Categories
мэдээ спорт

О.Баярхүү хос алтан медаль хүртлээ

Японы Токио хотод жюүжицү бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Өнөөдөр тэмцээний эхний өдөр мастер ангилалын хөх бүсний +100 кг-ын жинд Сүхбаатар аймгийн “Жавхлант дэвжээ”, “Хөх дөрвөлжин” ХК-ний тамирчин Одсүрэнгийн Баярхүү алтан медаль хүртжээ. Үүгээр зогсохгүй тэрээр тус ангиллын үнэмлэхүй жинд алтан медаль хүртэж, наран улсын тэнгэрт төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Таргалалттай xүүxдэд өгөх зөвлөмж

Таргалалт гэж юу вэ?

Таргалалт гэдэг нь “энгийнээр” биед илүүдэл хэмжээгээр өөх хуримтлагдахыг хэлнэ. Хүүхдийн таргалалтын онцлог нь тухайн насанд тохирох жин, өндрийн харьцаа алдагдаж биеийн бүтэц өөрчлөгдсөнөөр дотоод шүүрэл бодисын солилцоо, дотор эрхтний үйлийн хямралд эрт хүргэх эрсдэлтэй. Дэлхий дээр нийт 43 сая хүүxэд илүүдэл жинтэй байгаа нь таван xүүxэд тутмын 1нэг нь гэсэн үг юм.

Таргалалтын шалтгаан юу вэ?

Дотоод буюу эргэшгүй xүчин зүйл- Энэ нь удамшлын болон генетикийн хүчин зүйлийн нөлөөгөөр дотоод шүүрлийн тогтолцооны хэвийн ажиллагаа алдагдсанаас үүсэх эмгэг таргалалт.

Гадаад буюу эргэх өөрчлөлтүүд- Амьдралын буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөн, унтаж амрах дэглэм зэргээс үүсэх энгийн таргалалт. Хэдийгээр “энгийн“ гэх боловч таргалалтаас үүсэх сөрөг үр дагавар нь харьцуулашгүй их юм.

Таргалалтаас үүсэх эмгэгүүд

  • Цусны даралт ихсэх
  • II дугаар хэлбэрийн чихрийн шижин
  • Тулгуур эрхтний эмгэгүүд
  • Зүрx судасны эмгэгүүд
  • Сэтгэл гутрал

Хэнд хандах вэ?

Хэрэв та хүүхдээ илүүдэл жинтэй, таргалалттай гэж санаа зовж байгаа бол хүүхдийн эмч болон хүүхдийн дотоод шүүрлийн эмчид эрт хандсанаар үүсэж болох эрсдэлүүдээс эрт сэргийлэх ач холбогдолтой. Мэргэжлийн эмч таны хүүхдийг үзэж, шаардлагатай шинжилгээ хийж оношилно. Үүний дараа таны хүүхдэд тохирох эмчилгээ зөвөлгөөг өгөх болно.

Танд зөвлөхөд “тураах”, “хоолны дуршил бууруулах” худалдааны эм бэлдмэлээс зайлсхийхийг сануулж байна. Энэ нь хүүхдийн биед тохиромжгүй, гаж нөлөө илрэх аюултай.

Таргалалттай холбоотой зөвлөмжүүд

Биеийн жингийн индекс- БЖИ

Таргалалтыг тодорхойлох энгийн арга нь биеийн жингийн индекс (БЖИ)-ээр тодорхойлох арга юм. БЖИ-ийг тухайн хүний килограмаар илэрхийлсэн биеийн жингийн утгыг, метрээр илэрхийлсэн өндрийн квадрат утгад харьцуулж олно. Хүүхдэд 2 наснаас хойш энэхүү аргаар үнэлж, гарсан үзүүлэлтийг өсөлтийн муруйд харьцуулж таргалалтын зэргийг тодорхойлно.

БЖИ = жин (кг)/өндөр2 (м)

Жишээ: 74 кг жинтэй, 155 см өндөр

БЖИ = 74 кг/ 1,55м х1,55м

БЖИ = 30.4

Биеийн жингийн үнэлгээ:

  • <18.5 туранхай
  • 18.5-24.9 хэвийн жин
  • 25.0-29.9 илүүдэл жинтэй
  • 30.0-34.9 Таргалалт I зэрэг
  • 35.0-39.9 Таргалалт II зэрэг
  • >40.0 Таргалалт III зэрэг гэж үзнэ.

Калори буюу илчлэг

Энэ нь 1 литр усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ буюу хүний бие 24 цагийн хугацаанд бодисын солилцоогоо хэвийн явуулахад шаардагдах энергийн хэмжээ юм. Хоногийн хэрэгцээт илчлэгийн хэмжээ нь хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд уг хэмжээг мэдсэнээр хооллолтын дэглэмээ зөв тооцоолоход ач холбогдолтой үзүүлэлт юм.

Гэрлэн дохионы дэглэм (Traffic light diet)

Гэрлэн Дохионы Дэглэм-ийг Leonard Epstein болон түүний хамтрагчид гэр бүлд тулгуурласан хүүхдийн жингийн менежментд ашиглах зорилгоор боловсруулжээ.

  • Улаан- Xовор идэх хүнс- Илчлэг, тос, давс, чихрийн агууламж өндөр, эслэг зэрэг xүний биед xэрэгцээт найрлагаар бага xүнс. Энэ хэсгийн xүнснээс өдөр тутамдаа 20%-иас xэтрүүлэн хэрэглэж болохгүй.
  • Шар- Бага идэх хүнс- Илчлэгээр баялаг, тос, давс, чихрийн агууламжтай боловч тохируулж идэх шаардлагатай xүнс. Шар гэрлийн xүнсийг сонгон идэхдээ ногоон хэсгийн xүнсээс давуулан идэж болохгүй.
  • Ногоон- Илүү их идэх хүнс- Xэрэгцээт амин дэмээр баялаг, эслэг ихтэй, тос, давс/чихрийн агууламж бага xүнс. Өдрийн xэрэгцээний 50%-иас багагүй хэсгийг ногоон хэсгээс сонгон идэх xэрэгтэй.

Унталтын хугацаа ба дэлгэцийн цаг

Хүүхэд бүрийн насанд тохирох унталт, дэлгэцийн цагийн урт харилцан адилгүй байдаг бөгөөд сайн унтаж амрах нь илүүдэл жин, таргалалт үүсэхээс сэргийлдэг.

НАС

УНТАХ ХУГАЦАА

ДЭЛГЭЦИЙН ЦАГ

0-2 нас

12-18 цаг

байхгүй

2-4 нас

11-14 цаг

байхгүй

5-9 нас

11-14 цаг

< 1цаг

10-14 нас

10-12 цаг

1-2 цаг

15-18 нас

10-12 цаг

1 цаг

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ-наас “Хадлан, тэжээл-2018” уралдаан зарлалаа

ХХААХҮЯ-наас аймаг, сум, баг, малдчын бүлгийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Хадлан, тэжээл-2018” уралдаан зарлажээ.
Энэ хүрээнд байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг сайн зохион байгуулсан аймаг, сум, баг, малчдын бүлгийг сонгон шалгаруулж, 3-15 сая төгрөгөөр урамшуулах аж. Уралдаанд оролцох хүсэлтэй малчдын бүлэг нь малчин өрхүүдийнхээ өвөлжиж, хаваржих малыг хонин толгойд шилжүүлснээр тооцож, нэг толгой малд 10-аас доошгүй тэжээлийн нэгжтэй тэнцэх байгалийн хадлан, сүрэл, шүүст тэжээл буюу даршийг бэлтгэн өвөлжөө, хаваржаандаа татаж байршуулж, тайлангаа Багийн Засаг даргадаа хүргүүлэх аж. Харин Багийн Засаг дарга нийт малчин өрхийнхөө бэлтгэсэн өвс, тэжээлийн дүнг нэгтгэн сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ. Сумын Засаг даргын Тамгын газар багуудаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн, мал сүргээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан багийн тодорхойлолтыг гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх ёстой юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар Засгийн газраас хамгийн их өвс, тэжээл бэлтгэсэн малчдын бүлэг, баг, сумын тодорхойлолтыг ирэх сарын 25-ны дотор ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэх аж.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас уралдааны дүнг энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор гаргаж, шилдэг аймгийг 15 сая, сумыг 10 сая төгрөгөөр шагнах юм. Харин багийг 5 сая, сумыг 3 сая төгрөгөөр урамшуулах юм.

Уралдааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://mofa.gov.mn/exp/article/entry/1274 цахим хуудаснаас авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Отрын бүсэд 751.6 мянга орчим толгой мал өвөлжүүлэх боломжтой

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын 2018-2019 оны бэлчээрийн даацыг тогтоолоо. Энэ жил Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Завхан аймгийн Багахайрхан, Говь-Алтай аймгийн Аргалант, Дорнод аймгийн Чойбалсангийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац сайн, Увс аймгийн Ачитнуур, Ховд аймгийн Баяннуруу, Булган аймгийн Чилэн, Говьсүмбэр аймгийн Малах, Өвөрхангай аймгийн Хөхдэлийн отрын бүс нутгуудын бэлчээрийн даац дунд зэрэг байна.

Бэлчээрийн төлөв байдлын урьдчилсан дүн мэдээгээр, 2018-2019 оны өвөл, хаврын улиралд аймаг дундын отрын бүс нутгуудад нийт 751.6 мянган хонин толгой мал өвөлжүүлэх боломжтой гэсэн дүн гарчээ.

Categories
мэдээ нийгэм

“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо хамтран дэлхий нийтийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгдлээ. Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, тэдэнд нөлөөлөх зорилгоор дэлхийн олон улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгддэг. “World cleanup day” гэх олон улсын нэршилтэйгээр анх Эстион улсад 2007 онд хэсэг залуус санаачлан 10000 тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын дөрвөн хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд эсрэгээр нөлөөлж эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн 150 гаруй улс орон нэгдэн 20 сая хүнийг дээрх үйл ажиллагаанд нэгтгэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчдын хөлд дарагдсан “Дисковер Монголиа”

Хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэсэн нь өчигдөр ШангриЛа-д эхэлсэн “Дисковер Монголиа-2018”-аас тод анзаарагдав. 25 орны 800 төлөөлөгч “Дисковер Монголиа” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг зорьж ирээд байна. Гадаадаас ирсэн оролцогч гэхэд л 200 хол давжээ. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэхэд нөлөөлсөн гэж чуулганыг зохион байгуулагчид онцоллоо.

Б.Бямбасайхан: ЗҮҮНХОЙД АЗИЙН УУЛ УУРХАЙН ТӨВ БОЛМООР БАЙНА

Хөрөнгө оруулагчид, хайгуулын том төсөл хэрэгжүүлэгчид, тэрбум ам.доллараар яригдах мөнгөтэй хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийнхэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас эхлээд салбар хариуцсан төрийнхөн, олон улсын судлаач, шинжээчид хамтарч суугаад асуудлаа ярьж шийдэл хайж байгаа нь энэ удаагийн “Дисковер Монголиа”-гийн онцлог гэж зохион байгуулагчид нь хэллээ. Энэ жилийн уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулганыг Засгийн газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас гадна Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн чухал тулгуур. Энэ салбарт тодорхой бизнесүүд идэвхтэй явж байгаа. Хүрээгээ тэлэх цаг нь ирчихлээ. Бидний хамтдаа зорих гол зүйл бол Зүүн хойд Азийн уул уурхайн төв болох алхмуудыг идэвхжүүлэх явдал. Ингэхийн тулд дэд бүтцийнхээ хөрөнгө оруулалтыг зөв шийдэж, төслүүдээ зөв явуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засгийн өсөлтийг дэмжсэн бодлого зөв хэрэгжиж эхэлнэ. Үүнээс гадна хөрөнгө оруулагчдаа зөв мэдээллээр хангаж байж, бизнес ажиллагаа өргөжинө” гэж ярилаа. Түүнээс хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд юунд анхаарах учиртайг сонирхоход “Уул уурхайн компаниуд болон бизнес эрхлэгчид төрийн бодлого ойлгомжтой, тууштай байхыг л хүсдэг. Хууль бус ашигт малтмал олборлогчидтой тууштай тэмцэх цаг ирсэн. Хамгийн гол нь олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр бизнесийн холбоодтой хамтран ажиллах нь чухал болоод байна” гэсэн хариу өгсөн юм.

Д.Сумъяабазар: ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД СААД УЧРУУЛАХГҮЙ

Үндсэн хуралдааны гол илтгэгч нь УУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар байлаа. “Эрдэнэс Таван толгой”-н IPO-гоос босгох таван тэрбум ам.доллараар Таван толгойд авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр барина, нийтдээ арав гаруй төслийг санхүүжүүлнэ гэж сайд онцлов. Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Сайдын илтгэлээс “Талуудын яриа хэлцэл хэвийн л процесс, Оюу толгойн бүтээн байгуулалтад саад учруулахгүй”, “Хамгийн гол нь төрийн бодлого ойлгомжтой, тууштай байх ёстой. Буруу бизнесийн үйл ажиллагаа болон олон улсын стандартын дагуу явж буй бизнесүүдийг ялгаж салгамаар байна”, “Зах зээлдээ хэрхэн ойртох вэ гэсэн асуудалд анхаарч хэлэлцүүлэг өрнүүлнэ” гэх мэт үгс анхаарал татаж байлаа. “Уул уурхайн мөчлөг ба Монгол Улс” сэдвээр илтгэл тавьсан “Лайон менежер лимитед”-ийн захирал Хэдли Виддап ийн илтгэлээс сонирхол татахаар жишээнүүд цөөнгүй дуулдав. Африкийн Буркина фасо гэдэг улс хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон гэнэ. Хуулийн таатай орчин, тогтвортой байдал амласан ямар ч улсад хөрөнгө оруулалт сэргэх боломжтой гэж тэрээр ярьсан юм.

П.Ганхүү: ИРГЭДЭД НОГДОХ ДАВУУ ЭРХИЙН ХУВЬЦААГТАВАН САЯ БОЛГОНО

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нүүрснээс түлш боловсруулах, ган төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үнэт металл цэвэршүүлэх зэрэг үйлдвэрийн төслүүдийн явц, тоймыг хүргэж, Багануур, Шивээ Овоогийн уурхайд өргөтгөл, техникийн шинэчлэл хийх шаардлагатайг хөрөнгө оруулагчдад дуулгав. “Эрдэнэс Монгол” иргэн бүрт очих давуу эрхийн хувьцааг таван сая болгож нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Хүн ам өсч байгаа учраас ийм шийдэлд хүрсэн гэнэ. Иргэд давуу эрхийн хувьцаагаараа дамжуулж төрийн эзэмшилтэй уул уурхайн компаниудаас ашиг хүртэх боломжтой юм.

“Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн төвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд бид Монголд үйлдвэрлэв стратегийг хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Стратегийн ашиг тусыг тодоор харж болно. Бид одоо ган бөмбөлөг, радио дамжуулагчтай шошго, шохой, ажлын хувцас, баяжмалын уут, ажлын гутал, бээлий, хуванцар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг дотоодод анх удаа үйлдвэрлэж байгаа” гэж ярилаа. Оюу толгой компани 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.

ХАЙГУУЛЫН ТӨСЛҮҮДИЙН ГЭГЭЭЛЭГ МЭДЭЭНҮҮД

Үдээс өмнөх салбар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрнөв. “Аспайр майнинг лимитед” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Пол “Улсын хойд бүс: Коксжих нүүрсний ханган нийлүүлэлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэдний илрүүлсэн нөөц Монголын коксжих нүүрсний экспортын 20-30 хувийг хангана гэсэн том тоо сонсогдов. Нүүрсээ тээх төмөр замын талаар ч өөдрөг мэдээ дуулгав. Дэвид Пол “Монголын хойд бүсэд төмөр зам барих, төмөр замын коридор үүсгэх ажилд хамтрагч болохоор сонирхож байгаа компаниуд бий. Хар далай хүртэл төмөр замаар тээвэрлэх боломжтой гэж харж байгаа. Бид том түншүүдтэй, бас манайхыг сонирхож байгаа олон хөрөнгө оруулагч бий” гэж ярилаа.

