Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Муу мэдээ, муу мэдээ, бас дахин муу мэдээ

Ардын засгийн жилүүдэд зөвхөн “сайн мэдээ” байлаа. Ачит нам засгийн буянаар ард бид нар жаргаж байгаа тухайгаа байнга дуулна. “Жаргаад байна аа хө” гээд л дуулаад байхаар нээрээ ч жаргаад байгаа юм шиг санагддаг ч байсан байж магадгүй. Зовлон хоёрхон тохиолдолд л байв. Нэг нь өнгөрсөн цаг дээр. Хувьсгалаас өмнө ард түмэн тарчлан зовж байсан тухай өдөр бүр үлгэр хүүрнэнэ. Нөгөө нь, зовлон хилийн чанадад, зүгээр нэг хилийн цаана бус социалист системийн хилийн чанадад оршино. Америк тэргүүтэй орнууд зовлонгийн далайд живэх жишээний.

Хувь хүний ирээдүй өөрийнх нь гарт биш нам, засгийн “найдвартай” гарт байна. Ард түмэн нам засгийн гарт жаргаж байгаа ба ирэх таван жилд хэд хэдэн хувиар илүү жаргах, арваас хорин жилийн дараа бидний аз жаргалын концентраци машид өтгөрсөөр 100 хувь болно. Тэр үеийг коммунизм гэж нэрлэнэ.

Энэ дэглэм муу мэдээллийг хориглоно. Зөвхөн аз жаргалын мэдээг зөвшөөрөх төдийгүй, нийтээрээ жаргахыг хатуу шаардана. Зовохыг хуулиар хориглож байв. Амьдын хагацалд унаж, аав ээжийгээ буудуулсан ч гэсэн “Ачит намын буянаар жаргаж сууна аа” хэмээн дуулах төдийгүй, жаргалтай гэдгээ үнэмшүүлэх үүрэгтэй. Үр ачийг нь улам жаргаахын тулд өвөөг нь, нагацыг нь буудаж, өмчийг нь хураан авсан явдалд баясан дуулах учиртай.

Гэтэл хорвоогийн амьдрал гэрэл сүүдэр, зовлон жаргалаас нөхцөлдөн бүтсэнээс хойш хүний амьдралд тэр сүүдэр тусахгүй яахин өнгөрөх билээ. Амьтан зовдог, гэхдээ тэрийгээ хэлдэггүй. Харин хүн зовлонгоо ярьж, зовлонгоо дуулж, зовлонгоо тунхаглаж байж сэтгэлээ хөнгөлдөг, ингэж баймаажин дотроо бугшсан хар эрчмээ юүлж онгойдог онцгой бодгаль ажгуу. Хүн ард зовлонгоо дуулахыг, зовлонгоо тунхаглахыг мөрөөдөж байлаа. Гэтэл энэ нь хориотой. Яруу найрагч Р.Чойном шүлгээрээ дотроо онгойлгох гэж л зориглосон юм шүү дээ.

Тэр үед хувь хүн байгаагүй юм. Хувийн эрх ашиг, хувийн өмч хориотой байсан. Гэтэл хувь хүн чинь эрх ашиг, өмч хоёр дээр л тогтдог юм байгаа биз дээ. Ингээд чиний хувийн аз жаргал баяр хөөр гэж бас байхгүй болчихож байгаа юм.

Хүлээн зөвшөөрөгдсөн эрх ашиг бол “нийтийн” хэмээх хийсвэр ашиг байна. Хүлээн зөвшөөрөгдсөн баяр бол мөн л “нийтийн” баяр юм. Чи нийтийн эрх ашгийн үүднээс “Мозамбикт хувьсгалт эргэлт гарсан”, “Ленин төрөөд 100 жил болсон”д баярлах үүрэгтэй төдийгүй, ингэсэн явдалд жаргах учиртай.

Чиний сэтгэл санаа, аз жаргал төдийгүй бие махбод ч нийтийнх. Хэрвээ санаж байгаа бол хориодхон жилийн өмнө “Эрүүл мэнд бол бүх нийтийн үйл хэрэг” гэсэн лоозон хаа сайгүй байж л байсан.

Өөрөө өөрийнхөө эзэн биш байх нь зарим талаараа амар. Тамын амьтан тамдаа жаргалтай гэж үг ч бий. Ирээдүй нь намзасгийн гарт, эрүүл мэнд нь бүх нийтийн гарт, гай зовлон гадаадад байхад санаа юундаа ч зовох билээ. Гэхдээ тэжээвэр гахай ч гэсэн хоол тэжээл эрүүл мэнд төдийгүй “ирээдүй” нь эзнийхээ найдвартай гарт байдаггүй гэж үү? Гагцхүү аз жаргалаа дуулаад байдаггүй л болохоос.

