Categories
мэдээ цаг-үе

Манай На гэж…

Баруун гараас Дамбын Шагдарсүрэн түүний гэргий Лувсан-Очирын Дарьсүрэн, цаг уурч Нацагийн Даваасүрэн, Г.Цэдэндамба 1996 он

Миний бие сүүлийн хэдэн сар өвчинд ээрэгдээд эмнэлгээр явамтгай. Нэгэн үе үнэтэй хагалгаанд орохоор болж мөнгө төгрөг цуглуулах ч юм боллоо. 1970-аад оны оюутан буюу социализмын бүтээгдэхүүн бидний үеийнхэнд хувийн өмч гэдэг бол хамгийн үзэн ядах зүйлийн нэг мөний тул нийгэм хувирч капиталын эдийн засагт шилжсэн ч юухан хээхэн хурааж хумих санаа төрөвч аргыг үл мэдэх тул “шалдан” хэвээр тэтгэвэрт гардаг ажээ. Бидний үеийнхэнд бэл хөрөнгө гэж юм байхгүй ч биесээ гэх сайхан сэтгэл харин дүүрэн авай. Тэдний нэг нь доор үгүүлэх ахмад цаг уурч Нацагийн Даваасүрэн бөлгөө.

Үгүүлэх нь: Нийслэлийн төв хэсэгт урдаа маршал Х.Чойбалсангийн хөшөөтэй, бөмбөгөр шилэн оройтой, нүүрээрээ арван нэгэн том багана эгнүүлсэн, хоёр жигүүр нь гурав, дундаа дөрвөн давхар барилгын өмнүүр өнгөрөх бүр оюутан цагийн дурсамж өөрийн эрхгүй сэтгэлд орж ирнэ. Тэр бол МУҮИС. Бөмбөгөр оройны доорх дөрвөн давхрын таван цонх цаг уурын салбарынханы анги, танхим. Тэр таван цонхны гадна ирмэг дээгүүр “МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ” гэсэн крилл бичиг байх. Одоо харин таван цонхны хоёр захаар “ЭРДМИЙН ХЭТ ЦАХИВААС ХӨГЖЛИЙН ГАЛ БАДАРМОЙ” хэмээн монголоор биччихсэн байна билээ. Нүүрээр нь эгнүүлсэн 11 баганыг харах бүр Монгол Улсын хуучин сүлдэн дэх уулын цаанаас мандаж байгаа алтан нарны цацрагийг бэлэгдсэн болов уу гэж бодогддог юм.

МУИС-ийн 1970 оны цаг уурын хоёрдугаар ангид хөдөөний хэд хэдэн хүүхэд суралцдаг байлаа. Тэдний дунд хөвгүүдээс Хөвсгөлийн Дугажийн Мягмаржав гэж дэндүү гэмээр царайлаг дархад хөвүүн, Завханы Дөрвөлжин сумын уугуул Дашийн Мягмаржав гэж хацар дээрээ тод хар мэнгэтэй, давхраатай нүдтэй, сартуул бор залуу, Баянхонгорын Хүрээмаралын гаралтай Аюушийн Намхай гэх махлаг шар халх залуустай оюутан ахуйдаа ч, ажил дээр гарсан хойноо ч дотно найзууд явлаа. Охидоос Хөвсгөлийн Ламжавын Бадамсэндэн гэж чухам л өнгө тансаг, үнэр ялдам цэцэгсийн адил үзэсгэлэнтэй, дүрлэгэр алаг нүдэн, Жавзансүрэн гэж эсрэгээр нь онигор нүдтэй, бүдэгхэн сэвхтэй, инээд алдсан улаан хацарт, Булганы Хишиг-Өндөр сумын уугуул Нацагийн Даваасүрэн гэж Жавзансүрэн шиг онигор мөртлөө инээхлээр нь хацрын доохно жижиг хонхорхой үүсдэг, тэр үедээ нүд нь бүр зүсчихсэн мэт нарийн сорви төдий болж харагдах шар бүсгүй гурав доод ангийн хөвгүүн миний сэтгэлд нэг л дотно харагддагсан. Тэр үед цаг уурчийн мэргэжил гэдгийг хүмүүс бага мэддэг, “худалчийнхан” гэх хочтой болохоор түүнд дурлаж ирэх хүүхэд тийм ч олонгүй. Тэгээд ч өөрийн хүссэн мэргэжлээ эзэмшинэ гэдэг дураар болох ажил биш, аль аймгийн аль сургуульд ямар мэргэжлийн хэдэн хуваарь өгөх нь засгийн бодлогоор шийдэгддэг байлаа. Нэг үгээр хэлбэл төрөөс аль салбарыг хэдэн он хүртэл хэрхэн хөгжүүлэх вэ, түүнд ямар мэргэжлийн хичнээн боловсон хүчин хаана, хаана хэрэгтэй болох вэ гэдгийг урьдчилан харж түүн лүгээ тохируулан бэлтгэдэг байсан хэрэг. Одооных шиг нэг салбарт дипломтой ажилгүйчүүд бэлтгэж, нөгөө салбарт ажлын байрны хомсдолд ордоггүй байлаа. Түүний нэг нь ус, цаг уурын салбар байв. Ингэж бэлтгэхийн тулд хэтийн төлөвлөлтийн дагуу орон нутгаас захиалга авна. Тухайн үед Хөвсгөл аймгаас гурван хүүхэд элсүүлэн авсан нь тэр аймгийн Ус цаг уурын товчооны дарга Шаравдорж (Ус цаг уурын гавъяат ажилтан буюу одоогийнхоор Байгаль орчны гавъяат ажилтан) гуайн санаачлага, хөөцөлдлөгөө, холч ухаан байсан байх гэж боддог юм. Оюутан цагийн таван жил харавсан сум шиг өнгөрч намайг сургуулиа төгсөөд Дорнод аймагт хуваарилагдан очиход Мягмаржав, Мягмардорж, Намхай гурав хотод, охидоос Хөвсгөлийн хоёр ч, Булганы ганц ч нутагтаа хуваарилагдан ажилласан ажгуу. Харин миний бие хожим УЦУХ-г урьдчилан мэдээлэх хэлтэст ирэхэд Булганы “шар” хотод шилжээд ирчихсэн, ээлжийн инженерээр ажиллаж байсан юм. Тэр цагаас бид дотно найзууд яваа билээ. Манай хүрээлэнд Санжмятавын Даваасүрэн, Нацагийн Даваасүрэн гэж хоёр инженер байсан юм. Тэднийг бид овгоор нь Са, На гэж ялгаж дуудна. Са нь Монголын цаг уурчдаас хамгийн түрүүнд эрдмийн зэрэг хамгаалсан эмэгтэй. Са, На хоёрын адил тал нь хүнлэг сайхан сэтгэлтэй, жинхэнэ монгол бүсгүйчүүд. Са маань даанч эрт бурхны оронд явчихсан юм.

