Categories
мэдээ нийгэм

“Олон улсын бичиг үсгийн өдөр” тохиож байна

Өнөөдөр олон улсын бичиг үсгийн өдөр юм. Уг өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулэй илгээлт ирүүлжээ.

Бичиг үсгийн боловсрол хувь хүн, хамт олны хөгжлийг дээшлүүлэх, ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, баялгийг бий болгох томоохон тулгуур юм. Гэвч өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 260 сая гаруй хүүхэд сургуульд хамрагдаагүй, өсвөр насны зургаан хүүхэд тутмын нэг нь бичиг үсэг, тоо бодох чадвар эзэмшээгүй, 750 сая гаруй насанд хүрэгч уншиж, бичиж чадахгүй байгааг ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал илгээлтийнхээ эхэнд онцолсон байна.

Тэрбээр, “Эдгээр ноцтой дутагдлууд нь нийгмийн болон жендэрийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, технологийн шинэчлэл хурдацтай явагдаж байгаа өнөө үед шинэ сорилтуудыг бий болгож байна. Нийгэмд байр сууриа олох, ажилд орох, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудад шийдвэрлэхэд уламжлалт бичиг үсэг, тоо бодох ур чадвар хангалтгүй болж, мэдээлэл, харилцаа холбооны технологи эзэмшихээс эхлээд шинэ ур чадварууд шаардах болсон. Энэ жилийн Бичиг үсгийн олон улсын өдрийг “Бичиг үсэг ба ур чадварын хөгжил” сэдвийн дор тэмдэглэж байгаа бөгөөд улс орнуудын боловсролд хандах хандлагад анхаарлаа хандуулж байна. ЮНЕСКО нь бичиг үсгийн боловсролын бодлогыг дахин боловсруулж, шинэчлэлийн арга барилыг хөхиүлэн дэмжиж байна. Олон улсын энэ өдөр би дэлхий нийтэд бичиг үсэгт тайлагдсан нийгмийг цогцлоохыг уриалж байна” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Гуравдугаар эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасаг он гарсаар 693 мэс засал хийжээ

Тасгийн хамт олон Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, тасагтаа сувилагчаар 35 жил ажилласан Цэдэнгийн Жавзанпагмын “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэлээ

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагтай танилцаж, өдөр тутмын үйл ажиллагааг нь сурвалжиллаа. Тус эмнэлэг 1956 онд байгуулагдахдаа мэс заслын тасагтаа Чих, хамар, хоолойн тасгийг хамтад нь байгуулжээ. 1986 онд “Чих, хамар, хоолойн тасаг” болон өргөжиж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Тус тасаг нь өнөөг хүртэл чихний, хамрын, гүйлсэн булчирхай авах мэс заслуудыг хийсээр иржээ.

Чих, хамар, хоолойн тасгийг товчхон танилцуулбал ээлжийн дөрөв, хагалгааны хоёр, боолтын хоёр сувилагчтай. Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан Ө.Тунгалаг тасгийн ахлах сувилагчаар ажиллаж байна. Тасгийн эрхлэгчээр анагаах ухааны магистр, клиникийн профессор С.Бямбасүрэн эмч ажилладаг. Тэргүүлэх зэргийн мэс засалч, анагаах ухааны магистр С.Мөнхмөрөн, ахлах зэргийн эмч И.Батчулуун, анагаах ухааны магистр, ахлах зэргийн эмч Э.Төрмөнх, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Ш.Оюунтуяа, анагаах ухааны магистр, мэс засалч Г.Уянга, анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Д.Оюунзул гэсэн олон жилийн туршлагатай, салбартаа тэргүүлэгч эмч нар ажилладаг байна.

Тус тасаг нь 20 ортой бөгөөд Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн болон орон нутгийн иргэдэд чих, хамар, хоолойн гурав дугаар шатлалын үйлчилгээ үзүүлдэг. “Ер нь бол орон нутгийн иргэдэд үйлчлэх ёсгүй ч зориод ирсэн өвчтөнүүдээ буцааж чаддаггүй” гэж тасгийн мэс засалч С.Мөнхмөрөн хэлж байлаа.