Хувь заяа, эрх чөлөөгөө төрийн эрхэнд өгөхийг даагаад байсан ч зовлонгоо ярихгүй, зовлонгоо дуулахгүй боогдох нь хамгаас хэцүү бооми байсан ч байж магадгүй.

1990 оны ардчилсан хувьсгал хувь хүнд өөрийг нь эргүүлэн өгсөн юм. Гэвч өөрийгөө өөртөө авах нь тийм ч амар юм биш аж. Одоо ч гэсэн хэрэг тарьчихаад, хулгай, дээрэм хийчихээд тэрийгээ “Амьдрахын эрхэнд ингэлээ” хэмээн хээвнэг тайлбарлаж суудаг нь үүний жишээ. “Төр миний хувь заяа, аз жаргалыг өөрийн мэдэлд байлгаж чадаагүй” гэсэн гомдол байгаа биз дээ. Ардчилал өөрийг нь өөрт нь өгсөн гэдгийг ойлгохгүй буюу сайн ойлгоогүй байгаа нийгмийн сэтгэлгээн дээр тоглох оролдлого гэж харж бас болно.

Өөрөө өөрийгөө эзэмших үнэхээр амаргүй. 1991 оны шинэ Үндсэн хуулинд хувь хүний эрх, эрх чөлөөнөөс дээгүүр юм байхгүй болохыг тунхаглав. Одоо хувь хүний хувь тавилангаас дээгүүр тавих нийтийн эрх ашиг гэж байхгүй. Одоо аз жаргал чинь чинийх, эрүүл мэнд чинь чинийх, ирээдүй чинь ч чинийх. Одоо чи тэжээвэр амьтны дүрмээр амьдрахгүй. Хашаа хорооноосоо өөрөө гар, өвсөө өөрөө олж ид. Чамайг эзэн чинь тэргэнд хөллөхгүй, тэнгээр ачаалахгүй. Ойд дураараа тэнэ. Харин чи эзэнгүй учраас өөрөө чононд бариулчихгүй явахаа мэднэ биз…

Үүнийг ухаарах, дасахад лавтай хорин жил орлоо. Ингээд дуусах, цааш үргэлжлэхийг хэн ч үл мэднэ.

Дураараа байхад, дураараа дуулахад амархан дассан боловч эзэнгүй байхад дасахад хэцүү аж. Болдогсон бол өмч хөрөнгө, хувийн эрх чөлөөгөө өөрөө авмаар. Харин тэжээх тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, найдвартай бөгөөд маш их мөнгө, эрх мэдэлтэй ирээдүй бэлэн байлгах асуудлыг нэг тийм сайн “эзэн”д даалгаад жаргачихмаар байдаг. Ардчилал, эрх чөлөөнөөс “хэсэгчилсэн мэдээ алдуулалт” гэдэг шиг өөрт аятайг биедээ аваад, арай түвэгтэйг нь бусдын эрхшээлд үлдээх маягаар зохицуулахыг мөн ч их мөрөөдөв дөө.

Энэ бүхнээс хамгийн амархан нь зовлонгоо дуулах, зовлонгоо тунхаглах эрх чөлөө байлаа. Өөрөөр хэлбэл “муу мэдээ” түгээх, хүлээн авах эрх чөлөө. Ардчилал, хэвлэлийн эрх чөлөөний эхний өдрүүдэд л ард түмнээс нууц байсан сөрөг мэдээллийн үер зад буулаа. Энэ бүхний ачаар ард түмний нүд нээгдэж, үнэнтэй нүүр учирлаа. Үнэнтэй учраад зогссонгүй. Чөлөөт шар хэвлэл мэдээлэл зөвхөн энэ чиглэл дээр хөл дээрээ бослоо. Социализмын үеийн намын хэвлэлийн “Орон бүхний пролетари нар, нэгдэгтүн” уриаг “Хэний үр муу явна вэ” гэсэн өөр зарчим эзлэв. Шар сонинг буруутгах үндэс байхгүй. Тэд олон түмний үзэхийг хүсч, дуулахыг мөрөөдөж байсан тэр юмыг бэлдэж өгсөн, сортоотой менежерүүд. Уншигчдыг ч зэмлэх үндэс үгүй. Зөвхөн сайн мэдээнд жар, далан жил пологтсон оюун санаа нь муу мэдээ үгүйлэн харангадаж байсан. Шар хэвлэл ердөө л ангасан хөрс рүү ус цацсан л төдий.