На бид хоёр хөдөөх гарлаараа ч юмуу, оюутан байхад нэг давхарт хичээллэдэг байсных ч юмуу бие биедээ их амархан дотноссон улс. Бүр аав ээж, ахан дүүсээрээ танил дотно болсон юм. Би На-гийнхаа аав Нацаг гуайтай хөөрөг зөрүүлж, хууч хөөрч явлаа. Тэр өвгөн олон жил мал туусан, ёстой л юм үзэж нүд тайлсан эр байсан даа. Олон сайхан хүүхэдтэй, нутаг усандаа нэр хүндтэй нэгэн явсан юм. На-гийн ээж Шарав гэж чухам л “орсон гарсанд ундтай цайтай, олонтой явахын заяа түшсэн” хүн. Одоо зуу дөхөж яваа эмээ. Нацаг гуайнх Булганы Хишиг-Өндөрийнх. Авзага хайрханаа шүтэж явдаг улс. Би На-гийнхаа төрсөн ах Ойдовтой ч дотносон танилцаж, хожим сэтгүүлч болсон хойноо сурвалжлага ч хийж явлаа. На-гийн нөхөр Цэдэндамба гэж ёстой нэг гүндүүгүй цөлх монгол эр хүн байсан юм. Бид гэр орноороо орж Булганы, Хархорины айраг ууж бишгүй наргидагсан.

Хүн ер нь аливаа мэргэжилдээ сэтгэлээ өгч байж түүнээсээ таашаал авдаг байх. Ялангуяа цаг уур шиг нийгмийн төлөө үйлчилдэг салбарын ажил бол тун сайхан. Тэгэхдээ цаг уур гэдэг маань дотроо уур амьсгал, хөдөө аж ахуй, агаар мандлын дээд давхрага судлал гээд олон янз. Түүний дотроос синоптикч буюу цаг агаарын урьдчилсан мэдээ зохиодог мэргэжил бол үр дүнгээ шууд үзүүлдэг гайхалтай мэргэжил. Алдвал муу нэрийг, оносон бол сайн нэрийг тэр дороо л хүртэнэ. Агаар мандлын шинжлэх ухаан тэгтлээ сайн хөгжөөгүй үед цаг уурынхныг “худалчийнхан” л гэдэг байж. Харин одоо бол “Цаг уур шиг үнэн хэлдэг юм байхгүй” гэлцэх болсон. Бидний үед чинь өнөөгийн өндөр хурдтай компьютер гэж байгаагүй болохоор агаар мандлын орчил урсгалын хувирлыг онолын мэдлэг, өөрийн дадлага хоёрт л тулгуурлан байж цаг агаарын урьдчилсан мэдээгээ гаргадаг байлаа. Өөрийн дадлага гэдэг дотор нутаг орноо, газарзүйн тогтцыг сайн мэдэх шаардлагатай болдог юм.

Манай На цаг агаарын нөхцөл байдлыг үнэлэхдээ яг л малчин аав ээжийнхээ өмнөөс сэтгэл гаргаж хандана. Өөрөөр хэлбэл хавар намар цасан болон шороон шуурга тавих, өвөл зуны улиралд их цас бороо орох, эсвэл гэнэт юм уу эрс халж, хүйтрэх зэрэг онцгой нөхцөл бүрдэх үед цаг агаарын энэ аюул хөдөөнийхөнд, малчдад ямар нөлөө үзүүлэх бол гэдэг талаас нь байнга санаа тавьж ярина. Цаг агаарын урьдчилсан мэдээ гаргачихаад түүнийгээ сүүлд нь сумын цаг уурын өртөө, харуулд ажиглаж, тэмдэглэснээр нь дүгнэнэ. Энэ нь уул тал, говь хангай хосолсон өргөн уудам нутагтай манай орны цөөхөн сумын төвийн гадуур хаана ч, юу ч болсон байхыг үүгүйсгэхгүй. Ийм үед бидний зохион гаргасан мэдээ зааврын дагуу дүгнэхэд оноогүй байх явдал гардаг ч хээр гадаа, малын бэлчээрт хэсэгхэн газар ч болов онцгой зүйл болоод өнгөрсөн байх тохиолдол бишгүй. Энэ бүхэнд синоптикчийн ажлын үр дүн цаасан дээр “муу” авлаа ч малчдынхаа дунд “онц” авдаг юм. Одоо бол цаг уурын ажиглалтын сүлжээ нягтарсан, агаар мандлын орчил урсгалын судалгаа өндөр түвшинд хүрсэн болохоор тийм алдаа бараг гарахгүй болжээ.

Синоптикчийн зохиосон мэдээг дарга удирдлага дүгнэнэ. Тэр нь мэдээуж ажлын гол үзүүлэлт. Үүнтэй холбоотой хөөрхөн хөөрхөн онигоо гарнаа. Нэг удаа төвийн нэгэн сонины сурвалжлагч Цаг уурын хүрээлэнд ирж синоптикчтой уулзжээ. Тэр өдөр Гаанжууржавын Гаадмаа гэж 1973 оны төгсөгч ээлжинд гарч байж. Сурвалжлагч “Та нарын зохиосон мэдээ таарахгүй бол яадаг юм бэ?” гэхэд Гаадмаа хэнэг ч үгүй “Шатдаг юм” гэжээ. “Шатах” гэдэг нь бидний дунд л хэвшсэн хэллэг байлаа. Цаг агаарын байдлыг эрс муутгадаг нэг зүйл бол агаар мандлын “фронт” буюу эрс халуун, эрс хүйтэн хоёр агаарын зааг юм. Түүнийг цаг уурчид газрын зураг дээр дулааныг нь улаанаар, хүйтнийг нь хөхөөр тэмдэглэнэ. Нэг өдөр хүйтэн фронт Улаанбаатарт орж ирэх хугацаа нэн ойртсон үед На цонхоор харчихаад “Хүүе тэр хүйтэн фронт харагдаж байна” гэж хэлсэн гэдэг. Сэтгэлд нь яг л хөх будгийн харандаагаар зурсан фронтын шугам тэнгэрт харагдсан хэрэг. Дугажийн Мягмардорж жижүүртэй хоноод өглөө урьдчилсан мэдээ зохиохдоо Улаанбаатарт бороо орно гэж бичжээ. (бид түүнийгээ тунадас өгөх гэж ярьдаг юм). Жижүүрийн ажлаа хүлээлгэж өгөөд гарахдаа “За их борооноос өмнө эртхэн харья” гээд явтал өдөржингөө халуун нар шаржээ. Үүнээс хойш манайхан “Их борооноос урьтаж харих” гэж наргиантай болж билээ. Бидний ажиллаж байх үед ажиглалтын сүлжээ нягтраагүй байснаас тодорхой цэг дээр прогноз гаргах нь маш түвэгтэй. Түүний нэг нь Улаанбаатар. Ялангуяа зуны цагт Улаанбаатарыг алдах буюу Гаадмаагийн хэлснээр “шатах” нь их. Манай ангийн оюутан, хожим Байгаль орчны сайд байсан Цохиогийн Адъяасүрэн Улаанбаатарын прогноз дээр тун од муутай нэгэн байж. Нэг удаа ажлаа дүгнүүлж байгаад “Энэ муу Улаанбаатар хүний мууд дуртай” гэж гоморхсон гэпэг юм.

