Categories
мэдээ нийгэм

​Б.Жавхлан: Даатгалгүй олон хүн байгаа нь нэг талдаа боломж

“Мандал даатгал” ХК Хөрөнгийн биржийн I ангилалд үнэт цаасны арилжааны захиалгаа нээсэн. Үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлантай ярилцлаа.


-Даатгалын салбараас IPO хийсэн компани боллоо. Нэгж хувьцаагаа хэдэн төгрөгөөр гаргаж байгаа вэ. Хэдий хэмжээний хөрөнгийг босгохоор төлөвлөсөн бэ?

-Манай компани ширхэг нь 4800 төгрөгийн үнэтэй 1.560.754 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалж эхэллээ. Олон нийтэд нийт хувьцааны 25 хувийг эзэмшүүлж 7.5 тэрбум төгрөгийг босгох зорилгоор ажиллаж байна.Энэ сарын 4-18-ны өдрүүдэд захиалга авна. 100 хувь захиалгаа авч байж дараачийн ажилдаа орно. Андеррайтераар “Голомт капитал” үнэт цаасны компани ажиллаж байгаа. Захиалга авах хугацаанд хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд “Голомт капитал” компанид хандах юм. Олон нийтэд хувьцааг санал болгосны дараа 40.85 хувийг“Голомт Файнэншил Групп” ХХК, 34.15 хувийг “Юу Эм Си Капитал” ХХК эзэмшдэг, 25 хувийг бусад эзэмшигчид эзлэх юм. 4800 төгрөгийг их үү, бага уу гэж хүмүүс асууж байсан. Хувьцаан дээр үнэ цэнийг ярьдаг болохоос биш үнэ ханшийг ярьдаггүй. Манай нийтдээ зургаан сая ширхэг хувьцаатай. “Говь” компанийн хувьцаа 30 мянган төгрөг байхад “АПУ” компанийнх 600 төгрөг байдаг. Энэ хоёрын аль нь том бэ гэж асуух нь утгагүй. Үнэ ханш биш нэгж хувьцааны цаана ямар үнэ цэн байна вэ гэдэг нь чухал.

-Мэдээж бизнесээ тэлэх гэж хөрөнгө оруулалт татаж байгаа байх. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ.Шинээр даатгал нэвтрүүлэх үү?

-Мөнгийг мөнгө хэлбэрт нь байлгана. Даатгалын компанийн хувьд хөрөнгө гэдэг хамгийн чухал. Тодорхой хэмжээний эрсдэл даах хөрөнгөтэй байснаар илүү их даатгал хийдэг. Манай компанийн орлого сүүлийн таван жилд тогтмол өссөн. Энэ өсөлтийг хангаж илүү их бизнес хийхийн тулд дүрмийн сангаа өөрчилж, цар хүрээгээ нэмж байна. Эрсдэл даах чадвар гэдэг нь тодорхой боломжит хэсгийг өөрсдөө хүлээгээд, үлдсэн хэсгийг давхар даатгал гэдэг олон улсын зах зээлд байршуулдаг. Энэ нь мөн зардал шаарддаг. Бидний санхүүгийн туршлага нэмэгдэх юм бол давхар даатгал төлж байгаа зардал буурч, гадагшаа урсах валютын урсгалыг зогсоох, өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгох юм. Илүү ашигтай бизнес хийхийн тулд олон нийтээс хөрөнгө татаж байна. Зах зээлээ тэлэхийн тулд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн одоо байгаа даатгалын нэвчилтийг хангалттай болгох гэж хоёр зүйл байдаг. Бид одоо байгаа үйлчилгээндээ илүү анхаарна. Улаанбаатарт хотод явж байгаа машинуудаас тээврийн хэрэгслийн даатгалд 15 хүрэхгүй хувь хамрагдсан байдаг. Эрүүл мэндийн даатгалд зургаан мянган хүн хувийн эрүүл мэндийн даатгал авдаг. Үүний дөрвөн мянга нь манайд даатгуулсан. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй харьцуулахад энэ маш бага тоо юм. Одоо байгаа даатгалдаа хүч хаяхаас биш цахим даатгал, блокчэйн гэж ярихгүй.

-Энэ өрсөлдөөнтэй зах зээлд амжилттай ажиллаж байгаагийн учир юу вэ? Даатгалын салбарын ирээдүйг юу гэж харж байна?