Одоо энэ ПиАр гэж нэр байна. Уул нь тухайн ажил хэргийн үнэн зөвийг нийтэд тайлбарлан таниулах ажлын нэр. Үгчилбэл нь олон нийттэй харилцах гэсэн утга. Гэтэл манайд нэгийгээ увайгүй гүтгэх, хэн нэгний мууг үзэх ажлын ерөнхий нэр болон суурьшив. Нэг нэгнийг Пи Ар хийж явааг дуулаад “Яахнэв дээ, тэгж хүний мууд дурлаж…” хэмээн шогшрохоор болж.

Энэ бүхний оргил нь сонгууль. Нэр дэвшигчид ч өөрийнхөө хөтөлбөр, сайн тал энэ тэр дээр нэг их ач холбогдол өгөхгүй. Харилцан муугаа дуудалцана. Хаа ч ингэдэг л байх, гэхдээ манайхан өөрийн онцлогтой. Өөрийн сайн, бусдын мууг дуудах бэлэн туршлага, дадлагатай том аппарат байсан нь МАХН (МАН? МАХН??). Тэд 70 жилийн туршлагатай суртал нэвтрүүлгийн хөтөлбөрөө ялигүй засаад ашиглаж болж байлаа. ЗХУ тэргүүтэй социалист системийн олол, гэрэлт ирээдүйн тухай хэсгийн толгойг өөрчлөөд өөрийн хөтөлбөрөө болгож болно. Гэхдээ ард түмэн маань өнөөгийн болон гэрэлт ирээдүйн аз жаргал, зөвхөн гадаадад болон нэгэнт орхигдсон түүхэнд байдаг зовлонгийн тухай суртал нэвтрүүлгийг хүлээн авахаа больсон ба “Муу мэдээ, муу мэдээ, бас дахин муу мэдээ” горим дээр сонсдог болсон байж. Харин хилийн чанадад, ба өнгөрсөн түүхнээ байдаг муу муухайн тухай суртал нэвтрүүлгийг гарчгийг нь солиод зүтгүүлж болж байв. Мөн ч амжилттай явсан даа. Энэ бүхнийг Монголын шинэхэн ардчилал даваад гарсныг бодоход угаасаа ямар ч юмны цаг ирвээс хэнд ч яагаад ч үл дийлдэхийн үлгэр биз ээ. МАХН буюу саяхны МАНд хүний муу туначихсан учраас ингэсэн гэж бас болохгүй. Гэхдээ коммунист үзэл суртлын аймшгийн машиныг үргэлжлүүлэн ажиллуулаад байсан нь бас үнэн. Зам тээврийн осол гарахад машиныг биш, жолоочийг нь шүүдэг.

Ямар ч юманд хэмжээ, өлсөж цангахад ч хязгаар бий. Хорин жил зөвхөн муу мэдээгээр амьсгалсан нийгэм өөрөө уйдаж эхэлж байна. Аз жаргал гэдэг чинь бас хуваалцаж байж сэтгэл тэнийлгэдэг эд аж. Сэтгэлдээ зовлонгоо нуух нь ямар их дарамттай билээ, түүн шиг сайн сайхан сэтгэгдлээ санааны гүнд бугшуулах нь бас л муухай аж.

Хорин жил өөрсдийн сонголтоор байгуулсан төр засгаа хараалаа. Муу хүмүүс тэнд очсон, муухай аргаар гарсан нь бий л байгаа. Гэхдээ энэ нь монголчуудын төр хог новш, адгийн шаар гэсэн үг биш гэдгийг мэдээд байна. Гитлер амьдарч байсан учраас манай дэлхий бузар болдоггүй юм байгаа биз дээ гэдгийг эргэцүүлэх болов. Хүмүүс цагаантай хартай, жигшмээр бас хайрламаар хорвоогийн тухай, өнгө гэрэл хосолсон тийм мэдээлэл, тийм л тунхгийг өнөөдөр хүлээж эхэлжээ. Оршин буй нийгмийнхээ гэрэл гэгээг, хүн ардыг хүлээж байгаа сайн сайхныг бахдан харсан мэдээллийг хамгийн ихээр унших болж байна. Мэдээж өөрийгөө магтсан хоосон тунхаг, хөтөлбөрийг биш л дээ.

Харин нийгмийг нөмөрч байсан хар бараан мэдээллийн хэрэгцээн дээр бизнесийн том орчин бүрдэж төлөвшсөн юм. Тэдэнд цаг үеэ зөв харж, менежмэнтээ шинэчлэх шаардлага гарч байна. Муу мэдээний оргил үед улам муу бичих том өрсөлдөөн гарч, зүгээр нэг хутгалсан тухай биш, есөн есийн наян нэг бүлсэн тухай, тод улаан өнгөтэй, бараг “3 Ди” хэмжээстэй дүрслэн уралддаг байж.