Синоптикчдын ажлын онцлогтой холбоотой иймэрхүү наргиа зөндөө бий. Тэгэхдээ бид орчин үеийн компьютерийн техник манайд нэвтрэх нь байтугай дэлхийд бий болоогүй байхад агаар мандлын орчил урсгалын хувирал, хандлагыг агаар мандлын физикийн мэдлэг, Монголын хийгээд дэлхийн газар зүйн мэдлэгээрээ гайхалтай дүгнэж чаддаг С.Мэнд, Ч.Цэдэвдулам, Б.Жигмэддорж, Бу.Цэвэлмаа, Ха.Цэвэлмаа, Ч.Сайзмаа, манай ахмад дарга Элбэгийн Найдан, ахмад захирал Лувсангийн Нацагдорж, Ринчингийн Мижиддорж гээд олон сайхан хүмүүстэй цуг ажиллаж явжээ. Эдний дотор На маань инээдээ түгээсээр, эрч хүчтэй, элч нөмөртэй ажиллаж явсан ахмад цаг уурч билээ. Манай На хүний өөрийн бүхэнд алагчлалгүй хайр энэрлээ түгээж явдаг эгэл монгол бүсгүй. Олон сайхан хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн алдарт эх. Алдарт эхийн одон, “Алтан гадас” хоёроо энгэртээ гялалзуулчихсан нутгийнхаа төлөө, бусдын төлөө энэрэл сэтгэл тавьсаар л яваа. Хишиг-Өндөрт явж байхдаа нэг малчныд буугаад “Нацагийн Даваасүрэн гэж авгайг мэдэх үү, дүү нь Ойдов гэж нэг өвгөн байх ёстой юмсан хаагуур нутаглаж байгаа бол?” гэвэл “Өө, манай нутгийн ганц цаг уурч Даваасүрэн гуай юу. Мэдэлгүй яахав” гэж билээ. Нутаг усныхандаа мэргэжлээрээ дуудуулна гэдэг бидний үеийнхэнд бол том хүндлэл шүү.

Цаг уурч, СГЗ сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Даланжаргалангийн сургуулийн ууган долдугаар ангийнхны түүх буюу илгээлтийн эзэд

Одоогийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр нь Цэцэнхан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошууны төв байжээ. 1924 онд ардын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хошуудад улсын хэмжээгээр 23 сургууль байгуулагдахад түүний нэг нь Даланжаргалан сумын бага сургууль юм. Хан Хэнтий аймгийн Оцол сансарын уулын хошуу тамгийн төвд нэг гэр гучин сурагч гурван бүлэгтэй танхим нэртэй байгуулагдсан анхны бага сургууль юм. 1957 оны зун “Цомгийн хонхор” буюу одоо байгаа газраа төвлөрч 2014 онд 90 жилийнхээ ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Тус сургуулиас төр нийгмийн ажилтан Ө.Пүлжин, Ё.Адилбиш, Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч МУУГЗ удирдаач Н.Бүрэнбаатар зэрэг алдар цолтнууд төрөн гарсан юм. Тус сургууль нь ШУА-ын хүрээлэн, УБТЗ-ын депо зэрэг газруудтай шефийн холбоотой ажиллаж ШУА-ын хүрээлэнгээс бүх анги танхим нь хими биологи физикийн кабинетийг иж бүрнээр байгуулан тохижуулж яам хүрээлэнгийн түшиц лабортори сургууль болсон юм. Тус сургууль нь өнөөг хүртэл аймаг улсад тэргүүний сургууль болсоор ирсэн. Энэ сургуулиараа түм буман шавь нар нь өнөөг хүртэл бахархаж байдаг юм. Энэ л дунд сургуулийн анхны төгсөлт болж 1974 онд Б.Чулуунцэцэг багштай 8 эрэгтэй 12 эмэгт эй 20 хүүхэд МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн ХАА-н салбарт малчин болж гарснаас хойш 44 жил өнгөрчээ. Энэ 20 хүүхдээс хоёр хүүхэд нь 8-р ангид дэвшин 18 хүүхэд нь МХЗЭ-ийн батламж тэр үеийн 300 төгрөг авч МАА-н салбарт ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Д.Оюунцэцэг, Г.Буурал нар тэр үедээ аймгийн 10 жилд элсэн суралцаж улмаар нэг нь МУИС-ийн дулааны инженер нөгөө нь МУИС-ийн биеийн тамирын багш мэргэжлээр тус тус ажилласаар гавьяаныхаа амралтанд гараад байна. 1967 оны намар 20 гаруй хүүхэд тус сумын бага сургуульд элсэн орж эрдмийн аянаа эхлүүлж ачит багш нараар “А” үсэг заалгаж эхэлснээс хойш дөрвөн арван жил өнгөрчээ. Тэр үед дунд сургуультай болоогүй учир 1971 онд дөрөв дүгээр ангиа төгсөж айраг сумын дунд сургуульд ангиараа шилжин сууж зарим нь дотуур байр зарим нь аав ээжийн танил айлдаа нь сууж хоёр жил суралцсан билээ. Даланжаргалан сум дунд сургуультай болох сураг чих дэлсээр л. Тэр хоёр жил мөн удаан өнгөрсөн билээ. Ашгүй 1973-1974 оны хичээлийн жилд дунд сургуультай болж бид гэр ойр санаа зовох зүйлгүйгээр тэр жилээ суралцан төгсөж билээ. Сургууль хичнээн дунд сургууль болсон ч гэсэн хичээлийн байр маань хуучин бага сургууль байсан жижигхэн цагаан байшиндаа ердийн галлагаатай мод нүүрс түлдэг хоёр ээлжийн хичээлийн хуваарьтай тийм л үе байлаа. Тэр хичээлийн жилд УБДС-ийг төгссөн залуухан багш нар Д.Цогбадрах, М.Сэртэв, Д.Бүрэнжаргал, А.Ганболд, Л.Баатар, Ш.Ханчиндорж, Д.Ванчин, М.Буянтогтох, Н.Наранжаргал, Ц.Батдорж, Н.Бадам, Б.Чулуунцэцэг зэрэг 10 гаруй багш ажиллаж байлаа. 1974 оны намар манай ангийг дааж авсан багш маань Базарын Чулуунцэцэг гэж дөнгөж төгсөж ирсэн эмэгтэй багш байв. Би ангийнхаа хамгийн сүүлд жагсдаг хүүхэд байв. Сургуулийн өмнө ангид орохоор хүүхдүүд анги ангиараа жагсана. Б.Чулуунцэцэг багшийн аав Базар гуай манай аав ээжтэй найз. Манай хүү наад ангид чинь сурдаг гээ биз багш жагсаалын өмнөөс хүүхэд бүртэй танилцаж явснаа хамгийн сүүлд над дээр ирээд нөхөр минь үсээ яагаад аваагүй юм маргааш үсээ авахуулж ирээрээ гээд үснээс чимхэж билээ. Тэгснээ жагсаалын өмнө очоод Ө.Зоригтбаатар гэж хэн бэ гэж асуусан чинь нөгөө нөхөр нь би байж бөөн инээдэм болж билээ. Танилынхаа хүүхдийг асуусан нь тэр… Ингэж бид сумынхаа дунд сургуулийн анхны долдугаар анги болж хориулаа суралцсан билээ. Бид сурахын хажуугаар өвс хадлан, малын тэжээл бэлтгэх, ямаа самнах, хашаа барих, өвөл мал нядалгааны газар ажиллах зэрэг ажлуудыг хийдэг байв. Мөн хавар төлд явна. Далан түрүүгийн амралтын газар сургууль ногооны талбайтай, хавар, намар түүн дээр ажиллана. Төгсөх жилээ ямарч байсан бид ажлын дөртэй, аав ээждээ туслаад байхаар болчихсон байсан юм. Тийм ч учраас МХЗЭ-ийн илгээлт өвөрлөн МАА-н салбарт гарч суурь хонь ямаа авч өөрсдийн нэр нь дээр маллаж улс эх орныхоо өмнө, нэгдэл нийгмийн өмнө хариуцлага хүлээж 16 наснаасаа эхлэн улсад хөдөлмөрлөж эхэлсэн билээ. Нэг суурь мал гэдэг нь 500-800 хонь ямаа маллаж түүнээ 100 хувь төлийн гарзгүй бойжуулж олон хүүхэд сумын “энх сүрэгтэн” болсон юм. Манай анги бол сурлагаар тийм ч муу байгаагүй юм шүү. Сурлага сахилгаар олон сайн хүүхэд байсан. О.Буманцэцэг, А.Лхагвадэлгэр, С.Энхтуяа, Б.Осгонболд нар сайн сурдаг. Манай ангийн онц сурлагатан Даваадарийн Оюунцэцэгийн нэр одоо хүртэл сургууль руу ороод очиход хананд нь үе үеийн онц сургалтнуудын магнайд хамгийн эхэнд байдагт манай ангийхан бахархдаг. Р.Сэнгэтөмөр, С.Энхтуяа, О.Буманцэцэг, Б.Батдэлгэр, Ш.Батхүү, А.Лхагвадэлгэр, Д.Үнэнбат нар нэгдэл компани хоршоололд үр бүтээлтэй ажиллаж, Б.Осгонболд аймгийн саран хөхөө театрт бүжиглэж Н.Ганболд, С.Ганхуяг нар аймгийн НААҮГ болон модны үйлдвэрт мастер бригадын дарга хийж байсан юм. А.Амаржаргал, Г.Алтантуяа, Р.Сэнгэтөмөр нар 780-800 төллөх эм хонь авч жил дараалан 100-аас дээш хувь төл хүлээн авч МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний малчин залуу алтан медалийн эзэд болж байлаа. Манай ангиас МУИС-ийн дулааны инженерийн анги төгссөн ТЭХ-ний яамны харьяа газрын тосны тэргүүний ажилтан Д.Оюунцэцэг, УБИС-ийн биеийн тамирын ангийг төгссөн боловсролын болон биеийн тамирын тэргүүний ажилтан спортын мастер Г.Буурал, МУСТА “Саран хөхөө” театрын бүжигчин Б.Осгонболд алтан гадас болон ОХУ-ын Лениний одонт “Боржигон нутгийн уул ус” “Сүмбэр оцол сансар” “Орос монголын найрамдал” ТББ Монголын ан амьтныг хамгаалах сангийн УЗГ Говьсүмбэр аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаадлах нийгэмлэгийн гишүүн Хишгийн Чулуунбаатар, ХАА-н тэргүүний ажилтан 5,6 таван жилийн гавшгайч С.Энхтуяа, Р.Сэнгэтөмөр, УБТЗ-ийн “хүндэт төмөр замчин” Ө.Зоригтбаатар, байгаль орчны тэргүүний ажилтан, хөдөлмөрийн хүндэт медальт “Боржигон тогоо” ХХК-ны захирал С.Ганхуяг, хоршооллын холбооны тэргүүний ажилтан тав ХААХХҮ-ийн тэргүүний ажилтан нэг, уламжлалт бариа засалч нэг зэрэг улс аймгийн алдартнууд төрөн гарчээ. Манай ангийн |Х.Чулуунбаатар нь бага сургууль байхдаа шинэ жилээр дандаа туулай болдог байв. Жижиг биетэй учраас. Туулайн багаа өмсөөд чихээр нь урдах замаа хардаг байв. Нэг удаа туулайны чих нь хугараад замаа харж чадахгүй чанга яригчийн утсанд бүдэрч унаад түүнээс хойш туулай болохоо больсон гэдэг. УБТЗ-ын Чойр өртөөний континер буулгалтын талбайд 20 жил ажилласан орос ах нарыг ирэхэд угтаж авсан, явахад нь гаргаж өгсөн нөхөр дөө. Одоо ТББ-ын шугамаар Чойрын богд ууланд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас 20 тарвага авч ирж нутагшуулсан, 200-300 гаруй аргаль угалз “малладаг” хоёр буга согоотой тусгай хамгаалалтын байгалийн нөөц газрын гишүүн Говьсүмбэр аймгийн “Боржигдой Цэцэн” утга зохиолын салбарын гишүүн олон талын авьяастай юм юмны захтай нийгмийн идэвхи сайтай нөхөр бий дээ. Чойрын төв дээр “Хас” гэж төрөл бүрийн барааны дэлгүүртэй. С.Энхтуяа айраг сумын төвд “Төгрөг” гэж зочид буудал худалдаа тавилгын дэлгүүртэй ажил үйлс амьдрал нь өөдрөг сайн сайхан яваа манай ангийн андууд байна. Бас саяхан бидний төрөлх сургуулиас ажлын гараагаа эхэлж байсан физик математикийн багш М.Сэртэв багш маань Монгол Улсын гавьяат багш болж түмэн олон шавь биднийгээ баярлуулсан. Хайрт багшдаа болон тэдний гэр бүл Д.Цогбадрах багш болон үр хүүхдүүдэд нь шавь нарынх нь өмнөөс өдрийн сониноор дамжуулан баяр хүргэж сайн сайхныг хүсье. Би өөрөө ангийнхныгаа жаахан шоглох дуртай. Хүн бүрт таарсан хошин шогийн дөрвөн мөртүүд бичиж нөхдөө инээлгэдэг. Заримдаа шүлгэрхүү юм бичнэ. ТЗ-д 25 жил жолоочоор ажилласан манай ангийн Ө.Оюунцэцэг малчин удмын хүн. Аав нь Д.Өлзийхутаг гэж МУ-ын аварга малчин улсын удаа дараагийн депутат мундаг хүн бий.

