Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүн битгий хэл, мал ч хулгай хийх эрхгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт Туркийн иргэнийг хулгай хийсэн гэх нийгэмд нэлээд их шуугилаа. Энэ хэрэг явдал ер нь юу болоод өнгөрчих вөө?

-Ерөнхийдөө олон талаас нь харах, дүгнэх асуудал сая үүслээ. Монгол төр цалгарддаг, Төрийн ажил эзгүйрдэг, хүн бүр амралтаа авчихсан ийм үед зөвхөн Монгол Улсын биш дэлхийн нийтийн анхаарлыг татсан үйл явдал болоод өнгөрлөө. Энэ хэрэгтэй холбоотойгоор хүмүүс янз бүрийн л өнцгөөр дүгнэн ярилаа. Тухайлбал, Туркийн иргэнийг хулгайлах нь бидэнд ямар хамаатай юм, иргэнээ аваад явна уу, байна уу гэх мэт зүйлийг ярьж байна. Ийм ойлголтоор асуудалд хандаж болохгүй. Монгол гэдэг тусгаар тогтносон, хуультай, Засаг төртэй улс мөн юм бол Монгол Улсын нутаг дэвсгэр халдашгүй байх ёстой. Юун тэр гадаадын онгоц буугаад гадаад, дотоод нь байна уу хамаагүй, хүн битгий хэл мал ч хулгайлах эрхгүй. Бид Турк, Орос, Хятад нь байна уу хамаагүй, хүн гэдэг утгаараа нь асуудалд хандсан. Тэр өдрийн үйл явдлыг өглөөнөөс эхлээд мэдээлэл авсан, ажигласан, харсан. Маш их бухимдал төрсөн. Нэрээ энэ чинь юу болоод байна вэ. Тусгай үүргийн онгоц манайд яах гэж буув, тэр Турк нөхрийг үл мэдэгдэх хүмүүс автомашин руу чирч гулдаж авч явдаг юм. Ийм ноцтой үйл явдал болж байхад манай хууль, хяналтынхан яагаад мэдээгүй байв. Ингээд яривал маш олон эргэлзээтэй, сэжигтэй асуудлууд байна.

-Та уг асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүлсэн. Танд ямар нэгэн хариу ирсэн үү?

-Туркийн иргэний асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдаас яаралтай тодруулга авахаар албан тоот хүргүүлсэн. Энэ улс оронд чинь эзэн байна уу, юу болоод байна вэ. Монгол Улсад хэн дуртай нь хүрч ирээд хүссэн хүнээ чирээд аваад явдаг болчихсон юм уу, ямар үйл ажиллагаа болоод өнгөрсөн бэ гэсэн асуулгыг хүргүүлсэн. Тухайн өдрийн үдээс хойш манай намын Улс төрийн зөвлөлийн гишүүд цуглаж болж буй үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан мэдэгдэл гаргасан. Мөн холбогдох яам, хууль хяналтын байгууллагын удирдлагуудад шаардлага хүргүүлсэн байгаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардсан. Хүн ч байна уу, юу ч байна манай улсын нутаг дэвсгэрээс ямар нэгэн юм авч гарах гэсэн асуудал байгаа бол онгоцыг хөөргөхгүй байхыг шаардсан. Ийм л үйл явдал болсон. Эцсийн дүндээ Турк нөхөр суллагдаж, онгоц хөөрсөн. Зам тээврийн дэд сайд Цогтгэрэл гэх хүн тус онгоцонд хүн суугаагүй, буугаагүй, юм ч ачаагүй, шатахуунаа цэнэглээд ниссэн тухай жиргэсэн байна лээ. Энэ нөхрийн хэлснээр уг асуудал ингээд шийдэгддэг юм биш. Тэгвэл тэр онгоц наашаа яах гэж ирсэн юм. Хэдэн мянган километр нисэж ирээд зөвхөн шатахуун авах гэж ирсэн юм уу. Нөгөөтэйгүүр тус онгоцыг буухыг хэн зөвшөөрөв. Тэгснээ ямар ч шаардлагагүй, үл мэдэгдэх шалтгаанаар буцаад ниссэн юм. Тэр Цогтгэрэлийн хэлсэн шиг тус онгоцноос хэн ч бууж, суугаагүй юм бол тэр Турк иргэн бүтэн өдрийн турш хаана байв. Тэр онгоцноос цугларсан хүмүүсийг тараа гэдэг мэдээг хэн, хаанаас өгөв. Ийм үйл явдал болоод байхад манай хууль хүчнийхэн хаана байсан бэ. Энэ мэт эргэлзээтэй асуудлууд олон байна. Товчхондоо уг хэрэг явдал бидэнд юуг харуулж байна вэ гэхээр Монгол Улсад хүний эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулах хэвээрээ байгаа юм байна.

-Ерөнхий сайдын зүгээс таны тавьсан асуулгад ямар хариулт өгсөн бэ?

-Дээр дурдсан шиг тодруулах асуудлууд их байгаа. Одоогийн байдлаар Ерөнхий сайдаас мэдээлэл ирээгүй байна. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газраас албан мэдээлэл ирсэн. Гэхдээ миний тавьсан асуулгад бүрэн хэмжээний хариулт болж ирж чадаагүй.

-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн хариултад товчхондоо юу гэж байна вэ?

-Ерөнхийдөө болсон процессыг дурдсан байна лээ. Тухайн буусан онгоцыг хөөргөхгүй байх чиглэлийг холбогдох байгууллагуудад өгсөн гэсэн зүйл л байсан. Тэдний ирүүлсэн бичигт уг хэргийг Туркийн талаас зохион байгуулаагүй гэдгийг олон дахин бичсэн байсан.

-Турк улсад болж буй нөхцөл байдалтай уг хэрэг холбоотой гэж тайлбарлах хүмүүс байна. Таны хувьд ямар байр суурьтай байна?

-Туркийн нөхцөл байдлын талаар хөндлөнгөөс дүгнэлт хийх нь зохисгүй байх. Тэр бол тухайн улсын дотоод асуудал. Нөгөөтэйгүүр нөхцөл байдлыг нь хараад байхад Ардчилсан улсад байж болохооргүй үйл явдал өрнөөд байна уу даа л гэж харж байгаа. Саяны хэрэг явдалтай адилхан бусад улс орноос олон удаагийн хүн авч гарах оролдлогыг хийлээ. Юутай ч Туркийн нөхцөл байдлыг дэлхийн олон орон эсэргүүцэж байгаа.

-Турк иргэнийг хулгайлсан нь шалгагдаж тогтоогдвол Хууль зүйн яам болоод Засгийн газартай хариуцлага тооцно гэж зарим улстөрчид мэдэгдэж байсан. Энэ асуудлаар таны байр суурь ямар байна вэ?

-Хариуцлага тооцох нөхцөл байдал үүссэн. Учир нь хүний эрхэд халдана гэдэг ноцтой үйлдэл. Тэр тусмаа ардчилсан Үндсэн хуультай, ардчилсан улсад ийм зүйл огт байж болохгүй. Монгол Улсын халдашгүй байдлаас эхлээд маш олон хууль зөрчигдлөө. Хэрэв дээрх хэрэг нотлогдвол хэн нэгэн заавал хариуцлага хүлээх ёстой. Тэр битгий хэл турк иргэнийг хулгайлсан гэх хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын чуулганаар нээлттэй сонсгол явуулах шаардлагатай гэж харж байгаа. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар хүн худалдсан байх магадлалтай асуудлыг хэлж байна.

-Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардсан бичгээ УИХ-ын даргад хэдэнтээ өглөө. Ээлжит бус чуулган хуралдах асуудалд та болон танай нам ямар байр суурьтай байна вэ?

-Ээлжит бус чуулганыг хуралдуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас хуралдуулах саналаа УИХ-ын даргад хүргүүлдэг. Харин ээлжит бус чуулган хуралдуулах эсэх нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад гурав дахь удаагаа албан шаардлагыг хүргүүлсэн. Хууль зүйн байнгын хороо хуралдах шаардлагагүй гэдгийг ярьж байна. Их хурлын зарим гишүүд ээлжит бус чуулганыг хуралдуулахыг шаардсан. Харин УИХ-ын даргын зүгээс одоогийн байдлаар хуралдуулах шаардлага үүсээгүй гэсэн байр суурьтай байна лээ. Ийм үед хууль аль талд нь шийдэхээс нөхцөл байдал бий болох байх. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг аваад үзвэл шийдэх асуудал олон байна. Ээлжит бус чуулган хуралдвал ганц нэг хүний асуудал бус олон асуудлыг авч хэлэлцэх нь зөв.