Хар мэдээний өлсгөлөн нийгмийн сэтгэл зүйгээс аажмаар арилж, жам ёсны үнэлэмж аажмаар төлөвшиж байгаа учраас хэвлэл мэдээллийн бизнест шинэ үе ирж байна. Иймд уншигч үзэгчдийн сэтгэлийг булаахын тулд илүү аймаар, илүү цуслаг, улам хараар дүрслэхээр уралдах, эсвэл шинэ шинэ “проблем”, түгшүүр, айдас шинээр сэтгэж айлгахаар чиглэлээр дагнан мэргэшиж уралдах нь үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

Хүмүүс баячууд, томчуудын гэр бүлийн тухай бичдэг нэг сэтгүүлийг өндөр үнэтэй гэлтгүй ихээр авдаг гэнэ. Нэг талаасаа томчууд яаж амьдардгийг мэдэх гэж хорхойсдог л биз. Гэхдээ хэнийг ч муулдаггүй учраас түүнийг авдаг гэж ярих хүнтэй таарлаа.

Муу юм амархан. Муу юм амархан шиг муу мэдээ амархан. Үнэнд хүрэх гэж зүдэрснээс муулаад явахад хялбархан. Учрыг олох гэж махаа идсэнээс дэвэргээд хаях хялбархан. Хүнийг эмчилж сурахаас хорлож сурах нь амархан. Хүнийг баярлуулахаас гомдоох хялбархан…Муу юм бүхэн амархан… Сайн байх түүнээс ч амархан, ердөө муу юм хийхгүй байхад л бол оо.

2011.02.17

Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ “Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн битгий хэл, мал ч хулгай хийх эрхгүй” хэмээн “Өдрийн сонин”-д ярьжээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. АН-ын дарга С.Эрдэнэ “Улс төр” нүүрт “Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн битгий хэл, мал ч хулгай хийх эрхгүй” хэмээн ярьжээ.

Эдийн засагч Ч.Хашчулуунтай хийсэн ярилцлагыг тавдугаар нүүрээс хүлээн авна уу. Ч.Хашчулуун “Монголоос коксжсон нүүрс, төмрийн хүдэр авдаг Хятадын гангийн салбар АНУ-ын хоригт ороод байна” хэмээн ярьсан байна.

“Баримт, үзэл бодол” нүүртнийтлэлч Б.Цэнддоогийн“Муу мэдээ, муу мэдээ, бас дахин муу мэдээ” хэмээх нийтлэл хэвлэгджээ.

“Баримт, үйл явдал” нүүрт “Б.Амартүвшин Баянзүрх дүүргийн тамгын газрын холбогдох бүхий л албан тушаалыг дамнан хийж байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэв үү” хэмээн өгүүлжээ.

“Цахим хаягийнхаа нууц үгийг долоо хоног бүр өөрчлөх хэрэгтэй” гэж Цагдаагийн ерөнхий газраас анхааруулсан байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт“Москва хотноо Японы Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын уулзалт болжээ” хэмээн онцолсон байна.

“Спорт” нүүрт Монголын волейболын анхны шигшээ багийн гишүүн гавьяат тамирчин, дасгалжуулагч Г.Шоовдортой ярилцжээ. Гавьяат тамирчин Ц.Шоовдор “Миний шавь нар өнөө цагийн шилдэг тамирчдыг бэлтгээд явж байна” хэмээн бахархжээ.

“Өв соёл” нүүрт СУИС-ийн багш, судлаач Б.Мөнхцэцэг: “Юань гүрний үеийн монгол язгууртнуудын хувцасны онцлог”-ийн талаар ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Хуавей” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг гүйцэв

Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч “Хуавей” компани ухаалаг гар утасны борлуулалтаараа “Apple” компанийг анх удаа гүйцэж, дэлхий даяар хамгийн олон утас борлуулсан компаниудын хоёрдугаарт жагссан байна.

“Хуавей” компани өнгөрсөн улиралд 54 сая гар утас борлуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Энэхүү тоо нь “Apple” компанийг ардаа орхиход хангалттай байсан хэдий ч ухаалаг гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Самсунг” компанийн 70 сая утас борлуулсан амжилтад хүрэхэд нэлээд дутсан ажээ. Ингэхдээ “Самсунг” компанийн өнгөрсөн улирлын борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурсан байна.