Ангийнхаа Х.Чулуунбаатарт ингэж дөрвөн мөрт бичжээ

Далан сумаас гаралтай “уйланхай” Чука

Довон дээрээ бол “Хасын” Чука

Шүлгэн дотроо бол “Шатдаг” Чука

Шүтээн болсон эх орноо өмөөрдөг Чука

Гончигдоржийн Алтантуяад

Ар говьд байхад нь

Ат ч юмуу ингэ ч юмуу гэж андуурам

Тэнэгэр говьд илгээгдсэн “заяа”

Тэмээчин нэрэндээ дассан Туяа

Дамбын Үнэнбатад

Говийн зэрэглээгийн “ангийн байцаагч”

Далан сумын “энгийн байцаагч”

Хөдөө гандаж гадаа давхисан

“Хөх даалимбан тэрлэг”

Ангийн дарга Даваадарийн Оюунцэцэгт

Аав ээжээс төрөхдөө “намхан”

Анги дотроо бол “өндөр”

“Хүжийн” галд ч ном уншиж явсан

Хөвөнд боолттой “Оюу-Эрдэнэ”

Даланжаргалан сумын дунд сургуулийг тэртээ 44 жилийн өмнөх анхны төгсөлт МХЗЭ-ийн илгээлтийн эзэд: А.Амаржаргал, Г.Алтантуяа, Г.Буурал, О.Буманцэцэг, Батдэлгэр, Ш.Батхүү, С.Ганхуяг, Н.Ганболд, А.Лхагвадэлгэр, Ч.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Н.Оюунчимэг, Б.Осгонболд, Р.Очирхуяг, Р.Сэнгэтөмөр, Д.Үнэнбат, Г.Эрдэнэжаргал, С.Энхтуяа, З.Яруусайхан, Ө.Зоригтбаатар нарыгаа одоо ч гэсэн сэтгэл зүрхэндээ санан дурсаж хайрлаж явдаг юмаа. Тэдний хань, үр хүүхэд, ач зээ нарт эрүүл энх байж урт удаан наслан аз жаргалаар бялхаж явахын ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн биднийг өдий зэрэгтэй явах анхны алтан шар замыг минь зааж өгсөн ачит багш нартаа тэдний гэр бүлд хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсье.

Ө.ЗОРИГТБААТАР

Categories
мэдээ цаг-үе

О.Наранбаатар: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ заан болчихоод дараа жил нь цолоо баталж байсан амжилтыг олон жилийн дараа Н.Жаргалбаяр давтлаа

Баруун гар талаас Улсын гарын даа Т.Түмэндэмбэрэл, бөх судлаач О.Наранбаатар

Бөх судлаач О.Наранбаатартай ярилцлаа.


-Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны шуугиан хараахан намжаагүй л байна. Бөхөд хайртай түмэн 23 дахь аварга цолтноо өлгийдөж авлаа. Наадмын бөхийн барилдааны талаар ярилцлагаа эхлүүлье?

-Даншигийн аваргуудыгаа нийлүүлж тоолбол 60 орчим аваргууд байгаа. Ардын хувьсгалаас хойш бол 23 дахь аваргаар Н.Батсуурь тодорч байна. Наадам сайхан боллоо. Баяр наадмын өмнө бөхийн холбоод хэрүүл тэмцэлтэй байсан шүү дээ. Монгол наадам бол тусгаар тогтнол эв нэгдлийн баталгаа гэдгийг харууллаа. Аварга, арслан цолтон түрүүлнэ гэдэг өөрөө сайхан л даа. Үзэгчид Б.Бат-Эрдэнэ аварга завсаргүй түрүүлж байхад уйдаж байсан. Сүүлийн жилүүдэд өөр өөр бөхчүүд түрүүлэхэд “Аварга, арслангууд цолоо батлах хүн олдохгүй байна” гэх хандлага ажиглагдаж байсан. Харин сая Н.Батсуурь арслан цолоо батлаад хоёр дахь удаагаа түрүүллээ.

-Заалны барилдаанд сумын заануудад өвдөг шороодоод байсан Н.Батсуурь аваргыг түрүүлнэ гэж таамагласан хүн цөөхөн байсан даа. Анхаарлын төвд арслан П.Бүрэнтөгс, харцага О.Хангай, Б.Бат-Өлзий гээд залуучууд байсан?

-Сүүлийн жилүүдэд наадамд түрүүлсэн бөхчүүдийг ажиглахад заал танхимын барилдаанд доогуур амжилт үзүүлсэн бөхчүүд түрүүлээд байсан. Өнгөрсөн жил Ц.Содномдорж арслан заалны барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилттай наадамдаа зодоглоод л түрүүлсэн. Ч.Санжаадамба аварга ч ижил амжилттай ирээд л наадамд түрүүлж байсан.

Н.Батсуурь аварга барилдаан алгасалгүй зодоглож байснаараа онцлог л доо. “Увс нуур гал”-ын сорилго барилдаанд түрүүлэхийг харж байхад бэлтгэл их сайтай байгаа нь мэдрэгдэж байсан. Наадмаар огт хий зай гаргалгүй барилдаж байсан Н.Жаргалбаяр заан, Н.Золбоо харцага хоёр Н.Батсуурьт цуварч унахад нь “Батсуурь өнөөдөр хазайхгүй юм байна” гэж ойлгосон доо. Их сайн байгаа бөх нэг бол түрүүлдэг үгүй бол түрүүлэх, бөхөд унадаг гэдэг шүү дээ. Аварга ч өөрөө өндөр даваанд өрсөлдөгчөөсөө сэтгэл зүйгээр илүүрхэж барилдах юм. Улсын наадмын түрүү үзүүрт өхийлдөх мэх хийж давсан тохиолдол сүүлийн 50,60 жилд байхгүй байх шүү. Б.Бат-Эрдэнэ аварга алсын сүвээний барьц аваад хашиж өргөөд, О.Балжинням аварга хавирч, Д.Цэрэнтогтох аварга шуудагнаас, Х.Баянмөнх аварга хонгодож түрүүлж байсан.

-Аварга Ч.Санжаадамба даян аварга цол хүртэх боломжоо үгүй хийчихлээ. Аваргын алдаа оноо нь юунд байсан бол?

-Аварга сайхан барилдаж үзүүрлэлээ. Долоогийн даваанд Ш.Мөнгөнбаатартай хийсэн барилдааны үеэр гараа бэртээсэн нь түрүү байрын төлөөх барилдаанд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Аварга ирэх жил цолоо ахиулахыг үгүй гэх газар байхгүй.

-Улсын заан Н.Жаргалбаярыг олон хүн түрүү бөхөөр нэрлэж байсан ч түрүү бөхөд өвдөг шороодлоо. Их шөвөгт хийсэн барилдааных нь талаар ярихгүй юу?

-Жагаа залуу хүн гэхэд наймын даваа хүртэл ямар ч хий зай гаргалгүй, нягт барилдаж байсан. Батсуурь аварга их шөвгийн барилдаанд зүүн сугадаад мордоог нь хамгаалчихаад байсан. Сугадаагаа авахад нь Жаргалбаяр мордоод шилдүүлээд доор нь орчихсон. Аваргын тактикийн барилдаан амжилттай хэрэгжсэн болов уу гэж харж байгаа. Н.Жаргалбаярыг магтахад заан болчихоод дараа жил нь цолоо баталсан хүн Б.Бат-Эрдэнэ аваргаас өөр байхгүй шүү. Улсын начин цолыг баталж болно, заан цолыг дараа жил нь шууд батална гэдэг хэцүү. Ирэх наадмуудад арслан гарьд цолны даваанд босох байхаа залуу заан.

