Categories
мэдээ нийгэм

Ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг хийж байна

Нийслэлийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн найман хорооны нутаг дэвсгэрт үер бууж дүүргийн хэмжээнд Онцгой байдал зарлан үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Онцгой комиссоос үерт автсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Тохижилт нийтийн аж ахуй хэлтэс, Баяндэмбэрэл ХХК, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ариутгал халдваргүйжүүлэлтийг 9 дүгээр хороо, 64 дүгээр гудамж, 13 дугаар хэсгээс хийж эхэллээ.

Дүүргийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нэн шаардлагатай 993 өрхийн 671.780 м.кв талбай байгаа бөгөөд гадна хөрсний ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Hi-Cop” бодисоор, айл өрхийн нүхэн жорлонг Хлорын шохойгоор ариутгал хийж нян бактери, вирусийг устгаж байгаа аж.
Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын 1300 гаруй алба хаагчид ажиллаж байна

“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагын 1300 гаруй алба хаагчид Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Өдрийн 12:00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бөгөөд одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.

Наадамчин олон Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хулгайлах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна

Categories
мэдээ нийгэм

Монгол хүүхэд, залуусын анхаарал төвлөрүүлэх чадвар дунджаас доогуур байна

БСШУСЯ-ны газар, нэгж, харьяа байгууллагуудын удирдлагын нэгдсэн хурлаар өчигдөр Боловсролын хүрээлэнгээс монгол хүүхэд залуучуудын шалгуур үзүүлэлт, XXI зууны монгол суралцагчийн компетенцийн загвар гэсэн судалгааны үр дүнг танилцууллаа.
Энэ үеэр боловсролын бодлого боловсруулах, хичээл сургалтын үйл ажиллагаанд судалгааны үр дүнг хэрхэн ашиглах, хийгдэж буй судалгаануудын уялдаа холбоог хангах талаар нээлттэй ярилцав. Тухайлбал, хүүхэд залуучуудын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох цогц судалгааг Монголд анх удаа хийснээ Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид танилцуулав. Энэхүү судалгаанд 6-21 насны хүүхэд, залуучуудыг хамруулан тэдний танин мэдэхүйн болон нийгэмшил, бие бялдрын чадамжууд ямар байгааг судалж тогтоожээ.
Үндэсний хэмжээнд хийсэн уг судалгаанд тулгуурлан монгол хүүхэд, залуусын шалгуур үзүүлэлтийг боловсруулсан байна. Нас наснаас 260-265 хүүхэд, залуусыг сонгон хамруулсан энэ судалгаагаар монгол хүүхэд, залуусын анхаарал төвлөрүүлэх чадвар дунджаас доогуур байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Харин монгол хүүхэд, залуусын нийгэмшлийн хөгжил нь танин мэдэхүйн болон бие бялдрын хөгжил, чадамжтай нь харьцуулахад дээгүүр байгаа аж.
Хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн чадавхи болон нийгэмшил, бие бялдрын хөгжил харилцан уялдаа холбоотой бөгөөд эдгээрийн хөгжил төлөвшилд тухайн хүүхдийн эцгийнх нь эрхэлж буй ажил мэргэжил, боловсрол асар их нөлөөтэй байгаа нь тогтоогджээ. Мөн сурагчдын багштайгаа харилцах байдал нь нийгэмших чадвар болон танин мэдэхүйн чадавхид нь хамгийн их нөлөөлж байна гэж үзжээ.

Судалгаанд хүүхдийн хөгжлийг оношлох цахим программ боловсруулж ашигласнаараа онцлог болсон байна. Цаашид энэхүү цахим программыг орон нутгийн сургуулиуд ашиглах боломжтой юм.
Монгол хүүхэд, залуусын шалгуур үзүүлэлтийг тодорхойлох судалгааг гурваас доошгүй удаа тодорхой давтамжтай хийж байж монгол хүүхэд, залуусын хөгжил ямар байгааг нарийвчлан тодорхойлох юм байна. Судалгааны үр дүнд ЕБС-ийн биеийн тамирын хичээлийн чанарыг сайжруулах, сурагчдын уян хатан байдал, тэвчээр, хүч чадлыг хөгжүүлэхэд анхаарах, тэдний танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрыг нь хөгжүүлэх талаар цогц бодлого боловсруулах аж.
Боловсролын хүрээлэнгээс эрхлэн хийсэн өөр нэг судалгаа нь “XXI зууны хүүхдийн компетенцийн загвар” юм. Боловсролын хүрээлэн болон МУИС, МУБИС-ийн эрдэмтэд, бие даасан судлаачдын хамтарсан баг уг судалгааг хийсэн байна. Энэ судалгааны хүрээнд шинэ зууны Монголын хүүхэд, залуучуудын хөгжлийн загварыг гаргажээ. Тухайлбал, 2030 онд Монгол Улс боловсролын ямар үйлчилгээг иргэддээ хүртээснээр ямар иргэнтэй болох вэ гэсэн асуултад энэхүү судалгаагаар хариулт өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин С.Дуламсүрэн: “Монгол самолёт” дуу гэхэд Монголын иргэний агаарын тээврийн түүхтэй холбогдоно

“Сүлд” чуулгын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хүрээ дуучин, ардын урлаг судлаач Сүхбатын Дуламсүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Урлагийн гараагаа хаанаас эхэлж байв?

-Аравдугаар ангиа төгсөөд “Түмэн эх” чуулгад Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, алдарт уртын дуучин Солийн Цоодол багшийн шавь болж дагалдан дуучнаар очиж байсан. Хүүхэд, залуучуудын соёл, амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн хашаанд “Түмэн эх” чуулга маань байдаг. Дараа нь МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн дэргэд байгуулагдсан Ардын урлаг судлалын тэнхимд урлаг судлаач мэргэжлээр суралцсан. Эл тэнхимийг Жамцын Бадраа, С.Цоодол багш нар маань үндэслэсэн. Тэр хоёр ахмадуудын “Эртний сайхан”, залуучуудын “Түмэн эх” чуулгыг байгуулж, намайг яагаад ч юм бэ “Эртний сайхан” чуулгад оруулсан.

-Өөрөө Монголын урлагийн алтан үеийнхэнтэй нэгэн дээвэр доор ажиллаж байсан азтай дуучин юм даа?

-Үнэхээр азтай. “Эртний сайхан” чуулгад Бадраа багш, ардын жүжигчин Цогзолмаа гуай, Жамьянжав гуай, ардын жүжигчин Г.Хайдав багш, Буян хуурч, ардын жүжигчин шанзны Дашдулам гуай, хуучрын Цэвэлмаа, Базаррагчаа гуай нарын мундаг хүмүүстэй хамт ажиллаж байсан. Шанзны Базаррагчаа гуай гэхэд өвөр дээрээ тавьж тоглодог баян хуурын даралттай, мандолины утас шиг чавхдастай чин гэдэг дөрвөлжин хөгжмийн зэмсгээр тоглож би “Тогтох тайж” гэдэг дууг дуулж байсан сайхан дурсамж надад үлдсэн. Бичлэг нь ч байдаг юм.

-Та ч энэ гайхамшигтай хүмүүсийн урын сангийн судалгааг хийх л хүн байна даа?

-МУИС-д суралцан ардын урлаг судлаач мэргэжил эзэмшсэнийх одоо судалгааны ажил хийж байна. МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Урлаг, утга зохиолын тэнхимд эрдмийн ажлын сэдэв аваад явж байгаа.

-Таны судалгааны ажлын сэдэв нь юу вэ?

-Судалгааны ажил маань “Хүрээ дуу” гэсэн сэдэвтэй. Хүрээ дуу гэхээр хүмүүс янз бүрээр л ойлгодог байх. Ардын богино дууны л өвөрмөц нэг хэлбэр нь хүрээ дуу. Өмнөх зууны хорь, гуч, дөчөөд онд Нийслэл хүрээнд дуулагддаг байсан хэсэг ийм ардын богино дуу байгаад байгаа юм. Энэ чиглэлээр сонирхон судалж байна.

-Хэд орчим хүрээ дуу байх юм?

-Олон дуу байгаа. Яг хүрээ гэсэн тодотголтой 160 орчим дуу байдаг гэж ярьдаг юм.

-Хүрээ дууны жинхэнэ мастеруудтай ажиллаж байсных их зүйл сурсан байлгүй?

-Багш нар маань энэ дууг ийм аяар дуулдаг байсан гээд зааж өгдөг байсан. “Сүнжидмаа” гэхэд л дөрвөн янзын тогтсон хэлбэртэй. “Хөх торгон дээл” дууны аялгуу гэхэд долоон янзын хувилбартай байх жишээтэй. “Хөх торгон дээл”-ийн анхны нэр нь “Жинжий Бадам” гэж байсан юм билээ. 1926 онд Улаанбаатар хотод дуулагдаж байсан хэлбэрээр нь би сая дуулж дүрсжүүллээ. Энэ дууг ардын жүжигчин Ичинхорлоо, гавьяат дуучин Лувсангомбо нар эхэндээ дуулсан. 1952 онд Увс аймгийн Хөгжимт театрын дуучин Загаржав гуай одооны хөнгөн аялгуунд оруулан дуулж, түүнээс хойш ардын жүжигчин Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Банзрагч, сүүлд соёлын тэргүүний ажилтан Лодойн Банзрагч нар дуулж түмэн олонд хүргэсэн. Миний хувьд дууны тухайн үед дуулж байсан ая, аялбар нь илүү санагддаг. Нэг ёсондоо жинхэнэ амьд гэж хэлж болохуйц ая аялгуу, нугалаа хийц нь тэнд л нуугдаж байдаг. Арван наймтайгаасаа алтан үеийнхэнтэй ажиллаж, аялгуу дууг нь сонссоных тэднээсээ сурсан ая дангаар л уран бүтээлээ олон түмэнд хүргэнэ дээ.

-“Жинжий Бадам” дууны зохиогчийн ач зээ нартай уулзсан гэл үү?

-Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Дансранбилэгийн Догсом хурц энэ дууг хайрт хань Жинжий Бадамдаа зориулж зохиосныг Монголын ард түмэн мэднэ. Догсом хурцын садан төрлүүдтэй саяхан холбогдсон. Гоо зүйн ухааны доктор Наранцацрал, ээж нь Батмөнх гэж хүн байна. Эднийхэн “Догсом төр тогтох” сангийн үйл ажиллагаа явуулдаг. Дууны клипээ хийж байхад танилцаад нээлтийг нь “Хөх торгон дээл” дууны тухай” эрдэм шинжилгээний хуралтай хавсруулж хийсэн дээ. Энэ хурал, нээлтэд Хэнтий аймгаас Догсом хурцын нутгийнхан ирж оролцсон.

-Хүрээ дууны онцлог нь юу байдаг бол?

-Аялгуундаа л гол онцлог нь байх шиг байдаг. Янз янзын нугалаа, хугалаа, үгийн төгсгөлийг хаяж өгөх, дуниаруулах, өргөх зэрэг маш олон элементийг дотроо агуулдаг. Энэ бүхнийг хаяж гээж боломгүй. Одоо цагт ардын дууг зохиолын дуу шиг л хүн бүхэн нэг аяар дуулаад байдаг. Тэгэхээр нөгөө ардын сайхан уламжилж ирсэн донж, хэв маяг нь гээгдээд байгаа. Аль болохоор л хуучны дэгээр дуулбал үнэ цэнтэй, сайхан байх ёстой. Хүмүүс одоохондоо миний дуулсан хэлбэрийг “Ямар сонин аятай дуу вэ” гэж гайхаад л байх шиг байгаа юм. Одоо л дуулахгүй бол ая нь үүрд мартагдчихмаар “Монгол самолёт” ч юм уу олон дуу байна. Тухайн нийгэм цаг үед гарч ирсэн соёлын үзэгдэл, хүмүүсийн амьдрал тэмцэл бүхнийг дуу илэрхийлж байж. Судалгааны чиглэл маань ийм л байна. Миний хувьд хэд хэдэн хүрээ дуу дуулж олны хүртээл болголоо.

-Ямар дуунуудыг дуулав?

-“Ган төмөр”, “Жинжий Бадам” буюу “Хөх торгон дээл”, ардын жүжигчин Хандсүрэн, Ичинхорлоо гуай нарын донжтой дуулсан “Хонгор морь”, “Гандий мод” дуунууд байна. Тэр хүмүүсийн радиогийн алтан санд дуулж үлдээсэн бичлэгүүдийг их сонсож, судалдаг. Тэнд л ардын, хүрээ дууны донж маяг байгаад байгаа юм. Тэр гайхамшигтай алдарт дуучдын ардын дуунд оруулсан сонгодог донж маяг, уламжлал, шинэчлэлийг бид хослуулан өвлөж авах учиртай. Хөгжмийн зэмсгийн хувьд орчин үелэг байж болох боловч дуулаачийн хувьд өөрийнхөөрөө, хүрээний хэв маягаар дуулж гаргаж ирнэ л гэж хичээж явна. Монгол Улсын филармониос цагаан сарын өмнө “Торгоны хээ” гэж ардын дууны тоглолтод “Монгол самолёт”, “Манай театр” гэж хоёр дууг Морин хуурын чуулгатай дуулахад үзэгчид их таашаалтай хүлээж авсан. Нэг өндөр настай хүн “Гучаад онд л яг ингэж дуулдаг байсан” гэж баяр хүргэсэн нь надад их урам өглөө. Би үгийг нь хүртэл хуучин хэв маягаар “театр” гэхийг “чаатр” гэх маягаар дуулсан. “Хөх торгон дээл” дуунд гэхэд “Цайраад байгаа цастай уулын…” гэхийг “цас-у-тай уулын маань” гэх мэтээр хуучин галиг цалигаар дуулахад хүний сонорт их наалдацтай байгаа нь анзаарагдсан.

-“Монгол самолёт” гэхэд ямар үг, аятай дуу байна?

-Миний анхны дүрсжүүлсэн дуу маань “Монгол самолёт”. Анх 1925 оны тавдугаар сард Зөвлөлт Орос улсаас манай улсад нисэх онгоц бэлэглэсэн юм билээ. Герман улсад үйлдвэрлэсэн энэ онгоцыг Кольцов гэдэг нисгэгч жолоодож ирсэн гэдэг. Ингэж Монгол Улсын нисэх хүчний түүх эхэлж. Агаарт нисэх техник битгий хэл машиныг ч хараад гайхан бахдаж байсан ард түмэндээ Хүрээ захиран шийтгэх газраас “Удахгүй агаараар нисдэг төмөр шувуу нисэн ирэх тул ард олон айж сандралгүй үзэж сонирхох”-ыг уриалж байсан байна. Цагаан хуаранд нөгөө онгоц бууж. Онгоцны их нүргээн дуу чимээнээс айж сандарсан ардууд бараан доогуур, байшингийн араар нуугдаж байсан юм гэнэ лээ. Ингээд нисэж байгаа онгоцыг хараад цэцэн билигт ард түмэн маань шууд зохиомжлон дуулсан түүхтэй дуу л даа. Үг нь гэвэл:

“Шувар шувар дуутай

Шувуу шиг далавчтай

Дуутай шуутай

Монголын самолёт

Хүр хүр дуутай

Хүржигнээд нисдэг

Дуутай шуутай

Монголын самолёт

Ар ар дуутай

Агаараар нисдэг

Ард Монголын

Дуутай самолёт” гэсэн их амархан дуу. Амнаас ам дамжаад дуулагдаж байхдаа бадаг нэмэгдсэн. Сүүлдээ “Хил нутгийг хамгаалсан хөнөөлт дайсныг сөнөөсөн дуутай шуутай Монголын самолёт”, “Тунгалаг цэнхэр агаартаа шумбан нисэх нь бахтай дуутай шуутай Монголын самолёт” гээд баяжаад явчихсан. Сурахад маш амархан, дөрөвхөн нотны хооронд хэлбэлздэг дуу. Энэ дуунаас улбаалаад “Агаараар нисдэг аэрофлоон” зэрэг дуунууд зохиогдсон. Монголын иргэний агаарын тээврийн түүхтэй яах аргагүй холбогдох дуу даа. Би энэ түүхийг нь судлаад давхар тэр үеийнх нь ая дангаар дуулж ард түмэндээ хүргэж байгаа юм.

-Эдгээр сайхан дуугаараа хэзээ цомог гаргах гэж байна?

-Одоогоор дөрөв таван ч дуу дүрсжүүлж хүргэлээ. Найман дуутай цомог гаргана аа. Дууныхаа тухай ярьсан түүхтэй DVD ч гаргая гэж бодож байгаа. Дуу болгоноор нэвтрүүлэг хийхэд л их сонирхолтой болно. Дууны түүх домгийг, дуучдын дуулсан хувилбартай гаргахад их сонирхолтой доо.

-Таны эгч дуучин хүн бил үү?

-Миний эгч соёлын тэргүүний ажилтан, хуучнаар Ардын дуу, бүжгийн чуулгын дуучин С.Гэрэлмааг ард түмэн сайн таних байх. Бид хоёр удахгүй ардын богино дуунаас бүрдсэн уран бүтээлийн цэнгүүн хийх бодолтой байгаа. Эгч бид хоёрын цуглуулгад найман мянга гаруй дуу байдаг. Энэ бүхнээс хүрээ дуугаа дагнан судалж байгаа хэрэг. Цуглуулгад байгаа дуунуудаа дотор нь Их Хүрээ, Нийслэл хүрээ, Өргөө хот, Улаанбаатар хот болсноос хойш дуулагдсан дуунууд гэж он цагаар нь ангилъя гэж бодож байгаа.

-“Задгай цагаан”, “Хүмүүн төрөлхтөн” зэрэг дуунууд хэдий үед орох бол?

-Өмнөх зууны гуч, дөчөөд оны Улаанбаатар хот болсон үеийн хүрээ дуунууд. Опель дугуй унаж, оноотой дээл өмсдөг, өдөн цагаан малгай моодонд ороод байсан үед эдгээр дуунууд түгэн дэлгэрсэн.

-Өөрөө цагдаагийн “Сүлд” чуулгадаа ажиллахын зэрэгцээ уран бүтээлээ туурвиад явж байна уу?

-Мөрдэс зүүж, тангараг өргөсөн хүний хувьд ард иргэдээ амгалан тайван байлгадаг албатай цагдаагийн алба хаагчдаа мэдээ мэдээллээр хангах үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойгоор ЦЕГ-ын даргын тушаалаар саяхан “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнагдлаа. Салбарынхаа хамгийн том шагналыг хүртсэндээ маш их баяртай байна даа.

Л.БаТцЭнгЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Л.Мөнх-Эрдэнэ: Их Монгол Улс “талын зэрлэгүүд”-ээс биш Хүннүгийн соёлоос үүссэн

Германы Макс Планкийн Нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт “Чингисийн угсааны хаанчлалын мандал: Дундад үеийн Евразийн улс төрийн дэглэм, соёл” сэдвээр МУИС-ийн дугуй танхимд лекц уншсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


– Таныг түүх, улс төрийн чиглэлээр судалгаа хийдэг гэж дуулсан. Антропологийн шинжлэх таны судалдаг сэдвүүдтэй холбогдоод явчхаж байна уу?