-Иргэдийн болон байгууллагын бизнес хийдэг. Аль аль нь орлогын тэнцүү оролцоотой байгаа. Иргэдэд зориулсан бүтээгдэхүүн гэвэл “Жаргалан” хувийн эрүүл мэндийн даатгалыг 2015 онд гаргасан. Одоо эрүүл мэндийн даатгалын зах зээлийн гуравны хоёрыг эзлэх болсон. Мөн “Сонголт” тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалыг гаргасан. Үүгээрээ бид номер нэгт байгаа. Монголчууд хангалттай даатгал авдаггүй. Маш бага хэсэг нь даатгал хийлгэдэг. Нэвчилтийн хувь зэрэг тоонуудыг үзэхэд бусад хөгжиж буй орнуудаас болон дэлхийн дунджаас хамаагүй бага байдаг. Ийм эрсдэлтэй нийгэмд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс хангалттай даатгал хийлгэхгүй байгаад санаа зовж байна. Мөн энэ олон хүн даатгалгүй байна гэдэг нь нөгөө талдаа боломж болдог. Даатгалгүй хүмүүсийг даатгалд хамруулах бизнесийн боломжийг хэлээд байна л даа. Монголд банкны зах зээл хангалттай хөгжсөн. Нийт активын хэмжээ гурван их наяд төгрөгт хүрчихсэн. Хэдий сайн үзүүлэлт ч гэлээ хөрөнгө оруулагчийн зүгээс харах юм бол аль хэдийнэ боломжууд нь ашиглагдчихсан, ханасан зах зээл юм. Даатгал өндөр хөгжсөн орнуудад банктайгаа ойролцоо хэмжээнд байдаг. Манай даатгалын компаниудын нийт актив 280 тэрбум төгрөг. Банкны активын нэг хувьд ч хүрэхгүй бага хэмжээтэй. Энэ нь ямар боломж, бололцоо байгааг илэрхийлж байна. Тэгэхээр цаашид даатгалын салбар хөгжинө. Монголчууд даатгал авдаггүй хэвээр байхгүй. Үйлчилгээгээ орчин үетэй хөл нийлүүлэх, амьдралд ойр бүтээгдэхүүн гаргах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зэрэгт анхаарсан тохиолдолд энэ салбар хөгжинө. Одоо зах зээл өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ өсөх хандлагыг юун дээр тулгуурлан тодорхойлж байна?

-Эдийн засгийн хямралтай үед өсөөгүй. Харин өнгөрсөн жил эдийн засаг таван хувь өсөхөд даатгалын салбар 25 хувиар өссөн. Энэ үед Мандал даатгал 72 хувийн өсөлтийг үзүүлсэн. 2016 онд даатгалын салбар нэг хувиар унасан. Тэр жил бид 45 хувийн өсөлтийг гаргаж чадсан. Энэ өсөлтүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын шинэ сувгийг оруулж ирсний хүчинд бий болгосон.. Энэ оны эхний хагас жилээр 2.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнээс хойш салбар өсөх гээд байна. Салбарын нийт ашгийн 51 хувийг бүрдүүлж байгаа.

IPO хийх бэлтгэл ажлаа хэзээнээс эхэлсэн бэ. Анхнаасаа төлөвлөсөн байсан уу?

-Санхүүгийн зохицуулах хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сард материалаа өгсөн. Энэ бизнесийн эхлэхдээ л IPO хийнэ гэж төлөвлөж ирсэн. Эхэн үедээ борлуулалтын цэг, харилцагчийнхаа тоог нэмэхэд анхаарч байсан. Хөрөнгө оруулагчид сонирхлыг татах тэр компанийг байгуулахыг зорьсон гэсэн үг. 2015 оноос бэлтгэл байдлаа хангаж эхэлсэн. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зах зээлд байр сууриа эзэлсэн, танигдсан, ашигтай ажилладаг компанийг бэлдсэн.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

“Төмөр хатагтай” тоглолтоо хийнэ

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа гэнэтийн бэлгээ задлах нь ээ. Тэрээр есдүгээр сарын 28, 29-нд “Corporate Concert Hall”-д “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоороо сонсогч, фэнүүдтэйгээ уулзахаар зэхжээ. Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ “төмөр хатагтай” гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах нь ээ.

Б.Ангирмаа гэнэтийн бэлгээ задална

Энэ удаагийн тоглолтын гэнэтийн бэлэг буюу онцлог түүний үүсгэн байгуулсан “Киви” хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна. Түүнээс гадна тоглолтод зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор, “Инээмсэглэл” хамтлаг, Альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг дуучид оролцох юм байна.

Categories
мэдээ спорт

Лиам Морганы бичсэнээр манай бөх урт хугацаанд эрхээ хасуулах нь тодорхой гэв

“Жакарта 2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн П.Орхоноос авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан тул Азийн олимпийн зөвлөл манай тамирчнаас медалийг нь хураах шийдвэр гаргажээ. Insidethegames.biz цахим хуудаст сэтгүүлч Лиам Морган энэ талаар мэдээллээ.