-Сангийн сайд эдийн засаг нэг үеэ бодоход өсөж, манайх руу орж ирэх мөнгөний урсгал нэмэгдэж байна гэж мэдэгдсэн. Зарим өр зээлээ ч төлж дууссан сурагтай…

-Улс төрийн оноо авахын тулд ард түмэнд өөрсдийгөө их сайн сайхан зүйл хийсэн мэтээр харагдуулахаар рекламдаж байна. Гэтэл бодит байдал дээр эмч, багш нар маань хэдэн төгрөгийн цалинтай билээ. Тэр их олж байгаа орлого, мөнгөний урсгал чинь хаашаа, юунд яваад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэж яг юу хийгдэв. Нэг километр зам баригдсан уу. Харин эсрэгээрээ тавьсан зам нь борооны усанд урсаад хот хөдөөгүй замгүй л болчихлоо. Орлого оллоо, өр тэглэлээ гэж худлаа баахан ярих юм. Одоогийн байдлаар нэг ч өр дарагдаагүй шүү дээ. Монгол Улсын гадаад өр 27 тэрбум ам.доллар хэвээрээ байгаа. Энэ бүх өр төлөгдөөгүй. Харин өр төлөх хугацааг л хойшлуулсан байхгүй юу. Бондыг бондоор дарсан. Ингэж дарахдаа өмнөх бондын хүүг өсгөж дарсан. Ингэж хүү өснө гэдэг нь төсөв дээрх дарамт ачаа нэмэгдэнэ л гэсэн үг. Яг бодит байдал дээр нийгэм эдийн засагт ямар ашигтай үйл ажиллагаа явчихсан бэ. Эрх баригчид Засгийн эрхийг аваад хоёр жил өнгөрлөө. 2016 онд ард түмний тархийг угааж гарч ирсэн хүмүүс өнөөдөр яг юу хийв. Өнөөдрийг хүртэл Ардын нам нэг ширхэг ч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, нэг километр ч зам тавиагүй л байна.

-ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа. Энэ удаагийн уулзалтаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлаар тухайлан ярилцана гэсэн. Ер нь цалин нэмэгдэх боломж хэр байгаа бол?

-ОУВС гэж тусгай статустай байгууллага биш. Зүгээр л олон улсын санхүүгийн л байгууллага. Ийм байгууллагаар Төрийн бүх эрх мэдлээ шийдүүлэх байсан юм бол эд нар Засгийн газар байгуулах ямар шаардлага байсан юм. Нэртэйгээр нь Төрийнхөө тамга тэмдгийг хадган дээр тавиад ОУВС-нд өгчих хэрэгтэй юм биш үү. Монгол гэдэг улс байна уу, Засгийн газар, Төр гэж байна уу. Яагаад бүх асуудлаа ОУВС-гаар заалгах ёстой гэж. Чадахгүй байсан бол яах гэж 2016 оны сонгуульд ард түмэнд худлаа амлалт өгсөн юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нөгөө л улиг болсон өр гэдгээ л ярилаа. 27 тэрбум ам.долларын өрнөөс ердөө 2.6 тэрбум ам.долларын өрийг л Ардчилсан намын Засгийн газрын үед тавьж байсан. Үлдсэн өрийг Ардын намын Засгийн газрын үед тавьсан. Энэ хоёр жилийн хооронд Ардын нам гурван тэрбум гаруй ам.долларын өр тавьчихсан байна. Энэ их хөрөнгө мөнгөөр яг юу хийсэн бэ. Үүнийгээ одоо ард түмэндээ тайлагнах цаг болсон. Тайлангаа тавь, гоё сайхан ярьдгаа боль.

-Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулийг болно, болохгүй гэж үзэх, тайлбарлах улстөрчид олон байна. Таны хувьд тус сонгуулийн асуудалд ямар байр суурьтай байна?

-Энэ бол Монгол Улсын хуультай, дүрэмтэй сонгууль. Тиймээс хуулийнхаа хүрээнд болох л учиртай. Манай нам уг сонгуульд оролцоно. Эрх баригчдад хяналт тавьж байх үүрэгтэй сөрөг хүчний хувьд ч тэр тус сонгуульд оролцох үүрэгтэй. Харин тухайн сонгуульд ямар хүнийг намаасаа нэр дэвшүүлэх вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Энэ сарын 8-аас өмнө улс төрийн намууд сонгуульд оролцох үгүйгээ илэрхийлнэ. Улмаар ирэх сарын 4-ний дотор нэр дэвшигчдээ зарлах дүрэмтэй байгаа.

-Ирэх намрын чуулганаар та ямар хуулийн төслүүдийг боловсруулан хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна вэ?

-Хэд хэдэн хуулийн төслүүдээр ажиллаж байгаа. Тэр бүгдийг ярина гэвэл цаг хугацаа их орно байх. Ардчилсан намын хувьд Бодлогын ерөнхий зөвлөл байгуулаад зургаан сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд зөвлөлүүд туршилтын журмаар ажиллаж ирсэн. Харин одооноос албан ёсны үйл ажиллагаандаа орно. Бодлогын ерөнхий зөвлөлийн гол зорилго нь эрх барьж буй намын явуулж байгаа үйл ажиллагаанд судалгаа дүгнэлт хийж, байр сууриа илэрхийлэх, намынхаа бодлогыг тодорхойлоход оршиж байгаа. Цаашид УИХ-аар ямар хууль санаачлан, баталж оруулах вэ, Монгол төрд юу хэрэгтэй байна гэдгийг судалж, анализ хийх чиг үүрэгтэй. Ирэх намраас Бодлогын ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа нэлээд эрчимжих байх.


Categories
мэдээ цаг-үе

Р.Отгонжаргал: Алба хаагчдын мэргэшлийн шалгалтад орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүд “хангалттай” үнэлэгдсэн

Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны тавдугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа, албан хаагч, албан тушаалтнуудын мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоох шалгалтыг 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд зохион явуулжээ. Уг арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сарын 24-нөөс зургадугаар сарын 27-ны өдрүүдэд явагдсан байна. Шалгалтын зохион байгуулалт, үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас тодрууллаа.


-Уг шалгалтыг зохион байгуулах гол зорилго нь юу байв?

-Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас энэ онд “Удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлж, ил тод, шударга, шуурхай хуульч ажиллагааг хэвшүүлнэ” гэсэн зорилт тавин ажиллаж буйг та бүхэн мэдэж байгаа. Нэгж, байгууллага дээр энэ зорилтын хэрэгжилт ямар түвшинд байна вэ, ер нь дэвшүүлсэн зорилтдоо хүрэхэд нөхцөл, бололцоо ямар байгааг судлах, дүгнэх, алба хаагчдын мэргэшил, ажлын ур чадварын түвшинг тогтоож, цаашид ямар арга хэмжээ авахыг тодорхойлох нь чухал юм. Үүний зэрэгцээ уг сургалтад хамруулах зорилгоор тус үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зохион байгуулсан. Мөн цагдаагийн байгууллага 2010 онд алба хаагчдын мэргэжлийн түвшинг шалгаснаас хойш нэгдсэн журмаар ийм шалгалт явуулаагүй. Харин 2016 онд цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнээс мэргэжлийн түвшин, ур чадварын шалгалт авсан байдаг. Иймээс нийт байгууллага, алба хаагчдынхаа үйл ажиллагаа, алба хаагчдын мэргэшил, ур чадварын түвшинг тогтоох шаардлага бий болсон юм.

-Шалгалтын үеэр сургалт зохион байгуулсан гэсэн үү. Энэ талаар та тодруулахгүй юу?

-Бид энэ удаагийн сургалт, шалгалтыг алба хаагч болон байгууллага гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан. Тухайлбал, алба хаагчийн хувьд томилогдсон албан тушаалдаа тавигдах ерөнхий болон тусгайлсан шаардлагыг хангаж байгаа эсэх, томилогдсоноос хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа эсэхийг нь ажиглаж, дүгнэлээ. Газар, хэлтсийн хувьд өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчил болон Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт ямар байна, практикт тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүд юу байна гэдгийг ч анхаарсан. Түүнчлэн алба хаагчийг хөгжүүлэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж буйг нь шалгаж хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх тухай сургалтыг зохион байгуулсан.

-Шалгалтын нэгдсэн дүн мэдээ гарсан уу. Ер нь ямар журмаар, хэрхэн дүгнэсэн юм бэ?

-Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам, батлагдсан аргачлалын дагуу үнэлгээ дүгнэлт өгсөн. Нийт 21 аймаг дахь цагдаагийн газар, хэлтсээс нэр бүхий арван аймаг “сайн” гэсэн үнэлгээтэй шалгагдсан. Харин арван аймаг “хангалттай” түвшинд явж байна. Нэг аймаг “дутагдалтай” үнэлгээтэй тус тус шалгагдсан. Орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсүүд дунджаар 78.5 хувьтай буюу “хангалттай” гэж дүгнэгдсэн гэсэн үг.

-Шалгалтын явцад ажиглагдсан ололттой зүйл нь юу байв?

-Ололттой зүйлс олон байсан. Цагдаагийн байгууллагын нэгэн чухал үйл ажиллагаа болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нутгийн өөрөө удирдах байгууллагуудтайгаа хамтран нэлээн үр дүнтэй зохион байгуулдаг болжээ. Энэ чиглэлийн үйл ажиллагаа нь ч тогтворжсон байна. Мөн зарим аймгийн цагдаагийн газраас алба хаагчдыг хөгжүүлэх сургалт, судалгааны төвийг байгуулж эхэлсэн. Энэ нь бусад газар, хэлтэс ч санал, санаачилга авч жишиг болгохуйц ажил болсон байна. Бид энэхүү үйл ажиллагааныхаа үеэр тухайн орон нутгийн удирдлага, хууль сахиулах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын болон иргэдийн төлөөлөлтэй уулзаж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааны талаар санал, хүсэлтийг нь сонссон. Тухайн үед цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой ноцтой гомдол, санал ирээгүй. Харин ч орон нутгийн удирдлагууд, хууль сахиулах бусад байгууллага нь цагдаагийн үйл ажиллагааг дэмжиж ажилладаг, тэдний хамтын ажиллагаа сайжирсан нь харагдлаа.

-Тэгвэл дутагдалтай, анхаармаар зүйл юу байна вэ?

-Энэхүү шалгалтад 21 аймгийн цагдаагийн газар, хэлтсийн 3400 орчим алба хаагчдын 85.2 хувь нь хамрагдсан. Шалгуулсан нийт алба хаагчдын 30 орчим хувь нь эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Хэдийгээр алба хаагчид маань цаг наргүй ажилладаг боловч өөртөө тодорхой цаг зарцуулж хууль эрх зүй, гадаад хэл, компьютерийн мэдлэгээ дээшлүүлэх, дадлагажих, өөрийгөө хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа нь ажиглагдлаа.

-Шалгалтын үр дүнгээс шалтгаалаад ямар ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна?

-Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар зургаан ажлын хэсэг байгуулагдаж шалгалтын ажиллагаа явуулсан. Тэдгээр ажлын хэсгээр дамжуулан шалгалтад хамрагдсан цагдаагийн газар, хэлтсүүдээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад 40 орчим саналыг уламжилсан. Үүнийг нэгтгэж шийдвэрлэхийг зохих албан тушаалтан, алба нэгжүүдэд хүргүүлээд байна. Мөн шалгалтад хамрагдаагүй үлдсэн алба хаагчдын шалгалтыг нөхөж авах ажлыг эхний ээлжинд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Алба хаагчид эрүүл мэнд, бие бялдрын хувьд хангалтгүй байгаад анхаарч “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг боловсруулаад хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн сургалтын чанарыг дээшлүүлэх, алба хаагчид өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгуулахаар төлөвлөж байна. Ажлын хэсгүүдээс гаргасан саналын дагуу аймгууд дахь цагдаагийн газар, хэлтсүүдэд нэгж бүрийн онцлогт тохирсон үүрэг чиглэлийг хүргүүлсэн. Шалгалтын дүнг Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлөөр хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагчаас тодорхой үүрэг чиглэл, зөвлөмжийг тухайн нэгжүүдэд хүргүүлж биелэлт үр дүнг жилийн эцсээр тооцохоор ажиллаж байна.

-Орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч нарыг нийслэлд сэлгэж ажиллуулах тухай саналыг ажлын хэсгээс гаргасан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Шалгалтын явцад орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгч нарын ачаалал нийслэлд байгаа мөрдөгчдийн ачааллаас харьцангуй бага байгаа нь ажиглагдсан. Тиймээс тухайн цагдаагийн газар, хэлтсээс тодорхой тооны алба хаагчийг тодорхой хугацаагаар түр сэлгэн ажиллуулснаар нийслэл дэх мөрдөгчдийн ачааллаас хуваалцаж, улмаар өөрсдийн мэргэшлийн ур чадвараа дээшлүүлэх боломж байна гэж үзэж байгаа.

-Уг шалгалтыг нийслэлийн цагдаагийн хүрээнд хэзээ зохион байгуулах юм бэ?

-Улаанбаатар цагдаагийн хүрээ буюу нийслэлийн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагуудад энэ оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Ингэснээр нийт цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний мэргэшлийн түвшинд үнэлгээ дүгнэлт өгөх юм. Цаашдаа мэргэжлийн түвшинд үнэлгээ өгдөг шалгалт, сургалтыг цагдаагийн төв байгууллагаас гурван жилд нэг удаа, нэгжүүд дотооддоо жилд нэг удаа тогтмол зохион байгуулж байх шаардлагатай байгаа. Түүнчлэн мэргэшлийн түвшнээрээ шалгарсан, ерөнхий болон тусгай шаардлагыг ханган, үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдад зэрэг олгох байдлаар урамшуулж, цалингийн тодорхой хувийн нэмэгдэл олгож байх саналыг шалгалтын ажлын хэсгээс Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад танилцуулсан. Эдгээрийг хэвшүүлж чадвал алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол жил дараалан сайжирна гэж харж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр М.Амина: Монголчуудын характерыг нэг хүний нүүрний хувирлаар гаргаж чадсанаараа “Өвгөн хуурч” давтагдашгүй

Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зээнцэр М.Аминаг “Удам судар” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлагийн “Амина” сургуульд урлаг судлалын багшаар ажилладаг юм.


-Ү.Ядамсүрэн гэж түүхэнд үлдсэн их хүний нэрээр овоглож явна гэдэг асар том хариуцлага байх. Өвгийнхөө нэрийг өндөрт өргөн амьдарч чадаж байна уу?

-Ёстой мад тавихаар асуулт байна (инээв). Би урлагийн гэр бүлд өссөн. Ээж, аав, эмээ, өвөө, элэнц, хуланц бүгдээрээ зураач хүмүүс байсан. Энэ дундаас би ганцаараа зураг зурдаггүй. Бүтэн жилийн турш ээжийнхээ Дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангид суралцсан мөртлөө уран зурагт гүн автаагүй. Миний хийх зүйл биш гэж мэдэрсэн л дээ. Үүнээсээ болж их шаналж байсан. Гэр бүл, удам судар минь тэр чигтээ зураачид байхад яагаад би авьяасгүй юм бэ гэж боддог байлаа. “Хоёр дүү маань хүртэл сайн зурдаг. Би л гэр бүлийнхнээсээ өөр хүн юм байна. Намайг өргөж авсан юм уу” гэж асууж байсан удаатай. Гэр бүлийнхээ удам судрыг үргэлжлүүлэх хүн мөн үү гэж өөрөөсөө асуусан үе олон. Гэхдээ юм гэдэг цаанаасаа байдаг юм билээ. Бурхан тэгж тохируулсан уу яасан би зурах төрлийн хүн биш харин судлах чигийн хүн болж таарсан. Урлаг судлал луу орсон. Энэ салбараараа дамжуулж ээж, аав, эмээ, өвөөгийнхөө бүтээлийг олон нийтэд хүргэх боломжтой болсон. Ингэж удам судраа үргэлжлүүлж байна даа.

-Элэнц өвгийнхөө бүтээлүүдийг нь судалж байна уу. “Өвгөн хуурч” зургийг нь олон зураач хуулбарлах гээд чаддаггүйн шалтгаан юу юм бол?