Хятад улс нь цахим орчноос хаалттай байдаг хэдий ч “Хуавей” компани нь ухаалаг гар утасны борлуулалтын зах зээлд хоёрдугаар байрыг эзэлж чадсан байна. Мөн тус компани нь утасгүй технологийн шинэ үе болох 5G технологийг хөгжүүлэхээр ажиллаж буй цөөн хэдэн компаниудын нэг билээ.
Categories
мэдээ нийгэм

Доктор Такэши Касай ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав

ДЭМБ-ын төлөөлөгч доктор Tакэши Касай, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөрийн яамны НЭМ-ийн хамтын ажиллагааны захирал Tору Kажирава, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга Mацухаши Tомойки нар энэ сарын 30-нд ЭХЭМҮТ-д зочиллоо.

Уулзалтын үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр тус төвийн үйл ажиллагаа, ДЭМБ-тай хамтын ажиллагааны талаар танилцуулга илтгэл тавьж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав. Уулзалтын төгсгөлд зочид төлөөлөгчид ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Цусны эмгэг, хавдар судлалын тасаг, Нярайн эрчимт эмчилгээний тасагтай танилцсан юм.

Уулзалтад ЭХЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн захирал М.Баялаг, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал Г.Баттулга, Хүний нөөцийн албаны дарга П. Отгонгэрэл, Сургалт сурталчилгааны албаны дарга Г.Гэрэлмаа нар болон бусад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.

Categories
энтертаймент-ертөнц

Эрүүл үстэй байхад зөв хооллолт чухал

Бүх л эмэгтэйчүүд эрүүл гялалзсан үстэй байхыг хүсдэг ч тэр болгон хүслээр болдоггүй. Үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, салон орсон ч үс тань гялалзаж, эрүүлжихгүй байвал, арчилгаа, амьдралын хэвшлээ өөрчлөөд үзээрэй.

Ингээд үс гэмтэх үндэс болдог бидний хамгийн муу зуршлуудыг танилцуулъя.

1. Хэлбэр, өнгөө нь дахин дахин өөрчлөх

Мэдээж үсээ будах тусам будганп агуулагдах химийн найрлагаас үүдэн үсний бат бэх чанар алдагдаж, хугарал, салаа үүсдэг. Харин өдөр бүр үсээ өөр хэлбэрээр засч, янзлах, хэтэрхий олон төрлийн бүтээгдэхүүн хольж түрхэх нь үс өнгөө алдаж гэмтэх, гол шалтгаан болдог.

2. Нойтон үстэй унтах

Та шөнө унтахынхаа өмнө үсээ угаачхаад үсээ нойтон чигээр нь унтчихдаг бол таны үсний гэмтэл арилахгүй байгаа нь ойлгомжтой хэрэг гэв. Холливүүдын оддын үсчин стилист Nathaniel Hawkins-ын өгүүлж буйгаар нойтон үсний суналт ихсэж, эмзэг болдог бөгөөд дэрээ хөдөлгөх, гараараа үсээ дарах төдийд гэмтэх магадлал ихэсдэг аж.

3. Эрүүл хооллолт

Энэ бол сайхан үстэй байх хамгийн гол нууц бөгөөд хүн өдөр тутамдаа шаардлагатай уургийг хэмжээгээ нөхөж байх нь үсний ургалт, гялалзсан байдалд хамгийн их нөлөөлдөг. Уургаа нөхөж чадахгүй, хангалттай зөв хооллохгүй бол хэчнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд ч ямар ч үр дүн гардаггүй болохыг “Hair: A Human History” номын зохиолч, судлаач Курт Стен арван жилийн судалгааны үр дүнд баталжээ.

4. Стрессээс зайлсхийх

Стресс ядаргаа нь хүний дотоод эрхтний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй үс, арьсны эрүүл байдалд ч сөргөөр нөлөөлдөг аж. Английн эрдэмтдийн хулгана дээр хийсэн туршилтаар хулганыг стресстэй, санаа зовнилтой нөхцөлд оруулах үед үс нь унаж, гэмтэж, эхэлсэн бөгөөд тайван газар аваачин, дахин ажиглахад баг багаар өмнөх хэвэндээ ордог болохыг баталжээ.

Categories
мэдээ нийгэм

“Олон улсын Хэрлэн, Арслан клуб” Баян-Өлгий аймагт тусламж үзүүлэв

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт өртсөн ард иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандивыг ирүүлсээр байна.

Тухайлбал өнөөдөр “Олон улсын Хэрлэн, Арслан клуб”-ээс 4,400,000 мянган төгрөгийн өртөг бүхий хандивыг ОБЕГ-т хүлээлгэн өглөө.

