Categories
мэдээ спорт

П.Орхоны шинжилгээний хариуг зарлалаа

Азийн олимпийн зөвлөлөөс П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгожээ. Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допин хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлсэн байна.

Мөн 2017 оны арванхоёрдугаар сард Азийн наадамд оролцох бөхчүүдэд хийсэн шинжилгээгээр Монголын дөрвөн тамирчны допины тест эерэг гарч тэмцээнд оролцох боломжгүй болсон гэжээ.

Энэ асуудлаар Дэлхийн бөхийн холбоо албан ёсны мэдээлэл гаргаж, П.Орхоныг сэргээш хэрэглэсэн болохыг баталсан байна.

Ингэснээр түүний Дэлхийн аваргын алтан медаль болон бусад чансааны оноо, Азийн наадмын медалийг тус тус хураахаар болж, мөн 2020 оны олимпт оролцох эрхийг нь хасах ажээ.

Гавьяат тамирчин П.Орхоны хувьд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн сүлжээний удирдлагууд сенатын гишүүдэд байцаагдав

Өчигдөр Фэйсбүүк, Твиттер компаниудын дээд удирдлагуудаас мэдүүлэг авах сонсгол АНУ-ын сенатын гадаад бодлогын хороонд зохион байгуулагдлаа.

Тус сонсголд Фэйсбүүкийн Шэрил Сандбэрг, Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси нар оролцсон байна. Эдгээр компаниудын эрхлэн ажиллуулдаг платформд гадаад улс орнуудын зүгээс үзүүлж буй нөлөөний талаар мэдээлэл авах зорилготой байв. Фэйсбүүк, Твиттер компаниудыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөх гэсэн Оросын засгийн газрын нууц ажиллагааны гол хэрэгсэл болсон гэж үзэж байгаа. Олон ниййтийн сүлжээний удирдлагууд энэ үеэр сонгуулийн үр дүнд нөлөөлөх гадаад орнуудын оролдлогоос бүрэн сэргийлж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрч, цаашид энэ чиглэлд их зүйл хийхээ амлажээ. Сандбэрг “Бид асуудлыг илрүүлж, хариу арга хэмжээ авахдаа хэт удаан байснаа хүлээн зөвшөөрч байна. Ийм зүйл огт болох ёсгүй байсан” гэж сенатын гишүүдэд хэлсэн байна. Уг сонсголын өмнө Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукербэрг Вашингтон Пост сонинд ярихдаа өөрийн компанийг “маш нарийн зохион байгуулалттай, сайн санхүүжилттэй, улам бүр ухаалаг болж байгаа дайсан”-тай ширүүн тэмцэл хийж байгааг өгүүлжээ.Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэрэгслийг маань манай улс орныг хагаралдуулах зэвсэг болгон ашиглаж байгаад бид харамсаж байна. Ийм асуудалтай тэмцэхэд бид бэлэн биш байснаа хүлээн зөвшөөрч “Доромжлол, хэл амаар үйлдсэн халдлага, троллын арми, хүн болон ботоор явуулж байгаа суртал нэвтрүүлэг, худал хуурамч мэдээлэл, хагаралдуулах өгөөш зэрэг нь олон нийтийн хүрээнд эрүүл үзэгдэл биш. Харьцангуй цөөн тооны хорон санаатнууд Твиттерийг ашиглан өргөн хэмжээнд нөлөөлж байгаа нь муу хэрэг” гэж тэр нэмж бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Малын бэлчээрийн даац 2.5 дахин хэтэрчээ

Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрээс 90.7 хувь буюу 5716.9 мянган га нь бэлчээрийн талбай юм. Бэлчээрийн 40 хувийг өвөл, хаврын улиралд, 50 хувийг зун, намрын улиралд ашиглаж, 10 орчим хувийг усгүй болон алс зэлүүд даваа, бартаа саад ихтэй гэдэг шалгаанаар ашиглаж чаддаггүй.

Бэлчээрийн даацыг үнэлэхдээ 100 га талбайд хонин толгойд шилжүүлснээр 80-аас илүүгүй толгой мал ногдож байгаа тохиолдолд хэвийн ачаалалтай гэж үздэг байна. Энэ аргаар авч үзвэл манай аймгийн бэлчээр зун, намрын улиралд 5 сая орчим мал, өвөл, хаврын улиралд 3.5 сая орчим малыг багтаах даац багтаамжтай юм. Гэтэл аймгийн нийт мал сүргийг хонин толгойд шилжүүлснээр 8863411 мал ноогдож байгаа нь бэлчээрийн даац 2,5 дахин хэтрэлттэй байна.

Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, сумдын удирдлагуудад дараах үүрэг, чиглэлийг өгөв. Тухайлбал, Сумынхаа бэлчээрийн даац төлөв байдлын үнэлгээг тогтоож, хэдэн өрхийн хэдэн мянган мал өөрийн нутагт өвөлжиж, хаваржих бололцоотой байгаа судалгааг нарийвчлан гаргах үүргийг ИТХ, ХХААГ-аас өглөө. Мөн бэлчээрийн хүрэлцээ хангамжгүйгээс хэдэн өрхийн хэдэн мал хаана отроор өвөлжиж, хаваржих боломжтой байгаа судалгааг малчдын нэрс, малын тоогоор нарийвчлан гаргах, байгаль цаг уурт дасан зохицсон таваарлаг, ашиг шим өндөртэй үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлж, сүрэгт эзлэх эр, сувай малыг зах зээлд борлуулж малын тоог бууруулах зэрэг үүрэг даалгаврыг өгөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Тост тосон бумбын нурууны хамгаалалтын захиргааг байгуулна

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост тосон бумбын нурууг УИХ-ын 2016 оны 36 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авсан. Улмаар 2017 оны гуравдугаар сард Засгийн газар улсын тусгай хамгаалалтад авах газрын хилийг тогтоож, 743 мянган га газрыг хамгаалалтад авах нь зүйтэй гэж үзсэн юм. Харин одоо Өмнөговь аймгийн ИТХ тус газрын хамгаалалтын захиргааг байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж энэ асуудлыг хэлэлцжээ. Удахгүй ИТХ-аараа эцэслэн хэлэлцэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Олон Улсын Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблейг Улаанбаатар хотноо зохион байгуулна

Монголын Уулчдын үндэсний холбоо нэг сарын дараа 2018 оны Олон Улсын Уулчдын Холбооны Ерөнхий Ассамблейг Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна.

Монголын Уулчдын үндэсний холбоог 1955 онд үүсгэн байгуулсан бөгөөд спорт, уулын аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх эрхэм зорилготой. Уг холбоо 2010 оноос хойш олон улсад зохион байгуулж буй тэмцээн уралдаан бүрт оролцож Олон Улсын Уулчдын холбооны идэвхтэй гишүүн байсаар ирсэн.

Тус холбооны дэд ерөнхийлөгч З.Банзрагч “Энэ нь бидний хувьд түүхэн үйл явдал. Бид энэхүү арга хэмжээнд холбогдох өндөр албан тушаалтнуудыг урьсан бөгөөд өндөр хэмжээнд зохион байгуулна хэмээн найдаж байна” гэлээ.

Түүнчлэн “Монголд ууланд авирах хүмүүсийн тоо сүүлийн таван жилд эрчимтэй нэмэгдсэн. Саяхны судалгаанаас үзэхэд гурван хүн тутмын нэг нь тогтмол ууланд авирдаг болсон. Бид Баян-Өлгий аймагт орших гайхалтай байгалийн тогтоц бүхий Алтай таван богдыг санал болгож байна “гэжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирэх зочид дуу, бүжиг, хоол гээд Монголын өв соёлтой танилцах бүрэн боломжтой. Түүнчлэн зочдод мартагдашгүй дурсамж үлдээх үүднээс нэг өдрийг соёлын өдөр болгох юм байна.

Монголын Уулчдын үндэсний холбоо нь 2019 онд “UIAA Respect the Mountains” арга хэмжээг Ази тивд анх удаа зохион байгуулах хүсэлтэй байгаа аж. Ерөнхий Ассамблей-гээр энэхүү асуудлыг хэлэлцэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн удирдах албан тушаалын томилгооны асуудлаар албан бичиг илгээв

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, “Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудлаар анхаарч өгөхийг хүсчээ.

Дээрх мэдэгдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд танилцаж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад “Удирдах албан тушаалын томилгооны асуудлаар” албан бичиг илгээлээ.

Албан бичигт, “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулах ажиллагаанд 27 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орноосоо мордоход бэлэн болжээ.

Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ ,ТЕГ, ШШГЕГ-ын алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа бүрэн хангаад байгаа юм.

Тус ажиллагаанд оролцож буй Онцгой байдлын байгууллагын 27 албан хаагчийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзаж, даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх, ариун их үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцож буй залуустаа онцгой байдлын ерөнхий газрын тугийг хүлээлгэн өгч, үүрэгт ажилд нь амжилт хүслээ. Энхийг сахиулагчидын түрүүч өнөөдөр эх орноосоо мордож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ намар манай улс 425 мяган тонн буудай хураах төлөвлөгөөтэй

Энэ намар манай улс 425 мяган тонн буудай хураах төлөвлөгөөтэй байгаагаас 330 мянган тонныг гурилын үйлдвэрүүдэд борлуулж, 51 мянган тонныг ирэх жилийн тариалалтын үрийн нөөцөд хадгалах юм.

Үлдэж буй багахан хэмжээний буудайг спирт болон тэжээлийн үйлдвэрт тушаах тооцооллыг салбарын яамнаас гаргаад байна. ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, “Энэ жил үрийн зориулалтаар борлуулах 14.9 мянган тонн буудайн хэмжээ гарч байна. Өнгөрсөн хавар тариалан эрхлэгч ААН-үүдэд ОХУ-аас 6 мянган тонн элит үр, 2 мянган тонн сортын үр, нийтдээ Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 31 мянган тонн үрийн буудайн дэмжлэг үзүүлсэн. Энэ намар хурааж авах буудайнаас тэжээлийн үйлдвэрт 18.2 мянган тонн, спиртийн үйлдвэрүүдэд 11.2 мянган тонныг хуваарилна. Буудайн хангамж сайн байх тул дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана” гэж мэдэгдлээ.


