Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станцад ажиллагсдад сургалт явуулав

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй Шатахуун түгээх станцуудын ажиллагсдад хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, байгаль орчин болон хэмжил зүйн хяналтын чиглэлээр сургалт зохион байгуулав. Мөн “Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэглэгч /ажилтан/ үнэлэх Хяналтын хуудас”-ыг сурталчлан таниулж, хэрэглэгчдээр хяналтын хуудас бөглүүлэн нэгжийн эрсдэлийг үнэлүүлжээ. Улмаар эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах болон анхаарах асуудлуудын талаар зөвлөгөө өгч зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудас тараасан байна.

Categories
мэдээ нийгэм

Замыг хусч, тэгшлэлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх, орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг өнгөрсөн зургаа дугаар сараас эхлүүлсэн юм.

Тухайлбал өнөөдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ-ын албан хаагчид дөрөвдүгээр хорооны 6.000 м.кв талбайг хусч тэгшлэхээр ажилдаа орлоо. Тус ажлын явцтай дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн хариуцсан-Засаг даргын орлогч Б.Наранчулуун танилцаж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.

Ингэснээр иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 89.950 м.кв талбайн явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүнд цацрагийн тандалт судалгаа хийв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан тандалт судалгааны удирдамжийн дагуу дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүн Цацрагийн аюулгүйн норм, үндэсний стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд тандалт судалгааг хийж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг долоон аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн 59 нэр төрлийн бүтээгдэхүүнийг цацрагийн хяналтын шинжилгээнд хамруулжээ.

Тандалт судалгаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“ДЦС-3” Төрийн өмчит хувьцаат компанийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

Дулааны цахилгаан станц-3” Төрийн өмчит хувьцаат компанийн түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, “ДЦС-3” ТӨХК-ийг Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах зарлигт, “Дулааны эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай хангаж, техник технологийн шинэчлэл, эдийн засгийн үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, улс эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн тус байгууллагын үе, үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилчднуудын хичээл зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэж бичжээ.

Энэхүү зарлигийг уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг тус байгууллагын туганд хүндэтгэлтэйгээр зүүн өгч, батламжийг гардуулан 50 жилийн ойн баярын хурлаа хийж буй тус байгууллагын хамт олонд баяр хүргэж, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

“Монгол Улсын эрчим хүчний салбарын тэргүүлэх үйлдвэр, гал голомт болсон Дулааны III цахилгаан станцын үе үеийн ахмадууд, ажилтан, албан хаагч, инженерүүд Та бүхэнд 50 жилийн түүхэн ойн баярын мэндийг хүргэе.

Одоогоос 50 жилийн тэртээ Дулааны III цахилгаан станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, нийслэл хот өргөжин хөгжих үндэс суурийг тавьж, улс орон даяар хүнд, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх боломжийг бий болгосон. Улаанбаатар хотод мал аж ахуйн бүтээгдэхүүн арьс шир, ноос ноолуурыг боловсруулах үйлдвэрүүд эрчимтэй хөгжих үндэс суурь тавигдаж, ноосны үйлдвэрийн нэгдэл, үслэг эдлэлийн, гутлын, ээрмэлийн үйлдвэр, “Улаанбаатар хивс”, “Говь комбинат”, угсармал байшин үйлдвэрлэл зэрэг үйлдвэрүүд баригдан ашиглалтад орж амжилттай ажиллан, улс орны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан юм. Түүнчлэн дөрөвдүгээр цахилгаан станцыг ажиллуулах хүний нөөцийг бэлтгэж, тус станцад ажиллаж байсан олон мэргэжилтэн, инженер, ажилчид эрчим хүчний салбарын бусад байгууллагад амжилттай ажиллан салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулсаар байна.

Энэхүү байгуулсан гавьяаг үнэлж, цаашид улс орныхоо хөгжил дэвшилд гүйцэтгэх үүргээ улам өргөжүүлэн тэлж ажиллах итгэл хүлээлгэн Дулааны III цахилгаан станцыг түүхт 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулан өглөө.