Азийн олимпийн зөвлөлийн албан ёсны цахим хуудсанд энэ сарын 3-нд гаргасан мэдээллээр, өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдөр манай тамирчнаас авсан шинжилгээгээр станазолол буюу ОУДЭА-ийн хориглосон эм, бэлдмэлийн 2018 оны жагсаалтад бичигдсэн “S1.1A Exogenous Anabolic Androgenic Steroids”-ын төрлийн бэлдмэл илэрсэн нь тогтоогдсон аж. Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд оролцсон тамирчдын хоёроос нь хориотой эм бэлдмэл илэрсэн бөгөөд нэг нь П.Орхон, нөгөө нь Туркменистаны Рустем Назаров юм байна. Туркмен бөхийн цуснаас фуросемид гэх эм илэрчээ. Энэ фуросемид нь хүч чадал шууд нэмэгдүүлдэггүй боловч шээс хөөж, хаван буулгадаг үйлчилгээтэй учир допинг хэрэглэсэн бөхчүүд түүнийгээ биеэсээ хурдан гадагшлуулахын тулд хэрэглэсэн байж болзошгүй гэдэг агуулгаар хориотой бодисын жагсаалтад орсон байдаг аж. Харин манай тамирчны хэрэглэсэн гээд буй бэлдмэл нь анаболик стероид буюу ажиллах чадварт шууд нөлөөлдөг хүчтэй бодис юм.

Лиам Морганы бичсэнээр бол манай бөх урт хугацаанд эрхээ хасуулах нь тодорхой гэнэ. Харин яг ямар хугацаагаар хасуулах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Практикаас харахад сэргээш хэрэглэсэн тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг ихэвчлэн хоёр жил хасдаг. Хэрвээ ийм хугацаагаар хасвал манай бөх “Токио 2020” олимпийн наадамд барилдах боломжгүй болно /Токио 2020 олимп 2020 оны зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 9-нд болохоор товлогдсон/. Манай чөлөөт бөхийн тамирчдаас МУГТ О.Пүрэвбаатар фуросемид хэрэглэсэн гэдэг үндэслэлээр 2000 оны олимпийн тавдугаар байрын шагналаа хүчингүй болгуулж байсан. Түүний эрхийг дараа жилийнх нь ДАШТ дуустал хассан ч азтай тохиолдлоор ДАШТ хойшилж, манай бөхийн эрх сэргэснээр мөнгөн медаль хүртэж байсан түүх бий.

Үүнээс үзэхэд манай тамирчны эрхийг багаар бодоход нэг жилээр хасах нь тодорхой болоод байна.

Киргизстаны хэвлэлээр манай бөхөд ялагдаж мөнгө дээр буусан Айсулу Тыныбекова алтан медаль хүртэхээр болсон хэмээн бичээд эхэлжээ.

Эцэст нь, манай тамирчдаас допингтой нэр холбогдсон тохиолдлуудыг танилцуулж байна.

Он Нэр Спортын төрөл Тэмцээн Илэрсэн бодис

1. 1972 Б.Буядаа Жүдо Мюнхен-1972 олимпийн наадам Кофейн

2. 1984 П.Батсүх Цана Сараево-1984 олимпийн наадам анаболик стероид

3. 2000 О.Пүрэвбаатар Чөлөөт бөх Сидней-2000 олимпийн наадам фуросемид

4. 2002 А.Сүхбат Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

5. 2003 Д.Батбаяр Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

6. 2004 Д.Мягмарсүрэн Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

7. 2004 Г.Ганхуяг Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

8. 2006 Д.Рагчаа Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

9. 2006 Г.Эрхэмбаяр Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

10. 2007 н.Гансүх Хүндийг өргөлт Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

11. 2007 Д.Чинзориг Хүндийг өргөлт Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

12. 2007 Т.Чахар Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

13. 2007 Б.Батхуяг Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

14. 2007 Ж.Нурлан Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

15. 2007 З.Мөнхбаатар Бодибилдинг Улсын аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

16. 2007 Б.Ариун-Эрдэнэ Жүдо Тэмцээний бус үеийн шинжилгээ сальбутамол

17. 2008 Д.Ерболат Хүндийг өргөлт Азийн Клубуудын АШТ анаболик стероид

18. 2009 Ц.Сумъяабээс Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

19. 2009 Б.Соронзонболд Үндэсний бөх Үндэсний их баяр наадам дексаметазон

20. 2009 Ц.Цэрэннадмид Жүдо Улаанбаатар Дэлхийн цом фуросемид

21. 2011 н.Алтангэрэл Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

22. 2011 Ц.Цогбаяр Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

23. 2012 Б.Сугаржаргал Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

24. 2012 Х.Мөнхбаатар Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

25. 2012 Н.Баярмаа Хүндийг өргөлт Азийн аварга шалгаруулах тэмцээн анаболик стероид

26. 2014 Б.Суманчулуун Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

27. 2014 Н.Адъяабат Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стероид

28. 2016 Э.Сумъяа Чөлөөт бөх Олимпийн эрх олгох тэмцээн мелдониум

29. 2016 Б.Баатарцол Үндэсний бөх Үндэсний их баяр наадам мелдониум

30. 2016 Б.Ганзориг Үндэсний бөх Үндэсний их баяр наадам анаболик стериод

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас эрчим хүчний тендерт ялдаг, ашиг сонирхлын зөрчилтэй долоон компанийн нэрийг зарлалаа

Наймдугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас мэдээлэл хийхдээ Эрчим хүчний яам болон түүний салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй долоон компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт шалгарч, гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн мэдээлсэн билээ. Түүний хариуд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан “Өнгөрсөн хугацаанд манай яамны албан хаагчдаас тендерт оролцсон сонирхлын зөрчилтэй гэх асуудал гараагүй. Салбарын үйлдвэр, компаниудын хувьд бие дааж тендер шалгаруулалтыг зохион байгуулдаг тул өөрийн байгууллагын хэмжээнд хууль журмыг сахиулан ажиллах үүрэгтэй” гэсэн тайлбар өгсөн билээ.

Тэгвэл өчигдөр АТГ-аас Эрчим хүчний яам болон салбаруудад зарласан тендерт шалгарсан долоон компанийн нэрийг зарлалаа.

1. “Проектватт” ХХК. Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.094.1 сая төгрөг,

2. “Талст инженеринг” ХХК. Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, хоёр удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг,

3.“Биндэгноров” ХХК. Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг,

4. “Эрчим” ХХК. Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, нэг тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг,

5. “Наранлист” ХХК. Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, хоёр удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг,

6.“Комфорт-Имфекс” ХХК. Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, хоёр багц тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг

7. “Грийн энержи интернэшнл” ХХК. Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. Тендерт нэг удаа шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөгийн тендер авсан байна.

Э.Баатар

Categories
мэдээ нийгэм

Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаархи Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад УИХ-ын гишүүд оролцов

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга А.Ундраа нар Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаархи Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад оролцов.

“Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд гарч буй ололт амжилтыг дүгнэн, тулгамдаж буй болон цаашид анхаарах асуудлуудаа хэлэлцэх зорилготой “Хүмүүнийг чадавхжуулах, хүртээмжтэй, тэгш байдлыг хангах нь” сэдэвт тус чуулга уулзалтад Ази тивийн улс орнуудын төр, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцсон юм.

Зүүн хойд Азийн нийт хүн амын 10 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур үзүүлэлттэй байдаг байна. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин доогуур, ерөнхий боловсролын сургуульд хамрагдагсдын тоо харьцангуй өндөр, суурь үйлчилгээний хүртээмж болон нийтийн институциудын үйл ажиллагаа сайн зэрэг үзүүлэлтээрээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг амжилттай хэрэгжүүлэн, Ази, Номхон далайн бусад бүс нутгаа тэргүүлдэг байна.Гэсэн хэдий ч тэгш бус байдал хамгийн тулгамдсан асуудал болжээ. Тухайлбал, Зүүн хойд Азийн улс орнууд, ялангуяа БНХАУ, Япон Улс, Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй байгаа ч орлогын тэгш бус байдал гүнзгийрч, боловсрол, эрчим хүч, зохистой хөдөлмөр эрхлэх боломж, хүртээмж тэгш бус байгааг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос хийсэн судалгаа харуулжээ.

Иймээс Улаанбаатар хотноо болсон энэ удаагийн чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн 17 зорилгоос “Боловсролын чанар (ТХЗ 4)”, “Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт (ТХЗ 8), “Тэгш бус байдлыг бууруулах (ТХЗ 10)”, “Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах (ТХЗ 13)”, “Энх тайван, шударга ёсыг тогтоох (ТХЗ 16)” болон “Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17)” зэрэг 6 зорилгыг онцлон хэлэлцсэн юм.


УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд тусган хэрэгжүүлэх асуудлыг эрхэлдэг бөгөөд 2016 оны 2 дугаар сард Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоолоор баталсан 4 бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлт бүхий “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон засаглал гэсэн дөрвөн чиглэлд хэрэгжиж байна.


2018 оны 6 дугаар сарын байдлаар Тогтвортой хөгжлийн зорилгын нийт 244 шалгуур үзүүлэлтээс Монгол Улсад хамааралгүй 11 үзүүлэлт байна. Өнөөгийн байдлаар 2015, 2016, 2017 онуудад 233 шалгуур үзүүлэлтээс 113 шалгуур үзүүлэлтийн мэдээллийг тооцож гаргасан бөгөөд гарахгүй байгаа 120 шалгуур үзүүлэлт байна. Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтүүдээс одоогийн байдлаар гарах боломжгүй байгаа үзүүлэлтийн мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, яамд, төрийн бусад байгууллага, олон улсын, иргэний нийгмийн байгууллагууд хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хүний нөөц, техник, технологийн чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байна” гэлээ.

