Categories
мэдээ нийгэм

Өвчтөндөө зодуулсан эмчийн биеийн байдал муу байна

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт өнгөрсөн сарын 26-ны өдрийн 21:27 цагт үзүүлэхээр ирсэн өвчтөн жижүүрт гарч байсан эмчийг зодож танхайрсан хэрэг гарчээ. Энэ талаар Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд эмнэлгийнхээ цахим хуудсанд байршуулжээ. Жижүүр эмч Эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчтөг хэвтүүлчхээд, ЭХО-ны зургийг нь харахаар гарч ирж үед дуудлагаар ирсэн өвчтөн “үзлэг хийлгүй удлаа” гэх шалтгаанаар түүнийг зодсон байна.

Зодуулсан эмчийн уруул нь сэтэрсэн, толгой болон тархи нь доргилттой, нуруу нь хөхөрч, улайсан байгаа аж. Жижүүр эмчийн биеийн байдал хүнд байгаа учраас өнөөдрөөс эхлэн амралтаа авч байгаа гэнэ. Энэ хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэс одоогоор шалгаж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

ERXES маркетинг, борлуулалтын платформ: Гарааны бизнесийн аялал үргэлжилж байна

/Улаанбаатар, 23.07.2018/ Бизнес хөгжүүлэлт, дэвшилтэт маркетинг, мэдээлэл технологийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч Нью Медиа Групп нь 2010 онд байгуулагдсан цагаасаа эхлэн олон улс руу чиглэсэн хэд хэдэн технологийн бүтээгдэхүүн хөгжүүлснээс 2018 оны эхний улиралд дотоодын зах зээлдээ амжилттай нэвтэрсэн ERXES маркетинг, борлуулалтын платформ нь олон улсын зах зээлрүү нэвтрэхээр технологийн томоохон компаниудын өлгий нутаг болох Америкийн Нэгдсэн Улсын “Цахиурын хөндий”-г зорихоор боллоо.

ERXES нь хэрэглэгчтэй харилцах, маркетинг борлуулалтын шийдэл санал болгодгоороо HubSpot, Salesforce зэрэг гадны программуудтай төстэй боловч функц, ажиллагаа, байгууллагын онцлогт нийцсэн нэмэлт хөгжүүлэлт хийх боломж зэргээрээ хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаанд илүү нийцсэн, хиймэл оюун ухаанд суурилсан нээлттэй эхийн платформ юм.

ERXES багийнхан 2018 оны 5 сраын 7-нд Зайсан Хилл цогцолборт зохион байгуулагдсан Echelon TOP 100 APAC 2018 арга хэмжээнд өрсөлдсөнөөс Монгол улсдаа тэргүүлж, Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг болсон юм. 2018 оны 6-р сарын турш Ази номхон далайн орнуудаар зохиогдсон томоохон арга хэмжээнүүдэд амжилттай оролцон, гарааны бизнесийн цаашдын хандлага, дэлхий дахины тренд, Монголын гарааны бизнесүүд олон улсын тавцанд ямар хэмжээнд явж байгааг дэлхий дахинд илтгэсэн, үнэ цэнэтэй туршлага хуримтлуулан эх нутагтаа ирсэн.

Дэлхий ертөнц, нийгэм, технологи, бизнес, эрүүл мэнд гэх мэт бүхий л салбарт шинэлэг санаа, инновацийн шийдэл эрэлхийлдэг Цахиурын хөндийнхөн өвөрмөц санаа, шийдэл санал болгосон гарааны бизнесүүдийг үргэлж дэмжихийг эрмэлздэг. Тэр ч утгаараа олон олон инкубатор хөтөлбөрийг бодлогынхоо хүрээнд зохион байгуулдгаас ERXES маркетинг, борлуулалтын платформ дараах 4 төрлийн хөтөлбөрт тэнцсэн байна. 2018 оны 8-9 сарын хооронд явагдах дөрвөн хөтөлбөрийн талаар товч танилцуулъя.

