Categories
мэдээ спорт

Ө.Батзул, Т.Тулга нар аваргын алтан медалийн төлөө барилдана

Якутын нэрт дасгалжуулагч /Хуучин ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч/ Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний эхний өдрийн барилдаанд /09.06/ 65 кг-д хүч үзсэн ОУХМ Т.Тулга, 97 кг-д барилдсан ОУХМ Ө.Батзул нар алтан медалийн төлөө барилдахаар туналаа.

Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болсон юм. Т.Тулга Красноярск хотын Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи, Буриадын Баяр Цыреновыг оноогоор (13:2) цэвэр ялснаар шигшээд шалгарсан. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарт түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай хүч үзнэ.

Харин Ө.Батзул Красноярск хотын Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг тус бүр ялснаар шигшээд барилдахаар туналаа. Тэрбээр алтан медалийн төлөө Азербайжаны Нурмагомед Гажиевтэй барилдана.

Мөн 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн өнөөдөр дагах барилдаан хийх юм. Харин гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Якутын Герман Устинов хагас шигшээд ялагдсанаар дагах барилдаан хийх боломж гараагүй байна.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Эрээний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх тухай санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл үйл явц эрчимжиж байгаа юм.

Энэ хүрээнд Шадар сайд Замын-Үүдийн чөлөөт бүсээс 1 км орчмын зайд байрлах, 900 га талбай бүхий Эрээний чөлөөт бүсэд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай танилцав.

Өнгөрсөн хавраас Эрээний чөлөөт бүсийн төвийн хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын орчин үеийн шийдэл бүхий цогц ажлыг гүйцэтгэсэн төдийгүй ойрын хугацаанд 7-н үйлдвэрийн барилгыг угсарч дуусгах ажээ. 2019 он гэхэд энэ хэсэгт 800 сая юань буюу 126 сая орчим ам.долларын өртөг бүхий ажил хийгдэнэ гэж Эрээн хотын удирдлагууд ярилаа.

Шадар сайд Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Энэ төвд Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятадын холбогдох байгууллагууд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлжээ. Эндээс Хятадын иргэд өдөрт 8000 юань хүртэлх үнийн дүн бүхий барааг татваргүйгээр худалдан авч болдог байна гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга ӨЭМТ-үүдэд тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулатори болон “Амгалан” амаржих газрын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцлаа. Уг үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дагуу 2017 онд Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн гадна зам, талбайг тохижуулан хүлээлгэж өгсөн. Тэгвэл энэ онд нийт зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдэж буй бөгөөд өдгөө “Амгалан” амаржих газар, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХУД-ийн эрүүл мэндийн төвийн 1 дүгээр амбулаторийн гадна зам, талбайг тохижуулан, өнөөдөр хүлээлгэж өгч байна. Мөн цаашид ЭХЭМҮТ, ХӨСҮТ, “Өргөө” амаржих газрын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулан хүлээлгэж өгөх юм.

Эмнэлгийн байгууллагын гадна талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Мөн нийслэлийн 142 ӨЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлын хүрээнд төлөөлөл болгон өнөөдөр БЗД-ийн 3 дугаар хорооны “Эмнэхүй” ӨЭМТ, СБД-ийн 5 дугаар хорооны “Түвшин хүч” ӨЭМТ-д ургийн монитор, нярайн шарлалтыг хэмжих аппарат, амьсгалын замын өвчний үед хэрэглэгдэх отсос, судас тодруулагч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулж өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ онд нийт зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдээд байна. Өнөөдөр гурван эмнэлгийн гадна зам, талбайн тохижилтын ажил дуусч хүлээж авлаа. Ирэх 2019 онд Налайх, Багануур, Багахангай зэрэг алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төв болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдэнэ. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн зорилтын дагуу 2016-2019 онд улсын болон орон нутгийн 16 эмнэлгийн гадна зам, талбайд автомашины зогсоол, ногоон байгууламж, явган хүний зам, гэрэлтүүлэг, сүүдрэвч, сандал, борооны ус зайлуулах суваг шуудуу зэргээр иж бүрэн тохижуулах ажлыг хийж, хүлээлгэж өгнө.