-П.Бүрэнтөгс арсланг аварга болно гэж бөх сонирхогчид найдаж байсан ч шөвгөрч чадсангүй?

-Наадмын галынхаа сорилго барилдаанд зодоглоогүй. Жин их тавьсан бэлтгэл тун сайн байгаа гэж “Увс нуур” галынхан ярьж байсан. Наадмын дөрвийн даваанд Сүхбаатарын Б.Зоригтбаатартай барилдаж байгааг нь харахад бэлтгэл нь таараагүй нь ажиглагдсан л даа. Давсан, дутсаныг нь би сайн мэдэхгүй юм. Тавын даваанд Д.Цэрэнтогтоход өвдөг шороодсон.

-Арсланг “амаа буруу авлаа” гэх шүүмж их харагдаж байна лээ?

-Хаяна гэсэн бөхөө л амласан байх. Д.Цэрэнтогтохыг амласан нь алдаа гэж би хувьдаа харахгүй байгаа. Тухайн үед сонгосон барилдааны хувилбар нь буруу байсан болов уу. Цэрэнтогтох ч салхитай, хэнийг ч хаяж мэдэх эсрэгээрээ хэнд ч унаж мэдэх бөх. Арслан илүү тогтож барилдсан бол яах байсан юм бол доо.

-Нийслэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд тааруу наадлаа. Үүнийг та юутай холбож байна?

-Өнгөрсөн хавар барилдаан хийхийг хориглосон. Тэр үед “Их Монголын хүчтэн”- дэвжээнийхэн сар болгон заримдаа сард хоёр барилдаан хийж байсан. Дээр нь гал дээрээ гурван ч удаа барилдаан хийж бэлтгэлийн ачааллыг айхтар их өгч байгаа харагдсан. Зарим аймаг барилдаан хийгээгүй шүү дээ. Бэлтгэл нь нийтээрээ унасан болов уу гэж бодсон доо. Эхний өдөр л Б.Сангисүрэн начин, Т.Санчир заан хоёроос бусад нь нураад дууссан шүү дээ. Хавар бол Өвөрхангайнхан шиг сайн хүмүүс байгаагүй. Наадмаар формоо хадгалж чадсангүй.

-Баянхонгорчууд Н.Золбоо гэж мундаг харцагатай боллоо. Тавын даваанд тунаж барилдаж улсын цолны босгоор алхлаа?

-Улсын харцага Д.Батболд, улсын начин Ж.Чулуунбат гээд мундаг хүмүүс зааж зөвлөж байгаа л даа. Золбоо үндэсний бөхөөр ийм барилдааны хувилбарыг сонгоход сайн барилдана гэдгээ мэдэрчихсэн байгаа харагдсан. Их суурьтай, зөв барилдаж байна лээ. Түрүү бөхийг ганц хазайлгасан хүн нь Н.Золбоо байсан. Шуудагны барилдаанаас ерөөсөө алдаа гаргахгүй байна лээ. Тавын даваанд Б.Бат-Өлзий харцагатай яаралгүй зөв барилдаан хийж өөрийнхөө талд шийдсэн. Өмнө нь Золбоо Бат-Өлзийд хэд хэд уначихаад байсан шүү дээ. Алдаан дээрээ сайн ажилласан нь харагдаж байсан.

-О.Хангай, Б.Бат-Өлзий гээд харцагуудыг өндөр даваанд харж байсан ч болсонгүй?

-Б.Бат-Өлзий харцага наадмын өмнө болсон Таван толгойн барилдаан дээр ажиглахад бэлтгэл нь жигдрээгүй байгаа харагдсан. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн болохоор л хүмүүс дээшээ барилдана гэж тооцоолж байсан болов уу. О.Хангайгийн тухайд наадмын бэлтгэлийн үеэр их нервитэй, нойр муу байгаа сураг дуулдаж байсан. Сэтгэл зүйн бэлтгэл тааруу байсан юм болов уу даа. Дээрээс нь Мөнгөнбаатар харцагын дархан мэхтэй зүүн талд нь барьц сонгосон нь алдаа байж болох юм. Мордуулаад унаж байсан.

-Дархан аварга Г.Өсөхбаярыг начин төрүүллээ гэж энгэрт нь “алдарт эх”-ийн одон зүүж шоглосон зураг цахим ертөнцөөр их явж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-1995 оны улсын их баяр наадмын өмнө Өсөхөө аварга дархан аварга Ж.Мөнхбаттай хамт бэлтгэлд гарч тэр жилдээ заан болсон байдаг. Энэ талаараа Өсөхбаяр аварга “Том бөхийн нөмөрт их юм сурсны хүчинд сайхан барилдаж цолд хүрсэн” гэж хэлсэн байдаг шүү дээ. Энэ жил Мөнхбат аварга маань бурхны оронд одлоо. Өсөхөө аварга тавын даваанд Мөнхбат аваргын хүргэн аймгийн хурц арслан Ба.Батжаргалыг амлаж улсын цолд хүргэлээ. Ба.Батжаргалын тухайд тийм ч муу бөх биш шүү дээ. Үүнийг буруу гаж үйлдэл гэж би үзэхгүй байгаа. Монгол бөхөд эрт үеэс уламжлагдаж ирсэн юм.

Улсын идэр залуу цолтой хүмүүс тав юм уу гурвын даваанд бууж өгөөд байгаад нь бөх сонирхогчид дургүйцдэг. Дээрээс нь аймгийн баяр наадамд аймгийн заан, харцага цолтой бөхчүүд өөрөө дээшээ барилдаж цолоо ахиулах байтал шинэ цолтон төрүүлж байгаа нь монгол бөхийг бараантуулж байгаа. Аймгийн наадам нээлттэй хийхэд улсын том цолтой бөхчүүд очиж найраа хийж байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй болоод байгаа. Зарим газар хэд хэдэн бүлэг улсын цолтнууд очиж найраанд орох бөхчүүдийг нь бүртгээд өөрөө барилдахыг нь хасдаг асуудал газар авсан. Сүүлийн үед аймгийн наадам үзэх юмгүй муухай жүжиг болж байна.

-Шинээр төрсөн начин, харцагуудын талаар ярихгүй юу. Тэр дундаа Ш.Мөнгөнбаатар?

-Цолондоо эзэн болж барилдах сайн бөхчүүд улсын цол авсан гэж харж байна. Ш.Мөнгөнбаатар харцагын тухайд эрт орой хэзээ нэгэн цагт улсын цол авах л байсан байх л даа. Сар шинийн барилдаанд түрүүлсэн хүн улсын цолгүй үлдэнэ гэж байхгүй шүү дээ. Улсын цолд хүрэлгүй удсан хүмүүс улсын начин болоод дээшээ барилдаад байдаг. А.Бямбажав цэргийн арслан цолтой удаан барилдаж байгаад шууд харцага, Ч.Санжаадамба нь улсын заан цолд шууд хүрч байсан шүү дээ. Дээр нь улсын заан Б.Соронзонболдыг нэрлэж болж байна.

