Categories
мэдээ нийгэм

10 хүний амийг аварчээ

Сүүлийн үед усархаг бороо үргэлжлэн орсны улмаас гол мөрний усны түвшин мэдэгдэхүйц нэмэгдэж, үерийн гамшиг нүүрлэх хэмжээнд хүрээд байгаа. Иргэдийг гол ус, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг сануулсаар байтал усанд осолдох явдал гарсаар байна.
Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Байдраг” голд наймдугаар сарын 1-нд тус аймгийн Хүрээмарал сумын 10 иргэн автомашинтайгаа живсэн байна. Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, орлогч дарга Н.Ганжаргал нар ажилтнуудынхаа хамт аврах ажиллагааг яаралтай зохион байгуулж 10 хүний амийг аварчээ. Тус суманд Онцгой байдлын штабын мэргэжлийн анги 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байдаг ч аврах ажиллагааг зохион байгуулах зориулалтын техник хэрэгсэл байдаггүй. Гэвч Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд живэх аюул эрсдэлийг ч үл хайхарч, иргэдийн амийг аварч чаджээ. Мөн голын дагуу буусан 10 гаруй өрхийг иргэдийн дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн туслалцаа үзүүлнэ

Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамт олон эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан энэ сарын 02-нд нийгмийн эмзэг зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ-ын үйл ажиллагаатай танилцаж, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэ үеэр тус байгууллагын ивээлд амьдарч буй 70 гаруй иргэдэд эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Мэдрэл, Хоол боловсруулах эрхтэн судлал, Зүрх судлал, Чих хамар хоолой, Нүд, Уушиг, Бөөр зэрэг төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, хэвлийн хэт авиа, зүрхний цахилгаан бичлэг, нүдний уг харах, хараа шалгах, элэгний В, С вирүс тодорхойлох зэрэг оношилгоог хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөв.

Мөн энэ хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсон эмч мэргэжилтнүүд тус төвд амьдардаг бусдын дэмжлэг, туслалцаа, халамж шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдэд өөрсдийн бэлтгэсэн хоол хүнсний материалыг хандив болгон гардуулж өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол охины зүрхний хагалгаа ажмилттай боллоо

АНУ-н Колорадо мужийн Денвер хотод байх хүүхдийн эмнэлэгт Н.Сарана гэх 10 сартай Монгол охины зүрхний нээлттэй хагалгаа амжилттай болжээ. Төрөлхийн зүрхний гажигтай гэж оношлогдсон Н.Сарана охинд “Samaritan Purse” сайн санааны байгууллага фейсбүүк хуудсаар дамжин холбогдож, улмаар эмчилгээний зардлыг нь даан АНУ-д хагалгаанд оруулахаар болсон юм.

“Миний охин амьсгалж чаддаггүй. Өдөр бүр л уйлдаг байлаа. Бидэнд маш том аз тохиолдож сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр охин минь эрүүл боллоо. Маш их баяртай байна” гэж охины ээж М.нарангарав ярьжээ.

АНУ-д өнгөрсөн долдугаар сарын дундуур ирж улмаар хагалгаанд өнгөрсөн долоо хоногт оржээ. Хагалгааны явцад ямар нэгэн хүндрэл гараагүй бөгөөд охины биеийн байдал одоогоор сайн байна.

“Түүний зүрхэнд үүссэн жижиг хэмжээний нүх нь зүрхнээс бусад эрхтэнд шахдаг цусны урсгалыг шууд уушги руу оруулж байсан учраас амьсгалахад бэрхшээл үүсгэж байсан. Хамгийн гол нь бид зүрхэнд үүссэн нүхийг нөхөх хагалгаа хийсэн. Амжилттай болсонд баяртай байна” гэж Денвер хотын хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн эмнэл зүйн Зүрхний тасгийн эмч Стив Леонард ярьжээ.

Samaritan Purse сайн санааны шашны байгууллага хагалгааны зардал болох 100 мянган ам.доллар, ирж, буцах замын зардлыг нь ч мөн даасан байна. Тус байгууллага АНУ-ын Умард Каролин мужид 1970 онд байгуулагдсан бөгөөд олон улсад буяны үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Уг байгууллага АНУ-н мужуудаар тархсан сүмүүдээс өглөгийн эздийн хөдөлгөөн өрнүүлж, хандив цуглуулж энэ мөнгөөр дэлхийн өнцөг булан бүрт буяны үйл хэрэг өрнүүлдэг билээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 109 сая төгрөгийн хандив өргөлөө

Монголын улаан загалмай нийгэмлэг (МУЗН) үерт өртөж орон гэрээ алдсан Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгийн иргэдэд өнөөдрөөс нийт 109.8 сая бэлэн мөнгөний тусламж олгож эхэллээ.