“Степп голд” компанийн дэд ерөнхийлөгч Т.Батаагийн илтгэл ч сайн мэдээ ихтэй юм. “Монгол Улсын дараагийн алт мөнгөний олборлогч” сэдэвт илтгэл нь хөрөнгө оруулагчдын анхаарч сонссон илтгэлийн нэг байв. “Степп голд” компани энэ оны тавдугаар сард Торонтогийн бирж дээр 25 сая ам.долларын IPO-г амжилттай хийж гүйцэтгэжээ. Зургадугаар сараас хайгуул болон олборлолтын бэлтгэл ажлуудыг хангаж, бүтээн байгуулалтын ажлаа эхэлсэн гэнэ. Тус компани Дорнод аймагт ашиглалтын нэг, хайгуулын хоёр, Баянхонгор аймагт хайгуулын нэг буюу нийт дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа аж. Анхаарал татсан төсөл нь “Алтан цагаан овоо” юм байна. Т.Батаа “Энэ ордын маань эхлэлийн зардал бага. Нэг унц алтыг гаргах зардал нь 430-450 ам.доллар. Манай компани уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтад шаардагдах бүх санхүүжилтийг шийдчихсэн. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглана. Зарим нь уурхайн талбайд ирсэн. Заримыг нь захиалсан, ирж байгаа” хэмээн онцоллоо.

Зэс алтны Хармагтай төслийн танилцуулгыг “Занаду майнс” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт хийсэн юм. Компанийн зүгээс өнгөрсөн зургаан жилд 25 сая ам.долларыг хайгуулд заржээ. Хайгуулын ажил дууссан, ирэх аравдугаар сард дараагийн шат руугаа шилжинэ гэсэн мэдээлэл өглөө. Хармагтайн хувьд ерөнхийдөө Оюу толгойн ордтой төстэй гэнэ. Зэс нь эрдэсжилт сайтай зах зээл дээр өрсөлдөхүйц гэдгийг шинжилгээгээр баталжээ. Олборлолтын зардал нь ч хямд аж.

Т.ГАНБОЛД: БИРЖТЭЙ БОЛБОЛ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨӨН ҮҮСНЭ

Чуулганы үдээс хойшхи хуралдаан “Засгийн газрын санаачилгууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвийн хүрээнд өрнөлөө. “Засгийн газрын санаачилгууд” сэдвээр өрнөсөн хуралдаанаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал Г.Ганболдын “Эрдэс баялгийн бирж ба Эрдэнэс Монголын хөгжил” сэдэвт илтгэл сонирхол татсан юм. Тэрээр “Эрдэс бүтээгдэхүүний экспорт огцом өсөх хандлага ажиглагдаж байгаа учраас Эрдэс баялгийн бирж байгуулж стратегийн түүхий эд буюу эрдэс баялгаа зах зээлийн бодит ханшаар худалдах цаг нь ирсэн. Эрдэс баялгийн бирж байгуулагдвал худалдагч, худалдан авагчийн харилцаа нээлттэй, ил тод, шилэн болохоос гадна нүүрсний зах зээлд эрүүл өрсөлдөөн бий болно. Улсын төсөвт их хэмжээний орлого бүрдэх нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

ДЭЛХИЙГЭЭС МӨНГӨ БОСГОХ ШИНЭ БОЛОМЖИЙГ ХӨНДӨВ

Өнөө жилийн “Дисковер Монголиа”-гийн нэг шинэ өнгө нь үдээс хойш 15.50 цагаас эхэлсэн “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр өрнөсөн салбар хуралдаан байв. Салбар хуралдаанд гадны Элчин сайдууд болон Монголд суугаа ЭСЯ-дын төлөөлөл оролцсон юм. Салбар хуралдааны гол илтгэлийг Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан тавилаа. Тэрээр “Бүс нутгийн эдийн засаг дэд бүтцийн санаачилгуудын тухай” гэсэн сэдэв сонгожээ. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд ирэх 15 жилд Азийн бүс нутагт зөвхөн дэд бүтцийн салбарт жил бүр 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Манай улсын хамаарах бүс нутагт эдийн засгууд тогтвортой өсөхөд ийм хэмжээний шинэ дэд бүтэц шаардлагатай гэнэ. Бүс нутгийн улс орнуудын эдийн засаг цаашид улам уялдаатай болно, худалдааны хэмжээ нэмэгдэнэ гэсэн зураг гарчээ. Манай бүс нутагт 1.7 их наяд ам.долларын өртөгтэй хэрэгжих дэд бүтцийн төслүүдэд зэс, төмөр, нүүрс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнүүд хэрэгтэй, уул уурхайн том төслүүдээ хөдөлгөчихвөл боломж хажууханд байна гэсэн санаа нь содон дуулдав. Бүс нутагт өрнөх их мөнгөний бүтээн байгуулалтад оролцож их ашиг хүртэхийн тулд бүсийнхээ зах зээлүүдтэй нийлсэн дэд бүтцийн сүлжээнд анхаарах хэрэгтэй хэмээн илтгэгч онцоллоо. Зам тээвэр, төмөр зам авто зам, агаарын тээвэр, эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалтад оролцох, хамрагдах боломж бий гэнэ. Цахилгаан эрчим хүчний хувьд гэхэд л Азийн супер сүлжээнд нэгдвэл салхи, нарнаасаа цахилгаан гаргаж Хятад, Япон зэрэг өндөр эрэлттэй улсад нийлүүлээд байх боломжтой гэж Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн онцлов. Азийн супер сүлжээний судалгааны ажил ид явагдаж байгаа юм байна. Б.Бямбасайхан “Бүс нутгийн улсуудтайгаа эрчим хүчний сүлжээгээ ирээдүйд холбох боломж байна. Техникийн талаас ямар ч асуудалгүй. Арилжааны ямар нөхцөлөөр, техникийн ямар горимоор холбох вэ гэдгийг тооцоод судлаад явж байна. Бид нар, салхины төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд явбал ашигтай ажиллана. Эдийн засагт экспортын шинэ эх үүсвэр нэмэгдэнэ. Монголоо Азийн супер сүлжээний төв, мэдлэгийн хаб болгох нь бидний зорилго” хэмээн ярилаа.

“Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр өрнөсөн салбар хуралдаанд оролцсон Элчин сайдуудын байр сууриас тоймлон хүргэе.

ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД МАСАТО ТАКАОКА:

Дэлхийн худалдаа нүсэр бүтэцтэй болж байна. Apple-ийн гар утсыг Хятадад угсарч Америк руу гаргаж байна. Дэлхийн худалдаа, бизнест ийм хэлхээ үүссэн. Япон олон үйлдвэртэй. Мексикт том хөрөнгө оруулалт хийчихсэн. Мексикт үйлдвэрлэсэн бараагаа Америкт худалддаг. Манай улсын хувьд танай олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтад оролцсон. Цаашид нь шинэ нисэх буудал дээр хамтарч ажиллана. Монголд 20 мянган япон жуулчин ирж байгаа нь чамлалттай хэрэг. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Япон болон бусад улсаас ирэх жуулчдын тоо өсөх нь наад захын үр өгөөж. Хоёр улсын хооронд хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээр нэг талаас бараагаа хямд өртгөөр экспортлох боломж, нөгөө талаас хөрөнгө оруулагчдын хувьд хамгаалалт болж байгаа гэж ойлгодог. Японы томоохон компани хиймэл оюун ухааны чиглэлээр ажиллах охин компаниа Монголд нээх гэж байна. Криптовалют олборлоход компьютер маш их халдаг. Танай улсын өвөл их хүйтэн. Энэ утгаараа дата баазыг нь Монголд нээх боломж бий.