-Антропологийн хувьд анх ард түмэн, угсаатны хэл, зан заншил, соёлыг нэгэн цогц байдлаар судалдаг байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн. Хүнийг нийгмийн амьтны талаас, соёлын талаас нь өргөн хүрээнд судлах болсон. Нийгэм соёл, хэл, археологи, биологийн антропологи гэсэн үндсэн дөрвөн том салбартай. Ингэж хүнийг олон талаас судлахдаа юм яаж байх ёстой вэ гэдгийг голчлон авч үздэг. Би үндсэндээ хоёр чиглэлээр судалгаа хийдэг. Эхнийх нь, Монголын Өмнөд Азийн улс төрийн байгуулал, дэглэмийн талаар судалдаг. Гэхдээ Их Монгол Улс байгуулагдсанаас өнөөг хүртэлх цаг үеийг хамарч судалдаг. Орчин үеийн өмнөх үеийг судалдаг гэж хэлж болно. Мөн Монголын үндэстэн, угсаатны ижилсэл чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Бидний ярьдаг Монгол үндэстэн, ястан хэрхэн бий болсныг голчлон авч үздэг. Энэ хоёр чиглэл хоорондоо уялдаа холбоотой. Уламжлалт ойлголтоор тодорхой нэг ард түмэн өөрсдийн төр улсыг байгуулдаг хэмээн үздэг. Харин миний хувьд төр улс байгуулагдаж, тэр төр улс нь өөрийнхөө харьяан дахь хүмүүсийг нэг ард түмэн болгож, нэг ижил соёл, нийтлэг үзэл бодолтой болгон төлөвшүүлдэг гэж ойлгодог. Тиймээс улс төрийн байгууллыг нь илүү сонирхдог юм. Төр улс бий болсноор тухайн газар нутгийн хүн ам хэрхэн нийтлэг ард түмэн болон хувирч байна вэ, түүнийг хүмүүс хэрхэн ойлгож ирсэн бэ гэдэг талаас нь судалдаг.

– Таны илтгэлийн сэдэв сонирхолтой санагдсан шүү. Наад зах нь л Чингисийн угсааныхантай холбоод ярихад хаанчлал гэсэн нэр томьёо түүхийн сурвалж бичгүүдэд харагддаггүй?

-Яагаад энэ лекцийг унших болсноо эхлээд тайлбарлах нь зүйтэй байх. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Германы эрдэмтэн Пауль Рачневскийн “Чингис хаан түүний амьдрал ба өв” номыг орчуулан хэвлэж байсан юм. Тухайн үед 300 хувь хэвлэгдэн гарсан. Судлаачид энэ номыг Чингис хааны тухай хамгийн шилдэг намтар гэж үздэг. Өрнөдөд энэ ном маш олон удаа хэвлэгдсэн байдаг. Харин энэ жил “Стэппэ Паблишинг” хэвлэлийн газраас дахин хэвлэх санал тавьснаар худалдаанд гарахад бэлэн болоод байна. Ингэхдээ уншигчдад ойлгоход илүү хялбар байдлаар сэргээн зассан. Энэ явдалтай холбогдуулан хэвлэлийн компаниас лекц уншаач гэсэн санал тавьсан юм.

Тэгээд “Чингисийн угсааны хаанчлалын мандал: Дундад үеийн Евразийн улс төрийн дэглэм, соёл” гэсэн сэдвээр лекц уншихаар болсон. Монголын түүхэнд хаанчлал гэсэн нэр томьёог хэрэглэдэггүй л дээ. Харин Хятад юм уу, өрнө дахины суурьшмал орнуудын түүхэнд илүүтэй хэрэглэсэн байдаг. Хаанчлал гэсэн ойлголтыг хэрэглэснээрээ Монголын төр улс эдгээр орнуудтай ижил байсныг харуулж байгаа юм. 1206 онд Их Монгол Улс байгуулагдаж Чингисийг хаанаар өргөмжилснөөс хойших угсаа залгамжлалыг тооцох юм бол 1634 онд Лигдэн хааныг нас барах хүртэл Чингисийн угсааны хаанчлал тасраагүй. Нэг гэр бүл, нэг угсааны хаанчлал 400 гаруй жил үргэлжилсэн тохиолдол дэлхийн түүхэнд тун ховор. Тиймээс үүнийг хаанчлал гэж үзэх үндэслэлтэй.

-Нэг удам угсааны 400 жилийн хаанчлал дэлхийн түүхэнд ер нь л байхгүй юм биш үү?

-Японы эзэн хааныг эс тооцвол байхгүй гэж хэлж болно л доо.

-Гэхдээ хаанчлал гэж авч үзэхгүй гэсэн хандлага бас байдаг. Ямар шалтгаанаар тэгж үздэг юм бол?

-Хаанчлал гэж авч үздэггүй нь Монголын улс төрийн байгууллыг овог аймаг, ураг төрлийн нийгэм гэж ойлгодогтой холбоотой. Ураг төрлийн нийгэм гэдэг нь нийгмийн харилцааг ураг төрлийн харилцаагаар зохицуулахыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хүн ахтай, дээл захтай гэсэн зарчмаар харилцдаг байсан. Хамгийн ахмад нь илүү эрх мэдэлтэй гэсэн үг. Ийм ураг төрлийн нийгэмтэй газар төр улс оршин тогтнох боломжгүй гэсэн хандлага байдаг. Ураг төрлийн нийгмээс бүрдсэн улс нь богинохон хугацаанд байгуулагдсан хэрнээ хурдан хугацаанд задран унадаг сул талтай. Энэ нь Чингис хаан өөрийн эзэнт гүрнээ дөрвөн хүүдээ хуваан эзэмшүүлснээс үүдэлтэй. Урагшаа Өвөрмонгол, баруун тийшээ Казахстан, Каспийн тэнгис, хойшоо Оросын өмнөд хэсэг хүртэл газар нутгийг Чингис хаан эзлэн Эзэнт гүрнээ байгуулсан. Гэхдээ өөрийн эзэнт гүрнээ дөрвөн хүүдээ хуваан эзэмшүүлсэн. Үүнийг хан хөвүүдийн эзэмшлийн захиргааны систем гэж нэрлэдэг. Монголын хүн ам цөөхөн учраас тархан суурьшихдаа тухайн орны хэл, шашинд бага багаар нэвчиж, ууссан. Жишээ нь, Зүчийн угсааныхан хэл, соёлын хувьд түрэгтэй ууссан. Цагаадайн угсааныхан мөн ялгаагүй түрэг маягийн хэлээр ярих болсон. Үүнийг Түрэгжсэн Чингисийн угсаа гэж нэрлэж болох юм. Ингэж Чингисийн угсааны хүмүүс тухайн захирч байсан нутгийнхаа ард түмний хэл, соёлд ууссан байдаг. Зүчи,Цагаадай, Өгөдэйн байгуулсан улс орнуудад өөрсдийн бие даасан нэр гэж байгаагүй. Зүчийн улс, Цагаадайн улс, Өгөдэйн улс гэж нэрлэгдсээр ирсэн.Тиймээс Их Монгол Улсыг хаанчлал гэж үздэггүй юм. Зарим судлаач Их Монголыг овог аймгийн холбоо ч гэж үзэх нь бий. Харин монгол, хятад, персийн түүхэн сурвалжуудыг харьцуулж судалсны үндсэн дээр Монголын улс төрийн байгууллыг ураг төрлийн нийгэм гэж тайлбарлах оновчгүй гэдгийг тогтоосон. Хаанчлал гэж нэрлэх саналыг үүгээр дэвшүүлсэн байгаа юм.

-Монголын улс төрийн соёл, дэглэм XIII зууны үед ямар байсан бол. Талын зэрлэг овгууд гэнэтхэн л нэгдэн нийлж улс орнуудыг эзэлж аваад Их Монголыг байгуулчихсан гэх тайлбарыг дэлхийн зарим судлаач хэлдэг. Их Монгол улсын доор нэгдсэн овог аймгуудын оршин амьдарч явсан газарт тухайн үед улс төрийн ямар нэг соёл дэглэм тогтсон байсан уу?

-Улс төрийн соёл гэж яривал Хүннү гүрнээс эхлэлтэй. Тухайлбал, Хүннү гүрэн засаг захиргааны аравтын системтэй байсан. Энэ тооны систем нь Манжийн үе хүртэл өвлөгдөж ирсэн. Мөн соёлтой холбоотой хэд хэдэн нэр томьёог дурдаж болох юм. Жишээ нь, Чамар гэдэг хэм хэмжээг тухайн үед дагаж мөрддөг байсан. Энэ үг нь орчин үед чамлах гэсэн үгээр хувирч өөрчлөгдсөн. Энэ нь хэн нэгэн хүн өөр нэгэн хаан, ноёны эзэмшил рүү зарлан тунхаглахгүйгээр дайрч довтлохгүй гэсэн ёс юм. Хэрвээ хэн нэгэн рүү халдах бол заавал мэдэгдэх, дайн тунхаглах ёстой гэсэн зарчим тогтсон байсан. “Монголын нууц товчоо”-нд өгүүлснээр Хар халзан элээтэд болсон Ван хан, Тэмүжин нарын дайн нь энэ ёсыг зөрчсөн юм. Нэгдүгээрт, Ван хан холбоотны гэрээ зөрчин Тэмүжин рүү довтолсон. Хоёрдугаарт, довтлох ямар ч шалтгаан байгаагүйгээс гадна дайнаа хийхээ урьдчилан мэдэгдээгүй. Энэ бүх зүйлийг өгүүлсэн байснаас үзвэл чамар гэх улс төрийн соёл тогтсон байсныг харуулж байна.

Өөр нэг зүйл нь төр гэх нэр томьёо юм. Төр хэмээх үг нь дундад зууны үед юмыг хэрхэн яаж хийх ёстой вэ гэдэг тогтсон хэм хэмжээний ухагдахууныг илэрхийлдэг байсан. Энэ ойлголт нь Хятадын Күнзийн сургаалын дао гэдэгтэй ойролцоо юм. Жам ёс, юмыг хийх арга зам, тогтсон ёс гэсэн утгатай хэрэглэж байсан. Хаан хүнд өөрийн төр байдаг. Энэ нь хэрхэн ард түмнээ захирах вэ гэдгийг заадаг. Өмнөх жишээ авдаг Ван ханы үйлдлийг төргүй явдал гэж хэлнэ. Ганц “Монголын нууц товчоо” биш 13-14 дүгээр зууны түүхийн олон эх сурвалжид төр гэсэн үгийг ямар утгаар хэрэглэж байгаагаас харж болно.

