Categories
мэдээ нийгэм

Далан давхрын шинэ авто замыг энэ сарын дундуур нээнэ

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх 0.7 км авто замын ажил хэвийн үргэлжилж байна.

Явган хүний замын ажил болон авто замын суурь хучилтын ажил хийгдэж дууссан бол өнгө асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм. Тус замын хөдөлгөөнийг энэ сарын 10-нд нээхээр төлөвлөжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, 139 дүгээр бага сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд шинэ авто зогсоолын суурь хучилт өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна гэжНийслэлийн Авто Замын Хөгжлийн Газраас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

2018 оны наймдугаар сарын хоёрны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 496,451 ширхэг хувьцаа арилжигдсанаас таван хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол есөн хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс “Хай Би Ойл” (HBO+11.82%) болон “Махимпекс” (MMX+1.11%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Техник Импорт” (TEX-13.64%) болон “Адуунчулуун” (ADL-13.00%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр “TOP 20” индекс 19466.12 нэгж болж 0.67 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,381,568,891,091.22 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтай аймгийн Алтансоёмбо багт нарны эрчим хүчийг ашиглах туршилт хийж байна

Хагас зууны түүхтэй Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтайсоёмбо багийн төвийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болгох зорилгоор тус багт нарны эх үүсвэрийн төв станц байгуулан одоогоор туршилтаар ажиллуулж эхлээд байна.

Өнгөрсөн онд шавийг нь тавьсан уг бүтээн байгуулалтын ажлыг “Эрчим электрэйд” ХХК нийт 166 сая төгрөгийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд үүнээс 20 сая төгрөгийг сумын төсвөөс бусад нь аймгийн төсвөөс гарсан гэнэ. Энэхүү ажлын үйл явцтай УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь очиж танилцах үеэр “Удахгүй “Алтай-Улиастайн ЭХС” ТӨХК-ий мэргэжлийн багийнхан хянаж шалган хүлээн авч албан ёсны нээлтийн үйл ажиллагааг хийж, баярт мөчөө нутгийн зон олонтойгоо хамтатган хийнэ” хэмээн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж мэдээлэв.
Алтан соёмбо баг нь нэгэн жарны тэртээ байгуулагдаж өдгөө 120 өрх, 500 орчим хүн амтай Говь-Алтай аймгийн ууган багийн нэг юм. Түүнчлэн тус багийн нийгэм, эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд Тонхил сумын хадлангийн талбай мөн л багтдаг ажээ.
Говь-Алтай аймаг нь ийнхүү эрчим хүчээр хангагдаагүй Чандмана сумын Хүрхрээ баг, Халиун сумын Олон булаг, Цогт сумын Баянтоорой тосгон гэх мэт хөдөөгийн багийн төвийг эрчим хүчинд холбож, алслагдсан нутагт амьдарч буй ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж бүрдүүлэх зорилт тавиад байгаа юм. Энд онд тус аймгийн эрчим хүчний салбарт 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн ба эхний ажлууд амжилттай хэрэгжиж байна.
Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар шуурхай хуралдав

Хан-Уул дүүргийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа. Өнгөрөгч өдрүүдэд усархаг бороо их хэмжээгээр орсон мөн ирэх өдрүүдэд хур тунадас их хэмжээтэй орохтой холбоотойгоор болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Мөн үерийн улмаас ус зайлуулах чадваргүй болсон сэргээн засварлах шаардлагатай далан сувагт засвар үйлчилгээ хийх, иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх, шаардлагатай хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, иргэдийн хашаа барилга байгууламжид ариутгал халдваргүйжүүлэлт зохион байгуулах үүргийг дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу эргэх замыг гурван өдөр хаана

Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянзүрх зах руу баруун эргэх чиглэлийн авто замыг түр хаана. Энэ сарын 3-6ны өдөр хүртэл хаахаар болжээ. Дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор хаах аж

Categories
мэдээ нийгэм

Голд живсэн иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн багийн харьяат малчин Б /22 настай, эрэгтэй/ Байдраг голыг морьтойгоо гатлах үедээ живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 2018.08.01-ний өдрийн 19:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч, хоёр автомашинтай, орон нутгийн 10 иргэн, гурван автомашинтайгаар нийт 18 хүн, таван техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайн газар нь Жаргалант сумын Эмээлт толгой багийн нутаг бөгөөд аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т байдаг байна.