ОХУ-ЫН ЭСЯ-НЫ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ МАКСИМ ВАСИЛЬЕВ:

Би 30 жилийн өмнө Монголд ирж байсан юм. Сүүлд ирэхэд тэс өөр улс намайг угтсан. Оросын хувьд Монголтой харилцах харилцаагаа шинээр харж байна. Оросууд эргэж ирж байна. Жишээ нь бид төмөр замын шинэчлэлийг дэмжиж байгаа. Жилд 100 сая тоннын тээвэр хийх хүчин чадалтай болгомоор байна. Хятад, Орос, Монголыг холбосон төмөр замын сүлжээг өргөтгөх цаг болсон. Танай улсын цэвэр эрчим хүчний потенциалыг ашиглах боломж ч байгаа. Бид Азийн супер сүлжээг сонирхож байна.

КАНАД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД ДЭВИД СПРУЛ:

Канад дэлхийд хамгийн хүчтэй улстай хил залгаа оршдог. Танай улс ч гэсэн том хөршүүдтэй. Заантай цуг нэг оронд унтаж байгаа хулгана шиг гэсэн зүйрлэл бий. Хулгана унтаж байхдаа эргэж хөрвөөвөл заан ажрахгүй. Харин заан эргэж хөрвөөвөл хулгана хэцүүднэ. Том хөршүүдтэй жижиг улсын хувьд бодохоор л зүйрлэл. Танай улс далайд гарцгүй. Тэгэхээр хоёр улстайгаа дэлхийд гарах гарцыг хайсан гэрээнүүд хийх хэрэгтэй. Мэдээж том гүрэн жижиг улсад дарамт үзүүлэх нь нийтлэг үзэгдэл. Асуудлаас гарах хамгийн гол зам бол ерөөсөө л зөвшилцөл. Дэд бүтцийн том төсөл хэрэгжүүлэхэд өндөр хүүтэй зээл олддог нь танай улсын хувьд том асуудал. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэхээс аргагүй. Танайх Хятад, Орос гэсэн хоёр том зах зээлтэй ойр гэсэн байршлын давуу талтай. Бас байгалийн баялаг гэх мэт потенциал өндөртэй. Ийм давуу талуудтай хэрнээ урт хугацааны төлөвлөлтдөө асуудал гаргадаг тал анзаарагддаг. Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. “Дисковер Монголиа” өнөөдөр үргэлжилнэ.


Categories
мэдээ нийгэм

Б.Гүнзаяа: Цахим орчинд таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ-аас “UNFRIEND хөдөлгөөн”-ийг эхлүүлээд байна. Тус хөдөлгөөний элчээр сонгогдон ажиллаж буй “Хүүхэд эрдэнэ” сангийн тэргүүн, эрх зүйч, олон улсын мисс Б.Гүнзаяатай ярилцлаа.

-Таны хувьд энэхүү аян яагаад оролцох болов?

– Нийгэмд сайн сайхныг түгээх зорилгоор нэгдсэн. Иргэн хүнийхээ үүргийг биелүүлж, ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын тулд хүүхдүүдээ хайрлах ёстой гэж боддог. Энэ аянд нэгдэхээсээ өмнө “Хүүхэд эрдэнэ” сангаараа дамжуулан гурван жилийн хугацаанд сайн үйлсийн аян өрнүүлж, ирээдүйгээ гэрэлтэй байгаасай гэсэн бодлоор нөлөөллийн ажлуудыг их хийдэг байсан. Сүүлийн жилүүдэд цахим орчин хөгжихийн хэрээрхүүхэд, залуусыг элдэв муу зуршилд донтуулах, тэдний үйл хөдлөл, зургаар дарамтлах, сэтгэл санааны хохирол учруулах хэргүүд ихээр гарах болсон байна. Тиймээс энэ удаагийн ЦЕГ-аас санаачлан, Монгол улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон ЦЕГ-аас зохион байгуулж буй “UNFRIENDхөдөлгөөн”-ий элчээр ажиллаж байна.

-Цахим орчныг хэрхэн зохистой хэрэглэх ёстой юм бэ?

– Аяны хүрээнд иргэдэд цахим хаягийг хэрхэн хөтлөх зөв зохистой хэрэглэх талаар мэдээлэл өгнө. Иргэд цахим аюулгүй байдлаа хангаад ажилласан тохиолдолд ямар нэгэн кибер халдлагад өртөхгүй, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохгүй байх боломж бүрдэнэ. Тиймээс ЕБС-ийн 700 гаруй сургуулиудад цахим хэрэглээний зохистой орчныг бүрдүүлэх чиглэлээр лекц уншина. Мөн “Selfie Talk” “Nine Talk” зэрэг арга хэмжээг цахим орчинд болон олон нийтийг хамарсан гудамж, талбайд зохион байгуулах болно. Одоогоор иргэд олон нийтийн дэмжлэгийг авч буй нэг ажил бол “Хар жагсаалт буюу Black list” гэсэн групп ажиллаж байна. Энэ группд эцэг, эхчүүд нийлээд садар самуун, хүчирхийлэлийн үйл ажиллагааг сурталчилдаг группуудыг хамтдаа устгах, репорт хийх боломж бүрдэж байна.

-Иргэддээ хандан анхааруулж хэлэх зүйл байна уу?

– Таны хүүхэд цахим орчинд танихгүй хүнтэй найзалж, танихгүй хүний бичсэн зүйлээр хүмүүжиж байна. Мэдэхгүй хүнтэйгээ хүүхдээ найз болгосноор тухайн хүнд хувийн мэдээллээ их, бага хэмжээгээр алдаж байна гэсэн үг. Хэзээ нэгэн цагт тэр хувийн мэдээллээр нь таны хүүхдийг, танай гэр бүлийг дарамтлах, халдах зэрэг эрсдэлүүд учирч болзошгүй. Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй хэргүүдээс харахад энэ төрлийн хэрэг их гардаг болсон байна. Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.Магадгүй хэн нэгэн танихгүй этгээд таны хүүхдийг цахимаар дарамталж, сүрдүүлж, доромжилж байгааг эцэг, эхчүүд нь мэдээгүй, анзаараагүй ч байж болох юм. Өсвөр насныхан тэр дундаа эцэг эхдээ энэ төрлийн зүйлээ нээлттэй яриад байдаггүй талаар сэтгэл судлаачид ярьдаг юм байна лээ.

“Unfriend хөдөлгөөн”-ий цаана Монголын ирээдүй болсон хүүхдүүд байгаа учир эцэг, эхчүүдийг идэвхтэй оролцоосой гэж бодож байна. Аюулгүй цахим хэрэглээг бий болгохын төлөө бид нэгдэх хэрэгтэй. Насанд хүрээгүй хүүхдүүд интернет орчинг ашиглаж байна. Гэтэл мэдээллийн аюулгүй байдал алдагдаж, садар самуун, аллага, хүчин, хар тамхи гэх мэт зүйлсийг хяналтгүй нийтэлж буй нь өсвөр наснынхныг сэдэлжүүлж сонирхлыг нь өдөөж байна. Тиймээс бид одоо л зогсоохгүй юм бол улам л их эрсдэлийг авчрах болно.

-Хориглох тусам улам идэвхжээд байвал яах вэ?

– Аливаа зүйл хоёр талтай. Хийхгүй байснаас л дээр шүү дээ. Олны хүчээр бугшсан асуудлыг гаргаж ирж, таслан зогсоох, хяналт тавихыг эрмэлзэж байна. Иргэд дор бүрнээ ухамсартай хандаж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэлгээнд “Болохгүй” гэх үзлийг суулгаж өгч, сөрөг талуудыг нь таниулах хэрэгтэй.