Засаг гэдэг үг нь тухайн үед бас л өөр утгаар хэрэглэгддэг байсан. Засгийг зөрчих юм бол ял шийтгэл оногдуулдгаас үзэхэд хааны гаргасан хууль, дүрмийг хэлдэг байсан гэж үздэг. Мөн ёс гэдэг үгийг орчин цагт ёс суртахуунтай холбон ойлгох болсон. Гэтэл XIII зуунд энэ үгээр юм хэрхэн яаж өрнөж, өнгөрснийг хэлдэг. Одоогийн бидний ойлголтоор учир жанцан гэдэгтэй ойролцоо утгыг илэрхийлдэг байсан. Эдгээр улс төрийн соёл нь Хүннүгийн үеэс өвлөгдөж ирсэн байдаг. Энэ соёл, ёс заншлуудаас Их Монгол улс үүссэн гэж болно. Түүнээс биш дүрэм журамгүй, эмх замбараагүй, бүдүүлэг, зэрлэг хүмүүс байлдаж яваад төр улс байгуулсан юм биш.

– Их Монгол Улс байгуулагдсан түүхэн шалтгаан нь юу байв?

-Уламжлалт ойлголтоор Монгол гэдэг овог бусдыгаа байлдан дагуулаад улс байгуулсан гэж үздэг. Миний хувьд арай өөрөөр ойлгодог. Кидан гэдэг улс өнөөгийн манай газар нутгийн зүүн хэсэгт оршиж байгаад 1125 онд мөхсөн. Энэ улсын бүрэлдэхүүнд байсан засаг захиргааны нэг нэгж нь Монгол байсан. Зүрчидийн Алтан улс Киданыг мөхөөгөөд газар нутагт нь ноёрхлоо тогтоож амжаагүй байхад нь Монгол гэдэг аймаг ноёрхлоо тогтоож ханлиг болж өргөжсөн. Кидан улс мөхсөнөөр Хэрэйдийн вант улс эсгий туургатан ард түмнийг нэгтгэх ажлыг хийж эхэлсэн. Киданы овог аймгууд ч мөн тус тусдаа улс байгуулахыг зорих болсон юм. Тухайн үед Тэмүжин нь Хэрэйдийн Ван ханы түшмэл байдалтай байж байгаад Хар халзан элээтийн дайны үеэр өөрийн нутгаасаа зугтсан. Өөр хоорондоо хаан ширээний төлөө тэмцэлдэж байгааг ашиглан Тэмүжин сэтгэл зүйн дайралт хийсэн байдаг. Жамуха, Хабул хааны хүү Алтан, Ван ханы хоорондох тэмцлийг улам өдөөж, дайн болох нөхцөлийг бүрдүүлсэн. Алтан, Хучар, Жамуха нар нийлж Ван хан руу дайтаад ялагдсан. Ван хан ялалт байгуулсан баяраа тэмдэглэн найрлаж байсан шөнө нь Тэмүжин довтолж ялалт байгуулсан. Ингэж Хэрэйдийн Вант улсын суурин дээр Их Монгол улс байгуулсан байдаг.

Э.ЯНЖМАА

Categories
мэдээ цаг-үе

С.Юндэндорж: Архи бол сэтгэцийн хорт хавдар

Монголын архичид аминчлахуй буюу “АА нийгэмлэг”-ийн ерөнхий менежер С.Юндэндоржтой ярилцлаа.


-Монголын “АА нийгэмлэг” хэзээ үүссэн талаар яриагаа эхэлье?

-АА нийгэмлэг нь анх дэлхий нийтийн хөдөлгөөн гэсэн нэртэйгээр 1935 онд АНУ-д үүссэн байдаг. Тухайн үед дэлхийн 130 гаруй оронд хоёр сая гаруй хүн уг хөдөлгөөнд хамрагдаж байсан гэсэн судалгаа бий. Уг нийгэмлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр үр шимийг нь хүртэж, архи уухаас татгалздаг юм. Монголын архичид аминчлахуй нийгэмлэг 1998 онд анх үүссэн. Зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага. Төрийн бус байгууллагыг нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг гэж хоёр ангилдаг. АА нийгэмлэг цэвэр гишүүддээ үйлчилдэг байгууллага юм.

Анх АНУ-д үүссэн түүхийг тодруулъя. Хоёр архи уудаг хүн хоорондын ярианаас үүсэлтэй гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүний зовлон бэрхшээлийг адилхан түвшинд буй хүн л ойлгоно гэдэг санаанаас үүдэлтэй. Хүн архи их ууж, донтож байгаагаа мэддэггүй юм билээ. Тухайлбал, “Иргэн Г за, одоо архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй” гэж бусдад ярьж, боддог. Гэтэл өөрийн мэдэлгүй архи уучихдаг. Давтамжтай ууж явсны эцэст, сүүлдээ архинд донтдог. Үүнийг зарим хүн архинд донтсон сэтгэцийн өвчин гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин уг үндэс нь сэтгэцийн нэг төрлийн өвчин юм байна гэдгийг анх 1950 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрдэмтэд баталсан. F10 гэсэн оноштойгоор баталж, тогтоосон. Манай улсад үүнийг өвчин гэдгийг мэдэхгүй олон жилийг өнгөрөөсөн. Архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг хүмүүсийг ар гэрийнхэн нь бие махбодод нь дур хүслийг нь дарах, албадан эмчилгээ хийлгэдэг. Харин сэтгэцийн өвчин гэдгийг анзаардаггүй. Сэтгэцийг нь эмчилдэггүй байсан юм байна лээ.

-Сүүлийн үед манай улсад архинд донтож, сэтгэцийн өвчтэй болсон хүмүүс их бий гэж судлаачид үзэж байгаа. Үүнийг хэрхэн эмчлэх ёстой вэ?

-Сэтгэцийн өвчнийг эмчлэхийн тулд хүмүүс бие биетэйгээ ярилцаж, ойлголцох хэрэгтэй. Үүгээр дамжуулж, тухайн өвчнийг сэдрээхгүй байлгах ёстой юм. Архинд донтсон хүнийг ханиад хүрээд эм ууж байгаатай адил эмчилдэггүй юм билээ. Архи, согтууруулах ундааг МЭӨ үе, 5000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хэрэглэж эхэлсэн. Энэ нь цаашид ч байх зүйл. Тиймээс тухайн хүн сэтгэл зүйгээ засаж, өөрийгөө олж, шинэ зүйлийг танин мэдэж байх ёстой. Ухамсрын түвшингээ дээшлүүлж, алдаа дутагдлаа засахын тулд хичээх ёстой. Тухайн хүн өөрт нь ямар алдаа дутагдал байна вэ гэдгийг эрж, хайх хэрэгтэй. Ингээд тэрхүү алдаа дутагдалтай зан чанар дээрээ уйгагүй ажилласны эцэст үр дүн гарна. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ. Эрүүл биед саруул ухаан оршино” гэх зэрэг монгол ардын уламжлалт сургамжийг санах ёстой. Архины албадан эмчилгээ хийхэд хэсэг хугацааны туршид үр дүнтэй байна. Харин тухайн хүн ирээдүйд ямар байх вэ гэдэг нь ухамсартай холбоотой.

-Танай нийгэмлэг тодорхой үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлж, ажилладаг гэсэн үг үү?

-Манай нийгэмлэг реклам гаргадаггүй. Сүүлийн үед хүмүүст тус болъё гэдэг үүднээс ганц хоёр сонинд зар гаргасан. Уг асуудал хувь хүний асуудал. Хэнд ч тохиолдож болно. Заавал тэнд очиж, эм авч уух ёстой гэсэн зарчмаар шахалт үзүүлдэггүй. Харин хүний оюун санааг зөв зүйл рүү чиглүүлсэн хөтөлбөрийн хүрээнд ажилладаг. Тухайлбал, долоо хоногийн өдөр бүр нэгээс хоёр цагийн хооронд хувь хүний ярилцлага үргэлжилдэг. Хувь хүн зөвхөн өөрийнхөө л тухай ярина. Ингээд олон өдөр явж, зөвлөгөө авч, бие биетэйгээ ярилцаж, зөв алхам хийхэд цаг хугацааны явцад эмчилгээний үр дүн мэдрэгдэнэ. Тухайн хүн өөрийнхөө төлөө л хичээнэ гэсэн үг. Нийгэмлэгт 12 хөтөлбөр бий. Хөтөлбөрийг хараад уншихад амархан юм байна гэж бодогддог. Гэхдээ хэрэгжүүлнэ гэдэг тухайн хүнээс тэсвэр хатуужил, их хөдөлмөр шаардана.

-Хөтөлбөрийг тодруулахгүй юу?

-Манай нийгэмлэгт улстөрч, дуучин, бүжигчин, урлаг соёлын одод, гудамжны архичин, цагдаа, цэрэг, багш, эмч гэх зэргээр хүмүүс хамрагдсан байдаг. Архинаас гарах татгалзах олон арга бий. Манай нийгэмлэгт хамрагдахад ямар ч шаардлага тавигдахгүй. Танд зөвхөн архинаас татгалзах чин хүсэл байхад болно. Тодруулбал, хувь хүний зарчим дээр тулгуурласан хөтөлбөр юм. Тухайн хүн өөртөө итгэл үнэмшилтэй, үнэнч байх ёстой. Мөн бусдад талархаж, найз нөхөд, хүмүүст хүндэтгэлтэй хандахыг эрхэм болгоно. Үүний дагуу хүний оюун санаа эрүүл болж, архинаас хамааралгүй болох боломжийг бүрдүүлнэ. Нэг ёсондоо “Та өнөөдөр архинаас татгалзаж, эрүүл явъя гэвэл өөрийнхөө төлөө уйгагүй зүтгэсэн” үг. Ингэвэл архины асуудал шийдвэрлэгдэнэ. Манай нийгэмлэгт 12-20, 30 жил архинаас хамааралгүй явж чадсан хүмүүс ч байна. Тэдгээр хүмүүсийн ард байсан гэр бүл, найз нөхөд, ах дүү нь амар тайван болсон. Нийгэмлэгийн гишүүд “Би эрүүл амьдарвал, хөдөлмөрлөж чадна. Архи, согтууруулах ундааны зүйлсээс бүрэн татгалзаж чадвал миний ард буй гэр бүл, үр хүүхэд минь аз жаргалтай байна. Ингэх нь Монгол Улсын иргэн хүний хувьд үүргээ сайн биелүүлж, улс эх орондоо том хөрөнгө оруулалт хувь нэмрээ оруулж байгаа юм” гэж үздэг. Хамгийн гол нь хувь хүний нууцыг гадагш нь огт задруулдаггүй.