НЗДТГ-аас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгосонтой холбогдуулан хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж, үйлчилгээ, тоног төхөөрөмжийн чанар, хүртээмжийг сайжруулах тал дээр тодорхой ажлуудыг хийсэн. Энэ дагуу нийт 142 ӨЭМТ-ийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болж, зарим ӨЭМТ-д гадна болон дотоод засварын ажлыг хийж эхэлсэн. ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирснаар лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурах, иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зэрэг олон талын боломж бүрдэх юм” гэлээ.

Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар “2016 оноос эхлэн НЗДТГ-аас иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил хийсэн. Тэр ажлын нэг нь эмнэлгүүдийн гадна зам, талбайн тохижилт, засварын ажил юм. 1980-аад оноос хойш нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын гадна талбайн орчин нөхцлийг сайжруулах тал дээр ямар ч ажил хийгдээгүй. Харин 2016-2019 онд нийт 16 эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажил хийгдэж байна.

Мөн бид нийслэлийн эрүүл мэндийн салбарт нэгэн томоохон ажлыг хийж эхлүүлсэн. Тухайлбал, 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Баянгол, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд Гэмтэл, ерөнхий мэс заслын тасгийг шинээр нээсэн. Энэ жил Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, ирэх онд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт шинээр нээнэ. Ерөнхийдөө нийслэлийн хэмжээнд бүх дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд Гэмтэл, ерөнхий мэс засал, хавдрын өдрийн хими эмчилгээг хийх болно” хэмээн ярилаа. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Төрийн нэгдсэн үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай Ази тивийн 11 улсын зочид танилцав

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” сэдэвт Олон Улсын чуулган Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжлэн өчигдөр өндөрлөсөн байна. Чуулганд оролцсон Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагад нэгдэн орсон 11 орны 22 байгууллагын гишүүд өнөөдөр Нийслэлийн Дүнжингарав төв, Төв аймгийн Зуунмод хот дахь “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, Төв аймагт бэсрэг наадам үзэв. Танилцуулгад ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Төв аймгийн Засаг дарга түүний орлогч болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Төрийн нэгдсэн үйлчилгээний төвүүдэд төр, хувийн хэвшлийн 30 орчим байгууллага 400-аад төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэж, өөрийн оронд засаглалыг бэхжүүлж буйн нэг сайн жишээ нь манай орны хувьд Нэг цэгийн үйлчилгээ буюу ЗГХЭГ, НЗДТГ-аас хамтран орон даяар хэрэгжүүлж буй “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаа юм. Аймаг бүрт нэг, Нийслэлд дөрвөн цэгт байгуулаад буй “Төрийн нэгдсэн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны бэлтгэлийг 2010 оноос үе үеийн Засгийн газар, НЗДТГ хамтран зохион байгуулж ажилласаар өдгөө байнгын идэвхтэй үйл ажиллагаатай, иргэдийн сэтгэл ханамжид хэдийн нийцсэн төрийн үйлчилгээ болоод байна.

Үйл ажиллагааны тайлангаас үзвэл хөдөлмөр халамж, нийгмийн даатгалын сан, татварын байгууллага, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авто тээврийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, үүрэн телефоны компаниуд, банк, банк бус санхүүгийн байгууллагаар иргэд хамгийн олноор үйлчлүүлсэн байдаг байна. Эдгээр байгууллагууд тус бүр 8-22 хүртэлх төрлийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр нэг дор үзүүлдэг нь иргэдийн талархлыг хүлээдэг төдийгүй энэ нь Монгол Улс Азийн улс орнуудад “сайн засаглал”-ыг бэхжүүлэхэд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны нэгэн жишээ болох шалтгаан болж байна. Хүн амын тоо, газар орны байршил, улстөрийн үзэл баримтлал зэрэг олон шалтгааны улмаас Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН)-ний гишүүн ч зарим улс орнуудад төрийн үйлчилгээг иргэддээ ийнхүү нэг дор үзүүлэх боломж хомс байдаг тухай энэ үеэр Азийн орны төлөөлөгчид онцолж байлаа. Монгол Улсын хувьд төрийн үйлчилгээг нийслэл төдийгүй аймаг орон нутагт иргэддээ шуурхай хүргэж байгаа нь зайлшгүй сайн туршлага байна гэв.