Мөн тэрбээр “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаархи Зүүн Хойд Азийн орнуудын олон талт бүлгүүдийн хоорондох яриа хэлцлийг бий болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэх болон холбогдох бүс нутгийн болон дэлхийн түвшинд дэд бүсийн чиг хандлагыг тусгахад энэхүү уулзалтын ач холбогдолтой гэдгийг онцлов. Зүүн Хойд Азийн олон талт чуулга уулзалтад хэлэлцэгдэхээр тусгагдсан Тогтвортой хөгжлийн зорилгууд нь Боловсролын чанар, Зохистой хөдөлмөр, эдийн засгийн өсөлт, Тэгш бус байдлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, Энх тайван, шударга ёсыг тогтоох болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилгуудыг анхаарч үзэж байгаа нь зөв шийдэл гэж харж байгааг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга дурдаад чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн.


Чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр Засгийн газрын институци байгуулан, механизм бий болгоод буй Япон Улс туршлага, иргэний нийгмийн хүчин чармайлтаар шийдвэр гаргахад иргэдийн оролцоог сайжруулсан БНСУ-ын туршлагаас хуваалцсан байна. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү арга хэмжээг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Монгол дахь Суурин зохицуулагчийн газар хамтран зохион байгуулсан юм.


Categories
мэдээ нийгэм

О.Одбаяр: Нүүрсийг газын хий, дизель түлшээр орлуулах ёстой

Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх нүүрсний экспорт, худалдаа тээвэр ложистикийг сайжруулах зорилготой “Coаl Mongolia” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр өдөр болж өнгөрлөө. Чуулганыг хамтран зохион байгуулсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Стратеги, төлөвлөлт хариуцсан дэд захирал О.Одбаяртай ярилцлаа.

– Дэлхий нийтээрээ эрчим хүчний буюу хүрэн нүүрснээс татгалзаж эхлээд байна. Манай улс эрчим хүчний нүүрсний нөөцөө хэрхэн ашиглах талаар шинэ санаа, шийдэл юу байна вэ?

-Монгол Улс эрчим хүчний нүүрсний 37,4 тэрбум тонны батлагдсан нөөцтэй. Багануур, Шивээ овоо, Шарын гол, Адуунчуулууны уурхайнууд эрчим хүчний нүүрсийг олборлож төвийн цахилгаан станцуудад нийлүүлж байна. Ер нь 30 гаруй тэрбум нөөцийг хэрхэн ашиглах вэ гэсэн асуулт байна.Таны хэлснээр дэлхий нийтээрээ байгаль орчны асуудлаас болж эрчим хүчний нүүрснээс татгалзаж байна. Монголчууд бид үүнээс татгалзах хараахан болоогүй байна. Гэхдээ бусад орнууд, тухайлбал, Австрали Хятад Канад зэрэг орнуудад хүрэн нүүрснээс шингэрүүлсэн түлш, химийн элемент гаргах гэх мэт газ гаргах маш олон технологиудыг нэвтрүүлээд хэрэгжүүлж байна. Австрали, БНХАУ-ын Засгийн газар нь гэхэд энэ чиглэлийн төслүүддээ хөрөнгө гаргаж санхүүжүүлэн ажиллаж байна. Тиймээс Монгол Улс хүрэн нүүрсний энэхүү баян нөөцөө ашиглаад шингэрүүлсэн түлш, газ, метан гаргах төслүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ чиглэлээр “Эрдэнэс Монгол” компани судалгаа хийж байна. Бид АНУ-ын “Polaris” төслийг хэрэгжүүлэхээр судалгаа хийсэн. Мөн Хятадын компанитай өчигдөр л гэхэд хүрэн нүүрсийг хэрхэн ашиглах, хөрөнгө оруулалтыг ямар түвшинд хийгдэх энэ чиглэлээр уулзалт яриа хийсэн байгаа. Тодруулах юм бол Шивээ Овоогийн уурхайг түшиглээд нүүрс шингэрүүлэх үйлдвэр барихаар санал солилцож байна. Энэ мэтчилэн хүрэн нүүрсний хэрэглээг уламжлалт технологиос арай өөр байдлаар ашиглах шаардлагатай байна. Эс тэгвээс бидний ашиглаж чадахгүй арвин их нөөц байсаар л байх нь байна.

О.Одбаяр: Хүрэн нүүрсний 30 гаруй тэрбум тонн нөөцийг шинэ технологиор ашиглана

-Хүрэн нүүрсийг шингэрүүлэх яриа хэлэлцээрийн төвшинд хөрөнгө оруулалтыг хэр хэмжээгээр тооцоолсон бэ. Манай зүгээс хөрөнгө санхүүгээ хэрхэн шийдвэрлэх төлөвлөгөө байгаа юу?

-Хүрэн нүүрсний нөөц их байгаа боловч илчлэг харьцангүй бага буюу 2800-3000 ккалорийн илчлэгтэй. Бид жилдээ 6-7 сая тонныг жилдээ цахилгаан станцуудад ашиглаж байна. Яг өнөөдрийн энэ хэрэглээгээр тооцох юм бол бид 3700 жил хүрэн нүүрсээ ашиглах болж таарч байгаа.