-Танай нийгэмлэгт хэдээс хэдэн насныхан голдуу хамрагдсан байна вэ?

-Ихэнхдээ 30-70 орчим насны хүмүүс хамрагдсан байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд насны ангилал залуужиж байгаа. 18-20 насны залуучууд ирж байна. Тэд бүр хэт их архинаас хамааралтай болчихсон гэвэл үгүй. Гэхдээ давтамжтай архи уудаг болсон. “Архи миний амьдралд зохицохгүй, болохгүй” гэдгийг ухамсарлаж ирэх тохиолдол ихэссэн. Хувь хүний мэдээллийг чанд нууцалж хадгалдаг. Иймээс статистик тоо, судалгаа гаргахад бэрхшээлтэй. Манай нийгэмлэгт улсын хэмжээнд 103 бүлгийн 3000 гаруй гишүүн байгаа гэдэг. Гэхдээ бүртгэгдээгүй хүмүүс ч бий.

-Манай улсын “АА нийгэмлэг” дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн юм уу?

-Дэлхийн албан ёсны гишүүн орон болж, бүртгэгдсэн. Өнгөрсөн жил Ази номхон далайн орнуудын хүрээнд уг нийгэмлэгийн томоохон сургалт манай улсад зохион байгуулагдсан. Туршлагын хүрээнд тогтворжсон.

-Хүмүүс архинд донтож байгаагийн шалтгаан нь юутай холбоотой байна?

-Хүн архинд донтох ямар нэг шалтгаан гэж байхгүй. Тухайн хүн архи, согтууруулах ундааг хэрхэн яаж, хэрэглэж байснаас шалтгаалж, донтолт явагдаж эхэлдэг. Нэг ёсондоо хувь хүнээс өөрөөс нь болсон хэрэг. Хамгийн гол нь хэрэглээгээ хянаж чадаагүйгээс архинд донтсон байдаг. Архинд хүний оюун санааг дарангуйлах асар их элементүүд агуулагддаг. Дарангуйлал нь яаж явагддаг вэ гэхээр тодорхой хэмжээгээр тасралтгүй хэрэглээд байх тусам хүний оюун санааг дарангуйлж, уруу татдаг гэсэн үг. Архи бол сэтгэцийн хорт хавдар юм. Ходоодны хорт хавдрыг дурандаж, юунаас болсон, ямар үе шаттай явна вэ гэдгийг харж болно. Харин хүний сэтгэцийн нөхцөл байдал гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй. Архинд донтоно гэдэг сэтгэцийн нэг төрлийн өвчин, эмгэг юм. Архи уухгүй бол хөдөлмөр хийж, бүх зүйл гэгээлэг болно. Оюун санааны хөтөлбөр хэрэгжүүлсэн цагт хувь хүн архинаас ангид эрүүл амьдарна. “АА нийгэмлэг”-т яваад архи ууж, алдаа гаргаж байсан хүн үгүй гэсэн судалгаа бий. “Би архи уухгүй л байх ёстой” гэсэн зарчимтай. Манай нийгэмлэг гадны хандив, тусламжаас татгалздаг. Улс төрөөс хол ангид, үнэ төлбөргүй. Хүн өөрөө өөрийнхөө төлөө зүтгэх хэрэгтэй. Нэгдүгээрт, хүний хүсэл эрмэлзэл, хоёрдугаарт, өөрөө өөртөө үнэнч хандах зарчмыг баримталдаг. Ингээд “Олны хүч оломгүй далай” гэдэг. Хүн хүнийхээ хүчинд явдаг. Зөв явсны шагнал гарч ирнэ. Манай нийгэмлэгийн харьяа бүлгүүд үүсчихсэн. Дүүрэг бүрд хоёроос гурван бүлэг бий. Мөн 21 аймаг төдийгүй сумдад ч бий болж байна.


Categories
мэдээ нийгэм

​“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин, соёлын наадам үргэлжилж байна

“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин, соёлын наадам Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж байна.

Дөрөв дэх жилднэ болж буй тус наадмын нээлтийн үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүрийг залж, Мандал өргөв.
1639 онд Цагаан нуур хэмээх газар Халхын хаад, ноёд, энгийн ард түмэн цуглан, Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн, анхдугаар богдын ширээнд залж, ёслол үйлдсэн нь өнөөгийн Даншиг наадмын эхлэл байсан гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Их хүрээ цамын дэглэлт нь соёл урлаг, шашны хослол нь ЮНЕСКО-гийн биет болон биет бус өвд багтдаг. “Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголчуудын соёл, уламлалыг хадгалахаас гадна Улаанбаатар хотын түүх юм. Тиймээс ч НЗДТГ Монгол түмний агуу их түүх, өв соёлыг тээсэн Даншиг наадмыг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Энэхүү наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоо ч эрс нэмэгдэж байна” гэлээ.

Мөн үеэр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин төвийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, “Дээрхийн гэгээн анхдугаар богд Жавзандамба хутагтын үеэс шарын шашин нь ард олны оюун санаа, эв нэгдлийн төв болж ирсэн. Их Монгол орны олон мэргэд бат оршил өргөх, цам харайх зэргээр ард олныхоо эв нэгдлийг хангаж, үндэсний үзэл санааг улам бүр гүнзгийрүүлж байснаараа өнөөдрийн Монголын тусгаар тогтнолын эхлэл байсан. Өөрөөр хэлбэл, энэхүү эв нэгдлийн хүч нь 1911 онд наймдугаар богд Жавзандамба хутагтын тунхагласан үндэсний тусгаар тогтнолыг тэтгэж байв. Цагийн эрхээр олон арван жил тасалдсан энэхүү түүхт наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй сүсэгтэн олон, НЗДТГ болон сүм хийдүүддээ талархал илэрхийлж байна” гэв.
Наадмын нээлт “Очирваань” шүтээний тахилгаар үргэлжилж байна. Харин цам харайх ёслол маргааш буюу энэ сарын 05-нд болох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артуртай ярилцлаа.


-Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүссэний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Иймд тус салбарын өнөөгийн байдлын талаар яриагаа эхлэх үү?

-Өдгөө 80 дахь жилээ угтаж буй манай төмөр замын салбар нь 1900 гаруй км зам, шугамтай, 16000 ажилтантай, жилдээ гурван сая зорчигч, 23 сая тонн ачаа тээвэрлэдэг, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг гэх Монгол Улсын хамгийн том аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн, өмчийн олон төрөл хэлбэр бүхий төмөр замын байгууллагуудаас бүрддэг.

-Энэхүү томоохон тээврийн салбарын тэгш ойг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Төмөр замын салбарын хамт олон бид жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт Төмөр замчдын мэргэжлийн баяраа уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил тэгш ой тохиож байгаатай холбогдуулан илүү өргөн хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Ойн хүрээнд баярын хурлыг зохион байгуулж, салбарын шилдэгүүдээ тодорхойлон, үе үеийн төмөр замчдаа шагнаж, урамшууллаа. Мөн нэрэмжит галт тэрэг аялуулах, төмөр замын түүхийн музей, гэрэл зургийн үзэсгэлэн олон нийтэд сонордуулах, мод тарих зэрэг олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. аливаа түүхэн ойн тэмдэглэлт баяр байхаас гадна өнгөрсөн болон өнөөгийн байдлаа дүгнэж, ирээдүйн зорилго, зорилтоо тодорхойлох чухал мөч байдаг. Энэ хүрээнд салбарын ажилтнуудын үндэсний зөвлөгөөнийг УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамтран өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулж, нийт төмөр замчдын дуу хоолойг нэгтгэн, цаашдын алхмуудаа тодорхойлсон. Үлдэж байгаа хугацаанд салбарын эрдэм шинжилгээний бага хурлыг Орос, Хятадын Төмөр замын тээврийн чиглэлээрх их сургуулиудтай хамтран зохион байгуулах, ойн баярт зориулсан баримтат кино хийх, үүнээс гадна төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна.

-Мэдээж 80 жилийн түүхийг энд ярина гэвэл их зүйлийг хэлж болох байх. Иймд сүүлийн арван жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт гарсан өөрчлөлтийг онцлон дурдахгүй юу?

-Төмөр замын тээврийн салбар үүссэн цагаас эхлэн нийгэм, эдийн засгийн шаардлагаар хөгжсөөр өнөөдрийг хүртэл тээвэрлэлтийн үйл ажиллагаа тасралтгүй явуулж ирсэн. Сүүлийн 10 жилд ачаа тээвэрлэлт 55 хувиар, ачаа эргэлт 65 хувиар нэмэгдсэн байна. Арван жилийн өмнө цор ганц тээвэрлэгч суурь бүтэц эзэмшигчтэй байсан тус салбар 2007 онд Төмөр замын тээврийн тухай хуулийг баталж, өмчийн олон төрөл хэлбэрийн ААНБ салбарт үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр өнөөдрийн байдлаар гурван тээвэрлэгч, хоёр суурь бүтэц эзэмшигч, төмөр замын салбарт үйлдвэрлэлт, угсралт, засварлалтын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 57 компани, тээвэрлэлтийн аюулгүй байдалтай холбоотой об]ект, үйл ажиллагаа эрхлэх 1080 гэрчилгээтэй байгууллага бүртгэлтэй байна. Төмөр замчид сүүлийн арван жилийн хугацаанд төмөр замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дүрмийн санг нэмэгдүүлэн, ачаа болон зорчигчийн вагонуудаа нэмэгдүүлж, өртөө, зөрлөгийн замуудаа өргөтгөх, Толгойт-Улаанбаатар хооронд хоёр дахь зам барьж, алсын удирдлагатай зөрлөгүүдийг нэмэгдүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Мөн гол замын дагуу дохиолол, төвлөрүүлэлт, хориглолын байгууламжийг шинэчилж тээх нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ажил дуусах шатандаа явж байна. Монгол инженерүүд анх удаа дотоодын нөөц боломжоо ашиглаж Орост үйлдвэрлэгдсэн илчит тэргэнд Америкийн “GE” компанид үйлдвэрлэгдсэн хүчний төхөөрөмжийг суурилуулж, Монгол орны нөхцөлд бүрэн зохицсон “Хоёр загал” нэртэй шинэ төрлийн 10 зүтгүүрийг угсарсан. Мөн таван хагас вагон, хоёр тавцант вагон угсарч нүүрс тээвэрлэлтэд ашиглаж байна. Түүнчлэн суурь бүтцийн шинэчлэлийн хүрээнд 448 км замын их засварын ажлыг гүйцэтгэж, үүнээс анх удаа 54.3 км-т уулзваргүй зам тавьсан. Дөрвөн зөрлөгийн зам сум, дохиолол хориглолын байгууламжийг алсын удирдлагад шилжүүлсэн. Төмөр замын чухал эд анги болох бетон дэрний хэрэгцээг дотоодоос хангах хэмжээний үйлдвэрлэлийг эхлүүлээд байна. Одоо байгаа төмөр замын сүлжээг өргөтгөх чиглэлээр Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын зураг төсөл, ТЭЗҮ-г, Таван толгой-Зүүнбаян, Сайншанд-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын урьдчилсан ТЭЗҮ болон техникийн зураг төслүүдийг боловсруулж дуусгаад байна. Сэлэнгэ аймгийн Төмөртэйн орд газар хүртэлх 23.4 км төмөр замыг дотоодын инженер техникийн ажилчид барьж, 2016 онд ашиглалтад оруулсан. Мөн Эрдэнэт-Овоот чиглэлийн тө-мөр замыг концессын барих-ашиглах-шилжүүлэх нөхцөл-тэйгөөр Засгийн газартай гэрээ байгуулан “Нортерн рейлвейс” ХХК 2019 онд барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил ид өрнөж явна.