-Монголын урлагийн түүх өрнөдийнхөөс их ялгаатай. Тусдаа том судлагдахууны салбар. Мөхөс миний бие Монголын урлагийн салбар руу хараахан орж амжаагүй явна. Мэдээж элэнц өвгийнхөө цуглуулга, бүтээлүүд дунд өссөн учраас урлаг судлалын том дүгнэлт гэхээсээ илүү өөрийнхөө бодлыг хуваалцъя. “Өвгөн хуурч” гэдэг зураг монгол зургийн их нарийн аргаар зурагдсан. Хэвлэл дээр анзаарагддаггүй мөртлөө эх хувилбарыг нь харах юм бол арын дэвсгэрт нь боронзон алтлагдуу баран дүрст хээ байх жишээтэй. Нарийн деталь ажлууд их орсон байдаг. Сахал, дээл, үсийг нь сайн ажиглах юм бол нарийн ажилласан нь харагддаг. Хүмүүс “Өвгөн хуурч”-ийг хуулбарлаад зуръя гэдэг. Хуулбарлаж зурахдаа ганцхан юман дээр маш их алддаг. Нүүрэн дээр нь их алддаг. Энэ зургийг европ, өрнөдийн хөрөг зураг шиг фоточлоод, яг адилхан гэрэл сүүдэр гаргаад зурахгүй. Нүүрний дүр төрх нь хэдхэн зураас юм шиг харагддаг. Хэдхэн зураасаар бүтсэн мөртлөө характер ихтэй дүрслэгдсэн.

-“Өвгөн хуурч”-ийг амжилттай эсвэл арай дөхүүлж хуулбарлан зурсан тохиолдол байгаа юу. Зураачид хуулбарлахдаа нүүрний хэсэгт их алддаг гэлээ. Яагаад энэ хэсэг ийм онцгой байгаа юм бол?

-Ээж маань (зураач Я.Булган) өвөөгийнхөө бүтээсэн “Өвгөн хуурч” зургийг хуулбарлаж үзсэн. Ээж минь хэдий Монгол зургийн хүн биш ч гэсэн нүүрийг нь маш амжилттай гаргаж ирсэн. Энэ бол маш хэцүү даваа. Яагаад гэвэл “Өвгөн хуурч”-ийн нүүрэнд маш нарийн, гүн сэтгэлгээ шингэсэн байдаг. Монгол хүний зан чанар, характер, монгол гэдэг үгийн утга “Өвгөн хуурч”-ийн нүүрний хувирлаар гараад ирдэг. Үүгээрээ энэ зураг үнэхээр агуу бүтээл. Чингис хааныг дүрсэлсэн гэдэг. Гэхдээ яг үнэндээ Чингис хааныг зурсан зурагтаа бас л монгол хүн гэдгийг маш гүн шингээсэн байдаг. Хэдийгээр Чингис хаан дэлхийг эр зоригоороо байлдан дагуулж байсан хүн боловч цаанаа энгийн монгол хүн шүү гэдгийг “Чингис хаан” бүтээлээрээ гаргахыг зорьсон. Монгол хүний мөн чанарыг харуулсан зураг юм. Ард түмний нүүр царай гэх юм уу даа. Монголын ард түмнийг нэг хүний царайгаар илэрхийл гэвэл “Өвгөн хуурч” л байхгүй юу.

-Та Ядамсүрэн гуайн бүтээл дунд өссөн. Түүнийг зураач гэхээс өөрөөр хүндэлж, биширдэг зүйл юу байна?

-Амьд ахуй цагт нь би байгаагүй л дээ. Би 1991 онд төрсөн. Харин элэнц өвөө маань 1986 онд бурхан болсон. Гэхдээ манай гэр бүлд өвөөгийн маань сүнслэг шинж чанар гэх үү дээ уур амьсгал нь нэвт шингэсэн байдаг. Түүний хүмүүжил, ярьдаг сургаал, номлол, эдэлж хэрэглэж байсан зүйлс дунд бид байдаг учраас тэр байх. Би өөрөө өвөөгийнхөө гэргий Люня буюу буурай ээж дээрээ өссөн. Буурай ээж маань өвөөгийн талаар их хуучилдаг байсан. Телевиз, сонинд ярилцлага өгдөггүй мөртлөө бидэнд их л дурсаж өгүүлдэг байсан юм. Буурал ээжийн ярианаас би өвөөгөө уужуу тайван, шашнаар зүйрлэвэл гэгээрсэн хүн байсан гэж ойлгосон. Өвөө маань их гэгээрсэн, амьдралын аахар шаахар зүйлсээс хол юм шиг ном, зохиолд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гэхдээ ойроос нь сайн судлаад үзэх юм бол энгийн сайхан хүн шиг санагддаг. Аахар шаахар зүйлд санаа зовдоггүй нь маш сайн гэргийтэй байсантай нь холбоотой. Люня буурал ээж маань гэр орны ажил, хоол унд, үр хүүхдээ хүмүүжүүлэх бүх зүйлийг зохицуулдаг байсан. Буурал ээж маань уран бүтээлч хүн бүтээлээ л хийх ёстой гэж үздэг учраас бүтээлдээ анхаарах нөхцөлийг нь бүрдүүлчихдэг. Багадаа би өвөө шигээ хүнтэй гэрлэх юмсан гэж боддог байсан шүү дээ. Өвөө маань тийм л түшигтэй, ганган хүн байсан.

-Ядамсүрэн гуайг дандаа дээл өмсдөг байсан гэх юм билээ.

-Энэ ганган дээр чинь их юм байгаа. Нэг талаас сайхан дээл өмсөнө. Нөгөө талаас хуучин ЗХУ-д сурч ирчихээд цагаан костюм пиджак өмсөөд, ясан таяг тулаад явдаг байсан гэдэг. Залуухан хүн байгаа шүү дээ. Таягийг бол зүгээр гангараа маягаар тулдаг байж л дээ. Урлаг судлаач С.Лувсанвандан гуай өвөөгийн амьд ахуйдаа ярьсан яриаг тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Тэр тэмдэглэлд “1937 онд юмсан. Намайг Маршал Х.Чойбалсан дуудаж билээ. 1934 онд Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль төгсөж ирээд, Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан цаг. Цагаан костюм өмсөж, хар зангиа зүүж, тохойдоо гоёлын таяг тохсон ухаандаа их л дэгжин залуу очиж билээ. Х.Чойбалсан гуай таягийг минь эргүүлж, тойруулж үзсэнээ “Хаан хүний таяг уу” гэж огцом асуусан. Тэгэхэд нүүрнээс гал бутарч, хэл татах шиг болсон юм. Залуу савсаг явж, омтгой, хуумгай юм хийснээ бодох бүр ичдэг юм. Одоо ёстой таяг тулах насандаа ч түүнийг барихгүй байгаагийн учир тэр ээ гэж Ядамсүрэн гуай гэмшин ярьдаг юм аа” гэсэн байдаг. Энэ тэмдэглэл их сонирхолтой. Өвөө залуудаа их гангалдаг байсан. Охид, хүүхнүүд тайван байлгадаггүй гэж ярьдаг байсан юм билээ. Энэ түүхүүдийг сонсож байхад яг л сайхан сэхээтэн монгол хүн байсан юм байна даа гэж бодогддог.

– Та хэд бүгдээрээ буурай ээжийнхээ гараар хүмүүжсэн үү?

-Буурай ээж миний амьдралд маш том байр суурь эзэлж байсан. Нас барахад нь надад хүнд цохилт болж байсан. Газар хөдөлж байгаа юм шиг л санагдаж билээ. Хэдий тухайн үед манай гэрийнхэн гаднаа зүгээр байгаа юм шиг хэрнээ бүгдэд нь хүнд байсан. Яагаад гэвэл буурай ээж маань амьдралынхаа туршид манай гэр бүлийн хувьд дэлхий ээж шиг газар, суурь нь байсан. Бид бүгдийг олон үеэр нь өсгөсөн. Өөрийнхөө хүүхдүүдийг, ач, зээгээ, дараа нь бидний үеийнхнийг өсгөж, хүмүүжүүлсэн. Би эхээс гурвуулаа. Бага байхад бид зуны турш буурай ээжийн зусланд өнждөг байлаа. Боргоцой, түлээ түүж, ус зөөснийхөө үр дүнд нэг чихрээр шагнуулна. Ер нь хатуу гараар биднийг өсгөсөн дөө.

-Зарим хүмүүс эмээг тань орос хүн, зарим нь гүрж хүн гэлцдэг. Яг хаанаас гаралтайг нь хүмүүс төдийлөн мэддэггүй. Яаж яваад Монголд ирж суурьшсан юм бол?