Хагалгааны үеэр

Эмнэлгийн нэг давхарт Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг байдаг. “Гадны хүн орохыг хориглоно” гэсэн бичигтэй цагаан хаалганд бид тулж очлоо. Нүүр нь битүү хавдсан, толгой нь боолттой залуу ар гэрийнхэн нь эргэж ирсэн бололтой уулзаж байгаатай бид тааралдсан юм. Биднийг тасаг руу ороход мэс заслын эмч нар төлөвлөгөөт хагалгаанд ороод гарч ирж байв. Эдний тасаг өдөрт дунджаар 5-7 мэс ажилбар хийдэг юм байна. Хамгийн их хийгддэг нь хамрын цус тогтоох ажилбар гэлээ. Үүнээс хамрын мэс засал гурав, чихний мэс засал нэг, гүйлсэн булчирхайн нэг мэс засал хийдэг аж.

Бид эхлээд тус тасгийн их эмч Г.Уянгын үзлэгийн өрөөтэй танилцсан юм. 30 орчим настай эмэгтэй Г.Уянга эмчээр хамрын цус тогтоолгох ажилбар хийлгэхээр хүлээж байлаа. Тэрбээр “Өчигдөр өглөө хамраас цус гараад тогтсон. Өнөө өглөө дахиж гараад буцаж тогтохгүй болохоор арга буюу эмнэлэгт ирлээ” гэсэн юм. Цусны даралт ихэссэнээс болж хамрын ямар нэгэн судас хагарч, цус тогтохгүй гардаг гэнэ. Үүнийг тусгай лазер аппаратын тусламжтайгаар судасны ханыг битүүлж тогтоодог юм байна. Мөн өөр нэгэн хүн “Хамраараа амьсгалж чадахгүй болчихлоо” хэмээн орж ирэхтэй таарлаа. Эмч түүнд эмчилгээ бичиж, ирэх сарын сүүлээр шинжилгээгээ өгөөд аравдугаар сард хагалаанд орохыг зөвлөлөө. Энэ мэт өвчтөнүүд эмчийн өрөөний үүдэнд дугаарлан суух аж. Чих, хамар, хоолойн тасагт хагалгаанд орох иргэд их байгаа учраас нэг сарын дараалал үүсчээ. Ийнхүү ачаалал ихтэй ажилладаг Г.Уянга эмчийн үзлэгийн өрөөнөөс гарч Чих, хамар, хоолойн мэс заслын тасагтаа буцаж ирлээ.

Тус тасаг өнгөрсөн сарын байдлаар хамрын хуучих хугарал засах мэс засал 60, хамрын самалдаг тайрах мэс засал 35, чихний хэнгэрэг нөхөх мэс засал 42, хамрын өмнөд чихээс хийх 106 гээд он гарсаар нийт 693 мэс ажилбар хийжээ. Сард 80-90 орчим хагалгаа хийдэг, дунжаар 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг гэлээ. Нэг хүнд 40 минутаас эхлээд гурван цагийн турш хагалгаа хийдэг. Мөн өнгөрсөн оноос хамрын гоо сайхан, бамбай булчирхайн мэс заслыг хийж эхэлжээ. Мэс засал ийнхүү нэмэгдэж байгааг эмч С.Мөнхмөрөн “Манай тасгийн ачаалал маш их байдаг. Иргэд мэс засалд орохын тулд нэг сар хүлээдэг. Сүүлийн үед хамрын харшил, агаарын бохирдол, осол гэмтэл, архидан согтуурах тохиолдол их байгаатай холбоотойгоор хамрын мэс заслын тоо ихэссээр байна. Хамар битүү удаан явснаар чихний сонсголд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Хамрын хагалгааны шалтгаан нь төрөлхийн болон гэмтлийн гэж хуваагддаг. Хагалгаанд орсон хүүхдүүдийн 34 хувь нь төрөлхийн хамрын таславчийн муруйлттай байсан. Насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь гэмтлийн улмаас хамрын таславчийн муруйлттай болсон байдаг. Энэ муруйлт нь хамар битүүрэх эмгэгийн ихэнх хувийг эзэлдэг. Мөн хамрын харшлыг дурдаж болно” хэмээн тайлбарлалаа. Сонсголын эмч Д.Оюунзул “Чихний хэнгэрэг нөхөх, цэвэрлэх хагалгаа их хийдэг. Залуучууд цагаан чихэвчээр дуу чанга сонсох зэргээр өөрсдийнхөө сонсголыг муутгадаг. Чихний мэс заслын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа” гэлээ. .