Тодруулбал, Ховд аймгийн 187, Өвөрхангай аймгийн 21, Төв аймгийн 37, Сэлэнгэ аймгийн 30 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж өгөхөөс гадна ариун цэврийн болон гал тогооны иж бүрдэл, хөнжил, гудас, усны сав хүргүүлэх ажээ. Мөн Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгохоос гадна 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 өрхөд гал тогооны хэрэгслийн багц тусламжаар олгох юм байна.

Дээрх таван аймгийн үерийн гамшигт өртсөн иргэд тухайн оршин суугаа орон нутаг дахь Хаан банкны салбарт хандсанаар бэлэн мөнгөний тусламжаа авах боломжтой юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Зарим иргэдийн зээлийн сангийн мэдээллийг хэвийн ангилалд шилжүүлжээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн наймдугаар сарын 1-ний өдөр гаргасан тушаалаар Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд нэмэлт оруулж баталлаа.
Ингэснээр энэ оны зургадугаарын сарын 1-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөрөө бүрэн төлж дууссан, мөн нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний Монголбанкны Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлэхээр болсон шийдвэрийн дагуу нийт 14.170 иргэний мэдээллийг нөхцөл хангасан гэдгээр хэвийн ангилалд шилжээд байна.
Энэхүү арга хэмжээ нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1, 28.4 дэх хэсгийг тус тус үндэслэж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх эрх ашгийг хамгаалахад чиглэжээ.
Төвбанк үүнээс өмнө 2017 онд 25.621, 2018 оны 3 дугаар сард 41.085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангажээ. Эдгээр иргэдийн мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал тус бүрт тавигдсан нөхцөлийн дагуу хязгаарлалт хийсэн бөгөөд тэдгээр нөхцөлөөс дурдвал, зээлийн гэрээг жил хүртэлх хугацаагаар байгуулсан, олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны тухайд нэгдүгээр сарын 31, 2018 оны хувьд 2 дугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан юм гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн 28 дугуй хулгайд алдагджээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачлагаар авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий “UBike” түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрөгч долоодугаар сарын 9-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ үйлчилгээнд иргэд, олон нийт ам сайтай байгаа. Гэвч түрээсийн дугуйг хулгайлах болжээ.

Түрээсийн дугуйг Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, урагшаа Зайсан толгой, хойшоо Их тойруугийн дотор унаж, хэрэглэх ёстой. Энэхүү заасан хамрах хүрээнээс гадуур дугуй унасан тохиолдолд төлбөрийн тариф дээр цаг тутмын 500 төгрөг нэмж бодогдоно. Хамрах хүрээнээс гадна дугуйгаа түгжиж орхисон тохиолдолд орхисон дугуйнаас хамрах хүрээний хил хүртэлх километрийн зайг 500 төгрөгөөр үржүүлэн төлбөр дээр нь нэмж бодно. Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унана, зогсоолоос өөр газар дугуйгаа үлдээвэл торгууль 500 төгрөг таны данснаас хасагдана гэдгийг маш тодорхой, энгийнээр, хэн ч уншаад ойлгохоор түрээсийн дугуйн цэг бүрт бичиж, байршуулжээ.

Гэтэл үүнийг уншаагүй, эсхүл ойлгоогүй юу дугуй түрээслэсэн зарим нөхдүүд хүссэн газраа орхичихдог. Зарим нь бүр гэртээ унаж хариад, өглөө ажилдаа унаж ирэх зэргээр “өөрийн өмч” мэт ашиглах тохиолдол ч гарчээ. Тухайлбал ХУД, Зайсангийн “Оргил” супермаркетын замын эсрэг талын “Оргил стар” хотхоны үүдэнд түрээсийн дугуй 2-3 хоносон бөгөөд түрээсэлж авч явсан “нөхөр” өглөө ажилдаа явахдаа унаад, орой гэртээ унаж харих маягаар өөрийн юм шиг хэрэглэжээ.

“Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням өнөө хэдэн дугуйныхаа араас “хөөцөлдөж”, цуглуулсаар өдрийг өнгөрөөж байна. Тэрбээр “Битгий эвдэл, битгий хулгайл. Зогсоолдоо тавиарай” хэмээн хүссэн. Түрээсийн дугуй содон учраас олон нийт мэдээлэл сайн дамжуулж, иргэдийн мэдээллийн дагуу араас нь явсаар дугуйгаа олж авдаг аж. Одоогоор түрээсийн дугуйны 28 нь хулгайд алдагджээ. Энэ талаар “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямаас тодрууллаа.