Тус клуб нь Баян-өлгий аймгийн ард, иргэдэд туслах аяныг нийт гишүүдийнхээ дунд өрнүүлж, 10 гаруй гишүүдийн сэтгэлийн хандиваар 4,100,000 төгрөгийн хүүхдийн болоод том хүний хувцас, 300,000 төгрөгийг бэлнээр хандивлан, хандивын аянд нэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн насны 114 мянган хүүхдийг цахимаар бүртгэнэ

Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж байгаа хоёр настай хүүхдүүд болон тав хүртэлх насны хүүхдүүдийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар бүртгэж эхэлсэн. Иргэд хүүхдээ “Tsetserleg.ulaanbaatar.mn” гэсэн хаягаар бүртгүүлж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн бүртгэл энэ сарын 20-нд эхэлж, 30-ныг хүртэл явагдах юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэл олдугаар сарын 25-ны 09.00 цагт эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны 00.00 цагт дуусах юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн боловсролын газраас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд Сургуулийн өмнөх насны 146 мянга гаруй хүүхэд байгаа. Түүнээс 114 мянган хүүхдийг бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй хүүхдийг бүртгээд байгаа юм байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд 146295 сургуулийн өмнөх насны боловсролд хамрагдах насны хүүхдүүд байсан. Үүнээс 113521 хүүхэд буюу 77.6 хувийг цэцэрлэгт хамруулсанбайна. Нийслэлд төрийн өмчийн 227 цэцэрлэг, төрийн бус өмчийн 434 цэцэрлэг нийтдээ 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгт нийт хүүхдийн 74 хувь нь төрийн бус цэцэрлэгт нийт хүүхдийн 26 хувь нь тус тус сурч хүмүүжиж байна. Одоо цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаагын зорилго ач холбогдол нь нэгдүгээрт нийслэлийн хэмжээнд бүх төрийн өмчийн цэцэрлэгүүдэд элсэлттэй холбоотой дугаарлалт үүсгэхгүй, цэцэрлэгийн бүртгэлийг гэрээсээ хийх боломж бүрдэж байгаа. Хоёрдугаарт цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл ил тод, нээлттэй болж байгаа. Гуравдугаарт цэцэрлэг бүрд ажлын хэсэг байгуулагдаад элсэлт зохион байгуулагдан хүндрэлтэй ажил болдог байсан нь эрс буурсан”

Ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн жилийн бүртгэл наймдугаар сарын 20-нд эхэлж, 30-ныг хүртэл явагдахаар болжээ. Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар төрийн болон хувийн 241 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 50 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Сургууль цэцэрлэгтэй холбоотойгоор хүрэлцээний асуудал үргэлж яригддаг. Үүнтэй холбоотойгоор хэдэн төсөл хөтөлбөр, ямар хэмжээнд хэрэгжиж байгаа талаар НБГ-аас дараах мэдээллийг өгч байна.

“52 цэцэрлэг буюу цэцэрлэгийн өргөтгөл, 34 сургууль буюу сургуулийн өргөтгөл, 5 спорт заал, 3 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд нийтдээ 94 төсөл арга хэмжээ улсын төсвөөр хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хүрээнд нийт 7 сургууль, 22 цэцэрлэг барих ажил гэрээнийхээ түвшинд явж байгаа. Энэ бол УИХ-аас хөнгөлттэй зээлийн асуудлыг соёрхон баталсан. Азийн хөгжлийн банкин дээрээ захирлуудын зөвлөлийнхурлаар ороод шийдэгдсэн. БССЯ-н дээр төслийн нэгж нь байгуулагдаад хэрэгжээд явах төсөл байгаа. Япон улсын буцалтгүй тусламжаар 4 сургууль шинээр байгуулагдаж байгаа. Эдгээр сургуулийн барилга угсралтын ажил наймдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхэлж байгаа. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд долоон сургууль баригдана. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн эдгээр барилгын барилга, угсралтын ажил эхлээд явж байгаа” гэв.

Дашрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд ангиар нь авч үзвэл нэгдүгээр анги төгсөгчид хамгийн их буюу 131 мянга гаруй сурагч төгсчээ. Харин 11 ангийн 6000 гаруй хүүхэд төгссөн нь хамгийн бага үзүүлэлт болсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номин: Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хооллох хуулийн заалттай

Өнөөдөр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоон хоног“ эхэлж байна. Энэ өдөр “Эхийн сүү-Эрүүл амьдралын эхлэл” уриан доор ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан , нийгмийн эрүүл мэндийн төв хамтран Нялх, балчир хүүхдийн хүнсий тухай хуультай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хийлээ.