Анагаах ухааны магистр, ахлах зэргийн их эмч Э.Төрмөнх, Тэргүүлэх зэргийн мэс засалч, Анагаах ухааны магистр их эмч С.Мөнхмөрөн, ахлах зэргийн эмч И.Батчулуун, сувилагч Ц.Жавзанпагма нар.

Гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл буюу хоолойны мах авах мэс засал энэ оны долдугаар сарын байдлаар 180 удаа хийгджээ. Энэ нь манай орны эрс тэс уур амьсгалын улмаас хүн амын дунд элбэг тохиолддог өвчин юм. Иргэдийн дунд намар сэрүүн орохтой зэрэгцэн хоолойны махаа авахуулах сайн байдаг гэдэг нь өрөөсгөл болохыг эмч нар хэлж байлаа. Зөвхөн мэс ажлын дараахь дэглэм, гамаа сайн барих юм бол жилийн аль ч улиралд ижилхэн эдгэдэг юм байна. Хоолойны мах авах мэс ажилбарт багаасаа эрүүл мэнддээ анхаарч, эмчийн зөвлөснөөр эмчилгээгээ хийлгэсэн бол орох шаардлагагүй байдаг аж. Хүмүүс эм уугаад өвчин нь намдангуут хаячихдаг. Ингэснээр хоолойны маханд идээлсэн нянгууд үүрлэж, хүний дархлаа муудах үед эргэн гарч ирсээр байдаг юм байна. Хоолойны мах нь хүний дархлааны гол эрхтэнгүүдийн нэг учраас хэрэв нян, бактери үүрлэсэн тохиолдолд үе мөчний зөөлөн эд, зүрхэнд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Хүүхдүүдийг багаас нь аяга долоолгосноор хэлний угийн булчин ажиллаж, хоолойнд сайнаар нөлөөлдөг аж.

Харин хамрын харшилтай хүмүүс есдүгээр сарын сүүлч, аравдугаар сард дархлаагаа сайжруулахад анхаарч, амин дэм хэрэглэх хэрэгтэй гэв. Харшил нь хүний дархлаа муудсантай холбоотой учраас ийнхүү дархлаагаа сайжруулах нь сайн үр дүнд хүргэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байлаа.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ нийгэм

Бразилийн их, дээд сургуульд магистр, докторын зэргээр Монголоос оюутан сургахаар тохиролцов

Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн тавдугаар зөвлөлдөх уулзалт боллоо. Уулзалтаар Монгол, Бразилийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, ойрын зорилт, төлөвийн талаар ярилцсан юм. Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, хэлэлцээрийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг Бразилийн тал илэрхийлэв. Боловсрол, спортын салбарт байгуулагдсан хамтран ажиллах тухай санамж бичгийн хүрээнд Латин Америкаар мэргэшсэн дипломат бэлтгэх, Бразилийн их, дээд сургуульд магистр, докторын зэргээр Монголоос оюутан сургах, спортын салбарт хөлбөмбөг, жүдо зэрэг төрлөөр харилцан дасгалжуулагч солилцох, олон улсын чанартай тэмцээнд тамирчдаа харилцан урьж оролцуулах зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. 2015 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болсон бөгөөд сүүлийн жилүүдэд БНХАУ-ыг зорих Бразилийн жуулчдын тоо нэмэгдэж байгааг харгалзан Монголд аялуулах, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хоёр орны төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хооронд хамтарсан бизнес уулзалт зохион байгуулах боломж байгааг талууд онцлож байв. Хоёр тал НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотлов.

Монгол, Бразил хоёр улс 1987 оны 6 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Бразил нь хүн амын тоогоор дэлхийд зургаа дугаарт, газар нутгийн хэмжээгээр тав дугаарт, эдийн засгийн хэмжээгээр наймдугаарт ордог. “G-20” болон БРИКС-т чухал байр суурь эзэлдэг. Латин Америкийн бүс нутагтаа улс төр, эдийн засгийн тэргүүлэгч орон билээ. Тус улстай хөдөө аж ахуй, уул уурхай, этанол био-түлш үйлдвэрлэл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгаа юм. Тус өдөр ХБНБУ-ын тусгаар тогтнолын 196 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас тус улсын төрийн тэргүүн Мишел Темерт илгээсэн баярын мэндчилгээг гардууллаа.
Categories
мэдээ цаг-үе

