүд дөрвүүлээ байсан ба тэднийг орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ.

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте хэдэн сарын өмнө харамсалтайгаар амиа алдаад буй хотын дарга Мариано Бланког хар тамхины бүлэглэлтэй холбоотой хэмээн буруутгаж байв. 2017 онд цагдаагийнхан хотын даргыг мансууруулах бодис худалдаалсан хэмээн буруутгасан ч нотлох баримт хангалтгүй байсан учир суллажээ.

Хотын дарга нар гэмт этгээдүүдийн золиос болох нь элбэг. Өнгөрөгч долоодугаар сард Танаван хотын дарга Антонио Халили, Нуэва-Эсиха мужийн Кабанатун хотын дарга Тинио Фердинанд Боте амиа алджээ