Монгол Улсын ЗГХЭГ, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллагаас хамтран зохион байгуулсан “Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган ач холбогдолтой, үр дүнгээ харуулсан, тавьсан зорилгоо биелүүлсэн чуулган боллоо хэмээн оролцогчид дүгнэж байв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар түншлэл 2018 олон улсын үзэсгэлэн, худалдаа нээлтээ хийлээ

Үндэсний бараа бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулж дотоодын ААН-үүдийг дэмжин, хамтын ажиллагааны талбар бүрдүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2018” 43 дахь удаагийн Олон Улсын үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Мишээл ЭКСПО” төвд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд “Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд” (CACCI)-ын дээд хэмжээний чуулга уулзалтын зочид, төлөөлөгчид оролцож байгаа нь онцлог үйл явдал болж байна.

НЗДТГ, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд Хонконг, Тайвань, Пакистан, Солонгос зэрэг орнуудын бизнес эрхлэгчид болон дотоодын 80 гаруй ААН-үүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэлэг бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хамтран ажиллахаар сонирхож буй хэн бүхэн “Улаанбаатар түншлэл-2018” үзэсгэлэнг зориорой гэж нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Үй цай” сургуулийн БНХАУ-д олонх нь сурдаг 2014 оны төгсөгчид сургууль дээрээ “болзов”

ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АНГИ

П.Мөнхзаяа хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуулийн 2014 оны төгсөгч. Одоо Бээжин хотод Ардын их сургуульд сурдаг. Олон улсын харилцааны факультетийн дипломатын ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Тэдний ангийнхан 32-уулаа төгссөн, охид хөвгүүдийн тоо тэнцүүхэн. Саяхан “Үй цай” сургуулийн төгсөгчдийн “Нөхөрсөг нэг өдөр” уламжлалт арга хэмжээ болоход хамгийн олуулаа цуглаж, захирлын нэрэмжит “Олуулаа” шагнал хүртсэн байна.

“Миний хувьд дунд сургуулиа төгсөөд, БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Нэгдүгээр курсээсээ эхлэн гурван жил оюутны холбоонд ажиллаж байгаад, 2018 оны наймдугаар сард БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хятадад сурч байгаа монгол оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Одоо 8000 гаруй оюутан БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцдаг. Миний сурдаг Бээжин хотод мянга орчим монгол оюутан суралцаж байна. Дийлэнх нь Засгийн газар, хот, муж, сургуулийн тэтгэлгээр, цөөн хувь нь хувийн зардлаар суралцдаг” гэж П.Мөнхзаяа танилцуулав.

П.Мөнхзаяагийн ангиас арав гаруй хүүхэд БНХАУ-д оюутан болсон, Бээжинд дөрөв нь суралцдаг аж.

Орчин үед англи хэлнээс гадна хятад хэлтэй байх нь том давуу тал болжээ. “Хятад хэлтэй байх маш чухал. Жишээлбэл, Австралид ажилд орох болоход ази хүмүүсээс “Хятад хэлтэй юу” гэж асуудаг. Төгсөөд Хятадад ажиллах, эсвэл өөр оронд хятад компанид ажиллахад том түлхэц болно” хэмээн тэрбээр ярилаа. П.Мөнхзаяагаас оюутны амьдралын хэв маягийг сонирхсон юм. “Сургуулийнхаа кампуст гадаад оюутны байранд амьдардаг. Манай сургуульд гэхэд л зуу гаруй улсын 2000 гадаад оюутан сурдаг. Хятадад их сургуулиуд дор хаяж нэг кампустай, том сургуулиуд өөр, өөр дүүрэгт салбар кампустай байдаг. Кампусууд нь оюутнуудын сурах бүх л нөхцөлийг бүрдүүлсэн. Оюутны хоолны газар, номын дэлгүүр, супермаркет, хувцасны дэлгүүр, хөлбөмбөг, сагсны талбай, үсчний газар хүртэл бий. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнууд сард 2500 юанийн стипенд авдаг. Би нэгдүгээр курст суралцахдаа 50 хувийн тэтгэлгээр суралцаж байсан тул орой 17:00-22:00 цаг хүртэл хятад хоолны газар ажилладаг байлаа. Хоёрдугаар курсээсээ эхлэн 100 хувь тэтгэлэгтэй суралцах болсноор ажил хийх шаардлагагүй болж, хичээлдээ илүү анхаарах болсон.