-Далайд гарцгүй орны хувьд Монголын бараа, бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд нийлүүлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр танай салбарт багагүй ахиц гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Товчхондоо Хятадын талтай “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай”, “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд болон “Төмөр замын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай” Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Ингэснээр төмөр замын Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Сүмбэр-Рашаан төмөр замын боомтуудаар манай улсаас экспортолж буй бараа бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэхүйц ачааг Хятадын нутгаар дамжуулан гуравдагч орон руу 40 хувийн хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэх боломж бүрдсэн. Мөн Монгол Улс нь Хойд болон Зүүн Хойд Хятадын гадаад худалдаанд нээлттэй далайн боомтуудыг ашиглан далайд гарах, Монгол Улс руу болон Монгол Улсаас дамжин өнгөрөх тээвэр хийх, боомтуудад гаалийн хяналтын бүс болон гаалийн баталгаат агуулах ашиглах, гаалийн бүрдүүлэлтэд хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байгаа юм. Хойд хөрштэй “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай”, “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай” хэлэлцээрүүдийг байгуулсан. Ингэснээр Улаанбаатар төмөр замын сүлжээг эдийн засгийн үндэслэлтэйгээр үндсэн дөрвөн чиглэлээр өргөжүүлэх, хөгжүүлэх талаар хамтран ажиллах, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, ОХУ-ын нутгаар дамжин далайн боомт хүртэлх тээвэрлэлтэд урт хугацаанд тарифын хөнгөлөлт эдлэх боломжийг бүрдүүлсэн. Далайд гарцгүй Монгол Улс нь газар зүйн давуу байдлаа ашиглан хоёр хөршөө холбоод зогсохгүй Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтойн хувьд Орос, Хятадын өсөн нэмэгдэж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон хийн хоолой зэрэг манай улсын нутаг дэвсгэрийг дамнасан бусад дэд бүтцийг үүсгэх “Хөгжлийн зам” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Уг санаачилгыг ОХУ-ын санаачилсан Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгатай уялдуулж 2016 оны зургадугаар сарын 23-нд Ташкент хотноо гурван улсын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсныг санаж байгаа байх. Уг хөтөлбөрийн хүрээнд талууд хамтран хэрэгжүүлэхээр 10-аад салбарын 32 төслийг сонгож авснаас найман төсөл нь дамжин өнгөрөх төмөр замын коридоруудыг бүтээн байгуулах, шинэчлэн сайжруулах төслүүд байгаа юм.

-Нэн тэргүүнд хэрэгжүүлэх ямар төслүүд байна вэ?

-Дээрх хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтыг урьдчилсан байдлаар тохиролцоод байгаа. Ойрын хугацаанд гарын үсэг зурахаар ажиллаж байна. Нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин-Бээжин-Тяньжин чиглэлийн төмөр замыг хөгжүүлэх, шинэчлэн сайжруулах төсөл тусгагдаад байгаа. Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх эдийн засгийн гол үндэслэл нь дамжин өнгөрөх тээвэр. Тиймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Сүхбаатар- Замын-Үүд чиглэлийн 1110 км замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглахыг зорьж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.В Путин “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа эргэлтийн хэмжээг 100 хүртэл сая тоннд хүргэх боломжтой хэмээн дурдсан байдаг нь дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх асар их нөөц боломж байгааг харуулж байна. Мөн БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооноос баталсан “Хятад-Европ чингэлгийн галт тэргийг 2016-2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-нд 2020 он гэхэд Хятадаас Европын чиглэлд жилд 5000 чингэлгийн буухиа галт тэрэг аялуулахаар төлөвлөсөн. Ингэж аялуулахдаа Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх коридорыг Хятад-Европ чингэлгийн буухиа галт тэрэгний төв коридороор тодорхойлсон юм. Энэ хүрээнд манай яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж тарифын хөнгөлөлт олгох, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх, тээвэрлэлтийн хугацааг бууруулах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ингэснээр энэ оны эхний хагас жилийн байдлаар 580 чингэлгийн буухиа галт тэрэг Хятадаас Европ болон Европоос Хятадын чиглэлд дамжин өнгөрсөн нь жил бүр хэд дахин өсч бусад олон улсын дамжин өнгөрөх коридоруудтай харьцуулахад хамгийн өндөр өсөлттэй коридор болсон.

-Төмөр замын тээврэлтийн салбарын бодлогын шинэчлэлийн тухайд та юу хэлэх вэ?

-Салбарын менежмэнтийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаанд ISO 9001 чанарын удирдлагын систем, менежментийн аргуудыг үе шаттайгаар нэвтрүүлж ажиллаж байгаа. Мөн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд оролцогчдын тоо ихэссэнтэй холбогдуулан төмөр замын байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохицуулах төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулагдсан. Төмөр замын салбарт 10 жилийн өмнө 11 стандарт мөрдөгдөж байсан бол Европын стандартуудыг нутагшуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж өнөөдрийн байдлаар 144 стандарт болж техникийн зохицуулалтын тогтолцоо сайжирч байна. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг Их хурлаас анх удаа 2010 онд тодорхойлж, төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх, гуравдагч зах зээлд хүрэх худалдаа, тээврийг хөнгөвчилсөн шинэ замналыг бий болгон далайн боомтуудад гарцтай болох, төмөр замын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, салбарын менежмэнтийг боловсронгуй болгох зэрэг томоохон зорилтуудаа тодорхойлсон. Төмөр замын бодлогод шинээр Эрдэнэт-Овоот-Арцсуурь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг энэ оны УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, нэмэлтээр батлуулсан. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, улсын төсвийн санхүүжилтээр 2012 онд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Бүс нутгийн логистикийн төвийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх юм.


Categories
мэдээ нийгэм

Олсон гар утсаа зарж үрвэл та мөнгө угаах гэмт хэрэгтэн болно

Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас жилд дунджаар 7500-8000 орчим гар утас алдагдаж, улмаар ченжүүдийн гараар дамжин цааш зарагддаг. Хууль бус зах зээл болох хулгайн гэмт хэргийг ченжүүд улам өөгшүүлдгийг албаныхан онцлон анхааруулсаар буй юм.

Гар утасны худалдаа эрхлэгчид гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлсийг мэдсээр байж худалдан борлуулдаг. Ийм тохиолдолд тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгадаг талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Хэн нэгний гээж үрэгдүүлсэн гар утсыг та олж аваад эзнийг нь хайж олж өгөх биш, харин зарж үрж, өөрөө хэрэглэсэн тохиолдолд энэ нь мөн л мөнгө угаах гэмт хэрэг болдог байна. Өөрөөр хэлбэл, гар утасны МI кодоор тухайн утсыг хэн ашиглаж байгааг мэдэж, улмаар олж болдог болсон энэ цаг үед та хэн нэгний гар утсыг олж аваад, өөр хүнд зарсан ч гэсэн буцаад буух эзэн нь та болж таарна. Ингэхээр та бусдын алдсан гээсэн гар утсыг олж өөртөө завшиж, гэмт этгээд болох уу, эзнийг нь хайж олж өгөөд гавьяатан болж шагнуулах уу гэдгээ өөрөө сонгох л хэрэгтэй болох нь.

Бусдын утсыг зарж, үрсэн эгч дүүст ял оноожээ

Хүний гар утас олж аваад зарсан нэгэн бүсгүй Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдож ял сонссон тохиолдол Монголд шүүхээр шийдвэрлэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НРЖ” баарны ариун цэврийн өрөөнд иргэн С.Алунгуа “I phone 7 plus” маркийн гар утсаа гээжээ. Гээсэн гар утсыг нь иргэн Х гэгч олж аван, иргэн С.Алунгуад 1.251.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Харин Х-ийн төрсөн эгч дүүгээ хүний гээсэн эд зүйл олсон гэдгийг мэдсээр байж санаатай нуун далдалж, өөрчлөн сая 251 мянган төгрөгийн хохирол учруулан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

Хэргийн тухай тодрулбал, Баянгол дүүргийн прокурорын газраас уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны долдугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч эгч Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох, дүү Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх юм.

Олж авсан эд зүйл гэдгийг мэдсээр байж зарж үрвэл

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

2.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2. байнга тогтвортой үйлдэж;

2.3. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Сайн, дажгүй дүр гэж байхгүй, төгс дүр л гэж бий

Ард түмэндээ “Хасар” Жагаа гэж хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Таныг Чингис хааны тухай олон ангит кинонд тоглоно гэж сонслоо. Урд хөршийн уран бүтээлчидтэй хамтарна гэв үү?

