Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлжээ

Энэ долоо хоногт нийслэлийн хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1538 дуудлага бүртгэгджээ. Үүнээс 1085 нь зам тээврийн ослын дуудлага бөгөөд ослын улмаас нийслэлд дөрвөн хүний амь, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийэ ослууд гарчээ.

Осол, хэргийн улмаас 42 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар 12 хүн гэмтэж бэртсэн байна. Үүний 11 нь бага насны хүүхэд бөгөөд явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 247 зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бөхийн холбоо ерөнхийлөгчийг эсэргүүцэв

“Монголын үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагаас Бөхийн өргөөг төрд шилжүүлэх Ерөнхийлөгчийн хүсэлтийг эсэргүүцэн мэдэгдэл өнөөдөр /2018.9.7/гаргажээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.9.7/ Бөхийн өргөөг төрд шилжүүлэх албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн билээ. Тэрбээр албан бичигтээ “Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамруулах ажиллагааг шуурхай зохион байгуулж, явц үр дүнг тухай бүр танилцуулан хамтарч ажиллана уу” гэсэн юм. Үүнийг эсэргүүцэн “Монголын үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах хүсэлт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж, өмчлөгчийн эрхэнд халдаж байна” гэж үзжээ.

Монголын үндэсний бөхийн холбоо хоёр хуваагдчихаад байгаа бөгөөд нэгийг нь ерөнхийлөгч Л.Чинбат, нөгөөг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ толгойлдог юм.

Categories
мэдээ нийгэм

ЗДТГ-ын албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх талаар санал солилцов

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах талаар санал солилцжээ.

“Боловсрол-2020”, “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Монголын Үндэсний Их Сургуулийн “Магистр, Докторын хөтөлбөр”-ийн багийн ахлагч Г.Батсүхийг тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хүлээн авч уулзсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад харилцааны сайд “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож, нээлтийн үеэр үг хэлэв.

“Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо”-ноос зохион байгуулж буй уг чуулга уулзалтад холбооны гишүүн 13 улсын төлөөлөгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцож байна. Энэхүү чуулга уулзалт нь 2015 онд Энэтхэгийн Бангалор, 2016 онд Австралийн Мельбурн, 2017 онд Малайзын Каула Лумпур зэрэг хотуудад болж байсан бөгөөд энэ удаагийн уулзалт нь “Глобал инноваци ба харилцаа холбоо” сэдвээр зохион байгуулагдаж байгаа юм.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбоо”-ны салбар байгууллагыг Монгол Улсдаа байгуулж, “Монгол бизнес түншлэл” хөтөлбөрийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлснээс гадна энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг Монголдоо зохион байгуулахад хүчин чармайлт гарган ажилласан баг хамт олонд баяр хүргэв. Түүнчлэн энэхүү уулзалтын үр дүнд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бусадтай үр дүнтэй мэдээлэл, туршлага солилцох, бизнесээ хөгжүүлж өсгөхөд хэрэгтэй техникийн мэдээлэл олж авах, аж ахуй эрхэлж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх гарцыг хайж олох, олон улсад харилцаа холбоо тогтоох боломжтой болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Азийн 11 улсын төлөөлөгчид төв аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” Олон Улсын чуулганыг Монгол улсад зохион байгуулж байгаа билээ. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) ОУ-ын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход уг чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм. Чуулганд оролцож байгаа 11 улсын төлөөлөгчид Төв аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлалаа.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын санаачлагаар төрийн үйлчилгээний нэгдсэн шинэ тогтолцоог бий болгох Монгол улсын Засгийн газрын 2016 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн дэвшилтэд техник технологийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан иргэддээ түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй, тэгш хүргэж төрд итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх мөн төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлж, “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, “Нэг цэгийн үйлчилгээ”-г боловсронгуй болгож иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн 2017 оны 10 дугаар сард аймагтаа Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг шинээр байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар тус төвд төрийн үйлчилгээний 11 байгууллага, бизнесийн есөн байгууллага, дэмжих үйлчилгээний долоон байгууллага нийт 27 байгууллагын 398 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Чадварлаг алба хаагчаар Э.Оч-Эрдэнэ шалгарлаа

Тээврийн цагдаагийн албаны 8 дугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Оч-Эрдэнэ шалгарч “Батламж” гардан авлаа.

Тэрээр сарын хугацаанд осол, хэргийн газрыг орхиж явсан нийт 7 хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан 1 хүн, 2 тээврийн хэрэгслийг олж тогтоон бусдыгаа хошуучлан ажилласан байна.