Эхний ээлжид гаднаас импортоор авдаг дизель түлшийг хүрэн нүүрснээсээ гаргаж авахаар ажиллаж байгаа. Энэ тал дээр түрүүн дурьдсан Америкийн “Polaris” төсөл, Фишер троппын арга, хятадуудын хүрэн нүүрсэндээ хийсэн судалгааны арга зэргээс манай орны нүүрсний онцлогт аль арга нь тохирох вэ гэдгээс технологийг тохируулан хэрэгжүүлнэ. Хүрэн нүүрснээс дизель түлш дөнгөж гаргаад явж байгаа хамгийн ойрын жишээ манай урд хөршийн Өвөрмонголд байна. БНХАУ-ын Засгийн газар энэ төсөлд 7,2 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийсэн, үйл ажиллагаа нь жигдрээд явж байна. Эдгээр төслүүдийн үр дүн 2020 онд гарна. Гэхдээ улс орнууд эдгээр төслүүдээ хэрэгжүүлж үйлдвэрт нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгааг бид харж байна. Тиймээс бидэнд хүрэн нүүрсний баялаг нөөц байна, нөгөө талд гадаадын хөрөнгө оруулагчдад бэлэн технологи байгаа учраас хоёр талаасаа тохиролцох боломжтой. Ганцхан бэрхшээл нь хүрэн нүүрснээс олборлож байгаа дизель түлш, метан, химийн бодисууд өндөр өртөгтэй гарч байгаа. Энэ өртгийн асуудлыг бууруулах чиглэлээр судлаачид ажиллаж байна. “Эрдэнэс Монгол” компанийн судалгааны баг энэ чиглэлээр давхар ажиллан гадны экспертүүдтэй хамтарч байгаа.

Засгийн газрын түвшинд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах шийдвэр гаргасан. Тиймээс бид нүүрсийг бид газын хий, дизель түлшээр орлуулах ёстой. Аль болох түүхий нүүрснээс татгалзах бүтээгдэхүүн шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор хүрэн нүүрснээс сайжруулсан түлш гаргах чиглэлээр судалгааны ажлууд хийгдээд явж байгаа. Хүрэн нүүрсийг сайжруулсан түлш, шахмал түлш болгох буюу байгаль орчинд ээлтэй илчлэг түлш гаргах тал дээр судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. Энэ төсөлд БНСУ болон БНХАУ-ын компаниуд бидэнтэй ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг БНСУ-д айлчлахад 500 сая ам.долларын зээлийг тус улсаас сайжруулсан түлш бэлтгэх буюу утаатай тэмцэхэд зарцуулахаар гаргасан. Энэ төсөлд солонгосын компаниуд хамтран ажиллана.

-Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” компани хэдий хэмжээний нүүрс экспортлоод байгаа вэ. Тээвэрлэлтийн улмаас гарч буй хүндрэл бэрхшээлийг яаж шийдвэрлэж байна вэ?

-Гашуун сухайтын зам бол өөрөө жилдээ 18 сая тоннын даацтай. Тэр замаар “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн Тавантолгой, “Энержи ресурс” компаниуд, түүний дээрээс “Оюутолгой” ХК бас зэсээ явуулж байна. Тиймээс Гашуунсухайтаар ойролцоогоор жилдээ 25 сая тонн бүтээгдэхүүн нэвтрүүлж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөр 10-аад сая тонн нүүрсний борлуулалтыг хийгээд байна. Манай компани 2018 онд 11 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Одоогийн байгаа замын явц, эргэлт, хил гаалийн нэвтрэх чадварыг харахад, өдөртөө 1000 гаруй машин хил нэвтрээд байх юм бол оны эцэст 11-12 сая тонн хүрэх боломжууд бий.. Ингэснээр эдийн засагт маш том эерэг нөлөөлөл авчирна. Өнөөдөр “Coal Mongolia-2018” чуулга уулзалтад Хятадын судлаачид ирсэн байна. Тэдэнтэй уулзаж ярилцахад, цэвэр коксжих нүүрсний худалдан авалт буурахгүй бөгөөд 2019-2020 онд хятадын зах зээл дээр байгаа үнэ тогтвортой байна гэж ярьж байгаа юм. Энэ нь манай ашигтай учраас нөхцөл байдлыг ашиглаад нэвтрэх хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой. Одоогоор Монгол Улс Баяннуур аймгийн Ганц мод гэдэг боомтоор бүх түүхий эдийн экспортоо гаргаж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ дахь Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо Владивосток боомтоор нүүрс гаргах талаар яриа хэлэлцээ хийсэн байсан. Энэ тухай яригдсан албан ёсны гэрээ хэлэлцээр байгаа юу?