З.МӨНХСУВД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: ОХУ-ын ерөнхийлөгч “Монголоор дамжуулж хийн хоолой тавьж болно” гэсэн

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн манай улсад саяхан хийсэн айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлалыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал улс төрийн агуулгаараа ч, эдийн засгийн агуулгаараа ч амжилттай сайн боллоо. Арав гаруйхан сарын өмнө хоёр орны харилцаа амаргүй нөхцөл байдалтай байсан. Тэр бүх хүндрэлүүдийг би дурдаад яахав. Энэ бүхний дараа хоёр орны харилцааг эрүүлжүүлэх тал дээр нэлээд ажил хийгдэж, яриа хэлэлцээ хэд хэдэн түвшинд хийлээ. Үр дүнд нь хоёр улсын харилцаа ямар нэгэн саад тотгоргүй явж байгааг том амжилт гэж бид үзэж байна. Одоо хоёр орны харилцаа, тэр тусмаа эдийн засгийн харилцаан дээр нэлээд ахицтай, амжилттай явж байна. Монгол Улсын Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэр цэвэрлэх байгууламжийн асуудлыг ярьсан. Монгол Улсын гол цөм нь болсон Улаанбаатар хот, энд оршин суудаг 1.5 сая хүний амьдралтай холбоотой энэ том дэд бүтцийн асуудлыг ахуйн хэрэгцээний усыг цэвэрлэх төдийхнөөр ойлгож болохгүй. Аж үйлдвэр, цахилгаан станцууд бүгд ус хэрэглэнэ. Хүн амын хувьд тайван тухтай амьдралыг хангаад явах уу гэхээсээ гадна ажлын байр хэдээр нэмэгдэх, аж үйлдвэр хэр өсч хөгжих вэ гэдэгтэй ч холбоотой.

Энэ бүгдийн суурийг тавьж өгөх дэд бүтцийн маш том бүтээн байгуулалт. Олон жил яригдсан энэ асуудлыг саяын айлчлалын үеэр эхлүүллээ. Мөн хоёр орны худалдаанд аливаа нэг саад тотгор гаргахгүйгээр цааш үргэлжлээд явуулъя, жишээлбэл өмнө нь өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яригдсан 2020 он гэхэд худалдааг арван тэрбум ам.долларт хүргэе гэсэн тохиролцоогоо баталгаажуулаад явж байна. Хоёр орны худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэнэ гэдэгт бид ямар нөхцөл тавьж байна гэхээр манай экспортыг нэмэгдүүлж байж худалдааны эргэлтийг бүхэлдээ нэмэгдүүлнэ шүү, экспорт дотроо уул уурхайн бус экспортын эзлэх хувийг дорвитой нэмэгдүүлмээр байна гэдэг нөхцөлийг ярьж айлын талтай ойлголцож, тохиролцлоо. Айлчлалын үеэр урьд өмнө хэзээ ч яригдаж байгаагүй зарчмын нэг том асуудал ярилаа. Энэ нь дараагийн хэрэгжих бүх төслүүдэд хамаарах юм. Хоёр орны хооронд хөгжлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ. Бие биенээ дэмжээд, хамтраад хөгжөөд явна. Энэ хөгжлийн хамтын ажиллагааны ард Монгол Улс өртэй үлдэж таарахгүй. Өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх зарчим дээр тулгуурласан харилцаа явуулъя гэсэн тохиролцоонд хүрч чадлаа. Урьд өмнө ингэж яригдаж байгаагүй. Үүнийг тохирч авах гол томьёо нь бид өрөнд орохгүй шүү гэж зүгээр нэг дурдаад өнгөрөх биш, ингэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байна гэхээр экспортоо нэмэгдүүлэх, тэр дотроо уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлье гэж хэлээд байгаа юм.

-Уул уурхайн бус экспортод ямар бүтээгдэхүүнүүд орж байна?

-Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрлэл. Монголд мал аж ахуйд суурилсан, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжих бүрэн боломжтой.

Худалдаж авах хамгийн том зах зээл урд хөршид байж байна. Энэ нь гүн боловс-руулаад гаргана гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүн дээр ч гэсэн түүхийгээр нь биш, боловсруулж гаргая гэж хоёр тал тохироод, хятадууд “Гүн боловсруулж гаргая, бид энийг чинь авахад бэлэн байна” гэлээ. “Бид өрөнд орохгүй шүү” гэж зүгээр нэг хэлээд зогсох биш. Яавал өрөнд орохгүй вэ гэдгээ хоёр талд зарчмын хувьд тохирч байна шүү дээ. Хятад руу манай экспорт нэмэгдээд, худалдаа ашигтай байна гэдэг чинь манай валютын нөөц нэмэгдэж, ажлын байр олон болж, эдийн засгийн өсөлт хангагдаж байгаа юм.

Валютын нөөц хуримтлал-тай болох юм бол бид зээлээ ямар ч хүндрэлгүй төлөх бо-ломжтой болж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хятадуудтай бид хамтарч ажиллаад, тэр хамтын ажиллагааныхаа бүтээгдэхүүнийг хятадууд өөрсдөө эргүүлээд худалдаад авъя гэж байна. Өрийн дарамтад орох эрсдэлээс хамгаалсан томьёо бүхий харилцааг бид тохирч чадлаа гэсэн үг. Энэ нь хоёр улс цаашдын хамтын ажиллагаандаа харилцан итгэж, ажиллах гол суурь болж байгаа юм. Үүнийг хятадууд ойлгож хүлээж авч байгаа нь маш чухал. Жишээ нь, зээл авах гэж банкин дээр очоод “Би зээл авъя. Тэгэхдээ өрийн дарамтад ормооргүй байна” гэвэл банк “Та зээл авахаа больчих” л гэнэ шүү дээ. Тэгвэл бид урд хөрштэйгөө манай тавьж байгаа асуудал чинь ийм ийм үндэслэлтэй, энийг ийм зөв аргаар тойроод гарах боломж байна гэдгээ тохирч авч чадсан гэдэг нэн чухал. Хятадын талд үүнийг ойлгуулаад хүлээн зөвшөөрүүлж, асуудлаа тавихад зүгээр гайхаад, “Бид больчихож хэзээ ч болно” гэсэн хариулт авах эрсдэлтэй асуудлыг зөв үндэслэлтэй гаргаж тавиад хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг өөрөө том амжилт.

-Мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг экспортлох гэхээр манайхыг бэлчээрийн мал аж ахуйтай, мал нь өвчилдөг, хүнсэнд хэрэглэхэд шаардлага хангахгүй гэж гадныхан хэлдэг. Тэгэхээр яаж үүн дээр ойлголцож чадав. Олон жил л мах экспортлох талаар ярьж байгаа…