-Буурай ээжийг минь Ликанида Андреевна Фараносова гэдэг. Орос хүн байсан. Дуудахад амар гээд Люня гэж авгайлдаг болсон гэдэг. Буурай ээжийн маань аав Фараносова харц гаралтай хүн байсан гэдэг. Харин ээж нь Оросын язгууртан гаралтай хүн байсан гэдэг. Тухайн үеийн нийгэмд харц хүн язгууртантай гэрлэхийг эсэргүүцдэг байсан шүү дээ. Зэрэг зиндааны ялгаанаас болоод эх орондоо гэрлэж чадахгүй учраас Хятад руу дүрвэхээр болсон юм билээ. Оросоос гараад Хятадад очиж чадалгүй Монголд үлдэж л дээ. Тэгээд Төв аймгийн ойролцоо газар тариалан эрхэлж амьдрах болсон гэнэ лээ. Буурай ээж минь Монголд төрсөн орос хүн. Сүүлд еврей гаралтай байж болзошгүй гэсэн таамаг гарсан. Гэхдээ үүнийг нарийн судалж тогтоогоогүй байна.

-Люня гуай амьд ахуйдаа их уран хүн байсан гэсэн. Зээгт наамал урладаг байсан гэл үү?

-Бага байхад нь эцэг, эх нь сургуульд сургаагүй юм гэсэн. Охид нь гэртээ үлдэж юм оёж, хоол унд хийдэг, хөвгүүд нь сургуульд явдаг байсан үе шүү дээ. Буурай ээж дээрээ хоёр ахтай. Ах нарыгаа дагаад сургууль руу явж хэд гурван багшаас нь юм сонссоор байгаад бичиг үсэг тайлагдсан юм билээ. Өвөөтэй суусны дараа тэр хоёр цалингаа буух болгонд ном худалдаж авдаг байсан. Одоо тэр нь манайд том номын сан болоод байж байна. Буурай ээж өвөөг дагаж ном их уншдаг болсон. Суусан газраасаа шороо атгадаг, учирсан хүнээсээ эрдэм ном суралцдаг тийм л хүн байж дээ гэж боддог. Буурай ээж маань өвөөг дагаад урлахуйн ухаанд суралцсан. Зээгт наамлын эх зургийг өвөө зурж, буурай ээж зургийнх нь дагуу торгоор зээгт наамал хийдэг байсан. XIX зууны зээгт наамлыг үргэлжлүүлж социализмын үед үндэснийхээ урлалыг авч явж байсан ийм хүн байсан даа.

-Хэдэн онд гэр бүл болсон юм бол?

-Яг оныг нь санахгүй байна. Гэхдээ буурай ээж их л залуухан байхдаа өвөөтэй байхдаа суусан гэдэг. Өвөө маань 15 насаар ах байсан. Буурай эмээ маань залуухан хөөрхөн орос охин байсан гэдэг.

-Ядамсүрэн, Люня гэдэг хүмүүсийн үр сад бүгдээрээ зураач уу?

-Тэд маань гурван хүүхэдтэй. Том нь ардын зураач Үржнээ гэдэг хүн байсан. Зайсангийн хөшөө, Гадаад хэргийн яаман дахь Чингис хааны чулуун шигтгэмлийг хийсэн хүн. Дундах нь Заяа гэж хүн бий. Залуудаа орос хэлний багш байсан. Бас л зураач хүн. Хамгийн бага нь Туяа гэдэг зураач бүсгүй байсан. Дунд охин Заяагийнх нь охин нь манай ээж юм. Ядамсүрэн гуай ээжийн өвөө нь гэсэн үг. Ээж маань Ядамсүрэн гуайн гэрт өссөн учраас Ядамсүрэнгийн Булган гэж өвөөгөөрөө овоглодог юм.

-Я.Булган Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Дүрслэх урлагийн “Амина” сургуулийн захирал, зураач хүн. Нэг ярилцлагад “Намайг бага байхад өвөө маань Гандан маш сайхан шашны газар, энд гар урлалын газар байгуулах юм сан гэж чихэнд хоногштол ярьдаг байсан” гэснийг уншиж байсан юм байна. Ээжийнхээ энэ үйл хэргийн талаар ярихгүй юу?

-Манай ээж их өвөрмөц дотоод ертөнцтэй хүн л дээ. Нийгмийн салхины аясаар явж үзээгүй. Үргэлж өөрийнхөөрөө байдаг. Гурван хүүхдээ өсгөхийн хажуугаар шантралгүй урлагийн хатуу замаар явж ирсэн. Ямар ч хэцүү зүйл тохиолдсон бууж өгөлгүй, дайчин байж чаддагаар нь би бахархдаг. Миний үлгэр дуурайл болсон эмэгтэй. 1994 онд “Анима” сургуулийг нээсэн. Анима гэдэг нь сэтгэл гэсэн утгатай латин үг. Ээж минь хүнд эд хөрөнгө, эрх мэдэл хэрэгтэй ч гэлээ сэтгэл нэгдүгээрт байх ёстой, ингэж чадвал аз жаргал ирнэ гэсэн философиор амьдардаг. Бага байхаас эхлээд биднийг байгалиа хайрла, өнчин хүүхдэд тусал гэж сургаж ирсэн. Тэр ч байтугай гудамжны хүүхдийг гэртээ авч ирээд, усанд оруулаад, хооллож ундалж байсан удаатай. Загас өгөхөөсөө илүү загас барих аргыг нь зааж өг гэдэг. Энэ утгаараа аав, ээж хоёр маань нийгмийн эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан сургуулиа байгуулсан. Манай сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөнгөлөлттэй тарифаар суралцах боломж олгодог.

-Ээж тань Ү.Ядамсүрэн гуайн талаар сонирхолтой сайхан хууч яриа өрнүүлнэ биз?

-Ээж гэхээсээ илүү Заяа эмээ маань бага байхад сонирхолтой зүйл хуучилдаг байж билээ. Ядамсүрэн өвөөг зургаа зурж эхлэхээр нь Люня эмээ хүүхдүүдээ өрөөнөөс нь хөөгөөд гаргачихдаг байж л дээ. Нэг удаа Заяа эмээ аавынхаа зураг зурж байсан өрөөнийх нь үүдээр өнгөрч. Гэтэл их хурц гэрэл харагджээ. Тэгээд зогтусаад хаалгаар нь шагайж хартал Ядамсүрэн өвөөгийн толгой дээр нь бурхны зураг дээрх шиг гэрэл цацарч байсан гэнэ лээ. Хүмүүс сонсохоороо инээгээд байдаг юм. Эмээгийн хувьд бол энэ явдал их гүн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Эмээ минь тэр үйл явдлаа дурсахаараа аавыгаа “Их гэгээрсэн хүн байж дээ” гэж ярьж суудаг нь санаанаас гардаггүй юм. Хүүхэд байхдаа энэ яриаг нь олон дахин яриулах дуртай байж билээ. Нээрээ гэрэл цацарч байсан юм уу гээд л шалгаана. Та фото зургийг нь дарчихгүй яасан юм гэхээр эмээ одоогийнх шиг гар утас байх биш дээ гэж хариулдаг байсан. Ийм түүх сонсож өссөн болохоор энгийн хүн биш байжээ гэж хааяа бодогддог. Ингээд ярихаар энэ өвөөгөө гэгээрсэн хүн болгочихоод үр удам нь болохоороо гэгээнтэн нэр зүүх гээд байна гэж бодох вий. Нүгэлтэй бид хэд өвөөгөө гүйцнэ гэж юу байх вэ.

-Я.Заяа эмээгийнхээ тухай яриач?

-Эмээ маань 70 гаруй настай хүн бий. Залуу ахуйдаа зурсан зургуудыг нь харахад их романтик хүн шиг санагддаг. Миний санахын бага байхад зуслан дээр цэцэг, навчийг их уран тансгаар зураад суудаг байсан. Абстракт буюу хийсвэр урлагаар дагнан зурдаг. Зургууд нь яг Пушкиний шүлэг шиг мэдрэгддэг. Өөрөө ч гэсэн Пушкиний шүлгийг их сайхан уншдаг. Ээжийн маань аав Орос Баяраа гэж бас л зураач хүн байсан. Эмээ хойно сурч байхдаа Баяраа өвөөтэй танилцсан гэсэн. Баяраа өвөө Пушкиний шүлгийн эхний хэсгийг уншихад нь эмээ хоёр дахь хэсгийг нь уншаад танилцаж байсан гэж ярьдаг юм.

-Зураач хүн зураач хүнтэй гэр бүл болно гэхээр их л сонин юм. Аав, ээж хоёр тань хоёулаа зураач хүмүүс байдаг. Ингээд бодохоор бурхан цаанаас нь тохируулаад байдаг юм шиг ээ.

