Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд өнөөдөр эхэллээ. Нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй энэхүү хөгжмийн наадамд улсын хэмжээний соёл, урлагийн байгууллагын 42 залуу уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн урилгаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан, Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, Ц.Түвшинтөгс, Г.Хонгорзул, соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Ч.Буянхишиг, соёлын гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Ж.Саруулбуян, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар тэргүүтэй урлаг, соёлын зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Д.Батбаяр нарын хүндэт зочид “Сэрсэн тал” хөгжмийн наадмын нээлтэд оролцохоор хүрэлцэн иржээ.

Цаашид Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадмыг орчин үеийн дуу дуулаачдын төдийгүй дан хөгжмийн наадам болгон цар хүрээг нь өргөжүүлэн, Жаргалтхаан сумын нэгэн брэнд үйл ажиллагаа болгоно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат “Сэрсэн тал” хөгжмийн наадамд оролцогчдод БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн мэндчилгээг уламжлан, “Энэхүү хөгжмийн наадам бол төрийн соёлын бодлогыг орон нутагт хэрэгжүүлж байгаа сайхан жишээ болж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгодог урлагийг хөгжүүлэх хөтөлбөр бий. Үүнийг хэрэгжүүлж байгаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумынханд талархал илэрхийлье” гэлээ.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров,

-Би Жаргалтхаан суманд хоёр дахь удаагаа ирж байна. Хөгжмийн зохиолч Б.Шаравын ээжийг сэрүүн тунгалаг байхад ирж золгож байсан. Б.Шарав бид хоёр багшийн сургуулийн нэг үеийн оюутнууд. Би нэг ангийн дээр. Бид сургуулиа төгсөөд шууд багшилдаг байсан. Тиймээс би төгсөөд сургуульдаа үлдэж нэг жил Б.Шаравын ангид багшилсан. Түүний нэг жилийн багш байгаа юм. Харин хойшоо сургуульд би Б.Шараваас нэлээд хэдэн жилийн өмнө явсан.

“Сэрсэн тал” наадам гайхамшигтай сайхан наадам болно гэж итгэж байна. 1984 оны есдүгээр сард би улс тунхагласны 60 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар томилогдоод сургууль төгсч ирээд удаагүй байсан Б.Шаравтай уулзаж монголчуудын ололт амжилтыг илэрхийлсэн хөгжим бичээч гэж захиалга өгсөн. Б.Шарав маань тэр дагуу их цөөхөн хоногт энэ хөгжмийг бичиж надад авчирч өгсөн. Ноот дээрээ ямар нэг нэр тавиагүй, удиртгал гэж бичсэн байсан. Ардын жүжигчин Ж.Чулуун багш бид хоёр хөгжмийг нь үзээд концертдоо тохируулж нэр өгөх хэрэгтэй юм байна гээд “Сэрсэн тал” гэсэн нэр өгсөн. Ингээд 1984 оны арваннэгдүгээр сарын 25-нд улс тунхагласны 60 жилийн ойн концертод орчин цагийн Монголд анх удаа 150 хүнтэй үндэсний найрал хөгжим ардын жүжигчин Ж.Чулууны удирдлагаар энэ хөгжмийг анх тоглосон түүхтэй.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Төрийн наадмыг “Сэрсэн тал”-гүйгээр төсөөлөшгүй

“Сэрсэн тал” бол сүүлийн 30-аад жил Монгол Улсын оюун санааны хөтчийн нэг болж яваа хөгжим. Бид дэлхийд хаана ч явсан “Сэрсэн тал” хөгжмөө өмнөө барьж явдаг. “Сэрсэн тал” хөгжим монголчуудын талаархи ойлголт, монгол хүн гэдэг хэдий хэр эрдэм чадалтай, ямар хүсэл тэмүүлэлтэй ард түмэн бэ гэдгийг яруу тод харуулдаг: 2011 онд Монгол Улсын хөгжим НҮБ-ын их танхимд анх дуугарах боломж олдсон. Тэр тоглолтыг бид “Сэрсэн тал”-аараа дуусгахад 120 орны дипломат төлөөлөгчид таван минут тасралтгүй алга ташиж байсныг сайн санаж байна.