Х.Тунгалагмаа: Дэлхийн татварын мэргэшсэн гурван том холбооны ерөнхийлөгч ирж, “Улаанбаатарын тунхаг” бичигт гарын үсэг зурна

Ирэх сарын 12-14-ний өдрүүдэд “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд Олон улсын татварын чуулган болно. Чуулганы ерөнхий зохион байгуулагч нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг. Энэ чуулганд Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбооны гишүүн 13 орны 19 мэргэжлийн байгууллагууд оролцоно. Дэлхийд Европын татварын зөвлөхүүдийн холбоо, Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Африкийн татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо гэсэн гурван том мэргэжлийн байгууллага байдаг. Үүнээс хүн ам, эдийн засаг газар нутгийн хамралтаараа хамгийн том нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо юм. Энэ утгаараа манай болох чуулган дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Мөн дээрх холбоод 2013 оноос нэгдэх тухай яригдсаар өнөөг хүрсэн. Харин анх удаа нэгдэх талаар “Улаанбаатарын тунхаг” бичиг гаргана. Энэ талаар Монголын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэгийн Сургалт, судалгаа, менежмэнтийн хорооны дарга Х.Тунгалагмаатай ярилцлаа.


-Монголын татварын мэргэшсэн нягтлан зөвлөхүүдийн нийгэмлэг ямар зорилготой байгууллага вэ?

-Манай нийгэмлэг 2004 онд байгуулагдсан. Монгол Улсад татварын мэргэшсэн зөвлөгөөг хөгжүүлэх, нийт тавар төлөгчдөд татвар төлөх хандлага, төлөвшил олгох, татвар төлөгч татварын байгууллага хоёрт туслах, мэргэжлийн туслалцаа үзүүлж, гүүр болж ажилладаг байгууллага. Байгууллага, хувь хүнээс бүрдсэн 1500 гаруй гишүүнтэй ТББ.

-Байгуулагдсанаас хойш ямар үр дүнд хүрэв?

-Аливаа төрийн хамгийн том үүрэг татвар хураалт байдаг. 1992 оноос эхлэн манайд өөрөө татвараа тодорхойлох тогтолцоо үүссэн. Татвар төлөгч өөрөө ногдлоо тодорхойлоход бид мэргэжлийн зөвлөгөө өгсөөр ирсэн. Мөн мэргэшсэн мэргэжилтнүүдийг бэлтгэж өгдөг.

-Та нараас зөвлөгөө авсан компанид ямар эерэг нөлөө гардаг вэ?

-Татвар төлөгч өөрөө ногдлоо тодорхойлохдоо хуулийн дагуу зөв ногдол хийх үүрэгтэй. Гэтэл татварын алба төрийн өмнөөс ажиллагаа явуулдаг мэргэшсэн байгууллага. Аль нэг байгууллагын нягтлан бодох тэр бүр хуулийн хүрээнд тайлан гаргадаг гэж үзэж болохгүй. Татварын хуулийн нарийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд заавал мэргэшсэн нягтлан бодох шаардлагатай. Энэ бол олон улсад 100 шахам жил хэрэгжиж ирсэн түүхтэй тогтолцоо. Компани мэргэжлийн үйлчилгээ авснаараа аливаа эрсдэлээс сэргийлэх, зөв ногдол хийх чадвартай болж байгаа юм. Мөн татварын маргаантай асуудал төлөөлөх үйлчилгээ авна.

-Олон улсын жишигтэй харьцуулахад манай татварын тогтолцоо ямар түвшинд байна?

-Олон үзүүлэлтээр харьцуулдаг. Гол үзүүлэлт нь өөрөө татвараа ногдуулдаг байж яагаад татварын хяналт байх ёстой вэ гэсэн асуудал. Бүх татвар төлөгчийг 3-5 жилийн дараа дахин шалгах нь зөв үү гэсэн асуулт гарна. Энэ талаар бид судалгаа хийсэн. Хяналт шалгалтад хамрагдсан бүх татвар төлөгчийн 90 шахам хувь нь татвар ногдуулалтад их бага хэмжээний зөрүү гардаг. Эндээс маргаан гарна. Нэг хэсэг нь буруугаа хүлээгээд татвараа төлнө. Нөгөө хэсэг нь маргана. Маргаан үүсээд шүүхээр ороход асуудал үүссэн 90 хувийн татвар төлөгчийн 60 гаруй хувь нь татвар төлөгч нарын талд шийдэгдсэн байдаг.