Миний хувьд гадаад оюутны ангид сурдаг учраас хятад оюутны ангиас өөр. Гадаад багш нар хичээл заадаг. Хятадын улс төрийн соёл гэх мэт хичээлүүдийг ордог. Гэхдээ гадаад оюутнуудад арай өөр программаар ордог хэмээн сонирхууллаа. Монгол сургууль төгссөн хүүхдүүд жил хэлний бэлтгэл хийсэн ч мэргэжлийн ангид орохдоо хичээлээ сайн ойлгохгүй тохиолдол байдаг. “Үй цай” сургуулийг төгссөн хүүхдүүдийн хувьд хэлний бэлтгэл хийх шаардлагагүй. Мэргэжлийн ангид шууд орсон ч хичээлээ сайн ойлгоод, гадаад оюутнууд дундаа хятад хэл сайтайд тооцогддог гэнэ.

Гадаад оюутнуудын дунд зохиогддог илтгэлийн тэмцээнд “Үй цай”-гийнхан идэвхтэй оролцдог. Сургуулийнхаа болон мужийн тэмцээнд амжилт үзүүлдэг уламжлалтай. П.Мөнхзаяаг хятад хоолны газар ажиллаж байхад үйлчлүүлэгчид гадаад хүн гэж ялгадаггүй. Зарим хамт ажилладаг хүмүүс ч монгол гэж мэддэггүй байжээ.

“Бид багаасаа хятад шүлэг цээжилдэг байсан. Анги өгсөх тусмаа олон шүлэг цээжилдэг. Хятад хэлц үг, онч мэргэн үгс, Күнзийн сургаал цээжилдэг байсан. Би эрүүл мэнддээ анхаардаг учраас дунд сургуульд байхаасаа цайг сонирхон судалж, Хятадад очоод ч цайны талаар суралцсан. Хятад цай олон төрөлтэй. Хэдэн сая төгрөгийн үнэтэй цай ч бий” хэмээн тэр хуучилсан. Харин “Үй цай”-д суралцах болсон түүх нь энэ сургуулийн сурагч охиноос эхтэй.

“Би Эрдэнэт хотод төрж өссөн. 2003 онд би 84 дүгээр сургуульд сурч байлаа. Ээжид маань найз нь “Үй цай” сургуулийг санал болгосон юм. Тэр эгчийн хүүхэд нь “Үй цай”-д сурдаг, зургадугаар ангийн сурагч байсан. Ээж маань эрүүл мэндийн шалтгаанаар урагшаа явсан. Хэл мэдэхгүй учраас орчуулах хүн хэрэгтэй байв. Зургадугаар ангийн жаахан хүүхэд ээжид маш мундаг орчуулж тусалжээ. Тэгээд ээж маань “Охиноо энэ сургуульд сургая даа” гэж шийдээд, намайг шилжүүлж авчирч байлаа. Бага насны хүүхэд мөртлөө эмнэлгийн орчуулгыг түүртэхгүй хийхийг хараад ээж маань энэ сургуульд намайг оруулахаар шийдсэн. Хамгийн зөв шийдвэр байсан гэж бид боддог. Дүүгээ сургуулийн насанд хүрэхээр нь “Үй цай” сургуульд оруулна гэж бодож байгаа” хэмээн ерөнхийлөгч хуучилсан.

“11Б–ГИЙН Б.МӨНХТУЛГА АНГИДАА ОРООРОЙ”

