Categories
мэдээ нийгэм

Шадар сайд үерийн дараах сэргээн босголтын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдэв

Засгийн газрын ээлжит хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны явц, шаардагдах хөрөнгийн асуудлыг танилцууллаа.

2018 оны 06 дугаар сарын сүүлч, 07 дугаар сард ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас зарим аймаг, Улаанбаатар хотод үер бууж, цахилгаан шугам сүлжээ, автозамд эвдрэл гэмтэл, саатал гарч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байгаа юм.

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан 07 дугаар сарын 19-ний өдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд орон гэргүй болсон өрхөд улсын нөөцөөс олгохоор шийдвэрлэсэн иж бүрэн гэр, ус тээвэрлэгч, бохир зөөвөрлөгч, дугуйт ачигч зэрэг автомашин, механизм, авто замын байгууламжийг сэргээн засварлахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтов.

Мөн Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн 29 байршилд 116 км урт авто зам, замын байгууламж усанд автаж, эвдэрснийг сэргээн засварлах ажлыг эрчимжүүлэх үүргийг холбогдох яам, орон нутгийн удирдлагуудад өгч, шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг бороо орох мэдээлэл ирүүлж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат шатандаа авч, цаашид гамшгийн эрсдэлийн бэлэн байдлыг бүх түвшинд хангах, ард иргэдийг даатгалд хамруулах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болголоо гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь болон Багануурын дулааны цахилгаан станцын асуудлыг хэлэлцэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо хуралдаан боллоо. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын тухай ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах тухай бүх аймгийн Засаг даргад үүрэг өглөө. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр үүрэг өгч, ажлын явцтай танилцав. Мөн Баян-Өлгий аймагт болсон үерээс болж хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгохоор ажиллаж байгаа. Бас Тавантолгой болон дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өгөн ажиллаж байна. Үүнд, Шивээ хүрэн-Сэхээгийн хилийн боомтын барилгын ажлыг ирэх онд багтаан дуусгахаар төлөвлөж байгаа. Үүнээс гадна Засгийн газраас яам, агентлагийн ажлыг жигдлэх үүрэг өгсөн” гэв. Мөн Өмнөговьд ДЦС байгуулах ажлын явцын талаар тэрбээр “Төслийн хүрээнд “Оюутолгой” компани цахилгаанаа дотоодоос авах талаар хэлэлцээр явагдаж байгаа. Мөн “Тавантолгой”-д түшиглэн ДЦС байгуулагдах төсөл эцэслэгдэж, Солонгосын эрчим хүчний компани хамтран ажиллахаар болсон” хэмээв. Түүнчлэн Багануурын ДЦС-ын ажлыг Засгийн газрын хуралдаанаар яригдсан. Багануурын ДЦС-ын хүчин чадал хэт өндөр, манай станцуудын үйл ажиллагаанд доголдол учруулахуйц байна. Энэ гэрээг дангаар нь цуцалбал Засгийн газар төлбөр төлөхөөр тусгасан юм гэв.

Categories
мэдээ нийгэм

Австрали улстай ​ажиллах болон амрах визийн талаар санамж бичиг байгуулна

“Ажиллах болон амрах визийн тохиролцооны тухай Монгол Улс, Австрали Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн төслийг хэлэлцэн дэмжив.

Санамж бичигт ажиллах, амрах виз олгох, нэвтрэх, оршин суух, хөдөлмөр эрхлэх нөхцөл, бичиг баримт шаардах, иргэдийг буцаан шилжүүлэх, түдгэлзүүлэх, маргаан шийдвэрлэх зэргийг тусгасан байна.

Визийн ангилалд хамрагдах хүсэлтэй иргэн нь дээд боловсролтой, эсвэл дээд сургуульд хамгийн багадаа хоёр жил суралцсан, англи хэлний IELTS-ийн 4.5 оноотой, онгоцны ирэх-буцах тийз болон санхүүгийн баталгаатай байх ёстой юм.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгий аймагт учирсан хохирлыг арилгахад 1.3 тэрбум төгрөг улсын нөөцөөс гаргана

Баян-Өлгий аймагт долоодугаар сар гарсаар дөрвөн удаа усархаг аадар бороо орсны улмаас Өлгий сумын долоон багийн 530 айлын 2500 гаруй хүн гамшигт нэрвэгдсэн. Гурван иргэн бэртэж гэмтэн, 287 байшин бүрэн нурж, гэр, хашаа, байшин усанд автсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон холбогдох хүмүүст үүрэг, чиглэл өгч шийдвэр гаргасан юм.