-2018 оны хавар Орос-Монголын хамтарсан чуулга уулзалтын үеэр тус улсын бизнес эрхлэгчид монголын бизнесменүүдтэй уулзаж ярилцсан. Тэдний талаас олон санал тавьсны нэг нь нүүрс авья гэсэн. ОХУ жилд 400 сая тонн нүүрс олборлож байгаа. Гэсэн хэдий ч манай Тавантолгойн нүүрс калори маш өндөртэй, гайхамшигтай нүүрс. Тиймээс тус улсын зүгээс жилд 2-3 сая тонныг авах боломжтой гэдгээ илэрхийлсэн.

Тэгэхээр бид Тавантолгойн нүүрсийг ганцхан Владивосток гэлтгүй төв магистралл төмөр зам дээрээ авчрах эхний ээлжийн шийдэл хэрэгтэй. Тиймээс миний харж байгаагаар эхний ээлжид Чойр, Сайншанд руу төмөр зам тавих, үгүй юм бол автозам тавиад нүүрсээ авчирч буулган тэндээсээ олон улсад гарцаа нэмэх боломжтой. Владивосток руу Тавантолгойн нүүрсийг тээвэрлэхтэй холбоотойгоор тээврийн өртгийг тооцож үзэхэд хятадын зүүн эрэг орох зардалтай ойролцоо гарч байгаа. Хятадаар дайрч аваачих нь өөрөө бас өндөр зардалтай. Ганц модоос гараад Баяннуур, Баяннуураас Шаньси, Шаньсигаас Хэбэй, Хэбэйгээс зүүн эрэг явах зардал шууд явах зардлыг тооцоолоход ийм байгаа.

Categories
мэдээ улс-төр

“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орох тухай хуулийн төсөл өргөн барилаа

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хэлэлцээрт нэгдэн орох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсноор тус байгууллагын гишүүн 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах нөхцөл бүрдсэн билээ.

Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” нь 1980 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд 32 улс нэгдэн орсон байна. Хэлэлцээрийн гол зорилго нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсэж байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгагдсан тоног төхөөрөмж, эд ангийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалттай юм.

Монгол Улсын иргэний нисэхийн салбарт 2018 оны тавдугаар сарын байдлаар зорчигч тээврийн 18, хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 13 агаарын хөлөг ашиглагдаж байна.

Иргэний нисэхийн салбар нь нийгэм, эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг, түүнийг сэлбэг, тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбаршуулах, Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Энэхүү хэлэлцээрт нэгдсэн орсноор:

-Агаарын хөлөг, түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулах, улмаар арилжааны агаарын тээврийн салбараас гадна хөдөө аж ахуй, түргэн тусламж, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг болох;

-Зорчигч тээврээс гадна цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд ангиуд, газар дээрх нислэгийн бүх төрлийн дадлагын төхөөрөмж татвараас чөлөөлөгдөх боломжтой болсноор иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах татварын таатай нөхцөл бүрдэх;

-Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад өргөжин хөгжих зэрэг давуу талууд бий болох ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Honor 8x Max”, “Honor 8x” гар утсыг худалдаанд гаргалаа

Ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн зах зээлд Хятадын компаниуд хүчирхэг гэдгээ батлан харуулсаар байна. Шинэлэг, хурд хүч сайтай, хамгийн сүүлийн үеийн технологи, программ хангамжийг төгс агуулж чаддаг Хятадын ухаалаг гар утас хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байгаа нь үүнийг тодотгож байгаа юм. Өнөөдөр Хятадын шилдэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн нэг “Huawei” компани шинэ загварын хоёр төрлийн ухаалаг гар утсаа Хятадын зах зээлд албан ёсоор худалдаанд гаргаж эхэллээ. Энэ бол “Honor 8x Max” болон “Honor 8x” нэртэй гар утас юм.

Өчигдөр тус компани олон нийтэд шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулсан бол өнөөдөр хэрэглэгчдийнхээ гарт ийнхүү шилжүүлж байна. Онцлон мэдээлэхэд, энэ гар утас нь бусад гар утастай харьцуулахад том дэлгэцтэй. Тодруулбал, 7.12 инч дэлгэцтэй болжээ.

Эхлээд “Honor 8x Max” гар утасны талаарх мэдээллийг хүргэе. Энэ утас нь 7.12 инчийн IPS бүхий 1080/2244 нягтаршилтай 18:9 хэмжээтэй. Дэлгэцний 90 хувь нь бүхэлдээ үндсэн хэсэг аж. Энэ бол хүрээ маш нимгэн болсныг илтгэж буй юм. Нүүрэн талын камер нь 8 мегапиксел. Гол зүрх нь болох хэсэгт Snapdragon 636, 660 хүчирхэг процессорыг суурилуулжээ. Өөртөө 4 гегабайтын шуурхай санах ойтой, Adreno 512 үзүүлэлттэй хурдасгагчтай. Мөн 5000 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Ар талдаа 16+16 мегапикселийн хос камертай, хурууны хээ мэдрэгчтэй. 3,5 мм-ийн аудио оролт, USB Type C зэрэг оролтуудтай. Арван минут цэнэглэхэд 40 минутын турш утсаар ярих боломжтой цэнэгээ хуримтлуулж чаддаг байна. Нийт 210 гр жинтэй, худалдаанд цэнхэр, хар болон улаан өнгийн сонголтуудтай гарчээ.