Баруун аймгийн нутгаар орж буй усархаг борооны улмаас орон нутгийн замд ч эвдрэл үүссэн мэдээлэл байна. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутгаар хүчтэй ширүүн бороо орсны улмаас үeр бууж, Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозам дагуу 70-86 км-т хэсэглэн эвдрэл үүсчээ.

Үргэлжлэн орсон борооны улмаас наймдугаар сарын 1-2-ны хооронд аймгийн Онцгой байдлын газарт үерт автомашин голд болон шаварт суусан, живсэн, гэрт ус орсон зэрэг 30 орчим дуудлага ирээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Эльбруст авирахаар эх орноосоо өнөөдөр хөдөллөө.

“Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай Европ тивийн ноён оргил Эльбруст авирахаар эх орноосоо өнөөдөр хөдөллөө.

Ч.Мөнгөндалай нь “Хүсэл мөрөөдөлд минь хөгжлийн бэрхшээл саад болохгүй” хэмээн ярьдаг, дэлхийгээр тойрон аялахыг мөрөөддөг нэгэн. Хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй ч мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж яваа. Тухайлбал, дугуй болон явганаар эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялан нийт 22 мянга 500 км замыг ганцаар туулсан юм. Энэ удаад анх удаа гадаад орон руу ууланд авирахаар явж байна. Тэрбээр өмнө нь Алтай Таван богд болон Отгонтэнгэр хайрханд авирсан юм.

Сонирхуулахад, Европ тивийн ноён оргил хэмээн өргөмжлөгддөг, далайн төвшнөөс дээш 5642 метрт орших Эльбрус ууланд 1981 онд уулын спортын мастер Д.Чагнаа авирсан нь Монгол хүн тус ууланд авирсан анхны тохиолдол байв. Дараа нь 1989 онд олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар ахлагчтай таван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй баг, 1990 онд уулын спортын мастер Д.Чагнаагийн удирдлага дор Х.Хумбаа, Н.Цогзолмаа, Ш.Ганчимэг, Л.Энхзаяа зэрэг дөрөв эмэгтэй уулчин амжилттай авирч байжээ. Тэр цагаас хойш Эльбрус ууланд монголын уулчид олноор авирах болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Анагаахын хичээлийн цогцолбор барилга ашиглалтанд орно

Хотын төвд шавах их, дээд сургуулиудын төвлөрлийг сааруулах тухайолон жил ярьсан.Тэгвэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль шинээр эмнэлэг, сургалтын цогцолбор барих ажлыг эхлүүлжээ. Тэд хоёр салбар сургуулиа Баянзүрх дүүргийн 12-р хороонд буюу Амгаланд нээж энэ хичээлийн жилээс ашиглалтад ороход бэлэн болоод байгаа нь төвлөрлөлийг сааруулах төлөвлөгөөгөө биеллээ олох гэж байна

Шинэ цогцолбор сургуулийн барилгын ажил 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажилчдын орон сууц, спорт цогцолбор, сургалтын эмнэлэг зэрэг зургаан барилга байгууламж бүхий бүтээн байгуулалтын ажил юм.

Энэ оны хичээлийн шинэ жилд сургалтын эмнэлэг болон зарим барилгын ажил нь дуусаагүй ч сургууль нь ашиглалтад ороход бэлэн болжгож 3,000 оюутан Амгалан дахь шинэ байранд хичээлээ эхлэх гэж байна.

Үүний дараагаар буюу аравдугаар сарын 1-нд Сургалтын эмнэлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж.