“Үй цай” сургуулийн Д.Цэцэгмаа захирал одоо ч төгсөгчидтэйгөө бужигнаж, багадаа ямар хүүхэд байсныг нь дурсах дуртай. “Эдний ангийнхан их үймүүлдэг хүүхдүүд байсан. Нэг сар шал угаахаар шийтгүүлж байсан ангийнхан. Хичээл тарсны дараа гуравдугаар давхрын шал, хоёр талын шатаа угаагаад явдаг байж билээ” хэмээн тэрбээр дурслаа. Есдүгээр ангид байхдаа хөвгүүд нь нөгөө ангийнхаа эрчүүдтэй гар зөрүүлсэн нь захирлын чихэнд хүрч, шийтгэл хүлээсэн нь тэр аж. Ангийн хүү Б.Мөнхтулга энэхүү хэргийг “Зайлшгүй шаардлага байсан юм аа” хэмээн тайлбарлахад бусад нь инээлдэв. Багадаа “Хамгийн дэггүй нь” байсан гэх Б.Мөнхтулга одоо ОХУ-ын Вальск хотод Цэргийн ар талын хангамжийн академид сурдаг дэгтэй нэгэн болжээ. Цэргийн хувцастай ганган зургийг нь ангийн охид шагшиж байна лээ. Аав нь цэргийн хүн болохоор мэргэжлийг нь өвлөж авахаар шийдсэн ажээ. Арав гаруй орны залуустай нэг ангид сурдаг. Гадаад оюутнууд нь оросуудаас тусдаа суралцдаг юм байна. Тэднийг офицерууд нь нэг их “чангалдаггүй” гэсэн. Б.Мөнхтулгын ангид Анголоос ирсэн оюутан ч суралцдаг бөгөөд Орост болдог том цэргийн парадуудад цэргийн сургуулийнхан бас жагсдаг гэнэ.

“11б-гийн Б.Мөнхтулга ангидаа ороорой” гээд узелиэр сургалтын менежер Д.Должинсүрэн зарладаг байсныг ангийн охин нь дурслаа. Хааяа хувцасны өлгүүрт сууж хичээлээ тасалдаг байсан гэнэ. Энэ тухайгаа “Өлсөөд юм идэж байгаад хоцорчихоороо хичээлдээ орохоосоо айгаад тасалчихдаг байсан юм” гэж хэргийн эзэн тайлбарлав.

Багадаа хүүхэд болгон хөдөлгөөнтэй байдаг. Ялангуяа хөвгүүд маань дүрсгүй. Хятад багш нарын зарчимч, хатуу шаардлагын үр дүнд бид сууж сурсан. Их шийтгүүлдэг, загнуулдаг байсан. Нэг нь зүггүйтэхээр ангиараа шийтгүүлдэг. Гар руу савхаар цохих, ханзаа олон дахин бичих шийтгэл их хүртдэг. Түүний хүчинд нэг ангийнхан шиг болж, нэг нь нийтийнхээ төлөө байж сурсан. Улсын сургуулийн сурагчид өглөө найман цагаас ороод, үд дунд тарчихдаг. Бид нэгдүгээр ангид байхдаа л өглөө наймаас хичээлдээ ороод 15.30 минут хүртэл хичээллэдэг байлаа. Хятад багшдаа сэдвээ шалгуулдаг. Тэр нь үргэлжилсээр байгаад 17 цаг гэхэд сургуулиас гарч ирдэг байсан. Анги дээшлэх тусмаа маш олон цагаар суудаг. Монгол хичээлүүдээ үзэхийн хажуугаар хятад хэл дээр олон хичээл үздэг байсан гэж нэг ангийнхан дурсацгаав.

“Үй цай-д ороод, хоёр дахь жилдээ ядаргаанд орж байсан. Үүнээс хойш аав ээж, маань зундаа заавал хөдөө гарч, дархлааг маань дэмждэг болсон. Сүүлдээ ачаалал даадаг, олон цагаар сууж хичээллэх чадвартай болж ирсэн. Зуны амралтаар хүртэл их даалгавартай байдаг хэмээн ангийн охин ярилаа.

Е.Жүгнээбадам ОХУ-ын Новосибирск хотод олон улсын харилцаагаар сурч байгаа. П.Мөнхзаяатай нэг ширээнд тохой нийлэн сууж бие биендээ тусалдаг байсан гэнэ. Жүгнээ одоо бол их сургуулийн ангийнхаа хоёр монгол оюутны нэг нь. Манай гэр бүлийнхэн дийлэнх нь Орост төгссөн. Ах бас Үй-Цайг төгсөөд Орост их сургуульд сурсан. Сургууль төгсөхөд ах “Орост очиж сур” гэсэн. Тэгээд л Орос руу явсан даа хэмээн тэрбээр ярилаа. “Хятад хэл сурч байгаад орос хэл үзэхэд түвэгтэй болов уу” хэмээн сонирхоход “Эхэндээ үнэхээр амархан санагдана. Сүүлдээ дүрэм нь нарийсаад, нүд чих нээгдээд ирэхээр хүндрээд явчихна” гэлээ. “Багадаа хэр зүггүй байсан бэ” гэхэд Жүгнээ “Зүггүй, зүгээр суухгүй шүү дээ” гээд инээж байна.