1. Founder University (2018 оны 8 сарын 6-8-ны өдөр) – Цахиурын хөндийн “томчуудын” нэг LAUNCH.co-оос зохион байгуулж буй гурван өдрийн арга хэмжээ бөгөөд хөтөлбөрт хамрагдагчид нь бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан боловч хөрөнгө босгох эхний шатанд хөрөнгө оруулалт татаж чадаагүй гарааны бизнесийн үүсгэн байгуулагчид байх юм. Старт-Апуудын хувьд чухал ойлголтуудын нэг болох найраа, түүнийг хэрхэн төгс хийхээс эхлээд, багаа зөв бүрдүүлэх, зах зээлд өргөжих стратеги, борлуулалтаа зөв оновчлох гэх мэт нэн чухал чадваруудыг олгох энэ хөтөлбөр Сан Франциско хотод явагдана.

2. Shape North America (2018 оны 8 сарын 9-12-ны өдөр) – Дөрөв хоногийн турш АНУ-ын Сакраменто хотод явагдана. Арга хэмжээг зохион байгуулагч The Global Shapers Community нь “Дэлхийн Эдийн Засгийн Форум”-аас төрөн гарсан, дэлхий даяар 157 улсын 378 хотод 7000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг залуусын нэгдэл юм. Дэлхийн нийтийн чиг хандлага, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй технологийн эрин зуун, түүнтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах, ажлын чиг шугамаа хэрхэн тодорхойлох, туршлага, сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн нэгдэх гэх мэт хөтөлбөрүүдийг багтаасан энэ арга хэмжээнд оролцогчид өөрсдийгөө сайжруулахын зэрэгцээ чухал харилцаа холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ.

3. Black Box Connect 23 (2018 оны 8 сарын 13-24-ний өдөр) – Хоёр долоо хоногийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдыг өндөр шалгаруулалтын хүрээнд цугларуулж, цаашдын үйл ажиллагаа, хоорондын харилцаа холбоог нь сайжруулах зорилготой юм. Сонгогдсон оролцогчид Сан Франциско хотод хоёр долоо хоногийн турш байрлан, энэ хөтөлбөрт хамрагдсан CEO нар “Цахиурын хөндий” хэрхэн ажилладаг мөн тэндхийн хүмүүстэй чухал харилцаа холбоо тогтоохоос эхлээд бизнесийн стратегиа тодорхойлох, дэлхий дахинд танигдах, бүтээгдэхүүн, хөрөнгө босгох арга техникүүд болон туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах зэрэг маш чухал ач холбогдолтой хөтөлбөрүүдийг сургалт хэлбэрээр авна.

4. TechCrunch Disrupt (2018 оны 9 сарын 5-7-ны өдөр) – Энэ хөтөлбөр нь бүхэлдээ Гарааны бизнесийн тухай бөгөөд Технологийн салбар болон гарааны бизнесийн акулууд илтгэл тавьж туршлагаа хуваалцана. Арга хэмжээний гол хэсэг бол эхний шатандаа яваа гарааны бизнесүүд найраа буюу Pitch-ээрээ хоорондоо өрсөлдөх ба ялагч нь TechCrunch-н тайзан дээрээс 100,000 ам.долларын шагналыг хожихын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, хамгийн гол нь хөрөнгө оруулагчдад өөрсдийгөө таниулах боломжтой. Дэлхийд танигдсан хэд хэдэн технологийн компани энэ арга хэмжээний ялагчид болж байсан бөгөөд TechCrunch-ийн тайзнаа өрсөлдөж байсан старт-апууд нийт 8 тэрбум ам.долларын хөрөнгийг бусад талбарууд дээрээс босгож чадсан тоо баримт байдаг.

Дээрх арга хэмжээнд оролцох шаардлагыг хангасан А.Мэнд-Орших захиралтай ERXES маркетинг, борлуулалтын платформын баг, хамт олонд амжилт хүсч, эх орныхоо нэрийг Цахиурын хөндийгөөр зогсохгүй дэлхий даяар цуурайтуулахыг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний номын сангийн бүх ном судар баринтагтай боллоо

Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй 35000 орчим хуучирсан соёлын үнэт өв болсон ном судруудад баринтаг хандивлах ёслол боллоо. “Түүхээ хадгалъя” төслийг 2015 оноос JCI Капитал ТББ санаачлан Үндэсний номын сантай хамтран зохион байгуулжээ. Монголчуудын түүх, соёлын тухай мэдлэг, мэдээллийг тээсэн үнэтэй ховор номыг баринтагласнаараа хойч үе, судлаач, эрдэмтдэд өвлүүлэн үлдээх зорилготой аж.