-Урд хөршийн уран бүтээлчидтэй хамтран Чингис хааны тухай өгүүлэх 66 ангитай олон ангит уран сайхны кинонд тоглохоор болсон. Киноны бэлтгэл ажил урагштай сайхан бүтэж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард киноны хамтрагч, түншүүдтэйгээ уулзаж, гэрээнд гарын үсэг зурсан бол сая наадмын өмнө урд хөршийг зорьж, хамтрагчидтайгаа киноныхоо үндсэн зохиолыг ярилцаад ирлээ. Сая наадмын нээлтээс эхлээд наадам зохион байгуулах ажлууд хийгээд завгүй өнгөрүүллээ. Чингис хааны тухай кино маань ирэх жилийн өдийд буюу долдугаар сараас эхлэн кино зургандаа ороод явчихна. Олон ангит кино хийнэ гэдэг чинь нөр их хөдөлмөр. Тийм болохоор энэ төсөл дээрээ л гол анхаарлаа хандуулж байна. Гэхдээ энэ намартаа багтаж нэг кино хийх төлөвлөгөө бий. Зохиолоо бэлэн болгочихсон.

-Чингисийн тухай зарим киног харахад түүхэн үнэнээс зөрсөн, хэт уран сайханжуулсан, эсвэл бүр эсрэг утгаар хийчихсэн анзаарагддаг. Сүүлд гэхэд Бодровын Чингис хаан нэлээд шүүмжлэл дагуулсан. Таны тоглох кинонд Их Монголын түүхийг яаж гаргах бол?

-Кино уран бүтээл маань судалгаан дээр суурилах учраас Монголын агуу соёл, ёс, өв уламжлалыг их гоёор дүрслэн харуулах болно. Баасан жүжигчний тоглосон 30 ангит Чингис хаан киног үзэхэд сайхан байсан л даа. Дажгүй ч уран бүтээл болсон. Хэдий тийм ч тэр үеийн их соёл, уламжлалын жинхэнэ төрхийг харахад жаахан бэрх. Адаглаад үс гэзэгний засалт, хувцасны байр байдлыг нь ажиглахад дутагдалтай талууд харагдаж байсан. Түүхэн киноны бүх зүйл нь цогц байх ёстой. Бидний хийх гэж буй Чингисийн тухай киног дэлхийн хүмүүсийн хүсэн хүлээж үздэг “Хаан ширээний тоглоом” цуврал кинотой адил болно гэж би хувьдаа төсөөлж байгаа. Үүнийг амжилттай хийж чадвал Монгол киночид гадны зах зээлд гарах маш том боломжийг нээж өгнө. Мөн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн газруудад зураг авалтаа хийх учраас аялал жуулчлалын салбарт хувь нэмэр болох байх гэж бодож байна. Гадны нэр хүндтэй мэргэжлийн сайн уран бүтээлч нартай хамтран хийж байгаагаараа бас онцлогтой. Судалгааг маш сайн хийсэн. Энэ сэдэв өөрөө их хүнд. Хөнгөн хуумгай зүйл огтхон ч хийж болохгүй айхавтар чадвар шаардсан сэдэв л дээ. Судлаад үзэж байхад монголчууд бидний оршин тогтнож байгаагийн гол учгийн нэг нь эртний монгол угсаатнууд үндэснийхээ соёл урлагаа машид дээдэлж хадгалж ирсний ач гавьяа гэдэг нь харагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх урлагийн төлөөллийнхнийг хүлээн авч уулзахдаа яг энэ тухай ярьж хэлж байсан. Түүх сөхвөл Их Юань улсыг Хубилай хаан удирдаж байхдаа 500 хүний бүрэлдэхүүнтэй төрийн их найрал хөгжмийг бий болгож байсан гэдэг. Ер нь өв соёл, урлагаа дээдэлсэн улс үндэстнүүд л хүчирхгээр оршин тогтнож, газрын хөрснөөс хэзээ ч арилахааргүй ул мөрөө бат сайн үлдээж чаддаг юм байна. Тухайлбал, олон зуун жилээр Монгол, Хятадыг эзэлж, эрхшээлдээ байлгасан Манж Чин улсын тухай өнөөдөр ямар ч ул мөр үлдэлгүй газрын хөрснөөс арчигдсан мэт үгүй болсон. Үндэсний гэгдэх хэл байсан манж хэлийг одоо мэдэх хүн гарын хуруунд тоологдох үгүйтэй үлдсэн.

-Монголчууд бид эртний сайхан өв уламжлал, ёс заншлаа гээгээд байгаа юм биш үү гэсэн бодол төрдөг шүү. Ялангуяа цахим орчин дахь хар бараан агуулгатай гүтгэж доромжилсон сэтгэгдэл, коментууд…?

-Цахим орчинд түгж байгаа мэдээллээс харахад хүмүүс аль болох л нэг нэгнээ өөнтөглөж, атаархах хандлагатай байгаа нь анзаарагддаг. Үүнийгээ дагаад нийгмийн хандлага ч өөрчлөгдөх болсон. Зарим хүмүүсийг хараад байхад их өөдгүй юмаа. Хийж, бүтээж байгаа нэгнээ доош нь дарах гэж хамаг алтан цагаа барж байгаа нь эмгэнэлтэй. Хүнийг муулж, хорлолоо гээд тийм үйлдлийг гаргасан хүн өөдлөх нь юу л бол. Уг нь шүүмж гэдэг чинь дан харлуулахыг хэлдэггүй. Шүүмж гэдэг бол магтаал зэмлэл зэрэг багтдаг эд. Биднийг залуу байхад шинээр тавигдаж байгаа бүтээл дээр судлаачид зоригтойгоор, хурц шүүмжилдэг байсан. Бүр дүр болгон дээр нь тусгайлан ярьж, тухайн жүжгийг бүхэлд нь тодорхойлж алдаа оноог нь цэгнэж хэлдэг байлаа. Тэр дундаас уран бүтээлчид өөрсдийгөө олж хардаг байсан. Ингэж алдаа оноогоо мэдээд түүнээсээ суралцахаар цаашдын уран бүтээл нь ч улам чанарждаг сайн талтай. Сүүлийн үед соёл урлагийн байгууллагуудад кино, драмын чиглэлээр мэргэшсэн шүүмж, судлаачид хомс болжээ.

-Таныг урлагт хөл тавихад тусалж дэмжсэн алтан үеийн жүжигчид гэвэл их л мундаг хүмүүсийн нэр дуулдах байх даа?

-Урлагт амьдралаа зориулахаар эргэлт буцалтгүй шийдсэн үе бол 1982 он. Москвагийн театр урлагийн сургуулийг 1987 онд төгсөж ирээд Улсын драмын эрдмийн театрын мэргэжлийн жүжигчнээр ажиллаж байлаа. Тэр үед Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Лха.Долгороос эхлүүлээд алтан үеийн ахмад уран бүтээлчид ид уран бүтээлээ хийж байсан цаг. Театртаа анх очоод, 20 номерын өрөөнд орж Г.Гомбосүрэн гуайн суудаг ширээн дээр дэвтэр, номоо анхлан тавьснаар ажлын гараагаа эхэлж байсан минь одоо ч санаанд минь зураг мэт тод байдаг. Агуу мундаг жүжигчид, найруулагчдаас шинэ залуу үеийн бидний хэдэн жүжигчин сүрдэнэ гэж жигтэйхэн. Коридороор явахад нь малгайгаа авч байгаад мэндчилнэ, зогсож байгаад өнгөрөөж явуулах гэх мэтээр хүндэтгэлтэй их харьцдаг байсан шүү. Тэд маань биднийг шүүмжилнэ, магтана, зэмлэнэ. Хүндлэл агуулсан тэр сайхан уламжлал одоог хүртэл хадгалагдаж байна. Миний хувьд, алтан үеийн болон дунд үеийн бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан нь хожим их үнэтэй сургууль болсон мэт санагддаг.

-Дүр бүтээж байхдаа би үүнээс л гажиж болохгүй гэсэн хатуу шаардлага байна биз?

-Миний хувьд тайзан дээр дүр амилуулж байх хугацаандаа өчүүхэн жижиг ч хамаагүй нэг ч алдаа, дутагдал гаргахгүй шүү, үзэгчдэдээ эвгүй сэтгэгдэл төрүүлж болохгүй гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг. Гаргасан алдааг маань үзэгчид анзаараагүй өнгөрч болох ч хэзээ ч тэгж болохгүй гэсэн хатуу шаардлагыг өөртөө тавьсаар ирсэн дээ. Хэрэв тухайн дүрийг амилуулж л байгаа бол хамгийн төгс хувилбарыг л бүтээх ёстой. Түүнээс биш “сайн” эсвэл “дажгүй” гэсэн үг огт байхгүй.

-Таны хань сайн жүжигчин. Танайхаас часхийсэн жүжигчин гараад ирэх болов уу гэсэн хүлээлт олон үзэгчдэд байсан байх. Хүүхдүүдээ жүжигчин болгоё гэж зорьсонгүй юу, эсвэл хүүхдүүд чинь өөр мэргэжил сонирхчихов уу?

-Уг нь бид хоёр хүүхдүүдээ жүжигчин болгохгүй гэж боддог байсан юм. Урлаг ямар хатуу билээ, ямар их золиос шаарддаг гээд тулгарч болох бүх бэрхшээлүүдийг дэндүү сайн мэдэрчихсэн болохоор болгохгүй гэж боддог байлаа. Тэгсэн хэдий ч өлгийтэй байхаасаа л театрт өссөн хүүхдүүд өөр юм билээ. Хоёр том маань урлагийн хүмүүс болно гэсэн ч ятгаад болиулчихсан. Гэхдээ одоо бага охин маань жүжигчин болохоор бүр мөсөн шийдчихлээ. Аав, ээжийнхээ үгэнд орохгүй гөжүүдлээд байгаа. Бүр аль дөрөвдүгээр ангид байхдаа нэг өдөр бид хоёрт “Би нэг мөсөн шийдлээ. Тэгэхээр надад сурах зүйл их байна. Бүжиглэж, дуулж, хөгжим тоглож сурах хэрэгтэй байна. Энэ бүгдийг эзэмшихэд одооноос дугуйланд явах хэрэгтэй. Мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд аав, ээжийгээ ангайлгаж байсан удаатай. Ирэх намар ахлах сургуулийн арванхоёрдугаар ангид орно. Төгссөнийх нь дараа л хэрхэхээ шийднэ дээ.