А.Мөнхбилгүүн Бээжингийн их сургуульд олон улсын харилцаагаар суралцдаг. Ангийн гурван дипломатын нэг.

Тэд дунд сургуулийнхаа төгсөх ангидаа Хятад хэлний түвшин тогтоох шалгалтаа дээд буюу тав, зургадугаар түвшинд өгцгөөсөн гэнэ. Энэхүү шалгалт нь БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах үндсэн нөхцөл болдог аж.

С.Хос-Уянга Бээжинд Гадаад оюутны байранд ангийн охин П.Мөнхзаяатай нэг өрөөнд амьдардаг гэнэ.

Тэрбээр Бээжингийн Ардын их сургуульд санхүүгийн менежмэнтээр сурдаг. Дунд сургуульдаа урлаг спортын авьяастай нэгэн байжээ.

Б.Чимэдлхам Санхүү эдийн засгийн их сургуулийн Тайваньтай хамтарсан хөтөлбөрийг энэ жил төгсөөд, Монголдоо ажиллаж амьдарч байна. Санхүүгийн менежмэнтээр сурсан. Багадаа бүжиглэдэг, урлагийн үзлэгт ордог од охидын нэг байв.

Ангийнхан эхнээсээ гэр бүлтэй болж, зарим нь аль хэдийнэ ээж болжээ. Л.Лхамжав, З.Хүслэн нар ээж болсон бол Э.Номинцэцэг удахгүй ээж болох гэж байгаа аж.

Ангийн хүү Г.Батцагаан Харбины Технологийн их сургуульд маркетинг менежмэнтийн ангид дөрөвдүгээр курст сурдаг. Энэ мэргэжлээр сурах болсон шалтгаан аавтай нь холбоотой гэнэ. “Аав маань жижиг бизнес эрхэлдэг. Багаасаа аавдаа туслахыг хичээдэг байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон” гэв. Г.Батцагааны аав нь сурагч байхдаа “Нууц товчоо” уншаад, хүүтэй болохоороо Батцагаан гэж нэр өгнө гэж шийдсэн түүхтэй. “Дунд сургуульд байхдаа их л уйлдаг байсан” гэдгээ Г.Батцагаан онцлов. Яагаад гэхээр “Ангийнхандаа гомдоод” гэнэ. Эмзэг хүү байсан бололтой.

Харбинд бас энэ ангийн Т.Мөрөн сурдаг. Тэрээр суралцахын зэрэгцээ бодибилдингээр хичээллэж, Харбины хятадуудад фитнесс заадаг. Монголд ирж тэмцээнд оролцдог булчинтай залуу. Цаашдаа улсын аварга руу мацаж буй ирээдүйтэй тамирчин гэнэ шүү.

ХЯТАД ОЮУТНУУД ШӨНӨ ГЭРЭЛ УНТРАХАД Ч ШИРЭЭНИЙ ЧИЙДЭНГЭЭ АСААГААД ХИЧЭЭЛЛЭДЭГ

Тэд дунд сургуульдаа хятад хэл үзэж, их сургуульдаа ч хятад хүмүүсийн дунд суралцаж байгаа. Тэднээс хятад хүмүүсийн онцлог чанарын тухай сонирхоход:

“Хоорондоо маш их өрсөлддөг” гэж П.Мөнхзаяа тодорхойлсон. Хэт их өрсөлддөгөөсөө болоод бусдад туслах, дотно нөхөрлөх чанарууд гээгддэг юм шиг санагддаг” гэж тэр ярив. “Сайн танилцах юм бол гайгүй ээ” гэж нөгөө нь дуугарч байна.

“Ганцхан хотын хүмүүс гэхэд л бүхэл бүтэн улсын хүн амыг гурав нугалчихаар олон байхаар хэцүү санагддаг. Монголд ийм байсан бол гэсэн бодол төрдөг” гэж Г.Батцагаан атаархав. Хятадуудын бас нэг онцлох чанар нь залхуурдаггүй гэж өөр нэг залуу тодорхойлов. Үүрийн дөрвөн цагаас хөл хөдөлгөөн эхэлдэг. Амралтын өдрүүдэд ч тэд эрт босдог. Оройн давтлагын ангиудад оюутнууд битүү суугаад шөнө ч хичээлээ хийнэ. Оюутны дотуур байранд үдэш тодорхой цагт гэрэл унтардаг. Гэсэн ч бүгд ширээнийхээ чийдэнг гаргаж ирж асаагаад, шөнөжингөө хичээллэдэг гэнэ.