-Тохируулна гэснээс их сонин зүйл байдаг юм. Ядамсүрэн өвөө янз бүрийн бүтээл туурвиж байсан. Энэ дунд Монголын сэхээтнүүд, хөдөлмөрч ард түмний хөргүүд олон бий. Хөдөлмөрийн гавьяат зүтгэлтэн, жолооч Самбуу гэдэг хүний хөргийг тухайн үедээ зурсан байдаг. Монхор хамартай хүний хөрөг зураг. Зүгээр л гавьяат хөдөлмөрчний хөрөг л дөө. Тэгсэн явсаар манай ээж аав хоёр гэрлэсэн чинь аавын өвөө нь жолооч Самбуу гуай байж таарсан. Тэгэхээр цаанаасаа байдаг юм шиг. Аав, ээж хоёр маань гал хүмүүс. Өөр өөр ертөнцтэй хүмүүс хоорондоо уусна гэдэг бол бараг боломжгүй. Энэ хоёрын маань хамтын амьдрал хайр дурлалтай, маргаантай, дүрэлзсэн тийм л байсан даа. Аав маань сонгодог зураач хүн ямар байх ёстой тийм л хүн. Нэг талаас их үндсэрхэг үзэлтэй, нөгөө талаас анархист буюу өөрийнхөө эрх чөлөөг дээдэлсэн үзэлтэй.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Ямар ч хамаагүй аргаар олон нийтэд урлагийн тухай анхан шатны боловсрол олгохыг зорьдог. Үүндээ зориулаад олон төрлийн ажил хийж байгаа. Үүнээс гадна Монголын уран зургийн салбарыг судлахыг хүсдэг. Монголд авьяаслаг, гайхалтай зураач олон бий. Тэдгээрийн бүтээлийг судлаад, дэлхийд таниулах мөрөөдлийг дотроо тээж явдаг.

Э.ЯНЖМАА

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Салхин тээрэмтэй байлдсанаас усан тээрэмтэй байлдсан нь дээр дээ

Сервантесийн “Дон Кихот”-ын гол дүр болох хижээл насны эр салхин тээрмийг хөлөг баатрууд гэж эндүүрэн харж “их тулаан” хийдэг дээ. Жирийн л нэг салхин тээрэмтэй тулалдаж байгаагаа их үйл хэмээн сэтгэж хөөрч дэвэлзсэн Кихот шиг харагдаад болдоггүй ээ манай засаг төр. Засаг төрийн эрхийг барилцаж суугаа улстөрчдийн ярьж, хэлж, дэвэргэж, тэмцэж яваа үйлдлүүдийг бодохоор л салхин тээрэмтэй байлдаж буй хөгжилтэй эр харагдаад хөх инээд барах юм. “Дон Кихот бол дэлхийн сонгодог. Энэ зохиол дээр гардаг “салхин тээрэм” гэсэн үгийг хүн төрөлхтөн “Ямар ч үр дүнгүй юм хийх”-тэй жишиж зүйрлэдэг. Ухаандаа хийж гавьсан юмгүй хэрнээ өөрийгөө мундаг гээд итгэчихсэн давхиж явдаг нөхдүүдийн үйлдлийг “салхин тээрэмтэй байлдаж байгаа юм шиг” хэмээн шоглодог. Театрт дурлагч нэг эрхэм блогтоо “Дон Кихот”-ын тухай “Кихот үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн. Гэхдээ үгийг гайхамшигтай эзэмшсэн байлаа гээд Кихотын өөртөө оршоосон тэр ертөнц байхгүй. Байх боломж, хувилбар нь элэглэл дооглол дунд байгаа л ертөнц. Үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн үгээр ялж болно. Гэхдээ тэр хүн Кихот байвал ялаад ч хэрэггүй. Амьдрал дээр ч ийм тохиолдол олон байдаг. Хэн ч үгийг гайхамшигтай эзэмшээд юуг ч итгүүлж, өөрөө итгэж болно. Гэвч тэр ертөнц нь Кихотынхтой адил байх нь инээдэмтэй. Гэвч инээх хүн цөөхөн” гэсэн удаатай. Энэ дүгнэлтээс гоё ярихаас өөрийг мэддэггүй манай улстөрчид бас харагдаад байдаг юм.

Эрх баригчдын тэмцэж байлдаж буй салхин тээрмийн нэг нь сүүлийн үед хүчээ авсан жаран тэрбумын улс төр. Сонгодог жишээ нь гэж хэлж болно. Жаран тэрбум бол хэн нэгний тарьсан балагтай хэрэг биш зүгээр л гоё улс төр. Жаран тэрбумаас болж хохирсон иргэн байхгүй. Харин жаран тэрбумаас болж УИХ-д сонгогдож, төрийн өндөрлөгт тухалсан улстөрчид бол бий. Манай улстөрчид сонгуулийн өмнө энэ дуулианыг дэгдээж байгаад зөөлөн суудалд тухлахыг л хүсдэг. Түүнээс биш халаасан дахь хэдэн төгрөгийнх нь үнэ цэн өдрөөс өдөрт уруудаж байгаа иргэдийнхээ орлогыг нэмэхийн төлөөх тэмцэл байлдаан огт биш. Жаран тэрбумыг ярихгүй л бол, энэ салхин тээрэмтэй тулалдахгүй бол улсаараа хэцүүдэх гээд байгаа гэвэл итгэж үнэмших хүн гарахгүй. Улстөрчдөд иргэдийг хэт гэнэн гэж төсөөлөөд явдаг алдаа бий. Тийм биш л дээ. Чуулганаар чухалчилж хэлэлцэхээс аргагүй аминд тулсан асуудал гэж юу болох, зөвхөн том бүлэглэл хоорондын зодоон, шоуны сэдэв гэж ямар асуудлыг хэлдгийг ялгаж салгах ухаан жирийн олонд бий. Жаран тэрбумыг иргэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан барин яарч сандран чухалчлан хэлэлцэх сэдэв ерөөсөө биш гэж харж байгаа.

Ерөнхийлөгчийн хувьд гээд харахад л жаран тэрбумын шоу удаа дараа албан бичиг хүргүүлэн байж санаа тавих асуудал болоод хувирчихлаа. Уг нь жаран тэрбум Ерөнхий сайдын болон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагасан Л.Оюун-Эрдэнэ мэтийн гишүүдийн хөмсгөө зангидан санаа зовоох асуудал хэтээсээ биш. Жаран тэрбум гэх мэт хий хоосон асуудлыг улстөржүүлж өөр зуураа хэмлэлдэхийн оронд иргэдэд хэрэгтэй зүйл ярьж карьераа өсгөвөл өөрсдөд нь хэрэгтэй.

Манай улстөрчдөд бас нэг алдаа бий. Ирэх сонгуулиар өмнөх шигээ жүжиглэж, попорч, хөөсөрч байгаад гараад ирнэ гэсэн төсөөлөл анзаарагдаад байна. Сонгогчдын насны бүтэц өөрчлөгдөж байгааг ажигласан нь хэд бол. 2020 оны сонгуулиар 18 нас хүрэх залуус саналаа өгнө. Өөрөөр хэлбэл 2002 онд төрсөн шинэ үеийнхэн улстөрчдийг сонгож эхэлнэ гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар 18 хүрч сонгуулиа өгсөн залуус 22 хүрчихсэн байна. 20-той дэрвэж явсан нь 24-тэй, 24-тэй саналаа өгсөн нь 28 хүрчихнэ. Манайх залуусын орон. Тэгэхээр ирэх сонгуулиар саналаа өгөх ид насныхан 90-ээд оныхон байх нь. Гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн, англи хэл дээр дэлхийн мэдээллийг үзэж харж тунгааж боддог насныхан манай улстөрчдийг огт өөрөөр харна. Тэд Францын ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг, Оросын Путины нөлөө дэлхийд хүчирхэг байдгийн шалтгааныг, Трампын алдаа оноог, Англи, Швейцарь, Канад, Австралийг хөгжүүлсэн улс төрийн бодлогыг шүүж харьцуулаад тунгааж чаддаг шинэ үеийнхэн. Ийм шижигнэсэн залуусын санал давамгайлна гэж бодож суугаа улстөрч саарал ордонд хэчнээн байгаа бол. Бараг л байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Улстөрчид, дээр суугаа хэд маань энэ шижигнэсэн залууст яаж харагдахаа одооноос бодох л хэрэгтэй.

Зүй нь Ерөнхийлөгч арай том асуудал дээр УИХ-ыг ингэж шахсан бол нийгэмд гоё харагдана. Ирэх сонгуулиар саналаа өгөх шинэ үеийнхэнд ухаалаг харагдана. Жишээ нь Ерөнхийлөгч Зам тээврийн сайдыг өрөөндөө дуудаж ирүүлээд “Дарханы замыг засаж өргөтгөх биш дэлхийн жишигт хүрсэн том зам барь” гэж загнавал В.Путин шиг харагдана.