Энэ үеэр JCI капитал ТББ ерөнхийлөгч Ж.Сандагдорж “Номын баринтаг” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд хадгалалтын шаардлага хангахгүй 35000 мянган ном судрыг баринтаглах зорилт тавьсан. Мөн Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас 10000 гаруй номын баринтагыг Төв номын санд хүлээлгэн өглөө. Ингээд бид зорьсондоо хүрээд байна. Цаашлаад манай байгууллага Төв номын сантай хамтран залуу эрдэмтэн, судлаачдад шаардлагатай байгаа Монголын түүхийн талаарх 108 номын жагсаалтыг гаргасан. Ингээд бид гадаадын байгууллагуудтай хамтран эхний 30 номыг Үндэсний Номын Санд хандивлах ажлыг эхлүүлнэ” гэлээ.

“Номын баринтаг” төсөлд 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх идэвхи санаачлагатай оролцож өнгөрсөн онд нийт 15000 орчим баринтаг хүлээлгэн өгсөн. Харин 2018 он гарснаар долоон сарын турш 3720 баринтаг, Завхан аймгийн иргэд 888 баринтаг хүлээлгэн өгсөн байна.

Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо “Номыг баринтагласнаараа хадгалах хугацааг уртасгадаг”

Үндэсний Номын Сан, Завхан аймгийн ард иргэд хамтран “Өв соёлоо өлгийдье” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэн. Бид 8888 баринтаг хийж өгөх зорилготой энэхүү аяныг анх эхлүүлсэн. Харин өнөөдөр 10000 баринтаг хийж зорилгодоо хүрч чадлаа. Аяны хүрээнд бүх ном судрууд баринтагтай болсон. Энэ нь манай номын сангийн олон жил хүлээж байсан том ажил байлаа. Номыг баринтагласнаараа хадгалах хугацааг уртасгадаг. Мөн баринтаглахдаа номуудыг давхар катлогжуулж байна.

Үндэсний номын санд 100-300 жилийн өмнөөс Монголчуудын бичин туурвиж байсан соёлын үнэт өв хадгалагдаж байгаа аж.

Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн Б. Баяржавхлан “Хангай хааны оргил сэнтийд хаан Отгонтэнгэр хайрханаараа овоглосон завханчууд маань “Өв соёлоо өлгийдье” аяныг гурван сарын хугацаанд өрнүүлж 10146 баринтгыг цуглуулж чадсан. Аянд давхардсан тоогоор 15200 гаруй хүн оролцсон. Дэмжлэг тусламж үзүүлсэн нутгийн ард түмний маань баринтгууд улсынхаа Төв номын санд өнөөдөр заларч байна. Сэтгэл зүтгэл гарган оролцсон бүх хүмүүстээ талархаж байгаа илэрхийлье” гэв.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Хэрэглээний халуун ус хязгаарлах хуваарь

2018 оны долдугаар сарын 30-аас наймдугаар сарын тавны өдрийн хооронд хийгдэж буй засварын ажлууд, хэрэгцээний халуун ус хязгаарлах хуваарийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Манай хороо – Миний гудамж аяны хүрээнд тохижилт, хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж байна

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Манай хороо-Миний гудамж аян нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ. Аяны хүрээнд Багахангай дүүрэгт тохижилтын болон хөрөнгө оруулалтын олон ажил хийгдэж байна.

Иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор шөнийн “Гэрэлт гудамж”, “Эко төгөл”-ийг шинээр ашиглалтад оруулсан ба Хангай 1,2 парк, нийтийн эзэмшлийн орон сууцны дундах усан оргилуурыг засварлан орчныг тохижууллаа.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хангай 2 парк, Эко төгөл хотхон, төв талбайн эргэн тойронд болон “Гэрэлт гудамж”-нд нийт 1800 ширхэг цэцгийн үрсэлгээ суулган арчилгаа усалгааг тогтмол хийн ажиллаж байна.

Мөн тус аяны хүрээнд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Багахангай дүүргийн 2 дугаар хорооны Нуурын гэр хорооллын 5-р гудамжийг “Жишиг гудамж” болгох ажил, ахмад настныг чийрэгжүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг тохижуулах ажлууд тус тус хийгдэж эхлээд байна.

Шинээр ашиглалтад оруулсан “Эко төгөл”, “Гэрэлт гудамж” болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудад дүүргийн иргэд сэтгэл хангалуун байна гэж Багахангай дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” наадмын үеэр нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/665 дугаар захирамжаар “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулахаар болсон.

Уг наадмын үйл ажиллагаатай холбоотойгоор “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлнэ.

Тус чиглэлд бэлэн мөнгөөр үйлчлэх ба үнэ тарифын хувьд Том хүн–1000 төгрөг, Хүүхэд–200 төгрөг байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бүсийн наадмууд дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй болжээ

Сүхбаатар, Булган, Дорноговь аймагт бүсийн наадам энэ сарын 27-ноос 29-ний өдрүүдэд боллоо. Энэхүү наадмуудын үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчид тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудтай хамтран хэв журмын хамгаалалтыг зохион байгуулан ажилласан байна.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Үндэсний их баяр наадмын хэв журмын хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулж, хурдан морины уралдааныг шаардлагагүй олон тооны автомашин дагадаг эмх замбараагүй байдлыг цэгцэлснийг иргэд, наадамчид сайшаалтай хүлээж авчээ.

Мөн цагдаагийн байгууллагаас баяр амралтын өдрүүдэд улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулснаар дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй наадсан байна. Бүсийн наадмуудын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг энэ жишгээр амжилттай зохион байгуулж, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй, тайван нааджээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил нэгдүгээр ангид зургаан настай 34368 хүүхэд элсэнэ

НИТХ-ын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт 114252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж

Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эцэг, эх, асран хамгаалагч, иргэдэд нээлттэй, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх цахим бүртгэл мэдээллийн нэгдсэн удирдлагаар төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хийсэн. Цахим элсэлт 7-р сарын 27-ноос 8-р сарын 25 хүртэл зохион байгуулагдана. Нийслэлийн хэмжээнд бүх цэцэрлэгт очер, дараалал үүсэхгүй хүүхдийн бүртгэлийг гэрээсээ бүртгүүлэх боломж бий болсон. Цэцэрлэгт хамрагдаж буй 2-5 настай хүүхдийн мэдээллийн сантай боллоо. Мөн бүртгэл, элсэлт ил тод нээлттэй болсноор зогсохгүй ажлын ачаалал багассан. www.tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар элсэлт хийгдэж байна гэж НБГ-ын дарга Ж.Гантулга хэллээ.

Харин ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийт 241 сургууль бий. 2018-2019 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 6 настай 34368 хүүхэд элсэнэ гэв.

Хурлын дэгийн дагуу Тэргүүлэгчид мэдээлэлтэй холбоотой асуулт асууж санал хэллээ. Хэдийгээр цэцэрлэг, сургуулийн талаар ерөнхий мэдээллүүдийг өгч байгаа боловч өнөөг хүртэл сургуульдаа биеийн тамирын залгүй, 10 жил биеийн тамирын хичээлд сууж үзээгүй олон сурагч байсаар байна. Мөн СӨБ болон ерөнхий боловсрол олгох боловсролын систем өөрөө их хэлбэр төдий байгаа тул хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах тэднийг сургаж байгаа багш нарыг дахин сургах асуудлууд огт хөндөгдсөнгүй гэдгийг хэллээ. “Хандив, тусламж хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байна. Энэ асуудлыг цэгцэл. Ойлгомжгүй олон асуудал байгаа тул тодорхой болгох зорилгоор бүх талын оролцоотой ажлын хэсгийг байгуулж асуудлыг яриад өнгөрдөг биш асуудлыг шийдвэрлье. Зарчмаа тодорхой болгохгүй бол хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байна” гэж НИТХ-ын дарга С.Амарсайхан ярьсан юм.