Харин “Honor 8x” загварын утас нь 6.5 инчийн 2340/1080 нягтаршилтай 19.5:9 пиксел үзүүлэлттэй дэлгэцтэй. Процессор нь Kirin 970 чипэн дээр тулгуурлагдсан 2.2 герцийн чадалтай. Шуурхай санах ой нь 4 болон 6 гегабайт бол санах ойн багтаамж нь 64 болон 128 гегабайт багтаамжтай. Ар талдаа 20+20 мп хос камертай. Селфи камер нь 16 мегапиксел болжээ. Андройд 8.1 үйлдлийн системтэй.

Нийт 175 гр жинтэй. 3750 миллиампер цаг багтаамжтай батарейтай. Худалдаанд 205-278 ам.долларын үнэтэй борлуулагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

“Өндөр хөхийн унага” романы нээлт боллоо

МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт, “Гэгээн муза-12” наадмын тэргүүн шагналт зохоилч, яруу найрагч Нямжавын Сүхдоржийн “Өндөр хөхийн унага” романы нээлт Дархан-Уул аймгийн Төв номын санд боллоо.

Үүнд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн зохиолчид, Ховд нутгийнханы төлөөлөл болсон 60 гаруй хүн оролцов.

Уран зохиолын бүхий л төрлөөр туурвиж яваа эрхэм зохиолчийн анхны роман ийнхүү уншигчдынхаа гар дээр очиж байна.

Тэрбээр уран зохиолтой дөрөө нийлүүлээд 35 намрыг үджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын таатай боломж нээгдэж байна

Уул уурхайн боловсруулах салбарын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг өнөөдөр эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2018” чуулга уулзалт дээр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар тодотголоо.

Нүүрсний салбарын “Coal Mongolia-2018” чуулган өндөрлөхтэй залгуулаад өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлсэн эрдэс баялаг, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia: Minerals and Mining Business Summit” чуулганыг УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нээж хэлсэн үгийнхээ эхэнд, “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татах талаар манай Засгийн газар тэргүүн зорилтоо болгон ажиллаж байна. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр дэлхийн зарим орны санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэдгээ илэрхийлээд геологи, хайгуулын талаар хийж буй ажлуудыг танилцуулав.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хайгуулын 1537 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Өнгөрсөн сард Засгийн газрын 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг баталж, нийт 8.5 сая гектар талбайд сонгон шалгаруулалт зарлаад байгааг дуулгалаа. Тэрээр, “Цаашид бид геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, геологийн нөөц, бололцоогоо бүрэн танин мэдэх чиглэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, мэдээллийг ил тод, нээлттэй болгох чиглэлээр тодорхой ажлуудыг хийнэ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хүнд үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж, Энэтхэг улсаас олгосон хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр байгуулах газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг өнгөрсөн зургадугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сумд тавилаа. Уг үйлдвэр байгуулагдсанаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэх юм. Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр, нүүрснээс нийлэг байгалийн хий гаргах, төмрийн хүдрийг боловсруулж дотооддоо ган үйлдвэрлэх чиглэлийн төслүүд хэрэгжиж, төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байна.

Мөн Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс угаах, нүүрс-химийн үйлдвэрүүд баригдаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болно. Уул уурхайн салбараас олж буй орлогын менежментийг сайжруулах, өнөө болон хойч үедээ шударгаар хуваарилах, оролцоог хангасан өсөлтийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний Баялгийн сан байгуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна. Манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг, хөрш орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, томоохон ордын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ажлуудыг хийж, бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграци улам бүр гүнзгийрэх хандлагатай байгаа үед бид бүхэн чуулж байна. Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын тун таатай боломж нээгдэж байна. Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо байна. Энэхүү өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад та бидний бүтээлч хамтын ажиллагаа шаардлагатай байна” гээд дараахь чиглэлээр хамтарч ажиллахыг санал болгон уриалсан юм. Үүнд:

  • Шууд хөрөнгө оруулалт (FDI);
  • Шинэ техник технологи нэвтрүүлэх;
  • Уул уурхайн шинэ чадавхи, мэдлэг, ноу хау;
  • Хөрөнгө босгох, хөрөнгийн санхүүгийн менежмент;
  • Төр болон хувийн хэвшлийн түншлэл (PPP) зэрэг болно