-Түрээсийн дугуй хулгайд алдагдах болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор нийт 28 дугуй алга болоод байна. Ерөнхийдөө өдөрт 3-4 дугуй хулгайд алдагдах, эсвэл хулгайлах оролдлого гардаг, 6-7 дугуй эвдэрдэг. Зарим алга болсон дугуй нь эргээд олддог, зарим нь олдохгүй байна.

-Дугуйнууд бүгд GPS-тэй шүү дээ. Үүгээр алга болсон дугуйг олох боломжтой биз дээ?

-Боломжтой. Гэвч GPS-ийг нь салгаж аваад эвдэлчихдэг. Тэгээд гэртээ аваачаад хүүхэддээ унуулах тохиолдол байна. Тэрнээс GPS бол найдвартай.

-Дугуй хулгайлсан этгээдүүдэд хариуцлага тооцож байгаа юу?

-Бид цагдаагийн байгууллагад хандсан. Дугуйг түрээслэгч, үйлчлүүлэгчид хулгайлах тохиолдол цөөн. Харин гудамжны архичин, гэр оронгүй, тэнэмэл иргэд авч яваад, түгжээг нь эвдлэх тохиолдол байна. Хэдий GPS-тэй, түгжээтэй ч гэр оронгүй тэнэмэл хүмүүс эвдлээд л аваад явчихаж байгаа юм.

-Цаашид яавал дээр вэ?

-Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад манайханы ухамсар, соёлд нэлээд цаг орох бололтой. Бид ч үйлчилгээгээ улам сайжруулахыг хичээж ажиллана. Гол нь зогсоолдоо авчирч тавиад, дүрмийн дагуу унаж хэрэглээсэй гэж л хүсэх байна.

-Түрээсийн дугуйн үйлчилгээ хэдэн сар хүртэл ажиллах вэ?

-Энэ жилийн хувьд түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх аравдугаар сарын дунд хүртэл хэрэгжинэ.

Манайхан яагаад ийм хариуцлагагүй, сэтгэлгүй юм бэ дээ гэж халагламаар. Хийж, хэрэгжүүл гэж “нэхэхдээ” сайн хэр нь эхлүүлсэн, бүтээсэн бүхэнд “өөриймсөг” ханддаггүй нь олон зүйл дээр харагддаг. Тухайлбал Хан-Уул дүүрэгт байгуулагдсан “Амьтны хүрээлэн” бүхий 49 сая төгрөгөөр бүтсэн барималуудыг эвдэж, сүйтгэсэн. Баарнаас гарч явсан согтуу нөхөр хэнд ч гэм хийгээгүй Сөүлийн гудамжинд 20 сая төгрөгөөр босгосон барималд бас л уураа гаргасан удаатай. Одоо харин түрээсийн дугуйг хулгайлах, хүссэн газраа хаячихдаг увайгүй зан гаргасаар…

Дугуйг зогсоолоос зогсоолын хооронд унаагүй, зогсоолд авчирч тавилгүй өөр газар орхисон тохиолдолд төлбөр бодогдсоор байх бөгөөд, 500 төгрөг үйлчлүүлэгчийн данснаас хасагдана. Энэ боломжийн, үйлчүүлэгчээ бодсон хөнгөхөн “шийтгэл” гэлтэй. Гэтэл үүнийг буруугаар ашиглаж, их төлбөрт унахгүйгээс хойш гэсэн шиг хүнийрхүү хандаж буй нь “ичмээр” юм. Заавал дааж, давашгүй их төлбөрт унаж, зайлшгүй торгуульж байж ухаардаг, ойлгодог, гэмшдэг, эргээд хариуцлагаа ухамсарладаг энэ сэтгэхүйгээ өөрчилж, сэтгэлдээ “өөриймсөг” хөрөнгө оруулалт хиймээр байна.

Categories
гадаад мэдээ

Тайландын хоёр компани цахим халдлагад өртжээ

Тайландын томоохон хоёр банк цахим халдлагад өртсөн тухайгаа албан ёсоор зарласан талаар “www.chinadaily.com.cn” сайт уламжлав.

Цахим халдлагын үеэр 120 мянга гаруй хэрэглэгчийн мэдээлэл хулгайд алдагдсан гэдгийг “The Bank of Thailand” болон “Krung Thai Bank” хүлээн зөвшөөрч, хэрэглэгчдээсээ хүлцэл өчжээ.

Тайландын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан уг цахим халдлагыг мөрдөж эхэлжээ.

Хакерууд өнгөрсөн амралтын өдөр тохиосон Буддын шашинтнуудын мацаг барих өдрийг тохиолдуулан халдлага үйлдсэн аж. Банкуудад сэжигтэй гүйлгээ хийсэн гэх баримт нотолгоо олдоогүй байна.