Зам тээврийн сайдыг дуудаж загначихаад Ерөнхий сайдад яг тэр асуудлаараа албан бичиг хүргүүлбэл бүр хүчирхэг харагдана. “Азийн хөгжлийн банкнаас ирж буй хөнгөлөлттэй зээлийг Хэнтийн шавар хэрэм гэх мэт дэмий юманд битгий зарцуулах гээд бай. Зүгээр л Дарханы замаа иж бүрнээр нь шинээр тавь” гээд явуулчихад л нийгэм эерэгээр хүлээж авна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав биенээ ингэж ажил хэрэгчээр шахаж ажиллавал рейтинг нь цойлоод эхэлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөшөө чулуу руу хөнгөлөлттэй зээлийн мөнгөнөөс шилжүүлэх улс төр хийж суухынхаа оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг дуудаж авчраад “Таван толгойн IPO-г гаргах ажил юу болж байна. Засгийн зүгээс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой болгож цаасан дээр буулгаад авчир. Төмөр замтай болох ямар шийдлүүд байгааг судал. Өмнөх шиг овоолсон шороонд хэдэн зуун тэрбумаар нь цацах дэмий ажил хийж болохгүй шүү. Төмөр зам дээр тэгж гоомой хандвал суудалтай чинь ярина” гэхэд л тодроод явчихна. Улсын хөгжилд нэмэртэй, иргэдийн авдаг хэдийг ахиулахад дэмтэй асуудлуудад хэд хэдэн удаа ингэж ухаалаг хандчихад л хөөргөн, сагсуу, Путиныг дуурайж зургаа авахуулдаг, намынхаа төлөө жагсч тэмцэж явсныг нь эс тооцвол төдийгөөс өдий хүртэл тэр гээд хийсэн том ажил байдаггүй гэх мэт шүүмжлэлүүдийн эрч суларч, У.Хүрэлсүхийн гэнэндүү, хар эр зориг бүхий булчинлаг имиж нь өөрчлөгдөнө. Ухаалаг, хэрсүү, юунд ч ганхахааргүй лидерийн төрх рүү ойртоно.

Уул уурхай дээр Ерөнхий сайдаас илүү тодорч харагдаж байгаа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх шүү. Д.Сумъяабазар сайдад салбарынхан нь дажгүй үнэлгээ өгөөд эхэлчихсэн. Ерөнхий сайдын хамгийн ихээр анхаарах салбар уг нь уул уурхай. Гаднаас ахиухан доллар татах боломжтой ганц салбар учраас уул уурхай руу анхаарсан шийдлүүд гаргамаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний онилох том асуудлын нэг нь өмнийн говийн уурхайнуудыг эрчим хүчээр хангах цахилгаан станцын бүтээн байгуулалт. Таван толгойн цахилгаан станцын төсөл үлгэр болчихсон. Сүүлдээ станц барих ачаа “Рио тинто”-гийн нуруун дээр бууж байх шиг байна. Оюу толгой урд хөршөөс цахилгаан худалдаж авахдаа жилд 200 гаруй сая ам. доллар урсгадаг гэсэн статистик бий. Өмнийн говьд цахилгаан станц барьчихвал энэ мөнгөнөөс эхлээд Монголд үлдэх өгөөж нь их. Ерөнхий сайд УИХ-ын даргад “Оюу толгойг шалгаж байгаа ажлын хэсгийнхээ дүгнэлтийг хурдлуул. Компанид дарамттай, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье. Эрүүл саруул, нотолгоо тоотой дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна. Оюу толгойн дүгнэлтэд улстөржиж хандаж болохгүй шүү. Гүний уурхайн бүтээн байгуулалтаа зэсийн үнийн өсөлтийн циклээс урьтаж хийх боломжийг олгомоор байна. Бас цахилгаан станц барих асуудал дээр нь төр засгаас дэмжих ёстой бүхнээрээ дэмжих хэрэгтэй” гэсэн үгтэй албан бичиг илгээвэл эрүүл, зөв харагдана. Жаран тэрбумтай тэмцэнэ гэж хоосон орилж, “Кихотлох”-оос тэс өөр ажил хэрэгч хандлага. Ингэж сэтгэж ажиллавал түүнийг нийгэм лидер гэж хүлээн зөвшөөрнө. Ерөнхий сайдын анхаарлын төвд байх ёстой дараагийн асуудал гээд яриад байвал багагүй жагсаалт гарна. Наад зах нь Газрын тос боловсруулах үйлдвэр дээр эрчтэй, ухаалаг ажилламаар байна.

Ерөнхийлөгчийг В.Путинтай ойр харилцаатай гэж ярьцгаадаг. ОХУ-ын төрийн тэргүүнтэй хамт авахуулсан зураг нь ч сүртэй л дээ. Булчинлаг, хөмсгөө зангидаж духаараа харсан төрхтэй улсын тэргүүнүүдийн зураг сүртэй харагдалгүй ч яахав. Гэхдээ В.Путиныг булчин нь гэхээс илүү төдийгөөс өдий хүртэл бий болгосон улстөрчийн хүчирхэг шинж чанарууд нь нухацтай, том харагдуулдаг. Манай ерөнхийлөгчид ч өөрийн гэсэн үнэ цэнээ бий болгох боломж бий. Жишээ нь В.Путинтай дажгүй харилцаагаа ашиглаад Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөнө гээд дуугарчих хэрэгтэй. “Би зарчмын хувьд дэмжүүлээд өгье. Та нар хийх зүйлсээ тултал нь хий” гэж УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг шахвал Путинаас дутаагүй хүчирхэг харагдах боломжтой. Шөнөдөө эрчим хүчээ хойд хөрш рүү хий урсгаж өдрийн их ачааллын цагаар чамгүй үнэ төлж цахилгаан худалдаж авдаг асуудлаа шийдэх уг нь тийм хэцүү биш. Сэлэнгэ мөрөн дээрээ усан цахилгаан станц барьчихад л болоод явчихна гэж эрчим хүчний салбарынхан ярьдаг. Усан цахилгаан станц ажиллуулаад эхэлбэл хойд хөршөөс цахилгаан худалдаж авахгүйгээр амар жимэр аж төрөх боломжтой атал Эг, Шүрэнгийн усан цахилгаан станц яагаад ч юм өдий хүртэл баригдаагүй л байна. Хөдөлж өгдөггүй шалтгааныг нь өнгөц харахаар тун энгийн. Хойд хөрш Сэлэнгэ мөрөн дээр ямар нэг барилга байгууламж баривал Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гээд хөдөлж өгдөггүй. Яг нарийндаа байгаль нуурт үзүүлэх нөлөөнөөс болж хойд хөрш гэдийгээд байдаг юм биш л дээ. Хойд хөршийн эрдэмтэд Эгийн усан цахилгаан станцыг барьчихвал харин ч Байгаль нуурт хэрэгтэй гэцгээдэг.

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцдэг Төрийн бус байгууллагын удирдлагад нь улстөрчдийн нэр дуулддаг. Буриадын хурлын депутатаас эхлээд томчуудын нэрс цөөнгүй бий. Тэдний хэлхээ холбоог хөөгөөд харвал Төрийн ДУМ хүрч ч магадгүй. Энэ мэтээр ухаад бодохоор усан цахилгаан станцгүй аж төрж яваагийн цаана хөршдөө үзүүлэх нөлөөгөө алдахгүй гэсэн Кремлийн сонирхол, санаа байгаа гэсэн дүгнэлт тодроод ирдэг. Хөрш улсаа үгэндээ оруулах хэрэгсэлтэй байна гэдэг аль ч орны гадаад бодлогод байдаг л зүйл.