-“SPS үндэс” телевиз баяр наадмын бөхийн барилдааныг анх удаагаа шууд дамжууллаа. Бөх сонирхогчдын дийлэнх нь ам сайтай байна лээ?

-Өнгөрсөн хавар дөрөвдүгээр сараас л бөх дамжуулах талаар бэлтгэж эхэлсэн л дээ. МҮБХ-ны ойлгомжгүй асуудлаас шалтгаалж ажил гацаанд орсон. Харин баяр наадмын бөхийн барилдаан дамжуулах эрх аваад 10 орчим хоног бэлтгэлээ хангаад л ажилдаа орсон доо. Анхны дамжуулалт алдаа оноо байсан л байх. Гэхдээ хэд хэдэн зүйлийг шинээр нэвтрүүлсэн. Бөхийн барилдааны тайлбар дээр хөлбөмбөг, сагстай ижил хоёр тайлбарлагч суугаад харилцан ярьж барилдааны явцад дүгнэлт хийж байсан. Тайлбарлагч хүн тоо баримт, статистикт тулгуурлаж ярихаас биш ганцаараа суугаад тэнгэр хараад тайлбарлаад байж болохгүй. Цагийн тооцооллын асуудлыг шинээр нэвтрүүлсэн. Улсын аварга Н.Батсуурь гэхэд нийт 119 минутын барилдаан хийж түрүүлсэн байх жишээтэй.

-Бөхийн барилдааны дундуур сонирхолтой статистикуудыг хүргэж байсан. Мэдээлэл шүүхэд хэр цаг хугацаа орсон бол?

-Улсын дэд гарын даа Т.Түмэндэмбэрэл бид хоёр хувийн цуглуулгаа шүүж мэдээллийг боловсруулсан. Улсын их баяр наадамд дархан аварга Х.Баянмөнх хамгийн олон буюу 250 даваа авсан, улсын начин Адьяатөмөр хамгийн ахмад буюу 44 насандаа улсын цолтон болсон зэрэг мэдээллүүдийг шүүж гаргаж ирсэн дээ. Цаашдаа ийм үзүүлэлтүүдийг илүү баяжуулж өгнө дөө. Цаашид “SPS үндэс” телевиз үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулахад ямар нэгэн асуудал байхгүй.

-Ирээдүйд ямар залуусыг сайн барилдана гэж харж байна?

-Өнөө жил Сэлэнгийн наадамд түрүүлсэн Б.Орхонбаяр гэж залууг удахгүй дээшээ барилдах болов уу гэж харж байна даа. Өвөл заалны барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгсөөр хоёр давахад нь Ц.Содномдорж амлаж барилдаад нэлээн хүч шавхаж давж байсан. Дараа нь “Мундаг барилдаан суусан хүүхэд байна. Удахгүй цолоо ахиулах байх” гэж магтаж байсан нь энэ зун биелэлээ олж 20 насандаа аймгийн арслан болж байна.


Categories
мэдээ нийгэм

Иргэд эмийн сангаа сонгон үйлчлүүлэх боломжтой

“Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-тай гэрээ байгуулан ажиллаж байгаа эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сангуудын төсвийн талаарх мэдээллийг www.emd.gov.mn сайтаас орж харна уу. Тухайн сайтаар орж харснаараа иргэд эмийн сангаа сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Дараагийн хорин жилд хэрэгцээнээс бүрэн гарах зүйлс

Нэгэн цагт бидний зайлшгүй хэрэгцээ байсан зүйлс технологийн хөгжлийг даган орхигдон мартагдах нь бий. Видео болон аудио хуурцаг, пейжер холбоо, компьютерийн уян диск зэргийг энд нэрлэж болно. Тэгвэл дараагийн хорин жилд таны хэрэгцээнээс бүрэн гарах зүйлсийг танилцуулж байна.

Машины хажуугийн толь

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Audi компани 2019 он гэхэд хажуугийн тольгүй машин үйлдвэрлэхэд бэлэн болжээ. Цаашид автомашины бүх үйлдлийг камерын системээр хянадаг болно. Мөн бензин хөдөлгүүр ч мартагдаж, цахилгаан машиныг өргөнөөр хэрэглэнэ.

Англид энэ оноос бүх барилга цахилгаан автомашины цэнэглэгчтэй болох бөгөөд эрх баригчид 2035 гэхэд хүн амын ихэнхийг байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл ашигладаг болгохоор төлөвлөж байна.

Алсын удирдлага

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Smart Home технологи нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болж байна. Та гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг таблет эсвэл ухаалаг утас ашиглан хянаж болно.

Бэлэн мөнгө ба зээлийн картууд

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Зузаан хэтэвч бүхий бэлэн мөнгийг банкны карт орлох болсоор удлаа.Тэгвэл одоо картны ч хэрэгцээ үгүй болох нь. Ухаалаг утас, цаг зэрэг төхөөрөмж байхад та бүхий л төлбөр тооцоогоо саадгүй хийнэ.

Түлхүүр

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

20 жилийн хугацаанд энгийн түлхүүр бүрэн мартагдана. Мэдээж ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар орон гэрийнхээ аюулгүй байдлыг бүрэн хянах боломжтой.

Чихэвч

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Технологи хөгжүүлэгчид утасгүй чихэвчийг бидэнд санал болгоод төдий л удаагүй. Харин дараагийн ээлжинд утас чихэвчээ радио долгион эсвэл Wi Fi ашиглан цэнэглэдэг болох нь.

Тариур

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Энэ мэдээ сайн, муу хоёр талтай. Ирээдүйд ямар ч тариур хэрэгцээгүй болж, шинэ технологи зүү тариурыг орлоно. Эрдэмтэд 2 сонголт санал болгож байна. Jet injections гэх технологи нь шингэнийг агшин зуур арьсанд нэвчүүлж танд өвдөлт мэдрүүлэхгүй онцлогтой. Дотроо бичил зүү агуулах капсул нь шаардлагатай эм тэжээлийг цусны урсгалд агшин зуур хүргэх онцлогтой.

Хүргэлтийн үйлчилгээ

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Олон оронд хүргэлтийн үйлчилгээг хүмүүс биш тусгай дроноор гүйцэтгэдэг болж байна.

Гарын үсэг

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Цаас аль хэдийн хоёрдогч үүрэг гүйцэтгэж, биометрийн системийг өргөнөөр ашигладаг болж байна. Ухаалаг гар утас, АТМ машин ч аль хэдийн нүүрний онцлогоор хүмүүсийг таних боломжтой болсон.

Гялгар уут

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Байгальд задартлаа хэдэн зууныг элээдэг тул хүмүүс аль болох гялгар уутнаас татгалзах болсон. Дараагийн 20 жилд дэлхий нийтээр нийлэг уутнаас бүрэн татгалзана.