“Халдлага үйлдсэн хакерууд сүүлийн үеийн технологийн ашиглан кибер халдлага үйлдэж, 20 мянган хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж аваад байна” хэмээн “Krung Thai Bank”-ийн ерөнхийлөгч Паёнг Сринавич хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн өвийн жагсаалтад манай улсын 24 өв бүртгэгдсэн байна

“Соёлын өвийг хамгаалах, сурталчлахад хурлын байгууллагын үүрэг оролцоо, харилцаа хамтын ажиллагаа” сэдэвт форумын ес дэх удаагийн үйл ажиллагааг Монгол улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг арга хэмжээг Төв аймгийн ИТХ, ЗДТГ зохион байгуулж байгаа юм. Форумд таван орны 10 мужийн 100 гаруй төлөөлөгч болон бусад аймгуудын ИТХ-н дарга нар оролцож байна.

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-н дарга Ц.Энхбат “Манай улс 1990 оноос дэлхий дахинд нээлттэй болж, олон улсын конвенциудад нэгдэн орсон нь соёлын өвийг хамгаалах болон түүний эрх зүйн орчинг бүрдүүлэхэд эргэлт болж, түүх соёлын үнэт дурсгалаа “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлэх тэдгээрийг хадгалж хамгаалах сэргээн засварлахад мэргэжилтний болоод хөрөнгийн талаар олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах таатай боломж нээгдсэн” хэмээн онцлов.

Өнөөдрийн байдлаар Төв аймгийн нутаг дэвсгэр дээрх түүх соёлын дурсгалаас улсын хамгаалалтад 15, аймгийн хамгаалалтад зургаа, орон нутаг, сумын хамгаалалтад 94 түүх соёлын үл хөдлөх дурсгал байдаг аж.

Монгол улсын Засгийн газраас “Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалт”-д долоон өв бүртгэгдсэн байдаг бөгөөд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад соёлын өвөөр гурав, байгалийн өвөөр хоёр, Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад долоо, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад тав, нийт 24 өвийг бүртгүүлж дэлхийн түвшинд хадгалж хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэн ажиллаж байна.

Форумын үеэр Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа, бүс нутгийн ИТХ-н олон талт соёлыг хүндэтгэн үзэж, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ цаашлаад боловсрол, ШУ-ны салбарын хамтын ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлэх урт хугацааны хамтын ажиллагаа, найрсаг харилцааг бий болгох санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн форумд оролцогчид “Монгол соёл, өв уламжлалыг харуулсан үзэсгэлэн” болон “Бэсрэг наадам”-ыг үзэж сонирхлоо.

Зүүн хойд Азийн ИТХ-ын дарга нарын ес дэх удаагийн форумаар соёлын өвийг хадгалан хамгаалах, таниулан сурталчлах ажил бүс нутгийн түвшинд, нэн ялангуяа орон нутгийн байгууллага хамт олны оролцоотойгоор шинэ шатанд гарах эхлэл тавигдсан юм. “Зүүн хойд Азийн орон ИТХ-ын дарга нарын арав дахь удаагийн форум”-ыг ОХУ-д зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт 100 гаруй мянган хүүхэд хамрагдах төлөвтэй байна

Улаанбаатар хотод 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 227, төрийн бус 434 нийт 661 цэцэрлэг үйл ажиллагаа явуулжээ.

Харин энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 222, төрийн бус 450, нийт 672 цэцэрлэгт нийт 114,252 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа бол ерөнхий боловсролын нийт 241 сургуулийн нэгдүгээр ангид, зургаан настай нийт 34,368 хүүхэд элсэх аж.

Цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл өнгөрсөн сарын сарын 25-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх юм. Бүртгэлийг Tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явуулж байна. Уг системд 2-5 настай бүх хүүхдийн дата мэдээллийг оруулжээ.

Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн газартай холбоотой асуудлууд олон байгаа. Тухайлбал, хандив тусламж, хээл хахуулийн сүлжээнд орсон олон сургууль, цэцэрлэг байгаа, хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудал цэгцрэхгүй байгаа гэх мэт асуудлыг НИТХ-ын дарга С.Амарсайхан хурлын үеэр хэлж үүнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ажлын хэсэг нийслэлийн боловсролын байгууллагуудтай холбоотой тодорхойгүй бүх асуудлыг нээлттэй болгож, холбогдох байгууллагуудын төлөөлөл багтах аж.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завдсан иргэнийг аварсан байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны есөн давхар, угсармал 32 дугаар байрны дээврээс өчигдөр хүн үсрэхийг завджээ. Тодруулбал, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, иргэн 22 настай, эрэгтэй М согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсрэх гээд байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн 14 алба хаагч, хоёр автомашинтай ажиллаж, түүнийг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.