Усан цахилгаан станцыг уяад байгаа хамгийн том, бодитой шалтгаан нь Монголд нийлүүлдэг цахилгааны бизнес гэсэн тайлбар бас бий. Өмнө нь Улаан-Үдэд төвтэй “Бурятия энергия Байкала” гэдэг байгууллага манай улсад цахилгаан нийлүүлж байсан бол өдгөө “Интер РАО” хэмээх арилжааны байгууллага Монголд цахилгаан нийлүүлж байна. Цахилгаанаа авдаг газар нь 100 хувь хувийн өмчийн “Иркутск энергия”. Оросын эрчим хүчний системүүдээс анхны бөгөөд одоохондоо ганцаараа байгаа 100 хувь хувийн өмч. Бүр тодруулж хэлбэл В.Путины ойрын хүн гэгддэг тэрбумтан Олег Дерипаскагийн өмч. Энэ компанийн хувьд цахилгааны чадлын нэлээд илүүдэлтэй. Хувьцаа эзэмшигчдийнх нь хэлснээр 500-600 МВт чадал зогсч байдаг аж. Гэсэн хэр нь сүүлийн үед чадлаа нэмсээр байгаа. Байгаль нуураас цааш Хойд мөсөн далай руу чиглэсэн Ангара гэж гол бий. Ангар мөрөн дээр Эрхүүгийн цахилгаан станц, цаана нь дөрвөн ч цахилгаан станц ажилладаг. “Иркутск энергия”-гийн хүчин чадал нь 12.7 гегават. Манай улсын системийн чадлаас арав гаруй том аварга чадал гэсэн үг. Товчхондоо ОХУ-ын хэмжээнд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг систем. Оростоо цахилгаанаа маш хямд зардаг бол Буриад руу гурав дахин, манай улсад бүр ес дахин өссөн үнээр эрчим хүчээ худалддаг. “Иркуткс энергия”-гийн хувьд Монгол жижиг зах зээл ч цахилгаанаа үнэтэй зардаг, хэрэглээ нь жил ирэх тусам нэмэгдэх дажгүй зах зээл. Тэгэхээр Путины ойрын хүн гэгддэг тэрбумтны бизнесээ хамгаалах сонирхол, нөлөө Байгаль нуурын төлөөх эсэргүүцлийн цаана байж мэдэх л юм.

Ингээд харахаар В.Путинд нөлөөлж чадвал Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт саадгүй өрнөх боломж байна. Тэгэхээр жаран тэрбум гэж хий хоосон зүйлээр улстөржиж салхин тээрэмтэй байлдаж сууснаас усан тээрэмтэй л тулмаар байна. Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт том бүтээн байгуулалтын төлөө улстөрчид нь зүтгээд зориод эхэлбэл гуравхан сая хүнтэй, байгалийн асар их баялагтай Монгол шиг улсад үсрэнгүй хөгжих асуудал биш. Сүүлийн 30 жил ийм гэнэн тэнэг, сүржин, хий хоосон улстөржсөний балгийг эцсийн бүлэгт жирийн иргэд л үүрсэн. Зөвхөн ашиг сонирхлоо л бодсон улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын дайны хөлд ард түмэн л үрэгдэж байна.


Categories
мэдээ нийгэм

Наймдугаар сарын 03-нд болох үйл явдал

Хүүхдийн “Жавхлант” зусланд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, “Ээлтэй ертөнц” ТББ-аас 150 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг зуслангийн хөтөлбөрт хамруулах, сэргээн засах “Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөрийн нээлт болно. Утас:88097606

10.00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ болно. Утас: 80113660, 95574651

10.00 цагт Улаанбаатар чуулгын байранд Монголын сурагчдын холбооноос Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан “ӨСВӨРИЙН 333 СУРГАГЧ БАГШ” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 86470930

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Спортын төв ордонд “Чингэс” мэргэжлийн боксын холбооноос 90.7кг жингийн аваргын бүсийн төлөөх тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14.30 цагт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоонд ЭХЭМҮТ-ийн 30 жилийн ойн хүрээнд тус төвийн эмч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Утас:99028919

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд

09.00 цагт УБТЗ-ын Удирдах газрын өмнө талбайд УБТЗ-ын Ахмад зүтгэлтэн Н.Цэрэнноровын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно.

10.30 цагт Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Найрамдлын хөшөөнд цэцэг өргөнө.

11.30 цагт Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлын Баганат танхимд 80 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн үзэх, босоо хүлээн авалт болно.

13.00 цагт Улаанбаатар Зорчигч үйлчилгээний төв буудлаас Төмөр замчдын соёлын ордон хүртэл баярын парад алхана.

14.00 цагт Төмөр замчдын соёлын ордонд 80 жилийн ойн баярын хурал, тоглолт болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-д “Ажил хийгээч ээ” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

Өдрийн сонин-ы тэргүүн нүүрт Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г. Ёндонгомбо: Цахилгаан станцууд удахгүй ундны цэвэр уснаас татгалзаж, цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглана хэмээн ярьжээ.

“Улс төр” нүүрт Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно гэж ярьсан байна.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс “Ажил хийгээч ээ” хэмээх нийтлэлийг уншина уу.

Монгол Улс дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг гурван хүнийг шалгаж байгаа нь үнэн гэв хэмээн “Баримт, үзэл бодол” нүүрт өгүүлэв.

“Том толгойтой” бөхчүүд хэмээн “Цаг үе, үйл явдал” нүүрт бичжээ.

Нэг ангийнхан” буланд Төгсөлтийнхөө ойгоор сайн үйлс бүтээсэн 10″б” ангийнхан хэмээн ярьжээ.

Адуутай, сурьхиртай, Их Монгол элстэй ХӨХ МОРЬТ сумын талаар “Эх орон сумаас эхэлнэ” булангаас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029, 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Номоо солилцъё” өдөрлөг энэ амралтын өдөр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл Урлагийн газар, UB Public Library-Хотын Төв номын сан хамтран зохион байгуулдаг “Номоо солилцъё” өдөрлөг энэ сарын 04-нд болно.

Өдөрлөгт ах дүү хотын харилцаатай БНСУ-ын Намянжү хотын сайн дурын иргэдээс бүрдсэн ажлын хэсэг хүрэлцэн ирж оролцох юм. Энэ үеэр Улаанбаатар хотын төв номын сангийн үйл ажиллагаатай танилцах, Намянжү хотын номын сангийн үйл ажиллагааг танилцуулах, Намянжү хотын номын булан нээх, хүүхдийн ном бэлэглэх, ном солилцох зэрэг үйл ажиллагаа зохион байгуулах аж.
Улаанбаатар хотын нийтийн төв номын санд болох тус өдөрлөгт нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирж номоо солилцохыг урьж байна.
Энэхүү өдөрлөгийг 2017 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт уламжлал болон зохиож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Голд машинтай суусан иргэдийг аварчээ

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөн жаргалант багийн “Хайрханы гарам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т/ Өртөмт” голд иргэн Н-ын “Ланд Крузер-100”, Б-ын “Ланд Крузер-80” загварын хоёр автомашин долоон зорчигчтой суусан тухай дуудлагыг наймдугаар сарын нэгний өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:45 цагт очиж, 35 минут ажиллаж татан гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Ээлтэй ертөнц ТББ, Жавхлант зуслан хамтран хөгжлийн бэрхшээлтэй 150 хүүхдийг хөгжлийн хөтөлбөрт хамруулах сэргээн засах зорилготой “Хамтдаа инээмсэглэе” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ.

Уг хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй эзэмшсэн сайн дурын ажилтнууд оролцохоос гадна, Герман улсын мэргэжилтэн ирж хүүхэд багачуудад зориулсан сургалт сэргээн засах үйл ажиллагааг зохиогдох юм.

Хөтөлбөр энэ сарын 03-08 хооронд Хүүхдийн “Жавхлант” зусланд болно.

Categories
мэдээ нийгэм

Даншиг наадмыг БНХАУ-ын 400 жуулчин үзнэ

Монгол улс, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайдын нарын хэлэлцээрээр “Цайны зам” аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байдаг. Энэ дагуу БНХАУ-аас эхний ээлжийн 400 жуулчин Монгол улсад ирж аялаад буцсан байна. Тэгвэл дараагийн буюу хоёрдугаар ээлжийн 400 жуулчин маргааш ирэх гэнэ.

БНХАУ-ын жуулчдыг Улаанбаатар хоттой танилцуулж, Тэрэлж, Цонжин болдог, Аглаг бүтээлийн хийд зэрэг дурсгалт газруудыг үзүүлэхээс гадна амралтын өдөр болох Даншиг наадмыг сонирхуулахаар төлөвлөжээ.

Ирэх саруудад Монгол Улс “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-аас гурав дах ээлжийн 400 жуулчин ирнэ. Хятад жуулчдын худалдан авах чадамж өндөр, аялсан орнуудаасаа худалдан авалт ихээр хийдэг учир эдийн засагт сайнаар нөлөөлдөг” хэмээн албаны хүн онцлов. Мөн ОХУ-ын жуулчдыг татахын тулд “Цайны зам” хөтөлбөрийн хүрээнд эргэн дурсахуй нэртэй Монгол улсад социализмын үед амьдарч байсан Орос хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.