-Татварын байцаагч нар хуулийг буруу хэрэглэж байна гэсэн үг үү?

-Яг тэгж шууд утгаар нь ойлгож болохгүй. Нэгдүгээрт, татварын хуулиуд маань зөрчилтэй байгаа нь нөлөөлж байна. Бид татварын орчинг сайжруулах нэрээр хуульдаа өм цөм өөрчлөлт хийдэг. Нэмэлтээр хийсэн зохицуулалт нь асуудлыг шийдэх боломжгүй болгодог.

-Жишээлбэл?

-Зөрчлийн тухай хууль хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Зөрчлийн тухай хуулиар татварын маргааныг маргаан таслах зөвлөлөөр шийдэхгүй. Гэтэл Захиргааны хэргийн шүүх дээр “Урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ аваагүй байна” гээд буцаачихдаг. “Татварын хууль”-д маргаан таслах зөвлөлөөр оруулна гэж байдаг. Харин “Зөрчлийн тухай” хуульд байхгүй. Энэ нь эрх зүйн зохицуулалт тогтвортой бодлогоор хангагдахгүй байна гэсэн үг.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудын Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, танай нийгэмлэгийн хамтран зохион байгуулж байгаа Олон улсын татварын чуулганы тухай танилцуулахгүй юу?

-Тоо, даацаараа энэ бол дэлхий эдийн засгийн хамгийн том бүсийн чуулган. Дэлхий даяаршиж байгаа өнөөгийн нөхцөлд дэлхий даяар татварын нэг хэлтэй байх шаардлага тавигдаж байна. Энэ чуулганыг хийснээрээ хөрөнгө оруулагчдад эерэг дохио очно.

-Чуулганаас ямар үр дүн хүлээж байна?

-Дэлхий дээр Европын татварын зөвлөхүүдийн холбоо, Ази, Номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо, Африкийн татварын мэргэшсэн зөвлөхүүдийн холбоо гэсэн гурван том мэргэжлийн байгууллага байдаг. Энэ холбоод нэгдэх асуудал яригдаад таван жил болж байгаа. Өнөөг хүртэл судалгаа, ярианы түвшинд байсан.

-Одоо нэгдэх үү?

-Энэ байгууллагууд нэгдэхгүй. Харин эдгээр байгууллагыг удирдах нэгдсэн байгууллага байгуулах тухай “Улаанбаатарын тунхаг” бичигт гарын үсэг зурна.

-Чуулганаас манай татварын тогтолцоонд ямар нааштай үр дүн гарах бол?

-Гарна гэж бодож байна. Энэ чуулганаас бид дэлхийн, Европын, Азийн, Африкийн татварын бодлого ямар түвшинд байгаа талаар мэдээлэл авч өөрсөдтэйгөө харьцуулах боломж гарна. Мэдээлэл авна гэдэг нь урагшлах эхний алхам.

-Төрөөс ямар төлөөлөгч оролцох бол?

-Сангийн сайд нээж үг хэлэхээр яригдаж байна. Сангийн яамны газрын дарга үндсэн илтгэл тавина.

-Гаднаас ямар төлөөлөгчид ирэх вэ?

-Мэдээж бүсийн холбооны гишүүн орнуудын төлөөлөгчид оролцоно. Хамгийн чухал нь дэлхийн татварын мэргэшсэн гурван том холбооны ерөнхийлөгч нар ирж, “Улаанбаатарын тунхаг” бичигт гарын үсэг зурна.

-Энэ том шийдвэрүүдийг нутагшуулахад төрийн зүгээс юу хийх ёстой вэ?

-УИХ-аар хэлэлцэгдэж байгаа татварын хуульд манай чуулганаар дэвшүүлэх зарчим сууж өгсөн. Энэ бол олон улсын жишигт ойртох татварын шинэчлэлийн эхний алхам.

-Татвар төлөгчдийг дарамтлах бас нэг шалтаг энэ өөрчлөлтөөр үүсэхгүй гэсэн баталгаа байна уу?