-Олон жил яригдаж бай-гаа нь үнэн. Гэхдээ Монголд шүлхий гарлаа гэхэд Мон-голоос гарч байгаа бүх бүтээгдэхүүнийг шүлхийтэй мэт ойлгоод экспортод хориг тавьчихдаг. Бид БНХАУ-ын Гадаад харилцааны сайдыг яагаад баруун аймагт зочлуулав. Энэ хүн тийрэлтэт онгоцоор цаг гучин минут нисээд баруун аймагт очиж байна. Улаанбаатар хот л гэхэд шүлхий гараад байдаг зүүн аймгаасаа хоёр гурван цагийн зайтай нисч хүрдэг газар. Тэгэхээр баруун аймаг, зүүн аймгаас хэр хол зайнд байгаа, ямар хол зайнд гарсан малын өвчнийг хамтатгаж бүхэлд нь хорио цээр тавиад байгаа вэ гэдгийг ойлгосон байх. Баруун аймагт очоод би “Та нар Польшид гарсан асуудлыг Францт гарсан мэтээр Францын бүтээгдэхүүнд хамаатуулж нялзаагаад байвал бодит байдалтай нийцэхгүй биз дээ. Тэрэнтэй адил манай зүүн аймаг, баруун аймгийн хооронд Европын хэмжээгээр бол хэдэн арван улс багтахаар ийм зай байгаа. Манай баруун аймагт шүлхий ерөөсөө гардаггүй. Тийм учраас баруун аймгийн малын махыг баруун аймгийн хил хязгаараар шууд авч байгаач” гэж хэлсэн. Тэгэхгүй Монголоос гаргана гэхээр шууд Замын-Үүдээр бүх аймгийн малын махыг гаргана гэж ойлгоод эргэлзэх нь байна. Тэр эргэлзээг бууруулах үүднээс баруун аймагт газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцуулаад, тэндээ мах боловсруулах үйлдвэрүүдээ бариад баруун хилээр гаргая гэж ярьсан. Хятадын тал ойлгож хүлээж авсан. Газар дээр нь очиж үзээд, дэмжээд ажиллая гэлээ. Махны экспорт сүүлийн хэдэн жил муу байсан ч яг өнөөдрийн байдлаар өмнөх жилүүдтэй харьцуулахад махны экспорт эрс нэмэгдчихсэн байгаа. Өмнө нь арван мянган тонн мах гаргаж байсан бол одоо хориод мянган тонн болж нэмэгдээд явж байгаа. Бид энийг дэмжиж өгөх л ёстой юм. Дэмжихдээ бид мал эмнэлгийнхээ тогтолцоог сайжруулах шаардлагатай. Түүнээс биш манайд малын өвчин гараад байхад махаа гаргана гээд суугаад байж болохгүй шүү дээ. Ямар ч гэсэн эхлээд малын өвчин гардаггүй газраасаа махаа экспортлоод бусад газраа мал эмнэлгийнхээ үйлчилгээг сайжруулаад одоо байгаа малын эрүүл ахуйн тогтолцоогоо маш сайн бэхжүүлж өгөх ёстой. Тэгж байж импортлогчдын итгэлийг олж авч, манай мах экспортлогдох боломж гарч байгаа юм. Бид мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, боловсруулаад, экспортолдог болоход ямар ч уул уурхайн бүтээгдэхүүнээс дутахгүйгээр экспорт хийх боломж байгаа. Энийгээ бид ашиглах ёстой. Хамтын ажиллагааны үр шим олон түмэнд жигд хүртээмжтэй байх учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үр шим харьцангуй олон нийтийг хамарч, хүмүүст хүрч чадахгүй байна. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх юм бол бүхэл бүтэн нэг том салбар хамрагдаж байгаа юм. Монголын хүн амын томоохон хэсэг хамрагдах боломж бий болно. Ажлын байр бүр олноор бий болно гэсэн үг. Тэр хэрээр хүмүүсийн орлого нэмэгдэнэ гэдэг байдлаар бид айлын талд асуудлыг тавьж байгаа юм.

-Баруун аймаг руу Хятадын Гадаад харилцааны сайд очсон нь энэнтэй л холбоотой юм уу. Шинжаан Уйгарт нефтийн том орд олдсонтой холбоотой гэсэн мэдээлэл яваад байсан. Жишээ нь, судлаач Шүрхүү гуай “Олон жилийн өмнөөс манай баруун бүс нутгийг хятадууд сонирхож ирсэн” гэж хэлсэн байна лээ…

-Айлчлалын хөтөлбөрийг манай яам л гаргасан.Урьж байгаа хүн нь Гадаад харилцааны сайд би. Энэ хүн Монголд өмнө арван хэдэн удаа ирсэн. Арван хэд дэх удаагаа Тэрэлж аваад явъя гэвэл явах л байсан. Баруун аймаг руу явна гэдэг ийм бодлоготойгоор, газар дээр нь нөхцөл байдлыг харуулъя, бас манай улс орон гэдэг өргөн уудам нутагтай, газар зүйн маш өөр өөр бүсэд оршиж байгаа улс шүү гэж таниулж, улс орноо сурталчлах үүднээс авч явсан юм. Махны экспорт хийе гэхээр Хятадын зүгээс ямар шаардлага тавьж байна гэдгийг манай орон нутгийн удирдлагууд нь ч сонсох ёстой юм. Яагаад гэвэл тэндээ малын эрүүл ахуйн тогтолцоогоо оновчтой зөв, шаардлагад нийцүүлж, ажиллуулах үүргийг тэд бас авахгүй бол “Бид гаргамаар байна” гээд л экспортолчихдог юм биш шүү дээ. Ямар ч улс орон өөрийнхөө иргэдийн хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарна.

-Та зочноо Ховд, Говь-Алтайд очуулах сонирхолтой байсан, гэтэл БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Увсыг сонгосон гэж шуугиад байгаа. Энэ үнэн үү?

-Говь-Алтай гэж хувилбар яриагүй. Ховд гэсэн хувилбар бол ярьж байсан нь үнэн. Тэгээд Увс дээр тогтсон. Яагаад гэвэл Увсад хэзээ ч шүлхий өвчин гарч байгаагүй юм билээ. Тэр онцлог энэ тэрийг бид тооцоолж үзсэн л дээ.

-Хийн хоолойг Монголоор дамжуулах их чухал асуудлыг айлчлалын үед ярилаа. Их олон жилийн өмнөөс ярьсан. Саяын айлчлалаар нааштай шийдэгдэж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Олон жил яригдсан гэхэд бас хэцүү л дээ. 1990-ээд оны сүүл хавиар нэлээд идэвхтэй яригдаад унтарсан сэдэв. Хүмүүс өөр хоорондоо ярьж байсан юм бий. Тэр үеийн яриа ой ухаанд нь үлдчихсэн байх. Ний нуугүй л ярья. Манайх өмнө нь хэд хэдэн удаа санал хэлсэн ч дэмжлэг авдаггүй байсан. Тиймээс бид энэ асуудлыг ерөөсөө ярихаа байчихсан. Энэ сэдэв дахиад нээгдсэн. Оросын Ерөнхийлөгчийн түвшинд “Монголоор дамжуулж, хийн хоолой тавьж болно” гэсэн. Тийм учраас энэ асуудал одоо бидний хувьд нээлттэй. Одоо Хятадын талтайгаа ч ярьж байгаа. Бидний хувьд энэ дээр улс төрийн тохиролцоогоо бүрдүүлэх, асуудал маань нээлттэй болоод Оросын тал дэмжинэ гээд, Хятадын тал үүнийг ойлгож хүлээж авч байгаа. Гэхдээ эцэслээгүй.

-Одоо ямар түвшинд байгаа юм бэ?

-Шинэ нөхцөл байдал бий болсон учраас эдийн засгийн тооцоо судалгаагаа сайн хийх ёстой гэж ерөнхийлөгч Путин их тодорхой хэлсэн. Эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгаагаа аль, аль талдаа нарийвчилж хийх хэрэгтэй байна. Ер нь энэ асуудал дээр бид өөрсдөө идэвхтэй ажиллах ёстой. Сая айлчлалын үеэр тэр нэг компанийн асуудал яригдаад байсан даа.

-Хятадын нэг компанийн нэр яригдаад, тэр компани хэвлэлийнхний өмнө санамж бичигт гарын үсэг зураад байсан шүү дээ….

-Нэг зүйл хэлье. Тэр компанитай ямар ч холбоо байхгүй. Хятадын тал ч, Оросын тал ч мэдэхгүй байгаа. Бид энэний дараа хаанаас ямар компани орж ирээд, ийм юм яриад байна гэж судалсан. Хаанаас ч албан ёсны түвшинд яриа хэлэлцээ хийгээгүй юм билээ. Хувийн аж ахуйн нэгж санаачилгаараа “Шинэ боломж нээгдэж байна. Тэр боломжийг ашиглах гээд ажиллаад үзье” гэсэн бодолтой явж байгаа байх. Бидний хувьд үнэхээр тэрийг мэдэхгүй байна.

-Хийн хоолой тавих асуудал таваас арван жилдээ бүтэхгүй гэж зарим судлаач ярьсан байсан. Монголоор хийн хоолой дамжуулах хэр баттай вэ?

-ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Энийг дэмжинэ. Та нар судалгаагаа хийгээрэй” гэсэн шүү дээ. Тэгэхлээр энэ бол хамгийн бодитой эх сурвалж. Энэ хүн ийм юм хэлж байхад “Манайхаар дамжихгүй байх” гэж хэн нэгэн өмнөөс нь хэлэх хэр үндэслэлтэй байх бол. Албан ёсоор ийм асуудал тавигдлаа. Бид энийг хэрэгжүүлэх гээд ажиллах л ёстой. Хийхгүй гээд арагшаа суувал хэзээ ч оройтохгүй. Путин ерөнхийлөгчийн түвшинд асуудал яригдахын тулд маш их бэлтгэл судалгаа хийгддэг. Таамгийн, гэнэтийн, санаандгүй яриа гэж тэр түвшинд байдаггүй.

-Төмөр зам дээр Хятадын талтай сая юу ярив?

-Бид эрчим хүч, дэд бүтцийн асуудлууд дээр ярьсан. Харилцаанд ямар нэг саад байхгүй. Гадаад харилцааны сайд бүх салбарын, тэр тусмаа техникийн асуудал яриад сууна гэж байхгүй. Бид улс төрийн саад тотгоргүй, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээлттэй болголоо. Одоо холбогдох салбарын сайдууд, мэргэжилтнүүд тэр чиглэлээрээ ажиллаад явах ёстой. Энэ төслүүдээ хэрэгжүүлэх тал дээр хамтраад явахад бүгд нээлттэй байгаа.

-Манай Ерөнхийлөгч Хятадад айлчилна гэсэн?

-Дараа жил айлчилна. Албан ёсны урилгыг сая Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр нотолсон.

-Тэр айлчлалын бэлтгэл ажлын талаар та хоёр ярьсан уу?

-Тэгэлгүй яахав. Нэг айлчлалаар бүх асуудлыг шийдчихгүй. Бид шийдэж чадахаа амжуулаад л ярьж байгаа. Цаана нь бүхэл бүтэн хоёр улсын харилцаа, соёл боловсрол, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, батлан хамгаалах гээд олон салбарт хамтарч ажилладаг. Салбар бүрт яригдах урагшлуулах асуудал, хөндөх сэдэв маш их.

-Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар ажил хийх вэ?

-Бидний хувьд их том ой. Бид хэд хэдэн юмыг бодож санаж байх учиртай юм. БНХАУ-ыг бид хүлээн зөвшөөрсөн найм дахь орон. БНХАУ дэлхийн 180-аад оронтой дипломат харилцаа тогтоосон. Монгол бол анхлан хүлээн зөвшөөрсөн найман улсын нэг. БНХАУ Монголыг хүлээн зөвшөөрсөн дөрөв дэх орон. Бид тусгаар тогтнолынхоо төлөө дэлхий дээр хүлээн зөвшөөрүүлэх гээд явж байхад анхлан зөвшөөрсөн дөрвөн орны нэг БНХАУ байна гэхээр түүхэн хамтын ажиллагаатай, бие биенийхээ тусгаар тогтнолыг олоход харилцан тусалж байсан орнууд. Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-тай хамтраад Хятадыг чөлөөлөх дайнд цэргийн бие бүрэлдэхүүнээрээ оролцож явсан хоёрхон орны нэг нь Монгол. Монгол цэргүүд Хятадыг чөлөөлөхөд амь биеэ зориулж байсан. Тэр түүхэн хамтын ажиллагааныхаа ололт, давуу талыг тэмдэглэх хамгийн сайхан боломж бол дипломат харилцаа тогтоосон ой. Далан жилийн түүхэн ойгоор бид үүнийг анхаарч ажиллах ёстой. НҮБ-д манай улс гишүүнээр элсэхэд БНХАУ дэмжиж байсан. Өөрсдөө НҮБ-д суудлаа эзэлж амжаагүй байхдаа Монгол Улсыг НҮБ-ын гишүүн байх ёстой гэж дэмжиж байсан бол бид БНХАУ-ыг НҮБ-д зүй ёсны суудлаа эзлэхэд дэмжиж байлаа. Тусгаар тогтнол гэдэг бидэнд хамгийн үнэтэй зүйл. БНХАУ-д ч мөн адил хамгийн үнэтэй зүйл нь. Тиймээс анх тусгаар улс болж байх үед нь үзүүлж байсан дэмжлэг бол улс төрийн жин, нөлөөгөөрөө ихээхэн ач холбогдолтой юм. Санал бүрийн төлөө явж байсан хэрэг шүү дээ. Ийм харилцаа, хамтын ажиллагааг би үлгэр жишээ харилцаа, хамтын ажиллагаа гэж үзэж байгаа. Бид их сайн ч байж үзсэн, их муу ч харилцаатай байж үзсэн. Энэ ертөнц дээр улс орнууд хоорондоо сайндах, муудах бүгдийг үзээд үүнийхээ ард гарч стратегийн түншлэлийг бий болгосон байдаг. Ийм стратегийн түнш хөрштэйгөө харилцаад бид 70 жилийг ардаа үджээ. Энэ харилцааныхаа цаашдын өрнөл үйл явцыг тодорхойлохын тулд далан жилийнхээ ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж, нөхцөл байдлаа дүгнэж цэгнэж, цаашдын ирээдүйгээ тодорхойлох ёстой гэж үзэж байна. Энэ үеэр түүхэн үйл явдлуудтай холбоотой цөөнгүй арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Соёл, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа ойн жилдээ мөн түлхүү анхаарч, улам өргөжүүлэхийг зорьж байгаа. Сая ярьсан хамтын ажиллагааны төслүүд ч гэсэн энэ ойн жил нэлээд урагшлах ёстой хэмээн найдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн хараагүйчүүдийн бүсийн чуулган нийслэл хотноо болно

Манай улсад 16000 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Дэлхийн хараагүйчүүдийн холбооны Ази Номхон далайн бүсийн чуулганыг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн чуулган Улаанбаатар хотод ирэх сарын 09-12-ны өдрүүдэд болно. Чуулга уулзалтад дэлхийн хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Ази номхон далайн бүсийн 18 улсын хараагүйчүүдийн байгууллагын удирдлага, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын донор байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй зочин оролцох юм.

Манай улсаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон албаны 30 гаруй хүн оролцож, Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар танилцуулах юм.

Хараагүй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ гэж юу болох, бусад орны төрөөс уг үйлчилгээг хэрхэн хүргэдэг талаар оролцогчид мэдэээлэл, туршлагаа солилцох аж.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаатар: АШУҮИС боловсролын академик байгууллага болохоос үзэл бодлоороо тэмцэлдсэн намын байгууллага биш

-Ц.ЦОГЗОЛМАА САЙДЫГ БИД СУРГУУЛЬДАА УРЬСАН БОЛОВЧ ИРЭЭГҮЙ, БҮР ЯМАР Ч ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭГҮЙ-


Анагаах ухааны доктор, профессор, Монголын анагаах ухааны академийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш Г.Батбаатартай ярилцлаа.


-Таныг АШУҮИС-ийн захирлын албанаас хэзээ чөлөөлсөн бэ? Шалтгаан нь юу байсан юм бол?

-Нэгэнт намайг ажлаас чөлөөлөх тушаал гарсан учраас ажлаа өгсөн. Харамсалтай нь тэр тушаал дэндүү үндэслэлгүй. Өнгөрсөн зургадугаар сарын 20-ноос ажлаас халах тушаал гаргасан байсан юм. Тэр үеэр би ээлжийн амралтаа аваад эмнэлэгт хэвтсэн. Гэтэл зургадугаар сарын 27-ны өдөр миний амралтыг өөрчилсөн тушаал дахин гаргаж, манай туслах руу цахим шуудангаар илгээн улмаар долдугаар сарын 10-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад ажлаас халах тушаал гаргасан байсан. Энэ нь Хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байгаа. Уг нь хуулиа дээдэлж, хэрэгжүүлэх үүрэгтэй сайд, УИХ-ын гишүүн биз дээ. Би ажлаа өнгөрсөн сарын 30-нд хүлээлгэж өгсөн.

-Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлаар томилогдсон. Захирлын ажлаа авангуутаа сургуулийн ажилтнуудыг хомроголон халлаа гэж шуугьж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Шинэ удирдлагын багийг амжилттай ажиллаасай гэж хүсч байна. Харамсалтай нь мордохын хазгай гэж эхнээсээ л буруу шийдвэрүүд гаргаж сургуулийн хөгжлийн төлөө сэтгэлээрээ зүтгэж байгаа, ажлаа мэддэг хүмүүсийг шалтгаангүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Энэ хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулж болдоггүй л юм байх даа. Шинэ хүмүүс нь хийх ажлаа ойлгох гэсээр он гаргах биз. Дараа нь шинэ бодлого боловсруулах уу. Сургуулийн хөгжлийн хурд их л саарч байгаа бололтой. Энэ чинь сургууль, боловсролын академик байгууллага болохоос үзэл бодлоороо тэмцэлдсэн намын байгууллага биш л баймаар.

-Ц.Цогзолмаа сайд таныг захирлаар ажиллаж байхад АШУҮИС-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж байсан уу? Өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр таныг төсөл саатуулсан гэж мэдээлсэн…?

-Тэр хэвлэлийн бага хурлын мэдээлэлтэй танилцсан. УИХ-ын гишүүнд хүнийг гүтгэн доромжлох эрх олгодог юм болов уу хэмээн гайхаж л байна. Төрийн сайд, тэр тусмаа боловсролын салбарыг толгойлж байгаа хүн хэлж ярихаа хянаж баймаар юм. Бүгд найрамдах Япон улс ч гэж байх шиг, хүний хөгжлөөрөө тэргүүлэгч япон мэргэжилтнүүд толгойгоо сэгсрээд л үсээ зулгаагаад байсан юм байх. Арай л биш ээ. Эмч, мэргэжилтнийг мэргэшүүлэх төсөл гэрээний дагуу жилийн өмнөөс эхэлснийг мэдээгүй бололтой. Мөн хэзээ сайд болсноо мартсан юм болов уу, надад хоёр жилийн өмнө үүрэг өгч байжээ. Ингэж хүнийг харлуулж болох уу. JICA-ийн тавьсан шаардлагыг хангасан багш, эмч, сувилагчид Японд сургалтад хамрагдан ирээд эмнэлгээ хүлээн авах бэлтгэлээ хангаад л байж байна. Бодит байдлыг гуйвуулж, худал мэдээлэл өгөх нь төрийн сайд байтугай жирийн хүнд ч баймгүй ёс зүйгүй үйлдэл баймаар. Ц.Цогзолмаа сайдыг бид сургуульдаа урьсан боловч ирээгүй. Бүр ямар ч дэмжлэг үзүүлээгүй нуугаад яах вэ. Өнгөрсөн хугацаанд хэнийг захирлаар томилохоор улайрч, гүтгэн, давшилж байсныг хүмүүс мэдэж байгаа учраас энэ тухай яримааргүй байна. Уг нь боловсрол, эрүүл мэндийн салбар улстөржиж болохгүй гэдгийг мэдэх л ёстой. Миний хувьд албан тушаалтай зууралдсан зүйл байхгүй, бүх зүйл хуулийн хүрээнд байхыг хүсэж байна. Магадгүй би Ц.Цогзолмаа сайдад таалагдаагүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад их сургуулийн удирдлагыг томилох ёстой. Хуулиндаа ч заасан байгаа. Ер нь намын томилгоо гэх зүйлийг таслан зогсоохгүй бол нийтээрээ даргад таалагдах гэсэн өрсөлдөөн, биенээ муулсан, харлуулсан зүйл хэрээс хэтэрлээ. Энэ нь мэргэжилтний мэдлэг, ур чадварыг үнэгүйдүүлж улмаар салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг ухаарах цаг хэдийнэ болжээ.

– Та Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуульд хэдэн оноос ажиллаж эхэлсэн билээ? Захирлаар нь хэдэн жил ажилласан бэ?

-Би 1985 онд энэ их сургуулийн оюутан болж байлаа. Сургуулиа төгсөөд ажлын гараагаа багшаар эхэлж, тэнхимийн эрхлэгч, бүрэлдэхүүн сургуулийн захирлын албыг хашсан. Улмаар 2013 оны наймдугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцэж АШУҮИС-ийн захирлаар томилогдон ажилласан. Ингэхээр өнгөрсөн 33 жил энэ л эрдэмлэг хамт олны дунд сурч, боловсорч, хүмүүжиж, өсөж өндийжээ.

– АШИҮИС-ийн захирлын албыг хүлээж аваад хөгжлийн бодлогоо хэрхэн тодорхойлж, ямар ажил хийж гүйцэтгэв?

-Ажил авсан даруйдаа сургуулийнхаа материаллаг бааз, хөгжлийн бодлогыг бодитоор тодорхойлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмч, мэргэжилтэн бэлтгэхийн тулд багш нараа чадавхжуулах, сургалт, судалгааны орчноо сайжруулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжсөн орнуудын их, дээд сургуулийн түвшинд хүрэх, биелэгдэхүйц, цаг хугацаатай уралдсан, үр дүнг тооцож болохуйц төлөвлөгөө, хөгжлийн бодлого боловсруулахыг хичээсэн. Төлөвлөгөө маань ч эхнээсээ амжилттай хэрэгжиж байна. Багш судлаачдыг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ, хүний их эмч бэлтгэх хөтөлбөрөө олон улсад амжилттай магадлан итгэмжлүүллээ. Бидний явуулж буй үйл ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр бүх талаар нээлттэй, олон түмэнд ил тод байх чанарын удирдлагын тогтолцоо ISO9001 стандартыг хэрэгжүүлэгч байгууллага боллоо. Мөн сургуулийн орчноо сайжруулж, сургалтын баазыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, эдийн засаг, санхүүгийн бүх л боломж бололцоо, хөрөнгө оруулалт татаж чадсан. Энэ ажлын хүрээнд АУТНСангийн шинэ барилга, Оюутны эко цогцолбор, судалгааны цөм лаборатори, сургалт судалгааны 18 шинэ лаборатори, Шүд эрүү нүүрний эмнэлгийн шинэ барилга, Мөн Эм зүйн сургуулийн шинэ байраа ашиглалтад оруулсан зэрэг нүдэнд харагдахуйц олон ажлыг хийж амжуулсан байдаг.

-Их сургуулийн сургалтын эмнэлгийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Их сургуулийн сургалтын 150 ортой эмнэлгийн барилгын ажил энэ оны аравдугаар сард дуусна. Нийт 176 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шүү дээ. Энэ эмнэлгийг түшиглэн Их сургуулийн сургалтын цогцолбор барихаар шийдвэрлэж, АУС, МАУОУС, уламжлалтын 66 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтад авахад үндсэндээ бэлэн болсон. Мөн энэ онд 1200 оюутны дотуур байрны 16 давхар барилгын ажлыг эхлүүллээ. Ер нь цогцолбор маань хичээлийн байрнаас гадна оюутны соёлын төв, спортын цогцолбор, номын сан, оюутан, багш ажилчдын байртай байхаар мастер төлөвлөгөөнд тусгагдсан. Эхний үр дүн гарч Монгол-Япон сургалтын эмнэлэг, АУС, МАУОУС, уламжлалтын эмнэлгийн барилгын ажил дуусах мөчид намайг ажлаас халах шийдвэр гарлаа. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ. Хэн ч эхлүүлсэн ажлын үр дүнгээ үзэхийг хүсэх л байх. Тийм боломж олдсонгүй. Энэ төслийг босгож, үр дүнтэй явуулах гэж сэтгэлээрээ л зүтгэсэн дээ.

-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу байв?

– Манай хамт олон эмнэлэг-сургалтын цогцолбороо 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байлаа. Шинэ захирал гүйцээх биз. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний тоог 50 хүртэлх хувиар бууруулан, гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг тодорхой хэмжээгээр багасгах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа. Шинээр томилогдсон захиралд эрдэмлэг хамт олныг зөв удирдахыг хүсье.

О.ДАШ