Тус албанаас алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал, санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчийг “Чадварлаг алба хаагч”-аар шалгаруулж урамшуулж байна.

Алба хаагчдыг гэмт хэргийн ирүүлэлт, сургалтын идэвхи, бие даан суралцсан байдал, ёс зүй, сахилга хариуцлага, шинэ санал, санаачлага, албаны техник хэрэгсэл ашиглалт, хувцаслалт, биеэ авч явах байдал зэргээр сорьж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Таван толгой” ХК хэвийн ажиллаж эхэлснээ мэдэгдэв

“Таван толгой” ХК-ийн түр хугацаанд зогсоод байсан нүүрс борлуулалтын үйл ажиллагаа наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хэвийн явагдаж эхэллээ. Ингэснээр Тавантолгой-Цагаанхад, Цагаанхад-Ганцмод боомт чиглэлийн дагуу коксжих, сул коксжих болон коксжих чанаргүй ангиллын нүүрсийг борлуулж байна.

Харин Тавантолгой-Ганц модны боомт чиглэлд үүсээд байгаа 50-70 км урт цуваа бүхий тээврийн замын ачаалал буурч, замын ачаалал хэвийн болсон тохиолдолд Тавантолгой-Ганцмод /уртын урт/ чиглэлд нүүрс тээвэрлэн борлуулж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Борлуулалт зогссон хугацаанд компанийн дотоод ажлуудаас гадна хөрс хуулалт болон бусад өдөр тутмын ажлуудыг хийж гүйцэтгэн ажилласан нь борлуулалтыг нэмэгдүүлэх боломжийг бий болгох аж.

Categories
гадаад мэдээ

Халдлагын дараа Тунисын аялал жуулчлалын салбар мөхжээ

Тунисын Соуссе хотын ойролцоох далайн эргийн наран шарлагын газарт, 2015 онд террористууд халдсан юм. Халдлага тус улсын хамгийн алдартай Соуссе зочид буудлын амралт, аялал жуулчлалын баазад болжээ.

Алан хядах “Исламын улс” бүлэглэлийн захиалгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдлага үйлдэж, 71 хүнийг хөнөөсөн юм.

Халдлагаар 38 жуулчин амиа алдсан ба 30 нь британичууд байжээ. Британийн Засгийн газар Тунист дахин халдлага гарч болзошгүй хэмээн иргэдэдээ сануулж, тус улсад зорчихгүй байхыг сануулсан юм.

Дээрх халдлагын дараагаас тус улсыг сонирхон ирэх жуулчдын тоо эрс багасч, аялал жуучлалын салбар ХҮНД байдалд оржээ. Улмаар олон амралтын газар, бааз, зочид буудлууд хэдхэн жилийн дотор шил шилээ даран хаалгаа барихад хүрчээ.

Эдгээр барилга, байгууламжуудад хэн ч ирэхээ больж, нам гүм ноёлсон сүнстэй хот шиг харагдах болов.

Categories
мэдээ нийгэм

“Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг иргэд амарч зугаалах орчин болгон тохижуулна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/777 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын эрдмийн театрын хойд талбай, мөн дүүргийн 08 дугаар хороо, “Бльюмон” үйлчилгээний төвийн зүүн талд байрлах талбайг орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу тохижуулж, иргэдэд амарч зугаалах орчинг бүрдүүлэх Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн А/222 дугаар тушаалаар байгууллаа.

Ажлын хэсэгт 2018.09.06-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг зохих журмын дагуу дуусгавар болгохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, тохижилтын ажлын төлөвлөлтийн шийдэл, даалгавар боловсруулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт, газар эзэмшлийн байдалд судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Газрын албанд тус тус үүрэг болгов гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхлэв

Өнөөдөр өглөөний 11 цагаас эхлэн цалин нэмэгдүүлэх ажлын хэсэг ажиллаж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай МҮЭ-ийн холбоо, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлага, Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийнхэн уулзсан.

Тус уулзалтын үр дүнд Засгийн газар ҮЭ-ийн байгууллага цалин нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрийг судлах хамтарсан ажлын хэсэг гарахаар болсон байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын 2018 оны есдүгээр сарын 6-ны 257 дугаар тушаалаар багш нарын цалинг 2018 онд нэмэгдүүлэх болон 2019 онд үе шаттай нэмэгдүүлэхэд шаардлагатай тооцоо судалгаа хийжээ. Иймд боломжит санхүүгийн эх үүсвэрийг бий болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажилд нь оруулахаар болсон аж.

Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-ийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан байна.