-Аливаа юм хоёр талтай байдаг. Татвараас зайлсхийхээс сэргийлэх дүрэм, татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр яригдана. Гэхдээ зохицуулах нарийн журмуудгүйгээр ерөнхий заалттай дүрэм гарах бас эрсдэл дагуулах магадлалтай. Хувь хүний үзэмжээр шийдэх хийдэл гарах ч гэх зүйл байхыг үгүйсгэхгүй. Олон улсад үүнийг хянах мэргэжлийн байгууллага байдаг бол манайд алга. Дарамт гэдэг бол нэг талын хүч нь давамгайлаад ирэхээр үүсдэг эд байх. Энэ зөвхөн татварын салбарт биш, бүх салбарт байгаа. Манай татвар төлөгчид үүнээс зайлсхийхийн тулд татвар ногдуулалтаар мэргэшсэн түвшинд хийгээд байхад л болно шүү дээ.

-Татвар ногдуулалтын нэг хэлтэй болсноор компаниудад ямар ашиг ирэх вэ?

-Дэлхийн түвшинд тавигддаг ногдуулалтыг хийгээд сурчихсан байхад дотооддоо алзахгүй. Түүнээс гадна дэлхийн аль ч оронд бизнес эрхлэхэд хамгийн том саад байхгүй болно.

-Хурлын үеэр сургалт явагдана гэсэн…

-Чуулганд Европын татвараар мэргэшсэн, өндөр мэргэжилтнүүд бид ашиглахыг хичээж байна. Чуулганы хажуугаар Европын татварын зөвлөхүүдийн холбооны ерөнхийлөгч, проффессор Пиержиорио Валенте “Олон улсын татвар, татварын бодлого XXI зуунд” гэсэн сэдвээр лекц уншина.


Categories
мэдээ нийгэм

”БҮС ба ЗАМ” санаачилгыг дэмжихэд ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН хамтын ажиллагаа чухал үүрэгтэй

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод үргэлжилж байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү форум энэ удаад Монгол Улсад болж буй бөгөөд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын 180 гаруй төлөөлөгч оролцож байна.

Хэвлэл мэдээллийн форумд зориулж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлснийг МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Энхтуяа уншиж танилцуулсан юм. Улмаар форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр үг хэллээ. Тэрбээр “Форумын хүндэт зочид, эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зохион байгуулагч та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг дэвшүүлье. Энэхүү форумд өндөр ач холбогдол өгч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ХМА-ны дарга хатагтай Ж.Цэсэн, БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны намын хорооны дарга Ван Дүнмэй нарт талархал илэрхийлье.

Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум нь хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн хооронд хамтран ажиллах таатай нөхцөл боломжийг нэмэгдүүлсэн төдийгүй 70 жилийн түүхтэй манай хоёр улсын найрамдалт харилцаанд томоохон орон зайг эзэлж, хоёр улсын Засгийн газрын хэмжээнд дэмжигдэж ирсэн. Энэ жилийн хувьд “Бүс ба зам санаачилга дахь Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үе” уриан дор зохион байгуулагдаж байна.

Энэ утгаараа хоёр орны сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын хамт олныг хүндэтгэн ирсэн хоёр орны төлөөлөгч, хүндэт зочид та бүхэндээ талархал илэрхийлье. Хоёр улсын төр засгийн удирдлагууд жилээс жилд энэхүү форумд ач холбогдол өгч, цар хүрээний хувьд өргөжүүлэх, үр дүнг нэмэгдүүлэхэд тал бүрээр анхаарч дэмжиж ажиллаж байгаад баяртай байна” гэлээ.

Мөн Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн 40 жил, Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойн баярын мэндийг форумд оролцож байгаа БНХАУ-ын төлөөлөгч нарт хүргэлээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчид, эрхэм төрийн түшээд, уран бүтээлчид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж, тавтай морилохыг хүсье. Монгол, Хятад хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ололт амжилтыг тодотгох, үр дүнг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор 2010 оноос хойш 9 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Монгол Хятадын Хэвлэл Мэдээллийн IX Форумыг манай аймагт зохион байгуулж буйд бид баяртай байгаагаа илэрхийлж халуун баяр хүргэе.