Ц.Санжид ангийн найз А.Сүбээдэйн хамт Хятадын Ханжоу хотын Zhejiang их сургуульд хот төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж, нэг өрөөнд хамт амьдардаг. “Том том макетууд дээр ажиллаад, зураг зураад сууж байдаг” гэж Ц.Санжид өөрийгөө танилцуулав. “Хятадууд нэг дүүргийн довжооноос эхлээд бүгдийг төлөвлөдөг юм билээ. Хараахан том хотын төлөвлөлт рүү ороогүй байгаа” гэж тэр хэлсэн. Багадаа нисгэгч болохыг хүсдэг байжээ. Хожим нисгэгчийн сургуулийн урилга авсан ч хичээлүүдийг нь харсан чинь аймаар нарийн санагдаад, эгчтэйгээ зөвлөж байгаад хот төлөвлөгч болохоор сонгосон гэлээ.

Хятад хүмүүс монголчуудын талаар хэр мэддэг бол гэж сонирхоод ийм хариу сонслоо.

Ц.Санжид “Монголтой ойролцоо үндэстэн ястанууд нь мэддэг. Бусад нь сайн мэдэхгүй” гэлээ. Г.Батцагаан “Та нар морь унаж хичээлдээ явдаг уу” гэж асуудаг хэмээн нэмэрлэв. Таксины жолооч нар “Хаанаас ирсэн бэ” гэж их асуудаг. Монгол гэхээр “Та нар Хятадынх биз дээ” гэдэг аж. “Мэдлэг муутай улсууд нь тэгж ярьдаг. Анх очоод бараг хэрэлдэх шахдаг байсан. Сүүлдээ тэгж ярьж байгаа хүмүүст нь хариулахаа байсан” гэж Ц.Санжид тайлбарлалаа. Г.Батцагаан “Эхэндээ ч хүн болгонд Чингис хааныхаа тухай ярьж, тайлбарладаг байлаа” гэнэ. Жижиг наймаа хийж, замын зардлаа босгосон удаатай гэнэ. Хятадууд ноолуур, адууны яс, чацаргана сонирхдог. Орост сурдаг цэргийн сургуулийнхан харин савхин бээлий авах дуртай ажээ.

А.Билгүүн МУИС-ийн хятад хэлний орчуулагч, судлаачийн анги төгссөн. “Хэл дангаараа бол мэргэжил биш, чадвар болоод байгаа. Тийм учраас давхар мэргэжил эзэмших бодолтой байгаа” гэж тэр ярьсан. Тэрбээр бага ангидаа “Үй цай”-д шилжиж ирэхэд ангийн анд Жүгнээ “Тав дахь өдөр болгон их цэвэрлэгээний өдөр, сурагчид шалаа угаадаг юм. Гялс алчуур олж авахгүй бол алчуургүй үлдчихнэ шүү” гээд зөвлөж байсныг дурслаа.

Ангийн багш С.Саруул “Манай сурагчид сэргэлэн, хөдөлгөөнтэй, шинийг суралцахдаа хурдтай хүүхдүүд. Төгсөхдөө их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтандаа чамгүй амжилт үзүүлсэн. Бүгд хүссэн сургуульдаа орох үед л хүүхдүүдээрээ хамгийн их бахархсан даа. Ангийн дарга Н.Жавхлантөгс бас БНХАУ-д сурч байгаа. Зуны амралтаараа Солонгост ажиллаж байгаа учраас өнөөдөр ирж чадаагүй. Ангийн дарга маань хурдтай, зохион байгуулах ажилд сайн, сэтгэл сайтай хүү. Манай сургуулийн төгсөгчид жил болгон “Үй цай” төгсөгчдийн “Нөхөрсөг нэг өдөр”-өөр уулзалддаг гэв.