Миний хоёр дахь хэлэх санаа бол та бүхэн Б.Шаравтай нэг нутгийнхан тул анзаардаггүй байх. Биднийг гадаад дотоодод явахад танайд Б.Шарав гэдэг хөгжмийн зохиолч байдаг гэсэн яаж танилцах вэ, ямар ажил хийдэг хүн бэ, язгууртан хүн үү, олон үе дамжсан хөгжмийн удамтай хүн үү гэж асуудаг. Жирийн малчны хүү гэхээр тэд гайхдаг. Б.Шарав бол Монголын хөгжмийн зохиолч, дэлхийн хөгжмийн зохиолч гэж бид бахархах дуртай. Би хөгжим судалдаг хүн байгаа юм. Иймэрхүү хүн, иймэрхүү юм бүтээдэг хүн бол хамаагүй төрдөггүй юм билээ. Тийм учраас та бүхний хайр ивээл бол Б.Шаравын бүтээлийн өөрийнх нь үр шим төдийгүй энэ нутгийнхан дэлхийн оюуны сан хөмрөгт өөрсдийн дуу хоолойг Б.Шараваар дамжуулж яваа азтай ард түмэн” хэмээн уран бүтээлийн анд нөхрийнхөө тухай сэтгэлийн үгээ хэллээ.

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нутгийн зон олон, уригдан ирсэн хүндэт зочдодоо талархал илэрхийлэн хэлсэн үгэндээ,

-Унасан газар, угаасан ус нэгтэй нутгийнхандаа, нутгийнхаа уугуул суугуул иргэддээ, хүрэлцэн ирсэн хүндэт зочиддоо энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Сэрсэн тал” гэдэг энэ хөгжим энэ нутаг ус, энэ нутгийн ард түмэн та бүхэнтэй минь холбоотой юм шүү. Тиймээс энэ хөгжим маань Жаргалтхаан нутагт минь эгшиглэж, энэ нутагт тоглогдож, энэ сайхан хөгжмийн наадам “Сэрсэн тал”-аар минь нэрлэгдэж байгаа нь их утга учиртай гэж бодож байна. Энэ наадам Жаргалтхааны наадам гэдэг нэрээрээ нэршиж он удаан жил үргэлжлэн зохиогдоосой гэж бодож байна. Ийм том наадмыг зоригтойгоор зохион байгуулж маш их хүчин зүтгэл гаргасан нутгийнхаа удирдлагууд, энд оролцсон бүх хүмүүст баярлалаа гэж хэлье хэмээв.

Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан хоёр өдөр үргэлжилнэ. Хөгжмийн наадмын нээлтийн үеэр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын удирдлагууд нутгаасаа төрөн гарсан авьяас билэгт хөгжмийн зохиолчид зориулж гэр урлан байгуулснаа албан ёсоор нээсэн юм.

“Сэрсэн тал” хөгжмийн наадмын нээлтэд Үндэсний урлагийн их театрын төрийн найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарын удирдлагаар хөгжмийн зохиолч Б.Шаравын алдарт “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” аялгууг эгшиглүүлсэн юм. Тус театрынхны хувьд “Сэрсэн тал” зохиол түүхэндээ хамгийн олон удаа тоглосон бүтээл нь юм. Морин хуурын чуулга ч гэсэн “Сэрсэн тал”-ыг түүхэндээ хамгийн олон тоглосон ажээ. Гадаадад сүүлийн олон жил энэ хөгжмийг тоглож байгаа. “Сэрсэн тал” хөгжмөөр төрийн олон арга хэмжээ эхэлдэг. Тэр дотроос төрийн наадам, хурдан морины уралдаан “Сэрсэн тал”-гүйгээр эхэлдэггүй. Дэлхийг тойрч дуурьссан яруу тунгалаг найрал хөгжмийн удиртгал “Сэрсэн тал” ийнхүү “төрсөн” нутагтаа, сэрсэн талдаа эгшиглэлээ.

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Дэлхийг тойрсон “Сэрсэн тал” сэрүүн талдаа эгшиглэлээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа

“Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо: …Өвөг дээдсийн үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон байна…”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын сан буюу бидний хэлж заншсанаар төв номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Анхлан 500 мянган номтой байхаар төлөвлөгдсөн номын сангийн байранд эдүгээ 3.6 сая гаруй ном судар, тэр дундаа Монголын ард түмний бичиг соёлын мөнхийн дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн үнэт хэрэглэгдэхүүн болсон 1.5 сая гаруй ширхэг хуучны ховор, нандин ном судар хадгалагдаж байгаа юм байна.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн танилцуулснаар “…Бидний өвөг дээдсийн үлдээсэн оюун санааны тусгаар тогтнол усанд норж устахад ойрхон болсон”, номын сангийн даац долоо дахин хэтэрч, хур бороо ихтэй байсан өнөө жил номын сангийн барилга урьд жилүүдээс илүүтэйгээр олон талаасаа усанд “нэвчих” болжээ.