Компьютерийн хулгана

20 жилийн дараа хэрэгцээгүй болох зүйлс

Гар болон нүдний хөдөлгөөнөөр компьютерийг удирдах боломжтой. Шинэ технологи удахгүй таны байнгын хэрэглээ болно.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргээс урьдчилан сэргийлж байна

“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын өдрүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр телевизүүд, цахим хуудсуудаар болон Хүй долоон худагт радио узель ашиглан наадамчин олонд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Өдрийн 14 цаг 30 минутын байдлаар хоёр хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн, одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй.

Худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга зөвлөмжийг өгч, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараан, гадаадын иргэдэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

“Даншиг наадам-Хүрээ цам 2018″ наадамд 256 бөх хүч үзэж байна

“Даншиг наадам-Хүрээ цам” 2018 шашин, соёлын наадмын хүчит 256 бөхийн барилдаан Хүй долоон худагийн зүлэг ногоон дэвжээнээ үргэлжилж байна.
“Даншиг наадам-Хүрээ цам шашин, соёлын наадмыг зохион байгуулж эхэлснээс хойш даншигийн 17 цолтон төрсөн байдаг. Энэ удаагийн наадамд Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва, Даншигийн заан Б.Түмэндэмбэрэл, Даншигийн өсөх идэр начин Э.Энхбат, Д.Амарсайхан, Даншигийн начин О.Хангай, Бо.Батжаргал, Д.Тогтохжаргал, Д.Пүрэвдорж нар зодоглолоо.
Мөн Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд тэргүүтэй 30 гаруй улсын цолтон зодоглож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

​Сар бүрийн гурван “Цусаа бэлэглэх өдөр”

Сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” тохиодог. Энэ өдөр буюу өчигдөр нийслэлд таван газар цус цуглуулах үйл ажиллагаа зохион байгууллаа.

Нэг донорын бэлэглэж байгаа 350-400 грамм цус гурван хүний амийг авардаг гэдэг. Тиймээс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан юм. Энэ ажлын хүрээнд цусны нөөц өмнөхөөсөө гурав дахин нэмэгдсэн байна.

Цус, цусан бүтээгдэхүүнийг орлуулах боломжгүй тул сайн дураараа цус бэлэглэж байгаа иргэнийг урамшуулдаг. Тухайлбал, 70-100 удаа цусаа хандивласан бол “Хүрэл донор”, 100-150 удаа цусаа хандивласан бол “Мөнгөн донор”, 150-иас дээш удаа цусаа хандивласан бол “Алтан донор”-оор өргөмжилдөг байна.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын анхдугаар хурал болж байна

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, БНХАУ-ын Төвийн үндэстний их сургуулийн хамтран зохион байгуулж буй “Монгол хэл, утга зохиол судлал” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уг хуралд эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээнийхээ үр дүнг танилцуулан цаашдын чиг баримжаагаа тодорхойлсон юм.
Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ, “Монгол хэл, утга зохиол судлал зогсонги байдалтай байсан бол 2015 оноос эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд төрөөс монгол судлалыг дэмжин ажиллах тодорхой арга хэмжээг авч, бид бүхэн монгол судлалыг хөгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэн ажиллаж байна” хэмээн онцлов.

Хуралд Монгол, Унгар, БНСУ, БНХАУ, Польш зэрэг 9 орны 32 эрдэмтэн судлаач илтгэл тавилаа.

Монгол Улсын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор С.Энхжаргал “Монгол хэлц хэллэгийн далд утгыг тайлбарлах асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, “Аливаа үндэстний хувьд соёлын элдэв зүйл, түүх зан заншлаа уламжлуулан үлдээхэд хэлний илэрхийллийн үүрэг асар их. Иймээс үндэстэн угсаатны уламжлалт соёлын агуулгыг илэрхийлсэн хэлц хэллэгийн утга санааг тайлбарлахад харь хэлтэнд төдийгүй уг соёлын мөн чанарыг үл мэдэх төрөлх хэлтэнд ч хүндрэл учирдаг. Хэлц хэллэгийн утга санааг ойлгохын тулд нүүдэлчин малчдын соёлын онцлогийг мэддэг байх шаардлага гарна. Нөгөө талаар Монгол ахуй, нүүдэлчин уламжлалт соёлоос улам бүр холдож буй энэ цаг үед хэлц хэллэгийн утга агуулгыг тайлбарлах онолын болоод хэрэглээний шаардлага урган гарч байна. Иймээс танихуйн хэл шинжлэлийн утга зүйн хүрээнд хувь хүний болоод үндэстний соёлын туршлагыг харгалзан үг хэллэгийн хэрэглээний утга буюу утгын далд бүрдүүлбэрт тулгуурлан тайлбарлах нь илүү үр дүнтэй болно” гэв. Мөн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, профессор О.Самбуудорж, “Монгол хэлний хэлзүйн байгууллын хэв шинжийн судалгааны асуудалд” илтгэлдээ, “Хэв шинжийн судалгаа нь хэл шинжлэлийн чухал салбарын нэг боловч монгол хэлний хэлзүйн байгууллыг судлахад одоо хэр хараахан бүрэн байр сууриа эзэлж чадаагүй байна. Хэв шинжийн судалгааны зорилго нь тухайн хэлний хэлзүйн хэлбэрүүдийн задаргааг хийж тэдгээрийн үүргийг тодорхойлоход оршиж байгаа юм. Иймд монгол хэлний хэлзүйн байгууллын бүтэц үүргийг нарийн тодорхойлоход хэв шинжийн судалгаа юу юунаас чухал” хэмээн дурдав.
ХБНГУ, Тайванийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Беньямин Брозиг, “Халх аялгууны “ЮМ” сул үгийн хэрэглээний тогтолцоо” илтгэл тавьсан юм. Тэрбээр, “ЮМ гэдэг нэр үг XIV зуунд бий болсон бөгөөд хорчин халимаг гэх мэт монгол хэлний ихэнх аялгуунд энэ шатнаас цаашаа хөгжөөгүй. Халх аялуунд ЮМ нь нэр үгийг шаардсан орчин тойронд өөрийн гэсэн утгагүй хөнгөн нэр болж хөгжөөд яваандаа хэдэн төрлийн өгүүлбэрийн эцэст хэрэглэгдэх сул үг болж шилжээд мөн асуух, хүүрнэх өгүүлбэрийн хэдэн тогтолцоонд оролцож эхэлсэн. Нөгөө талд “ч юм шиг” гэх мэт нэмэгдэн голлож адилтгасан цогцолбор “яасан сайхан юм бэ” гэх мэт харьцангуй их хэмжээг тэмдэг үгийн өгүүлэхүүнээр гайхаж хүүрнэж илэрхийлсэн цогцолборт ЮМ зайлшгүй хэрэглэгдэх хэрэгтэй байдаг” хэмээв.
Энэхүү хурлыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд зөвхөн хоёр орны хүрээнд биш бусад улс орны эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах аж.

Categories
мэдээ спорт

МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ

Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр амжилттай авиралт хийсэн юм. Манай уулчинтай хамт 31 уулчин хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт аж. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гурав дахь оролдлого ийнхүү амжилттай болж тэрбээр түүхэн амжилт бүтээсэн юм.

Монголын Уулчдын үндэсний холбооноос түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосч, хүндэтгэл үзүүлэв.