Categories
мэдээ нийгэм

Ц.Цогзолмаа: Ард түмэнтэй минь ижил зан заншил, өв уламжлал соёл байгааг үзэсгэлэнгүүдээс харж болно

Манай улсад ӨМӨЗО-ы соёл аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн, соёлын өдрүүдэд оролцохоор урд хөршөөс 300 гаруй зочид иржээ.

Энэхүү соёлын өдрүүдээр аялал жуулчлын салбарыг танилцуулах, ядуурлыг бууруулах туршлах солилцох үзэсгэлэн, мөн өчигдөр Хятадын 56 үндэстний соёлын өвийг биетээр авчирч дэлгэн үзүүлэхээс гадна гар урлалын уламжлалт бүтээлүүдийг дэлгэн тавьсан нь яах аргагүй анхаарал татаж хараа булаав.

Мөн ардын уламжлалт анагаах ухааны эмч нар ирж үнэ төлбөргүй үзлэг хийж, эмчилгээ тан бичиж өгсөн зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдана. Өчигдөр орой гэхэд “Солонго” сэтгүүл мэндэлсний 25 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлээ.

Өчигдөр арга хэмжээний нээлтэд оролцсон салбарын сайд Ц.Цогзолмаа “Хэдийгээр бид хөрш улс ч гэсэн ард түмний минь дунд ижил төстэй зан заншил, өв уламжлал байгааг энэ киноны өдрүүд болон соёлын биет бусын үзэсгэлэнгээр харж болох нь. Нөгөөтэйгүүр энэхүү үзэсгэлэн оролцож байгаа хүмүүс ӨМӨЗО-ны удирдлагын түвшиний том бүрэлдэхүүн ирсэн байна. Мөн хүнсний чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн үзэсгэлэн гарна. Хамгийн гол зүйл нь соёлын биет бус өвийн үзэсгэлэн байгаа юм.

Ирэх жил Монгол Улс БНХАУ-тай найрамдалт дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ой тохионо. Тиймээс ирэх жил энэхүү үзэсгэлэнг өргөн цар хүрээтэй зохион байгуулна. Мөн Хөх хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ хийж байна” гэлээ.

Бай Юйган:Соёлын өдрүүд нь хоёр орны ард олны зүрх сэтгэлийг ойртуулсан чухал арга хэмжээ юм

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган “Соёл аялал жуулчлын өдрүүдийг зохион байгуулж байгаад баяртай байна. Миний хувьд зургаа дахь удаагаа иржээ.

Хоёр орны ард түмэн хоорондын соёлын солилцоо нь ард олны зүрх сэтгэлийг ойртуулсан чухал арга хэмжээ байдаг. БНХАУ-ын Коммиунист намын XVIII их хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх олон чухал үйл явдал өрнөж байна.

Энэхүү хүрээнд бид Улаанбаатар хотод “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөх” сэдэвт Хятадын ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэнг зохион байгууллаа. Соёлын өдрүүдийг энэ жил өргөн цар хүрээтэй, олон хоногийн турш зохион байгуулж байгаа нь их сайхан таатай санагдав.

Мөн маргааш Өвөр монголын алдартай уран бүтээлчдийн Сючуань жүжиг “Цагаан могойн домог” тоглолтыг толилуулна. Монголын ард түмэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хүүхэд залуучуудын оюуны хэрэгцээнд зориулж 800 мянган юанийн үнэ бүхий ном товхимлыг бэлэглэж соёлын туслалцаа үзүүлж байна. Манай хоёр орон соёлын хамтын ажиллагаа явуулснаар ард иргэд маань бие биенээ халуун дотноор ойлгож ойртон нөхөрлөх болно” гэв.

Ийнхүү өнөөдөр ч үйл ажиллагаанууд үргэлжилэх бөгөөд “Өвөрмонголын амт” өвөрмөц амтат хоолны баяр, Сючуанийн соёл аялал жуулчлалын танилцуулга, Монгол үндэсний хувцас соёлын шоу, уран сайхны тусгай тоглолт, “Байгаль дэлхийгээ хамгаалъя” экологийн соёл иргэншлийн сэдэвт лекц унших юм.

Мөн өнөөдөр маргааш хоёр өдөр Шинжлэх ухаан технологийн инновцийн сэдэвт лекц унших болон “Шинжлэх ухаан технологийн инновци болон өндөр чанартай үзэсгэлэн ШУТИС дээр гарах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулж байна

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын Монголын тэргүүлэх чуулга уулзалт болох “Дисковер Монголиа” эхэллээ. Тус чуулга уулзалтад 30 орчим орны 800 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэхүү чуулга уулзалтын зорилго нь уул уурхайн салбарт бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд оршдог. Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өглөө. Мөн Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес Монгол Улсын эдийн засагт Оюу толгой компанийн оруулж буй хувь нэмэр болон цаашдын ирээдүйн талаар танилцууллаа.

“Дисковер Монголиа” чуулга уулзалт маргааш үргэлжилнэ.