Жишээ нь, зөвхөн Төвд номын фонд хэсэгт 1591 онд бүтээгдсэн Жамбалцанжид гэх цор ганц модон барын нугалбар судар, дэлхийн баримтат өвөөр бүртгэгдсэн “Монгол Шунхан Данжуур”, Богд хааны зарлигийн эх хувиуд зэрэг олон мянган ховор нандин ном, судрууд, түүхэн эх сурвалжууд хадгалагддаг. Гэвч, гал, усны өндөр эрсдэлтэй, хуучирч муудсан байрыг өнөө хэр нь засаж сэлбэхгүй байгаад сэтгэл зовинж байгаа талаар номын сангийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.

Мөн Үндэсний номын сангийн барилгыг шинээр барих шийдвэр гарсан ч төсөв, мөнгөний хүрэлцээгүй байдлаас болж барилгын ажлын явц удаашрах болжээ. Улмаар Үндэсний номын сангийн удирдлагууд 2013 онд барилгын өргөтгөлийн зураг төсөл хийлгэж, энэхүү ажилд нь 4.7 тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолсон байна. Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоогийн хэлснээр 4.7 тэрбум төгрөг нь шинэ барилгын төсөвтэй харьцуулахад маш бага өртөгтэй тул эхний ээлжид яаралтай өргөтгөлийн ажлыг эхлүүлж, үнэт, хосгүй ном судруудаа хадгалах ёстой гэж үзэж байгаа юм. Хэдийгээр номын сангийн удирдлагууд жил бүр урсгал засвар хийж байгаа ч засвар авахгүй, усны нэвчилтийг зогсоох боломжгүй тул Засгийн газрыг Үндэсний номын сангийн өргөтгөлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан хүслээ.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үнэт, хосгүй ном судруудыг хадгалах, хамгаалах асуудал тулгамдаж байгаа учраас газар дээр нь ирж үзье гэж бодсон юм. Шинэ барилгын явц удаашралтай байгаа тул дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр одоогийн номын сангаа өргөтгөх боломж эрэлхийлж байгаа юм байна. Энэ бол арга ядсан л зүйл шүү дээ. 2012 оноос хойш шинэ барилга барих төсвийн асуудал удаашралтай явж ирсэн байна. Өргөтгөлийн хувьд ялгаагүй. Тиймээс энэ асуудалд олны анхаарлыг хандуулах болоод хөрөнгө, мөнгө босгох тал дээр анхаарч ажиллах бодолтой байна” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолтод Монголын залуучуудын шигшээ баг хожив

БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд Спортын төв ордонд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо. Уг тэмцээнд Монголын залуучуудын шигшээ баг ӨМӨЗО-ны шигшээ багийг 75.69 харьцаатайгаар хожлоо. Энэ үеэр Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц “Тэмцээний үеэр хоёр орны тамирчид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах олон зүйл байгаа нь харагдлаа. Спортоор дамжуулан эдийн засаг, нийгэм, соёл гээд бүх салбарын харилцаа улам бүр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Ирэх онд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Уг ойг тохиолдуулан спортын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч нарт үүрэг өглөө

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн удирдлагууд хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг өглөө. Улсын хэмжээнд 59 аж ахуйн нэгж байгууллага 966 том, дунд болон бага оврын тээврийн хэрэгсэл, 1250 мэргэшсэн жолоочтойгоор 71 чиглэлд үйлчилгээ үзүүлж буй юм. Аж ахуйн нэгжүүд энэ оны эхний найман сарын байдлаар давхардсан тоогоор 1 сая 612 мянга 800 иргэнд үйлчилсэн нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт аж. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс хот хооронд тээвэрлэлт гүйцэтгэдэг 754 том оврын автобусыг техникийн хяналтын ээлжит үзлэгт хамруулаад байгааг аж ахуйн нэгжүүд АТҮТ-өөс эдгээр аж ахуйн нэгжүүдийг осол саатлаас урьдчилан сэргийлэх, техникийн түргэн тусламжийг бэлэн байлгаж, уялдаа холбоог сайжруулах, тээврийн хэрэгсэл бүрийг хар хайрцагтай болгох зэрэг хэд хэдэн үүрэг өгсөн юм.

Categories
мэдээ спорт

ДАШТ-д өрсөлдөх жүдочид

2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотын “National Gymnastics Arena”-д энэ сарын 20-27-нд зохиогдоно.

Эрэгтэйчүүдийн 32, эмэгтэйчүүдийн 23, холимог багийн хоёр дахь удаагийн ДАШТ-д Монгол Улс бүтэн багаараа оролцохоор бэлтгэл сургуулиа базааж байна. Бакуд одоогоор 132 орны эрэгтэй 503, эмэгтэй 317, нийт 820 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэрс тодорсон байна.