-Танай гэр бүл урлагаас гадна хувийн бизнес эрхэлдэг үү?

-Найз нөхөдтэйгөө нийлээд элдэв зүйл хийдэг. Гэхдээ гол ажил нь мэдээж театр, урлаг шүү дээ. “Монголын кино урлагийн наадмын холбоо” ТББ-тай. Түүгээрээ дамжуулаад зарим ажлуудыг хийдэг. Түрүү жил гэхэд Хөх хотод “Монголын соёлын өдрүүд”-ийг хамтран зохион байгуулсан. Энэ есдүгээр сард Өмөнд Монголынхон манай оронд ирж соёлын өдрүүдээ зохиохоор болсон. Үүнээс гадна ирэх жил олон улсын чанартай кино наадам зохион байгуулахаар ажилдаа орчихсон явж байгаа. Манай уран бүтээлчид киноны найруулагчид, зохиолчид дунд үнэхээр чадварлаг залуус бий. Цаашдаа Монголын кино драмын урлагийг гадагшаа гаргахад чиглэсэн уран бүтээл туурвиж ажиллана. Тиймдээ ч хамгийн сайн гэсэн техник болгоныг ашиглан, туршлага солилцох зорилгоор 66 ангит киног бүтээж байна.

-Урлагаас төрсөн сайхан хосуудын нэг бол Уранаа жүжигчин та хоёр. Сүүлийн үед гэр бүлийн үнэ цэн алга болсноос үүдэж салалт ихэслээ гэж их ярьж бичиж байна. Таныхаар гэр бүлийн үнэ цэн гэж юу вэ?

-Гэр бүл гэдэг чинь улс үндэстэн тогтнохын хамгийн анхны нэгж. Юу ч тохиолдсон хэн хэнээсээ нуулгүйгээр сайн муугаа ярьж, хэлэх нь зөв. Тэгэхгүйгээр юмаа нууж хаагаад байвал эцэстээ тэр нь бие биеэсээ алсарч холдохын шалтгаан болдог. Гэр бүл салалтаас гадна, хүчирхийллийн тухай асуудал маш их хөндөгдөж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай “Кино урлагийн холбоо” “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” гэсэн уриатай Гэр бүл, хүүхэд залуучуудын газар болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хайрлахын учир” жүжиг хийсэн. Энэ жүжиг залуу эцэг эхчүүдэд эерэг ойлголт өгсөн жүжиг болсон. Хүүхдүүд үзчихээд их эмзэг хүлээж авсан байсан. Тиймээс гэр бүлийн тогтворгүй байдал нь үр хүүхдээ сонсдоггүй, нэгнээ хүндэлдэггүй байдлаас үүдэлтэй гэж харж байгаа юм. Хэний ч анзаарахгүй зүйлээс л гэр бүлийн хүчирхийлэл үүсэж байдаг.

-Их сургууль төгсөж ирээд удаагүй байхад чинь нийгэм солигдсон. Зах зээлийн шилжилтийн хэцүү үед жүжигчнээрээ ажиллаж театртаа үлдье гэсэн шийдвэр гаргасан цөөхөн хүмүүсийн дунд та хоёрын нэг багтдаг. Тухайн үед бизнес хийе, наймаанд явъя гэсэн бодол төрж байв уу?

-Жүжигчин болоод орж ирэхэд мэдээж “сайн жүжигчин болно” гэдэг бодол толгойноос салахгүй дагадаг байсан. Учир нь жинхэнэ урлагийн агуу том ертөнц болох Орос оронд мэргэжил эзэмшиж ирчихээд түүнийхээ үр дүнг үзүүлэх ёстой гэж бодсон хэрэг. Тэр үед нийгэм өөрчлөгдөн зах зээлд шилжээд бүх салбарынхан амьдралаа бодон тараад алга болсон. Уранаа бид хоёр ч гэсэн төгсөөд удаагүй байсан цаг л даа. Вагонд суугаад эргээд Орос руу явчихад болохгүй юм байгаагүй. Хэл усыг нь ч мартаагүй, тэр үеийн ахуй амьдралаа ч сайн мэддэг байсан. Гэсэн ч бид хоёр буцаж яваагүй. Аав ээж гэр бүлийнхэн маань “Та хоёр төгсөж ирээд хоёр, гуравхан жил болж байна. Яах гэж тэр том сургуульд сурч, төгссөн юм. Ямар ч байсан мэргэжлээрээ ажилла. Та хоёрыг бид хэд хоёр идэж, хоосон хонуулахгүй байлгана, ажлаа л хий” гэж байсан. Хэлснээр нь явсан, буруудаагүй.

-Та ямар дүрд тоглохыг хүсдэг байсан бэ, хүслээ биелүүлж чадсан уу?

Хэцүү нийгэм байсан болоод ч тэр үү анх сургуулиа төгсөөд би тийм дүрд тоглоно, ингэнэ гэсэн агуу их хүсэл мөрөөдөл байгаагүй. Голж шилэлгүй олдсоныг нь л шүүрч авдаг байлаа. Өөрийгөө задалж, найруулагчдад хэн бэ гэдгээ таниулахыг зорьж байсан юм. Хамгийн анх 1987 онд “Хүний хүн” кинонд тоглож байсан. Тэгэхэд надад дүр сонин биш байсан шүү. Өөрт оногдсон Бадарч гэдэг залууг яаж амилуулах вэ гэдэгт л анхаарч явсан. Тэгж хичээсний дүнд энэ дүр тодорхой хэмжээнд хүмүүст хүрсэн болов уу гэж боддог. Киноны сэдэв нь ч гэсэн тухайн цаг үеийн хүмүүст нэлээд таалагдсан. Зөв цаг үедээ бүтсэн кино. Одоо бол хийх ёстой зүйлсийнхээ ихэнхийг нь биелүүлчихсэн болохоор том зүйл бодож болно. Папанов гэх агуу жүжигчин байдаг, мэдэх үү?

-“Ну погади”-гийн дууг оруулсан Папанов уу?

-Тийм. “Эрдэнэ өмссөн гар” зэрэг кинонд бас тоглосон. Тэр агуу Папанов бол миний багш. Багш маань инээдмийн, хошин урлаг дагнан тоглодог байсан. Нэг өдөр багш маань “Би насаараа “Лир ван”-д тоглох юмсан гэж бодож, мөрөөддөг байсан. Би бүр “Лир ван”-ы бүх үгийг цээжилчихсэн байгаа. Даанч найруулагчид намайг Лир Вангаар харахгүй юм. Ёстой тэнэг хүмүүс байгаа биз” гээд инээж билээ. Ямар ч байсан багшийнхаа хүслийг биелүүлж Лир Вангийн дүрийг тайзнаа дахин амилуулмаар байна. Манай театрт энэ жүжиг 1960-аад онд анх тавигдаж байхад, жүжигчин Гомбосүрэн гуай жүжгийн гол дүрийг амилуулж байсан юм.

-Баатар найруулагч таныг Лир вангаар төсөөлдөг, Жаргалсайханаас өөр хэн ч энэ дүрийг амилуулж чадахгүй гэсэн утгатай үгийг амьд сэрүүндээ хэлж суухыг сонсч байсан шүү…?

-Талийгаач найруулагч Баатар бид хоёр энэ талаар хоёр жил гаруй ярилцаж байсан юм. Харамсалтай нь саяхан бурхан болчихлоо. Гэхдээ ямар ч байсан энэ дүр миний толгойноос гарахгүй. Ямар ч байсан ойрын хоёр гурван жилдээ багтаад энэ дүр биеллээ олж, амьдрах болно.

-Та монголчуудад Хасарын дүрээрээ мөнхөрчихсөн жүжигчин. Хасар яг л ийм хүн байсан болов уу гэсэн мэдрэмж төрөхөөр хүчтэй, гоё гаргасан дүр. Хасарын дүрийг бүтээж явсан цагийнхаа талаар ахин нэг дурсаач?

-1988 онд Доржсамбуу найруулагч “Чингисийн тухай кино хийх гэж байгаа чи очиж шалгаруулалтад оролц” гэж Балжинням найруулагч руу хэлсэн байдаг юм. Тухайн үед би спортоор хичээллэдэг, бөх барилддаг том биетэй хүүхэд байлаа. Шалгаруулалтаа өгчихөөд намар нь баригадаар хөдөө явж байтал “Жаргалсайханыг үсээ авахуулж болохгүй шүү “Хасар”-ын дүрд тэнцсэн гэж хэлээрэй” гэж сумын төвийн холбоогоор дамжуулж хэлүүлсэн байсан. Сонсонгуутаа бөөн баяр болж байгаа юм чинь. Тэгээд л өөрийгөө бэлдэж эхэлсэн. Тэр зун нь зураг авалт эхэлсэн. Анхны зураг авалтаар Хасар тэргэнд хүлүүлээд ташуурдуулдаг хэсгийн авч байлаа. Тэгээд кино маань гараад дууссан. Нэг мэдсэн намайг “Хасар” Жагаа гэж дууддаг болчихсон байсан. Бүтээсэн дүрээрээ овоглуулаад явна гэдэг жүжигчин болгонд олдоод байх боломж биш. Эхэндээ их ичдэг байлаа. “Хасар” гэхээр л нүүр улайгаад, цус хөөрөөд сонин болчихдог байсан. Харин одоо бол “Хасар Жагаа” гэж дуудахгүй л бол барагтай эргэж харахгүй шүү (инээв). Гэхдээ их сонин. Арванхоёрдугаар сарын нэгэн гараад ирэхээр “Хасар Жагаа” юу гэж утастдаг байсан хүмүүс “Өвгөн Жагаа мөн үү” гээд л ярьдаг юм. Гомбосүрэн гуайгаас хойш 14 жил тасралтгүй шинэ жил болгоноор өвлийн өвгөн болсон болохоор тэр байх.

З.СУВД