Дулаан, цахилгаан хэмээх гайхамшигт энергийг үйлдвэрлэх хүндтэй, хариуцлагатай үүргийг нэр төртэйгөөр биелүүлж, хөдөлмөрийн гавьяагаа үнэлүүлж буй танай хамт олонд баяр хүргэж, амжилт бүтээл, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын гал голомт улам бадраг” гэв.

Categories
мэдээ нийгэм

Барилгын материалын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдэд хяналт шалгалт явуулж байна.

Шалгалтанд 37 бетон зуурмаг, хөөсөнцөрийн аж ахуйн нэгж хамрагдаад байгаа бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлага биелүүлээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлж ажиллаагүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчил дутагдал нийтлэг илэрчээ.

Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд зөрчил арилгах тухай албан даалгавар өгч, 13 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авч зөрчлийн хэрэг нээжээ.

Хяналт шалгалтад үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ боллоо

Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль”-ийн үеэр өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулж байна.

Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой байдаг байна.

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдыг манай хөрш хоёр орны жуулчид тэргүүлдэг. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-аас Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад 8,9 хувиар өсч 144 мянган жуулчин зорчсон байна. Харин 2018 оны эхний 7 сарын байдлаар ирсэн БНХАУ-ын жуулчдын тоо 85 855-д хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 6 900-аар буюу 8 хувиар өссөн үзүүлэлт юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хамгаалах малгай өмсөж замын хөдөлгөөнд оролцохыг уриалав

Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр тус хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөнд улсын дугаар болон хамгаалах малгай өмсөөгүй оролцож буй мотоциклийн жолооч нарт арга хэмжээ авч ажиллалаа. Түүнчлэн мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, шалгалт хийж байна.

Цаашид тус хэлтсээс хамгаалах малгай өмсөөгүй мотоциклийн жолооч болон зорчигч, хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, түүний хажууд яваа зорчигч, бага насны хүүхдийг хамгаалалтын хэрэгсэлгүйгээр урд талын суудалд дангаар нь буюу өвөр дээрээ суулгаж явсан тохиолдол бүрт жолоочид хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулах юм.Иймд жолооч та бүхнийг улсын дугаар болон хамгаалах малгай өмсөн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын хамтын ажиллагаа” сэдэвт дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа

Монгол Улсын дипломат харилцаа бүхий Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тэгш өнцөгт хэлбэртэй мөнгөн зоос худалдаанд гарлаа. Уг зоосны загвар нь Монгол Улс болон тухайн улсын бэлгэдлийг дүрслэн илэрхийлсэн ба 2019 онд эдгээр улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны тэмдэглэлт ойд зориулжээ.

Дурсгалын зоосыг Монголбанкны нэр, бэлгэдэлтэйгээр үнэт металлаар үйлдвэрлэх, зөвшөөрөл олгох, зоосыг бүртгэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, хяналт тавих, худалдан борлуулах, үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сан нь холбогдох хуулийн хүрээнд эрхэлдэг ба түүхэн дурсгалт үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан Монголбанк, төрийн болон төрийн бус байгууллагын хүсэлтээр дурсгалын зоосыг захиалан үйлдвэрлүүлдэг.

Монголбанк анх 1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойд зориулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, никел, гуулин зоос гаргаснаас хойш дурсгалын цуврал зооснууд үйлдвэрлүүлэх болсон юм. Тухайлбал, Монгол Улсын түүхэн тэмдэглэлт ой, Их хаан Чингис, Өгэдэй, Гүюг, Хубилай зэрэг хаад, мөн дэлхийн болон өөрийн орны төр нийгмийн зүтгэлтэн, олимпын медальт тамирчид, ховор ан амьтад, 12 жил дэх амьтад гэх мэт Монгол Улсыг сурталчлах олон сонирхолтой сэдвийн дор цуврал дурсгалын зоосыг худалдаанд гаргасаар байна.