Өмнөговь аймаг нь БНХАУ-ын Баяннуур, Альшаа аймгуудтай хил залгаа бөгөөд, 1992 онд тус аймгуудтай албан ёсны хамтын ажиллагаа тогтоосноос хойш өнөөг хүртэл бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж байна. Орон нутгийн гадаад хамтын ажиллагааг, БНХАУ-ын хил залгаа аймаг хошууд болон бусад орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг хүнийхээ хөгжилд чиглүүлэх бодлого зорилтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Альшаа аймгуудтай 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулж, хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчдийг сургах, солилцох, спортын арга хамжээг хамтран зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг шинэ технологитой танилцуулах, харилцан түншлэх, хилийн сумдыг цахилгаан эрчим хүчээр хангах, хилийн боомт, хил орчмын бүтээн байгуулалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж харилцан жуулчид солилцох, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан албан хаагчдыг туршлага судлах боломжоор хангах чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Манай нутагт алт зэсийн ордны нөөцөөрөө дэлхийд эхний зургаад жагсдаг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй нүүрсний 9 уул уурхайн компани үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа бөгөөд Дэлхийн жишигт нийцсэн Оюутолгой компани 14 мянган уурхайчинтайгаас 93 хувь нь буюу 13 мянган Монгол залуус ажиллаж байгаагийн 21 хувь буюу 2963 нь Өмнөговь аймгийн иргэд байна. Мөн нүүрсний 9 уурхайн компаниудад манай аймгийн 1600 гаруй залуус ажиллаж төрөлх нутгийнхаа хөгжлийн түүчээ, улс эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд томоохон хувь нэмрээ оруулан, гадаадын өндөр мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байна” гэлээ.

Мөн үеэр БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны гадаадад түгээн дэлгэрүүлэх товчооны дэд дарга Лин Ли хэлсэн үгэндээ “Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэвлэл мэдээллийн харилцааг өргөжүүлж өндөр шатанд хүргэх хэрэгтэй. Цаашид хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг тодорхойлоход энэхүү форум чухал үүрэг гүйцэтгэж байна. БНХАУ, Монгол улс олон жилдийн турш сайн хөрш байсаар ирсэн. Тиймээс олон улсад нэгдсэн дуу хоолойтой байх нь чухал юм. Иймд хэвлэл мэдээллийн салбарт харилцан туршлага солилцох, хэвлэл мэдээллийн салбарт онцгойлон инноваци нэвтрүүлэх хэрэгтэй.

Энэхүү форумын үеэр төлөөлөгчид санал сэтгэгдлээ хуваалцаж, хоёр орны хэвлэл мэдээллийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлж, үеийн үед хадгалах сайн үр тарина гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.

Нээлтийн үйл ажиллагааны дараа хоёр орны төлөөлөгчид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал,

  • МСНЭ-Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран ажиллах санамж бичиг,
  • МСНЭ-Өвөрмонголын Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичиг,
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын дэргэдэх Хэвлэл мэдээллийн алба нь ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Хэвлэл мэдээллийн албатай хамтран ажиллах санамж бичигт тус тус гарын үсэг зурсан юм.

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн IX форум салбар хуралдаанаар үргэлжилж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулав

Энэ сарын 5-8-ны хооронд Улаанбаатар хотноо “ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Тус арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Өвөр Монгол, Сычуань мужийн соёл, аялал жуулчлалын танилцуулга, загварын шоу, Өвөр Монголын амтат хоолны фестиваль”-ийн үеэр өмнөд хөршийн өвөрмөц зан заншил, үзэсгэлэнт байгаль, онцгой амтат хоолны соёлыг танилцуулж байна.

Хоолны урлагаар нь тухайн улс үндэстний түүх соёлыг танин мэддэг. Монголчуудын идээ ундаа өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй байдгийн адилаар Өвөр Монгол хоол нь Монгол болон Хятадын соёлыг агуулсан, бусад Хятадын мужуудаас онцлогтой байдаг байна.

Монгол Улсад хүрэлцэн ирэх жуулчдыг манай хөрш хоёр орны жуулчид тэргүүлдэг. Өнгөрсөн 2017 онд БНХАУ-аас Монгол Улсыг зорьсон жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад 8,9 хувиар өсч 144 мянган жуулчин зорчсон байна. Харин 2018 оны эхний долдугаар сарын байдлаар ирсэн БНХАУ-ын жуулчдын тоо 85855-д хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 6900-аар буюу найман хувиар өссөн үзүүлэлт юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