Түүнчлэн 2017 онд батлагдсан Нялх, балчир хүүхдийн хоол хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр,эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн импортлогчид болон холбогдох төрийн байгууллагынхныг оролцуулан уулзалт хийв.

Энэ талаар ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн, Анагаах Ухааны доктор Д.Ганзоригтой ярилцлаа.


-Эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн хууль батлагдаад нэг жил боллоо. Хуулийн хэрэгжилт ямар байна. Энэ өдөр ямар асуудалд анхаарах хандуулах гэж байна вэ?

– “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоон хоног”-ийг тэмдэглээд 30 орчим жил болж байна. 1992 оноос хойш тэмдэглэж ирэхдээ уриа бүхэн өөр өөр байсан. Энэ жилийн хувьд “Эхийн сүү-эрүүл амьдралын эхлэл” уриан доор явагдаж байна. Өнгөрсөн жил Нялх, балчир хүүхдийнхүнсний тухай хууль батлагдаад нэг жил болсон ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.Тиймээс энэ жил хуулийн хүрээнд сүүн бүтээгдэхүүн импортолж оруулж ирдэг компаниудын төлөөлөлтэй уулзаад ямар асуудал тулгараад хуулийн хэрэгжилт муу байгааг ярилцажхуулийн хэрэгжилтийг хэрхэн эрчимжүүлэх вэ гэдэг тал дээр анхаарч ажиллаж байна.

-Энэ өдрийг тохиолдуулан ямар сургалт явуулах вэ?

-Эрүүл мэндийн Яамны харьяа байгууллагууд болон сургалтхариуцсан байгууллагуудхарьяа эмнэлэгүүдэдэхийн сүүгээр хооллохыгдэмжих сургалтуудыг долоон хоногийн турш хийнэ.

Манайд орж ирж байгаа эхийн сүүг орлох бүтээгдэхүүнүүд шаардлага хангаж чадаж байгаа юу?

-Монгол Улс өнгөрсөн жил баталсан хуулиараахүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих бодлогыг баримталж тунхагласан. Тус хуулинд төрсөн хүүхэд болгонангир уургаа амалж байх, түүнчлэн зургаан сарын турш эхийн сүүгээр дагнаж хооллож, хоёр нас хүртэл нь эхийн сүүгээр хооллохыг заасан. Гэвч бизнесийнашиг олох зорилгоор хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ихээр нэмэгдэж байгаа. Нэмэгдэхийнхээ хэрээр борлуулалтаа сайжруулахын тулд зүй бус зар сурталчилгааг их хийдэг болсон.Хууль гарсан бас нэг шалтгаан нь хүүхдэд зориулсан зүй бус зар сурталчилгааг хязгаарлах зорилготой. Мөн эхийн сүүгээр хооллохыг дэмжих зорилготой байсан.

-Нялхсын сүүн тэжээлийг 0-6 сартай хүүхэд хэрэглэж болохгүй гэсэн хуультай. Гэтэл зарим ээжүүд хүүхдээ өөрийн сүүгээр цатгаж чаддаггүй. Энэ тохиолдолд яах вэ?

Монгол Улсын Засгийн газар нялх хүүхдийн сүү орлуулах бүтээгдэхүүнийг импортлохыг зөвшөөрч байгаа.Ээж нь хүүхдээ хөхүүлэх боломжгүй болсон үедзургаан сар хүртэлх нялхсыг сүүгээр хооллохыг бид хориглохгүй. Гэхдээ үүнийг эмнэлэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны зөвлөсний дагуу өгөхөөр зааж байгаа. Компаниудзургаан сар хүртэлх хүүхдэд зориулсан нялхсын сүүн тэжээлээс бусад бүтээгдэхүүнийг худалдахыг хориглосон байгаа. үүнтэй холбоотой асуудлаар компаниуд асуулт тавьж байна гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтынгазрын Эрүүл ахуйн халдвар хамгааллынулсын ахлах байцаагч Н. Номинтой ярилцлаа.

-Нялхсын сүүн бүтээгдэхүүний импорт хэр байгаа вэ ихэссэн үү?