Дурсгалын зоосыг судлаач, цуглуулагч, сонирхогч иргэн, байгууллага Эрдэнэсийн сангаас худалдан авах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол анагаах ухааны судлаачдын эрдэм шинжилгээний зөвлөгөөн болов

Хятад Улсыг Танин Мэдэх, Хятад улсын Өвөр монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нэг болох Монгол анагаах ухааны судлаачдын лекц болон эрдэм шинжилгээний уулзалт есдүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Чингис зочид буудалд зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны тэнхимийн захирал Балдандугар хуралд оролцож үг хэлсэн байна. Өвөр монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны Сүхээ, Сумъяа зэрэг монгол эм эмнэлгийн найман судлаач мэргэжилтэн болон Монгол Улсын 21 аймгийн уламжлалт анагаах ухааны 56 мэргэжилтэн, мал аж ахуйн орны эрүүл мэндийн ажилтнууд уулзалтад оролцсон байна.

Өвөр монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо байгуулагдсанаас хойш Монгол Улсаас нөхөрсөг айлчлалаар ирсэн баг хамт олны тоо 500 гаруйд хүрсэн бол Монгол Улсын 180 мянган өвчтөнийг хүлээн авч эм эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн эмчилгээ оношилгооны үйл ажиллагааг 17 удаа зохион байгуулсан бөгөөд 30 мянган хүн хамрагдсан тоо гарчээ.

Тус үйл ажиллагаа нь хоёр орны уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд харилцан суралцаж, туршлага солилцож, монгол анагаах ухааны үйл хэргийг хамтдаа хөгжүүлж, хоёр орны өвчтөнүүдэд сайн чанарын түргэн шуурхай, аюулгүй, үр дүнтэй хялбар үйлчилгээ үзүүлэх, улмаар хоёр орны иргэдийн нөхөрлөлийг зузаатгахад чухал ач холбогдолтой юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурагчдыг 12 сарын 15-аас 2019 оны 2 сарын 15-ныг хүртэл амраах санал хүргүүллээ

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар төдийгүй аймгуудад агаарын бохирдол ихэсч, нарийн ширхэгт PM2.5 тоосонцорын дундаж хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжид заасан зөвлөмжөөс 6-10 дахин өндөр байна.

Эрүүл мэндийн яамнаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг “2018 оны 12 дугаар сарын 15-аас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох” саналыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороонд өнөөдөр хүргүүлээ. Ингэхдээ УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 02 дугаар тогтоолын 7 дахь заалт, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн хурал дээр гарсан гишүүдийн саналыг үндэслэжээ.

Монгол Улсад томуу, томуу төст өвчний дэгдэлт жил бүрийн 12 дугаар сараас эхлэн хоёр сар гаруй үргэлжилж, нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Томуу, томуу төст өвчний 15-20 хувийг сургуулийн насны хүүхдүүд эзэлдэг хэдий ч уг өвчний халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг болохыг тандалт судалгаагаар тогтоожээ. Энэ үеэр сурагчдыг амраах нь зүйтэй хэмээн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд үзсэн байна.

Хэрэв энэ саналыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо дэмжсэн хариу өгвөл БСШУСЯ амралтын хуваарьт өөрчлөлт оруулах аж.

Дэлхийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархвар судлалын нөхцөл байдлын тандалт, судалгаагаар сүүлийн хоёр жилд 1918 онд тохиолдсон томуугийн цар тахлын онцлогтой төстэй шинж тэмдгүүд илэрсэн, мөн шувууны (H7N9, H5N6, H9N2) болон гахайн (H1N2) томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэн бүртгэгдэж байгаа тул томуугийн цар тахлаас сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гишүүн орнууддаа зөвлөлөө.

Түүнчлэн Улаанбурхан өвчний дэгдэлт олон улс оронд бүртгэгдэж, 2018 оны эхний 7 сарын байдлаар 129,239 хүн өвчилсөн байна. Тухайлбал, ОХУ-д 1403 хүн өвчилж, B3, D8 хэвшлийн вирус, БНХАУ-д 4,498 хүн өвчилж, H1, D8 хэвшлийн вирус хүн амын дунд эргэлтэд байгаа нь хөрш орнуудаас улаанбурхан өвчин хил дамжин зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй байгаа юм.