Улаанбаатар хотноо Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд Хөх хот, Улаанбаатар хотын хамтарсан “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт 09 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Тоглолтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Энхтөр оролцлоо. Тоглолтод Улаанбаатар чуулга болон Хөх хотын чуулгын уран бүтээлчид оролцлоо. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ ойг угтан Монгол Улсын иргэдэд ӨМӨЗО-ны ахуй амьдрал, соёл, уламжлал, аж байдлын онцлогийг таниулах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Импортын эм, биобэлдмэлийн хяналт, тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг болов

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулж буй “Төрийн хяналт-иргэн таны төлөө” сарын аяны хүрээнд “Импортын эм, биобэлдмэлийн хяналт, тулгамдаж буй асуудал” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газраас зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгтЭрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд боловсрол, соёлын хяналтын хэлтэс, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Буянт-Ухаа, Замын-Үүд, Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг төрийн байгууллага, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, Монголын эрүүл мэндийн үүсгэл төрийн бус байгууллага, эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөл нийт 85 хүн оролцсон.

Хэлэлцүүлгээр эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хяналт шалгалт, нийлэг илэрч буй зөрчил, бүртгэл, импорт, экспортын лиценз олголтын талаар мэдээлэл өгч, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний шуудан илгээмж, хувийн хэрэглээ, цахим худалдаа, зар сурталчилгааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тодорхой бус асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, гаалийн байгууллага эмийн түүхий эдээс тухай бүр нь зориулалтын бус газар, дэглэм зөрчиж дээж авч байгааг зохицуулах, хяналтын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн хяналтын байгууллагын хүчин чадлыг сайжруулан, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, хяналт тавьж буй улсын байцаагчдын орон тоог нэмэгдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулахад аж ахуйн нэгжүүд санаачлагатай ажиллах, эмийн мэдээллийн цахим санг боловсронгуй болгох зэрэг асуудлаар хэлэлцлээ.

Цаашид импортлогч байгууллагууд иргэдийн эрүүл мэндийн төлөө, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон, ханган нийлүүлж, нийгмийн хариуцлага нэмэгдүүлэн ховор хэрэглэгддэг эмийг улсын бүртгэлд бүртгүүлэн ханган нийлүүлэх тал дээр анхаарч, хуулийн сахин мөрдөлт, хэрэгжилтийг сайжруулан, хариуцлагатай байж, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг тухай бүр холбогдох байгууллагад мэдээлж, хамтран ажиллах талаар зөвлөмж өглөө.

Мөн эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох, экспортлоход тавих шаардлага, хилийн хяналт шалгалтын дараалал, хандив тусламжийн эмийг импортлоход тавигдах шаардлага, эмийн хаяг шошгонд тавигдах шаардалага, зорчигчийн хувийн хэрэглээний эмийг хилээр нэвтрүүлэх зэрэг зөвлөмжийг байгууллагуудад тарааж судлуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Эмийн хаяг шошгонд тавигдах шаардлага

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт шалгалтын чиглэлээр судалгаа хийжээ

МХЕГ-ын дарга Д.Энхсайхан Европын холбооны олон улсын зөвлөх Алберто Серда Мико-г хүлээн авч уулзлаа.

Европын холбооны техникийн тусламжийн хүрээнд олон улсын зөвлөх Алберто Серда Мико нь энэ сарын 20-ноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр улсын байцаагчидтай уулзалт зөвлөгөөн, сургалт зохион байгуулсан юм. Мөн энэ чиглэлээр судалгаа хийж, судалгааны дүнг үндэслэн цаашид анхаарч асуудлаар зөвлөмж гаргаснаа өнөөдөр танилцууллаа.

Зөвлөмжинд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдын чадавхийг бэхжүүлэх, ажлын хариуцлага, ажиллах нөхцөлийг сайжруулах, ажил олгогчид, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрч ажиллах, ХАБЭА-н сургалтын тогтолцоог сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх удирдамж заавар зөвлөмжийг боловсронгуй болгох, мэргэжлийн хяналтын байгууллагын цахим хуудсыг шинэчлэх, бусад мэдээллийн сайтуудтай холбох зэрэг ажлууд тусгагдсан байна.

Зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талууд 1-1,5 жилийн хугацаанд хамтран ажиллаж, Европын холбооноос манай улсад хэрэгжүүлж буй ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн бодлогод дэмжлэг үзүүлэх “SECiM”төслөөс санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх юм.

Мөн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдыг Европын холбооны улсад сургах, туршлага судлуулахаар болжээ.