Ийнхүү энэ асуудлын хүрээнд ажлын хэсэг байгуулж нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй асуудлыг нээлттэй болгож холбогдох бүх шатны байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллах үүрэг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Инновацийг хөгжүүлэх гарааны компаниудыг татварын бодлогоор дэмжинэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийв. Монгол Улсын эдийн засаг тогтворжих хандлагатай болж байна. Тиймээс ганц уул уурхайгаас хараат бус дэлхийн улс орнуудын сайн жишгээр шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх нь чухал юм. Энэ хүрээнд төрөөс инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж ахуйн нэгж, бизнесийн санаачлагыг дэмжинэ гэдгийг Ц.Цогзолмаа сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Тэрбээр, “Бодлогын хүрээнд “Start up” компанийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар БСШУСЯ-нд 21 гарааны компаниас 29.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 567 нэр төрлийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлүүлэх санал ирүүлсэн. Уг асуудлыг мэргэжлийн баг судалсны үндсэн дээр эхний ээлжинд 11 гарааны компанийн инноваци болон нано технологийн чиглэлийн 10 тэрбум төгрөгийн 148 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 500 сая төгрөгийн татвараас чөлөөлөх болсон. Ингэснээр дээрх аж ахуйн нэгжүүд ирээдүйд 73 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломж бүрдэнэ гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл, татварын орлого нэмэгдэхээс гадна шинэ ажлын байр бий болох юм. Хүсэлт ирүүлсэн компани болгоныг гааль болон НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй. Зөвхөн гарааны компанид дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун бүх бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог гэв

Ардчилсан намаас “Иргэдээ сонсъё” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Аяныг хэрэгжүүлэх явцад иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг ихээр тавьсан аж. Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан санал, асуулгад оролцогчдын 92 хувь нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох асуудлыг тавьсан байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа асуудлыг хэлж, татвар нэрээр Төр засаг ард иргэдийнхээ орлогоос хумсалж байна хэмээж байсныг АН-ын зүгээс мэдээллээ. Түүнчлэн цалин, тэтгэврийг нэмнэ гэдгийг эрх баригчид мөрийн хөтөлбөртөө тусгасан ч нэмэгдүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн ажилгүйдэл, ядуурал сум, орон нутагт маш их байна. Төрийн албан хаагчдын халаа, сэлгээ их, төрийн албан хаагчид ажлаа хийхгүй байгаа зэрэг асуудлыг ард иргэд тавьсан аж.

Иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг тайланд тусгаж, АН-ын үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дүгнэн, эрх баригчид, шат шатны удирдлага, албан тушаалтанд хүргүүлнэ гэдгийг хэллээ.

Бензин, шатахууны үнэ өссөн нь ард, иргэдийн амьдралд хүнд, дарамт болж байна гэв. Энэ талаар Зам тээврийн бодлогын зөвлөлөөс “АН өнгөрөгч тав, зургаадугаар сард “Монголоо сонсъё” аян явуулсан. Манай зөвлөлийн гишүүд сонгогдсон аймаг, дүүрэгт очиж ажиллааа. Манай зөвлөлд авто тээвэр, зам, иргэний нисэх зэрэгт ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс байдаг. Бид мэргэлжийн зүгээс багцлан авч үзэхэд иргэдийн сэтгэлийг нь бензин шатахууны үнийн өсөлт хамгийн ихээр зовоож байсан. Хоёр дахь нь орон нутгийн замын эвдрэлийн асуудал. Шатахуун бүх бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог. Энэ нь эргээд монголчуудын амьдралд хүндрэл учруулж байна. Монгол Улс нийтдээ жилд 8-1400 сая долларын нэфтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефт” компаниас авдаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид тэмцлийн хэлбэрийг сонгоно” гэлээ.