Оюутны дотуур байр 2019 оны сүүлийн улиралд, багш, ажилчдын байр, орон сууц 2020 оны эхний улиралд, спорт цогцолбор нь 2020 оны сүүлийн улиралд ашиглалтанд орохоор тэд төлөвлөжээ.

Цогцолбор кампуст баригдаж байгаа анагаахын сургалтын эмнэлэг гэхэд 16,000 м2 талбайтай баригдаж байгаа бол Анагаах Ухааны Их Сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургуулийн хичээлийн байрууд 11,000 м2 талбайтай байх ажээ.

Мөн нийт 30,524 м2 талбай бүхий оюутны соёлын төв, спорт цогцолбороос гадна 1,200 оюутны дотуур байр, 210 багш ажилчдын орон сууц багтаж байгаа юм байна.

Энэхүү шинэ цогцолбор сургуулийн нийт өртөг 234.8 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд 174.4 тэрбум төгрөгийг Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар, 14.3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 20.8 тэрбум төгрөгийг сургуулийн үйл ажиллагааны төсвөөр, 11 тэрбум төгрөгийг бусад хандивлагч, хөрөнгө оруулагчдаас бүрдүүлсэн гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Европын Холбооны улсуудад сүү, махан бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр тохиролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ноён Винод Кумар Ахужа Итгэмжлэх захидлаа өнөөдөр гардуулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Д.Цогтбаатар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж 2500 гаруй хүн гамшигт өртсөнтэй холбогдуулан Суурин төлөөлөгчийг газар дээр нь ажиллан, бодит байдалтай танилцахыг хүсэлт болгов. Суурин төлөөлөгч Винод Ахужа хүсэлтийг хүлээн авч Баян-Өлгий аймагт ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Европын Холбооны улсуудад сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад элссэн бөгөөд эрдэм шинжилгээ, байгалийн нөөцийн менежмент, технологи дамжуулалт, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент, онцгой байдал ба түүний дараах менежмент, ойн мэдээлэл, статистик, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг чиглэлээр дэмжлэг, туслалцаа авч хамтран ажиллаж ирсэн.

Суурин төлөөлөгч Винод Ахужа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын иргэн бөгөөд тэрээр 1994-1997 онд Дэлхийн банкинд судлаач, эдийн засагч, 1997-2003 онд Энэтхэгийн Удирдлагын Институтэд туслах профессор, 2002-2003 онд Энэтхэг дэх НҮБ-ын ХХААБ-ын Өмнөд Азийн бүс нутгийн төслийн зохицуулагч, 2003-2009 онд Энэтхэгийн Удирдлагын Институтэд профессор, 2009 оноос Бангкок дахь НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн төлөөлөгчийн газарт Мал, амьтны бодлого хариуцсан ажилтнаар ажиллаж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албатай хамтарсан сургуулилалт хийжээ

Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилтанд Онцгой байдлын байгууллагаас ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, түүний харьяа Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай болон агаарын ажиллагааны салбарын 10 шүхэрчин-аврагч оролцоод ирлээ.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо болсон тус хамтарсан сургуулийг хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тав дахь жилдээ зохион байгуулсан юм.

Агаарын хөлгийн ослын үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох зорилготой сургуулиар сансарт хөөрсөн агаарын хөлөгт гэмтэл гарч эх дэлхий рүү буцсан буугч төхөөрөмжийг эрэн хайх, сансрын нисгэгч нарт тусламж үзүүлэх сургуулилтыг хийсэн байна.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагчид тав дахь удаагаа амжилттай оролцож, ур чадварын хувьд өндрөөр үнэлэгдлээ.

Эрэн хайх, авран туслах албадын хамтарсан сургуулилт нь анх 2010 онд ОХУ-д зохион байгуулагдснаас хойш хоёр жил тутамд явагдаж байгаа бөгөөд манай улс 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт, 2016 онд Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд амжилттай зохион байгуулж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.