ЭРЭГТЭЙ

  • 60кг: Баяраагийн Амартүвшин /Залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клуб /
  • 66кг: Ганболдын Хэрлэн /”World Masters-2017” тэмцээний аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо /
  • 73кг: Ганбаатарын Одбаяр /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб /
  • Цэнд-Очирын Цогтбаатар /Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
  • 81кг: Отгонбаатарын Ууганбаатар /”Токио-2017” Гранд Сламын аварга, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
  • 90кг: Гантулгын Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
  • 100кг: Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Олимпийн наадмын IV байрт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
  • +100кг: Өлзийбаярын Дүүрэнбаяр /Азийн наадмын хошой мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
  • Найдангийн Түвшинбаяр /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клуб/

ЭМЭГТЭЙ

  • 48кг: Мөнхбатын Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо/
  • 52кг: Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
  • Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
  • 57кг: Доржсүрэнгийн Сумъяа /Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
  • Лхагватогоогийн Энхрийлэн /Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
  • 63кг: Балдоржийн Мөнгөнчимэг /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин/
  • Болдын Ганхайч /”Дюссельдорф-2018” Гранд сламын хүрэл мещдальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо/
  • 70кг: Цэнд-Аюушийн Наранжаргал /Азийн наадмын гурван хүрэл медальт, Азийн аварга, “Женко” клуб/
  • +78кг: Баттулгын Мөнхтуяа /Гран При тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/
Categories
мэдээ нийгэм

Байгууллагын фэйсбүүк хуудсыг хэрхэн үр дүнтэй хөтлөх талаар сургалт явууллаа

Фэйсбүүк группын төлөөлөгчид 9-р сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан төрийн байгууллагын удирдлагуудтай албан ёсны уулзалт хийж, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохиолоо. Монгол Улсын хэмжээнд нийт 2,1 сая фэйсбүүкийн хэрэглэгчид байгаа бөгөөд УБ хотын 15-20 насныхны 96% нь өдөр бүр фэйсбүүк-т ордог гэсэн судалгаа байдаг.

Тус группын Улс төр, засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан фэйсбүүкийн зохистой хэрэглээ, албан байгууллагуудын фэйсбүүк хуудсын хөгжүүлэлтийн талаарх сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн компаниудын вэб хуудас хөгжүүлэгчид, пэйж хуудас хөтлөгчдийг хамруулан явууллаа.

Сургалтаар байгууллагын пэйж хуудсыг үр дүнтэй хөтлөх, оруулсан мэдээ мэдээллийнхээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах талаар танилцууллаа. Мөн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, ямар төрлийн контент хүмүүст хамгийн их хүрдэг талаар болон сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулт өгч, харилцан ярилцлаа.

Categories
мэдээ спорт

Арслан Б.Жамьяндоржийн нэрэмжит барилдаан болно

Mонгол Улсын арслан Б.Жамъяндоржийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 14-15-нд Гурванбулаг суманд зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын арслан, “Тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Б.Жамьяндоржийн нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг 11-18 насны хоорондох зургаан насны ангиллаар зохиох юм. 16-гаас дээш гурван насны ангилалд түрүүлсэн бөх улсын аварга шалгаруулах барилдаанд зодоглох эрх авах аж.

Булган хангай нутгаас төрөн гарсан бөхчүүдээ алдаршуулах, залгамж халааг бэлтгэх, барилдааны арга барил, ур чадвар, арвин их өв уламжлал, туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэх зорилгоор энэ нэрэмжит барилдааныг 29 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Танихгүй танил”-ыг unfriend!

Цахимаар бусдыг гүтгэх доромжлох, хуурч залилах, садар самуунд уруу татах, худал хуурмаг мэдээлэл түгээх болон хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлөх зэрэг зүй бус явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын зүгээс “UNFRIEND ХӨДӨЛГӨӨН”-ийг эхлүүлж байна.


Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Авьяаслаг Монголчууд” шоу үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ

“Авьяаслаг Монголчууд” шоуны гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн Монгол ТВ-гээр хүрэх гэж байна. “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн билээ.

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна. Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон “Наашаа Цаашаа” нэвтрүүлгийн хөтлөгч юм.

Дашрамд сонирхуулахад, “Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх О.Энх-Эрдэнэ дуучин түрүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Аравдугаар хорооллын замыг хаана

Дулааны шугам өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, Хөх хот рестораны баруун талын туслах замыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 09-ны 08:00 цаг хүртэл хаана. Мөн дулааны болон бохир усны шугам татах зорилгоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 95/1 байрны дундах замыг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны 22:00 цагаас 09 дүгээр сарын 10-ны хооронд 08:00 цаг хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.