Энэ дагуу Баян-Өлгий аймагт 80 гэр, ус тээвэрлэгч, бохирын болон түргэн тусламжийн автомашин, дугуйт ачигч зэрэг техникийг Улсын нөөцөөс гаргасан бол Дэлхийн зөн-Монгол, МУЗН, Адра, Каритас олон улсын хүмүүнлэгийн байгууллага 115 мянган ам.долларын үнэ бүхий тусламж үзүүлжээ.

Өлгий суманд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15.6 тэрбум төгрөг болоод байна. Засгийн газрын хуралдаанаар энэ талаар хэлэлцээд шаардагдах 540 гаруй сая төгрөгийн 468 саяыг Засгийн газрын нөөц сангаас, үлдэх хэсгийг аймаг, сумын нөөц сангаас гаргах нь зүйтэйгэж үзэв. Мөн Өлгий сумын үерийн хамгаалалтын даланг шинэчлэх ажлаа шуурхайлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгов.

Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймагт нийт 116 км урт авто зам, замын байгууламж үерт автаж эвдэрсэн. Үүнийг сэргээн засахад шаардагдах нэг тэрбум 300 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өдөр хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. “Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой “Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ хичээлийн жилд шинээр есөн цэцэрлэг ашиглалтад орно

БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн шинэ жилд шинээр есөн цэцэрлэг ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цолзолмаа мэдээлэл хийв. Тэрбээр, “Энэ оны эхэнд БСШУСЯ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 281 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Үүнээс нийслэлд 47, орон нутгуудад 81, ТӨБЗГ-т 59 ажлын эрхийг шижлүүлсэн байна. Ингэснээр БСШУСЯ-нд 81 ажил нь үлдэж байгаа юм. Одоогоор нийслэлд эрх шилжсэн ажлуудын гүйцэтгэл 55 хувь, орон нутагт 93 хувь, ТӨБЗГ-т шилжүүлсэн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Харин БСШУСЯ-ны хариуцан хэрэгжүүлж буй ажил 87 хувьтай хэрэгжиж байгаа. БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж, орон нутагт эрх шилжүүлсэн ажлуудын явцтай танилцсан. Удахгүй баруун аймгуудад ажиллана. Энэ оны есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад хүлээн авна. Мөн гурван сургуулийн өргөтгөл хүлээж авах юм. Үлдсэн төсөл, хөтөлбөрүүдийг 2019-2020 онд бүрэн хэрэгжүүлж, бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт бүрэн хамруулах зорилтоо биелүүлнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 20-ноос ургацын урьдчилсан баланс гарна

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийнэ. Ингэснээр 538.4 мянган тонн үр тариа, үүнээс 518.7 мянган тонн улаанбуудай, 171.2 мянган тонн төмс, 101.9 мянган тонн хүнсний ногоо, 64 мянган тонн малын тэжээл, 34.2 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах зорилт дэвшүүлсэн.

Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 2018 оны тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн. 2018 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн ургамал 947 га-д, жимс, жимсгэнэ 386 га-д тус тус тариалсан юм.

Наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж үзэж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана.

Ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа амжилттай хураан авахын тулд ургац хураалтын үед болон хураалтын дараах үтрэмийн ажилд цаг агаарын болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, туршлагатай тариаланчидтай хамтран ургац хураалтын технологийн зөвлөмж боловсруулах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн.

Мөн ургац хураалтад шаардлагатай бүхий л бэлтгэл ажил тэр дундаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургацын талбайд борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийхийг анхаарууллаа. Түүнчлэн үтрэмийн талбайг цэвэрлэж, ургац хүлээн авах шаардлагад нийцүүлэх, ургац хураалтын үед гарах хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцлөх, даршлах нь зүйтэй юм.

Share
Tweet
Share
Share
Categories
мэдээ нийгэм

Голын усны төвшин аюулын хэмжээнд хүрчээ

Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Чулуут, Шаргалжуут, Цагаантуруут голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-100 см-аар нэмэгдэж, Цагаантуруутын гол үерийн түвшин 100 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Хэрлэн, Ховд, Хархираа, Чигж гол үерийн түвшинг 5-25 см, Онон гол Дадал сум болон Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 15-20 см давсан хүчтэй үерлэж байгаа талаар ЦУОШГ-аас мэдээллээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар тур зуурын болон усархаг бороо орох тул жижиг гол хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн дээр дурдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оржээ

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Уг хууль 5 бүлэг, 39 зүйлтэй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зорилтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар тодорхойлсон бөгөөд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг хуульд шинээр тусгасан болно.