“Үй цай” сургуулийн захирал Д.Цэцэгмаа төгсөгчдөдөө “Та нар бол Монгол Улсын ирээдүйн тулах цэгүүд шүү дээ. Та нар эрдэмтэй, соёлтой, ухаантай байх юм бол Монгол хөгжинө” хэмээн захиж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Цахим ЭСЯ байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавив

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 9 дүгээр сарын 5-ны өдөр Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайвань, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны тэнхим байгуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа онцлов.
Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен Монгол Улсын Фейсбүүк хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг дурдаад гадаад харилцаа, гадаад сурталчилгааг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтойг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг боломжтой үедээ АНУ-ын Калифорни мужид байх Фейсбүүк компанийн төв оффист зочилж, ажилтнуудад нь лекц уншихыг урилаа.
Categories
мэдээ нийгэм

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын зөвлөлийн анхдугаар хурал болов

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн анхдугаар хурал Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 6-ны өдөр болов.

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлд оролцох төлөөлөгчдийг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, тайландын талаас тус улсын Гадаад харилцааны яамны Байнгын нарийн бичгийн даргын орлогч Дамронг Крайкруан нар ахлав. Хуралдаанд ГХЯ, БОАЖЯ, ХААХҮЯ, ҮХГ зэрэг яам, агентлагийн төлөөллүүд оролцлоо.
Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий АСЕАН-ы гишүүн Тайланд Улстай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, соёл, хүмүүнлэг болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо анхдугаар хурлыг хотноо зохион байгуулж байна.
Хоёр талын харилцаанд техникийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн чиглэл зонхилж ирсэн бөгөөд цаашид Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны Зөвлөлөөр дамжуулан харилцан ашигтай худалдаа, хөрөнгө орууралт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажиллахыг талууд харилцан тохиролцов. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай уялдаа холбоогоо өргөжүүлэх, бүс нутгийн интеграцид нэгдэн орох, АСЕАН-ы зах зээлд нэвтрэн ороход Тайланд Улстай ойр дөт ажиллах, хоёр орны харилцааг зохицуулахад шаардлагатай эрхзүйн баримт бичгүүдийг байгуулах талаар санал солилцсон. Түүнчлэн, 30 гаруй сая жуулчин жилдээ хүлээн авдаг Тайландын туршлагаас суралцах, энэ чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлэх, мөн уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хоёр талын бизнес эрхлэгчдийн хооронд гүүр тавих ажлыг санаачилж хэрэгжүүлэх зэрэг ажлыг тохиров.
Categories
мэдээ нийгэм

Монгол, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн есдүгээр форум эхэллээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод өнөөдөр эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд нийт 160 гаруй төлөөлөгч оролцож байна.

2013 онд Бээжин хотноо Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын байгуулсан гэрээнд “Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн есдүгээр форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэж, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр гуравдугаар сарын 17-ны өдөр, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай санамж бичиг байгуулж байсан юм.

МСНЭ болон Өмнөговь аймгаас хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн форумд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Даланзадгад хотын захирагч Т.Алтансүх, Eрөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн зэрэг төлөөлөгч урилгаар оролцож буй бөгөөд Монголын Хэвлэл мэдээллийн салбарын 110 гаруй сэтгүүлч, төлөөлөгчид хүрэлцэн ирээд байна. Мөн БНХАУ-ын талаас ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны удирдлагууд болон тус орны хэвлэл мэдээллийн салбарын 40 гаруй төлөөлөгч оролцож байна.
Categories
мэдээ нийгэм

Хот хооронд тээвэрлэлт хийдэг 754 том оврын автобусыг техникийн үзлэгт хамруулжээ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгуулагууллагын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Хот хоорондын зорчигч тээвэрлэх 86 чиглэл батлагдсанаас 71 чиглэлд 59 аж ахуйн нэгж байгууллагын 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1,250 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт гүйцэтгэж, 1,612,800 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 9%-иар өсжээ.

Мөн улс, хот хооронд тээвэрлэлт хийдэг 754 том оврын автобусыг буюу 77 хувийг нь техникийн хяналтын ээлжит үзлэгт хамруулсан байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дагалдах хэрэгсэл, тоноглолыг бэлдэж, осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж хоорондоо уялдаа холбоотой ажиллах, тээврийн хэрэгсэл бүр хар хайрцагтай байх зэрэг хэд хэдэн шаардлагуудыг тус үйлдвэрийн газраас тавьсан юм.