-Нялхсын сүүн тэжээлийн импортын хэмжээ урьд жилүүдийнхээс ихэсч байгаа. Өөрөөр хэлбэл эхийн сүүгээр дагнан хооллоххууль амьдралд төдийлөн сайн хэрэгжихгүй байна. Өмнө нь “Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн”-ий тухай хууль гэж байсан. Энэ нь эхийн сүүг юугаар ч орлуулшгүй гэдэгмөртлөө хуулийн нэршилд эсрэгээр нь эхийн сүү орлуулдаг гээд нэрлэчихсэн байсан.Нэршил нь амьдралд нийцэхгүй байсан учраас нэр томъёололыгнь солих болон хэрэглэгчдийг нэгдсэн нэг ойлголттой болгохын тулд НҮБ,Дэлхийн эрүүл мэндийн байгууллагынконвенцийн гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хуулиа шинэчлэх шаардлагатай болсон. Энэ хүрээнд “Эхийн сүүг орлуулах сүүн бүтээгдэхүүнийг ” “Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль” болгосон.

-Хүүхдээ хөхөөр хооллохээжүүд хэр олон байдаг бол?

-Төрөлт ихсэжбайна. Гагцхүү эхчүүд хүүхдээ сүүгээр хооллох сонирхол нь багасаадсүүн тэжээлийг хэрэглэх болсон.Өөрөөр хэлбэл, эрэлт байгаа учраас импорт нь ихсэж байгаа. Энэ нь өөрөө Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж эхэлж байна.Өмнө нь вакцин хийгээд дархлаа тавигддаг байсан өвчин буцаад сэргээд байгаагийн учир нь хооллолттой холбоотой.

Хяналт шалгалт хийгээд оруулж ирсэн сүүн тэжээлүүд шаардлагад нийцэж байгаа юу?

-Аюулгүй байдлын үзүүлэлт, хор хөнөөл зэрэг үзүүлэлтүүдийг шалгаад үзэхэдшаардлага хангасан. Хэрэглэгчид тэр дундаа залуу ээжүүд сүүн тэжээлийг илүү сонгоод хэрэглээд байгаад гол учир байгаа юм. Дэлхий нийтээр эхийн сүүгээр хооллохыг уриалж байхад өөрийн сонголтоор нялхсын сүүн тэжээлээр хооллож байна.0-6 сартай бол нялхсын сүүн тэжээл 6-аас дээш сартай бол сүүн тэжээл гэж хуваасан байгаа. Үүнийг ялгаж байх хэрэгтэй гэв.

Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих , IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг тул суралцах чадвар, хожмын ажил , амьдрал, амжилтад нь чухал нөлөөлтэй гэж үздэг байна.

Хүүхдийг сүүн бүтээгдэхүүнээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, гэр бүл, олон нийт хамтын хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг бүрдүүлэх эрүүл саруул хойч үеийнхээ төлөө хамтран ажиллахыг Эрүүл Мэндийн Яамнаас уриалж байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д өвчтөний шинжилгээг нарийвчлан шалгаж, тарваган тахал өвчин биш болохыг тогтоожээ

Өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдрийн 16:30 цагт тарваган тахал өвчний сэжиг бүхий тохиолдол гарсан тухай мэдээлэл Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Тодруулбал, 24 настай, Баянхонгор сумын иргэн Ц өндөр халуурч, бөөлжилт, суулгалт, хордлогын шинж тэмдэгтэйгээр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон байна.

Эмч нарын үзлэг, өвчтөний өгсөн мэдээлэл зэрэгт үндэслэн түүнийг тарваган тахал өвчнөөр өвчилсөн байх магадлалтай хэмээн үзэж, Халдвартын тасагтаа хэвтүүлэн, нэгдүгээр хавьтлын хүмүүсийг нь тусгаарлажээ.

Иргэн Ц амралт зугаалгаар Баянцагаан суманд очсон үедээ тарваганы мах идсэн бөгөөд түүнээс хойш дээрх өвчний шинж тэмдгүүд илэрчээ. ХӨСҮТ-д өвчтөний шинжилгээг нарийвчлан шалгаж, тарваган тахал өвчин биш болохыг тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин Монгол” наадмаар 700 гаруй ардын авьяастан, 2000 гаруй үндэсний спортын тамирчид оролцоно

Наймдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдахаар болжээ. Уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид оролцож өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.

“Нүүдэлчин Монгол” наадмын үеэр Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн эх хэл. аман уламжлалын урлагийн төрлийг аймаг, нийслэлийн ардын авьяастнууд өөрийнОтог” дээр ардын урлагийн тоглолтоо наадамчин олонд таван өдрийн турш толилуулахаар болжээ. Мөн иргэд, сонирхогчдын дунд эх хэл, аман уламжлалын илэрхийлэл төрлөөр уралдаан тэмцээн зохиохиор зохион байгуулагч талаас төлөвлөөд байна.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулна. Уг наадам нь соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах гол зорилготой юм.