Үүнд:

2003 онд баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэдэггүй байсан бол шинэчлэн баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар бүртгэлийн үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, эд хөрөнгийн бүхий л эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулж, бүртгэлийн улсын хэмжээний статистик мэдээг үнэн зөв, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан.

Мөн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид байдлаар бүртгэснээр газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан ихээр гардаг байдлыг өөрчилж, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгдмэл байдлыг бүрдүүлэх, зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн /барилга, байгууламж/ өмчлөх эрхийг түүний доорх болон орчны нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх зохицуулалт шинээр орсон.

Түүнчлэн улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлгийг цахим хэлбэрээр авах, бүртгэлийн байгууллагаас холбогдох лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр өгөх зохицуулалтыг хуульд тусгасан.

Улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хийх боломжийг бий болгосонтой холбогдуулан нотариатч нь улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр бүртгэлийн мэдээллийн санд хандаж, иргэн, хуулийн этгээдийн өмнөөс цахим бүртгэл хийх, зуучлалын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон.

Иргэний хуультай нийцүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх болон түүнтэй холбоотой бусад эрх үүсэхээр хуульчилж, улсын бүртгэлийн байгууллага өмчлөх эрхийг бүртгэлд бүртгэснийг нотолж, гэрчилгээ олгохоор тусгалаа.

Газар, эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдийг төрийн байгууллага хооронд явуулж чирэгдэл үүсгэхгүй байх зорилгоор иргэнээс газар эзэмших, ашиглах хүсэлтийг газрын албанд гаргасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан дундын мэдээллийн санд хуульд заасан мэдээллийг оруулсны үндсэн дээр цахимаар мэдүүлэг гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага дундын мэдээллийн санд нэвтэрч уг мэдээллийг нягталж, шалгаад газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн дугаарыг дундын санруу илгээх бөгөөд газрын алба, газрын даамал улсын бүртгэлийн дугаарыг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд тусган иргэн, хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан.

Өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар иргэд төрөөс чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэх, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнтэй холбоотой бусад эрхийн талаар улсын нэгдсэн бүртгэлтэй болох, улсын хэмжээний статистик мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарах, газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгаа хангагдах ач холбогдолтой

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д 111 жилд тохиогоогүй халуун өдрүүд болно

Өнөөдөр маргааш буюу 2018 оны 8 сарын 1,2~ны өдрүүдэд БНСУ~д цаг уурын мэдээ хэмжиж эхэлснээс хойш 111 жилд болоогүй 40 хэм хүрч мэдэх хамгийн халуун өдрүүд үргэлжлэх ажээ. Сөүлд урьд өмнө бичигдэж байгаагүй 39 хэмээс хэтрэх аж. Энэнээс өмнө 1994 онд 38,4 хэм хүрсэн нь солонгосын хамгийн халууны хэмжээ байсан байна. Сөүлийн өглөө 28 хэмээс эхэлнэ. Чүнчон 39 хэм, Дэжон Гуанжү 38 хэм халуун болж ерөнхийдөө бүх бүс нутгаар халуун болох ажээ. Ялангуяа өдрийн хэт халуун цаг болох 12 цагаас 5 цагийн хооронд гадагшаа гарахгүй байх, ус бага багаар байнга ууж шингэнээ алдахгүй байх, боломжоороо сүүдэрт байх зэрэг өөрийгөө сэрүүцүүлэх арга хэмжээ авна уу.

Кофе болон энергийн ундаанаас зайлсхийж, ус жүүс солонгосоор Иун ундаа буюу шингэн нөхөх зориулттай ундаа уухыг зөвлөж байна.

Хэрэв нарны хордлогын шинж илэрвэл аль болох хурдан наранд түлэгдсэн хэсгээ хүйтэн усаар шавшиж, ундаа бага багаар шимж уугаад эмнэлэгийн тусламж авна уу.

Зөвхөн 2018 оны зун солонгост 2266 хүн наранд хордож, сүүлийн 2 сард 28 хүн нас бараад буй. Мөн хэт халуунаас тахиа үхэр олон мянгаараа үхэж, олон зуун фермүүд үүдээ хаажээ.

(39 хэм гэх ч ганц зуух асааж хоол хийхэд тасалгаан доторх хэм 40 хэм хэтэрч буйг, Сөүлийн олон машин давхиж буй зам улаанаар эргэлдэж буй зэрэг бодит амьдрал дээр илүү халууныг анхаарна уу!)

Түүхэн халуунд солонгост ажилж амьдарч буй монголчууд маань дор бүрнээ болгоомжилхыг анхаарууллаа.

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